Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ш”, “Б” нар нь 13 хүний дунд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан үйлдлийг шуурхай илрүүлжээ.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, Цагдаагийн ахмад А.Уугантуяа мэдэгдэхдээ “Хэргийн газраас 230 мянган төгрөг бэлнээр, 200 орчим читан, 10 гаруй гар утсыг хурааж авсан.

Мөн иргэн Ш-ийн ХААН банкны дансанд байсан 3 сая гаруй төгрөгийг царцааж, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад тухайн хүмүүс дотор гэмт хэрэгт сэрдэгдэж, эрэн сурвалжлагдаж байсан иргэн А-г олж тогтоон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Мөн удаа дараа гэмт хэрэгт холбогдсон гурван иргэн тэдний дунд байсан” гэв. Цаашид иргэн та хуулиар хориглосон энэ төрлийн тоглоом тоглохоос сэргийлж, ойр тойрны хүмүүстээ мөн хэлж анхааруулж байхыг Цагдаагийн байгууллагаас санууллаа.

Categories
гадаад мэдээ

Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn

Европын Холбоо нь ОХУ-аас байгалийн хийн хэрэглээнийхээ 40 хувийг, газрын тосны хэрэглээнийхээ 27 хувийг авдаг.

Үүнийхээ төлөө жил бүр 400 тэрбум еврог ОХУ-д төлдөг байна.

Гэвч Украинд эхэлсэн дайны улмаас тус холбоо Оросын эрчим хүчний хамаарлаас салах зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа.

Энэ оны гуравдугаар сард Европын Холбоо REPowerEU гэж нэрлэгдсэн стратеги төлөвлөгөөнийхөө эхний хувилбарыг танилцуулж байжээ. Уг төлөвлөгөөний дагуу 2022 оны сүүлээр Оросын хийн импортыг гуравны хоёроор бууруулах зорилго тавьсан юм.

Тэгвэл REPowerEU төлөвлөгөөний 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлгэрэнгүй хувилбарыг өчигдөр танилцуулжээ.

Төлөвлөгөөний дагуу Европын Холбоо гурван чиглэлд идэвхтэй ажиллах зорилго тавьсан байна.

Үүнд эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний өргөжүүлэлт, Оросын бус байгалийн хий, газрын тосны эх үүсвэр гэсэн гурван чиглэл төлөвлөгджээ.

Ирэх таван жилийн хугацаанд Европын Холбоо эдгээр чиглэлд 210 тэрбум евро зарцуулахаар болсон байна.

Эхний чиглэл нь байшин барилгын дулаалгыг сайжруулж, эрчим хүчийг хэмнэх, ухаалаг зарцуулах зэрэг ажлууд юм.

Үүнд бас хий шатаах замаар халаадаг бойлеруудыг агаар, газар, усны дулааныг ашигладаг цахилгаан бойлеруудаар солих ажил төлөвлөгдсөн байна.

Үүний үр дүнд 2030 он гэхэд эрчим хүчний хэмнэлтээ 13 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэнэ.

Хоёр дахь чиглэлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхэд Европын Холбоо 113 тэрбум евро зарцуулахаар төлөвлөжээ.

Үүнд нар болон салхины цахилгаан станцуудыг байгуулахад тавигдах шаардлагыг багасгаж, илүү хялбар болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр болсон байна.

2030 он гэхэд Европын Холбооны нийт эрчим хүчний хэрэглээний 45 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар тусгажээ.

Гурав дахь чиглэл нь байгалийн хий, газрын тосны Оросын бус эх үүсвэрүүдийг бий болгох зорилготой юм.

Үүнд шингэрүүлсэн байгалийн хийн терминалууд, дамжуулах хоолой байгуулахад 12 тэрбум евро төсөвлөжээ.

Терминалууд нь далайгаар шингэрүүлсэн хий тээвэрлэж авахад ашиглагдах бол хоолойнуудыг Египет, Израил, Нигери зэрэг улсуудаас хий дамжуулахад зориулах юм байна.

Дээрх зорилтуудыг биелүүлбэл 2030 он гэхэд Европын Холбоо эрчим хүчний хувьд ОХУ-аас ямар ч хамааралгүй болох ажээ.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn

Улсын хэмжээнд тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 145,319 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,583 тонн, АИ-92 автобензин 51,566 тонн, АИ-95 автобензин 5,913 тонн, ДТ 72,649 тонн байгаа гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Хоногийн хэрэглээгээр тооцвол АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 44 хоногийн, А-80 автобензиний 69, ДТ-ний 27 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 72,299 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,789 тонн, АИ-92 автобензин 30,533 тонн, АИ-95 автобензин 3,869 тонн, ДТ 31,708 тонн байгаа аж. Хоногийн хэрэглээгээр тооцвол АИ-92 автобензиний 32, АИ-95 автобензиний 53, ДТ-ний 29 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна гэв.

Манай улс он гарсаар нийт 619.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 13.9 мянган тонн, АИ-92 автобензин 216.4 мянган тонн, АИ-95/98 автобензин 11.2 мянган тонн, ДТ 308.5 мянган тонн, онгоцны түлш 19.4 мянган тонн, бусад 50.6 мянган тонн түлш оруулж иржээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn

Хятадын сансрын технологийн академи сансарт ачаа хүргэх “Тяньжөү-6” шинэ хөлгийг бүтээж байгаа талаар “China Daily” сонин мэдээлжээ.

“Тяньжөү-6” нь өмнөх загваруудаасаа илүү багтаамжтай, урт хугацаанд ашиглах зориулалттай байх ажээ.

“”Тяньжөү” 3, 4, 5-р загварууд нь хуучин техникийн тохиргооны дагуу бүтээгдсэн бол 6-аас 11 хүртэлх цуврал хөлгүүдийн техникийн үзүүлэлтүүд сайжирна” гэж төслийн ерөнхий зохион бүтээгч Бай Миншэн хэллээ. Түүний хэлснээр, хөлгийн зургийг гаргах ажил аль хэдийн дууссан бөгөөд инженерүүд ачааны хөлгийн робот гарыг угсарч эхэлжээ. Битүү кабины хэмжээг нэмэгдүүлж, ачааны тасалгааны техникийн үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулсан байна.

Хятадын мэргэжилтнүүд мөн агаар мандлын нягт давхаргад шатахгүй, тойрог замаас дэлхий рүү дээж авчрах боломжтой дахин ашиглах ачааны хөлөг бүтээхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn

БНСУ ирэх зургаадугаар сарын 1-ны өдрөөс эхлэн богино хугацааны аяллын виз болон цахим виз зэргийг олгож эхэлнэ гэдгээ өнөөдөр (2022.05.19) мэдэгдлээ.

Хоёр жил гаруйн хугацаанд тасалдаад байсан аялал жуулчлалын салбараа сэргээхийн тулд ийн шийдвэр гаргасан тухай тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн бөгөөд дараах ангиллын визийг жуулчдад олгож эхлэх гэнэ.

Тухайлбал богино хугацааны С-3 виз нь аялах, дамжин өнгөрөх, хамаатан садныдаа зочлох болон үүнтэй төстэй шалтгаанаар тус улсад 30 хүртэлх хоногийн турш байх эрхийг олгодог бол цахим визийг авьяас чадвар өндөртэй хүмүүс болон групп жуулчдад олгодог байна.

Гадаад жуулчдын урсгал нь дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, холбогдох үйлдвэрүүдийг идэвхжүүлдэг тул ажлын байрыг нэмэгдүүлэх гол түлхэц болно хэмээн холбогдох яамны ажилтан мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn

ТЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилсан сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан байдаг. Уг шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл бичиж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гомдол гаргасан.

Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хянаад прокурорын эсэргүүцлийг хүлээж авчээ. Өөрөөр хэлбэл, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Н.Учрал, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Т.Доржханд, Э.Батшугар, Д.Ганбат, С.Одонтуяа нар өнөөдөр (2022.05.19) Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад санал хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар мэдээллийн эхэнд, Иргэдийг хувцаслалтаар ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод Төрийн ордонтой танилцах, сонгогч нар гишүүдтэй уулзах үед тавигдах журмуудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.

“Журамд өөрчлөлт оруулах санал хүргүүлэх тухай” уг албан бичигт, Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 5.2, 8.5, 9.2 дахь заалтыг үндэслэн гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан журамд заасан Төрийн ордонд нэвтрэх иргэдийн хувцаслалтад тавигдах шаардлага нь төрийн байгууллагаар чөлөөтэй үйлчлүүлэх эрхийг зөрчиж байгаагаас гадна олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Иймд дээрх журамд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлж байгааг дурдсан байлаа.

Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн зүгээс уг журмын 3.18 дахь заалтад нэр заасан хамгаалалт, үйлчилгээний болон цэрэг, цагдаагийн ажилтнууд гэсэн хэсэгт “төрийн албан хаагч” гэж нэмэх, биеийн тамирын хувцас пүүзийг, чөлөөт амралтын хувцас гэдэгт жинсэн өмд, сандаал богино ханцуйтай цамц зэргийг хамааруулахгүй байхаар өөрчлөх саналыг оруулахаар тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn


Монгол Улсын Дээд шүүхээс мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид рүү чиглэсэн, олон нийтийг зориуд төөрөгдөлд оруулах мэдээ, мэдээллийг Ардчилсан намын зарим гишүүд, нэр бүхий улс төрчид түгээж, намын дотоод маргаанаа шийдвэрлэхийг эрмэлзэхийн оронд энэхүү маргаандаа шүүхийн байгууллагыг хамаатуулж, шүүхийн үйл ажиллагаанд урьдчилан нөлөөлөх зорилготой аливаа оролдлогыг удаа дараа гаргаж байгаа тул энэхүү мэдэгдлийг хийж байна.

Шүүхийн тухай хуулийн 25.8.8-д “Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 26.1-д ”Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.” гэж заасны дагуу Улсын дээд шүүх нь намуудаас ирүүлсэн хүсэлтийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргаж, улс төрийн намын бүртгэл хөтлөх асуудлыг шийдвэрлэдэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Шүүхийн тухай хуулийн 42.5-д “Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж заасныг сануулж байна.

Иймд Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэж, шүүхээс хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүйгээр асуудалд ухамсартай, ёс зүйтэй, хариуцлагатай хандана уу” гэжээ.


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn

Том оврын автобусны холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнтэй нийтийн тээврийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлыг шийднэ гэлээ. Ингэхдээ эхний ээлжинд 590 орчим автобусыг оруулж ирэх болсон талаараа хэллээ. Үүнд хувийн хэвшлийнхэн ямар байр суурьтай байна вэ?

-Нийслэлийн удирдлагуудаас нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, эхний ээлжинд 590 автобус оруулж ирнэ гэж ярьж байгаа. Гэхдээ эдгээр автобуснуудыг оруулж ирээд төр нь авах уу, хувийн хэвшил нь авах уу. Эсвэл төр, хувийн хэвшил хамтрах уу гэдэг асуудлаа огт яриагүй. Бидний зүгээс төр өөрөө зуун хувь авах гэж байна уу гэж харж байгаа. Төрийн автобус компани 2009 онд 200 гаруй автобусаар нэг шинэчлэлт хийсэн. Яг төр өөрөө хариуцаад авъя гэвэл энэ 590 автобусыг шингээх, багтаах газар үнэндээ байхгүй. Дахин шинэ бааз, шинэ байгууллага байгуулж байж авах эсэх талаар мэдээлэл алга. Тээврийн газраас энэ асуудлаар тодруулахаар ямар ч мэдээлэл бидэнд өгдөггүй. Яг орж ирэхээрээ л асуудал нь шийдэгдэх байх даа. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулсан гэдэг. Гэхдээ нэг ч хувийн хэвшлийнхэн ороогүй, оруулаагүй байна лээ.

-Тэгэхээр эдгээр 590 автобус орж ирлээ гэхэд байрлуулах гараж, баазын хүрэлцээ хаана нь ч хүрэхгүй гэж ойлгож болох уу?

-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Одоо байгаа 200 гаруй автобусаа яая гэж байж, дахиад 590-ийг оруулж ирнэ гэдэг бол хүндрэлтэй. Оруулж ирж болдог л байх. Оруулж ирээд гудманд зогсоох юм уу. Үнэхээр зориулалтын бааз, гараж төрд байхгүй. Тиймээс хувийн хэвшилдээ өгөөч, хувийн хэвшилтэйгээ хамтраач гэж байгаа юм. Яагаад хувийн хэвшлээ сонсдоггүй юм бэ. Өнөөдөр хувийн хэвшлээ дэмжье гэдэг. Гэтэл төр өөрөө хувийн хэвшлээ сүйрүүлдэг үзэгдэл цөөнгүй боллоо.

Автобус-III компани өөрийн гэсэн гараж савгүй ч болсон. Төрийн энэ компани хувийн хэвшлийн компанийн гараж түрээсэлж автобуснуудаа байршуулдаг, засвар үйлчилгээгээ хийлгүүлдэг. Бодит байдал дээрээ ийм байж, яаж дахиад энэ олон автобусаа шингээх юм бүү мэд. Харин хувийн хэвшилтэйгээ хамтарч байж л энэ асуудлыг шийдэж чадна. -Нийтийн тээврийн салбар угтаа алдагдалтай салбар гэж ярьдаг. Ийм хүнд үед хувийн хэвшлээ дэмжих нь битгий хэл хамтарч ажиллахгүй байгааг та юу гэж харж байна?

-Энэ салбар алдагдалтай гэдэг нь үнэн. Ийм алдагдалтай салбарыг төр бүрэн хариуцаад цааш явна гэвэл улам л дордоно, улам л алдагдал хүлээнэ. Харин хувийн хэвшил дээр ирсэн салбар алдагдал нь багасаж, улмаар ашигтай болж хөгждөг. Өнгөрсөн жилийн сүүлээр төрийн өмчит компаниудын алдагдал, өр төлбөр гэж 6.3 тэрбум төгрөгийг энэ оны төсөв дээр суулгуулаад гаргаж авах жишээтэй. Хувийн хэвшилд ийм зүйл байхгүй, өр үүсээд л яваад байгаа. Төрийн компани гэхээрээ өрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлээд байж болохгүй санагддаг. Ийм сонин тогтолцоо төрийн өмчит компаниудад байдаг. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр смарт картын орлого жилээс жилд буурч байгаа.

-Ер нь бол нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудлыг шийдвэрлэх нь зөв шүү дээ. Гэхдээ яаж, ямар аргаар гэдэг нь чухал байх шиг байна, тийм үү?

-Парк шинэчлэлтийг дэмжиж байгаа. Цаг үе нь ч тулчихсан. Гэхдээ нэг зүйл хэлье. Төрийн автобус компани шинэчлэлт гэж хийдэггүй. Харин хувийн хэвшилд явж байгаа автобуснууд бүгд шинэчлэгдэж байдаг. Тухайлбал, хорин автобустай компани энэ жил тав нь хасагдлаа гэхэд БНСУ-аас дахиад тавыг оруулах зарчмаар жил бүр сэлбээд л явдаг. Харин төрийн компани ийм шинэчлэлтийг огт хийдэггүй. Элэгдэлд орлоо гээд улсаас мөнгө бодуулж аваад түүнийгээ өөрсдөө идэж уугаад л дуусгадаг. Ийм нэг дампуу тогтолцоо байна. Ингээд арван жил болоход нэг ч автобус шинэчлэх мөнгөгүй гээд л сууж байдаг. Төр, хувийн хэвшлийн ялгаа энэ л юм. Бид нэг автобусыг өмнө нь 80 орчим сая төгрөгөөр оруулж ирдэг байсан. Одоо төгрөгийн ханш, долларын ханш ямар байгаа билээ. 80 саяд орж ирэх автобус байхгүй л болсон шүү дээ.

-Нийслэлийн Засаг даргын яриад байгаа 590 автобусыг хаанаас хэдэн төгрөгөөр оруулж ирэх гэж байгаа юм бол. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Ямар ч мэдээлэл алга. Яагаад гэвэл энэ асуудлаа төрийн байгууллагууд нууцалдаг. Асуухаар мэдэхгүй гэдэг. Засаг даргатай нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хэсэг байгуулсан юм гэнэ лээ. Үүнд манай хувийн хэвшлийнхэн огт ороогүй. Дандаа төрийн компаниуд л орсон. Нийтийн тээврийн салбар хувийн хэвшлийн нуруун дээр л явж байгаа. Гэтэл энэ салбартай холбоотой ийм чухал зүйл ярьж байж яагаад хувийн хэвшлээ сонсохгүй, тэдний санаа бодлыг ойлгохгүй, хүлээж авахгүй байгааг гайхаж байна. Энэ утгаараа цаашид төр дангаараа нийтийн тээврээ авч явах юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Энэ мэт асуудлаа Засаг даргатай уулзаж, ярилцъя гэхээр биднийг огт хүлээж авахгүй, уулзуулахгүй байна. Үнэхээр уулзаж, санал бодлоо солилцож, асуудлаа яримаар байна.

-Таныхаар бол оруулж ирэх гэж байгаа 590 автобусны ядаж 300-г нь хувийн хэвшилдээ өгөөч ээ гэдэг саналыг хэлж байна. Хэрэв хувийн хэвшилд тодорхой тооны автобусыг өглөө гэхэд төлбөр мөнгийг нь хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Хувийн хэвшилд автобус олголоо гэхэд төлбөр мөнгийг нь буцааж өгөх олон арга бий. Түрээслүүлэх, эзэмшүүлэх зарчмаар төлбөрийн асуудлыг шийдэж болно. Төр сургууль барьчихаад буцаагаад мөнгийг нь авъя гэдэггүй. Түүнтэй адилхан түрээсээ төлөөд явах боломжтой. Би нэг л зүйлийг хэлье. Сүүлийн 30 жил нийтийн тээврийг нуруундаа үүрэлцэж яваа хувийн хэвшлийнхнийг орхих бол ёстой салбарын хямрал болно. Дахин хэлэхэд, төрд 590 автобус битгий хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж гэж байхгүй. Тиймээс хувийн хэвшилтэйгээ хамтраач ээ. Нийтийн тээврийн асуудлыг цогцоор нь шийдье л гэж бодож байгаа бол хувийн хэвшилтэйгээ л хамтарч, дэмжих ёстой. Түүнээс гадна нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа нэг том асуудал бол ажиллах хүчний нөөц багассан явдал. Нийтийн тээврийн жолооч олдохгүй байна. Хоёр ээлжээр ажиллах жолооч гэж байхгүй. Мөн засварчид, мэргэжлийн ажилчдын хомсдолд орсон шүү. Жолооч олдохоо больсон нийтийн тээврийн салбарт 590 автобус шинээр оруулж ирлээ гээд парк шинэчлэлт болчихгүй шүү. Жолооч олдохгүй, ажиллах хүчний нөөц хомсдолд орсон гэдэг бол ноцтой асуудал. Парк шинэчлэлтээс илүү асуудал. Мянган автобус авчирлаа гэхэд барих жолооч олдохгүй бол яах вэ. Тиймээс асуудлаа хувийн хэвшилтэйгээ сайн яриач. Бидний саналыг, бидний үгийг нэг сонсооч ээ гэж хэлье.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарьт зарим өөрчлөлт оржээ.

-Тавдугаар сарын 21-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан. Барилдах бөхчүүдийг тухайн өдрийн 09:00 цагаас бүртгэнэ.

– Тавдугаар сарын 22-нд 12:00 цагаас нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан. Барилдах бөхчүүдийг тухайн өдрийн 09:00 цагаас бүртгэнэ. Өсвөрийн барилдаанд 2006.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд зодоглоно. Нийтийн монгол шандастны барилдаанд бөхийн болон спортын ямар нэг төрлөөр тусгайлан хичээллэдэггүй залуус зодоглох боломжтой.

– Тавдугаар сарын 25-нд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, улсын тонж манлай засуул Дашдондогийн Цогзол агсны нэрэмжит өсвөрийн хүүхдийн барилдаан. Барилдах хөвгүүдийг тухайн барилдааны удирдамжид заасны дагуу тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Монгол Бөхийн Өргөөнд бүртгэнэ.

– Тавдугаар сарын 28-нд 12:00 цагаас Улсын аварга цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан. Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 26, 27-ны өдрийн 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ.

– Тавдугаар сарын 29-нд 12:00 цагаас цэргийн цол чимэг олгох бүх цэргийн наадам, аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. Хүчний спорт хороодод ажилладаг бөхчүүд мэдүүлгээр оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ