Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар 05.20-ны өдрийн 01:57 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 02:04 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө сумын Бугант тосгоны захирагчаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болно DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2022.05.20/ болно. Тус хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт болон Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэнэ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм

Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний задгай тээвэр энэ сарын 31-нээс эхэлнэ DNN.mn

Олон сараар ажилгүй байж хүнд байдалд ороод байсан нүүрс тээврийн компаниуд болон жолооч нарын ажил эхлэхээр болжээ.

Учир нь, Цагаан хадны халдвар хамгааллын дэглэм сайжирч Ганц мод боомт дахь шинжилгээгээр богинын тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног эерэг тохиолдол илрээгүй тул энэ сарын 25-наас уртын тээвэр, 31-нээс задгай тээвэр эхлүүлэх болжээ.

Түүнчлэн дахин эерэг тохиолдол гарахгүй хадгалах тохиолдолд өдөрт 400 машин татан авах саналаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны хэлтэс, Боомтын зөвлөлөөс илэрхийлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно DNN.mn

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
  • Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр, Засгийн газар 2019.04.30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 12 гишүүн 2021.03.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
  • Ерөнхий сайд Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх товтой байна.
Categories
гадаад мэдээ

НҮБ: Орос, Украины дайны улмаас дэлхий дахин өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй DNN.mn

ОХУ Украин руу халдан довтолсноос хойш хэдхэн сарын дараа дэлхий дахинд олон жил үргэлжлэх хүнсний хямрал үүсэж болзошгүй талаар НҮБ анхаарууллаа.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс болж ядуу буурай орнуудад хүнсний аюулгүйн байдлын хурцадмал байдалд хүрээд байна гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр хэрвээ Украин улсын экспорт дайнаас өмнөх үеийн түвшиндээ эргэж очихгүй бол зарим улс орнууд олон жил үргэлжлэх өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна. ОХУ Украин руу халдан довтолсноор Украин боомтоороо бараа нийлүүлэхээ зогсоосон юм. Энхийн цагт тус улс асар их хэмжээний ургамлын тос, эрдэнэ шиш, улаан буудай зэрэг үр тариа экспортолж байжээ.

Улмаар эдгээр бүтээгдэхүүний нийлүүлэлт буурч, бусад бүтээгдэхүүний үнэ өсөөд байна. НҮБ-ын мэдээлснээр дэлхийн хүнсний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 30 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Categories
мэдээ цаг-үе

Амралтын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно DNN.mn

Энэ амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 21, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо орох юм байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх аж. 21-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Нарантуяа: Эмнэлэгт нас баралт бүртгүүлж болохгүй гээд буцаадаг хүнлэг бус дүрэм журам үйлчилж байгаа нь хүний эрхийн зарчимд нийцэхгүй DNN.mn

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяатай “Ковид- 19” цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамжийн талаар ярилцлаа. Уг сэдэв Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд орсон билээ.


-“Ковид-19” цар тахлаас хүний эрх, эрх чөлөөний хувьд монголчууд ямар сургамж авав гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Хүний эрх, чөлөөний төлөв байдлын талаарх 21 дэх илтгэлд “Ковид-19” цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж нэртэй бүлэг орсон. Энэ бүлэгт бид дөрвөн үндсэн асуудлыг тусгасан. Сургамжийн тухайд эдгээр дөрвөн бүлгээс онцолж ярихад Монгол Улсын Засгийн газар “ковид-19” цар тахлын халдвараас хүний амь насыг хамгаалах үүргээ биелүүлжээ гэж үзэж байгаа. Энэ нь нэгд, урт хугацаанд дотооддоо халдварыг өндөр үнээр буюу нийгэм эдийн засгийн өндөр өртөг төлж, хязгаарласан. Нөгөө талдаа дархлаажуулалтыг хурдан хугацаанд үр нөлөөтэй явуулсан нь нас баралтыг бууруулсан гэж дүгнэсэн. Гэхдээ эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлд хангалтгүй ажилласан гэж үзсэн. Энэ нь манай эрүүл мэндийн салбарын халдварт өвчинтэй тэмцэх суурь чадавх муу, хаа хаанаа бэлэн биш байсныг харууллаа. Түүгээр зогсохгүй тохиолдлын удирдлагын системд гэнэтийн зүйл гарч ирэхэд түүнд хариу арга хэмжээ авах чадавх аль, аль нь сул байлаа. Хэдийгээр бид 10 сарын хугацаанд дотооддоо халдвар тархахаас урьдчилан сэргийлж чадсан боловч энэ хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэх бэлэн байдлаа хангаж чадсангүй. Уушги орлуулах аппаратын нөөц зэргээс үүнийг дүгнэж болно. Түүнээс гадна ХЭҮК-оос энэ талаар социологийн судалгааг хийсэн. Монгол Улсын иргэд цар тахлын үеэр эрүүл мэндийн тусламжийг хэрхэн авав, оношилгоо, эмчилгээ ямар байв, халдвар авсны дараах нөхөн сэргээх эмчилгээг хийлгэж чадсан уу зэрэг олон сэдвийг хамарсан судалгааны үр дүнг илтгэлд танилцуулсан байгаа.

Дүгнээд хэлэхэд, эрүүл мэндийн салбарын дотоод уялдаа холбоо муу, төсвийн зарцуулалт үр ашиггүй. Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачааллыг бууруулах талаар хангалтгүй ажилласан. Хүний нөөц, бодлого зохицуулалтын асуудал дутуу, цар тахлыг даван туулах бэлтгэл ажлыг хангах цаг хугацааг оновчтой ашиглаж чадаагүй зэрэг үндсэн шалтгаантай байна гэж дүгнэсэн.

-Цар тахлын үеэр дотоодоос болон гадаадаас цугларсан хандив тусламжийн зарцуулалтыг ил тод болгохгүй байгаа асуудлыг өнөөдөр хүртэл хөндөж байгаа. Үнэхээр ил тод болгох боломжгүй байгаа хэрэг үү. Судалгааны явцад энэ тал дээр та бүхэн анхаарав уу?

-Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг төр хангаж чадсан уу гэдэг дүгнэлт хийхийн тулд хангалттай хэмжээний төсөв байсан уу гэдэг мэдээлэл чухал. Гэвч Комисст дүн шинжилгээ хийх хэмжээний хангалттай мэдээлэл ирээгүй. Энэ тухай мэдээлэл аль, аль шатандаа хангалтгүй байсан. Эрүүл мэндийн яамнаас төсвийн талаар маш товч мэдээлэл өгсөн. Тэр мэдээллийн хүрээнд эрүүл мэндийн салбар хэрхэн ажилласан талаар дүгнэлт хийхэд хангалтгүй байсан гэдгийг илтгэлд онцолсон байгаа. Түүнээс гадна Үндэсний аудитын газрын хяналт шинжилгээний үр дүнд гарсан зөрчилтэй асуудлууд, мөн эрүүл мэндийн салбарын дотоод аудит, судлаачдын ярьж байгаа санхүүгийн зөрчилтэй баримт фактуудаар бол эрүүл мэндийн салбар хийж чадах хэмжээнээсээ дутуу хийлээ гэж дүгнэж байгаа.

Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн мэдээллээр 1.2 их наяд төгрөг цугларсан гэдэг. Улсын төсвөөс, Засгийн газрын нэмэлт санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт зэргээс 800 орчим тэрбум төгрөг, олон улсын төсөл хөтөлбөрөөс 300 гаруй тэрбум төгрөг, иргэд аж ахуйн нэгжийн хандив 47.8 сая төгрөг гэх зэргээр нийт 1.2 их наяд төгрөгийн төсөв санхүү цугларчээ гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ үүний зарцуулалт нь тодорхой биш. Дээрээс нь үр ашигтай зарцуулсан уу гэдэг асуудал байгаа. Жишээ нь, ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн хүнд ойролцоогоор 9.8 сая төгрөг зарцуулж байсан бол гэрээр эмчлүүлсэн өвчтөний төсөв 70-160 мянган төгрөг байсан. Үүнийг ХӨСҮТ-д эмчлүүлсэн хүний төсөвтэй харьцуулахад 61-140 дахин ялгаатай хэмжээний төсөв санхүү зарцуулсан гэсэн тооцоолол гарч байгаа. Үүнээс харахад нэгд, зарцуулалтын ил тод байдал, дээр нь оновчтой үр ашигтай зарцуулалт гэдэг хоёр зүйл дээр Комисс илтгэлд онцгойлон анхаарлаа хандуулж сануулсан.

-Хандив тусламж маш ихээр цугларсан. Таны хэлснээр үр ашигтай зарцуулалт хийгдэж чадаагүй гэх шүүмжлэл гардаг шүү дээ?

-ХӨСҮТ гэхэд улсдаа цорын ганц төв. Гэтэл нийтийн ариун цэврийн өрөө, агааржуулалтын нэг системтэй. Бохирын шугам нь Улаанаатар хотын төв шугамтай холбогддог. Энэ нь дахиад нийтийн эрүүл мэндийн гамшиг гарсан тохиолдолд улс даяараа эрсдэлд учруулахуйц нөхцөл байдалтай. Нэг ёсондоо одоогийн байгууламжууд эргээд хангалттай хамгаалалт, ухаалаг дэд бүтэц болж чадахгүй байгаа асуудал байгаа юм. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууддаа өгөх ёстой ковидын нэмэгдлийг өгөөгүйгээс гадна тэр үед ажилласан жолооч, үйлчлэгч нарт чиглсэн бодлого, тэдний хүчин зүтгэл чармайлтыг үнэлсэн үнэлгээ яригдаагүй. Энэ асуудлаар ХЭҮК-т маш олон хүн гомдол ирүүлж байсан.

-Илтгэлд онцолсон бас нэг асуудал анхаарал татсан. Тусламж хүсээд ирсэн иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тухай эмч нар ярьсан байсан шүү дээ. Хэрэв тусламж хүсч ирсэн хүн бүрийг авчихвал даатгалаас мөнгө олгогддоггүй зэргээр эмч нарыг дээрээс нь зэмлэсэн гэж. Энэ талаар тодруулаач?

-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлого, өгч байгаа чиглэл, дотоодод үйлчилж байгаа дүрэм журам хүнлэг биш, хүний эрхийн зарчимд нийцэхгүй байсан. Эмнэлэгт өвчтөн хүлээж авахад тодорхой дүрэм журмаар зохицуулах нь ойлгомжтой. Гэхдээ амь нас, аюулгүй байдал нь эрсдэлд орчихсон ноцтой тохиолдолд уян хатан ажиллах нөхцөл бололцоотой байх ёстой. Гэтэл харьяаллын биш хүнийг авахад даатгалаас санхүүжилт орж ирдэггүй. Эсвэл эмнэлэгт нас баралт бүртгүүлж болохгүй учраас нас барах эрсдэлтэй хүнийг авахгүй гэдэг зарчим чиглэл өгөгдөөд байгаа нь эргээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ялангуяа амь нас нь дээсэн дөрөөн дээр болчихсон хүнд хүргэхэд бэрхшээл учруулаад байгаа юм. Мөрдөгдөж байгаа дүрэм журам нэгдүгээрт, хүнлэг биш байна. Хоёрдугаарт, бодит амьдралд нийцэхгүй байна. Эрүүл мэндийн байгууллагуудын ажлын үзүүлэлтийг үнэлдэг үнэлгээ хүнлэг бус байна.

-Нас баралтаар эмнэлэг, эмчийн үйл ажиллагааг хэмжих гэдэг үнэхээр хүнлэг бус юм?

-Ганц ийм зүйлээр хэмжих юм бол нас барах эрсдэлтэй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломж багасна гэсэн үг. Дүрэм журмаар хүний амь насыг аврах боломжийг хязгаарлаж болохгүй.

-Вакцинтай холбоотой нэлээд зөрчил, үл ойлголцол гарсан. Сайн дураар вакцинд хамрагдах төрийн шийдвэр гарсан ч бодит байдал дээр эсрэгээрээ байсан шүү?

-Илтгэлд орсон дараагийн асуудал бол дархлаажуулалттай холбоотой. Манай улс ямартаа ч хүн амаа өргөн хүрээтэй дархлаажуулсан нь үхлийг бууруулсан гэдгийг ярилцлагын эхэнд онцолсон шүү дээ. Гэхдээ үүнтэй холбоотой анхаарал татсан дөрвөн асуудал бий. Нэгдүгээрт, ковидын вакцин сөрөг нөлөөтэй юү, ямар төрлийн вакцин, хэрхэн үйлдвэрлэгдсэн зэрэг маш олон төрлийн мэдээллийг олон нийт хүсч байсан. Гэвч хариу мэдээлэл хангалтгүй байсан. Хоёрдугаарт, УОК-оос ковидын вакцинд хүмүүс сайн дураараа хамрагдана гэж зарласан ч зарим хувийн хэвшил, үйлчилгээний байгууллага, эсвэл хот хооронд зорчиход заавал вакцинд хамрагдах ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Бодит байдал дээр үүнээс болж хөдөлмөрлөх, чөлөөтэй зорчих эрх зөрчигдөж, үйлчилгээ авах боломжууд хязгаарлагдсан. Гуравдугаарт, вакцины сөрөг нөлөөллийг хянах, сөрөг нөлөө гарсан тохиолдолд арга хэмжээ авах бодлого үйл ажиллагааны зохицуулалт байгаагүй. Угтаа бол ХӨСҮТ болон Мэргэжлийн хяналтын байгууллага сөрөг урвалжийг хянах ёстой.

-Вакцин хийлгэсний дараа гэнэт нас барчихлаа, зүрх дэлсдэг, даралт ихэсдэг болчихлоо гээд олон зүйл яригдсан. Энэ маргааныг эцэслэж нэг тийш болгоогүй санагдаж байна?

-Эдгээр нь яг юунаас болов гэдгийг нягтлах ёстой. ДЭМБ-аас маш бага тохиолдолд цус бүлэгнэл урвалж үзүүлж болзошгүй гэдэг мэдээллийг өгч байхад Засгийн газар үүнтэй зэрэгцээд сөрөг нөлөөллийг хянах үйл ажиллагаагаа тодорхой болгох ёстой байлаа. Гэвч энэ ажлыг хийж чадаагүй гэсэн дүгнэлтийг Комисс хийж байгаа.

-Ковидын эхэн үед халдвар авсан хүний явсан газар, уулзсан хүмүүс гээд маршрутаар нь гаргаж ирээд зарладаг байлаа. Хувь хүний нууцаас эхлээд олон төрлийн эрх зөрчигдсөн гэж хүний эрхийн хуульчид үздэг. ХЭҮК үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Нэг сайн зүйл нь Ковидын хуульд иргэний улс төрийн эрх, эрх чөлөөг хязгаарлах зарчмыг олон улсын стандартад нийцүүлж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн хязгаарлалт хуулийг үндэслэсэн байх ёстой, хязгаарлах тухай хууль гарсан байх ёстой байсан. Хоёрдугаарт, тэр хязгаарлалт нь үр ашигтай байх ёстой. Ийм арга хэмжээ авсны үр дүнд ийм үр дүн гарна гэдгийг шинжлэх ухаанчаар тооцсон байх ёстой. Аль болох хүний эрхийг бага хязгаарлах ёстой. Гуравдугаарт, хүнийг ялгаварлан гадуурхаагүй байх ёстой. Гэвч ингэж хуулиндаа оруулсан ч огт мөрдөөгүй гэж бид дүгнэсэн. Жагсаал цуглаантай холбоотой, хувь хүний мэдээлэл, хувийн нууцтай холбоотой ямар ч ойлголтгүй байгаагаа төрийн байгууллагууд цар тахлын үеэр харуулсан.

Түүнээс гадна хоёрдугаар сард нь ХӨСҮТ-өөс PCR шинжилгээ хийж байгаа гэх мэдээллийг олон нийтэд өгөхдөө хүний овог нэр, нас хүйс, гадаад паспортын дугаар, шинжилгээний хариу, онош зэргийг харуулсан маягтыг олон нийтэд үзүүлж байх жишээтэй. Хүний хувийн мэдээллийг олон нийтэд цацаж болохгүй гэдгийг ерөөсөө ойлгоогүйн илрэл.

-Иргэн Д-г халдвар тараасан мэтээр яриад л, явсан маршрутыг нь зарлаад л. Эдгээр нь хүний эрхийн зөрчил мөн үү?

-Маргах шаардлагагүй хүний эрхийн зөрчил. Ялангуяа төрийн байгууллага, төрийн албан тушаалтан хувь хүний мэдээлэл, явсан маршрут, уулзсан хүн зэргийг олон нийтэд зарлах эрхгүй. Ганцхан Д-гийн асуудлаар тогтохгүй. Хөдөө орон нутагт энэ төрлийн маш олон кейс гарсан. Олон хүний бизнесийн үйл ажиллагаа хаагдах, ялгаварлан гадуурхагдах, нэр хоч авах, гэр орон руу нь чулуу шидэх гэх мэт үзэн ядалтыг бий болгосон. Дээрээс нь хувь хүний мэдээллийг технологи ашиглаж бүртгэл хийсэн нь ч анхаарал татаж байгаа. Үйлчилгээий газруудад иргэдийн байршлын дата их хэмжээгэээр цугларсан. Үүнийг халдвар зогсооход ашигласан уу, үр дүн гарсан уу гэдэг эргэлзээтэй. Ийм үр дүн гарсан, халдвараас ингэж урьдчилсан сэргийллээ гэсэн мэдээллийг төрийн аль ч байгууллагаас Комисст гаргаж өгөөгүй. Эрүүл мэндийг хамгалаахад үр дүнтэй байсан эсэх эргэлзээтэй. Харин ч үр дүн багатай байсан гэж бодож байгаа. Тэр мэдээлэл хувийн хэвшлийн байгууллагад, аппликэйшн хийсэн хүмүүст цугларсан. Үүний үр дагавар хэзээ яаж гарахыг одоо ч бид мэдэхгүй.

-Төр засгаас энэ цар тахлаас ямар сургамж авав, дараагийн цар тахалд бэлэн эсэх анализ хийсэн байдал өнөөдрийг хүртэл алга байна уу даа?

-Бид алдаж оноод “Ковид-19” цар тахлын хоёр жилийг тууллаа. Хамгийн чухал нь дараагийн эрүүл мэндийн гамшиг үүссэн тохиолдолд Монгол Улс ямар чадавх, ямар зохион байгуулалттай, ямар бодлоготой байх юм бэ гэдэг л чухал. “Ковид-19” цар тахлын удирдлагыг хэрэгжүүлж байсан байгууллагуудын тогтолцоонд үнэлгээг хийхэд маш их давхцалтай гарсан. Ерөнхийлөгч, Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яам зэрэг бүгд оролцож шийдвэр гаргадаг. Шийдвэрүүд нь байнга өөрчлөгддөг. Сонгуулийн үр дүнд, Засаг огцроод өөрчлөгддөг. Ерөөсөө бид нийтийн эрүүл мэндийн гамшгаас хамгаалах тогтолцоо, бодлогоо эргэж харах шаардлагатай байна. Нийтийн эрүүл мэндийн гамшигт байдлыг даван туулна гэдэг зүгээр нэг вирусийг шилэн саванд бариад авчих асуудал биш. Нийгмийн олон нарийн түвэгтэй харилцаануудыг зохицуулах асуудал гэдгийг ойлгох, түүнийг шат шатандаа хүлээн зөвшөөрөх, шийдвэр гаргах, тогтолцоогоо шинэчлэх ёстой юм. ХЭҮК-оос нэг зүйлийг Засгийн газар, УОК, ОБЕГ, ЭМЯ-нд санал оруулж байгаа. Тэр бол нийтийн эрүүл мэндийн гамшгийн талаарх бодлогыг боловсронгуй болгоход хамтарч оролцъё гэдэг санал. Энэ асуудлаар манай байгууллагаас ирэх долоо хоногт холбогдох байгууллагуудтай албан уулзалт хийхээр товлоод байна.

Categories
мэдээ цаг-үе

Номын баярын сайн дурын ажилд 100 гаруй хүүхэд оролцоно DNN.mn

Үндэсний номын баярын сайн дурын ажилд 100 гаруй хүүхэд ажиллах бөгөөд “Номын соёлт ертөнц” клубын 50 орчим хүүхэд оролцох юм.

Номын баяраар ном соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхэд, багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээнүүд болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Түүнчлэн номын баярт Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал болон тус улсын зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцож бэстселлер болсон ном зохиолуудаа танилцуулах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

НЗДТГ: Иргэдийн 85 хувь нь түгжрэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна DNN.mn

Улаанбаатар хотын хүн ам жилд дунджаар 80 мянгаар нэмэгдэж байна. Харин өнөөдрийн байдлаар 659 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа аж. Энэ чигээрээ хоёр жил болоход Улаанбаатар хот “тэг” зогсолт хийхэд хүрснийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар мэдээлсэн юм.

Суурь судалгаанаас харвал Улаанбаатар хотын гол замуудын сүлжээний даац 2010 онтой харьцуулахад гурав дахин хэтэрчээ. Нийслэлийн авто замын 78 хувь нь түгжрэлтэй байна.

Нийслэлээс өнгөрсөн онд зургаан дүүргийн 400 орчим мянган иргэдийн дунд хийсэн судалгаанаас харахад 85 хувь нь түгжрэлийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн 2020 онд түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 2.7 их наяд төгрөг хүрсэн байна. Үүнд ажлын бүтээмж, чимээний бохирдол, эрүүл мэндийн хохирол зэрэг бусад үзүүлэлтүүдийг тооцоогүй аж. Энэ хурдаараа түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьд хүрэхээр байгаа юм.

Харин урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан нийслэлийн иргэд дугуй, цахилгаан дугуй болон цахилгаан скутерийг тээврийн хэрэгслийн хэлбэрээр ашиглах нь нэмэгдэж байна. Цар тахлын улмаас иргэд нийтийн тээврээр зорчихоос татгалзаж, эдгээр хэрэгслүүдийг тээврийн хэлбэрээр хэрэглэх хандлага эрс нэмэгдээд байгаа юм.

Харин нийслэлийн хувьд стандартад нийцсэн дугуйн зам дутагдалтайн улмаас авто замын хөдөлгөөнд оролцогчдын осол нэмэгдэх хандлагатай байдаг байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Туваан: Монгол Улсад цаасан дээр л хөгжлийг явуулдаг болсон байна DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.


– Олонхоороо асуудлыг шийддэг зарчим манай бүлэгт гажуудчихаад байгаа юм –


-Улс орны эдийн засагтай холбоотой гол хуулиудыг залгуулаад Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө хэлэлцэгдэж байна. Таны хувьд хөгжлийн төлөвлөгөөнд ямар дүгнэлттэй байна?

-Монгол Улсад цаасан дээр л хөгжлийг явуулдаг болсон байна. Үүний нэг тод жишээ нь 2023 оны хөгжлийн төлөвлөгөө. Бид 2020-2025 оны үндсэн чиглэл 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Алсын хараа-2050, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Ийм байхад дахиад хөгжлийн төлөвлөгөөг он оноор нь батлахаар оруулж ирж байна. Шуудхан хэлэхэд, энэ төсөл хөгжлийн төлөвлөгөө нэртэй боловч хөгжүүлэх юм бага харагдаж байна лээ. Засгийн газрын гишүүд ч гэсэн төлөвлөгөөний хэлэлцүүлэгт суухгүй, парламентын гишүүдийн асуултад хариулахгүй байна лээ л дээ. Үүнийг Хөгжлийн төлөвлөгөө гэж хэлэхэд хэцүү, голчлон Улсын төсөвт тавигдсан ажлуудаа буцааж тавиад оруулж ирж байгаа зүйл харагдсан. Үүнийг хэрэгжүүлэх эх үүсвэр нь улсын төсвөөс гаргана. Зарим нь гадаадын зээл, тусламжаар хийгдэх юм билээ. Нэгэнт баталсан улсын төсвөөс нэг их ялгаатай зүйл харагдахгүй байна лээ.

-Тооцоолсон төсвийн орлогоо бүрдүүлэхэд ээдрээтэй энэ үед бид эдийн засгийн бодлогоо яаж чиглүүлж, ямар бодлого барьж ажиллах ёстой вэ?

-Монгол Улсыг жижгэрүүлж жишвэл нэг айл л гэсэн үг. Айлууд манайх энэ жил тэдэн төгрөгийн орлого олно. Аав, ээжийн цалин тэд, ах эгчийн цалин тэд болно. Ноос, ноолуураа ч гэдэг юмуу, үүнийгээ зараад эдэн төгрөгийн орлого олно гэсэн ерөнхий тооцоо гаргадаг. Түүндээ үндэслэж зарлагаа тооцоолдог. Машинд тэдийг, хүүхдийнхээ сургалтын төлбөрт тэдийг гэдэгтэй ижил шүү дээ, улсын төсөв. Энэ жил бид олох орлогоо их өөдрөгөөр төсөөлсөн. Манай улсын орлого олдог гол салбар нь уул уурхай. Тэр дундаа нүүрс, алт, зэсийн экспортоос орлого олдог. Гэтэл хилийн асуудал, цар тахал, улс төр, Орос-Украины дайнтай ч холбоотой хүндрэлүүд гарч ирэхээр орлого тасалдаж эхэлж байна. Орлого тасалдаад ирэхээр зарлагаа яаж зарах вэ дээ. Хоёрдугаарт, Монгол Улсад их мөнгө олж байсан, эдийн засаг хурдацтай өсч байсан үе бий. Энэ үедээ бид олсон орлогоо байшин барилга болгоод үрээд байх биш харин иргэд, компаниудын ашиг орлого олдог салбарыг тэлсэн бол илүү үр дүн гарах байсан гэж бодож байна. Аливаа асуудалд шинж тэмдэг хөөсөн байдлаар хандаж байна. Жишээлж хэлбэл, толгой өвдлөө гэхэд намдаачихаад юунаас болж толгой өвдөөд байгаа үндсэн шалтгаанаа олохгүй байгаатай ижил байна. Асуудлыг цогцоор ерөөсөө харахгүй байна. Толгойн өвчнөө намдааж байгаа юм шиг нэг асуудлыг нь салгаж аваад байна. Энэ нь эргээд дараа дараагийн үндсэн асуудалтайгаа зөрчилдөж гарах үр дүн их муу байна. Төлөвлөгөө, чиглэл, хөтөлбөрүүдийн олон цаас байна. Харин цаасан дээр байгаа том хөгжил, өсөлтүүд биеллээ олж иргэд, аж ахуйн нэгжүүдэд өсөлт болж очихгүй байна. Иргэдийн амьдрал огт сайжрахгүй байна. Статистикийнхан инфляцийг 14, 18 гээд байна. Энэ бол худлаа тоо гэж би харж байгаа. Инфляци хэдийнээ 20 давчихсан. Инфляцийг бий болгож байгаа бүтээгдэхүүний дараалал дээр гэхэд мах, гурил, бензин барилгын материал өссөн. Сая үнэ тогтворжуулах хууль баталж энэ салбар руу 200 гаруй тэрбум төгрөг хийж байх шиг байна. Ингэж барих нь зөв бодлого. Шуудхан хэлэхэд, бензиний үнээс бүх бүтээгдэхүүний үнэ шууд шалтгаалдаг ийм улсын хувьд бензиний үнийг хямд байлгах бодлого барихгүй бол бид улам л хүнд байдалд орно.

Орлого олдог тал руугаа, иргэдийнхээ амьдралд наалдах бодлогыг төсвийн бодлогоор дэмжиж өгөхгүй байна. Хоёрдугаарт, хэт үрэлгэн, оновчтой бус, асуудлыг цогцоор хараагүй төсөл оруулж ирээд байгаа учраас ийм үр дүн гарч байна гэж харж байна.

-МАН хоёр дараалж хэт олонх боллоо. Гаргаж байгаа шийдвэр нь олонхдоо хэт бардаж байгаа юм шиг харагдаж байна гэж дүгнэх хэсэг бий. Үүнд та ямар дүгнэлттэй байдаг вэ?

-АН-ын гишүүд сөрөг хүчин. Гэхдээ бид дэндүү цөөхөн байна. Цөөдөж байна. Бидний дуу хоолой хүрэхгүй байна. Үүнээс гадна өрсөлдөгч намынхнаа муутгах, хүч чадлыг нь сулруулах гэсэн улс төрийн шийдвэрүүдийг гаргаад байгаа болохоор бидний хувьд мэдээж хүнд байна. Гэхдээ үүнд бидний буруу ч олон бий. Дотоод асуудал байна. Мөн иргэд сонгогчдод яг юу хийх гээд байгаа, ямар бодлого хэрэгжүүлэх гээд байгаагаа тайлбарлан таниулж чадахгүй хоёр удаа дараалан 60 гаруй суудал алдаж Ардын нам олонх болчихлоо. Олонх болсон энэ үедээ Ардын намынхан иргэдэд амласан амлалтуудаа хэрэгжүүлж, улс орныг өөд нь татсан уу гэвэл үгүй. Харин ч эсрэгээрээ. Татвар нэмэхгүй гэсэн нэмж байна. Ядуурлын хувь өсч байна. Эдийн засаг уналаа, гадаад өр хумигдсангүй. Болж байгаа зүйл цөөхөн байна. Болохгүй байгаа юм маш их байна. Үүнд ард түмэн дүгнэлтээ хийж байгаа байх гэж бодож байна. Олонх болгосон иргэдийнхээ өгсөн саналыг чулуу болгож, сайн бодлого болгоод ажил хийвэл хийчих их хугацаа өнгөрлөө. Зургаан жил хэт олонхоороо төрийн эрхийг барьж байна. Гэхдээ болж байгаа зүйл харагдахгүй байна.

-АН-д үүссэн асуудлаас хойш та манай сонинд ярилцлага өгөөгүй удсан. Тиймээс таныг сэтгэлээ нээж ярих болов уу гэсэн хүлээлттэй байна. АН-ын хуваагдал талцал тэмцлийг танаас эхтэй мэтээр явж ирсэн. Учир нь С.Эрдэнэ даргаас авсан тамгыг та О.Цогтгэрэл даргын гэгдэж байсан талд өгснөөс үүдэлтэй хэмээн буруутгадаг. Үүнд та тайлбар хэлэхгүй юү?

-Энэ асуудлыг товчхон ярья. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад албан тушаалаа өгч АН-ын дэд даргаар ажилласан. Ардчилсан нам С.Эрдэнэ дарга, зургаан дэд дарга, нэг ЕНБ-ийн даргатай ажиллаж байсан. Ингээд УИХ-ын сонгуульд орсон. Бид навс ялагдсан. Дээд шүүхэд бүртгэлтэй Ардчилсан намын дүрмээр намын удирдлага УИХ-ын сонгуулийн дүнгээр олонх болж чадаагүй бол автоматаар огцордог зохицуулалттай. Энэ зохицуулалтынхаа хүрээнд АН-ын удирдлагын найман хүн наймуулаа албан ёсоор огцорсон. Намын дараагийн дарга сонгогдох хүртэл намыг нэг хүн хариуцаад үйл ажиллагааг нь явуулж байх ёстой учраас манай намын дүрмээр зургаан дэд даргын хэн нэг нь намын даргын эрх үүргийг гүйцэтгэж дараагийн даргад шилжүүлж өгөх дүрэмтэй. Энэ дүрмийн хүрээнд С.Эрдэнэ дарга хариуцлагаа хүлээж надад “Чи дараагийн дарга сонгогдтол АН-ын дүрмийн дагуу дэд даргынхаа хүрээнд намын даргын эрх үүргийг эдэлж, намаа авч яв” гэдэг зүйлийг хэлж намын тамгыг гэрчилгээний дагуу надад шилжүүлж өгсөн. Үүний дагуу би намынхаа үйл ажиллагааг хариуцаж явсан. Энэ хооронд орон нутгийн сонгууль болсон. Орон нутгийн сонгуульд бид нэлээн эрчимтэй ажиллаж оролцсон. Дараа дараагийн хурлаа хийх цаг болох үед ковид гарч ирсэн. Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр бид намын их хурлыг товлосон байсан. Гэтэл арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, хөл хорионд орсон. Дараа нь арванхоёрдугаар сарын 18, 19-ны хавьцаа намын их хурлыг цахимаар зохион байгуулах нөхцөл үүссэн. Энэ үеэс эхлээд С.Эрдэнэ дарга тамганы талаарх маргааныг өрнүүлж эхэлсэн.

Би шууд хэлье. Улс төрийн хүчнүүд хоорондоо тэмцэлдэж байгаа, дээрээс нь манай С.Эрдэнэ дарга Монгол ардын намынхантай үгсэж намаа хүчгүй сул болгох ажлыг тэр үеэс эхэлж хийсэн гэж бодож байгаа. Миний хувьд яг дүрмийн дагуу, хэвлэл мэдээллийнхний өмнө хадган дээр тамгаа тавиулж аваад, тэр тамгаа дарж үйл ажиллагаа явуулж байсан. Ямар нэгэн дүрэм болон хууль зөрчсөн асуудал байхгүй. Тамганы маргаан эхлэхэд надад байсан тамганы дугаарыг хүчингүй болгох шийдвэрийг нэг улсын байцаагч гаргасан. С.Эрдэнэд шинэ тамга өгөх шийдвэрийг нэг байцаагч гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хоёрхон байцаагч цаанаасаа авсан даалгавраар АН-ын тамганы асуудлыг гаргаж ирснээс болж одоогийн асуудал үүссэн. Улсын бүртгэлийнхэн Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож С.Эрдэнэд шинэ тамга хийж өгсөн асуудлыг бид шүүхэд өгсөн. Шүүх процесс явж байгаа. Дүрмийн дагуу надад байгаа тамгыг яахаараа хүчингүй болгодог юм бэ. Намын дүрмээрээ огцорчихсон хүнд яахаараа шинэ тамганы дугаар олгодог юм бэ. Энэ асуудлаас л бүх зүйл эхэлсэн гэдгийг хэлье. Хоёрдугаарт, АН-ын талцал хуваагдал гээд байгаа зүйл үнэн хэрэгтээ хуваагдал байхгүй. 100 хүнээс нэг нь салаад явахыг хагарал хуваагдал гэж ярихгүй. Нэг хүн салаад явжээ л гэж ярина. Үлдсэн 99 хүн нь бүгдээрээ нэг цулаараа Ардчилсан нам гэдэг өрх тоононд ороод амьдарч байгаа. Үүний нэг баталгаа нь 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, 180-аад хорооны АН-ын сонгуультай АН-ын дарга нар бүгд нэг талдаа тамга тэмдэгтэйгээ ажлаа хийгээд явж байгаа. Яагаад намайг ч юмуу буруутгаад байгаа, намыг хагарсан мэтээр, дотроо эв нэгдэлгүй мэтээр харуулаад байгааг гайхаж байна.

АН-д 2000 онд олгогдсон тамга өнөөг хүртэл явж байгаа. Намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлд би өгсөн. О.Цогтгэрэлийг бүртгэхгүй байж байгаад Дээд шүүхийн 38 дугаар тогтоол гэдэг зүйл гарч энэ асуудлаа шийдээд ир гэсэн. Дахиад сонгууль зарласан чинь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга, Ж.Батсуурь хоёр өрсөлдөөд Х.Баттулга нь сонгогдсон О.Цогтгэрэл тэр тамгыг Х.Баттулга даргад өгчихсөн байгаа. Энэ тамга хаягдаагүй, үрэгдээгүй. Байгаагаараа л байж байгаа. Хууль бусаар улсын бүртгэлийн байцаагч ашиглаж хийгдсэн С.Эрдэнийн тамгыг албан ёсны гэсэн зүйл яваад байна.

-Тухайн үед та тамгаа аваад дүрэмдээ өөрчлөлт оруулсан.Яагаад өөрчлөлт оруулсан юм бэ?

-Бид хоёр удаа дараалан УИХ-ын сонгуульд ялагдчихсан. Энэ алдаагаа засахын тулд дүрэмд асуудал байна гэж үзээд дүрмийн өөрчлөлтийг хийсэн. Харамсалтай нь тэр дүрмийн өөрчлөлтийг ямар нэгэн байдлаар Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Одоо бол дүрэмд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэж ойлгож болно. Хамгийн сүүлд С.Эрдэнэ нарын ямар ч хүмүүсээр батлагдсан нь тодорхойгүй дүрмийн хэдэн зүйл заалтын өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэж авна лээ. Тэрийг би их гайхаж байгаа. Учир нь Ардчилсан намын 2017 онд бүртгэсэн дүрэм нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн ч юмуу сейфэнд байж л байгаа ш дээ. Тэрэн дотор С.Эрдэнэ гэдэг хүн дарга биш юм байна гэдэг нь тодорхой байсаар байтал тэр хүн нь зохион байгуулж дүрмийн өөрчлөлт оруулаад ирэхээр нь бүртгэж байгааг гайхаж байгаа. Тиймээс энэ дээр эрх баригчдын улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа буюу сөрөг хүчнээ хүчгүйдүүлэх, доройтуулах процесс яваад байна уу гэж хардаж байгаа.

-Намынхаа даргыг сонгочихоод дүрэмдээ өөрчлөлт оруулах асуудлыг та хөндөж болоогүй юм уу. Даргын асуудал тодорхойгүй байхад яагаад дүрэмдээ өөрчлөлт оруулахаар шүүхэд хандсан юм бэ?

-Манай намын дүрмээр бүх гишүүдээсээ намын даргаа сонгож байсан. Бүх гишүүдээсээ сонгогдож байгаа энэ дүрэм нь гишүүдийг хооронд нь хагаралдуулдаг юм байна, намыг хүчгүйдүүлдэг, сул болгодог, эв нэгдэл, санхүү эдийн засгийн хувь ч буруу юм байна гээд дараагийн даргыг сонгохынхоо өмнө дүрмийнхээ энэ зүйл заалтыг өөрчилье. Тэр дүрмээрээ шинэ даргыг сонгоё гэсэн концепц манай намын 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн Ардчилсан намынхны зүгээс санал гарсан.

Энэ дүрмээр сонгогдсон дарга нар намаа удирдаж ороод ялагдуулчихсан. Уг нь дүрмийн өөрчлөлтийг хэлэлцээд намын их хурлаа хийгээд баталсан. Баталсан дүрмийг ямар шалтгаантайг нь мэдэхгүй Улсын дээд шүүх бүртгэж өгөөгүй өнөөдрийг хүртэл явж байна. Эхлээд ямар дүрмээр намаа улам хүчтэй болгох вэ, 2024 оны сонгуульд яаж орох вэ гэдэг дүрмийн өөрчлөлтийг хийж дараа нь даргаа сонгох процессыг явуулъя. Дарааллын хувьд энэ нь зөв гэж шийдсэн учраас дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн.

-АН-д өнөөдөр үүсчихсэн байгаа асуудал лидерүүдийнхээ нүүрийг шороотой хутгалаа. Мөн таны ч нэр хүндэд их сөргөөр нөлөөллөө шүү дээ. тантай холбогддог тамга тэмдгийн асуудалд харамсдаг уу?

-Би аливаа зүйлд хүлээцтэй ханддаг. Буруу зөв байсан эсэхийг гишүүд маань, төрийн сонгуулийн хувьд сонгогчид тавьдаг. Энэ зүйлд би жаахан харамсаж байгаа. Учир нь нам маань цөөнхийнхөө үүргийг гүйцэтгэж эрх баригчдыг шахаж шүүмжлээд ард түмнийхээ дуу хоолой болох ажлаас цаг хугацаа хумслагдаж хороогдож байгаад харамсаж байгаа. Итгэл эцэст нь үхнэ гэж үг байдаг. Бид ард түмний дуу хоолой болох, тэдний үг, саналыг төрийн шийдвэр болгуулж ард түмнийхээ амьдралыг сайжруулах зорилго зорилтоосоо хэзээ ч ухрахгүй. Бид Монгол Улсад цоо шинэ өөрчлөлтийг авч ирсэн. Нийгэм сольж байсан өөрчлөлтийг авч ирж байсан. Мөн ард түмэн өөрөө ардчилал, ардчиллынхандаа хайртай байдаг энэ үзэл тэмцлээсээ хэзээ ч ухрахгүй. Миний тухайд зөв шийдвэр гаргах, зөв зүйлийн төлөө цаашдаа ажиллана гэж бодож байгаа. Улс орныхоо төлөө, иргэдийнхээ төлөө том шийдвэр дээр эрх баригчид бидэнтэй нэгдэж зарим зүйл дээр цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж ажиллаасай гэж бодож байгаа. Ач холбогдол эрэмбийн дарааллаар улс орны эрх ашиг нэгт байх ёстой. Дараагаар нь үзэл баримтлалаар нэгддэг газар буюу намынх нь асуудал орох ёстой. Хувь хүний асуудал хамгийн сүүлд нь орох ёстой гэж би боддог. Эдийн засгийн, өвчлөлийн, дэлхийн энэ хүнд цаг үед эрх баригчид эх оронч байж улс орныхоо төлөөх шийдвэрт нэгдээсэй гэж боддог. Өрсөлдөгч намаа намнах гэсэн, жижиг ашиг хонжоо хайх гэсэн зүйлүүдээс болж иргэд сонгогчдыг тодорхой хэмжээнд хуурах ч гэдэг юмуу иймэрхүү зүйлүүд нэлээн харагддаг юм байна. Үүнийг хойш нь тавиад эх оронч шийдвэр гаргахгүй

болж талбай дээр өлсгөлөн зарлаж байсан Д.Ганбат гишүүн яагаад нөгөө талд гарчихав?

-Би бүхний дээр хууль байх ёстой гэж боддог. Дарга бүхний дээр битгий байгаасай гэж боддог. Ийм итгэл үнэмшилтэй. Монгол Улсад хууль дээдлэх зарчим нэгт байх ёстой. Төрийн байгууллагууд нь улс төрийн намын хавсарга халаасны байгууллага болчихоод байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагууд улс төрийн намын хавсарга байгууллага болж хуулийг уландаа гишгээд байгаа учраас бид өлсгөлөн зарласан. Аргаа ядаж байна ш дээ. Тэр акц маань тодорхой үр дүнд хүрээгүй. Тэр үед маш олон иргэд, гишүүд ирж сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн. Цай цүү хүртэл барьж ирээд бидэнд урам өгч байсан. Бидний сонгосон ардчилсан нийгмийн зарчим бол олонхоороо асуудлыг шийддэг. Нэг хүн биш. Дарга биш. Олонх нь аль талдаа байна тэр нь шийдвэрээ гаргаад явах ёстой. Гэхдээ мэдээж цөөнхөө хаяхгүй, хүндэтгэнэ. Цөөнхийн үгийг сонсоод энэ асуудал дээр цөөнх болсон ч ингэж ажиллаарай гээд олонхоороо асуудлыг шийддэг зарчим манай бүлэгт гажуудчихаад байгаа юм. Бид бүлгийн даргаа сайн ажиллана, туршлагатай гэж сонгосон. Тодорхой хугацааны дараа бидний итгэлийг авч ажиллаж чадахгүй юм байна гээд, хуралдаж бүлгийн даргаа өөрчилсөн. Өөрчилсөн шийдвэр байгаа ч хэрэгждэггүй. Нэг л хүн ганцаараа танхимдаа орж суучихаад ганцаараа хуралдчихаад АН-ын бүлгийн шийдвэр гээд УИХ-д завсарлага ч авч байдаг. Бүлгийн дүгнэлт ч уншиж байдаг. Өөр бусад газар, асуудал дээр явж байдаг. Олонхоороо шийдэхгүй байгаа учраас бид үүнд нь дургүйцэж олонхынхоо шийдвэрийг дага гэдэг асуудлыг ярьсан. Гэтэл УИХ-д үүнийг авч үзэх хуулийн гаргалгаа алга, хуульд яг энэ асуудлыг зохицуулаагүй байна гэсэн. Эцсийн эцэст мухардаад тулж ирсэн учраас өнөөдөр бид УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Есөн гишүүн гарын үсэг зурсан. Энэ хууль хэлэлцэгдээд явбал ардчиллын буюу олонхынх нь дэмжиж байгаа хүн дарга болоод явах ёстой. Цөөнх нь хүндэтгэлтэй хандах ёстой. Мэдээж эвлэрүүлье, асуудлыг эв зүйгээр шийдье гэсэн уулзалт ярилцлага маш олон удаа хийсэн. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй. Эцэстээ хуулийн төсөл өргөн барьж байна.

-Өнөөдөр АН-ын дарга болоод намыг эвлэрүүлэн нэгтгэж, дараагийн сонгуульд ороход манлайлчих лидерийг та хэнийг гэж харж байна. Тийм манлайлагч АН-д байна уу?

-Энэ дашрамд нэг зүйлийг хэлье. Нам гэж яриад байгаа энэ институци бол төрийн бус байгууллага шүү дээ. Үзэл санаагаараа нэгдсэн хүмүүс нийлж энэ намд оръё, нам гэж буй энэ төрийн бус байгууллагын бодлого нь зөв юм байна гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс намын батлахыг аваад гишүүн болдог. Тэр хүмүүс өөрсдөө олонхоороо даргаа сонгож байгаа. Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ гэдэг хүнийг болно гээд сонгосон. Харамсалтай нь амжилт олж чадаагүй. Дараагаар нь О.Цогтгэрэл гишүүн сонгогдсон. Харамсалтай нь Улсын дээд шүүх янз бүрийн шалтаг тоочоод улс төрийн шалтгаан оруулаад бүртгэсэнгүй. Үүний дараа Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоол гэдэг тогтоолыг өгүүлбэр, үг, цэг, таслал орхилгүй бүгдийг нь ягштал биелүүлж сонгуулиа зарлаж явуулсан. Улсын бүртгэлийн сейфэнд байгаа дүрмийн дагуу сонгуулиа явуулаад Халтмаагийн Баттулга гээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг гишүүдийн маш өндөр хувийн дэмжлэгтэйгээр намын даргаар сонгосон. Улсын дээд шүүх энэ асуудал дээр шүүн таслах биш, бүртгэх хуулиар олгогдсон эрхээ эдлэх зүйлийг аваачиж өгсөн. Тавдугаар сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан товлогдсон байна. Энэ өдөр бүртгэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Бид ямар нэг зүйлийг зохиогоод юмуу, худал хуурмаг зүйл хийгээгүй. Бүх зүйлийг баримт нотолгоотой өгсөн. Тиймээс Ардчилсан намыг удирдаад дараагийн сонгуульд ялалт байгуулж чадах хүн нь Халтмаагийн Баттулга юм гэдгийг би болон нийт гишүүд маш өндөр хувьтайгаар дэмжиж сонголоо. Тиймээс бид бүхэн шинээр сонгогдсон намын даргадаа итгэж байгаа.

-Таныг С.Эрдэнэ даргын далбаанд явж байснаа эрх мэдэлгүй болчихоор нь урваж Х.Баттулгын талд орлоо гэдэг шүүмжлэл байдаг. С.Эрдэнэ дарга та хоёрын дунд ямар нэгэн асуудал үүссэн юм уу. Үзэл санаа, үнэт зүйл нь нэг цэгт огтлолцож хөтлөлцөөд явж байсан С.Эрдэнэ даргаас хөндийрч яагаад Х.Баттулга даргын талд орсон юм бэ?

-Манай Төв аймгийнханд түгээмэл байдаг аливаад хүлээцтэй, улс суурьтай ханддаг хүмүүжэлээр би хүмүүжсэн. Ийм хүмүүжлийг миний ээж аав, эмээ өвөө олгож өгсөн. Эргээд уулзах хүний өмнө хоёр алгаараа хаачих хэмжээний нүүрний арьсыг улалзуулахгүй бүтэн авч явж байгаарай гэсэн сургаалаар хүмүүжсэн. Төрийн ч бай, хувийн ч бай бүх үйл ажиллагаандаа энэ зарчим хүмүүжлээ дагаж явдаг. С.Эрдэнэ даргатай муудах хувийн ямар ч шалтгаан байхгүй. Х.Баттулга даргыг дагах хувийн ямар ч шалтгаан байхгүй. Би Ардчилсан намын гишүүдийн баталсан дүрмийн хүрээнд, мөн зөв гэж үзсэн зарчмаа барьж өнөөдрийг хүртэл явж байна. Би Ардчилсан намын олон ч лидер, олон ч даргатай хамтарч ажилласан. Би тэр болгон дээр зарчим барьж ажилладаг. Олонхынх дэмжиж, зөв гэж байгаа зарчимтай миний дарга ч бай, юу ч байсан бай зөрөлдвөл би олонхынхоо талд ороод явна. Ийм л зарчмаар ажилладаг. Маш их дайралт, янз бүрийн зүйлийг үзлээ.

-Гүтгэлэг, дайралтад та хааяа эмзэглэдэг үү?

-Огт эмзэглэдэггүй. Миний сонгосон улстөрчийн зам өөрөө ийм зүйл дундуур явах ёстой. Тиймээс маш тайвнаар шингээцтэй ханддаг. Энэ бол байх ч ёстой зүйл. Харин нутаг усныхан, ээж аав, ах дүү нарт хүнд тусдаг юм шиг байна лээ. Би тэдэнд “Ямар худлаа яриад хулгай хийчихсэн биш, хууль зөрчсөн биш. Санаа зовох зүйлгүй ээ” гэж хэлдэг.