Categories
мэдээ цаг-үе

Хөдөө аж ахуйн ээлжит тооллого маргааш эхэлнэ DNN.mn

Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар эхэлж байна. Тооллого тавдугаар сарын 21-нээс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

2022 оны Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод:

  1. Мал аж ахуй
  2. Газар тариалан
  3. Ойн аж ахуй
  4. Ан агнуур
  5. Загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдах юм.

Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон салбарын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтойг салбар яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс хүнсний 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос 100 хувь хангана DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг боловсруулжээ.

Уг төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барьсныхаа дараа хэвлэлийн хурал хийж, тогтоолын төслийг заалт бүрээр нь уншиж танилцуулсан юм.

Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлага үүссэн бөгөөд олон улсын нөхцөл байдал ч үүнд нөлөөлж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэвлэлийн хурлын эхэнд онцлов.

Монгол Улс нийт хүнснийхээ 50 орчим хувийг гадаадаас худалдан авч байна. Ноднин гэхэд л 1 тэрбум ам.доллартой тэнцэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан. Монгол Улс өнөөдрийн байдлаар мах, гурил, төмсөө дотоодоос 100 хувь хангаж байгаа бол гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүний 40, өндөгний 50 хувь, загас будааг 100 хувь, тахианы мах, ургамлын тосны 90 орчим хувийг импортоор авч байна. Иймд хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос 100 хувь хангах, экспортод гарах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Дэлхий нийтэд геополитикийн асуудлаас үүдэн хүнсний хомсдол үүсэж болзошгүй гэдгийг олон улсын байгууллага гаргаж байгаа бөгөөд 2021 онд 53 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон байна. Тиймээс ОХУ, БНХАУ хүнсний аюулгүй байдлаа хангах шийдвэр олноор гаргаж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцоллоо.

Энэ онд бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн 14 жилд байгаагүйгээр өссөн байна. Тодруулбал, газрын тосны үнэ 64 хувь, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 43 хувиар өссөнөөс үр тарианы үнэ 56 хувиар өсжээ. Тиймээс НҮБ, ОУВС, Дэлхийн банк хамтарч улс орнуудыг хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарахыг уриалжээ. Монгол Улсын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд инфляци 15 хувьд хүрч, хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 гаруй хувиар өссөн байна. Инфляцийн өсөлт нь хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлттэй шууд хамааралтай аж.

Ерөнхийлөгчийн санаачилсан тогтоолын төсөл нь 4 заалт, 51 дэд заалтэй аж. Тогтоолын төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, татварын таатай орчин, санхүүжилтийн тогтолцоог бий болгох заалт тусгасан байна. Түүнчлэн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын хүрээнд зарим нэг хүрээлэнг нэгтгэж, энэ чиглэлийн мэргэжлийн хүрээлэн бий болгох, хүний нөөц, үр сорт, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах асуудлыг мөн тусгажээ. Энэ хүрээнд итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэх, дотоодод үйлдвэрлэсэн эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг урамшуулах тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан байна. Тогтоолын төслийн хавсралтад хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ирэх таван жилд 4 зорилт, 35 чиглэлээр 134 ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Ингэснээр нийт 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдэх аж.

Тогтоолын төслийг Засгийн газар дэмжсэн байна. Уг тогтоолыг ирэх таван жилд бүрэн хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.

Тогтоолын төслийг ирэх долоо хоногоос УИХ-ын байнгын хороод болон чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг бодлогоор дэмжинэ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Төсөл санаачлагчийн танилцуулгыг УИХ-ын М.Оюунчимэг хийлээ. Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 536 банк бус санхүүгийн байгууллага байгаа бөгөөд давхардсан тоогоор 21 486 хувьцаа эзэмшигчтэй, 308 салбар нэгж, 8 төлөөлөгчийн газар, 3 713 ажилтантайгаар 21 аймаг, 8 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Давхардсан тоогоор 3.3 сая харилцагч, 748.3 мянган зээлдэгчид санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна. Салбарын статистик үзүүлэлтүүд нь сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж нийт харилцагчдын тоо 119 хувиар, зээлдэгчдийн тоо 167.8 хувиар, нийт актив 121.5 хувиар, зээл 166 хувиар өсжээ. Мөн Монгол Улсын санхүүгийн салбарт тэр дундаа банк бус санхүүгийн салбарын хөгжил нь финтек буюу санхүүгийн технологитой салшгүй холбоотойгоор тодорхойлох болсон. Банк бус санхүүгийн байгууллагын салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ өргөнөөр нэвтэрч байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын хөгжлийг бодлогоор дэмжиж байгаа. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 22 банк бус санхүүгийн байгууллага дэвшилтэд технологид тулгуурлан аппликэйшн ашиглан зээл олгож байгааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ бий болж, салбарын харилцагч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан, иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, аюулгүй болгох, төрөөс үзүүлж буй тусгай зөвшөөрлийн тоог бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн тул уг хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар,

1. ББСБ нь олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломж бүрдэнэ

2. Салбарын оролцогчдыг чадавхжуулж, төрөлжсөн институт болно

3. Финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх орчин бий болно

4. Компанийн засаглалын ил тод байдал, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт бий болно

5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоо сайжирна

6. Зохицуулагч байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, нэгдсэн хяналт шалгалт хийх эрх орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.

Уг хуулийн төслийг өчигдөр буюу энэ сарын 19-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед ажлын цаг дууссан тул хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг түр хойшлуулсан юм. Ийнхүү өнөөдөр чуулганы эхэнд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн чуулганаар өчиглөр хэлэлцэж эхэлсэн Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сарантуяа: Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг олигархиуд нь хүртэж, харин өсөлтийн дарамт ард түмний нуруун дээр ирж байна DNN.mn

“Татварт иргэний хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сарантуяатай ярилцлаа.


-МАН сүүлийн хоёр парламент дамнан эрх барьж байгаа. Энэ хугацаанд татвар хэрхэн нэмэгдэв?

-Энэ нам 2016 онд засгийн эрхэд гарахдаа татвар нэмэхгүй гэсэн. Харамсалтай нь жил ирэх тусам татвар нэмэгдэж, ард түмний нуруун дээр хүнд ачаа болж байна. Жишээлбэл, 2017-2018 оны судалгааг харахад ХХОАТ өмнөх оноосоо 19 хувиар өсчээ. Үл хөдлөх хөрөнгийн татвар 18, онцгой албан татвар 34, авто тээврийн болон өөрөө явагч тээврийн татвар дөрвөн хувиар тус тус нэмэгдсэн байгаа юм. Тэгвэл 2021-2022 онд ХХОАТ 14.6 хувь, хөрөнгийн албан татвар 21.5 хувь, НӨАТ 22.7 хувь, онцгой албан татвар 28.8 хувь, гаалийн албан татвар 15.7 хувь нэмэгдсэн байна. Сүүлийн ганцхан жилийн байдлаар ингэж өссөн дүнтэй байна шүү дээ. Тэгэхээр 2016 оноос хойших татварын нэмэгдэл иргэдийн амьдралд хүнд дарамт болж байгааг бүгд мэднэ.

-Татвар нэмэгдэж байгаа шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-Ерөөсөө татварын орлогыг төвлөрүүлж чадахгүй байна. Татвар төлөгчдийг олж бүртгэхгүй байна гэсэн үг. Олигархиуд өөрсдөдөө зориулсан хууль гаргаж, татвар төлдөггүй. Тэдний төлөх ёстой татвар жирийн бизнес эрхлэгчид болон иргэдийн нуруун дээр ирдэг. Хэд хэдэн кейс бий. Тухайлбал, 2020 оны эхээр Монгол Улсад А болон Х лиценз 3264 байсан байна. Үүнийг 2088 аж ахуйн эзэмшдэг гэжээ. Тэгсэн хэрнээ татварын албанд 534 болоод бүртгүүлчсэн байдаг юм байна. Бусад нь хаана байна. Татвар төлөхгүй гэсэн санаа шүү дээ. Мөн лиценз борлуулсны татвараас зайлсхийсэн явдлууд ч цөөнгүй. ТЕГ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын мэдээллээр 2018-2020 онд нийт 88 аж ахуйн нэгжийн зөрүү гарч, лиценз борлуулсны 30 хувийн татвараас зайлсхийсэн байх жишээтэй. Лиценз дамлан зардаг нэг компани сүүлийн гурван жилд дөрвөн лицензээ зарж, дахин 51-ийг худалдан авсан ноцтой баримт байна. Үүнийг бид АТГ-т өгч шалгуулахаар бэлтгэж байгаа.

2016 оны төсвийн орлого таван их наяд 835.0 тэрбум төгрөг байсан бол зарлага есөн их наяд 495.3 тэрбум төгрөг байв. 2021 оны төсвийн орлого 11.7 их наяд, зарлага 13.9 их наяд байсан. Манай улс 2016 онд долоон их наядын өртэй байсан бол 2021 онд 30 их наядын өртэй болов. 2021 оны өр 26 их наяд 243 тэрбум болж өссөн. Эндээс татварын орлогын төлөвлөгөөг жил бүр үндэслэлгүй доогуур төлөвлөж, татварын алба төлөвлөгөө биелүүлсэн болж улсын эдийн засгийг худал, үндэслэл муутай төлөвлөдөг гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

-Та татварын бодлого муу байна гэж хэлэх гээд байна уу?

-Татварын бодлогын шалгуур үзүүлэлтэд үнэлгээ өгөхөд хангалтгүй. НӨАТ-ын баримт огт өгдөггүй татвар төлөгчид бий. Манай улсад үүрлэсэн элдэв төрлийн сүлжээний бизнесийнхнээс татвараа авч чаддаггүй. Мөн том татвар төлөгчид татварын хуульд өөрсдийнхөө төлөх татварыг хөнгөлүүлж,чөлөөлүүлэх заалтыг хуйвалдан оруулдаг. Эдгээр татвараас зайлсхийх явдалд дорвитой ажил хийхгүй байгаа нь иргэдийн нуруун дээр татварын ачаалал ирж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ядуурал газар авч байна шүү дээ.

-Татварын реформ хийснээр далд эдийн засгийг ил болгоно гэдэг байлаа. Хоёр жилийн өмнөөс мөрдөгдөж байгаа татварын багц хуулийн талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Татварын багц хуулийн шинэчлэл 2018 онд хоёр жил дуншиж хийгдсэн. Хууль боловсруулагчид нь ярихдаа бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татна, татвар төлөгчийн тоог ихэсэх зорилготой чухал реформ болсон гэдэг. Монгол Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ямаршуу хууль болсныг судалж үзсэн л дээ. Татварын ерөнхий хуульд татвар төлөгчийн үүргийг болон татварын байцаагчийн эрхийг авч хаясан. Ингэж эрх баригчид хуулийг нийтийн эрх ашгийн төлөө биш, өөрсдөдөө ашигтайгаар хийдэг. Хуулийн хийдэл үүсгэж, араа шүдийг нь авч хаядаг.

Уг нь орлого хүлээн зөвшөөрөх олон улсын нягтлан бодох бүртгэлийн зарчмын дагуу зах зээлийн стандартыг энэ хуульд оруулна гэж байсан. Гэтэл УИХ-аар батлуулах болохоороо тэр заалтуудыг авч хаяад мөлийсөн дөрөвхөн хийдэлтэй, тодорхойгүй хууль гаргачихсан. Тэр нь орлогоо тодорхой болгож өгөхгүй гэсэн санааг хийсэн. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, манай эдийн засгийг бүрдүүлж байгаа уул уурхай, газрын баялгаа үнэн бодитой үнэлүүлж чадахгүйд хүрч байгаа юм. Тухайлбал, А болон Х лицензийг борлуулсны орлогоос 30 хувийн татвар авдаг байсныг 10 хувь болгосон нэртэй. Гэхдээ энэ хувийг авч чадахааргүй болгож, өөрсдийгөө л татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа хэрэг. Монгол Улсын 2016-2021 онд лиценз борлуулсны орлогоос улсад маш их төвлөрдөг байсан орлого алга болсон. Жишээ нь, нэг лиценз борлуулахад хоёр сая 450 мянган ам.доллар байдаг. Үүнийг төгрөгт шилжүүлэхэд долоон тэрбум 350 сая төгрөг болно. Үүнээс 30 хувийг нь төсөвт орно гэж тооцоход хоёр тэрбум 205 сая төгрөг байна. Дээрх хугацаанд 90-ээд аж ахуйн нэгж лиценз борлуулсныхаа орлогыг улсад төвлөрүүлээгүй байна. Эндээс томоохон татвар төлөгчид татвараас зайлхийгээд байна шүү дээ. Эрдэмтэн судлаачид хууль батлагдахаас өмнө “2020 оноос хэрэгжих татварын багц хуулийн шинэчлэл бол зардлыг их урамшуулжээ. Орлого нь бас тодорхойгүй болжээ. Тийм учраас ашигтай биш. Яагаад гэвэл хөгжил буурай орнуудын хуулиар боловсруулагдсан байна” гэсэн үнэлэлт өгсөн байдаг. Гэтэл Уул уурхайн яам нь ч үүнд акцент өгөлгүйгээр батлуулчихсан.

Анх татварын реформыг явуулж эхлэхэд Б.Лхагважав гэдэг хүн 34 их наядын далд эдийн засаг ил болж, Монгол Улс хөгжинө гээд яриад байсан. Одоо тэр нь хаана байна вэ. Олигархиуд өөрсдөдөө тохирсон хөнгөлөлт чөлөөлөлтийг татварын хуулиар хийж өгчихөөд бусад үнэн зөвөөрөө татвараа төлж байсан улсууд нь эдийн засгийн өршөөлд хамрагдаагүй шүү дээ. Намайг байцаагч байхад татвар төлөхгүй улсуудыг шахахаар “Удахгүй өршөөлийн хууль гарна” гээд хүлээлтийн байдалтай гэдийцгээдэг байсан нь үнэхээр зовлонтой. УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий хүмүүс ямар хууль хэзээ гарахыг мэдээд тохируулж байдаг юм билээ. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Ард түмэн юм мэдэхгүй байх нь шийдвэр гаргагчдад олз болдог. Дунд нь тэд авлигаа цэцэглүүлж байдаг. Улс орон хөгжихгүй байх нь эд нарт хүртээлгүй. Бид ядуу байж байх нь л тэдэнд амар байгаа юм.

-Та дээр татвар төлөгчдийг олж бүртгэж чадахгүй байна гэж хэлснээ тодруулахгүй юу?

-Бүртгэл бол эд баялаг. Татвар төлөгчөө олж бүртгэж чадахгүй бол татварын төлөвлөгөө үнэн бодитой гарахгүй шүү дээ. Энэ бол асуудал. Ганцхан жишээ хэлье. Өмнө хил, гаальтай татварын алба холбоотой байв. Гахайгаар бараа зөөж байгаа улсуудыг урьдчилаад татварыг нь төлүүлдэг механизм байсан. Олигархиудын гар хөл үүнийг байхгүй болгосноор татвар төлөх сонирхолгүй болсон.

-Цар тахлын үед татварын нэмэгдэл иргэдэд хүндээр туссан. Өчнөөн компани хаалгаа барьж, дампуурсан шүү дээ…

-Татвараа томчууд нь төлж байна уу, багачууд нь төлж байна уу гэдэгт судалгаа хийж байна л даа. Томчууд нь татвараа төлөхгүй байна гэдэг бол ортой. Үнэхээр НӨАТ өгөөд татвараа төлөөд явж байгаа улсууд татварын дарамтад орж байгаа. Ковидын үед ард түмэн худалдан авах чадваргүй болчихоод байхад аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт ирсээр л байна. Тэгэхэд далд эдийн засгаар орлогоо тодорхой бус гаргачихдаг том компани олон. Жишээлбэл, Таван толгой компани байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар ингэж байхад бид дуугүй байж болохгүй. Таван толгойгоос монголчууд хувьцаа эзэмшдэг, ногдол ашгаа үнэн зөвөөр авмаар байна шүү дээ. Тиймээс тэд орлогоо зөв тодорхойлох ёстой.

-Ингэхэд татварын хөнгөлөлт чөлөөлөлт нь жинхэнэ эзэндээ очиж чадаж байна уу?

-Жинхэнэ олигархиуд нь хөнгөлөлт, чөлөөлөлтийг хүртчихээд хамаг ачааг ядарсануудын нуруун дээр үүрүүлчихээд байна. Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалтуудыг өрнүүлэхэд татварын бодлого сайн байх ёстой. Тэгж байж энэ их хөрөнгийг босгоно. Өнөөдөр иргэний нийгмийн оролцоо ус агаар мэт хэрэгтэй.

Татварын хөнгөлөлтийг ядарсан бизнес эрхлэгчдэдээ эдлүүлэх ёстой. Жинхэнэ мөнчгөрөөрөө бизнес хийгээд, татвараа цаг тухайд нь төлдөг хүмүүст зээл нь ч олддоггүй. Тэдэнд очих ёстой бага хувийн хүүтэй зээлийг олигархиуд нь хуваагаад авчихдаг. Сонгуулийн сурталчилгаанд ажилласан цүнх баригч, хэн нэгэн татварын удирдлагад очоод сайн ажиллаж чадахгүй. Татварын бодлогыг удирдлагынх нь чадавхиар л тодорхойлдог.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний улиралд 50.5 тэрбум төгрөгт хүрчээ DNN.mn

Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний улиралд 50.5 тэрбум төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Даатгалын нөхөн төлбөрт 26.4 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс хураамжийн орлого 11.5 (29.5%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлбөр 13.9 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Даатгалын хураамжийн орлого 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 11.5 (29.5%) тэрбум төгрөгөөр өсөхөд,

  • гэнэтийн осол, эмчилгээний хураамжийн орлого 3.2 (59.4%) тэрбум төгрөгөөр,
  • авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 3.6 (39.1%) тэрбум төгрөгөөр,
  • хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 1.9 (32.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

Хураамжийн нийт орлогын 25.4 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 17.2 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал, 16.8 хувийг жолоочийн хариуцлагын даатгал эзэлж байна.

Даатгалын нийт нөхөн төлбөрийн 32.9 хувийг жолоочийн хариуцлагын даатгал, 25.1 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 17.6 хувийг хөрөнгийн даатгал тус тус эзэлж байна.

Даатгуулагчид 2022 оны эхний улиралд 395.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 18.5 (4.9%) мянгаар нэмэгджээ.

  • 86.2 хувь нь иргэн,
  • 13.8 хувь нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага байна.

Categories
мэдээ нийгэм

Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хориглох талаар иргэдээс санал авч байна DNN.mn

Улаанбаатар хотын замын хэт их ачааллыг бууруулах зөөлөн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд иргэдээс санал авч байна. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан 13 асуулт бүхий авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, Албан байгууллага, аж ахуйн нэгжийн авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөрийн уян хатан тогтолцоонд шилжих, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх ажил, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох зэрэг хэд хэдэн шийдлүүд дээр санал авч байна. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж, автомашин худалдах, худалдан авах эрэлт, нийлүүлэлтийг зохицуулснаар автомашины хэрэглээг зохистой түвшинд хүргэж, замын ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзжээ. Иймд иргэн та www.ulaanbaatar.mn/votes холбоосоор нэвтэрч, санал асуулгад оролцох боломжтой.

2022 оны зургаадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд цахим санал асуулгыг авч байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч айлын гэр дайрч, гэрийн эзэн нас баржээ DNN.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд суудлын автомашин айлын хашаа, гэрийг мөргөж, нэг хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр /05.19/-ийн 21:03 цагт хүлээн онцгой байдлын байгууллагад мэдээлсэн байна.

Хэргийг тодруулбал, дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 21:25 цагт очиход иргэн Б “Приус-30” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад иргэн Ш-ийн хашаа болон таван ханатай гэрийг мөргөжээ. Улмаар гэрт байсан иргэн Ш /47 настай, эрэгтэй/ дарагдаж нас барсан байна.

Уг хэргийг тус дүүргийн Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнд шилжүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Сүүлийн 24 цагт коронавирусийн 77 халдвар батлагдсанаас 42 нь нийслэлд, 35 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 923782 болж байна.

КОВИД-19 халдвараас сэргийлэх арга хэмжээний түвшин буурч, хэвийн горимд шилжсэн хэдий ч эрүүл мэндийн байгууллагуудаас халдвар хамгааллын ахуйн дэглэмийг сайтар мөрдөхийг анхааруулж байна.

Эх сурвалж: www.1313.mn

Categories
мэдээ цаг-үе

Орон нутагт шилжин суурьших иргэдэд 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно DNN.mn

Хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийг төсвийн бодлогоор дэмжинэ. Тухайлбал анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана. Түүнчлэн орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Үүнээс гадна орон нутагт ажиллаж амьдрах иргэдийг дараах байдлаар дэмжих аж. Энэ талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

  • 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90%, дараагийн гурван жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлнө;
  • Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-иар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна;
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно;
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ.
Categories
мэдээ эдийн-засаг

Төв банк “Чингис хаан” банкны зээлийн барьцаатай холбоотой мэдэгдэл гаргав DNN.mn

“Чингис хаан” банкны зээлийн барьцаатай холбоотойгоор Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ. Үүнд, сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Чингис хаан” банкны зээлийн барьцаанд хураасан хүнсний агуулахыг хэт өндрөөр үнэлэн, НДЕГ-ын өр төлбөрт тооцон, шилжүүлэх ажилд Монголбанк оролцож байгаа мэтээр буруу ташаа мэдээ, мэдээллийг тараах боллоо.

Монголбанк нь Төв банк /Монголбанк/ тухай хууль болон Банкны тухай хуулийн дагуу банкны үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар ханган хянаж ажилладаг. Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ барьцаа хөрөнгөөр зээл төлүүлэх, түүний үнэлгээг тогтоох, хураасан хөрөнгийг захиран зарцуулах зэрэг банкны дотоод шийдвэр гаргалтад оролцдоггүй. Харин харилцагчаас зээлийн төлбөрт санал болгож буй томоохон хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлага тавьж ажилладаг.


Монголбанк арилжааны банкны дотоод шийдвэр гаргалтад оролцдоггүй. Ялангуяа зээлийн барьцаа хөрөнгөтэй холбоотой хэлцэл, зүйлд Төв банк хөндлөнгөөс оролцдоггүйг мэдэгдлээ.


Банк зээлдэгчтэй харилцан тохиролцож түүний хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэх замаар зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулах, тухайн хөрөнгийг худалдан борлуулах арга хэмжээ авдаг. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд түгээмэл хэрэглэгддэг, нийтлэг харилцаа юм. Банкны салбарын хувьд энэхүү харилцааг Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний А-294/340 дугаар бүхий хамтарсан тушаалаар баталсан “Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын 4.5 дахь хэсэг, 2019 оны 6 дугаар сарын 10-ны А-155/134 дүгээр хамтарсан тушаалаар мөн баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын 2.5 дахь хэсгээр тус тус зохицуулсан.

Тус банк агуулахыг зээлийн төлбөрт тооцон авахдаа хөндлөнгийн байгууллагаар үнэлгээг гаргуулж, холбогдох журам, зааврын хүрээнд хийсэн банкны дотоод үйл ажиллагаа, зээл төлүүлэх, хөрөнгө худалдах хэлцэлд Монголбанк хөндлөнгөөс оролцоогүй болохыг мэдэгдэж байна гэжээ.