Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгож хөгжүүлэх талаар “Өдрийн сонин”-д өмнө нь хэд хэдэн нийтлэл гаргаж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл Галбын говьд улсын зэрэглэлтэй хот сүндэрлэх шанг өчигдөр Ерөнхий сайд татлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх “Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” урт хугацааны төлөвлөлтийн баримт бичигт Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. Энэхүү түүхэн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд, Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ болон Оюу толгой компанийн төлөөлөл, ханбогдчууд оролцов.
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО ЭРЧИМТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого дахь хот хөдөөгийн зорилт нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах юм. Энэхүү бодлогын хүрээнд Дархан, Өмнөговь, Орхон зэрэг төсвөө өөрөө бүрдүүлдэг аймгуудыг улсын зэрэглэлтэй хот болгох бодлого хэрэгжиж байна. Бид хот төлөвлөлт хийгээгүй их удсан. Хөшгийн хөндий, Ханбогд, Өвөрхангай аймагт хот төлөвлөлт хийгдэж байна. Энэ хүрээнд бид Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, боомт болон уул уурхайн томоохон ордуудыг түшиглэсэн хот байгуулна. Ханбогдыг хот болгоход төлөвлөсөн эхний ээлжийн 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт дотор спорт заалнаас эхлээд соёл амралтын хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж, Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээний зах зээл, амьдралын чанарыг хөдөөд бий болгоно. Ингэснээр нийслэл хотод амьдарч байгаатай ижил төрийн болон нийгмийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Монгол Улсыг нэг төвтэй биш, дөрвөөс таван төвтэй хотыг ойрын 10-15 жилд бий болгох, цаашлаад бүсчилсэн хөгжлийн бодлогоо уялдуулах гэдэг агуулгаараа энэ бол их чухал ажил. Миний хувьд их бэлгэшээж байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюу толгойн гүний уурхайн эхний тэслэлтийг хийж байсан. Мөн УИХ-ын Ажлын хэсгийн хүрээнд өмнө үүссэн байсан өр тэглэгдэж Монголын Улсын баланс дахин тэг гаран дээр ирэх боломж бүрдсэн. Энэ хэлэлцээр ажилттай хэрэгжиж өнөөдөр хоёр том хөрөнгө оруулалт хийгдэж байна. Нэг жилийн дараа буюу 2023 оны 5-6 дугаар сарын үед гүний уурхайн тэсэлгээ дуусна. Энэ бол Монгол Улсын түүхэнд дэлхийд тавд эрэмбэлэгдэх зэсийн тоглогч болох боломжийг бүрдэнэ. Энэ зундаа багтаж Таван толгойн дулааны станц ашиглалтад орно. Тиймээс Өмнөговь аймагт шинэ сэргэлтийн бодлого эрчимтэй хэрэгжиж байна гэж ойлгож болно. Монгол Улсыг 30 жилийн хугацаанд хөгжүүлэх Алсын хараа-2050 төлөвлөгөөг баталсан. Үүнээс эхний 10 жилд хэрэгжих төлөвлөгөөг “Шинэ сэргэлтийн бодлого” нэртэйгээр баталсан. Бид өнгөрсөн 30 жил төлөвлөгөөгүй явсан. Одоо бидэнд төлөвлөгөө байна. Үүнийг Үндсэн хуулиар “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, тотвортой байна” гэж баталгаажуулсан. Цаашид тогтвортой бодлоготой явахгүй бол хэтэрхий улстөржсөн, хөгжлийн бодлого алдагдсан, хүнд таалагдах гэсэн хэтэрхий популизмын цаг хугацаан дундуур бид 30 жил явлаа. Үүнээс болж Улаанбаатар хотын өнөөгийн байгаа байдал, хэт хавтгайрсан халамж, өр зэрэг олон асуудалтай нүүр тулсан. Гэхдээ өмнөхөө үгүйсгэхээсээ илүү бодит байдлаа ярьж шийдлээ гаргах нь чухал. Баялгаа ашиглуулж байгаа орон нутгийг ерөнхийдөө дэмжинэ. Тиймээс Өмнөговь аймагт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ. Өмнөговьчууддаа нийт монголчуудын өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй. Учир нь Монгол Улсын төсвийн дийлэнх орлого оюу толгой, таван толгой төсөл болон өмнөговьчуудын бүрдүүлж байгаа баялгаар Монгол Улс тэжээгдэж яваа. Тиймээс баялгаа ашиглуулж байгаа ард иргэд, орон нутаг илүү хөгжих нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байгаа” гэв.
ХАНБОГД СУМЫГ ХОТ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХЭД ЭХНИЙ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ САНХҮҮЖҮҮЛНЭ
Ханбогд сум нь Улаанбаатар хотоос 650 км, аймгийн төвөөс 250 км зайтай оршдог. Анх 1924 онд Галба сум нэртэйгээр Хадан хошуу гэх газар үүсгэн байгуулагдаж байсан аж. Тус сум баруун, хойд талаараа Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций, Баян-Овоо сумдтай, зүүн талаараа Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах сумдтай, урд талаараа БНХАУ-тай хил залгаа оршдог ажээ. 15 мянга гаруй км2 газар нутагтай энэ сум нийт таван багтай. 2019 оны байдлаар аймгийн нийт хүн амын 12.4 хувь буюу 8.660 иргэн суурин ажиллаж, амьдарч байна гэсэн статистик гарсан байна. Уул уурхай, үйлдвэрлэл, тээвэрлэлт дагасан 20 мянга гаруй хөдөлгөөнт хүн амтай гэсэн судалгаа гарсан аж. Тэгвэл 2040 он гэхэд 6312 өрхийн 25.880 хүн, сумын төвд 5292 өрхийн 22.226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцооллыг гаргажээ. Тиймээс хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 2025 он гэхэд нийт өрхийн 15 хувь, дунд хугацаа буюу 2030 онд 25 хувь, 2040 он гэхэд 45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай “Ухаалаг загвар сум” болгохоор төлөвлөжээ. Ханбогд суманд мөн Гашуунсухайт хилийн боомт бий.
Г.БАТСҮХ: ОЮУ ТОЛГОЙЧУУДЫН БОЛООД ХАНБОГДЧУУДЫН МӨРӨӨДӨЛ ИЖИЛ НЭГ ХУУДСАН ДЭЭР БАЙГАА
Энэ талаар Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Ханбогд сумын хөгжилд зориулсан 50.0 сая ам. долларын хөрөнгө оруулалт бол Ханбогд сумын нэгдсэн төлөвлөгөө, ирээдүйн стратеги төлөвлгөөг хэрэгжүүлэх эхний үе шатны төсөв юм. Цаашид үе шаттайгаар Шинэ сэргэлтийн бодлогын хот, хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх бодлогын хүрээнд, тэр дундаа хил орчимд сумыг жишиг болгон хөгжүүлэх хүрээнд ханбогдчуудын болоод оюу толгойчуудыг тав тухтай амьдруулах, дэлхийн жишигт нийцсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргээс гадна мал сүргийн эрүүл ахуйг сайжруулах хүртэл нарийн алхмууд хийгдсэн Энэ бол тав, зургаан жилийн ажил биш урт хугацааны ажил учраас Оюу толгойн цаашдын үйлдвэрлэл, үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбогдож хоршиж явна. Манай ажилчид өнөөдрийг хүртэлх 10 жилийн хугацаанд Улаанбаатараас өдөрт гурав, дөрвөн онгоцоор ирж буцдаг. Компани ашгийн байгууллага учраас зардлыг хэрхэн бууруулах, зардлыг бууруулснаар яаж ашигтай ажиллах, ашигтай ажилласнаар хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг наашлуулж аль болох үр ашигтай ажиллуулах хариуцлага хүлээдэг. Тиймээс нислэгийг аль болох цөөрүүлэх, Ханбогд сумыг хөгжүүлж, хамгийн тохилог, хамгийн жишиг стандарттай орон сууцыг бүрдүүлж түүндээ түшиглэж ойрын таван жилийн хугацаанд ажилчдынхаа 50-60 хувийг эхний ээлжинд энд суурьших боломжийг бүрдүүлэх чиглэлд талууд санал нийлсэн. Үүний төлөө Оюу толгой компани чармайж ажиллана. Гэхдээ үүнд нэг онцлог байгаа нь Ханбогдыг барьж цогцлоох ажил зөвхөн Оюу толгойгоос хамаарахгүй. Ханбогдчуудын чин сэтгэлийн оролцоо, хичээл зүтгэлд үндэслэж энэ сум суурин цэцэглэн хөгжих ёстой. Оюу толгой үүнд чин сэтгэлээр тусалж шаардлагатай хөрөнгийг хувь эзэмшигчидтэй хамтарч гаргана. Оюу толгойчуудын болоод ханбогдчуудын мөрөөдөл ижил нэг хуудсан дээр байгаа. Үүнийг хэрэгжүүлэх мориндоо мордоход бэлэн болсон байна” хэмээв. Түүнээс Оюу толгойн хөрөнгө оруулалттайгаар Ханбогд суманд хийгдсэн бүтээн байгуулалтыг тодруулахад, “Ханбогдчуудын төв цэцэрлэгт хүрээлэнг Оюу толгойн оролцоотой бий болсон. 850 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан, ажиллаж байна. Мөн сум дундын мал эмнэлгийн лаборатори бий. Хэрэв цаашид Ханбогдод экспорт, худалдааны нөхцөл бүрдвэл Өмнөговь аймгийн сумдын малын махыг боловсруулж өмнөд хөрш рүү экспортлох лабораторийн шинжилгээний иж бүрэн төхөөрөмжийг Оюу толгойн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан. Энэ цаад утгаараа хөдөө аж ахуй, мал аж ахуйг дэмжих, Монгол Улсын экспортын нэр төрлийг олшруулах зорилготой том бүтээн байгуулалт юм. Үүнээс гадна хүн амын амьжиргаа, амьжиргааны чанартай холбоотой нэг хийсэн ажил бол ундны цэвэр усны цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулаад олон жил болж байна. Ирээдүйд Ханбогд сум 25-30 мянган хүн амьтай болоход хангалттай хүрэлцэх ундны цэвэр ус цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулсан.
Ханбогдыг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гурван шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, 2025, 2030, 2040 онд инженерийн хангамжийн эх үүсвэрийг үе шаттайгаар өргөтгөх, шинээр барьж байгуулахаар төлөвлөжээ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалтай уялдуулан орон нутгийн онцлогт тохирсон цэвэр эрчим хүч бүхий нарны дулааны энергийг нөөцлөх, дулааны станцтай хосолж ажиллах, технологийн уян хатан системтэй, ухаалаг дулааны сүлжээг бий болгох аж. Мөн хүн амын ундны эх үүсвэрийг дунд хугацаанд 2026-2030 онд баруун хэсгийн хайгуулын нөөц худгийг иж бүрэн барих, 2031-2040 онд зүүн хэсгийн хайгуулын нөөц худгийг иж бүрэн барихаар төлөвлөсөн байна.
Хөдөөд хөгжил байхгүй хэмээн зах зээл, амьдралын чанараа дагаж Улаанбаатар хот руу дайжиж байгаа энэ үед Ханбогд сумыг жишиг хот, нэг төв болгон хөгжүүлж байгаад иргэд ихээхэн баяртай байлаа. Тухайлбал, Ханбогд сумын иргэн Д.Буянтогтох “Өмнөговь аймгийн Ханбогд сум бол Монгол Улсын эдийн засгийн анхаарлын төвд байда. 330 сумын хамгийн том таван сумын нэг. Гурван мянга 500 хүн амтай байсан энэ сум уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор өргөжиж өнөөдөр есөн мянга орчим хүн амтай болсон. Тухайн үед хоёр, гуравхан дэлгүүртэй байсан сум өнөөдөр 100 дэлгүүртэй, 100-гаадхан машинтай байсан сум мянга гаруй машинтай болтлоо өргөжөөд байгаа юм. Сум орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой асуудлыг бид олон жил хүсч хүлээсэн. Ямар ч орон нутгийн иргэд хөгжлийг л хүсч байдаг. Энэ хүсэлт биелэх боломж гарлаа. Хөгжлийн төлөвлөгөөнд нэн түрүүнд суугаасай хэмээн бидний хүсч байгаа эхний ажил бол дулааны цахилгаан станц. Дөрвөн км урттай болчихсон сумыг хоёрхон жижиг уурын зуух яаж халаах вэ. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн хамгийн эмзэг салбарт одоогийн халаалттай нөхцөлд хүүхэд, өвчинтөн хэвтэн эмчлүүлэхэд хэцүү байгаа юм. Цэвэр бохирын асуудлаа шийдчихсэн. Олон гачгаарын гар харж, олон жижиг утаа гаргаж байхаар бүгд нэгдсэн халаалттай болохыг хүсч байна” гэв.