– Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээс ухарна гэдэг ардчиллаас л ухарч байгаагаа гол үзүүлэлт-
“Глоб интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргажээ. Манай улс энэхүү индексээрээ ухарсан шиг байна.
-Өчигдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиолоо. Энэ өдөртэй холбоотойгоор “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарлалаа. Энэ индексээр Монгол Улс 90 дүгээр байрт жагссан байна. Өнгөрсөн жил 68 дугаарт жагссан бол энэ жил 22 байраар хойшиллоо. Ингэснээр дайн самуун, зэвсэгт мөргөлдөөнтэй улс орнуудтай эн зэрэгцэж ирлээ. Энэ индекст манайх 2013 онд анх бүртгэгдсэн. Тэр жилээ 98 дугаарт жагсаж байлаа. Үүнээс хойш 53-86 дугаар байрын хооронд жагсаж ирсэн. Үндсэндээ хэвлэлийн хагас эрх чөлөөтэй явж ирсэн гэсэн үг л дээ.
-Энэ судалгааг юунд үндэслэж гаргадаг юм бэ?
-Үндсэн 87 асуулга бүхий гол дөрвөн индекс байдаг. Нэгдүгээрт, эрх зүйн орчинг харна. Эдийн засгийн баталгаа, улс төрийн орчинг хардаг. Хамгийн сүүлд олон нийтийн итгэл буюу хэвлэл мэдээллийн хандлагыг харна. Үндсэндээ улс төр, эрх зүй, эдийн засаг, олон нийтийн хандлагад тулгуурлаж судалгааг гаргадаг.
Манайх хэвлэлийн эрх чөлөөнд анхаарахгүй байгаа нь энэ судалгаанаас харагдаж байна л даа. Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиудаар баталгаажсан боловч хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг, аливаа акцыг хийхгүй байна.
Улс төрийн хүрээнд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хумья, хязгаарлая гэж ярьж байгаа боловч дэмжих, хамгаалах тал дээр ач холбогдол өгөхгүй байна. Гэтэл дэлхий өнгөрсөн 10 жилд хэвлэлийн эрх чөлөөнд өндөр ач холбогдол өглөө. Үүнийг хоёр жишээгээр нотолъё л доо. Дэлхийн Энх тайвны шагналыг Нобелийн хороо Филиппиний Мариа, Оросын Дмитрий Муратов нарт олголоо. Энэ бол дэлхий дахинаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцэж буй нийт сэтгүүлчдийн төлөөлөл болгож олгосныг зарласан. Мөн Юнеско-гийн тэмдэглэлт өдөр болох арваннэгдүгээр сарын 2-нд тохиодог. Энэ бол ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын эрхийн өдөр. Энэ өдрийн хамгийн сүүлийн концепци бол эрэн сурвалжлах мэдээ нийтлэл бэлтгэж байгаа сэтгүүлчийг хорьж цагддаг биш, хамтарч ажилладаг, хамтарч ажиллахдаа тухайн бэлтгэж гаргасан нийтлэл, нэвтрүүлэгтэй нь холбогдуулаад мөрдөн шалгах байгууллагууд ажиллагаа явуулж хэрэг бүртгэлтийг цаг алдалгүй нээх тал дээр анхаарч ажиллахаар болсон. Ингэхдээ олон улсын прокурорын байгууллагатай хамтраад зөвлөмж гаргасан байгаа юм. Гэх мэтийн жишээгээр нотолж болно.
-Манайх ардчилсан тогтолцоотой улс. Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дайн самуунтай улс орнуудын хэмжээнд үнэлэгдэж байгаа нь харамсалтай л сонсогдож байна.
-Манайх ардчилсан улс орон. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулаад амь насаа алдсан сэтгүүлчид бараг байхгүй. Цөөн тохиолдол л бий. Хэвлэлийн эрх чөлөөний ухралтад орсон шалтгаануудыг онцолъё л доо. Өнгөрсөн хугацаанд цар тахлын үе тохиолоо. Улс төрийн сонгуулиуд боллоо. Хууль эрх зүйн орчин тогтвортой байгаа хэдий ч аливаа гарч байгаа захиргааны байгууллагын шийдвэр тушаалууд, захиргааны хэмжээний актууд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлалаа. ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан журмууд нь хязгаарласан. Илүү тодруулбал сонгууль, цахим орчин, цар тахлын хуулиудыг энд онцолж болно. Мөн цар тахлын үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ялгавартай хандаж зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж квот олголоо. Нэг цэгийн мэдээллийн урсгал гэх зүйл гарлаа. Улмаар эх сурвалжийн дутагдалд орсон. Үүнийг хэвлэл мэдээллийн зөвлөлийн судалгаагаар тогтоогдсон. Үүний хажуугаар парламентын сэтгүүлчид чөлөөтэй зорчиж мэдээ бэлтгэж чадахгүй байлаа.
-Нөхцөл байдал ийм дээрээ тулчихаад байхад л Доромжлох заалтыг Эрүүгийн гэмт хэрэгт оруулахаар хуулийн төсөлд суулгасан байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Доромжлох зохицуулалт 2017 он хүртэл Эрүүгийн хуульд байсан. Шинэ ойлголт биш. Энэ заалтын хэрэгцээ шаардлага байна уу. Тавхан жилийн дотор эргүүлж оруулах шаардлага байхгүй шүү дээ. Доромжлох заалтын хэрэгцээ шаардлага байна уу гэдэгт хууль тогтоомжийн тандалтын судалгаа хийдэг. Энэ судалгаа нь алга. Мөн 2020 нэгдүгээр сарын 10-наас орсон илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг байна. Үндсэндээ илт худал мэдээлэл гэж байгаа боловч гутаан доромжлох ойлголтыг агуулж байгаа. Чи тэнэг, чи бүдүүн гэвэл энэ доромж үг. Ижил зохицуулалтаар шийдвэрлэх нь үр дүнгүй. Одоогийн Эрүүгийн хууль доромжлохтой холбоотой 10 орчим зүйл байдаг. Тодруулбал, биеийн хөгжлөөр нь доромжилж ялгаварлан гадуурхах, бэлгийн дур хүслээ ёс бусаар доромжилж үйлдсэн, хууль сахиулагчийг албаны үүргээ гүйцэтгэх явцад нь доромжилсон ч гэх юм уу.
-Ийм ижил төстэй зохицуулалт байхад дахин оруулж ирж байгаа нь ямар ашиг сонирхол байна вэ?
-Улс төрийн захиалгаар орж ирж байна л гэж харж байна. Доромжлох гэдэг ойлголтыг Эрүүгийн хуульдаа бичсэн орон маш цөөхөн. Ардчилсан байна уу ямар ч дэглэмээс үл хамаарч доромжлох заалтыг Эрүүгийн хуулиас хасч байгаа. Харин илт худал мэдээллийг олон оронд янз бүрээр томьёолох гэж оролдож байна. Эрүүгийн хуульдаа оруулаад л, зөрчилдөө хийгээд буцааж хасаад л. Тэр бүү хэл тусгайлан хууль гаргаж шийдвэрлэх гээд явж байна.
Энд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргаануудыг дурдъя л даа. Манайхаас 1999 оноос 2021 оны Эрүү, иргэний журмаар нэр төр алдар хүндийг гутаах, хуучин байсан гүтгэх, доромжлох, одоогийн илт худал мэдээлэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийн судалгааг хийхэд нийт 1146 шүүхийн шийдвэр гарсан байна. 1146 шүүхийн шийдвэрийн 42 хувь нь сэтгүүлч хэвлэл мэдээллийн эсрэг гомдол гаргасан байгаа юм. Гомдол гаргаж байгаа хүмүүсийг нь судлаад харахад 30 орчим хувь нь төрийн байгууллага, төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрд нөлөө бүхий этгээдүүд хэвлэл мэдээллийн эсрэг гомдол гаргасан байна л даа. Шууд хэлэхэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг гомдол гаргаж байгаа хүмүүс нь төрийн өндөр албан тушаалтнууд л байна. Энэ судалгаанаас хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах хүсэл сонирхол эрх баригчдад байхгүй нь тодорхой харагдаж байгаа биз. Нэр төр, алдар хүндтэй холбоотой маргаан жилээс жилд тасралтгүй өсч байна. Нэг талдаа амьдралын орчинтой холбоотой байх. Хүмүүс нэр төрөө хайрладаг болж байна шүү дээ. Энд нэг зүйл сонирхол татаж байгаа нь сонгуулийн жилүүдэд огцом өссөн байгаа юм. 2020 онд улсын хэмжээнд 106 хэрэг иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн байна.
2021 оны тухайд 56 хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдсэн дүн мэдээ бий. 56 хэргийг задлаад үзэхэд 22.5 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг төрийн өндөр албан тушаалтнууд гомдол гаргасан байна. Өөр нэг анхаарал татсан кэйс нь хэвлэлийн бага хурлыг хувийн цахим хаягаараа дамжуулсан иргэнийг буруутай гэж үзсэн байна.
Тухайн иргэн мэдээ, нийтлэл бэлтгээгүй. Өөрийн үзэл бодлоо оруулалгүй болсон үйл явцыг л цахим хаягаараа шууд дамжуулсан. Шүүхийн шийдвэр тухайн хаягаараа залруулга гаргаж, няцаалт хийхийг даалгасан байна лээ.
-Энэ онд сая орж ирсэн илт худал мэдээлэл тараахтай холбоотойгоор хэдэн хэрэг шийдэгдсэн байна вэ?
-15 хэрэг шийдэгдсэн байна. Үүний хоёр нь хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчийн эсрэг байгаа юм. Нэг тохиолдол нь УИХ-ын гишүүн сэтгүүлчийн эсрэг гомдол гаргаж хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг сая төгрөгөөр торгосон байна лээ. Нөгөө тохиолдол нь шүүхээс хэрэг бүртгэлт, нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаасан байгаа юм. Жирийн иргэдийг ч энэ зүйл ангиар арга хэмжээ цагдан хорьсон тохиолдол байна. Тодруулбал, 53 хоногийн хугацаанд цагдан хоригдсон хоёр иргэн байгаа юм. Худал мэдээлэл түгээсний төлөө тэр шүү дээ. Үүнээс гадна сайтын мэдээний дор сэтгэгдэл бичсэн иргэнийг төрийн алан хаагчийн гомдлоор торгосон тохиолдол ч байна. Тухайн иргэн үзэл бодлоо илэрхийлээд л торгуулсан. Тухайн мэдээг ч бэлтгээгүй. Өнөөдөр түгээх, тараахаа ч ойлгоогүй хэмжээнд хуулийг буруу тайлбарлаж байна л даа.
-Хэвлэл мэдээллийн индексээр тэргүүлж байгаа улс орнуудын ямар туршлага байна вэ?
-Хэвлэлийн эрх чөлөөний концепци Уругвай улсад гурав хоногийн хугацаатай “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” гэх уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. Ингэхдээ гол гурван асуудалд төвлөрч хэлэлцүүлэг өрнөсөн. Нэгдүгээрт цахим дайралт, хоёрдугаарт ил тод байдал, гуравдугаарт, хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтвортой орших уу гэх гурван асуудалд төвлөрч байна. Цахим халдлагатай холбоотой асуудал бол технологиос өгөгдөж гарсан. Хүнийг хууль бусаар мөрдөн тагнах, чагнах асуудал дэлхий нийтэд түгээмэл байна. Манайд ч бий. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа ч хэрэгжилтийг харж амжаагүй байна. Сэтгүүлчдийг тодорхойгүй хаягаас гутаан доромжилдог, заналхийлдэг асуудал ч түгээмэл байна л даа.
Монгол Улсын тухайд шийдэл юу байж болох талаар хуульчийн зүгээс байр сууриа илэрхийлье. Олон хууль гаргаад шийдэлд хүрэхгүй. Хүний эрхийг хамгаалагчийн хууль өнгөрсөн онд батлагдаж долдугаар сарын 1-нээс хэрэгжиж байна. Хэрэгжилт алга. Хороо нь ч алга, механизм нь ч бүрдээгүй байна. 2021 оны намрын чуулганаар цахим орчинд Хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Ямар шаардлагатай юм бэ энэ. Сая нэгдүгээр сард хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулийг өргөн барьсан. Энэ ч гэсэн ямар хэрэгтэй юм бэ. Хууль батлаад хэрэгжилтийг нь хамгаалах биш, сонгуулийн үеэр урвуугаар нь ашиглах гээд байна шүү дээ. Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид гомддоггүй төрийн өндөр албан тушаалтныг тоолох нь илүү амар байна. Шууд хэлэхэд, төрийн гурван өндөрлөг гомдол гаргасан байдаг. УИХ-ын гишүүн, яам агентлагийн дарга, прокурорын байгууллага, тэр бүү хэл улсын дээд шүүхийн шүүгч хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг гомдол гаргаж байгаа юм. Энэ бол ардчилсан улсад байж болохгүй хандлага. Энэ хуулиудыг буруугаар ашиглах эрсдэлтэй. Цахим орчны мэдээллийн шуурга дэлхий нийтэд явж байна. Үүний эсрэг хатуу хууль гараад үр дүнгүй талаар илтгэгчид онцолж байгаа. Үр дүнтэй байж болох шийдэл нь технологитой холбоотойгоор гарсан юм бол технологийн өөрийн зохицуулалтаар нь шийдвэрлэж болно. Фэйсбүүк, Твиттер өөрийн гэсэн дотоод зохицуулалттай. Хүчирхийлэл, аллага сурталчилбал блоколдог зохицуулалттай. Энэ механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө талд мэргэжлийн сэтгүүл зүй цахим орчин, үзэл бодлын талбараас ёс зүйн зохицуулалтаараа ялгарах хэрэгтэй.
Өнөөдөр хэвлэл мэдээллийн индексээр Норвеги, Дани гэх мэт Скандинавын хойгийн орнууд тэргүүлж байна. Эд нарын туршлага нь, эрх зүйн соёл, сэтгэлгээ нь өөр байдаг. Сэтгүүлчийн алдаанд торгууль шийтгэл байхгүй. Өөрийн зохицуулалтыг маш амжилттай хийсэн. Энд нэг зүйлийг онцлоход, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээс ухарна гэдэг ардчиллаас л ухарч байгаа гол үзүүлэлт.
-Эрх баригчид өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн амыг барихын тулд ажиллаж ирсэн нь энд дурдаж байгаа индексээс харагдаж байх шиг.
-Сэтгүүлчдэд хэн гомдоод байгааг дээр миний дурдсан судалгаа харуулж байна шүү дээ. 1146 шүүхийн шийдвэрт судалгаа хийхэд 40 гаруй хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг төрийн өндөр албан тушаалтнууд гомдол гаргасан байна. Хэвлэл мэдээллийн амыг барих, өөрсдөдөө нийцүүлэх зорилготой байгаа нь эндээс харагдаж байгаа биз. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахын тулд санал нэгтэй дуугарах цаг ирсэн байна.
Манайд өнөөдөр 512 мэдээллийн хэрэгсэл бий. Үүнд эзэмшил өмчлөлийн хууль алга. Судалгаа хийхэд улстөрчид юмуу, бизнесийн бүлэглэлийнх л байгаа юм. гурван сая гаруй хүн амтай улсад 512 хэвлэл мэдээллийн байгууллага байх боломжгүй. Манайх өөрөө хэвлэлийн эрх чөлөөг хараат бус байлгаж чадахгүй байна л даа. Бие даасан чөлөөт олон ургальч байлгаж чаддаггүй. Нэг намын ч юм уу, Засгийн газрын дуу хоолойг хүргэх зорилгоор байлгадаг. Хэвлэл мэдээлэлд цаггүй байгууллага ховор болж. Засгийн газрын цаг, шүүхийн цаг, прокурорын цаг гээд л. Уул нь олон нийтийн байх ёстой шүү дээ. Өнөөдөр улстөрчид хэвлэл мэдээлэлтэй ойр байх уралдаанд гүйж байна. Янз бүрийн баримт дэлгүүлэхгүй, харилцан ашигтай байхын тулд л тэр шүү дээ.
-Олон улсад хэвлэл мэдээллийг төрөөс дэмждэг ямар жишиг байдаг юм бэ?
-Жишиг байдаг. БНСУ -ын тухайд тусдаа сангийн зохицуулалттай. Норвеги гэх мэт улс орнууд улс төрд нөлөө бүхий этгээдүүд хэвлэл мэдээллийн эсрэг гомдол гаргах эрхгүй. Тухайн улс орнуудад төрийн өндөр албыг хүсч хашдаг. Жишээ нь, Б.Пүрэвсүрэнг хэн ч даргын албан тушаалд томилоогүй. Хүсч хашдаг. Ингэхлээр мэдээлэлд хүлцэнгүй ханддаг. Хүлцэнгүй байж чадаагүй тохиолдолд албаа өгөөд иргэний журмаар гомдлоо гарах ёстой. Энэ туршлага манайд хэрэгтэй.