Categories
мэдээ нийгэм

Ковид хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй DNN.mn

Covid-19 өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан зарим хүмүүсийн сэтгэн бодох чадвар 20 жилээр хөгширдөг байх магадлалтайг эрдэмтэд тогтоожээ.

Коронавирусийн халдвар нь тэр дороо хүмүүсийг өвчлүүлэхээс гадна эдгэрсний дараа урт хугацааны турш бие махбодод сөргөөр нөлөөлдөг нь тодорхой болсон. Тухайлбал Их Британид явуулсан судалгаагаар халдвараар өвчлөөд эдгэрснээс хойш нэг жилийн дараа өвчтөнүүдийн гуравны нэг нь л бүрэн сэргэсэн байжээ.

Харин дийлэнх хэсгийнх нь тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар асуудалтай хэвээр байгааг тогтоосон юм.

Тэгвэл Кэмбрижийн Их Сургуулийн профессор Дэвид Меноны ахалсан баг тархинд үүссэн сөрөг нөлөө хэр хүнд өвчилж байснаас шууд хамаардаг байж болзошгүйг шинэ судалгаагаар тогтоожээ.

“Ковид хүний биеийн төрөл бүрийн эд эрхтний ажиллагаанд асуудал үүсгэдэг нь тогтоогдсон. Үүнд бас тархи, сэтгэн бодох чадвар, сэтгэцийн эрүүл мэнд багтаж байна. Хэрвээ вакцинжуулалтад хамрагдсан бол эдгээр сөрөг нөлөөнүүд бага байх боломжтой” гэж профессор Менон ярьжээ.

Тэдний судалгааны тайлан eClinicalMedicine эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Меноны баг дунджаар зургаан сарын өмнө эдгэрээд эмнэлгээс гарсан 46 өвчтөнөөс Лондоны Империал Коллежийн боловсруулсан Cognitron платформыг ашиглан сэтгэн бодох сорил авсан байна. Өвчтөнүүдийн 16 нь амьсгалын аппаратад ортлоо хүндэрч байжээ.

Ингээд тэдний үр дүнг BBC агентлагаас зохион байгуулсан Great British Intelligence Test (бас Cognitron ашигласан) сорилд хамрагдсан эрүүл 460 хүний үр дүнтэй харьцуулжээ.

Ингэхдээ өвчтөнүүдийн нас, хүйс, боловсролын байдал, эх хэл зэрэг үзүүлэлтийг харгалзаж үзсэн байна.

Үр дүнд нь Ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн тархины ажиллагаа удааширсан байгааг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл сорилын асуултыг ойлгох, хариулах хурд нь удааширсан байна.

Цаашилбал дунджаар 50 настай хүний сэтгэх хурд 70 настай хүний хэмжээнд хүрсэнтэй дүйцэх хэмжээний өөрчлөлт гарсныг тогтоожээ.

“Бидний гүйцэтгэсэн туршилт Ковидын хор нөлөөг сайн ойлгох, урьдчилан сэргийлэх, дараа дараагийн эмчилгээг үр дүнтэй болгоход тус болох юм” гэж профессор Менон тайландаа бичсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн гар утас дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас гар утас дээрэмдсэн этгээдүүдийг шуурхай илрүүлжээ.

Тодруулбал:

  • Энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 00:40 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 15 настай Х гар утсаа дээрэмдүүлсэн хэргийг тус аймагт оршин суух 32 настай, эрэгтэй С үйлдсэнийг,
  • Дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 03:41 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэй О-г согтуу явж байхад нь Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эрэгтэй Т гар утас, хүзүүний гинжийг дээрэмдсэн,
  • Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 37 настай, эмэгтэй Э нь халааснаасаа “I phone-11” гар утсаа алдсан хэргийг 22 настай, эрэгтэй Т үйлдсэн хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж ирүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд бага насны хүүхдийг шөнө, оройн цагаар ганцааранг нь гадуур явуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Categories
гадаад мэдээ

Америкийн Урлагийн музей Рианнад зориулан гантиг чулуун хөшөө босгожээ DNN.mn

Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейн танхимд жирэмсэн Рианнаг дүрсэлсэн гантиг чулуун хөшөөг дэлгэн үзүүлжээ.

Хөшөөг тавдугаар сарын 2-ны “Met Gala” ёслолын үеэр олон нийтэд толилуулжээ.

Баримлын санааг Америкийн “Vogue” сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын ковер буюу нүүр хуудаснаас авсан байна. Рианна “Alaïa” брэндийн нэхмэл торон, улаан өнгийн жампсюьт /комбинезон/-тай зургаа авахуулж байсан.

Categories
мэдээ нийгэм

​ Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлснээр байгууллагын тамгыг халах боломжтой DNN.mn


Монгол Улсын хэмжээнд 16 нас хүрсэн 2.2 сая гаруй иргэн бий. Энэ иргэн бүрт цахим гарын үсэг үнэгүй олгох ажил эхлээд удаагүй байна. Тоон гарын үсэг гэдэг нь цаасан дээр зурдаг гарын үсэг шиг цахим орчинд зөвхөн таныг төлөөлж, баталгаажуулдаг регистрийн дугаар шиг давхардалгүй өгөгдөл юм.

Өөрөөр хэлбэл, иргэн тоон гарын үсэгтэй болсноор аливаа цахим системд бүртгүүлэх, нэвтрэлт танилт хийх, цахимаар гэрээ байгуулах, худалдах худалдан авах үйлчилгээ авах боломж бүрдэж, иргэний мэдээллийн аюулгүй байдалд ахиц гарна гэж үзэж байна.

Мөн тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлснээр байгууллагуудын тамгыг халах боломжтой гэж үзжээ. Ингэснээр байгууллагуудын тамгатай холбоотой ажлын үйл явцад ахиц гарна хэмээн тооцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, шуурга шуурна DNN.mn


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Говьсүмбэр, Дундговийн нутаг, Төв аймгийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр шороон шуурга шуурна. Маргааш өдөр Дорноговийн нутаг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.

Categories
мэдээ спорт

Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ энэ сарын 6-нд эхэлнэ DNN.mn


Туркийн нийслэл Истанбул хотод боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 6-20-нд болно.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар өрсөлдөнө.

Тус тэмцээнээс Монголын боксчид цор ганц медаль хүртсэн нь гавьяат тамирчин М.Нандинцэцэг билээ.

Тэрбээр 2018 онд Энэтхэгт болсон тус тэмцээний 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв. Монголынбаг тамирчид өдгөө Герман, Украин, Канадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Categories
мэдээ нийгэм

​ Говь-Алтай аймагт төл бойжилт 99.7 хувьтай байна DNN.mn

Говь-Алтай аймагт 2022 оны жилийн эхэнд 2.990.000 малын 48 хувь буюу 1.428.000 эх мал тоологдсон. Нийт эх малын 93 хувь буюу 1.339.000 хээлтэгчээс дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар 78.5 хувь буюу 1.052.100 мал төллөөд байна.

Нийт төллөвөл зохих 40.6 мянган гүүнээс 21.7 хувь нь буюу 8.8 мянга, 8.2 мянган ингэнээс 70.7 хувь нь буюу 5.8 мянга, 28.7 мянган үнээнээс 35 хувь нь буюу 9.9 мянга, 405.6 мянган хониноос 87 хувь нь буюу 351.7 мянга, 855.7 мянган ямаанаас 79 хувь нь буюу 675.8 мянган мал тус тус төллөөд байгаа аж. Төл бойжилт тус аймагт 99.7 хувьтай байна.

Тус аймгийн хэмжээнд зүй бусаар хорогдсон мал 1735 толгой буюу нийт малын 0.06 хувь байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын хамгийн их ашигладаг апп-д “PUBG”, “Mobile Legends” багтжээ DNN.mn

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монголын интернет хэрэглэгчдийн судалгааг хийжээ. Энэ хүрээнд, Монголд хамгийн өргөн ашиглагддаг гар утасны аппликейшнүүдийг жагсаажээ. Энэ жагсаалтад сошиал платформуудын хамт PUBG Mobile, Mobile Legends зэрэг гар утасны тоглоомууд зэрэгцэн багтсан нь анхаарал татав.

Жагсаалтыг танилцуулбал, хамгийн их ашиглагддагаараа:

  1. Facebook
  2. Messenger
  3. YouTube
  4. Instagram
  5. Toki
  6. TikTok
  7. PUBG Mobile
  8. Mobile Legends
  9. My Talking Angela
  10. Telegram
  11. Viber Messenger
  12. Mongol Chat
  13. Discord
  14. WeChat
  15. Clubhouse аппликейшнүүд багтжээ.
Categories
гадаад мэдээ

Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ DNN.mn

Хөл хорионд ороод буй Хятадын Шанхай хотын нэгэн иргэнийг нас барсан гэж үзээд цогцос хадгалах уутанд хийн, шарил хадгалах газар руу явуулсан хэрэг гарчээ.

Хамгаалалтын хувцастай ажилтнууд машинаас цогцос хадгалах уутанд байсан нэгэн иргэнийг гаргаад морг руу оруулах гээд тэргэн дээр тавьтал тухайн хүн амьд байсныг нь олж мэдсэн байна. Энэ үйл явдлыг ойролцоо байсан нэгэн хүн бичиж аваад нийгмийн сүлжээнд тавьжээ. Бичлэг тавдугаар сарын 1-ний ням гарагт Хятадын нийгмийн сүлжээгээр тархаж, иргэдийн дургүйцлийг хүргэн, айдаст автуулсан байна. Уг бичлэгийг хийсэн хүн “Тэд амьд хүнийг үхсэн гэж хэлээд явуулж байна. Маш хариуцлагагүй үйлдэл” гэжээ.

Хятадын хамгийн орчин үеийн, хөгжсөн энэ хотод ийм үйлдэл гарна гэдэг байж боломгүй юм хэмээн тус улсын Weibo сүлжээнд бас нэг иргэн бичсэн байна. Мөн нэг хэрэглэгч “Хүнийг санаатайгаар алж байна” гэжээ.

Тухайн иргэний биеийн байдал одоо тогтвортой байгаа гэж дүүргийн захиргаанаас мэдэгдэв. Уг хэргийн дараа мөрдөн шалгах ажиллагаа явуулж Путуо дүүргийн Иргэний хэрэг эрхлэх газар, нийгмийн хөгжлийн албаны гурван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Тухайн иргэн ахмадын сувилалд эмчлүүлж байсан бөгөөд сувиллын даргыг мөн ажлаас нь халсан байна. Түүнчлэн уг хэрэгт холбогдсон эмчийн эрхийг хасжээ.

25 сая хүн амтай Шанхай хотод халдварын тохиолдол ихэссэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 31-нээс хойш хөл хорио тогтоогоод буй.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг 12 дугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж байна DNN.mn

Өмнөговь Аймгийн Засаг даргын шийдвэрээр 2022 оны тавдугаар сарын 02-ноос зургадугаар сарын 17-ны өдрийг хүртэл элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж байгаа 12 дугаар ангийн сурагчдаа “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж эхэллээ.

Орон нутгийн удирдлагууд төгсөх ангийн сурагчдадаа шалгалтын бэлтгэлд дэмжлэг үзүүлэх багш нарын хүсэлтээр эл шийдвэрийг гаргажээ.