Categories
гадаад мэдээ

Навальныйг илүү чанга дэглэмтэй шоронд шилжүүлнэ DNN.mn

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өдгөө Москвагаас 200 км зайд орших Покров хотын шоронд хоригдож буй. Түүнийг Владимир мужийн Мелехово дахь ИК-6 хорих анги руу шилжүүлнэ гэж “BBC” агентлаг мэдээлэв.

Гэхдээ Навальныйг шилжүүлж буй тухай мэдээ албан ёсоор гараагүй байна. Мелехово руу шилжүүлэх тухай мэдээг Навальный өөрөө телеграм хуудсаараа хуваалцсан. “Шилжүүлэх тухай шийдвэр хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа ч Мелеховогийн хоригдлууд надад зориулж шорон доторх “шорон” бэлдэж байгаа гэнэ. Хэрвээ Мелеховог “Google”-дээд үзвэл тэнд хоригдлууд хэрхэн зовж байгааг харах боломжтой гэсэн” гэж бичжээ.

Владимир мужид байрлах ИК-6 шорон нь одоо байрлаж буй ИК-2 шоронгоос 150 км зайд байрладаг. ИК-6 шоронд хоригдлуудтай зүй бусаар харьцдаг тухай баримт хэвлэл мэдээллээр удаа дараа гарч байсан.

“Хэдийгээр хоригдлуудыг эрүүдэн шүүдэг өөр олон шорон байдаг ч Мелехово дахь ИК-6 бол үнэхээр аймшигтай газар” гэж Навальныйн хамтран зүтгэгч Кира Ярмыш хэлэв.

Тухайлбал, 2019 онд нэгэн хоригдол ИК-6 шоронд нас барсан. Шоронгийн захиргаанаас түүнийг амиа хорлосон гэж мэдэгдсэн хэдий ч хоригдол Тунтуев өөрийг нь байнга заналхийлж, эрүүдэн шүүсэн гэж Европын хүний эрхийн шүүхэд хоёр удаа хандаж байжээ. Мөн түүний гомдолд эрх баригчид эрүүдэн шүүсэн тухай баримтыг шалгахаас татгалзсан гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол хэл бичгийн дахин шалгалт авах байршлууд DNN.mn

Монгол хэл бичгийн дахин шалгалт маргааш буюу тавдугаар сарын 7-ны 10:00 цагт эхэлнэ.

Уг шалгалтад улсын хэмжээнд 10,400 орчим шалгуулагч оролцохоор бүртгэлээ баталгаажуулсан байна. Улаанбаатар хотын шалгуулагчдад зориулан 11 байрыг бэлджээ.

Шалгалтад ирэхдээ анхаарах зүйл:

  • цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичигтэйгээ ирэх
  • бүртгэлийн хуудас болон суудлын хуваариа хэвлэн авчрах
  • шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх
  • шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэх.

Шалгалт авах байршлууд:

1
2
4
5
6
7

Categories
мэдээ спорт

Д.Батгэрэл тулааны бэлтгэлээ хийхээр Тайланд улсыг зорилоо DNN.mn

Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-ийн дэвжээнд өрсөлдөж яваа анхны монгол тулаанч бол Данаагийн Батгэрэл билээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, “Талын шуурга” хочит тэрбээр ээлжит тулааны бэлтгэлээ хийхээр Тайланд улсыг зорилоо.

Түүний дараагийн тулаан ирэх сарын 11-нд Сингапурт болно.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил их сургуульд элсэх босго оноо 480 байна DNN.mn

Их, дээд сургууль, коллежид 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог тогтоолоо.

Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын босго оноо ижил байхаар шийдвэрлэсэн байна.

Оюутан элсүүлэх үндэсний босго оноо:

  • Их сургууль- 480
  • Дээд сургууль – 440
  • Коллеж -400
  • Орон нутгийн их, дээд сургууль -410
зураг

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд өнөөдөр 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд өнөөдөр 4.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас баруун хойд зүгт 15 километрын зайд 11:03:20 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Газар зүйн байршлын хувьд 49.65 97.63 (Өргөрөг, Уртраг) байжээ.

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөвлөмж

  • Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Эсвэл жин овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай хананд очиж суу.
  • Гудамжинд явж байхад тань газар барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол, нээлттэй, задгай талбай олж зогс
  • Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
  • Хаалгаа онгойлгох, Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
  • Цахилгаан болон хийн зуухыг салга.
  • Дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээний газар олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг тул тайван байж, тухайн байгууллагын ажилтны зөвлөгөөг дага.
  • Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогс. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 119 жолооч согтуугаар жолоо барьж, 188 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1310, хулгайтай холбоотой 28, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 99, гэмт хэргийн шинжтэй 92 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 119, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 94, хүний биед халдсан 72, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 92, эрүүлжүүлэх байранд хоносон 188, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 90 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ улс-төр

“Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа DNN.mn

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уншиж, танилцууллаа.

Тэрбээр, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2021 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуултын хариуг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, тодорхой арга хэмжээ авах хүсэлтийг шийдвэрийн төслийн хамт ирүүлснийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон Монгол УИХ-ын даргын 2022 оны 23 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөлд ноос, ноолуурын салбарт нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан гэдгийг дурдав.

Энэ хүрээнд ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай нэмэгдүүлэн, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, 2023 оноос хялгас ялгаснаас дээш боловсруулалт хийгдэж чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг экспортлох, үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх, мөн хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортын нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгасан.

Түүнчлэн хялгасыг ялгасан ноос, ноолуур, хөөвөр болон ээрмэл утас, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бага хүүтэй, урт хугацаат, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг олгоход шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, боловсруулах үйлдвэрт тушаасан сарлагийн хөөвөр, торомны ноосны чанараас хамааруулан мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор бүтээгдэхүүнийг баталгаажуулах хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн хүрээг өргөтгөн олон улсын түвшинд хүргэх зэрэг асуудлыг тусгасан байгаа гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, Д.Ганбат, Н.Энхболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдээс ноолуурын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, 2023 оноос самнаж боловсруулсан ноолуурыг экспортоор гаргахад тус салбарт шаардлагатай эргэлтийн болон үндсэн хөрөнгийн санхүүжилтийн дэмжлэгийн талаар тодрууллаа. Мөн сарлагийн хөөвөр, торомны ноос бэлтгэхэд урамшуулал олгох, ноос, ноолуурын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс татвар, зээл, санхүүгийн бодлогоор дэмжих эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх хэрэгтэйг хэлж байв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хариултдаа, “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 200.0 тэрбум төгрөгийн 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор арилжааны зургаан банктай гэрээ байгуулан хамтран ажилласнаар ноолуурын салбарт 38 аж ахуйн нэгжид 94.8 тэрбум, ноосны салбарт дөрвөн аж ахуйн нэгжид 3.2 тэрбум төгрөгийн зээл олгогдож, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 7.65 хувиар тооцон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 2021 онд 3.2 тэрбум, 2022 оны эхний 3 сарын байдлаар 1.6 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлээд байна.

Мөн Засгийн газраас 2022 онд ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөг, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, улсын төсвөөс 10.65 хувийн хүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам болон Монгол банкны хооронд 3 талт “Хөдөө аж ахуйн зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээ”, арилжааны 8 банктай “Зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээ”-г тус тус байгуулан аж ахуйн нэгжүүдэд зээл олгох ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Ганбат нар ноолуурын үнийг тогтворжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэйг сануулахыг зэрэгцээ ноос, арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих цогц бодлого хэрэгтэй байгааг хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар малчдыг орлогыг бодитоор нэмэгдүүлэх, ноолуурыг үнийг тогтворжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод чухал ач холбогдолтой. Одоогийн байдлаар жилд 10 мянган тонн орчим ноолуурыг экспортод гаргаж байна. Энэ тогтоолын хүрээнд зөвхөн самнасан ноолуурыг экспортод гаргаж, дотооддоо нэмүү өртөг шингээхийг зорьж байна. Ингэснээр 500 сая ам.долларын хэмжээний өртгийг экспортоос олох боломжтой болно. Түүнчлэн мэргэжлийн холбоод, салбарын яамтай хамтран 2025 оноос хойш самнасан ноолуурын 50 хувийг дотооддоо үйлдвэрлээд бэлэн бүтээгдэхүүн болгож гаргахаар төлөвлөсөн. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргавал нийт дүнгээрээ 1.2 тэрбум ам.долларын орлого олох бололцоотой. Нөгөө талаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55 хувь нь дэмжлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Mонгол, Японы стратегийн түншлэлийг улам бататгасан айлчлал боллоо DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса өнгөрсөн өдрүүдэд манай улсад айлчиллаа. Энэ удаагийн айлчлалын онцлог, үр дүнгийн талаар эхлээд ярихгүй юу?

-Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд манай улсад хоёр өдрийн албан ёсны айлчлал хийлээ. Гадаад хэргийн сайдын түвшний айлчлал тухайн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцдэгээрээ бусад түвшний айлчлалуудаас цар хүрээ, агуулгын хувьд ялгаатай байдаг. Ё.Хаяши сайдын айлчлалаар Монгол, Японы стратегийн түншлэлийн бүхий л асуудлуудыг бид нухацтай хэлэлцэж, зарим асуудлаар тодорхой тохиролцоонд хүрлээ. Бид дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж, энэ оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал солилцооны жил” болгон зарласан. Энэ хүрээнд хоёр орны хүүхэд залуучуудад зориулсан олон сайхан арга хэмжээг зохион байгуулахаар болсон нь ноён Хаяши Ёшимасагийн айлчлалын бас нэгэн чухал агуулга байв.

Айлчлалын хүрээнд сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхлаа. Энэхүү айлчлал нь манай улсын гуравдагч хөрш Япон улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж байна.

-Монгол, Японы Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ яриа хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү. Ямар үр дүн хүлээж болох вэ?

-Албан ёсны хэлэлцээний үеэр бид хоёр улсын улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын харилцан солилцоо, консул, соёл, олон нийт, боловсролын харилцаа, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээг улам бэхжүүлэхээр тохиролцлоо. Энэ хүрээнд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохирсон. Монгол орны ирээдүйн хөгжилд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох шаардлага байгаа. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбар, чиглэлд Японы дэвшилтэт технологи, ноу-хауг нэвтрүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах эрмэлзэлтэй байгаагаа манай тал илэрхийлсэн. Япон Улс Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болгоход үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Цаашид Хөшгийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ дагуул хот байгуулах чиглэлд Японы талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сард Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ хөндөж байсан бөгөөд түүнээс хойш манай талаас хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцуулж, Японы хөрөнгө оруулагчдыг хамтран ажиллахыг урилаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд Япон улсад айлчлахдаа нүүрснээс устөрөгч гаргах цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Дэлхийн улс орнууд нүүрсхүчлээс ангид байхыг зорьж, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд анхаарч байгаа энэ цаг үед нүүрсээр баялаг манай улсын тухайд энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна. Манай талаас дэвшүүлсэн эдгээр саналуудыг Японы тал нухацтай судалж үзэхээ илэрхийлсэн. Монгол Улс, Япон улсын хооронд 2016 онд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тодорхой үр дүнгээ өгч эхэлж байна. Хоёр улсын худалдааны эргэлт 2019 онд хоёр дахин нэмэгдэж, 585.5 сая ам.долларт хүрсэн. Цаашид тус хэлэлцээрийг үр өгөөжтэй ашиглах хүрээнд худалдааг хөнгөвчлөх, гаалийн үйл ажиллагааг дэмжих, гарал үүслийн гэрчилгээ зэрэг асуудал хариуцсан дэд хорооны хамтарсан хуралдааныг ойрын үед зохион байгуулах саналыг манай зүгээс айлын талд тавьсан. Сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод тарих санаачилга”-ыг дэмжиж, энэ хүрээнд хамтран ажиллах хэлбэрээ судалж байгаагаа илэрхийлсэн. Цаашид байгаль орчны салбар нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хамтын ажиллагаа байх болно гэдэгт бид санал нэгдсэн. Манай хоёр улс олон улс, бүс нутгийн асуудлаар идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, хөгжил цэцэглэлийг хангахын төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа харилцан нотоллоо.

-Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр 2017-2021 онд хэрэгжсэн. Дүгнээд хэлбэл…

-Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны 2017-2021 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг маш тодорхой дүгнэж, айлчлалын үеэр олон нийтэд танилцуулсан. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэнд баяртай байна. Дунд хугацааны хөтөлбөрт талуудын улс төр, аюулгүй байдал, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд, консул, соёл, олон нийт, боловсролын харилцаа, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг тусгадаг. Монгол, Японы Стратегийн түншлэлийн 2022-2026 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийг хоёр талдаа сайтар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан, аль болох бодитой арга хэмжээг тусгасан баялаг агуулгатай байгуулахаар ярилцлаа. Бэлтгэл ажил хангагдаж байна.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Японы шинэ технологи, ноу хау нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа манай талаас илэрхийлсэн. Айлын тал хэрхэн хүлээж авав?

-Бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрийн талаар Японы талд мэдээлэл өгсөн. Япон улсын ЭСЯ, ЖАЙКА болон Монголын талтай хамтын ажиллагаа хөгжүүлж ирсэн Японы талын байгууллагууд энэхүү хөтөлбөрийг хэдийнэ судлаад эхэлсэн бөгөөд шинэ Дунд хугацааны хөтөлбөрт энэ чиглэлийн хамтын ажиллагааны талаар тодорхой заалтууд тусгана гэж найдаж байна. Одоо Японы хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг аль болох ойрын үед зохион байгуулж, манай хөрөнгө оруулалтын орчин, тэргүүлэх ач холбогдол өгч буй төсөл, хөтөлбөрүүдээ Японы хувийн хэвшилд танилцуулах ажлыг шуурхайлах хэрэгтэй байна.

-Японы хөрөнгө оруулалтыг татах ямар боломжууд байна вэ?

-Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ихээхэн чухал. Энэ салбарт бидэнд хамтран ажилласан туршлага бий. Тухайлбал, Говь үйлдвэрийг 1980-аад онд байгуулж, Монголын ноолуурыг дэлхийн зах зээлд таниулахад чухал хувь нэмэр оруулсан. Түүнчлэн Мобиком, Хаан банк зэрэг хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлсэн амжилтын түүхийг дурдаж болно. Япон улсаас 1990-2020 оны хооронд нийт нэг тэрбум 21.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг худалдаа, нийтийн хоол, банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт хийсэн байна. Одоогоор Японы хөрөнгө оруулалттай 600 гаруй компани манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа нь хамтын ажиллагааны чухал үзүүлэлт юм.

Монгол Улсын хувьд уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх нь манай улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улс нь дэвшилтэт техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх, дэлхийн тэргүүлэх эдийн засагтай Япон улстай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь манай улсын хувьд гадаад улстай байгуулсан анхны чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Цаашид энэхүү хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн идэвх, санаачилга ихээхэн чухал юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Япон улсын Засгийн газраас манай хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд тууштай, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Сүүлийн үед харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр манай хоёр орны залуучууд идэвхтэй хамтран ажиллаж байна. Цаашид хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа энэ чиглэлд түлхүү хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

-Хөшигийн хөндийн нисэх буудлын чөлөөт бүс, шинэ дагуул хот байгуулах, устөрөгчийн цахилгаан станц зэргийг байгуулахад Японы талтай хэрхэн хамтран ажиллах вэ?

-Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газар саяхан баталлаа. Үүний дагуу Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн бүтээн байгуулалт хийгдэх бүсүүдийн хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулагдаж байна. Бүтээн байгуулалтад олон талт хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай тул Японы талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн Шинэ Зуунмод хотод агаар, төмөр зам, авто замын терминал бүхий олон улсын тээвэр, логистикийн төвийг шинээр байгуулах, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн ТЭЗҮ боловсруулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэгт Японы талтай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Япон улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын мөрөөр хоёр талын холбогдох байгууллагууд эдгээр асуудлаар нарийвчлан санал солилцож, хамтран ажиллах нь зүйтэй байна.

-Саяны айлчлалаар Японд манай боловсон хүчин бэлтгэх, энэ талаар дэмжлэг үзүүлэх тухай яригдсан гэл үү?

-Боловсролын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. 1000 инженерийн төсөл, Гурван коосэн гээд Дунд хугацааны хөтөлбөрт энэ чиглэлд хийгдсэн ажлууд тодорхой туссан байгаа. Энэ удаа бид хүний нөөцийн хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурсан.Тухайлбал, 2022 онд хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оны байдлаар, нийт суралцагчдын тоо 400-д хүрсэн. Үүнээс 357 нь төгсөж ирээд төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиуд зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. 2022 онд магистрын хөтөлбөрт 15 оюутан, докторын хөтөлбөрт нэг оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуулиудад тус тусын мэргэжлээр суралцуулахаар боллоо.

-Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон гэж та ярилцлагынхаа эхэнд дурдлаа. Ойн хүрээнд талууд ямар ажил өрнүүлэх вэ?

-Энэхүү тэмдэглэлт ойг бид хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, манай хоёр улсын ард түмний найрамдлыг улам бататгахын төлөө байна. Монгол Улсын Засгийн газраас хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг байгуулж, миний бие ажлын хэсгийн даргаар ажиллаж байна.

Тухайлбал, “Монголын соёлын өдрүүд”, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны тухай эрдэм шинжилгээний хамтарсан симпозиум, 50 жилийн ойд зориулсан номын нээлт, гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг олон нийтэд чиглэсэн урлаг, соёлын арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Токио хотноо хоёр орны хүүхэд залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг энэ намар зохион байгуулахаар ажиллаж байна. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтын цуврал арга хэмжээний нэг болгож Монгол Улсын Морин хуурын чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь “NHK”-ийн концертын танхимд энэ оны сүүлээр тоглуулахаар бэлтгэлийг хангаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 2.4 хувиар өсчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос зарим гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаарх судалгааг танилцууллаа.

Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 4-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.4 хувь, өмнөх 7 хоногоос 1.1 хувиар өссөн байна.

Тухайлбал, үхрийн мах, төмс, сүү, өндөг, цагаан будаа, талах 0.5-4.5 хүртэлх хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Categories
мэдээ нийгэм

“Энхийн гүйлт 2022” галт бамбарт буухиа ирэх долоо хоногт эхэлнэ DNN.mn

“Шри Чинмойн Эвийн Өргөө Энхийн Гүйлт” буюу хүн төрөлхтний эв эе, энх амгаланг хүсэх сэтгэлийн уриаг түгээх олон улсын галт бамбарт буухиа гүйлт Монголд 14 дэх удаагаа зохиогдоход бэлэн болжээ. 7300 км замыг туулж 21 аймгийн 108 сумаар дайрах “Энхийн гүйлт 2022” буухиа тавдугаар сарын 14-д эхэлнэ. Энхийн гүйлтийн галт бамбарыг аймаг, сумуудаар буухиалан дамжуулах бөгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэй үндсэн баг бамбарыг унтраалгүй авч явах аж. Гүйлтэд олон улсын тамирчид оролцох бөгөөд эв найрамдлыг сурталчилж галт бамбарыг 54 хоногийн турш тасралтгүй асааж явна гэж Биеийн Тамир Спортын Улсын Хорооноос мэдээллээ.

Гүйх маршрут:

1-р хэсэг: 5-р сарын 14-27
Улаанбаатар-Төв- Хэнтий- Дорнод- Сүхбаатар- Дорноговь- Говьсүмбэр
Нийт: 2065 км, 14 өдөр

2-р хэсэг: 5-р сарын 29-өөс 6-р сарын 24
Говьсүмбэр- Дундговь- Өмнөговь- Өвөрхангай- Баянхонгор- Говь-Алтай- Ховд- Баян-Өлгий- Увс- Завхан- Архангай
Нийт: 3698 км, 26 өдөр

3-р хэсэг: 6-р сарын 26-аас 7-р сарын 7
Архангай- Хөвсгөл- Булган- Орхон- Сэлэнгэ- Дархан- Төв- Улаанбаатар
Нийт: 1491 км, 11 өдөр