Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой” уурхайд гадаадын иргэн нас баржээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” уурхайд гадаадын иргэн нас баржээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр уурхайн II кемпээс туслан гүйцэтгэгч “СР” компанийн мэргэжилтэн Австрали улсын иргэн 50 настай эрэгтэйн цогцос олдсон байна.

Задлан шинжилгээний дүгнэлт нь хараахан гараагүй ч урьдчилсан байдлаар түүнийг өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн байна. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасаг үргэлжлүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

2022 оны 04 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 21-26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, Нууруудын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 2-4 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Сонгинохайрхан дүүргээс гал түймрийн гурван дуудлага ОБЕГ-т ирүүлжээ DNN.mn

Өчигдөр Сонгинохайрхан дүүргээс гал түймрийн гурван дуудлага ОБЕГ-т ирүүлжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатжээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Х-гийн 9х5 метрийн хэмжээтэй 2 байшингийн дээвэр, 5х3 метрийн хэмжээтэй гаражын дээвэр, 18 метр куб мод /банз/, 20 метр орчим хашаа, эзэнгүй айлын хашаанд 1.4 га орчим газарт өнжмөл шар өвс, иргэн О-гийн 5х4 метрийн хэмжээтэй амбаар, 10 метр хашаа тус тус шатаж байсныг 01:10 цаг ажиллан унтраасан. Хүч нэмэгдүүлэн 15:57 цагт Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид очиж гал түймрийг бүрэн унтраасан.

Дүүргийн 42 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:04 цагт ОБЕГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн М-ийн 15 метр хашаа, 3×2 хэмжээтэй амбаар, 0.4 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамжны задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид очиход эзэнгүй айлын 25 метр хашаа, 0.3 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Иргэд та бүхнийг хуурайшилтын улиралд шар өвс шатаахгүй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Г.Ариунболор: Магадгүй маш олон эмэгтэй Гэрлээгээс өөрийгөө харсан байх DNN.mn

Герман улсын кино урлагийн салбарт ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа жүжигчин Г.Ариунболортой (Ariana Gansuh) ярилцлаа.


-Саяхан “Хохирогч” ОАК-д Гэрлээгийн дүрийг бүтээжээ. Гэрлээгийн дүрийг хэрхэн бүтээх болсон бэ?

-“Хохирогч” ОАК-ны саналыг маш эрт хүлээж авсан. Жүжигчин Б.Амарсайхан ах гэнэт инстаграмаар “Надад киноны зохиол байна, уншаад үзэх үү” гэж бичсэн. Бид хоёр өмнө нь ямар ч холбоогүй байсан, гэнэт холбогдохоор нь гайхаад яагаад намайг сонгов гэж бодоод “тэгье, явуулчих” гэж хэлсэн. Ингээд зохиолоо унштал нэгдүгээр ангиасаа эхлээд л надад таалагдсан, кино маань нийт арван ангитай. Шууд л зохиол дээрээ ажилласан, уг нь намайг сонгоогүй, зүгээр л унших уу л гэж асуусан шүү дээ (инээв). Гэхдээ би яг л сонгогдчихсон юм шиг зохиол дээрээ ажилласан. Түүнийгээ явуултал Амараа ах “Ариана надад ийм ухаалаг жүжигчин хэрэгтэй байна. Яагаад гэвэл Монголд жүжигчид зохиолоо байгаагаар нь л авдаг. Чиний дүр дээрээ ажилласан байдал их таалагдаж байна” гэж хэлсэн. Тэгээд найруулагч Б.Баярсайхан ах бид гурав ярилцаад хэн хэндээ таалагдаж, хамтран ажиллахаар болсон.

-Зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Зураг авалт хоёр сар үргэлжилж, Монголдоо хоёр сар гаруйн хугацаанд амьдарсан. Одоо бодоход би 10 настайгаасаа хойш анх удаа Монголд ийм удаан хугацаанд амьдарч үзлээ. Хоёр сар тийм ч удаан хугацаа биш л дээ, гэхдээ миний хувьд урт хугацаа байлаа (инээв). Урьд нь Монголынхоо тухай, монголчуудын амьдралын талаар өнгөцхөн мэддэг байжээ. Ялангуяа хүмүүс яаж уран бүтээлээ хийдэг, хэр их хөрөнгө зарцуулдаг, арын албаны ажил гэх мэт олон зүйлийг мэдэж, сурч авлаа.

-Хүүхэд наснаасаа Германд амьдарсан хүний хувьд, Монголд суурьшиж амьдрах ямар санагдсан бэ. Ялгаатай зүйл олон байв уу?

-Би амьдралынхаа талаас илүү хугацааг Германд өнгөрүүлсэн. Монголд ихэнхдээ амрах гэж л очдог. “Дурлалын гэмт хэрэг” УСК-оос хойш монгол уран бүтээлд ажиллаагүй. Маш жижиг үйлдэл, хандлагаас том ялгаанууд бий болдог юм байна. Хүн гэдэг чинь байгаа газраа дасаад, өдөр тутмын үйлдлүүдээ яг л байх ёстой юм шиг бодчихдог юм байна. Гэтэл Германы өдөр тутмын асуудал Монголын хувьд том, эсвэл жижиг. Монгол, Германд ажиллахын ялгааг ойлгосон. Би германд хүсдэг үйлчилгээгээ монголд хүсч болохгүй юм билээ. Мөн ах дүү нараа ч сайн танихгүй, мэддэггүй байсан. Үүнийг ойлгож, таних нь надад хэцүү бас том сургаал боллоо. Кинонд тоглох явцад Монголын нийгэм, улс төрийн байдал гээд эмзэглэмээр асуудал олон байсан. Материаллаг зүйлээр бол ямар ч ялгаагүй, амьдралын хэв маяг, мөн чанараараа л ялгаатай юм байна.

-Герман баг, монгол багтай ажиллах хэр ялгаатай вэ?

-Кино урлаг бол Герман улсын хамгийн том бизнес, автомашиныхаа орлогоос илүү мөнгийг эргэлдүүлдэг салбар. Германд уран бүтээлийн ажил бизнес гэдэг талаасаа явагддаг, жүжигчин ирж тоглолоо, явлаа. Маш олон жүжигчинтэй учир ихэнхдээ танихгүй хүмүүстэй ажилладаг, тэгэхээр дотно харилцаа үүсдэггүй. Харин Монголд жүжигчид нэгнийгээ таньдаг, дотно харилцаатай байдгийг анзаарсан. Олон удаа хамтарсан баг, жүжигчин цөөнгүй юм билээ. Кино хийх явц бизнесийн талаас биш найрсаг, нөхөрсөг, гэр бүлийн харилцаа үүсгэдгээрээ ялгаатай.

-Гэрлээгийн дүрээр харуулахыг хүссэн хамгийн гол санаа юу вэ?

-Хүн маш олон дүрд хувирч амьдардаг. Бид ганцаараа байхдаа л яг өөрөөрөө байдаг. Бид хүүхдийнхээ өмнө сайн ээж, нөхрийнхөө өмнө сайн эхнэр, аав ээжийнхээ өмнө сайн хүүхэд байх гэж хичээсээр л байдаг. Зүгээр л өдөр тутмын амьдрал дээрээ л маш олон дүртэй. Гэрлээ хэдийгээр том компанийн эзэн байлаа ч хүүхэд шиг айдаг, ээж болох боломжгүй эмэгтэйд хүүхэд гэдэг ямар чухал зүйл вэ гэдгийг бусдад харуулж чадахгүй ч ганцаараа байхдаа л гаргадаг. Хүнийг гаднаас нь дүгнэж болохгүй, маш олон дүртэй, хүн бүрийн ард ямар нэг асуудал байж л байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Хэн нэгнийг гаднаас нь хараад юу туулж явааг нь мэдэхгүй шүү дээ. Мөн эмэгтэй хүн гэхээрээ л цайлган цагаан байдаггүй, харанхуй хар зүйлийг ч агуулж явдаг. Гэрлээ бол сайн ч эмэгтэй биш, муу ч эмэгтэй биш, байдаг л нэг эмэгтэй.

1 хүн-н ойртуулж авсан зураг байж магадгүй

-“Хохирогч” ОАК-ны үзэгчдээс олон сэтгэгдэл ирж байна уу?

-Эерэг сэтгэгдэл олон ирж байгаа, голчлон эмэгтэйчүүдээс. Эмэгтэйчүүдийн харагдахгүй байсан орон зайг гаргасан юм шиг санагдаж байна. Магадгүй маш олон эмэгтэй Гэрлээгээс өөрийгөө харсан байх.

-Дахин монгол кинонд ажиллах бодол бий юү?

-Байгаа, “Хохирогч” бол нийтэд хандсан уран бүтээл. Олонд хандаагүй, хүмүүсийн ярьдаггүй нуух дуртай асуудлыг гаргаж уран бүтээл хийх сонирхол, зорилготой. Монгол найруулагчтай холбогдчихсон байгаа.

-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Би зохиол бичдэг, анхны уран сайхны киноны зохиол дээрээ ажиллаж байна. Мөн улсаасаа тэтгэмж авсан. Хажуугаар нь Герман, Албани улсын хамтарсан “Co” продакшны уран сайхны киноны гол дүрд тоглохоор дүр дээрээ ажиллаж байгаа.

-Өөрийн бичсэн зохиол таны юуны тухай вэ, сонирхуулж болох уу?

-Болно оо, уран бүтээлч хүн үнэмшилтэй байвал хүмүүст хүрдэг гэж боддог. Үнэмшилтэй байхын тулд өөртэйгөө хамгийн ойр сэдвийг ярих нь зөв юм болов уу. Иймээс би бүх зохиолоо өөрийнхөө амьдралаас сэдэвлэж бичдэг. Өөрийнхөө хамгийн сайн мэддэг зүйлийг зүрх сэтгэлээсээ бичиж байгаа учраас өөр хүний сэтгэлд ойр хүрнэ гэж итгэдэг. Ерөнхийдөө маш амжилттай яваа зохиолч эмэгтэй аав нь осолд орсноор карьераа орхиж аавыгаа асарч, дараа нь бүх зүйлээ алдаж өмнөх амьдралаа эргүүлэн авч байгаа тухай кино, би өөрөө тоглоно гэж бодож монгол гаралтай эмэгтэй хэмээн бичсэн.

Ariana Gansuh - FullProfile von Schauspielervideos

-Та яагаад урлагийн хүн болсон юм бэ?

-Миний төрсөн ээж намайг гурван настай байхад өнгөрсөн, ээж маань жүжигчин мэргэжилтэй байсан. Би яагаад ч юм жүжигчин болох, тэр хүний чадаагүйг гүйцээх даалгаврыг багаасаа авсан. Гэхдээ би өөрөө урлагт дуртай, цаанаасаа л надаас нэхдэг. Хүн мэргэжлийг сонгодоггүй, хүнийг мэргэжил сонгодог гэдэгт итгэдэг. Бүх юм цаанаасаа л нэг дуудлагатай байдаг гэж боддог.

-Та хэзээнээс кино зохиол бичиж эхэлсэн бэ?

-Цаг хугацааны хувьд нэг их удаагүй. Классик жүжиг унших дуртай. Түүнээсээ шалтгаалж монологи уншиж эхэлсэн. Тэгээд санаанаасаа зохиогоод монологи бичиж эхэлсэн. Бага багаар бичсээр кино зохиол руу орсон доо (инээв).

-17 настайдаа Германд Азийн миссийн тэмцээнд түрүүлж байсан гэсэн үү, энэ чиглэлээр ажилладаг уу?

-Үгүй, загварын ертөнцөөс зай аваад удаж байна. Тухайн үед юу ч бодолгүй, маш гэнэн санаандгүй байдлаар тэр тэмцээнд орсон. Монгол охидтой найзалдаг байлаа, тэдний нэг нь маш гоё дуулдаг. Германд энд тэнд шоунд очиж дуулна, бусад найзууд нь дагалдан баясдаг байсан юм (инээв). Нэг удаа найз маань өөр хот руу миссийн тэмцээнд очиж дуулахаар болов. Найз охид бүгд хамт явахаар болсон, харин надад мөнгө байдаггүй. Дөнгөж 17-той, явахгүй л бол юмнаас хоцрох гээд байгаа юм шиг санагдаад байж ядаж байсан. Манай найз “Чи миссийн тэмцээнд нь орчих, үнэгүй авч явах юм байна” гэж хэлсэн. Тэгээд хэдэн найзаасаа хувцас цуглуулаад л очсон. Би тэр тэмцээнд өөрийгөө түрүүлнэ гэж огт бодоогүй, зүгээр л найзуудтайгаа л хамт байх зорилготой явсан. Тэмцээнд түрүүлээд үнэхээр гайхсан, би тухайн үед бондгор биетэй, өөртөө итгэлгүй охин байлаа. Тэмцээнээс хойш надад эмэгтэйчүүдийн эвгүй хандлага, атаархал их мэдрэгдсэн. Тэгээд 25 настай байхдаа тэмцээнтэй холбоотой бүх юмаа хаячихсан. Түүнээс хойш чөлөөлөгдчихсөн юм шиг санагддаг, надад “Чи бусдаас гоё эмэгтэй” гэсэн өргөмжлөл, титэм хэрэггүй гэж боддог.

-Одоо ч бас тан руу үзэгчид сэтгэгдлээ илэрхийлдэг үү?

-“Дурлалын гэмт хэрэг” УСК-д тоглож байх үед “Та үнэхээр гоё эмэгтэй юм аа, үзэсгэлэн гоо” гээд л тэнгэрийн амьтан шиг бодсон сэтгэгдлүүд их ирдэг байсан, одоо ч хэвээр. Ер нь олон нийтийн өмнө байдаг эмэгтэй хүн маш зөв, бодит үлгэр дуурайлыг түгээх ёстойг ойлгосон. Учир нь төлөвшөөгүй, өсвөр насны охид биднийг үзэж байгаа, тэдэнд худлаа үлгэр дуурайл болоод яах юм бэ. Өөрийн сошиал хуудаст филтер ашиглахаа больсон. Германд инстаграм үздэг охид сэтгэцийн гүн дарамтад орж, хэт их жин хасдаг өвчин тусч байна гэсэн судалгаа гарсан. Хүмүүсийн хиймэл төгс зүйлийг харсаар байгаад бодит амьдралаа мэдэхээ больж байна. Энэ бол асар буруу, хортой үзэл. Тиймээс энэ тал дээр маш их анхаарах ёстой.

-Та саяхан сошиал хаягтаа “Хүмүүсийн төгс хувилбартай өөрийнхөө бодит байдлыг битгий жиш” гэсэн утгатай бичлэг оруулсан. Өөрөө өсвөр насандаа ямар охин байв?

-Өөртөө итгэлгүй, тийм ч царайлаг охин байгаагүй. Давхраагүй нүдтэй байж байгаад 11-15 насанд нэг нүдэнд давхраа орсон. 16 настайд нөгөө нүдэнд давхраа ороод том нүдтэй болсон, би аавыгаа дуурайсан юм билээ. Давхраатай болоод л өөртөө арай итгэлтэй болсон. Миний өсвөр насны өөртөө итгэлгүй байдал одоо ч надад нөлөөлдөг юм шиг санагдаг. Тийм болохоор энэ тал дээр их эмзэг ханддаг. Өсвөр насны охидод хүч өгөхийг, мэддэг зүйлээ түгээхийг хүсдэг.

-Эмэгтэйчүүд 30 нас гарахаар сэтгэл зүй, үзэл бодол, ажил амьдрал нь ч тогтворждог юм шиг ээ. Та өөрийнхөө халдашгүй дархан байдлыг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Миний бодлоор хүмүүжилтэй холбоотой байх. Би нэг эгчтэй, манай эгч ч бас үзэл бодлоо зөв хадгалж өөрийнхөөрөө амьдарч чаддаг. Манай аав хоёр охиноо ээжийг нь орлож чадахгүйгээс хойш хүчирхэг болгож өсгөе гэж бодсон байх. Бид хоёрыг аль болгох биеийг нь даалгах, 16 нас хүрэнгүүт “Гар, яв, өөрөө ажил олж хий” гэж хэлж байсан. Өөрөө хайж ажил хийхээр мөнгөний үнэ цэнийг ойлгоно, хүмүүстэй харилцаж, өөрийгөө илэрхийлж сурна. 16 нас хүрээд хичээлийнхээ хажуугаар ажиллаж бүх хэрэглээгээ хангадаг болсон. Хүүхдээ хэрсүү өсгөх юм бол биеэ дааж, яахын аргагүй л өөрийн гэсэн үзэл бодолтой, түүндээ бат зогсдог болдог юм билээ. Хүүхдэдээ ямар нэг зүйл хийж өгөхгүй ч “Чи чадна” гэдэг итгэл, зориг өгөх хэрэгтэй.

Ariana Gansuh, actress, Berlin | Crew United

-Таныг дагаж, үлгэр авдаг өсвөр насныханд юуг зөвлөх вэ?

-Хүсээгүй зүйлдээ “Үгүй” гэж хэлээд, дараа нь яагаад үгүй гэж хэлснээ зөв илэрхийлж, өөртөө үнэнч байж сураарай. Монголын нийгэм эмэгтэйчүүдийг дарсхийсэн, суух босохыг нь хүртэл заадаг юм шиг санагдсан.

-Мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Жүжигчин мэргэжлээр оюутан байхаасаа эхлээд 11 жил ажиллаж байна. Энэ хүртэл нэлээд хүнд замыг туулсан, одоо ч туулсаар л байна. Хүрье гэсэн газраа очоогүй тэмцсээр л явна, тэмцэж дуусдаггүй юм болов уу.

-Таны мөрөөдлийн дүр?

-Оросын классик зохиолыг их уншдаг гэж сая хэлсэн дээ. Тэдгээр зохиолд ихэвчлэн зовсон, зовлонтой эмэгтэйчүүд гардаг. Тийм дүрийг бүтээх юмсан, нийгэмд дуугарч чаддаггүй эмэгтэйчүүдийн дуу хоолой болохыг хүсдэг.

Ariana Gansuh - FullProfile von Schauspielervideos

-Энэ талаараа Монголд уран бүтээл хийх зорилго бий юү?

-Холын зорилго байдаг, гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал.

-Таны гэр бүлийн хүн урлагийн хүн үү?

-Тийм ээ, нэг салбарын хүмүүс болохоор бидний амьдрал тогтвортой, сайн явдаг гэж боддог. Гэр бүлийн хүн маань зохиол бичдэг, найруулагч мэргэжилтэй. Миний ажлыг зөвөөр ойлгож, хүлээн зөвшөөрдөг. Тэр нь надад тааламжтай, бид хоёрын харилцааг илүү ойр дотно, бат бөх болгодог. Биенийхээ бичсэн зохиолд зөвлөх, дүгнэх гэх мэт олон төрлөөр хамтарч ажилладаг.


Categories
гадаад мэдээ цаг-үе

Их Британийн ерөнхий сайд Киев хотод айлчлал хийлээ DNN.mn

Бямба гаригт Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон дайны нөхцөлд байгаа Украины нийслэл Киев хотод урьдчилж мэдэгдэлгүйгээр айлчилсан байна.

Өчигдөр бас Австрийн канцлер Карл Нехаммер тус хотод айлчлан очсон юм.

Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзах үеэрээ Жонсон зэр зэвсгийн шинэ тусламж үзүүлэхээ амлажээ.

Баасан гарагт Британийн засгийн газар 100 сая фунт стерлингийн үнэ бүхий өндөр технологийн зэвсгийг Украинд нийлүүлэх шийдвэрийг зарлаад байсан юм. Үүнд нь агаарын довтолгоог эсэргүүцэх Starstreak пуужингийн системүүд, 800 ширхэг танк эсэргүүцэх пуужингийн систем багтаж байв. Тэгвэл Жонсон айлчлалынхаа үеэр 120 хуягт тэрэг, тэнгисийн довтолгооноос хамгаалах шинэ системийг нэмж нийлүүлэх болсноо Зеленскийд дуулгажээ.

Үүнээс гадна Жонсон эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэхээ амлахдаа Дэлхийн Банкны $500 саяын зээлд баталгаа олгож, Их Британиас Украинд олгох зээлийн баталгааг $1 тэрбум хүргэхээ мэдэгдсэн байна.

“Өнөөдөр би ерөнхийлөгч бөгөөд найз Зеленскийтэй Киев хотод уулзаж, Украины ард түмнийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийллээ. Оросын харгис түрэмгийлэгчидтэй тэмцэж буй тус улстай эв санааны нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл болгож санхүү, зэр зэвсгийн шинэ тусламжаа бид үзүүллээ” гэж Борис Жонсон твиттер хуудсандаа мэдээлжээ.

Тэрбээр уулзалтын дараа гаргасан мэдэгдэлдээ “Украин улс саад бэрхшээлийг даван туулж, Оросын цэргийг Киевийн хаяанаас буцааж чадсан нь 21 дүгээр зууны цэрэг дайны хамгийн аугаа ололт амжилт байлаа. Энэ бол ерөнхийлөгч Зеленскийн тууштай удирдлага, Украины ард түмний дийлдэшгүй баатарлаг эр зоригийн үр дүн юм” гэсэн байна.

Киев хотод ирэх Европын удирдагчдын айлчлал үргэлжилсээр байгаа.

Баасан гарагт Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен мөн Киев хотод хүрэлцэн ирж, Зеленскийтэй уулзсан юм. Өмнө нь Чех, Польш, Словенийн төр засгийн удирдагчид бас ирж байв.

Өчигдөр Киевт ирсэн хүндтэй зочдын нэг Австрийн канцлер Нехаммер хэлсэн үгэндээ Европын Холбоо дайныг дуусах хүртэл Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авах төлөвлөгөөтэй байгааг батлан илэрхийлжээ. Тэрбээр Австрийн элчин сайдын яам баруун Украинаас Киев хотод буцан нүүж ирэхийг энэ үеэр амласан байна.

Урсула фон дер Ляйен өчигдөр буюу Бямба гарагт Польшийн нийслэл Варшав хотод зохион байгуулагдсан Украины дүрвэгчдэд туслах олон улсын хандивын арга хэмжээнд оролцжээ.

Түүнтэй хамт Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нар байлцсан юм.

90 минут үргэлжилсэн арга хэмжээний дараа Украины дүрвэгчдэд туслах санд $11 тэрбумын хандив цуглажээ.

Украинд дайн эхэлснээс хойш 4.4 сая хүн эх орноосоо дүрвээд байгаагийн 2.5 сая нь Польш улсад ирсэн юм.

Хандивын арга хэмжээний төгсгөлд Жон Ленноны хүү Жюлиан Леннон аавынхаа “Imagine” дууг анх удаа олны өмнө дуулсан байна.

Эх сурвалж: Associated Press

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Ээнзэндагва: Манай улсын ноолуур боловсруулах 300-гаад үйлдвэрээс 10 хүрэхгүй нь иж бүрэн техниктэй DNN.mn

Мал зүйч, эдийн засагч Ч.Ээнзэндагватай ярилцлаа.


-Манай улс ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох нь эдийн засгийн хувьд чухал нөлөөтэй юү?

-Ноолуурт нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн болгох явдал маш чухал, ноолуур бол ямааны хамгийн үнэт бүтээгдэхүүн. Ноолуураа түүхийгээр нь биш, бүтээгдэхүүн болгож экспортолсноор Монгол Улсын эдийн засагт их хэмжээний хувь нэмэртэй. Ноолуур бол үнэн хэрэгтээ ховор бүтээгдэхүүн, дэлхийн зах зээл дээр сүүлийн жилүүдэд ноолуурын эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Учир нь ноолуур шинж чанарын хувьд тансаг хэрэглээ. Манай улс шиг дэлхийн зах зээл дээр ноолуураа түүхийгээр нь гаргадаг улс хаана ч байхгүй, бүгд боловсруулалт хийдэг. Гэхдээ манайх шиг түүхий эд бэлтгэдэг газар ховор. Судалгаанаас үзэхэд дэлхий дээр жилд 20 гаруй мянган тонн ноолуур бэлтгэдэг, үүний 50 шахам хувийг Хятад улс, 40 шахам хувийг Монгол Улс бэлтгэдэг. Дэлхийн зах зээл дээр ноос, ноолуурын экспорт 3.2 тэрбум орчим ам.долларт эргэлддэг бөгөөд энэ их мөнгөний тал хувь нь Хятадад, 22 хувь нь Итали улсад ногддог. Тэгвэл манай улсын хувьд бэлтгэсэн ноолуурынхаа 20 орчим хувиар эцсийн бүтээгдэхүүн хийж, үлдсэн хувийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлохын оронд ченж нэртэй хувиараа түүхий эд худалдан авагч нараар дамжуулан гадаадад гаргадаг дутагдалтай.

-Манай ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийн хөгжил хэр түвшинд явж байна?

-Манай улсад анхан шатнаас нь эцсийн бүтээгдэхүүн болтол олон шат дамжлага бүрээр боловсруулалт хийдэг том жижиг 300-гаад үйлдвэр байдаг. Харин эдгээрээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иж бүрэн технологийн дамжлагатай 10 хүрэхгүй аж ахуйн нэгж, цөөн тооны жижиг үйлдвэр байна. Тэд бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй, жилд бэлтгэж байгаа ноолуурын 20 хүрэхгүй хувийг боловсруулж байна. Ноолуур бэлтгэлийн үед хувиараа түүхий эд худалдан авагчид олширч ханш өсгөн, сайн чанарын ноолуурыг их хэмжээгээр худалдан авч, бага татвар төлөөд экспортод гаргадаг. Үүнээс улбаалан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд түүхий эдийн хомсдолд ордог. Тиймээс боловсруулах үйлдвэр барих, техник технологио шинэчлэх, үйлдвэр малчны холбоог сайжруулах зайлшгүй шаардлагатай. Ноолуур бол хаана ч гологдохгүй, хэзээ ч зогсохгүй зах зээл.

-Үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Хөнгөн үйлдвэрийн хамгийн өгөөжтэй салбар болох ноолуур боловсруулах үндэсний үйлдвэртээ ноолуураар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2018-2022 онд “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан л даа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог өөрчилж аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийг сайжруулан, хүчин чадлыг нэмэгдүүлж монгол ноолууран бүтээгдэхүүний онцлогийг дэлхийд танилцуулж экспортыг тав дахин өсгөнө. Мөн малаа өвчилсөн хойно нь биш, өвчнөөс урьдчилан сэргийлдэг болох, үржил селекцийн ажил, түүхий эд бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чиглэгдсэн “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” хуулиуд баталсан. “Ноолуур” хөтөлбөр болон дээрх хуулиудад монгол ямааны ноолуурын чанарыг сайжруулах чиглэлд анхаарсан зорилтууд дэвшүүлсэн байдаг.

-Энэ онд хөтөлбөрийн хугацаа дуусч байгаа юм байна, хэрэгжилтийн тухайд?

-Энэхүү “Ноолуур” хөтөлбөр хэрэгжсэнээр 3600 гаруй ажлын байр бий болж, нийт 10 мянга гаруй хүн ноолуурын салбарт тогтвортой ажиллаж, 6.6 их наяд төгрөгийн борлуулалт хийгдэх тооцоо гарсан байдаг. Харин хэрэгжилтийн хувьд тун хангалтгүй.

-Судлаачид сүүлийн үед монгол ямааны ноолуурын ширхэг бүдүүрч, чанараа алдаж байна гэх юм?

-Ноолуурын үндсэн нарийн эд бүдүүрч байна, энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, нэг ямаанаас дунджаар 270-300 грамм ноолуур авдаг, малчид илүү их ноолуур нэмүү авахын тулд эр ямаа, нас гүйцсэн ямаагаа өсгөж байна. Гурван борлон самнаснаас ганц эр ямаа самнасан нь хялбар. Эр ямаа болж мал өтлөхөөрөө хялгас, ноолуурын ширхэг бүдүүрнэ. Хоёрдугаарт, ноолуурын нэгжээс авах хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд өөр үүлдэр омгийн ямаатай бодлогогүй эрлийзжүүлж байна. Шүдлэн, борлон гээд бага насны ямааны ноолуур маш нарийн ширхэгтэй байдаг тул дээд зэргийн тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой. Малчдад ноолуурын стандартыг чанд мөрдүүлбэл зохино.

-Ноолуурын чанар өнгөнөөс шалтгаалах уу?

-Өнгөөр үнэлгээ өөр байдаг. Ноолуур цагаан, цайвар, өнгийн гэсэн гурван өнгөтэй. Цагаан ноолуурыг хамгийн өндрөөр үнэлдэг. Учир нь үйлдвэрт ямар ч өнгийн будаг авч, өнгө орно, технологийг хялбарчилж байна гэсэн үг. Хар ямаа байдаг ч хар ноолуур гэж байхгүй. Хар, буурал, улаан гээд бүх ямаанаас цайвар л ноолуур гардаг. Энэ нь идэш тэжээл, байгаль цаг уур, нутаг орноосоо шалтгаалдаг. Манай улс цагаан ноолуур бэлтгэхийн тулд үржлийн ажил хийж зовох юм байхгүй. Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Цагаан ямаа, Баянхонгор аймгийн “Залаа жинстийн цагаан ямаа”, Завхан аймгийн Дөрвөлжин сумын буурал үүлдрийн ямаа зэрэг нарийн ширхэг бүхий сайн чанарын ноолуурын чиглэлийн үүлдэр омгийн ямааг өсгөж үржүүлэхийг дэмжих нь зүйтэй.

-Манай улс жилд ноолуурынхаа хэдэн хувийг боловсруулж бүтээгдэхүүн болгож гаргадаг юм бэ?

-Ердөө 20 гаруй хувийг боловсруулдаг, бусдыг нь анхан шатны боловсруулалт хийсэн нэртэйгээр түүхийгээр нь гаргаж байна. Манай улс 2017 оны байдлаар 9.3 мянган тонн, 2021 онд 12 мянган тонн ноолуур бэлтгэжээ. Энэ нь ямааны тоотой шүтэлцээтэй. Сүүлийн жилүүдэд ямааны тоо өсч өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээр 26 сая ямаа тоолуулсан, нийт малын 30-аад хувийг ямаа эзэлж байгаа юм. Гагцхүү бид ноолуураа дотооддоо авч, эцсийн бүтээгдэхүүн хийж, нэмүү өртөг шингээж борлуулах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг уул уурхай авч явж байна, гэхдээ үүний цаана мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ ашиглах ёстой. Би зөвхөн ямааны ноолуурыг л яриад байна, бусад малын олон төрлийн бүтээгдэхүүн бий.

-Үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн гаргахад ямар асуудал тулгамдаж байна?

-Үйлдвэрүүдэд үндсэн хоёр асуудал бий. Эдийн засгийн санхүүжилт муутай, ямааныхаа ноолуурыг зах зээлээс шуурхай худалдаж аваад нөөцлөх хөрөнгө байхгүй. Ноолуур гарчихаад байхад авч чадахгүй, хараад л байгаад байна. Тэр хооронд ченж нэртэй хятадууд ноолуурыг аваад түүхийгээр нь урагш нь гаргачихна. Харин үйлдвэрүүд ноолуур ирнэ гээд л хараад байдаг. Малчид эхлээд очиж авч байгаа ченж нарт, үлдэгдлийг нь үйлдвэрт өгдөг. Хамгийн тарга, хүч сайтай ямаагаа л эхэлж самнана шүү дээ, хамгийн муу борлон, ухна, эм ямаа гээд ядруухныг сүүлд нь самнана. Тэгэхээр үйлдвэрт ирж байгаа ноолуурын чанар муу байх нь аргагүй. Орчин үеийн техникүүд маш ухаалаг болсон, хялгас ноолуур хоёрыг физикийн хуулиар ялгадаг. Тенхиктэй л болчихвол технологи дагаж явдаг. Манай улсад ноолуурын олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Ялангуяа Франц улс сүүлийн үед манай улсын ноолуурыг маш их сонирхож, Францын төсөл ч хэрэгжиж байна.

-Ямар төсөл вэ?

-Францууд “Залаа жийнст үүлдрийн ямаа”-ны ноолуурыг авдаг. Бид хоршоо байгуулъя, ноолуураа авъя гээд яриад л байгаа. Гэтэл тэд аль хэдийнэ айлуудыг арваар нь бүлэг болгож, нэг ахлагч томилоод арван айлынхаа ноолуурыг бөөгнүүлж авдаг. Авсан газартаа ноолуураа өнгөөр нь ялгаад Францууд өөрсдөө авдаг, мэдээж илүү өндөр үнээр авна.

-Түүхийгээр нь гаргаж байгаа 80 хувь ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортолбол эдийн засагт хэр өсөлт гарах вэ?

-Манай улс 2018 оны үед 20 гаруй сая ам долларын экспорт хийсэн. Ноолуурын экспорт нэмэгдэж 2015 онд 24.5 сая ам.долларын экспорт хийж байсан бол 2017 онд 36 сая, 2021 онд 40 шахам сая ам.долларын экспорт хийжээ.

-Төрөөс ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд хөдөө аж ахуйн биржийн хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд багагүй төсөв хэрэгтэйг ноолуурын салбарынхан хэлдэг. Наад зах нь бүх сумдад түүхий эд бэлтгэлийн цэг нээж, тусгай мэргэжилтэн ажиллуулах шаардлага бий гэдэг. Малчид суманд байгуулсан цэгүүдэд ноолуураа тушааж, тушаасан ноолуурыг нь тусгай мэргэжлийн хүн ангилан ялгаж биржээр дамжуулан худалддаг болвол ноолуурын салбарт жинхэнэ шударга өрсөлдөөн үүснэ гэсэн санал дэвшүүлдэг. Өнөөдөр Монгол Улсын бүх сумдад мал эмнэлэг, малын үржлийн ажил хариуцсан орон тооны гурван хүн ажиллаж байгаа. Хэрвээ сум орон нутаг энэ хүч боломжоо ашиглан санаачилгатай ажиллаж чадвал хөтөлбөр, хуулиудыг бүрэн хэрэгжүүлж хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулан малчдын ахуй амьдралыг дээшлүүлэх бүрэн боломжтой. Мөн ямаачдыг мэргэшүүлж, чадавхжуулах арга бол зөвлөгөөн. Бүх ямаачдыг зөвлөгөөнд хамруулж сум сумаар нь бүлэг болгоод үйлдвэрээ үзүүлэх хэрэгтэй. Ноолуурыг ийм бүтээгдэхүүн болгодог, өдий хэмжээний ноолуураар ийм малгай, цамц, ороолт хийж байна гээд үзүүлэх, ойлгуулах хэрэгтэй.

Ямааг самнахаас эхлээд стандарттай, яагаад ноолуураа үйлдвэрт худалдах ёстой зэрэг. Үйлдвэр, малчдын бүлэг хоёр шууд холбоотой ажиллаж байж үр дүнд хүрнэ.

-Биржээр дамжуулж ноолуураа худалдаалбал ченжээс өндөр үнэтэй байх уу?

-Өнгө, чанараар нь ангилж ялган улсын стандартын дагуу бэлтгэсэн ноолуурыг биржээр дамжуулан худалдаалбал нэг кг чанартай ноолуурын үнэ 200 мянган төгрөгт хүрэх боломжтой. Гэтэл хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний биржийн хууль батлагдсан ч ноолуурын салбарт хэрэгжиж чадахгүй байна. Энэ нь Хятад улсад ноолуурын хэрэгцээ эрс нэмэгдэж түүхий эдийн хомсдолд орсон учраас чанар харгалзахгүйгээр өндөр үнээр авч байна. Өнөөдрийн байдлаар нэг кг ноолуур 150-160 мянган төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Цогтсугар: Архидалттай тэмцэнэ гэдэг нь асар олон хүчин зүйлүүдийн нийлбэр DNN.mn

Монголын эрэгтэйчүүд, гэр бүл хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Цогтсугартай ярилцлаа.


-Танай нийгэмлэг үүсч хөгжөөд арав гаруй жил болжээ. Энэ хугацаанд эрэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоо, хөгжил дэвшилд хэр ахиц гарав?

-Хөгжил гэдэг зөвхөн юм үйлдвэрлэдэг, хийж чаддаг, бүтээдэг болгоныг хэлэхгүй. Түүнийг чаддаг болгодог зүйл нь тархи байхгүй юу. Тиймээс дэлхийд нейросайнсын шинжлэх ухаан гэж гаргаад тархи судлал хөгжиж эхэлсэн. Америкийн конгресс сүүлийн хорин жилийг тархины жил болгоод хөгжүүлж яваа. Гэтэл Монголын Засгийн газар хүний тархийг устгадаг архины жилүүд болгоод нэг нийгмийг хоёр өөр талаас нь байгуулж, тархийг биш, архийг судлаад явчихсан. Тиймээс бид эрчүүдийнхээ оюун тархиар дамжуулж эмийн бус аргаар архинаас гаргая гээд 2011 онд эмийн бус эмчилгээний монгол загварыг гаргасан. Энэ аргаар 10 мянга гаруй хүн эмийн бус аргаар архины асуудлаа шийдээд явж байна. Миний хорь гаруй жил гуйж явсан эрэгтэйчүүдийн чуулган сая боллоо шүү дээ. Эрэгтэйчүүдийн чуулганаас гарсан эрэгтэйчүүдийн манлайлал оролцоог нэмэгдүүлэх, архины асуудлаа шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн. Тэнд манайхаар эмчлүүлсэн, асуудлаасаа салж чадсан эрчүүд хамгийн их оролцоотой явж байна.

-Архидалт юунаас болж үүсээд байна. Архитай нь тэмцэх ёстой юм уу, эсвэл архидалт үүсгээд байгаа хүчин зүйлтэй нь тэмцэх ёстой юм уу?

-Архидалттай тэмцэнэ гэдэг нь асар олон хүчин зүйлүүдийн нийлбэр. Өнөөдөр тархийг хүмүүс судлаад анагаах ухаан дийлэхээ болиод ирэхээр яаж байна гэхээр хими, физик, математик гээд бүх шинжлэх ухааны эрдэмтэд нийлээд судалсан. Тэгээд нийгмийн шинжлэх ухаан, сэтгэл зүйн шинжлэх ухаан гээд гараад ирж байгаа биз. Архидалтын асуудалд төр, нийгэм, иргэд, архи хэрэглэж байгаа хүмүүс, борлуулж байгаа хүмүүс, үйлдвэрлэж байгаа хүмүүс бүгдээрээ нийлж цогцоороо ажиллаж байж энэ том асуудлыг шийдэх болохоос ганц нэг мөчир тасдах маягаар хийх нь үр дүнгүй. Энэ бүхэн хоорондоо харилцан уялдаж, харилцан бие биенээ дэмжих замаар урагшаа явж байж энэ нийгмийн үзэгдэл болсон аюултай асуудлыг шийдвэрлэх боломжтой.

-Ерөнхийлөгчийн зарлигаар 10 жилийн хугацаатай архины градусыг хоёр хоёроор буулгаад явна гэсэн. Градус бага архинд хүн донтохгүй байх магадлалтай юу?

-Дэлхийн хөгжингүй орнууд өнөөдрийн бидний зовлонг бүгд туулсан. Одоо Монголд чөлөөт нийгэм бий болоод дэлхийн бусад орнуудтай харилцаад янз бүрийн улс орны янз бүрийн архи орж ирдэг болсон. Бид одоо Америкийн 1940 оны үед туулсан замаар л явж байна. Архины асуудлыг шийдвэрлэж байгаа арга зам, гаргалгаа, хандаж байгаа хандлага, шийдвэр гаргагчдын гаргаж байгаа хандлага гээд бид яах аргагүй хоцрогдож яваа. Тиймээс бид дэлхийн хөгжингүй орнууд энэ замыг туулахдаа ямар зовлон туулж вэ гэдгийг судлах ёстой. Би бол 20 жил судалчихсан. 20 гаруй жил судлахдаа эцсийн том гаргалгаа нь юу вэ гэхээр ер нь архины хэрэглээтэй улсууд өөрийнхөө оюун тархиа мэдлэгжүүлэх эмчилгээгээр, урьдчилан сэргийлэх эмчилгээгээр архины асуудлыг бууруулдаг юм байна, нөгөө талаас төрийн бодлогоор бууруулна. Өөрөөр хэлбэл, архи үйлдвэрлэх, борлуулах, тэдний үйлдвэрлэл экспорт, импортод бид хяналт тавьж чадахгүй шүү дээ. Хяналт тавьж чаддаг механизм нь төр. Тэгэхээр төр санаачилга гаргах хэрэгтэй.

Нийгмийн сэтгэл зүйг тэр аяар нь хандуулж байдаг санаачилга дэвшүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Архигүй Монгол” хөтөлбөрийг санаачлан сүү өргөхөд нийгмийн сэтгэл зүй тэр аяараа өөрчлөгдсөн шүү дээ. Энэ санаачилгын дараа архидалт хоёр дахин буурсан нь үнэн. Дараа нь энэ санаачилгыг дэмжээгүй. Ингэж явсаар сая У.Хүрэлсүх Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлээд архидалтын эсрэг тэмцэх уриалга гаргасан. Ингэснээр нийгмийн сэтгэл зүйг сэрээгээд олон жилийн өмнө дарагдаад үлдсэн энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 20-иод клубүүд сэрж байна шүү дээ. Ард нь зуун зуун хүн байгаа. Архинаас гарсан хүмүүс нь зөв замаар явж байгаагаа ойлгоод шинээр архины асуудлаа шийдэх хүмүүс орж ирж байна.

-Тэгэхээр архины градус бууруулах нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Түүнийг яг архины хэрэглээтэй хүмүүст зориулсан. Өөрөөр хэлбэл, архи огт уудаггүй, хэрэглэдэггүй хүмүүст тэр градус их байна уу, бага байна уу огт хамаагүй шүү дээ. 20 жил огт архи амсахгүй байж байгаад “Өө ашгүй градусыг нь буулгачихсан уу. Би ууя” гэхгүй нь тодорхой. Энэ чинь их олон талын ажил. Архины хэтрүүлсэн хэрэглээтэй хүмүүст л фокусалсан уриа юм шиг байгаа юм. Яагаад гэвэл хэтрүүлж хэрэглээд агсам согтуу тавиад, нийгмийн аюулгүй байдалд халдаад, аваар осол хийгээд байдаг хүмүүст наад зах нь этилийн спирт задлах чадвар нь бага байна гэсэн үг. Угаасаа монгол хүний элэг этилийн спиртийг задлах чадвар бага. Бага градустай архи уухаар ядаж түүнийгээ задалдаг ч юмуу. Уур хилэн нь огцом хөдөлдөг хүмүүст бага градус удаан нөлөөлдөг ч юмуу ийм шинж чанартай. Дэлхийн үсрэнгүй орнууд үүн дээр зөөлөн бодлогын аргыг ашигладаг.

Огцом архийг нь асгаад, үйлдвэрийг нь хаагаад тэмцэж үзсэн. Энэ нь ямар үр дагавар авчирдгийг мэддэг болсон. Нөгөө талаас хэтрүүлэн хэрэглээд байгаа, аюултай хэрэглээнд өртөөд байгаа тэр хүмүүсийн градусыг аажим аажмаар буулгаж байна шүү дээ. Энэ нь архины үйлдвэрлэлд нэг их нөлөөлөхгүй. Зөөлөн бодлого яваад байна шүү дээ. Тийм учраас архины үйлдвэрийг хаах нь буруу, муу санаачилга гээд яриад байсан хүмүүс тайвшраад дуугүй болчихож байгаа биз дээ. Энэ бол архинд донтох эмгэг, архины хэтрүүлсэн хэрэглээтэй хүнд градус буусаар байгаад тэр градустаа дасна. Бид Оросоос орж ирсэн 38 градусын өндөр алгохольтой архийг хэрэглэсээр байгаад дасчихсан. Чанга юманд дасчихсан байхгүй юу. Зөөлөн юм уухаар амтгүй ч юм шиг санагддаг болсон. Давсгүй хоол идэхээр хүмүүс яадаг билээ. Уг нь гоё шүү дээ. Мах амтагдаад гоё байхгүй юу. Гэтэл тэр давсгүй хоолыг идэхгүй заавал давс хийж гашуун болгож идэхээрээ таашаал авдаг болчихсон хүн байна шүү дээ. Яг үүн шиг өндөр градустай архи уухаараа таашаал авдаг болчихсон байхгүй юу. Энэ аюултай таашаалыг нь бага багаар дасгаж, бууруулж байгаа хэрэг.

-Монгол эрэгтэй хүний хувьд биеэ татаж авах чадвар нь хэр байдаг вэ?

-Хэрэглээнийх нь түвшнээс хамаарна. Биеэ татаж авах чадвар нь ямар хэрэглээтэй байгаагаасаа хамаараад шийдэгддэг. Өнөөдөр бидэнд архи уусан хүн бүр архинд донтох эмгэгтэн мөн үү, сэтгэцийн эмгэгтэн мөн үү гэж яригдана. Ууж байгаа хүн бүрийг бид тэгж оношлохгүй. Сэтгэцийн эмгэгтэй хүн эмнэлгийн тест, бусад тестээр оношлоод гарна. Өөрөө ч бараг мэднэ. Сэтгэц зан үйлийн эмгэгтэй болж байгаагаа хүн өөрөө мэднэ шүү дээ. Мэдэхгүй ч үгүйсгээд явж байгаа хүмүүс бий. Тэгээд энэ чинь гэнэт сэтгэцийн эмгэгтэй болохгүй шүү дээ. Тодорхой үе шатуудыг дамжина. Нэгдүгээрт, сонирхол шохоорхлын үе. Энэ үе хүүхэд байхад нь бий болдог. Үүнийг аав ээж нь хүүхдэд сургадаг. Хүүхдийнхээ хажууд байнга архидан согтуурах, найрлаж цэнгэх нь багаас хүүхдэд ууж үзэх юмсан, хурдан том болоод ингэж гоё байх юмсан гэсэн мэдрэмжийг төрүүлж байдаг.

-Архинаас гаргах эмчилгээг ямар үед хийх нь зохимжтой вэ?

-Энэ хүртэлх хугацаанд гадаад улс орнууд эмийн бус эмчилгээ хийдэг байхгүй юу. Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг. Сонирхол шохоорхлын үед аажимдаа ийм өвчин болно шүү, цаашдаа чи өөрийгөө татаж, биеэ хянах чадваргүй болно шүү гэдгийг ойлгуулж өгдөг. Итгэл үнэмшлийн нотолгоонд суурилсан соён гэгээрүүлэх ажлыг явуулдаг. Энэ ажил руугаа асар их хөрөнгө цацдаг. Тийм учраас ингэж хэрэглээд явж байгаа хүмүүсийг архинд донтох эмгэгтэй, сэтгэцийн эмгэгтэн гэж хэлж болохгүй. Хэтрүүлэн хэрэглээ үүнээс цааш даамжраад ирэхээр бие сэтгэцийн хамааралтай болж эхэлнэ. Архигүйгээр байж чадахгүй. Хэд хоносны дараа эргэж ойр ойрхон ууна. Уухаараа зан үйлийн эмгэг гаргана. Үргэлжлүүлэн олон хоногоор ууна. Энэ үед яах аргагүй эмнэлэгт очиж эм тариагаа хийлгэх ёстой. Архины тэнэгрэлийг эмнэлэг бараг дийлэх үү, үгүй юү. Энэ маш бага магадлалтай. Нийгмийн халамжид олон сар жилээр нь байлгаж, зөв голдиролд нь оруулна уу гэхээс архины тэнэгрэлээс биеэ татах магадлал маш бага. Ер нь 100 хүнээс нэг хүн гарах уу үгүй юү. Тийм учраас архинд донтох эмгэгтэй үед нь эмчилгээ авдаг байх нь. Архинд донтох эмгэгтэй болохоос өмнөх үед нь соён гэгээрүүлэх мэдлэгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ. Тэнэгрэлтэй үед нь эмчилгээ хийнэ. Энэ олон хүрээ бүрд нь эмчилгээ хийх нь ээ дээ.

-Танай төвд эмэгтэйчүүд хэр ханддаг вэ. Эмэгтэй хүн эрэгтэй хүмүүсийн биеэ татаж авах чадварын хувьд ялгаа байдаг уу?

-Би нэг сонин жишээ хэлье. Манайх бол нотолгоонд суурилсан эмчилгээ шүү дээ. Архи гэдэг зүйл шинжлэх ухаан юм бол үүнийг бид өөрийнхөө бие гэдэг лаборатори дээр судалчихлаа шүү дээ. Халхын голын фронтод тулалдаж явсан гэдэг шиг архин дайны фронтын халуун гал дотор олон сайхан найзуудаа алдаж, үхлийг нь харж, үнэрлэж, өөрөө ч үхэх дөхөж гарч ирсэн туулай гэж үзэх юм бол тэр цөөн туулайны нэг нь би өөрөө сууж байна шүү дээ. Тэгэхээр олон жилийн өмнө архи гэдэг зүйл ийм аюултай байна, би тэр зангиатай цагаан захтай архичны чинь төлөөлөл байна аа гээд нийгэм намайг үзэн ядаад надад зориулсан нийтлэл хүртэл бичиж байсан. Би арван жилийн өмнө Засгийн газрын ордонд лекц уншиж байхдаа “Би зөн билэгтэн шиг хэлье. Үүнийг мэдэрч байна. Хэрвээ бид архидалтын асуудлыг одоо шийдэж чадахгүй бол арван жилийн дараа эмэгтэйчүүд архинд орно шүү. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд цуг уугаад ирэхээр хүүхэд чинь архинд орно” гэж хэлж байсан. 16 настай хүүхэд өнөөдөр тасарчихсан уйлаад сууж байна. 15 настай хүүхэд эрүүлжүүлэхэд журамлагдаж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн архидалт нэмэгдчихсэн байгаа биз дээ. Гэр бүл салалт нэмэгдчихсэн байгаа биз.

-Тэгэхээр багаас нь хүүхдэд энэ талын мэдлэг олгох ёстой юу?

-Хөөрхий муу хэдэн хөвгүүдээ манайхан хаячихсан шүү дээ. Хөвгүүдэд зориулсан сургалт, хичээл, лекц заадаггүй. Охиддоо бол сайхан заана аа. Бие организмаа хэрхэн арчлах, сарын тэмдэг ирэх асуудлыг охидын хичээл гээд ордог юм. Тэгвэл хөвгүүдэд асуудал байдаг юм шүү дээ. Нойтон зүүд гээд. Энэ чинь хөвгүүдийн асуудал. Хайр дурлалаа яаж илэрхийлэх юм. Нэг охинд сайн болчихдог, зарим нь за нэг зуу татчихаад оч гэдэг. Үнэн ч юмуу худлаа ч юмуу. Зориг оруулах гээд байна шүү дээ. Хайр дурлалаа илэрхийлдэг дэлхийн гоё сонгодог аргууд байна шүү дээ. Биеийн хэлэмжээрээ илэрхийлдэг. Ингээд явж байтал хэл ам сайтай нь түрүүлж хэлээд авчихдаг. Сэтгэлээр унаад архи уудаг. Зарим нь эрсдэлд өртдөг. Хөвгүүдэд чинь өнөөдөр энэ талын хичээл заах ёстой юм байна шүү дээ. Би нэг удаа Хэнтий аймагт лекц хийсэн. Дан хөвгүүдийг нь үлдээчих гэсэн. Манай хөвгүүд сонсохгүй суухгүй л гээд байсан. Би хөвгүүдтэйгээ яримаар байна шүү дээ. Хоёр цагийн лекц уншлаа. Нэг ч хөвгүүн гараагүй. Яасан бэ гэхээр дандаа тэдний хэрэгтэй зүйлийг зааж өгсөн байхгүй юу. Эмэгтэй хүнд хэрхэн сэтгэлээ илэрхийлэх, эмэгтэй хүнийг хэрхэн татах вэ. Энэ тал дээр бид тэднийг бодвол туршлагатай шүү дээ. Тиймээс эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүнийг ойлгодог, багаас нь оюун тархинд нь энэ үзлийг суулгачих юм бол сэтгэлээ зөв илэрхийлж, хэтэрхий их гоо сайханд нь биш оюуны гоо сайханд, дотоод гоо үзэсгэлэнд дурладаг, эрдэм мэдлэгтэй эмэгтэй хүнд дурладаг. Эмэгтэй хүний гоо сайхныг олон талаас нь олж хардаг нүдтэй болно. Бэлгийн боловсрол, сексийн анхны учралыг эмэгтэй хүн ярих юм уу. Энэ бүхнийг эрэгтэй хүн хөвгүүддээ сургана. Хөвгүүдийнхээ боловсролыг дээшлүүлэх замаар, хөвгүүдээ хүчирхэг болгох замаар, эр зоригтой болгох замаар, архи гэдэг согтууруулах ундааны мөн чанарыг оюунд нь, цусанд нь, тархинд нь ухамсарт нь шингэтэл ойлгуулж өгч лекц сургалт хийх ёстой байхгүй юу. Ингэж байж залуучууд архи гэдэг ундааг аюул юм байна гэж мэдээд өсчихнө. Үүн дээр хөрөнгө гаргахгүй байна шүү дээ.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn


2022.4.10, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ХОЁР ХАР ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.10, Ням гариг
  • Наран ургах шингэх: 06.13-19.34
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Сэрүүсэж шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, Нууруудын хотгор болон Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 21-26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 16-21 градус, Нууруудын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв DNN.mn

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 11 дэх удаагийн тусгай чуулганаар ОХУ-ыг Украинд хүний эрхийг системтэйгээр зөрчсөн, Олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчсөн зэрэг үндэслэлээр Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай тогтоолыг баталлаа.

Ингэснээр ОХУ хүний эрхийн асуудлаарх шийдвэр гаргах түвшинд санал өгөх эрхгүй болсон ч, зөвлөлийн хуралд оролцох эрх нь нээлттэй, нөгөө талдаа энэ нь хүний эрхийн чиглэлээр хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөх үндэс болохгүй гэсэн үг юм.

2006 онд байгуулагдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд байнгын гишүүний статус байдаггүй. Иймд энэ тогтоол нь зөвхөн одоогийн ОХУ-ын гишүүнчлэлд нөлөөлөх юм байна. Өөрөөр хэлбэл, 2023 онд ОХУ-ын НҮБ дахь гишүүчлэлийн хугацаа дуусгавар болно. Үүний дараа Орос улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр элсэх хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.

Швейцарын Женев хотноо төвтэй, 47 гишүүн орноос бүрддэг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дүрэмд хүний эрхийг системтэйгээр зөрчсөн тохиолдолд гишүүний статусыг хүчингүй болгох тухай заасан байдаг юм байна.

Мөн НҮБ-ын дүрмийн дагуу Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг Ерөнхий ассамблейн гишүүн 193 орны гуравны хоёрын саналаар батлах ёстой. Энэ удаагийн санал хураалтад 93 гишүүн дэмжиж, 24 гишүүн эсэргүүцсэн бол 58 гишүүн түдгэлзсэн санал өглөө.

Энэ удаагийн санал хураалтаар 58 гишүүн түдгэлзсэн санал өгсөн нь Ази болон Африкийн олон орон дотооддоо хүний эрхийн зөрчилтэй байгаатай холбоотой болов уу гэж олон улсын ажиглагч, шинжээчид дүгнэж байна.

ОХУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасагдсан хоёр дахь улс болж байна. Үүнээс өмнө 2011 онд Муаммар Каддафигийн дэглэм иргэдийнхээ эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарсан, энэ нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж Ливи улсын гишүүнчлэлийг түдгэлзүүлж байжээ.