Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 33 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд энэ сарын 21-ний өдрийн байдлаар нийт 138,628 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнийг задалбал, А-80 автобензин 11,367 тонн /68 хоног/, АИ-92 автобензин 44,548 тонн /33 хоног/, АИ-95 автобензин 4,565 тонн /51 хоног/, ДТ 77,485 тонн /28 хоног/ байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 69,987 тонн шатахууны үлдэгдэлтэйгээс А-80 автобензин 3,023 тонн, АИ-92 автобензин 25,132 тонн, АИ-95 автобензин 2,960 тонн, ДТ 38,403 тонн буюу АИ-92 автобензиний 26, АИ-95 автобензиний 44, ДТ-ний 35 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,099, хангайн бүсэд 9,337, төвийн бүсэд 34,959, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,245 тонн байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өсчээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг сануулсаар буй. Улсын хэмжээнд залилах гэмт хэрэг энэ оны эхний гуравдугаар сарын байдлаар 3768 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өссөн үзүүлэлт юм.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд зорчиход PCR шинжилгээний хариу англи хэл дээр байх шаардлагатай DNN.mn

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн олон улсын зорчигч тээврийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс аялахаар болсон. Зорчих иргэд ОХУ-ын хилээр нэвтрэхдээ 48 цагийн дотор хүчинтэй PCR шинжилгээний хариуг Англи хэл дээр, өөрийн гадаад паспортын мэдээлэлтэй тулган бичүүлж авахдаа заавал тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчихыг шаардаж байгаа аж.

Уг шинжилгээг Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг дээр өгөх боломжтой бөгөөд шинжилгээ өгөхөөр ирэхдээ гадаад паспорт /канондсон хуулбар/, шинжилгээний төлбөр 85 000 төгрөг авч ирнэ. Шинжилгээг хил гарахын өмнөх өдөр өгөх ба шинжилгээний хариугаа тухайн өдрийнхөө 15:00-17:00 цагийн хооронд авна. Хэрэв шинжилгээний хариу эерэг бол УБТЗ-ын Тасалбарын төвд яаралтай мэдэгдэж суудлаа хойшлуулж болох юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Жавхлантөгс: Засгийн газар хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн загварыг зоригтой хөгжүүлэх шаардлагатай DNN.mn

Монгол дахь Америкийн худалдааны танхимын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.


-Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг Монгол дахь Америкийн худалдааны танхим хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Манай улсын хувьд хүнд нөхцөл байдалд орлоо. Ялангуяа хоёр хөрштэй холбоотой асуудлаар. Нэг нь цар тахлаас үүдэж хил гаалийн хязгаарлалт хийж, нөгөөд нь дайн дажин өрнөсөн хүнд байдалтай байна. Манай танхимаас аль дээрээс хойш Монгол Улсын Засгийн газарт хөрөнгө оруулалт, худалдааны бодлогоо аль болох төрөлжүүлэх буюу гуравдагч хөршөөс, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудаас хөрөнгө оруулалт татаач, худалдааны нөхцлөө сайжруулаач гэж ярьж, зөвлөж ирсэн. Энэ нь ч маш чухал байсан нь сүүлийн үеийн нөхцөл байдлаас харагдаж байна шүү дээ.

Таатай мэдээ гэвэл, саяхан болж өнгөрсөн Эдийн засгийн чуулган дээр Ерөнхий сайд, Сангийн сайд хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой шинэ өөрчлөлтүүдийг танилцууллаа. Хөрөнгө оруулагчдыг Монголд ирж хөрөнгө оруулаач гэж уриаллаа. Энэ бол сайн зүйл. Хамгийн сүүлд манай танхимаас өнгөрсөн долоо хоногт ОУВС-ийн суурин төлөөлөгчтэй уулзаж, Монгол Улсын эдийн нөхцөл байдал, цаашид ямар арга хэмжээ шаардлагатай талаар хөндөж ярилцсан байгаа.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл өргөн баригдаад байгаа. Энэ бол хөрөнгө оруулагчдад таатай мэдээ. Танхимын зүгээс ч энэ хуулин дээр гол анхаарлаа хандуулж байгаа болов уу?

-Одоогоор Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл олон нийтэд ил болоогүй байна. Нэгэнт эдийн засгийн чуулган дээр хуулинд орж буй өөрчлөлтүүдийн тухай Сангийн сайд ерөнхийд нь танилцуулсан учраас тодорхой заалтуудыг, өөрчлөлтүүдийг манай танхимаас эхлээд хөрөнгө оруулагчид олон нийтэд ил болохыг хүлээж байгаа. Сангийн сайдын хэлж тайлбарласнаар хуулинд ямар, ямар салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих вэ, ямар салбарт хориглох вэ. Ямар үйлчилгээгээр урамшуулал үзүүлэх вэ гэдэг асуудлууд орсон гэж ойлгож байна.

-Татварын бодлогод өөрчлөлт орохгүй гэдэг мэдээлэл байгаа?

-Бидний зүгээс татварын цогц өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн өөрчлөлтүүд хангалттай байгаагүй. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдыг ямар байдлаар дэмжих юм бэ гэдгийг тодорхой болгож, бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлвэл магадгүй ирэх гурав, дөрвөн жилийн хугацаанд хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжууд бүрдэж мэдэх юм.

Ер нь өнөөдөр бизнес хийх гэж байгаа хүн сайн мэдээ л сонсмоор байгаа шүү дээ. Тэднийг Засгийн газар, хууль эрх зүйн орчинд яаж дэмжих нь вэ, ямар санхүүгийн хувьд ямар дэмжлэг үзүүлэх вэ, яаж бизнесээ тэлэх вэ, ямар боломжууд байна гэдгийг бидзнесийнхэн эрэлхийлж байгаа.

Хэдийгээр Ерөнхий сайд бизнесийг дэмжинэ, хүнд суртлыг бууруулна, авлигатай тэмцэнэ гэж мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр хэрэгжээгүй байна. Бизнесийнхний хувьд нүдэнд харагдах бодит алхмууд хэрэгтэй.

-Цар тахлын дараагаас дэлхий эдийн засгийн цогц өөрчлөлтөнд орсон. Хөрөнгө оруулалтын хувьд яаж өөрчлөгдсөн бол. Ер нь манай улсад хөрөнгө оруулагчдыг татах ямар боломж байна вэ?

-Эхлээд нэг чухал зүйлийг хэлмээр байгаа юм. Монгол Улс бол гадныхны хувьд, ялангуяа Америк, Япон зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын хувьд тийм ч таатай улс биш. Нэгд, бизнесийн зах зээл бага. Хоёрт, нүдэнд өртдөг улс орон биш. Тэдэнд өөр олон боломж байна. Энд цагаа үрэх сонирхол байхгүй.

Гэхдээ бидэнд боломж байна уу гэвэл байна. Тухайлбал, томоохон бизнесийн түвшинд биш юм гэхэд дунд түвшний хүрээнд бизнесүүд Америкийн бизнесүүдтэй холбогдоод үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой. Энэ чиглэлээр манайх гишүүн компаниудаа Америкийн бизнесүүдтэй хамтрах боломжийг эрэлхийлсэн цахимаар уулзалтыг хийхээр төлөвлөж байна.

Жил бүр бид АНУ-ын Конгрессийн гишүүд болон бусад засаг захиргаатай хамтран уулзалтууд хийж, хууль эрх зүйн орчин болон санхүүгийн орчны талаар бизнесүүддээ нэгдсэн ойлголт өгөхийг хичээж ажиллаж ирсэн. Энэ жил ч энэ ажил үргэлжилнэ. Тухайлбал, АНУ-ын Экзим банк, Хөгжлийн санхүүжилтийн корпораци бол нэг сая ам.доллараас дээш бага хүүтэй урт хугацаатай зээлийн баталгаа гаргаж өгч байна. АНУ-ын Засгийн газрын баталгаатай урт хугацааны зээлийг санал болгож байна. Энэ бүрийг манайх улсаараа ашиглаж гэрээ хэлэлцээрийг хийж, томоохон төслүүдийг санал болгож, арилжааны банкуудаар дамжуулаад өгөх бололцоо байгаа юм.

-Хөрөнгө оруулалт гэхээр манайд шууд уул уурхайн салбар яригддаг. Солонгоруулах шаардлагатай гэж та ч хэлж байна. Тэгвэл ямар чиглэлээс өнөөдөр хөрөнгө оруулалт татах боломж байна вэ?

-Мэдээж уул уурхай болманай улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч учраас илүү их хөрөнгө оруулалт татах, дээр нь томоохон төслүүдээ танилцуулах ажлуудыгявуулах хэрэгтэй байна. Зөвхөн Оюутолгойгоос бүх юм хамаардаг эдийн засгаа төрөлжүүлэх ёстой. Тийм учраас Цахиурын хөндийн өөр ямар төсөл байж болох вэ, зөвхөн уул уурхай гэлтгүй хөдөө аж ахуйн төслүүдээ анхааръя. Цаашлаад том төслүүдээс гадна жижиг гэлтгүй бизнесүүд үйл ажиллагаагаа амжилттай явуулах шаардлага байгаа. Жишээ нь, бяслаг үйлдвэрлэдэг бизнесмэн Хятад руу бяслагаа гаргамаар байна. Шаардлагатай бол Орос руу ч экспортолмоор байгаа шүү дээ.

Хамгийн гол нь манайд эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлыг харахад төрөөс бүх юм нь хамаардаг. 70, 80 хувь нь төрийн өмчийн компаниудын хамааралтай. Түүнийг дагасан дунд шатны бүтцүүд бий болчихсон. Бидний хэлж ярьдаг гол зүйл бол хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн загвар буюу хувийн хэвшил эдийн засгийн 70-80 хувийг бүрдүүлэх юм бол жижиг дунд үйлдвэрлэл өөрөө аажмаар хөгжиж эхэлнэ. Улс төрийн эрсдэл ч буураад ирнэ.

-Хөрөнгө оруулагчид олон талын тогтвортой байдлыг хүсдэг шүү дээ?

-Мэдээж. Зөвхөн улс төрийн тогтвортой байдлаас гадна яг ямар урамшуулал, дэмжлэг төрөөс үзүүлэх вэ, хөрөнгө оруулахаар ороод ирдэг, ямар нэгэн байдлаар түүнийг нь булаагаад авчих вий, хууль шүүхийн тогтолцоо нь зөв шударга ажиллаж байна уу гэдэг л чухал.

Гэтэл өнөөдөр мөнгөө оруулчихдаг, буцааж аваад гарч болохгүй юм биш үү. Одоогийн жишээ гэхэд ам.долларын нөөцийн хомсдолоос үүсч дансандаа байгаа доллароо ч авч чадахгүй хэмжээнд байна. Томоохон хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн хувьд энэ нь маш их түвэгтэй. Ийм нөхцөл байдлаа яаралтай шийдээд томоохон зүйл рүүгээ харж явмаар байгаа юм. Өнөөдөртөө л хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдалтай явсаар байна. АНУ-аас сүүлийн үеийн шилдэг технологи тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд нь татварын урамшуулал үзүүлээч гэж байгаа. Өнөөдөр төсвийн хүндрэлтэй байгаа үед татварын орлого бүрдэх нь чухал ч энэ бол ойрын зовлон. Алсаа харах юм бол сүүлийн үеийн АНУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж манай улсад орж ирснээр ажлын байр улам нэмэгдэнэ, бизнесүүд хөгжинө, тухайн салбарын өрсөлдөх чадвар сайжирна шүү дээ. Тэр чинээгээр татварын орлого нэмэгдэнэ.

-Хил гаалийн гацаа өнөөдөр хүртэл үргэлжилсээр байна. Энэ нь бизнесүүдэд томоохон дарамт болж байгаа. Танхимын зүгээс энэ талаар ажиллаж байна уу. Ямар үр дүнтэй байна вэ?

-Манай гишүүдээс ирүүлж байгаа томоохон гомдлын нэг бол энэ хил гаалийн гацааны асуудал. Өнөөдөр гэхэд Тяньжин, Эрээний боомт дээр манай танхимын гишүүн зөвхөн нэг компанийн хувьд л гэхэд бараг 54 тэрбум төгрөгийн ачаа бараа гацчихсан байдалтай байна. Тэдгээр нь голдуу уул уурхай, зам тээвэр, барилгын бизнесийн тоног төхөөрөмж, багаж сэлбэг. Гэтэл энэ салбаруудын сезон үе нь эхэлчихээд байдаг. Аль эрт захиалсан ачаа бараа нь хил дээр гацаж дарагдсаар байдаггэтэл сүүлд захиалсан гутал хувцас гэх мэтэнгийн бараа орж ирээд байдаг. Уул уурхайн экспортыг дэмжих шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь орж ирж чадахгүй байна.

-Монгол дахь Америкийн худалдааны танхимаас энэ сарын уулзалтаар төрийн өмчит компаниудын шинэчлэлийг хөндсөн уулзалтыг хийсэн.

-Тийм ээ. Бид энэ сард УИХ-ын гишүүн Т.Доржханд, эдийн засагч “Де факто” Жаргалсайхан, Ө.Ганзориг нарыг урьж оролцуулан төрийн өмчийн эдийн засаг дахь оролцоо, төрийн өмчийн компаниудын шинэчлэлийн асуудлыг хөндөж ярилцлаа. Уулзалтын үеэр маш ноцтой тоонууд яригдлаа. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилж болохгүй. Төрийн өмчийн компаниудаас ашиггүй ажиллаж байгааг нь татан буулгаж, ашигтай ажиллаж байгааг олон нийтийн хяналтанд оруулах бодит төлөвлөгөөг хэрэгжүүлж, авлига хээл хахуулийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Дээр нь төр нь бизнесийнхэнтэй өрсөлдөөд байдгийг болих хэрэгтэй. Хувийн хэвшлээр хийлгэх зүйлээ хийлгэх хэрэгтэй.

Төр данхар байх шаардлага байхгүй. Аль болох хувийн хэвшилд шилжүүлэх тусам татварын орлого ч нэмэгдэнэ. Бусад эрсдэлээ ч бууруулна. Төрийн өмчүүдээ зоригтой хувьчилж татвар болон бусад бодлогоороо хянаад явчих нь төрд өөрт нь амар. Дээр нь хувийн хэвшил улам илүү цэцэглэж хөгжинө. Тэр чинээгээрээ улсын төсөвт орж ирэх орлого сайжраад явчихна. Ийм зоригтой шинэчлэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хийх болов уу гээд найдаад байна. Одоо бол нэг үеэ бодвол 34 хувь хүртэл хувьчилна, олон нийтийнх болгоно гэж яригдаж байна. Энэ бол сайн, илүү бодитой өөрчлөлтийг зоригтой хийвэл төсвийн алдагдал, авлига хээл хахуультай холбоотой маш их хэмжээний зүйлийг өөрчилнө. Ерөөс эдийн засгийн бүтцийг хувийн хэвшил рүү шилжүүлж чадвал маш том гавьяа болно.

-Манай хувийн хэвшлийнхний нөөц чадамж хангалттай юу?

-Хангалттай. ТЭЗҮ нь хийгдчихсэн, үйл ажиллагааг нь дэмжээд өгөхөд л гаднаас хөрөнгө оруулалт татаад өөрсдөө эрсдэлээ үүрээр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа төслүүд маш олон байна.

Цахим шилжилттэй холбоотой Цахиурын хөндийгөөс томоохон хөрөнгө оруулалт татах уулзалтыг бид ирэх зургадугаар сард хийхээр төлөвлөөд байна. “АмЧам-Мэдээлэл технологийн долоо хоног: Вэб 3.0” арга хэмжээ зохион байгуулж, гаднаас хөрөнгө оруулагчдыг урьж чуулга уулзалт хийх гэж байна. Үүний үр дүнд зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуй гэхгүйгээр мэдээлэл технологийн салбарт ч ямар бодит боломж байгааг харуулна.

-Эдийн засгийн хүндрэлээс хамгаалах алхмуудыг Засгийн газар хэрэгжүүлсээр ирсэн. Одоо ч шинэ саналууд яригдаж байна. Энэ нь бизнесийнхэнд бодит дэмжлэг болжчадавуу?

-Цар тахлын үед Засгийн газраас тог цахилгаанын үнийг хөнгөлөх арга хэмжээнүүд цагаа олсон. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, зээлийн хугацааг хойшлуулсан нь үр дүнгээ өгсөн. Бага хүүтэй зээлүүд сайн байсан боловч очих ёстой жижиг дунд үйлдвэрүүдэд очсон уу гэвэл эргэлзээтэй.

Хамгийн сүүлд НДШ-ийн 50 хувийг буцаах шийдвэр гаргалаа. Гэвч энэ бол манай бизнесийнхэнд тэр бүр үйлчлэхгүй. Өнөөдөр дундаж цалин нэг сая төгрөгөөс дээш байгаа компани дийлэнх учраас төрийн албан хаагчдад зориулсан шийдвэр болчихов уу даа гэж харж байгаа. Нөгөө л популист, сонгогчдыг саналыг татах гэсэн оролдлого болж харагдаж байна. Учир нь нэг хэсэг нь шударгаар хөдөлмөрлөж байгаа мөртлөө нэг хэсэг нь хөнгөлөлт эдлээд нөгөө нь эдлэхгүй байх зарчим руу орж байгаа нь буруу. Засгийн газар тусгай бодлого, төлөвлөгөөтэй ажиллах ёстой. Харамсалтай нь ийм бодлого байхгүй байгаагийн илрэл өнөөдрийн алхам шүү дээ. Магадгүй НДШ-ийн 50 хувийн буцаалтад шаардлагатай хөрөнгөөр илүү зах зээлээ нэмэгдүүлэх, экспортынхоо гарцуудыг нээх, олон ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулж болох хэрэгтэй.

-Эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэй бизнесүүдэд татварын маргаан нэлээд гарч байгаа дуулддаг. Энэ асуудлыг та бүхэн хэрхэн анхаарч байна вэ?

-Цар тахлаас үүдэж компаниудын үйл ажиллагаа нэлээд доголдсон. Зарим нь хаалгаа барьж, зарим нь татвараа төлж чадахгүй хэмжээнд хүрсэн. Тэгэхээр иймэрхүү нөцхөл байдал компаниудын хувьд нэгэнт шүүхээр татварын маргаан нь эцэслэн шийдэгдээгүй байгаа үед дансыг нь хааж үйл ажиллагааг нь зогсоочихож байна. Уг нь татвараа төлөхийн тулд үйл ажиллагаа нь явж байж явах ёстой. Энэ асуудлаар бид Ерөнхий сайд, Сангийн сайдад хандсан. Сангийн дэд сайд “Засгийн газрын зүгээс уян хатан хандана” гэсэн ч өнөөдрийн байдлаар компаниудын данс хаалттай, үйл ажиллагаа нь доголдсон хэвээрээ байна. Ямар ч хариу алга. Тэгсэн хэрнээ Ерөнхий сайд 100 топ аж ахуйн нэгжүүдтэй уулзаад яваад байгаа. Эндээс л соёл эхэлнэ шүү дээ. Тэгэхээр бизнеснүүдээ бодит үйлдлүүдээр дэмжмээр байна.

-Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ярилцлагаа өндөрлөе. Хуулийн өөрчлөлт ажил олгогчдын хувьд ихээхэн халтай байна гэх байр суурийг олон талаас тавьж байсан. Танай танхим ч хөндөж байв. Ямар өөрчлөлтийг хөндсөн юм бэ?

-Хөдөлмөрийн хуулийг батлагдахаас өмнө хуулийн Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүнтэй бид цахимаар уулзалт хийсэн. Энэ хуулийн төсөл бол маш олон жил хэлцэгдэж байгаа, зайлшгүй оруулах шаардлагатай өөрчлөлтүүд байна гэдгийг ойлгож байгаа. Харин энэ хууль бол хөрөнгө оруулагчдад тийм ч таатай хууль болж чадахгүй. Гэхдээ өөр хуулиар хөрөнгө оруулагчдыг урамшуулах бодлогыг явуулахаас өөр аргагүй гэдэг зүйлийг бидэнд хэлсэн. Нэлээн олон заалтууд нь хөрөнгө оруулагч болон ажил олгогчдод халтай байсан. Үйл ажиллагааг нь хязгаарласан, хориглосон гэх мэт. Угтаа тэнцвэртэй байх ёстой. Ажил олгогчид тэнцвэртэй харилцаан дотор орж байж цаашдаа хувийн хэвшил өргөжин тэлнэ.

Хуулийг дагаад дундаж цалин хөлс тодорхойлох журам батлагдсан. Тэр журамд илүү цагийн, шөнийн ээлжийн, нийтээр амрах баярын өдрийн нэмэгдэл хөлс нь дундаж цалин хөлсийг тооцоолоход орохоор заасан байсан бөгөөд ингэснээр сүүлийн 3 сар тутмын цалин хөлснөөс дундаж цалин хөлсийг тооцоолоход хойшид сар бүр “зогсолтгүй” өсөн нэмэгдэхээр байгаа нь цалингийн зардлыг зохиомлоор, шударга бусаар хэт өсгөж ажил олгогчид хүнд дарамт үүсгэж улмаар дампууралд хүргэхээр байсан. Тухайлбал, нэг компаниийн хувьд л гэхэд сард дор хаяж 200 сая төгрөгийн алдагдал гарахаар буюу нэмэлт зардал гарах тооцоо гарч байсан. Ийм нөхцөлд компаниуд цаашдаа оршин тогтнож ажиллах уу гэдэг асуудал гарч ирэх байсан юм. Тиймээс бид энэ асуудлыг хөндөж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хандсанаар нааштай хүлээж авч журамд өөрчлөлт оруулсан. Түүний үр дүнд нэмэлт хөлсийг тухайн ажилтантай зөвшилцөж тогтоох боломж бүрдээд байна.

Б.ЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

БНСУ руу ургамлын тос экспортолж эхэллээ DNN.mn

Монгол Улс БНСУ руу ургамлын тос экспортолж эхэлжээ. Сэлэнгэ үйлдвэр 30 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын 26-нд БНСУ-д эхний ээлжид экспортод гаргах 800 тонн ургамлын тосны гэрээг хийсэн байна.

Монгол үйлдвэрийн ургамлын тос нь эрүүл органик хөрсөнд тариалсан, транс тос агуулаагүй, ханасан тосны агууламж бага зэрэг олон давуу талтай. Эхний ээлжид экспортод гаргах ургамлын тосыг Сэлэнгэ үйлдвэрт найман өдрийн дотор үйлдвэрлэх боломжтой аж. Харин цаашдаа экспортод гаргах ургамлын тосны гол түүхий эд болох хар рапсыг их хэмжээгээр тариалах шаардлагатай. Гол нэрийн бүтээгдэхүүн болох хар рапсыг илүү ихээр тариалж чадвал дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй өөр олон оронд ургамлын тос экспортод гаргах боломж бүрдэх юм.

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

Европт байгалийн хийн үнэ нэмэгджээ DNN.mn

Лондонгийн ICE биржийн Лхагва гарагийн арилжаагаар байгалийн хийн үнэ мянган шоо метр нь $1300 ам.доллар давлаа. Төлбөрөө рублиэр барагдуулахгүй байгаа Польш, Болгарын эсрэг ОХУ хийн хоолойгоо хаасан учир үнэ ийнхүү нэмэгджээ. Оросын хийн нийлүүлэлтээс татгалзсан наймаачид Европын спотын зах зээл дээр үнийг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт гарч ирлээ.

Дөрөвдүгээр сарын 27-нд “Газпром” рублиэр төлбөр хийхгүй байгаа Булгаргаз (Болгар) болон PGNIG (Польш) компаниудад хийн нийлүүлэлтээ бүрэн зогсоож байгааг мэдэгдсэн юм. Б

Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖИЛГА: Сөрөг харилцааг эерэг болгож байж ялгаварлан гадуурхалт арилна DNN.mn

Сэтгэл судлалын ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг “Сургуулийн орчинд үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг зогсоох нөхцөл, боломж” сэдвээр зохион байгууллаа.

Хуралд НССДС, МУИС, МУБИС, ШУТИС, Идэр ИС, ДХИС, Отгонтэнгэр ИС, “Монгол коосен” технологийн коллеж, зарим дүүргийн ГБХЗХ, “Лантуун дохио” ТББ-ын төлөөлөл, ЕБС-уудын багш сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд оролцов.

No description available.

Хурлаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн БШУЯ, Боловсролын Ерөнхий газарт хүргүүлж хамтран ажиллах аж.

Ч.Базар (Доктор, НССДС-ийн захирал): Ялгаварлан гадуурхалт гэдэг бол тогтолцооны шинжтэй асуудал. Өсвөр насандаа ч юм уу, сургуульд сурч байх үедээ сэтгэлзүйн гэмтэл авсан хүн насан туршдаа тэр гэмтэлтэйгээ үлддэг. Дээрэлхэлтэд охид хөвгүүд адилхан өртдөг бөгөөд дээрэлхүүлж байгаа, дээрэлхэж байгаа хоёулаа сэтгэлзүйн хувьд эмзэг байдаг. Бие махбодийн дээрэлхэлт нь хөвгүүдийн дунд их ажиглагддаг бол хэл амаар доромжлох явдал нь охидын дунд их байдаг. Хөвгүүд хоорондоо нудралцаж л байдаг юм, яахав гэсэн байдлаар хандаж болохгүй. Энэ нь санаандгүй явдал уу, байнгын давтагддаг дээрэлхэлт үү гэдгийг сайн судалж, асууж ярилцах хэрэгтэй. Гэр бүлийн зүгээс хүүхдээ сайн сонсож, багштай нь ярилцаж, хүүхэддээ гарц гаргалгааг нь зөвөөр ойлгуулж өгөх хэрэгтэй. Үүнд эцэг эхийн оролцоо маш чухал.

No description available.

Хүний эрхийн Үндэсний комисс 2017 оны Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ээлжит илтгэлээрээ хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудлыг судалгааны үндсэн дээр хөдсөн байдаг аж. Тус судалгаанд 12-18 насны нийт 4246 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүдийг хамруулсан аж. Нийт оролцсон хүүхдийн 17.2 хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байгаагүй гэсэн бол, 82.8 хувь нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 62 хувь нь үг хэлээр доромжлох, 50.2 хувь нь чимхэх, 53.5 хувь нь бие мах бодийн,27.8 хувь нь үл хайхрах, 24.8 хувь нь доромжлох, 22.9 хувь нь айлган сүрдүүлэх, 17.1 хувь нь ялгаварлан гадуурхах, 14.7 хувь нь бэлгийн шинжтэй дарамтад, 5.9 хувь нь хүнд нөхцөлд ажил хийлгэх, 4.8 хувь нь гэрээсээ хөөгдөх зэрэг хүчирхийлэлд өртөж байснаа дурджээ.

No description available.
Ц.Мягмардорж (Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтэн): Үе тэнгийнхний дээрэлхэлт хэд хэдэн төрөл байдаг. Ерөнхийдөө хаалттай, ар гэрийн хараа хяналт сул, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн 12-16 насны хүүхдүүд голцуу ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа харагддаг. Ялгаварлан гадуурхалтыг үйлдэж байгаа хүүхдүүдэд хүмүүжил, харилцааны соёл маш чухал нөлөөтэй. Сөрөг харилцааг эерэг болгож байж ялгаварлан гадуурхалт арилна.

Сурагчид дээрэлхэлтийн тохиолдлуудыг санаа зоволгүй илчлэх, ярилцах боломжтой нөхцөлийг бий болгохыг тэмүүлэх нь сургуулийн болон насанд хүрэгчдийн үүрэг юм.

No description available.

Б.Очирбат (НССДС-ийн оюутны зөвлөлийн дарга): БИ ЕБС-д сурч байхдаа сэтгэл зүйчийг ангиудаар явж ямар нэгэн асуудал бэрхшээл тулгарсан, надтай ярилцах хүүхэд байна гэж сэдэлжүүлж асууж байхыг нь огт хараагүй. Харин хүүхдүүдийн хувьд асуудлаа, нууцаа ярих гэж сэтгэл зүйч дээр очдог. Очдоггүй хүүхдийн хувьд нууцыг нь задалчих вий, намайг ойлгохгүй байх вий гэсэн айдас байдаг байх. Ер нь аль болох сэтгэл зүйч дээр очиж ярилцаж байгаарай.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 28-нд автомашингүй өдөр болно DNN.mn

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 2022 оны тавдугаар сарын 28-ны Бямба гарагт болно. Энэ өдөр нийслэлд автомашингүй өдөр байх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсныг албаны эх сурвалж мэдээллээ. Ингэснээр хотын төв гудамжаар машин явуулахгүй байх зохицуулалт үйлчилнэ.

Өнөөдрийн байдлаар автомашингүй өдрийн маршрутыг хараахан эцэслээгүй байгаа аж. Маршрут тодорхой болсны дараа олон нийтэд мэдээлэх юм байна. Түүнчлэн автомашингүй өдрөөр томоохон зах, худалдааны төвүүдийг амраах юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ирэх сард бөхийн өргөөнд есөн барилдаан зохиогдоно DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2022 оны 5 дугаар сард Монгол бөхийн өргөөнд 9 барилдаан зохион байгуулахаар товложээ.

Тодруулбал, 5 дугаар сарын 07-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Сарын 08-нд Булган аймгийн Тэшиг сумын аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу /АЦЦБЗ/ 256 бөхийн барилдаан

Сарын 13-нд Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан

Сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗ 256 бөхийн барилдаан

Сарын 15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Сарын 20-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан

Сарын 21-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

Сарын 22-нд “Бахдам гарамгай” багийн халз барилдаан

Сарын 28-нд Нисэх хүчний өдөрт зориулсан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг Монголд иржээ DNN.mn


Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг өнөөдрөөс ирэх сарын 4-нийг хүртэл өдрүүдэд Монгол Улсад ажиллахаар иржээ.

Сангийн сайд Б.Жавхлан ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ажлын хэсгийнхэн Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтуудад оролцох юм байна.

Тухайлбал, Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн даатгалын корпорац, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна “Рио Тинто”, “Хаан” банк зэрэг хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзана гэж Сангийн яамнаас мэдээлэв.