ОХУ-ын төрийн мэдлийн “Первый канал” буюу 1-р сувгийн мэдээллийн хөтөлбөрийн шууд дамжуулалтын үеэр студид орж ирэн, Украин дахь түрэмгийллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн сэтгүүлч Германы хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллахаар болжээ.
Овсянникова өнгөрсөн сард хийсэн эсэргүүцлийнхээ дараа 1-р сувгийн редакторын албан тушаалаа орхисон ч Франц улсаас санал болгосон улс төрийн орогнолоос татгалзсан билээ. Тэрээр аюулгүй байдлынхаа төлөө эмээж байгаа ч Орост үлдэхийг хүсэж буйгаа мэдэгдээд байсан юм.
Тэгвэл Германы “Die Welt” сонин түүнийг Украин, ОХУ дахь нөхцөл байдлыг газар дээрээс нь мэдээлэх сурвалжлагчаар ажилд авсан бөгөөд тэрээр телевизийн сувагт нь ч мөн хувь нэмэр оруулах аж. “Welt” группийн Ерөнхий редактор Ульф Поршардт энэ шийдвэрийн талаар “Овсянникова шууд дамжуулалтын үеэр эсэргүүцлээ илэрхийлснээр төрийн хэлмэгдүүлэлтэд өртөх аюулд орсон ч сэтгүүлчийн хамгийн чухал ёс зүйг хамгаалсан. Би түүнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна” хэмээн тэмдэглэжээ.
43 настай Марина Овсянниковагийн хэлснээр, Оросын цагдаа нар түүнийг саатуулж, 14 цагийн турш байцаан, хоёр өдөр унтуулаагүй бөгөөд эцэст нь 30 мянган рублийн торгууль ногдуулсан байна. Гэвч одоо түүнийг нэмэлт мөрдөн байцаалтад хамруулж, олон жилийн хорих ял оноох эрсдэлтэй хэвээр байгаа юм.
Month: April 2022
ОХУ-ын зүгээс Швед, Финлянд улсуудад “NATO”-д элсэхгүй байхыг сануулжээ. Учир нь “NATO”-д нэгдэх алхам нь Европт тогтвортой байдал авчрахгүйг анхаарууллаа. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хэлэхдээ “Эвсэл нь сөргөлдөөнд чиглэсэн хэрэгсэл хэвээр байна” гэжээ.
АНУ-ын хувьд Швед болон Финлянд улсууд “NATO”-д элсэх болсон шалтгаан нь Оросаас Украинд түрэмгийлсэнтэй холбоотой гэж тайлбарлаж, Москвагийн алдаа гэж буруутгав. АНУ мөн элсэлт зургадугаар сарын эхээр биелнэ гэж найдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт” NATO”-гийн удирдагчид болон Хельсинки, Стокгольм хотуудын гадаад хэргийн сайд нарын хооронд хэлэлцээ хийсэн гэж АНУ-ын төрийн департаментын албаны хүмүүс мэдэгдсэн. АНУ-ын хувьд барууны эвсэл Нордикийн орнуудыг нэгтгэж хүрээллээ тэлж байгааг бүрэн дэмжих юм.
Орос улс түрэмгийллээ эхлүүлэхээс өмнө “NATO”-д хүрээгээ тэлэхгүй байх шаардлага тавьж байв. Тэгвэл дайн нь зүүн бүсийн орнуудад “NATO”-гийн цэргийг нэмж байршуулахад хүргэн, Швед, Финляндын гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрүүлэх ажлыг эхлүүлэв.
Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд Засгийн газар дараах таван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Тодруулбал,
- Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
- 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
- Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
- Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлж, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих юм байна.
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг хориод сар гаруй хугацаа өнгөрлөө. Анх 30 хоногоор цагдан хорих гэж байснаа яагаад 30 хоногоор сунгачихав?
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол нь “хуульд заасан үндэслэл журмаас гадуур гарсан” гэж үзэх хуулийн үндэслэлтэй байдаг. Энэ тогтоолыг үндэслэж, цагдан хорих саналыг прокурор ирүүлсэн нь хууль бус гэж үзэж байгаа. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад үндэслэл бүхий тайлбар, няцаалтыг Н.Мөнхбатын өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан боловч харамсалтай нь огт хүлээж аваагүй. Цагдан хорих хугацааг үргэлжлүүлэн сунгахаар “өмнөх үндэслэл арилаагүй, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх прокурорын ирүүлсэн саналыг өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн. Шүүгч Х.Идэр нь прокурорын саналыг мөн л үндэслэлтэй гэж үзээд, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан “Н.Мөнхбатын хуульд заасан эрх, эрх чөлөө зөрчигдөж байна. Энэ эрхийг нь хамгаалаад өгөөч. Гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээ мэдээлэл нь энэ хуульд заасан үндэслэл журмаас гадуур авагдсан баримт учраас нотлох баримт биш юм. 2017 оноос хойш буюу таван жил шалгасан хэргийг өнөөдөр ээдрээ төвөгтэй гэж прокурор үзэж байгаа нь огт үндэслэлгүй байна. Суллаж өгөөч ээ” гэсэн өмгөөлөгч нарын тайлбар, санал, хүсэлтийг хүлээн авахаас эрс татгалзсан. Үргэлжлүүлэн нэг сараар цагдан хорьж, сунгах шийдвэр гаргасан. Шүүгчийн захирамжтай дараа нь танилцахад Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Мөнхбатын өмгөөлөгч нарын гаргасан дээрх тайлбар, санал, хүсэлтийг шүүгч үндэслэлтэйгээр няцааж чадаагүй байна лээ.
-Өмгөөлөгч нарын зүгээс “прокурорын тогтоол хуульд заасан үндэслэл, журмаас гадуур гарсан” гэж үзэх болсон хуулийн гол үндэслэл нь юу юм бэ?
-Н.Мөнхбатыг буруутгаж буй үйлдэл нь цаг хугацааны хувьд 2014 онд төгссөн байдаг юм. Өөрөөр хэлбэл, энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 онд дууссан байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, яллагдагчаар татаж болохгүй” гэж маш тодорхой заасан байдаг. Гэтэл прокурор хуулийн энэ хэмжээ хязгаарыг давж, 2022 онд буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш гурван жилийн дараа бусдад Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.
Өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт “Н.Мөнхбат гэм буруутай эсэх” асуудлыг огт хөндөж яриагүй. Харин хуульд заасан түүний эрх нь зөрчигдөөд байна шүү гэдэг асуудлыг яриад байхад шүүх үүнийг анхаарч, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “Монгол Улсын хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдөөд байгаа Н.Мөнхбатын эрхийг хамгаалах” талаар шийдвэр гаргаагүйд нь миний хувьд туйлын их харамсаж байгаа.
Шүүхийн эрхэм зорилго нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх”-д оршдог. Нөгөө талаар Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гээд Шүүхийн тухай хуульд тодорхой заасан байгаа. Энэ зорилт, зарчмаа шүүх баримталж, хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэх нь өнөөдрийн хувьд, цаашид ч эргэлзээтэй болжээ гэж харж байна.
-Шүүгчээсээ татгалзсан гэл үү. Ямар үндэслэлээр татгалзсан юм бэ?
-Шүүхийн хэлэлцүүлэг гуравдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт болох тухай мэдэгдсэний дагуу Н.Ариунболд өмгөөлөгчийн хамт очсон. Ингээд Н.Мөнхбатыг өөрийг нь биечлэн эсхүл онлайнаар оролцуулан, прокурорын саналд дурдагдсан нотлох баримтыг няцааж тайлбар өгөх, Үндсэн хуульд заасан эрхийг нь хангах цаг хугацаа, нөхцөл боломжийг түүнд олгож өгөөч гэдэг хүсэлт тавьсныг шүүгч Х.Идэр хүлээн авч, хэлэлцүүлгийг тухайн өдрийн 16:00 цаг хүртэл хойшлуулсан юм. Ингээд 16:00 цагт хэлэлцүүлэг эхэлсэн. Гэтэл цагдан хорих байранд шүүх хурал явагдаж байгаа учраас Н.Мөнхбатыг онлайнаар оролцуулах техникийн боломжгүй байна, иймд өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзлаа гэсэн шийдвэр гаргасан. Ажлын цаг дуусах дөхөж байсан, гэвч хурлыг үргэлжлүүлэн хийх шийдвэр гаргасан учраас бид шүүгч Х.Идэрийн гаргах шийдвэр ойлгомжтой, энэ хэрэгт шууд бус хувийн сонирхлоор хандаж байна гэж үзээд түүнээс татгалзах хүсэлтийг ерөнхий шүүгч Ж.Болдбаатарт гаргасан. Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай, түүний энэ шийдвэр эцсийнх болох тухай Захирамжийг маш хурдан гаргаж ирүүлсэн учраас хэлэлцүүлэг үргэлжилсэн.
Иймд өмгөөлөгч нарын зүгээс Сүхбаатар дүүргийн бүх шүүгчдээс татгалзах тухай дээр дурдсан үндэслэлээр хүсэлт дахин гаргасан. Гэвч шүүгч Х.Идэр “Хүлээн авах хуулийн үндэслэлгүй, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаа” гэж алх цохисноор хэлэлцүүлэг дахин үргэлжилсэн. Улмаар Н.Мөнхбатыг нэг сар үргэлжлүүлэн цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3. “…Шүүхийн хэлэлцүүлэгт … хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэсэн заалтыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр зөрчиж, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан нь хуульд нийцээгүй. Мөн Үндсэн хуульд заасан хүний эрхийг хангахаас татгалзсан шийдвэр гэж бид үздэг юм. Шүүх нь үндсэн хуулиа зөрчөөд байхаар бид тэгээд хэнд итгэх вэ.
-Та Н.Мөнхбаттай уулзаж байгаа юу, биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Миний хувьд ажлын байдлаас шалтгаалан долоо хоногтоо нэг удаа очиж уулзаж байгаа. Н.Мөнхбатын хувьд элэгний архаг үрэвсэлтэй, уушгины архаг бронхит өвчтэй. Хоригдоод 40 гаруй хонож байна. Агааржуулалт муутай орчинд олон хоногоор хоригдож байгаа учраас эрүүл мэндэд нь нөлөөлөөд эхэлсэн байна. Биеэр нь тууралт гарсан, ханиалгасан байдалтай байсан. Биеийн байдал нь тийм орчин нөхцөлд доордоно уу гэхээс дээрдэнэ гэж бодохгүй л байна. Цагдан хорих ангийн удирдлагууд, хорих санал гаргасан мөрдөгч, прокурорууд түүний эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал тавьж байгаа байх гэж найдаж байна даа.
-Батлан даалтад, гадуур байцааж болдоггүй юм уу?
-Заавал хорьж цагдахаас өөрөөр таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжууд хуульд байгаа. Хувийн батлан даалтанд өгч болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хуулийн зохицуулалт бий. Мөн тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх аргах хэмжээг Н.Мөнхбатад авах боломж уг нь байгаа юм.
Н.Мөнхбатыг цагдан хорьсон үндэслэлтэй холбоотой заалтыг хэзээ хэрхэн өөрчилсөн тухай ярья л даа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д, “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа ” гэсэн өмнөх заалтыг, “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэж 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт оруулсан байгаа юм.
“Гэмт хэрэг дахин үйлдэх”, “гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэсэн үгнүүдэд агуулгын ялгаа харагдаж байна уу. Сүүлд оруулсан хуулийн өөрчлөлт нь цагдан хоригдох гэж байгаа яллагдагчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Болзошгүй” гэдэг нь үндэслэл бүхий нотолгоо, баримт байхгүй гэсэн үг. Тэгэхлээр хууль тогтоогчид “хэнийг ч баримт нотолгоогүйгээр цагдан хорих боломж, нөхцөл”-ийг хуульчлаад өгсөн байгаа юм. Эрх баригчид “Хүний эрх, эрх чөлөөг онцгой анхаарч хамгаална” гээд зарлаад байгаа биз дээ. Гэтэл араар нь хүний эрхийг доордуулсан ийм өөрчлөлт хуульд оруулсныг юу гэж ойлгох вэ. Хоёр нүүр гаргаж байна шүү дээ.
Н.Мөнхбатыг яг энэ “болзошгүй” гэдэг үгээр, ямар ч баримт нотолгоогүйгээр цагдан хорих шийдвэр гаргасан. Баримтыг нь үзье гэхээр үзүүлэх зүйл байдаггүй юм.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 5-д, ”Хавтаст хэрэгт тусгагдаагүй баримт сэлт, мэдээлэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой ямар ч баримт мэдээллийг шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд танилцуулахыг хориглоно” гэж маш тодорхой заасан. Ийм байхад Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн “гүйцэтгэх ажлын шугамаар гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй тухай мэдээлэл “авагдсан” гэх албан бичиг байгаа гэж шүүгч н.Дарьсүрэн тайлбарлаад , хууль зөрчөөд цагдан хорих шийдвэр гаргасан.
-Н.Мөнхбат гэдэг залууг нийгэмд олон жил харлууллаа гэж та ярьж байсан. Олон жил шүүх цагдаагаар явлаа. Энэ хугацаанд ар гэрийнх нь амьдрал ахуй ямаршуу байгаа вэ?
-Хүний амьдралын нэг жил гэдэг их хугацаа. Юу ч хийж, бүтээж, амжуулж болно. Гэтэл зургаан жил гэдэг бас л их хугацаа шүү. Энэ хугацаанд Н.Мөнхбат огт орлогогүй байсан. Түр хугацаагаар ч болов ажилд оръё гэхээр бүгд таньдаг болчихсон, ажилд авахаас татгалздаг юм билээ гэж ярьж байсан.
Тэгэхээр түүний ар гэр ахуй амьдрал ямар байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ. Өнөөдөр монгол хүний дундаж цалин хэд байгаа билээ, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт ямар байгаа билээ дээ. Энэ залууд бие дааж гаргасан шийдвэр, хууль, дүрэм, журам зөрчсөн нэг ч үйлдэл байдаггүй юм. Бүх зүйлийг хуулийн хүрээнд хийсэн байдаг.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд бие дааж дангаараа шийдвэр гаргах эрхийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, дүрэм, журмаар олгоогүй байдаг юм. Гэтэл түүнийг маш их эрх мэдэлтэй байсан гэж иргэд, олон нийт ойлгодог. Учир нь тийм ойлголт төрүүлэхүйц буруу ташаа мэдээллийг маш сайн явуулж байна шүү дээ. Тухайлбал, хууль, журам, дүрмийн хүрээнд зээл олгох шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамтран оролцсон гүйцэтгэх захирлыг гэмт хэрэгтэн мэт баривчилж цагдан хорьчихоод зээлээ төлөөгүй байгаа гол буруутай этгээдүүдэд хариуцлага оногдуулж, өр барагдуулах ажлыг хийхгүй байна. Үүнээс шалтгаалж энэ залуу л буруутай мэт маш буруу ойлголтыг олон нийтэд өгөөд байх юм.
Нөгөө талаар энэ хэргийг эрх баригчид хэт их улстөржүүлж, туйлширч, түүнд нь хууль хяналт, зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нар татагдан орж, илт яллах талыг барьсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, Н.Мөнхбатын үед л банкны энэ их луйвар булхай гарсан мэтээр төөрөгдүүлэх, тухайн үеийн нөхцөл, бодит байдлаас зөрүүтэй мэдээллээр олон нийтийн тархийг угааж, олон нийтээр буруутгуулж, яллуулах, улмаар энэ нь шүүхийн шийдвэрт урьдчилж нөлөөлөхөд хүргэхүйц хэмжээний ил тод, эрээ цээргүй үйл ажиллагаа болж хувирч байгаа нь туйлын харамсалтай.
Шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага өнөөдөр улс төрөөс хараат бусаар, хуульд захирагдаж ажлаа явуулдаг байсан бол Н.Мөнхбатыг аль хэдийнэ цагаатгасан байх байлаа. Уг хэрэг дээр олон жил ажиллаж, Хөгжлийн банктай холбоотой бүхий л хууль, дүрэм, журам, үйл ажиллагаа, зарчмыг нь мэддэг болсон хуульчийн хувьд энэ залуу огт буруугүй байжээ гэдгийг өнөөдөр биш ч гэсэн олон нийт ойлгох тийм цаг үе ирнэ гэдэгт итгэлтэй байдаг юм. Өнөөдрийн явуулж байгаа улс төрийн акцуудыг хараад 1930, 1960-аад оны хар түүх дахин бүү давтагдаасай гэж бодох юм.
Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд Засгийн газар дараах таван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Тодруулбал,
Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлж, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих юм байна.
Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн чиглэлийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байдлыг хангаж ажиллахаар бэлтгэл ажлуудыг хэрэгжүүлж байна.
Аж ахуйн нэгж байгууллагууд https://tzmoh.gov.mn хаягаар программд хандаж тусгай зөвшөөрлийн хүсэлтийг ирүүлэх, шийдвэрлэлтийн явцыг харах боломжтой болж, үйлчлүүлэгчдийн цаг хугацаа, чирэгдлийг багасгах дэвшилттэй үйлчилгээ болох юм.
Иймд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал программын туршилтын үйл ажиллагаа хийгдэж, Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цаасаар болон цахимаар хүлээн авч, шийдвэрлэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын хоёр шинэ дэд шинэ хувилбарыг хэр халдвартай, аюултай болохыг нь тогтоохын тулд цөөн тохиолдлуудыг судалж байгаагаа даваа гарагт мэдээлжээ.
Тодруулбал, ДЭМБ “омикрон” хувилбарын “BA.4”, “BA.5” дэд хувилбарыг хянан судлах жагсаалтдаа нэмж оруулсан байна. Тус байгууллага одоогоор дэлхий даяар давамгайлан тархах болоод буй “BA.1”, “BA.2” дэд хувилбараас гадна “BA.1.1”, “BA.3”-ыг мөн судалж байгаа юм.
ДЭМБ-ын мэдээлснээр, тэдгээрийн “нэмэлт мутацийн дархлаанаас зугтах чадварт үзүүлэх нөлөөг тогтоохын тулд дэлгэрэнгүй судлах шаардлагатай” байгаа ажээ. Вируснүүд нь цаг үргэлж хувьсан өөрчлөгддөг боловч зарим мутаци нь тархах чадвар болон вакцинжуулалт, халдвараас тогтсон дархлаанаас зугтах, мөн хүндээр өвчлүүлэх байдалд нь нөлөөлдөг байна.
Тухайлбал, одоогийн байдлаар нарийвчлан шинжилсэн бүх тохиолдлын 94 орчим хувийг эзэлж байгаа “BA.2” дэд хувилбар нь бусдаас илүү хурдан халдварладаг ч хүндээр өвчлүүлдэггүй бололтой байгааг одоогоор цуглуулаад байгаа баримт нотолгоо харуулж байгаа юм. ДЭМБ “GISAID” мэдээллийн сангийн мэдээллийг эш татан уламжилснаар, “BA.4”, “BA.5” хувилбарын ердөө хэдэн арван тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
“BA.4” дэд хувилбар Өмнөд Африк, Дани, Ботсвана, Шотланд, Англид нэгдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 30-ны хооронд илэрсэн гэж Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар “BA.5” хувилбарын бүх тохиолдлууд Өмнөд Африкт бүртгэгдээд байжээ. Харин даваа гарагт Ботсвана улсын Эрүүл мэндийн яам “BA.4”, “BA.5” хувилбарын дөрвөн тохиолдол 30-50 насны вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн дунд бүртгэгдсэн талаар мэдээлээд, тэдэнд хөнгөн шинж тэмдэг илэрч байгааг дурдсан байна.
“Аавуудын групп”-ийн үүсгэн байгуулагч, хувиараа бизнес эрхлэгч Т.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Яагаад “Аавуудын групп”-ийг байгуулж, олон нийтэд чиглэсэн ажил хийх болов?
-2017 онд “Аавуудын групп”-ийг үүсгэн байгуулсан. Тухайн онд Засгийн газраас хүчирхийллийн эсрэг аян зарлаад тэр аяны хүрээнд УИХ-ын гишүүд тойрог бүртээ акци зохиосон. Тэр акцид нь миний таньдаг хүн явж байгаад үргэлжлүүлэх боломжгүй болоод намайг орондоо яваач гэдэг санал тавьсан. Тэгээд оронд нь төрийн албан хаагчдад хүчирхийлэл гэж юу вэ гэдгийг таниулан сурталчлах ажил хийдэг байлаа. Тэгж явахдаа мэдэрсэн мэдрэмж нь “Нийгэм яагаад ийм харанхуй болчихсон юм бэ. Залуучууд яагаад ийм нэр хүндгүй болчихсон юм бэ. Ялангуяа аав гэдэг хүн нийгэмд ямар нэгэн гэмт хэрэгтэн, ямар нэгэн хүчирхийлэгч гэгддэг болов. Яагаад ямар нэгэн гэмт хэрэг, хүчирхийлэл яригдахаар заавал аав нь байдаг болчихсон юм бэ” гэдэг мэдрэмжийг авсан. Тэр төсөл дуусч, хотод ирээд байж байтал цахим орчинд нэг зүйл давлагаалсан. Тэр нь ээж, эмэгтэйчүүд цахим орчинд нэгдэн нийлж, цэцэрлэгийн өргөтгөл барилаа гэдэг. Би түүнийг хараад үнэхээр бахархсан. Нэгнийгээ танихгүй хүмүүс цахим орчинд нэгдэн нийлж, цэцэрлэгийн өргөтгөл бариад үр хүүхдийнхээ төлөө ийм сайхан зүйл хийж байхад залуучууд хаана байна. Аавууд яасан юм бэ л гэж бодсон. Би хамгийн түрүүнд залуучуудын тийм нэгдэл байна уу гэж хайж үзсэн. Байхгүй, олдоогүй болохоор нь нээж байсан түүхтэй. Зорилго нь Улаанбаатар хотын аль нэг гудамжинд миний охин явж байхад хэн нэг залуу гарч ирээд цохиод унагаачих тийм л нийгэмд бид амьдарч байна. Хүүхдүүд нь аав аа, ээж ээ багш намайг цагаан шугам, ногоон гэрлээр зам хөндлөн гар гэж заасан гээд хэлэхээр үгүй ээ, би яараад байна гээд хаа хамаагүй туучдаг нийгэмд бид амьдарч байна шүү дээ. Гуравхан настай хүүхэд дэлгүүр гарах гэж яваад л лифтний хонгил руу унаад үхчихдэг нийгэм. Өнөөдөр унтаад маргааш сэрэхэд талхны үнэ тал хувиар нь нэмэгддэг нийгэм. Яагаад ийм зүйлийг залуучууд, аавууд бид өөрчилж болохгүй гэж. Засаж болохгүй гэж. Яагаад аавууд бид үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж болохгүй гэж. Яагаад аавууд нийлээд нийгэмд жижигхэн гэрэл асааж болохгүй гэж бодож явсаар “Нийгмийн сайн сайхан бүхний эхлэл нь аавууд” гэсэн уриатайгаар одоо дөрөв дэх жилдээ нийгэм рүү чиглэсэн ажлыг гэр бүлдээ зарцуулах цаг заваасаа илүүчилж, хийж яваа. Өнгөрсөн жилүүдэд нийгэм рүү чиглэсэн 30 гаруй ажлыг хийсэн.
-Өчигдөр болон уржигдар талбай оров уу. Таныг цахим орчинд элдвээр бичээд байна шүү дээ?
-Сошиалаар нүдээд эхэлсэн. Хальт орсон. Яах вэ микрофон бариад ил гарсан нь зохион байгуулалт дутаад байгаа тэр үед нь чин сэтгэлээсээ жагсаж байгаа залуусыг харлуулах вий, зохион байгуулалтгүйн улмаас залуус элдэв хэрэг түвэгт орох вий л гэж сэрэмжилж байсны үүднээс гарсан.
-Дахиж талбай орох уу. Цахим орчинд яваад байгаа шиг Л.Оюун-Эрдэнийн, У.Хүрэлсүхийн гар хөл гэж яригдаад байгаа нь үнэн юм уу?
-Намайг намын хүн үү гээд байгаа шүү дээ. Би амьдралдаа намын уулзалтад очиж үзээгүй. Ардчилсан нам ч бай, Ардын нам ч бай ямар нэгэн намын хуралд очиж үзээгүй. Амьдралдаа намын үнэмлэх барьж ч үзээгүй.Намын хүн гээд байхаар нь өөрөө бодож үзлээ. Манай гэр бүлд намын үнэмлэх байдаггүй юм байна. Манай өвөө, аав, ээж, эмээд байдаггүй. Хэдэн үеэрээ намд ороогүй. Тэгэхээр би амьдралдаа Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй анх удаа тийм ойрхон байж үзлээ. У.Хүрэлсүх гэдэг хүнтэй уулзаж үзээгүй. Н.Учрал гэдэг хүнтэй уулзаж үзээгүй. Д.Сумъяабазар гэдэг хүнтэй бас уулзаж үзээгүй.
-Таныг Ерөнхий сайдын чихэнд юм шивнэсэн гэдгээр “Шивнээ” хочтой болчихлоо. Тэр үед яг юу гэж хэлсэн юм бэ?
-Тухайн үед юу болсон гэхээр би Ерөнхий сайдтай зүгээр л ойрхон зогсож таарсан. Яг ний нуугүй хэлэхэд, тэр урд гараад залуус хаана зогсох, юу хэлэхээ шийдэх боломж олдоогүй. Маш олон харуул хамгаалалтууд байсан. Жаахан л хөдлөхөд ийш тийшээ түлхэх, Ерөнхий сайдыг хамгаалах үйлдэл үзүүлж байсан. Иймэрхүү л байдалтай учирсан. Тухайн үед ойрхон зогсож таараад л “Сая юу гэсэн бэ” гэхэд нь тэр залуугийн хэлснийг би давтаж хэлсэн. Өөр асуудал болоогүй. Жагсаалтай холбоотой зүйл ярихаар бол эхнээс нь ярих нь зөв байх гэж бодож байна.
-Тэгвэл эхнээс эхлэх үү, хоёулаа?
-Яагаад гэвэл би яг хэн бэ. Жагсаал ямар учиртай байсан юм бэ гэдгээс эхэлнэ. Ерөнхийдөө намайг очиход аль хэдийнэ жагсаал эхэлчихсэн байсан. Хэн зохион байгуулаад, юу болоод байгаа нь мэдэгдэхгүй. Би залуучуудыг чин сэтгэлээсээ амьдрал нь үнэхээр болохгүй байгаа болохоор очсон л гэж бодсон. Яг түүн шиг миний амьдрал болохгүй байсан. Өмнөх жилүүдэд олж байсан орлого маань нэмэгдээгүй, хасагдаагүй яг хэвээрээ. Гэхдээ өмнө нь би амьдраад болоод байсан. Тэр бүү хэл түүнээсээ илүүчлээд нийгэм рүү чиглэсэн ажил зохион байгуулдаг байлаа. Одоо болохгүй байна. Яг л түрүүний хэлсэн шиг нэг л өглөө босоод иртэл талхны үнэ нэмэгдчихсэн. Тийм нийгэмд бид амьдарч чадахгүй. Өнөөдөр Монголд залуучууд зүгээр л хөдөлмөрлөөд амьдрах ямар ч боломж алга. Тийм болохоор л би юу хүссэн гэхээр залуучууд очоод Засгийн газар юмуу хэн нэгэнд өгөх шаардлагад нь бас миний оруулах 3-4 шаардлага байгаасай л гэж хүссэн. Мэдээж үнийн хөөрөгдлийг бүгд ярьж байна. Миний өнгөрсөн жилүүдэд судалсан нэг зүйл нь авлигын болон эрүүгийн тухай хууль. Шилэн дансны тухай хуулиудыг би судалж үзсэн юм. Тэнд болохгүй юмнууд байгаад байна. Нэгдүгээрт, Авлигын тухай хуулийн 13.2 гэж заалт бий. Тэр заалтыг 2012 онд УИХ-аар өөрчилсөн байдаг. Их хурлын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ёс зүйн дэд хороо шалгана гэж байгаа. Манай залуучууд бүгд google-дээд үзээрэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл УИХ-ын гишүүд өөрөө өөрийгөө шалгадаг хуультай. Тэгэхэд чиний төлөө би ажиллая, чи намайг сонго гээд сонгогдсон. Гэтэл ингэж сонгогдсон хүмүүс хөрөнгөжөөд байх нь зөв үү. Үүнийг АТГ шалгадаг байгаач ээ л гэж хүссэн. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн 22.2 гэдэг заалт. УИХ-аар 2017 оны тавдугаар сарын 11-нд хүчингүй болгочихсон. Би өөрөө энэ заалтын зовлонг нь үзсэн болохоор судалж, мэдээлэл авч яваад байгаа юм. Хэсэг найзуудтайгаа нийлж, үйлдвэрлэл бий болгоё, залуучуудыг цалинжуулъя гээд ЖДҮ-ийн зээл хүсч, төсөл бичиж, 2-3 жил явсан. Зөвхөн төсөл бичиж явсан. Шалгараагүй. Гэхдээ энэ хуулийн гайгаар миний өмнөөс УИХ-ийн гишүүн, сайд дарга нар, албан тушаалтай хүмүүс залуучуудын боломжийг хулгайлчихсан байхгүй юу. Тэр хууль нь юу гэж байдаг вэ гэхээр авлига албан тушаалын тухай гэмт хэргийн хууль байгаа. Эрүүгийн хуулийн 22.2 гэдэг заалтыг УИХ-ын гишүүд нь хүчингүй болгож байгаад тэрбум тэрбумаар нь хулгай хийсэн байхгүй юу. Миний хүсч байгаа зүйл энэ хуулийн заалтаа сэргээж, шинэчлээч ээ. Тэгээд тэр залуучуудын боломжийг хулгайлсан, албан тушаалаа урвуулан ашигласан, эрх бүхий хүмүүст нь хуулийн дагуу хариуцлага тооцооч ээ. Гуравдугаарт, залуучууд бид эрх тэгш амьдралыг хүсч байна. Засгийн газар өөрөө танаж болох бүх зардлаа танаач ээ. Яагаад иргэдийн өгсөн татвараар тэд утсаар ярьж амьдрах ёстой юм. Яагаад иргэдийн өгсөн татвараар тэд тансаглаж, машин авч, жолооч хөлсөлж, бензин хийлгэж, тансаг өрөөнд суух ёстой гэж. Тэр хүмүүс чинь уг нь иргэдийг сайхан амьдруулъя. Залуусыг ажилтай орлоготой болгоё, та нарыг ажиллаж хөдөлмөрлөх боломжийг чинь олгоё гээд амлалт өгөөд ажил хийе гээд очсон хүмүүс шүү дээ. Ижил тэгш байгаач ээ л гэж хүсээд байгаа юм. Би ийм хэдэн шаардлагыг хүсч тэнд очсон учраас шаардлагуудаа гээгдчих вий, хамгийн сайн судалсан зүйл учраас тэр зүйлүүдийг яриад хэлчихье л гэж бодсон.
-Та “Сандалтай суулт”-ыг зохион байгуулж байсан О.Отгонтөгсийг таньдаг юм уу?
-Танихгүй. Тэр жагсаал дээр л 2-3 удаа таарсан. Үг сольж үзээгүй. Магадгүй танилцах боломж олдвол танилцана. Үйл хэргийнхээ төлөө хамтраад зүтгэхэд яагаад болохгүй гэж. Жагсаал дээр нэгдэж нийлсэн, танилцсан маш олон залуучууд надтай холбоотой байгаа. Бид хоорондоо цаашдаа яахаа ярьж байгаа. Тэр залуучуудын бас нэг онцлог нь юу вэ гэхээр бүгд сэтгэлийн дуудлагаараа ирээд жагссан. Сэтгэлийн дуудлагаараа ирээд зогссон учраас ёс зүйтэй, эмх цэгцтэй байгаасай л гэж хүссэн юм. Харамсалтай нь эмх цэгцгүй байлгах гэж, санаатайгаар жагсаалыг ашиглах гэж, үймээн самуун дэгдээх зорилготой хүмүүс ирж байсан. Тэр болгоныг залуучууд хөөгөөд л явуулсан. Гэхдээ эмх цэгцтэй байлгахыг хүсээгүй хэсэг нь өнөөдөр жагсаал тэдний санасныг гүйцээгээгүй учраас л харлуулаад байгаа юм. Жагсаалыг анхнаасаа зохион байгуулалттай байсан гэж хэдэн мянган залуусын хичээл зүтгэлийг харлуулах гэж л хичээгээд байгаа. Өнөөдөр тэнд очсон залуусын нэг нь ч захиалгатай байгаагүй. Дунд нь яахав зорилготой мэр сэр хүмүүс орж ирсэн л байх. Үгүйсгэхгүй.
-Гэхдээ удирдан чиглүүлэх хүнгүй болохоор яах гэж байгаагаа мэдэхгүй, юу хүргэхээ мэдэхгүй байдалтай байсан шүү дээ. Та үүнийг хэрхэн харж байв?
-Тийм болохоор л зохион байгуулалтгүй, сэтгэлийнхээ дуудлагаар очсон жагсаал байхгүй юу. Тэгээд л надаас эхлээд үгээ хэлсэн нь зүгээр тодорч харагдаад байгаа юм.
-Нэг зүйл ажиглаад байхад жагсаал эхлэх цагтай байсан шигээ тарах цагтай байгаагүй юм уу?
-Байсан шүү дээ. 21:00 цагт таръя гэдгээ би лав очсон цагаасаа хойш уриалсан.
-Тэгээд яагаад шөнөжин үргэлжлээд Их тэнгэрийн ам руу бөөнөөрөө явав?
-Тэр чинь үймээн самуун дэгдээхийг оролдож, зохион байгуулалттай очсон хүмүүсийн л хийж байгаа ажил. Очсон залуусын цөсийг хөөргөөд л уриалаад байгаа нэг хэсэг байсан. Яг чин сэтгэлээсээ очсон залуус өглөө очоод л орой тарчихсан. Үймээн самуун бидэнд хэрэггүй. Өнөөдөр долдугаар сарын 1 шиг үйл явдал хэрэггүй. Энэ хэнд ашигтай юм гэвэл улстөрчдөд ашигтай байхгүй юу. Дахиад Монголд үймээн самуун үүсвэл баларна шүү дээ.
-Ерөнхий сайдад өгсөн 15 шаардлагын хариуг хэдий хүртэл хүлээх вэ. Бодит арга хэмжээ авахгүй бол яах вэ?
-15 гэдэг тоон дээр акцент өгөөд байгаа юм. Уг нь 15-аас их шаардлага өгсөн. Залуучууд гараараа маш олон шаардлага бичсэн. Яахав, компьютер дээр бичиж амжсан нь л 15. Юм ер нь маш хурдан болж өнгөрсөн. Эхнээсээ Засгийн газар хэмнэх боломжтой зүйлээ хэмнэж байна гэсэн мэдээлэл гарлаа. УИХ-ын зарим гишүүд албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө өгч л байна. Түүнийг нь шалгаж байна гэсэн мэдээлэл гарч л байгаа. Гэхдээ туйлын хүсэл нь юу вэ гэхээр таатай орчинд амьдрах, олж байгаа орлого нь амьдралд нь хүрэх, нэр бүхий албан тушаалтнууд нь залуучуудынхаа боломжийг хулгайлахгүй байх, үнийн өсөлтийг барих л юм. Тиймээс цаашдаа жагсаалынхаа үр дүнг үзэхийн тулд залуучууд битгий зогсоосой л гэж хүсч байна. Өнөөдөр Монголын залуучууд урагшаа алхаж чадсан байхгүй юу. Хэзээ залуучууд нэгдэж нийлээд сэтгэлийнхээ дуудлагаар талбайг дүүргэдэг байсан юм бэ. Хэзээ залуучууд гадна нь зогсож байхад төрийн удирдлагууд гарч ирж сонсдог байсан юм бэ. Хэзээ залуучуудын жагсаалд зориулж Засгийн газар нь ээлжит бусаар хуралдаж байсан бэ. Энэ нэг алхам урагшилсан байхгүй юу, бид. Одоо үүнийхээ үр дүнг үзэхийн тулд битгий зогсоосой л гэж хүсч байна.
-Та хувиараа ямар бизнес эрхэлдэг юм бэ?
-Би саяхнаас хувиараа барилгын бизнест хүч үзэж байгаа. Манай эхнэр бас хувиараа гоо сайхны салбарт ажилладаг. Залуучууд минь зохион байгуулалттай харлуулсан, гүтгэсэн гүжирдсэн ийм зүйлээс бүү ай. Үзэл бодолдоо үнэнч байгаарай. Өнөөдөр надад ч гэсэн айх зүйл байхгүй.
-“Аавуудын групп” 119 мянган гишүүнтэй юм байна лээ. Сүүлийн үед нийгэмд чиглэсэн ажил хийж чадаж байгаа юу?
-Маш идэвхтэй байсан. Ковидоос хойш хоёр жил үйл ажиллагаа зогсонги байгаа. Бидний хамгийн сүүлд хийсэн ажил гэвэл ээж аав, ах нь өнгөрчихсөн хүүхдүүдэд хувийн хаус барьж өгөөд дууслаа. Энэ ажил ковидоос болоод жил гаран үргэлжиллээ. Хөл хорио, барилгын материалын үнийн хөөрөгдлөөс болоод. Дараагийн ажил нь жил болгон уламжлал хэлбэрээр зохион байгуулдаг аавуудын дундах сагсан бөмбөгийн тэмцээнийг саяхан зохион байгуулсан. Мэдээж цааш үргэлжлээд явна. Аавууд нэгдэж нийлээд нийгэмд хэрэгтэй гэрэл гэгээтэй зүйлийг хийсээр байна. Гэхдээ “Аавуудын групп”-ээс явуулж байгаа юм болгоныг хандиваар битгий хараарай гэж л би залуучуудаасаа, аавуудаасаа гуйгаад байгаа юм.
Энхтайваны гүүрний зүүн талд буюу “Дунд гол” урсдаг хэсэгт Усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан.
Усан паркийн барилгын явцын талаар “M&G” констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Усан паркийн төсөл зогсоогүй, 2028 он гэхэд бүрэн ашиглалтад орно. Хувийн хэвшлийн ажилд хөндлөнгөөс оролцон, буруу мэдээлэл тараасан тул би та бүхэнд мэдээлэл өглөө. Бид төслөө хоёр жилийн дотор барьж дуусгана” гэв.
Усан парк барих төслийг “M&G” констракшн анх санаачилжээ. Зураг төслийн дагуу цогцолборын усан паркийн хэсэгт 50 метр урттай усан бассейн, 12 замтай усан гулгуур, хиймэл далайн эрэг зэрэг байрлах бөгөөд спорт цогцолборын хэсэгт NBA-ийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн ордон болон 30 гаруй спортын танхим бий болох юм.
БОАЖЯ-аас өнгөрсөн хоёр сарын хугацаанд аялал жуулчлалын салбарынхантай шат дараалсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн, уулзалтыг хийж, салбараа хэрхэн хурдан хугацаанд сэргээх тухай хэлэлцэн 5-н асуудлыг гарган хөндөж, шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлж ирсэн.
Тус 5-н асуудлыг Монгол Улсын Засгийн газар гишүүдтэй санал солилцож, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн дэмжсэнээр Аялал жуулчлалын салбарт том дэмжлэгийг авч чадсан юм. Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Эдийн засгийн форум үеэр шийдсэн 5-н шийдвэрийг хүргэж байна.
1. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
2. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
3. 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
4. Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
5. Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих болно.