Categories
гадаад мэдээ

НАТО удахгүй ОХУ-тай айлсана DNN.mn

Швед, Финланд улсууд удахгүй НАТО-д элсэхээр бэлдэж байгааг албаны эх сурвалж батлав.Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш эдгээр улсууд НАТО-д гишүүнээр элсэх асуудал маш нухацтай яригдах болсон юм. Ирэх долоо хоногт болох НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр энэ асуудал хэлэлцэгдэх болсныг АНУ-ын төрийн департамент мэдээлэв. Уг уулзалтад Швед, Финландын гадаад хэргийн сайд нар оролцох гэнэ.ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөрш Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлэхдээ НАТО-гийн өргөжилтийг зогсоох зорилготой гэж зарлаж байсан.Тэгвэл түүний эхлүүлсэн энэ дайны үр дүнд НАТО улам өргөжин бүр “бөөрөнд нь тулж” буй нь Путины зорилго эсрэгээр эргэж эхэлснийг харуулж байна.

Швед, Финланд улсууд олон жил төвийг сахин эвсэлд үл нэгдэх бодлого баримталж ирсэн түүхтэй. Гэвч Украинд гарсан дайн эдгээр улсуудын ард иргэдийн санаа бодлыг огцом эргүүлээд байна. “Финланд, Шведийн олон нийтийн үзэл бодол сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд хэрхэн огцом өөрчлөгдсөнөөс Путин стратегийн алдаа гаргасныг харж болохоор байна” гэж АНУ-ын төрийн департаментын албаны төлөөлөгч энэ долоо хоногт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Финландын ерөнхий сайд Санна Марин тус улсын парламент НАТО-д элсэх асуудлыг ойрын өдрүүдэд хэлэлцэх ба “ирэх зунаас өмнө үр дүнд хүрнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссон тус улс үндэсний аюулгүй байдлын бодлогоо шинэчилж байгаа бөгөөд тавдугаар сарын сүүлээр уг ажил дуусна гэв. Тэр үед Шведийн засгийн газар НАТО-д элсэх албан ёсны байр сууриа зарлах гэнэ. Тэгвэл ОХУ Швед, Финланд улсууд НАТО-д элсвэл “Бид үндэсний аюулгүй байдлаа хангах үүднээс баруун жигүүртээ илүү анхаарал тавих болно” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “SkyNews” сувагт ярьсан юм.Харин НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг “Швед, Финланд улсууд шийдвэрээ гаргавал маш хялбар замаар гишүүн болох боломжтой” гэж мэдэгдсэн.“Бид олон жил хамтран ажилласан туршлагатай. Зэвсэгт хүчний чадавх, нэгдмэл байдал, ардчиллын хяналт гээд бүх үзүүлэлтээрээ тэд НАТО-гийн стандартыг бүрэн хангадаг” гэж Столтенбэрг ярьжээ.Финландын албаныхан өөрийн улсыг албан ёсоор гишүүн болоогүй ч НАТО-гийн гишүүний бүх шаардлагыг хангаж байгааг саяхан мэдэгдсэн байна.Энэ бүхэн НАТО тун удахгүй ОХУ-тай хөрш бууж айлсах нь тодорхой боллоо гэсэн үг.


ТОВЧХОН

ОХУ Украинд түрэмгийлснийг эсэргүүцэн Оросын найман дипломатчийг хөөж байгаагаа Японы засгийн газар мэдээллээ. Японы гадаад хэргийн яамны төлөөлөгч Хикарико Оно өчигдөр энэ талаар мэдээлж, Дотоод хэргийн сайд Такео Мори тус улсад суугаа ОХУ-ын элчин сайд Михаил Галузинд мэдэгдэл хүргүүлсэн байна.Түүнчлэн Японы ерөнхий сайд Фумио Кишида “Их-7” бүлэгтэй зөвшилцсөний дагуу ОХУ-ын эсрэг нэмэлт хориг тавих аж. “Их-7” бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтаар ОХУ-ын нүүрс, байгалийн хийн импортод хориг тавих талаар ярилцан тохирсон юм. Япон өмнө нь цэргийн зорилгоор ашиглагдах боломжтой бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлохыг хориглож, ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй улстөрчдийг хар жагсаалтад оруулан, олон улсын сүлжээнээс Оросын банкуудыг хасаад байсан.Зүүн Ази дахь нөлөөлөлдөө анхаарч буй Япон улс нь Украинд дэмжлэг үзүүлэх олон улсын харилцаанд тэргүүлэх үүргийг гүйцэтгэхээр хичээж байгаа бөгөөд Зүүн Азид Хятад улс цэргийн ажиллагаагаа нэмэгдүүлж буйд Япон санаа зовнин барууны холбоотнуудтай хамт гэдгээ илэрхийлсээр байгаа билээ. Украины дайнаас үүдэн Москватай харилцаа муудсан Европын улсууд ч Оросын олон дипломат ажилтныг албадан гаргаад байгаа юм. Мөн Японы эрх баригчид ОХУ-д шинэ хориг тавьжээ. Гадаад харилцааны яамных нь албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлсэн байна.Шинэ хоригт ОХУ-ын 28 байгууллагын 398 хүн хамрагдсан бөгөөд байгууллагууд нь цэрэг дайн, зэвсэглэлтэй холбоотой гэнэ. Япончуулд мөн ирэх тавдугаар сарын 12-ноос хойш ОХУ-д хөрөнгө оруулалт хийхийг хоригложээ.

l l l

Австри улсын канцлер Карл Нехаммер ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан байна. Москвагийн ойролцоо Ново-Огарево дахь Путины амьдардаг өргөөнд болсон уулзалт харьцангуй богино буюу 75 минут үргэлжилжээ. Канцлер Нехаммер нь Оросын цэрэг Украины газар нутагт халдан довтолсноос хойш Путинтэй нүүр тулж уулзсан Европын Холбооны гишүүн улсын анхны төрийн тэргүүн болж байгаа юм.“Уулзалт тийм ч найрсаг уур амьсгалтай болсонгүй. Путинтэй маш илэн далангүй, шулуун, хатуу ширүүн яриа өрнүүллээ” гэж Нехаммер уулзалтын дараа мэдэгджээ.Тэрбээр мөн өнгөрсөн бямба гаригт Киев хотод айлчилж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсан юм.“Аль аль талдаа хохиролтой, хэн ч ялахгүй дайныг дуусгах ёстой гэсэн анхааруулгыг Путинд хүргэх нь миний хамгийн гол зорилго байлаа. Түүнд үүнийг нэг удаа хэлэх хангалтгүй. Арван удаа хэлэх ч хангалтгүй. 100 удаа хэлэх хэрэгтэй ч байж магадгүй. Гэхдээ энх тайвныг тогтоох, Украины ард түмний аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүхнийг хийх ёстой гэж би бодож байна” гэж Нехаммер мэдэгджээ.Байгалийн хийн хэрэгцээнийхээ 80 хувийг Оросоос авдаг Австрийн өмнөх засгийн газар Москватай найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг байсан юм.Харин Карл Нехаммерын засгийн газар уг хандлагыг үндсээр нь эргүүлж, Украинд эзлэн түрэмгийлэл явуулж буй ОХУ-ыг буруутгаж, Европын Холбооны хориг арга хэмжээг дэмжиж, Оросын дипломатчидыг нутаг дэвсгэрээсээ хөөгөөд байгаа билээ.“Австрийн канцлер Нехаммерын Путинтэй хийсэн уулзалт ярьж байгаагаасаа илүү ач холбогдолтой болсон гэж найдъя. Австри улс өнгөрсөн хугацаанд Москвад ашигтай тэнэгийн үүргийг хангалттай гүйцэтгэсэн” гэж Зальцбургийн Их сургуулийн улс төр судлаач, профессор Райнхард Хайниш твиттер хуудсандаа бичжээ.

Categories
мэдээ нийгэм

НМХГ: Агаар бохирдуулагч эх үүсвэр ашигладаг 360 орчим байгууллага байна DNN.mn

“2021-2022 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалт”-ыг мэдээлж байна

НМХГ-аас “2021-2022 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалт”-ыг мэдээлж байна.

-Нийт 53 ээж авч шалгуулахад шахмал түлш стандартын шаардлага хангасан гэв. “Таван толгой түлш” компани БНХАУ-аас барьцалдуулагч авч ашигладаг. Үүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бодис илрээгүй.

Агаар бохирлуулагч эх үүсвэр ашигладаг 360 орчим байгууллага бий. Хог хаягдал шатаасан гэх мэт зөрчлүүдийг илрүүлэн торгууль тавьсан.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мөн хяналт шалгалт хийдэг.

Categories
мэдээ нийгэм

Ган бөмбөлөгийн үйлдвэрийн тогоо дэлбэрч, гурван хүн түлэгджээ DNN.mn

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баяннексус” ХХК-ийн үйлдвэрийн төмөр тогоо дэлбэрчээ. Ослын улмаас 39-42 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй түлэгдэж гэмтсэн байна.

Ган бөмбөг үйлдвэрлэдэг тус компани дээр гарсан эл ослын шалтгааныг шингэрүүлсэн хийн бортогыг цэвэрлэлгүй тогоонд хийснээс үүдсэн гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдана DNN.mn

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуваарь

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

11.00

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Судалгааны Их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

16.00

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Бусад

“Их Эзэн Чингис хаан” танхимд

11.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

12.00

Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Дэд хорооны ажлын төлөвлөгөөний төсөл хэлэлцэх

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

· Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох

· Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх

“Их Эзэн Чингис хаан” танхимд

15.00

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Дэд хорооны тогтоолын төсөл /Зөвлөл байгуулах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН-ын будлиан дарга нартаа биш, гол нь гишүүддээ байгаа юм биш үү DNN.mn

ОХУ, Украины дайн дэлхий дахины анхаарлын төвд байна. “Удаан үргэлжлэхгүй болов уу” гэж таамаглаж байсан энэ дайн эхэлснээс хойш хоёр сар болох гэж байна. Энэ хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг дэлхийн улс орнууд дарангуйлагч хэмээн ад үзэх болов. Гэвч яг үнэндээ В.Путиндаа биш, ОХУ-ын ард түмэнд асуудал байгаа юм биш үү. Үүнийг баталж байгаа мэт нэгэн судалгааны дүн байна. В.Путин Кремтэй дайн хийхэд түүнийг ард иргэдийнх нь 86 хувь дэмжиж байсан гэдэг. Одоо Украинтай дайтаж буй түүнийг 80 хувь нь дэмжиж байгаа нь сүүлийн судалгаанаас харагдаж байна. Ард түмэн нь дайн хүсч, бусад орныг эзлэн түрэмгийлж шим шүүсээр нь өөрсдөө сайхан амьдрах гэж хүсдэг бололтой. Ийм л учраас ОХУ-ын ард түмэнд асуудлын гол нь байгаа юм биш үү гэж дэлхий нийт харах болжээ. Товчхондоо, ард түмнийхээ хүсэлтийг биелүүлэхийн тулд В.Путин сүүлийн жилүүдэд зэвсэг хангинуулах боллоо. Үүнээс үзвэл ард түмнийх нь сэтгэл санаа өөрчлөгдөхгүйгээр ганц В.Путин солигдоод нэмэргүй юм байна. Яг үүнтэй адилхан нэг процесс манай улсад өрнөж байна. Энэ бол АН дотор өрнөж байгаа үйл явдал. АН-ын дотоод тэмцэл дарга нартаа биш, гишүүддээ гол нь байгаа бололтой. ОХУ, Украины асуудал эхлээд хоёр сар болж байгаа бол АН-ын дотоод зөрчил эхлээд хоёр жил болж байна.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа удирдлагын түвшиндээ хоёр хуваагдсан АН-ын хуваагдлыг гишүүд нь хүлээн зөвшөөрсөөр өнөөдрийг хүрлээ. Уул нь намын удирдлагад байгаа хэдэн хүний л зөрчил гэж ард түмэн үзсээр ирсэн. Гэвч яг үнэндээ гишүүдэд нь хамаг учир байгаа юм биш үү гэж хүмүүс хэлэлцэх боллоо. Намынхаа хуваагдлыг гишүүд нь улам өөгшүүлж гүнзгийрүүлсээр ирсэн гэхэд болно. Яагаад ингэж бодох болов гэвэл ямар үйл явдал болсоор ирснийг эргэж харцгаая. Дарга нар эрх мэдэл тамга тэмдгээ булаалдан намаа миний нам, чиний нам гэж хуваасан. Тэднийг дагаад намын гишүүд нь хоёр хуваагдаж ээлж дараалан өөр өөрсдийн даргаа сонгох хурал хийцгээв. Хурал зарлах бүрд тус намын гишүүд идэвхийлэн түүнд нь оролцож мянга мянгаараа саналаа өгцгөөдөг. Хэрэв гишүүд нь намаа ийм байдлаас гаргахыг хүссэн бол даргын сонгуульд нь оролцохгүй бойкот хийж болох байв. Та нар дээрээ учраа ол, нэгдчихээд ир, хуулийн шаардлага хангачихаад ир, тэрний дараа Их хурал хийе. Бид та нарын тоглоомонд оролцож намаа хагалахгүй. Хэн дуртай хүний тоглоом болдог нам биш гээд сууж байх байв. Гэвч намаа эвлэлдэн нэгтгэх санал санаачилга гаргаж буй гишүүд гээд байгаа хэнд нь ч ийм бодол төрсөнгүй. Дарга нарыхаа энэ хагаралдааныг улам өөгшүүлэн ямар идэвхтэй хурал, цуглаан хийж хэдэн ч Их хурал хэдэн ч дарга сонгочихов, одоо бараг тоогоо алдаж байна. АН-ын гишүүд одоо бүр дарга нарынхаа тэмцлээс ашиг хонжоо хайдаг болчихлоо.

Өнөөдрийнх шиг хоёр хуваагдаж байгаагүй ч АН-ын дарга нар эрх мэдлээ хоорондоо булаацалдсаар ирсэн. Үеийн үед л ийм байсан. Ужгирсан их тэмцэл дундаас гишүүд нь дарга нарынхаа тэмцлийг өөгшүүлээд байдаг юм байна. Хоёр талд хуваагдсан АН хоёулаа сая Их хурлаа хийлээ. Хурлаараа үзэл бодол, ардчиллын төлөө либерал үзэл зэргийг бараг ярьсангүй. Зүгээр л гишүүд нь ирж даргад өрсөлдөж байгаа хүмүүсийн мөнгийг үрж хэдэн өдөр архидаж, буудал саваар байрлаж намын Их хурлын төлөөлөгч гэх эгогоо хангахын төлөө хөдөлж байна. Х.Баттулгыг намын даргаар батламжилсан Их хурлаас харахад Ардчиллын төлөө тэмцэж явсан түүх, намын лидерүүд, либерал үзлийг огт дурссангүй. Хуралдсан дүр үзүүлээд л өнгөрлөө. Даргад өрсөлдөж байгаа хүнээ 100 хувь дэмжээд л болчихлоо. Ард түмнийг хэрхэн сайхан амьдруулах талаар ч ярьсангүй. Ердөө л сонгуулиар хэн ялах магадлалтайг харж байна. Энэ нь ялж магадгүй, баян юм байна гээд дагаж байна гэхэд хилсдэхгүй. Үүнээс харахад, АН-ын гишүүд мэр сэр ялаад төр засгийг удирдалцаж бялуу хуваагаад сурчихсан, бүр түүнийхээ амтанд нь орчихсон юм байна. “Татвар төлөгчдийн мөнгийг хуваарилах эрх мэдэлтэй болно” гэж үүний төлөө нүдээ ухаж өгөхөөс өөрцгүй зүтгэж байна. Аль нэгэн хүчтэй лидерийн нөмөр нөөлөгт хоргодоод бялуу хүртэхийн төлөө л хичээж байна. Тийм ч учраас хэдэн зуун мянгаараа намынхаа хуваагдлыг хүлээн зөвшөөрч сонгуульд нь саналаа өгч, Их хуралд нь ирж байна. Түүнээс бус намын эв нэгдэл тэдэнд түй ч хамаа алга.

АН 1990 онд Зөвлөлтийн дарангуйллаас гарахыг хүссэн монголчуудыг ардчиллын замаар хөгжүүлж тусгаар, жаргалтай улс болгохын төлөө тэмцэж гарч ирсэн нам. Гэтэл сүүлийн үед барууныг үзэн ядсан, ОХУ-ыг дэмжсэн либерал үзлийн үртэс ч байхгүй гишүүдтэй болж байгаа нь юун ардчилал бараг сэжиг төрөхөөр харагдаж байна. Намын даргаа батламжлахдаа анхны лидерүүдээ үзэн ядсан үг унагаж байна. Сүхбаатарын талбайд болсон жагсаалын үеэр АН-ын нэг гишүүн Э.Бат-Үүлийн толгойтой үснээс нь зулгаасан. Ингэх нь ч аргагүй юм байна. Яагаад гэвэл, тэрээр намаа нэгтгэсэн нэр зүүж энэ түүхэн намын нэрээр хоолонд хүрэхэд нь саад болох гээд байгаа учраас. Энэ нам түүхэнд нэртэй, түмэнд алдартай нам. Энэ намын лидерүүд Монголын түүхэнд бүү хэл дэлхийн түүхэнд бичигдсэн лидерүүдтэй нам. Энэ намын түүхээс ичдэг,энэ намын үзэл бодлыг үл тоодог, бүр үзэл бодлых нь эсрэг хатуу чанга дарангуйлагч мөрөөддөг ямар гишүүд хаанахын хэн гээч хүмүүс байна даа, ингэхэд. АН-ын гишүүд ингэж л үзэл санаагаа нулимж байна. Тэд ухаалаг байсан бол тал талд хуралдаж, даргад нэр дэвшигчийг дагаж ашиг хонжоо хайх бус “Бүгд хамтраад хуралдъя. Шүүхийн өмнө учраа олж ардчиллаа авч явъя. Өмнөх түүх, бахархлаа хаяж болохгүй” гэж хэлэх байлаа. Угтаа энэ нам ардчилал либерал үзлийг Монголд авч ирсэн нам шүү дээ. Өнөөдөр тэр бүгдийгээ нулимаад эргэж санахыг ч хүсэхгүй байна. АН ухаалаг гишүүдтэй байсан бол асуудалд арай өөрөөр хандаж намын дарга сонгох гэдэг энэ бүх жүжгийг таслан зогсоох байлаа. Гэвч ийм сэтгэл, зүтгэлгүй нь ардчиллыг үл ойшоон хэзээ ч шүүх зөвшөөрөхгүй үйл явдал хийн жүжиг тоглож байгаагаас харагдаж байна. Энэ нам нэгдэж нийлэхгүй л бол шүүхийн тоглоом болоод дуусна. Нэг намынх нь тамга бодит, нөгөө намынх нь дарга бодит ингэж тоглосоор энэ нам сөнөх нь. Сэхэх ч шинж алга. Ийм гишүүдтэй, ийм үзэл бодолтой нам байх юм бол түүнээс ард түмэн юм горьдоод хэрэг байна уу. Тэд олон түмнийг шулах ээлжээ хүлээсэн хүмүүсийн бөөгнөрөл л болчихож байгаа юм биш үү.

Одоо АН эргэж сэргэхийн тулд хоёр талд хуваагдсан байдлаа больж дарга болох гэсэн хүмүүсийн эгог дарж Их хурлаа хамт хий, ард түмний татвараар цугласан мөнгийг захиран зарцуулах эрхтэй болох гэсэн шуналаа тат, улс төрийн намтар цэвэр, шинэ залуу хүнээ гаргаж ир. Хуучин төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсээ хүндэл, харин тэднээ дарга болгох хэрэг байхгүй. Тэд зүгээр намын домог болоод цаана нь зогсож байх хэрэгтэй. Тэднийг ямар ч үед төрд гаргах хэрэг байхгүй. Тэд болсон, төдийгөөс өдий хүртэл юу хийсэн нь бэлээхэн ард түмний амьдрал бодит шалгуур нь байна. Ингэхгүй бол АН цаашаа явахгүй. Хэн араа шүдээ билүүдсэн шунал нь нүүрэн дээрээ ил гарсан хүмүүсийг сонгох юм бэ. Сонгогчид хэрсүүжиж, өөрсдийнхөө төлөө зүтгэх хүнийг сонгохоос өрөөлийг хуурах хүнийг сонгохоо больсон байна шүү дээ.

АН-ын гишүүд одоо л нэгдэж намаа аврахгүй бол оройтно. Хоёрхон жилийн хойно дараагийн сонгууль болно. Энэ хүртэл хоёр талд хуваагдсан АН-ын гишүүд дарга нарынхаа хуваагдлыг өөгшүүлэн хоёр талд саналаа өгсөөр, дэмжсээр байвал хэзээ ч эвлэхгүй. Ядаж хэнийг нь ч дэмжихгүйгээ илэрхийлж бойкот хийх хэрэгтэй. Намын гишүүд байхгүй бол дарга нар үнэндээ хэн ч биш. Тиймээс одоо АН-ын гишүүд үнэ цэнээ мэдрүүлж, намаа нэгтгэх цаг ирлээ. Та нарт дарга болж хүний бизнес луйвардах гэж бодохоос илүү ард түмнээ амар жимэр амьдруулах түүхэн үүрэг байгаа юм шүү, уул нь.

Categories
мэдээ цаг-үе

Нью-Йоркийн метронд галт зэвсэгтэй этгээд халдаж, 20 хүн шархдуулжээ DNN.mn

Нью-Йоркийн метронд галт зэвсэгтэй этгээд халдлага үйлдэж, 20 хүн шархдуулжээ

Нью-Йоркийн метронд мягмар гарагийн өглөө галт зэвсэгтэй этгээд халдаж, 20 хүн шархдуулжээ. Уг хэрэгтэй холбоотой байж болзошгүй сэжигтэн 62 настай Фрэнк Р Жэймс гэгчийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Тэрээр U-Haul компанийн ачааны машин хөлсөлсөн бөгөөд хэргийн газраас түүний түлхүүр олдсон байна.

Брүүклин дүүргийн 36 дугаар гудамжны буудалд өглөө 08:30 цагт болсон халдлагын үеэр гэмт этгээд 33 удаа буудаж, 10 хүн шархдууллаа гэж Нью-Йоркийн цагдаагийн газраас мэдээлжээ. Таван хүний биеийн байдал хүнд ч тогтвортой байна гэв. Сэжигтэн этгээд гал нээснийхээ дараа утаа гаргагч хаясан бөгөөд хэргийн газраас тэсрэх бөмбөг олджээ.

Сэжигтний талаар мэдээлэл өгсөн хүнд 50 мянган долларын шагнал амлаад байна.

Categories
мэдээ цаг-үе

Их Британийн ерөнхий сайд хөл хорионы үеэр төрсөн өдрөө тэмдэглэсэн шалтгаанаар торгуулжээ DNN.mn

Цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийг зөрчиж, төрсөн өдрийн баяр тэмдэглэснээ Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр энэхүү буруутай үйлдлийнхээ төлөө олон нийтээс уучлал гуйж, зохих торгуулийг төлснөө мэдэгдсэн юм.

“2020 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Даунинг Стритэд болсон арга хэмжээтэй холбоотойгоор өнөөдөр би Лондон хотын цагдаагийн газраас торгуулийн мэдэгдэл хүлээж авлаа. Торгуулийг даруй төлснөө би үүгээр мэдэгдээд дахин уучлал гуйж байна” гэж Жонсон өчигдөр орой мэдэгджээ.

Их Британийн ерөнхий сайдын албан өргөө Даунинг Стритийн хурлын өрөөнд тухайн өдөр Борис Жонсоны төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулагдсаныг тус улсын хэвлэлүүд анх илчилж байв.

Эхэндээ Жонсон уг арга хэмжээг албан уулзалт гэж тайлбарлаж байсан юм.

“Үүнийг дүрэм зөрчсөн үйлдэл гэж би бодоогүй. Гэхдээ цагдаа нар өөрөөр тайлбарлаж буй тул би мөрдөн байцаалтын үр дүнг хүндэтгэж байна” гэж Жонсон өчигдөр хэлжээ.

Жонсоноос гадна тус улсын сангийн сайд Риши Сунак бас торгуулийн шийтгэл хүлээсэн байна.

“Ковидын үеэр хүмүүс маш их зүйлээ золиосолсныг би мэдэж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдал тэднийг бухимдуулсныг ойлгож байна. Ийм нөхцөл байдалд хүргэж, олон нийтийг бухимдуулсандаа би гүнээ харамсаж байна” гэж Сунак мэдэгдээд торгуулиа төлснийг бас мэдээлжээ.

Ерөнхий сайдын гэргий Кэрри Жонсон мөн үдэшлэгт оролцсоныхоо төлөө 50 фунт стерлингийн торгуулиар шийтгүүлсэн байна.

Лондон хотын цагдаагийн газар хөл хорионы үеэр засгийн газрын өндөр албан тушаалтнуудын оролцсон 12 найр наадмын арга хэмжээг мөрдөж байгаа бөгөөд хэвлэлүүд уг дуулианыг “partygate” гэж нэрлээд байгаа юм.

Одоо Их Британийн парламент улаан өндөгний баярын улмаас завсарлаад байгаа. Дөрөвдүгээр сарын 19-нд чуулган эхлэх үеэр Борис Жонсон, Риши Сунак нарыг албан тушаалаас нь огцруулах асуудал яригдаж болзошгүй байна.

Парламентын гол сөрөг хүчин Лэйбор намын тэргүүн Кэйр Стармер “Борис Жонсон, Риши Сунак нар хууль зөрчиж, Британийн ард түмэнд олон удаа худал ярьсан. Тиймээс тэд огцрох ёстой” гэж мэдэгджээ.

“Partygate”-ийн анхны дуулиан дэгдсэнээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд Жонсоны засгийн газар ямар нэг хууль дүрэм зөрчигдөөгүй гэсэн мэдэгдлийг 39 удаа хийж байсан гэнэ.

Лондон хотын цагдаагийн газар мөрдлөгийн үр дүнд нийт 50 торгуулийн арга хэмжээ аваад байна. Гуравдугаар сарын сүүлээр эхний 20 албан тушаалтанд торгуулийн шийтгэл оноосон бол өчигдөр нэмээд 30 хүнийг торгожээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Цогзолмаа: Эрдэмтдийнхээ судалгааг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар эрдэмтэд өчигдөр Төрийн ордонд цугларлаа. Тэд хууль тогтоох үйл ажиллагаанд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцав. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-Уулзалтад нэлээд олон эрдэмтэн судлаач ирсэн харагдлаа. Эрдэмтэд хууль тогтоох үйл ажиллагаанд хэрхэн оролцох вэ?

-Парламентын судалгааны хүрээлэн 30 хүрэхгүй судлаачтай. Бид УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, үр дүнтэй, өгөөжтэй болгох зорилготой. УИХ-ын гишүүдэд хавар, намрын чуулганаар хэлэлцэгдэх тухайн хуулийн төслүүдэд төрөлжсөн, яаралтай гэсэн хэлбэрээр судалгааг нь гаргаж өгдөг. Яаралтай судалгаа хийхэд судлаачдын маань нөөц хүрэлцээ муутай байдаг л даа. Судалгааны хүрээлэнгүүдийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хүмүүсийг хүлээн авч уулзсаны гол зорилго бол судалгааны чиглэлд хамтарч ажиллах юм. Нарийн мэргэжлийн шинжлэх ухааны судалгаануудад шаардлагатай бол УИХ захиалга өгөөд эрдэмтэдтэйгээ хамтарч ажилладаг. Нөгөө талд маш олон салбарт нийгэмд хэрэгтэй судалгаануудыг хийсэн эрдэмтэн доктор, профессорууд олон бий. Тэдгээр эрдэмтэн судлаачдынхаа том датаг үүсгэе гэж байгаа юм. Эрдэмтэд маань хоорондоо шейр хийж ажиллана гэсэн үг. Мөн арав, хорин жил судалгаа хийсэн доктор, профессоруудын маань судалгааны бүтээлүүд өнөөдөр үхмэл хэлбэртэй байгаа нь тун харамсалтай. Төрийн тогтвортой бодлогыг явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад тэдгээр бүтээлүүд ашиглагдаж байх учиртай шүү дээ. Иймд эрдэмтдийнхээ судалгааг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой.

-Эрдэмтдийн бүтээлийг нийгэмд яаж бодитой болгож, үр шимийг нь хүртэх вэ?

-Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “D parlia­ment” платформд үхмэл судалгааны бүтээлүүдийг шейрлэж солилцох том дата үүсгэе гэж байгаа юм. Эдийн засаг, нийгмийн салбар юм уу нарийн мэргэжлээр хийсэн судалгаануудын мэдээлэлтэй баазууд үүссэнээр олон талын ач холбогдолтой. Тэр чиглэлээр УИХ-аар хууль хэлэлцүүлэхэд, гишүүд болон хэрэглэгчид, дахин судалгаа хийх гэж байгаа оюутан хүртэл ашиглаж болохоор судалгааны бүтээлүүдийг эргэлтэд оруулах юм.

-Үр дүнгийн хувьд ямар хүлээлт байгаа вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудын парламентын судалгааны хүрээлэнгүүд яг ийм байдлаар ажилладаг. Шинжлэх ухаанд үндэслэсэн улсын хөгжлийн бодлого нь эрдэмтдийн судалгаанд тулгуурладаг. Тэр мэдлэг, хуримтлуулсан мэдээллүүдийг шийдвэр гаргагч нар зөв ашиглаад, зөв чиг баримжаа тогтоосон хууль батлах юм бол урт настай, амьдралд хэрэглэгдэнэ. Ийм байдлаар дэлхий нийтийн жишиг рүү хандаж ажиллах юм. Дэлхийн улс орнуудын парламентын судалгааны хүрээлэнгийнх нь суурь бааз бүх судалгааны хүрээлэнгийнх нь дэргэдэх номын сан байдаг. Манайд ч бас хамгийн баялаг номын сан байна. Бид олон нийтэд нээлттэй болгож заншаагүй л болохоос биш, эртний олдоц ховор тэр бүх ном манай номын санд байх жишээтэй. Цааш нь номын сангаа цахимжуулах хэлбэрт шилжүүлэх бодлогоор авч явна.

-Аливаа улсын хөгжил шинжлэх ухаанд суурилагддаг. Гэтэл манай улс энэ салбараа хөгжүүлэх тал дээр хөрөнгө санхүүгийн хүндрэл бэрхшээл их байдаг шүү дээ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Сайн засаглал, тогтвортой хөгжлийн баталгаа бол шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн бодлогоо тодорхойлох. Улмаар санхүү хөрөнгө мөнгөнийхөө бодлогыг хэрэгжүүлэх нь менежмэнтийн асуудал. Тэгж байж хөгжлийн бодлого алдаагүй, төсөв нь үр ашигтай байна. Бид сайн судалгаа хийе, томоохон асуудлыг судалъя гэвэл нэмээд зайлшгүй хөрөнгө мөнгө шаардлагатай. Өнөөдөр томоохон судалгаануудын хөрөнгө санхүүг олон улсын байгууллагаас дэмжлэг хүссэн байдалтай явж байгаа. Цаашдаа бид жил жилийнхээ төсөвт хийх судалгааныхаа хөрөнгийг тусгаад явдаг дэлхийн жишиг рүү ороод явах нь зүйтэй.

-Ер нь шинжлэх ухааны салбараар мөнгө босгох ямар боломж байна вэ. Энэ тал дээр эрдэмтэд ямар санал, шийдэлтэй байдаг юм бол?

-Судлаачдаа маш сайн үнэлэх хэрэгтэй. Жишээлбэл, ноолуурын зах зээлийн өнгөрсөн арван жилийн судалгааг ирэх арван жилийн судалгаатай хиймээр байна. Эдийн засгийн үр ашгийг нь тооцно гэвэл манай судлаачид захиалагч байгууллагад ноолуурын үнэ ханш, юунаас болж унасан зэрэг нарийн судалгааг хийгээд өгөх боломжтой. Тэр судалгаанд үндэслээд дараагийн арван жилийн ноолуурын зах зээлийн нөхцөл байдлыг харуулсан мега төслийн суурь бэлтгэгдэнэ гэсэн үг. Яамдууд засаг төр салбар салбарын бодлогыг мэргэжлийн эрдэмтэн судлаачдаар хүрээг нь өргөжүүлж, баяжуулж хийх юм бол тэр чинээгээр л зөв тооцоо судалгаатай чиг баримжаа гарна. Мөн нүүдэлчний өв соёлоороо дамжуулж аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой. Ингэхийн тулд эдийн засгийн агуулгаараа яаж шийдэж, юугаараа бид ямар ашиг орлого олох боломж байгааг гаргаж ирнэ гэсэн үг. Мөнгө босгох бололцоотой. Эхний суурь санхүүжилтийг нь төр хийгээд өгчих юм бол цаашаа жил болгон өөрсдөө хэрэгтэй төсвөө аваад, нэмж орлого олоод судалгаагаа явуулах бүрэн боломжтой. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдиийн эцсийн зорилго бол Монгол Улсаа хөгжүүлэх шүү дээ.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаан бич өдөр DNN.mn

2022.4.13, ЛХАГВА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
НАЙМАН ЦАГААН УЛААН БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.13, Лхагва гариг
  • Наран ургах шингэх: 06.07-19.38
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө хур тунадас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.