Далайц гарцгүй манай улсын хувьд өнөөгийн хил, гаалийн хязгаарлалттай нөхцөлд төр, засгаас тээвэр-логистикийн байдлыг нэг бодлогоор зангидаж дэмжих шаардлагатай байна. Тодруулж хэлбэл, ЗТХЯ, ГХЯ шаардлагатай зохицуулалтыг олон улсын гэрээнд тусгаж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Энэ талаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн өчигдөр болсон Монголын Бизнесийн зөвлөлийн хурал дээр онцолсон юм. Дээрх хурал нь “Монгол Улсын худалдаа, тээвэр-логистикийн салбарт тулгарч буй хүндрэлтэй байдал” гэсэн сэдвээр болж, түүнээс гарах гарц шийдлийн талаар худалдаа, тээврийн холбогдох байгууллагын төлөөллүүд хэлэлцэв.
Энэ талаар хурлыг зохион байгуулагч байгууллагын нэг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөнөөс тодруулахад, “Бидэнд төр-хувийн хэвшлийн хооронд мэдээллийн сүлжээ бий болгох, тээвэр зууч, логистикийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх, Гадаад харилцааны сайдын даргалж буй Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо гадаад худалдаатай холбоотой бүх санал хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авах “Нэг цонх”-ны механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг дахин шинэчлэх шаардлагатай байна” гэсэн гарц гаргалгааны талаарх саналаа хэлж байв.
Энэ талаар мөн ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал Э.Есүхэйгээс тодруулахад, “Бид хилийн хязгаарлалт, олон улсын хорио цээрийн нөхцөлд БНХАУ-тай худалдааны чиглэлд өөрсдийн боломжоор ажиллаж байна. Нөхцөл байдал хүнд, зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд тулгамдаж байна. Манай улс БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Энэ хүрээнд урд хөрш манай улсын экспортыг аль болох хамгийн боломжтой хувилбараар нэвтрүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж байна.
Өнөөдөр Европоос Монгол руу татаж байгаа бараа, худалдаа ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотой бага зэргийн гацалт үүссэн. Иймд ОХУ, Украин, Польш улсад сууж буй Монгол Улсын Элчин сайд нар хил дээр очиж, газар дээр нь ажиллаж байна. Бид тээвэр зуучийн компаниудыг сүүлийн үеийн мэдээллээр ханган, дэмжин ажиллаж байна.
ГХЯ-ны чиг үүрэгт хамаарах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байна. Жишээ нь, тээвэрлэлтийг сайжруулах зорилгоор гуравдагч улсуудтай тээврийн хэлэлцээр нэмж байгуулах, улс орнуудтай тээврийн зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх, ногоон даатгалын асуудлыг хөнгөвчлөх, тээвэр зуучдын компаниудыг хүртээмжтэй болгох, тээврийн шинэ маршрут нээх зэрэгт анхаарч байна. Эдийн засгийн коридорыг нэмэгдүүлэхэд санал дэвшүүлэн ажиллаж байна” гэв.
ЗТХЯ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням, “Тулгамдаж буй нөхцөл байдал нь зөвхөн манай улсын Засгийн газар буюу Монгол Улсын талаас хамаарах асуудал биш, олон улстай хамтын ажиллагаа, үйл ажиллагааны хүрээнд мөн олон асуудал үүсэж байна. Гэхдээ бид БНХАУ-ын талтай хил, гааль дээрх тээврийг эрчимжүүлэх талаар ярилцаж, хоёр хоногийн өмнө Гашуунсухайт боомтоор 300 тонн нүүрс экспортлоод байгаа”-г дуулгалаа. Энэ нь сүүлийн 2 жилд гараагүй үзүүлэлт гэдгийг тэрээр тодотгож байв.