Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Ардчилсан нам бол Монгол Улсын тулах баганын нэг” гэж У.Хүрэлсүхийн хэлснийг бодоод…DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг Ерөнхийлөгч саяхан хүлээн авч уулзахдаа “Ардчилсан нам бол Монгол Улсын тулах баганын нэг. Тиймээс энэ цаг үед улс орныхоо төлөө хамтарч ажиллах ёстой. Хийрхсэн улс төрөө одоо хойш тавь” гэж хэлнэ билээ. “Эрдэнээд хуурамч тамга атгуулж өөртэйгөө өрсөлдүүлэн төрийн тэргүүн болсон хүн ингэж хэлэлгүй яахав” гэх үүднээс Хүрэлсүхийн үгийг хүмүүс хүлээн авч байна. Гэвч цаад наадах нь падгүй, хамгийн гол нь түүний хэлсэн үг гарцаагүй үнэн.

Харин харамсалтай нь улс орны тулах багана, ард түмний итгэл найдвар болсон уг намын гишүүд өөрсдийгөө шороотой хутган намынхаа нэрийг төдийгүй үндсэн дархлааг нь устгаж байгааг бид харж байна. Энэ тухай “Өдрийн сонин” “Эрх мэдлийн төлөөх хуваагдал үеийн үед оршиж, дарга нарынхаа ужгирсан тэмцлийг гишүүд нь өөгшүүлж ирсэн. Тэд ердөө даргад өрсөлдөж байгаа нөхдийн мөнгийг үрж хэдэн өдөр архидах гэсэн бодолтой. Тиймээс хэдэн зуун мянгаараа намынхаа хуваагдлыг хүлээн зөвшөөрч сонгуульд санал өгч, Их хурал гээчид нь тал талаас цуглаж байна. Намын эв нэгдэл тэдэнд хамаагүй болжээ” гэх үнэнийг өчсөн. Түрүү жил Ардчиллын баатар Бат-Үүлийг нэг авгай цагаан толгойноос нь үсдээд бараг л гудамжны нохой шиг гулдчиж чирч байгаа харагдсан. Сүүлд сонсох нь ээ, “Тэсо” компанийн ажилтан ч гэлүү, ямарчиг байсан тэр хүнд Ардчиллын баатар Бат-Үүл огтоос үнэ цэнэгүй бололтой.

Саяхан Х.Баттулгыг батламжилж буй их хурал гээч дээр “Тэсо”-гийн О.Цогтгэрэл “Ардчилсан намыг хэн нэгэн 10 хүн тойрч суугаад байгуулчихсан юм биш. Ардчилсан нам бол мянганы тэртээх их гүрнийг санагалзсан үндэсний бахархал дээр, сүүлийн зуунаар тоологдох жилүүдийн эрх чөлөөний хүсэл тэмүүлэл дээр байгуулагдсан” гэсэн үг хэлж танхимд суусан нөхөд нь алгаа хорстол ташсан. Ардчиллын баатруудаа, анхны лидерүүдээ үгүйсгэсэн энэ үг АН-ын гишүүдэд тэгтлээ их таалагдаж байгаа юм байх. Ерэн оны цагаан морин жилийн түүхэн хувьсгал маань ер нь юу болж хувирах нь вэ. Ямарчиг байсан Ардчилсан нам бол үнэхээр Монгол Улсын тулах баганын нэг, улс төрийн гол хүчин мөн гэдгийг хэлье.


Д.БАТБОЛД

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Дээд шүүхийн 38 дугаар тогтоолын дагуу сунгаагаа зарлаад нийт гишүүдийнхээ олонхын саналаар АН-ын дарга тодорсон. Дээд шүүх зөвхөн бүртгэх ёстой бүртгэлийн байгууллага DNN.mn

Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар намын даргаар батламжлагдсан Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг АНын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нар өчигдөр Улсын дээд шүүхэд хүргүүллээ.


Энэ үеэр АНын удирдлагууд болон гишүүдийн байр суурийг тодрууллаа.

ДОСХ-ны дарга И.Мөнхжаргал: -АН намын даргаа сонгож Дээд шүүхэд материалаа хүргүүлж байна. Үндсэн хуульд заасны дагуу АН-ын гишүүд маань эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж намын даргаа сонгон баталгаажуулсан материалаа хүргүүлэн ирж байна. Намын даргын сонгуульд хоёр нэр дэвшигч өрсөлдөж нэр дэвшигч Х.Баттулга 113 мянган хүний саналаар сонгогдлоо. Энэ үр дүнгээ намын Их хурлаараа хэлэлцэж, хэлэлцсэн үр дүнгээ Дээд шүүхэд хүргүүлж байна. Үүнээс илүү дээд шийдвэр гэж үгүй. Дүрэм, журам, хуулийн хүрээнд цааш нь өөр хийх зүйл үлдээгүй. Энэ удаад намын даргын материалыг хүргүүлэх Дээд шүүхийн төлөөлөл болгож бид хэдийг ирүүлсэн байгаа. Хэрэв үгүй гэж хэлбэл АН-ын гишүүд өөрсдөө ирнэ гэдгийг дамжуулаарай гэсэн. Дараагийн удаа гэж байхгүй.

Нийслэлийн АН-ын дарга УТЗ-ийн гишүүн Н.Пүрэвдаваа: -Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа, нийт сонгогчдын 44 хувийн саналыг авсан улс төрийн хүчин УИХ-д 80 орчим хувийг эзэлж байгаа. Гүйцэтгэх засаглалыг зуун хувь эрх барьж байна. Нийслэлд нийт сонгогчдын 20 орчим хувийн санал авсан эрх баригч нам мөн л зуун хувь засаглаж байна. Нийслэлд 45 төлөөлөгчтэй байхад 34 төлөөлөгч буюу 75 хувь нь мажоритар тогтолцооны алдаанаас болж төлөөлөх хувь нь хувьсаж байна. Үүнээс үүдээд нэг зүлйийг хэлэхэд АН 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 200 орчим хороодод салбар нэгжтэй хоёр л улс төрийн хүчин бий. Энэ нь бол МАН, АН. Гэтэл Дээд шүүх өнөөдөр улс төрийн шийдвэр гаргаж АН-ын бүртгэлийн асуудлыг удаа дараалан хойшлуулж, маргаантай байдалд хүргэж байгаа нь улс төрийн шийдэлд хүрч байна гэж үзэж байна. Жишээ нь, Дээд шүүх МАН-ын харьяа байгууллага шиг үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэж болохоор. Уг нь аливаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэнийг бүртгэж авах үүрэг бүхий бүртгэлийн байгууллага атал субьектийнх нь хувьд дарга нь ийм байх ёстой, эсвэл дотоод зохион байгуулалтаараа хоорондоо учраа олох ёстой гэсэн гол асуудал руу орох нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн хүрээнд боломжгүй байгаа юм. Дээд шүүх бол МАН-ын дохио зангаагаар шийдвэр гаргадаг байгууллага болчихоод байна. Өнөөдөр бид намынхаа Их хурлаар холбогдох шийдвэрүүдийг гаргаж, гарсан шийдвэр материалуудыг албан ёсоор хүлээлгэн өгч байна.

Дээд шүүх Үндсэн хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу шийдвэр гаргах байх гэж бодож байна. Нийслэлд ядуурлын түвшин 30 гаруй хувь болчихлоо. Ам.долларын ханш нь 3000 гараад явчихлаа. Зургаан хувийн зээлийг банкнууд татчихлаа гээд эдийн засийн хувьд хүнд нөхцөл байдал нийслэлчүүдийн өмнө тулгарч ирээд байна. Гэтэл МАН өнөөдөр ямар арга хэмжээ авч байна вэ гэхээр ундааны чихэрлэгийн асуудал, архины согтууруулах гэх мэтчилэн асуудлууд ярьж буй нь байгаа олсон шийдэл, шийдвэрүүдийг гаргаж чадахгүй байна гэж үзэж байна. Улаанбаатар хотод сая гаруй сонгогч байгаа. Орон нутгийн сонгуулиар нийт дөрвөн зуу гаруй мянган сонгогч санал өгсөн. МАН хоёр зуун мянга хүрэхгүй санал авсан. Ингээд нийт сонгогчдын 20 хувь хүрэхгүй санал авсан Улс төрийн хүчин цаана нь байгаа 80 орчим хувь нь саналаа өгөөгүй, өөр байр суурийг илэрхийлсэн нь эрх баригч намд таатай хандахгүй байгааг харуулж байна. Эрх баригч нам бол намынхаа төлөө ажиллаж байна. Бид 1990 онд нам төвтэй биш иргэн, нийгэм төвтэй үндсэн хуульт парламентын засаглал бүхий тогтолцоог тунхагласан ч өнөөдрийн байдлаар эргээд нам төвтэй тогтолцоо руугаа явлаа. Монгол Улсад хөгжиж байгаа ганц зүйл нь МАН л байна.

АН-ын дарга Х.Баттулга: -Дээд шүүхийн 38 дугаар тогтоолын дагуу Ардчилсан намыг сунгаагаа зарлаад дүрмийнхээ дагуу хүсэлтээ хүргүүлээрэй гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Үүний дагуу намын даргын сунгаа зарлагдаж 21 аймаг, есөн дүүргээ тойрч АН-ын нийт гишүүдийнхээ олонхын саналаар дарга нь тодорсон. Ингээд Улсын Дээд шүүхэд АН-ын олон гишүүд дэмжигчид маань цуглараад бүртгүүлэх материалаа хүргүүлж байна. Бүртгэх, үгүй нь Дээд шүүхийн асуудал. Дээд шүүх зөвхөн бүртгэх ёстой бүртгэлийн байгууллага. Намын шийдвэр гарсны дараа Улс төрийн зөвлөл хэлэлцсэний үндсэн дээр цаашид хэрхэн ажиллах вэ гэсэн хувилбар гаргаж ажиллана. Анхан болон дунд шатны намын байгууллагуудтай уулзаад эхэлсэн. Цаашлаад 21 аймгаараа дахин тойрч сум, баг анхан шатны нэгжүүдтэйгээ уулзалт хийж, санаа бодлыг нь сонсоно.

АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир: -Дээд шүүхэд материалуудаа хүлээлгэж өглөө. Улс төрийн намын бүртгэлийг хөтлөх журам гэж байгаа. Уг журмын дагуу Дээд шүүх бүртгэлийн үйл ажиллагаа явуулна. Тийм учраас Дээд шүүх бид бүгдийн өгсөн материалуудыг бүгдийг нь бүртгэх үүрэгтэй. Тав хоногийн дотор Дээд шүүх дутуу материал байвал бид бүгдээс шаардаж болно. Ингээд бүртгэлийн хуралдааныг зарлана. Бүртгэл хөтлөх журмын тухай 3.7-д намын баримт бичгийн бүх шаардлагыг хангана гэж заасан байгаа. Энэхүү шаардлагуудын дагуу бид бүх шаардлагыг хангах 9978 хуудас материал буюу 55 боть материалыг бүгдийг нь өгсөн байгаа. Материалуудаа хүлээлгэн өгөхдөө бичиг баримтуудыг бүрэн хүлээлгэж өгсөн болно гээд цохолтоор нь гарын үсгийг нь авсан байгаа. АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн хураамж төлсөн баримт, улс төрийн намын баримт бичиг хөтлөх тухай журмаас эхлээд энэ намын Их хуралдааны явсан, зарласан, хүмүүс оролцсон, санал өгсөн гээд бүх материалуудыг хүлээлгэн өглөө. Өмнө нь Онц Их хурлын материал гэж 38 боть материал хүлээлгэн өгсөн бол энэ удаа 55 боть материал хүлээлгэн өгсөн нь магадгүй хамгийн их материалыг хүлээлгэн өгч байгаа үйл явдал болж байна. Хамгийн их хууль ёсыг сахиж өгч байгаа материалууд болж байгаа байх. Дахиад хэлэхэд, бусад намууд ганцхан хуудас цаас, хурлын тэмдэглэгээ гээд өгч байхад АН-ын үйл ажиллагаа ширхэг болгоноор тоолж, сум болгоноос нь баримтаа бүрдүүлэн өгч байна. Тийм учраас Дээд шүүх энэхүү материал нь хуулийн хүрээнд хүлээлгэн өгч үү гэдгийг шалгаж үзээд бүртгэх үүрэгтэй. Татгалзах үндэслэл нь бид бүгдийн өгсөн материал Үндсэн хуулийг зөрчиж үү, энэ нам өөрөө дүрмээ өөрчлөөд ямар нэгэн хуульд заасан бус уриатай, хүний эрхийг зөрчсөн дүрэм журамтай болчихоод ирвэл бидэнд зөвлөгөө өгөх үүрэгтэй. Тэгэхээр Дээд шүүх бүртгэлтэй 2017 оны Үндсэн дүрмийн дагуу бүх материал бүртгэгдэж хүрч ирээд хөтлөх журмаар нь хангасан байгаа гэдгийг мэдээлж байна.

УИХ-ын АН-ын ҮДХ-ны дарга Б.Мягмардаш: -Улс төрийн намын тухай хууль болон Ардчилсан намын дүрмийн хүрээнд 2020 оны долдугаар сарын 8-нд С.Эрдэнэ маань өөрийн биеэр тамгаа гардуулаад Ц.Туваан гишүүнд өгснийг монголчууд бүгдээрээ үзсэн. Энэ нь Ардчилсан намын дүрэмд юу гэж байдаг вэ гэхээр сонгуулийн үр дүнгээр огцорно гэж заасан байгаа. Үүнийг нь Үндсэн дүрмийн хороо ажлын таван өдрийн дотор албажуулж мэдээлэх үүрэгтэй. Бид бол үүнийгээ албажуулаад мэдээлчихсэн. С.Эрдэнэ бол намын дарга биш. Гэтэл зургаан сарын дараа гэнэт гарч ирээд 12 дугаар сард тамганы асуудал яриад эхэлсэн. Дээд шүүхээс тамганы дугаар яаж авсан юм бүү мэд. Саяны ээлжит бус Их хурлаар АН-ын дарга асан З.Энхболд үе үеийн дарга нар барьж байсан, миний анхлан хийлгэсэн тамга мөн байна гэж Их хурлын төлөөлөгчдөд зарласан. Намын эрх барих дээд байгууллага нь Их хурал байдаг. Бид Их хурлаараа С.Эрдэнэтэй холбоотой тамга тэмдэг, бичиг баримтын асуудлыг хүчингүй болгоод тогтоол гаргасан. Уг тогтоолоо нийтэд мэдээлээд “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”- ээр хүчингүйд тооцуулсан. Одоо бол тамга тэмдэгний маргаа

Categories
мэдээ нийгэм

Соёмботой уулын оройд газар олгожээ DNN.mn

Соёмботой уулын оройд газар олгожээ. Богдхан уулын дархан цаазат газарт болон Туул голын сав дагуу олгогдсон газруудыг ямар замаар олгосныг нягтлан шалгаж байна. Энэ талаарх мэдээллийг хүн бүхэн ил тод үзэх боломжоор удахгүй хангана хэмээн Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Заавал голын дагуу газар авна, үгүй бол жагсаал хийж өлсгөлөн зарлана гэсэн иргэд ч байна. Нийслэлийн 1.6 сая иргэнийг ундаалдаг усны сав газраа хамгаалахгүй бол болохгүй гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Хандмаа: Шанхайд бүх хөдөлгөөнийг хорьсон. Хоол хүнс, эм тариа түгээх хүмүүс л мопедтой явж байгаа DNN.mn

БНХАУ-ын Шанхай хотод коронавирусийн халдвар нэмэгдэж, хатуу хөл хорио үргэлжилж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа билээ. Хөл хорионы үеэр хоол хүнсний хомсдолд орж, Шанхай хотын иргэд үймээн самуун дэгдээж байгаа. Түүнээс сэргийлж төр засгийнх нь зүгээс цэрэг арми, танк оруулж байгаа гэх мэдээлэл түгээд байгаа юм.


Шанхай хотод нөхцөл байдал ямар байгаа талаар тус хотын Жиутин дүүрэгт амьдарч буй Н.Хандмаатай холбогдож ярилцлаа.


-Шанхай хотод нөхцөл байдал хүнд байгаа талаар мэдээлэл гарсаар байна. Халдварын байдал ямар байна вэ?

-Өнөөдрийн /өчигдөр/ байдлаар коронавирусийн батлагдсан 1189 тохиолдол байна. Мөн дээр нь шинж тэмдэггүй 25141 хүн байна гэсэн албан ёсны мэдээлэл гарсан.

-Нас барсан тохиолдол бий юү?

-Миний мэдэхийн тийм тохиолдол гараагүй байх шүү.

-Хатуу хөл хорионы дэглэмтэй байгаа бололтой?

-Тийм ээ. Шанхай хот дотроо бүх хөдөлгөөнийг хатуу хорьсон. Зөвхөн шаардлагатай хүнс, хоол, эм түгээх зорилгоор мопедтой хүмүүс явж болно. Бусад тохиолдолд шууд хориотой.

Түүнээс гадна орон сууцны хотхонуудыг тус тусад нь тусгаарласан. Хотхон дотроо явж болно. Гэхдээ халдварын тохиолдол илэрвэл орцоор нь тусгаарлаж, хүн гаргахгүй байгаа. Бүх хотхоныг биш, халдварын тохиолдол олноор илэрсэн орц болон гэрийнх нь хаалгыг лацдаж байгаа гэж дуулсан.

Ингээд 14 хоногийн турш бүх шинжилгээгээр ямар ч тохиолдол илрээгүй бол тухайн хотхоныг чөлөөлнө гэсэн. Жинан дүүрэгт өчигдөр ганц нэг хотхон чөлөөлөгдсөн мэдээлэл байна лээ.

-Хөл хорионд орсон иргэд хүнс тэжээлийн дутагдалд орж үймээн самуун дэгдээж байгаа гэх юм. Бодит байдал ямар байх юм бэ?

-Яг манай орчимд бол хэвийн байна. Энд хоол хүнсний хомсдолд орсон зүйл байхгүй. Хүнсний хүргэлт хийх явцад халдвар тархаад байна гэж үзэж байгаа учраас хүргэлтийн ажилчдыг цөөлсөн. Гэхдээ хотхоноороо нэгдээд хүнсээ авахыг хориогүй. Жишээ нь, 50 хүн нийлбэл нэг удаа хүргэлт гарна, эсвэл үнийн дүн нь 2000 юань хүрвэл нэг удаа хүргэлт ирнэ гэх байдлаар зохион байгуулж байгаа.

Үймээн самууны хувьд Шанхай хотын захын дүүргүүдийн хөгшин настай хүмүүс амьдардаг хэсэгт тийм зүйл болж байгаа бичлэгийг манайхан харсан байсан. Учир нь настай хүмүүс онлайнаар хоол хүнсээ захиалж чадахгүй болохоор үүсч байгаа асуудал бололтой.

-Цэрэг армийнхан, бүр танк хотод оруулж байгаа бичлэг цахим орчинд түгсэн. Эсэргүүцсэн иргэдийг дарахын тулд хийж байгаа ажиллагаа гэж хардаж байх шиг байна?

-Энэ мэдээллийг хуурамч мэдээлэл гэж зарласан. Ард иргэдийг хуурамч мэдээлэлд итгэж, үймж шуугьж болохгүй гэж анхааруулж байгаа.

-Халдвар авсан бага насны хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлаад авч явж байгаа гэв үү?

-Анх ийм тохиолдол гарч байсан. Одоо тэр шийдвэр нь өөрчлөгдөөд хүсвэл эцэг эхийн аль нэг нь өргөдөл гаргаад хүүхэдтэйгээ тусгаарлагдах боломжтой болсон юм билээ.

-Шинжилгээг яаж хийж байна вэ?

-Эмнэлэг дээр шинжилгээ авахгүй. Хотхон дээр эмч нар өөрсдөө ирээд зохион байгуулалттайгаар шинжилгээ авч байна. Дунджаар 3-4 хоногт нэг удаа ирж авдаг. Түүнээс гадна иргэд өөрсдөө гэрийн нөхцөлд авдаг антиген тестийг хоёр өдөрт нэг удаа өгч байгаа. Хариуг нь зурагжуулаад тестийнхээ QR кодыг вичатын зориулалтын аппликэйшн рүү нь илгээж хянуулдаг.

Бас дээр нь ковидын эм тарааж байгаа. Халуурсан, ханиадны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд уух заавартай. Тэгэхээр юу юугүй бүх хүнийг аваад явчихаж байгаа юм биш.

Түр эмнэлгүүд олон байгаа. Олон улсын үзэсгэлэн зохион байгуулдаг том төвийг тэр чигээр нь эмнэлэг болгож 50.000 ор дэлгэсэн мэдээлэл байсан.

-Эрүүл мэндийн байгууллагаас ямар зөвлөмж, зааврыг түлхүү өгч байна вэ?

-Энд хөршийн холбоод, СӨХ нь маш сайн ажилладаг. Орц болгон ви-чат групптэй. Түүгээрээ шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ айлууд хоорондоо сольж зарцгааж байна. СӨХ нь нэгдсэн журмаар засгаас тараасан хүнсний зүйлс, эм, ПСРтестийг нь тарааж байна.

-Тэдгээр нь хүртээмжтэй байж чадаж байна уу?

-Тухайн тоотод амьдарч байгаа хүн бүрийн тоогоор хоёр, хоёр удаа хоол хийж идэх гоймон тараана. Ихэнхийг нь хүмүүс өөрсдөө ви-чат групп үүсгээд бөөнөөрөө худалдаж авч байгаа. Яахав, энгийн үеэс авдгаас үнэ нь өндөр байна. Гэхдээ бүр хүн авч дийлдэхээргүй хаданд гарсан үнэтэй биш. Саяхан би 12 ширхэг кола ундаа авсан. Хэн нэгэн нь нэлээн олноор нь бөөндөж аваад хотхоны хүмүүстээ ширхэгийг нь гурван юаниар зарж байна лээ. Ширхэг кола энгийн үедээ 2.5-3 юань орчим байдаг.

Бидний хувьд бэрхшээлтэй байгаа зүйл бол хүргэлт удааширч байгаа асуудал.

-Тэгвэл бүр дордсон зүйл алга гэж ойлголоо?

-Миний хувьд хүн айж ичихээр хэцүү зүйл болоод байгаа юм огт алга. Онлайн худалдаанаас хүнс авах гээд чадахгүй байгаа ч хотхоныхоо хүмүүстэй нийлээд хүнсээ асуудалгүй авчихаж байна.

Найз нөхөд, танилууд маань “Шанхайд хүмүүс өлсөөд, сэтгэлээ унаад амиа хорлоод байна. Чи зүгээр үү, гайгүй юу” гэж ихээр асууж байгаа. Надад мах, сүү, гурил, будаа байна. Нэмээд ногоогоо жаахан базаачихвал асуудалгүй. Бараг дахиад нэг сар карантинд байсан ч тоох юм алга.

-Тест, эм тарианы хувьд хүртээмж нь хэр байна вэ?

-Ковидын эм, ПСРтест хүн бүрд хүрэлцээтэй ирж байгаа. Яг хүний тоогоор тоолоод өгдөг.

-Халдвар аваагүй тусгаарлагдаж байгаа хүмүүсийн хувьд ийм байж. Эмнэлэгт хэвтэж буй халдвартай хүмүүсийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл байна уу?

-Эмнэлэгт байгаа хүмүүс харин ч биднээс илүү хангамжтай байгаа бичлэгүүд яваад байгаа. Өдрийн гурван хоолтой, хангамж сайн байдаг бололтой.

-Вакцин хийж байгаа юу?

-Тодорхой нарийн мэдээлэл алга. Ямартаа ч гурав дахь тун хийгдсэн. Дөрөв дэх тун хийж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд хоёр дахь тунгаа хийлгэсэн, гурав дахийг хий гэж шаардсан зүйл алга.

-Шанхайд байгаа монголчуудын байдал ямар байна вэ. Хоорондоо холбоотой байдаг болов уу?

-Шанхай хот дахь Монголын Консулын газраас энд байгаа монголчуудыг асууж сураглаад нөхцөл байдлыг нь шалгаж байгаа. Бүгд л зүгээр байна гэцгээсэн юм билээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар тус тус өсжээ.

2022 оны 3 дугаар сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг байна.
Харин хуучин орон сууцны хувьд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.75 сая төгрөгт хүрлээ.
Categories
мэдээ цаг-үе

Алтай, Хангайн уулархаг нутгаар их хэмжээний цас орно DNN.mn

Алтай, Хангайн уулархаг нутгаар их хэмжээний нойтон цас үргэлжлэн орно. Зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ЕХ: ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу довтолж, түрэмгийлж байгааг буруутган эрс эсэргүүцэж байна DNN.mn

Европын холбоо, түүний гишүүн болон түнш орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар Украинд болж буй дайны талаар байр сууриа илэрхийллээ.


ОХУ болон Беларусын 877 хувь хүн болоод 67 ААН-ийг хориг арга хэмжээнд хамруулсан


Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз: -Европын холбооны улсууд ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу довтолж, түрэмгийлж байгаа явдлыг эрс эсэргүүцэж байна. Мөн Беларус улсыг энэхүү цэргийн түрэмгийлэлд нэгдэн орж байгааг буруутгаж байна. Энэхүү түрэмгийлэл нь Олон улсын хууль, Олон улсын хүмүүнлэгийн хууль болоод холбогдох хуулийг зөрчиж дайны гэмт хэрэг үйлдэж байгааг эрс буруутгаж байна. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор Европын холбооны гишүүн орнууд Украинд бүх төрлийн тусламж, дэмжлэг үзүүлж, түүхэнд байгаагүй хориг арга хэмжээг ОХУ-д үзүүлж байна. Тухайлбал, эдийн засгийн салбарын ногдуулах арга хэмжээ болоод хувь хүн рүү чиглэсэн хориг арга хэмжээг авсан. ОХУ болон Беларусын 877 хувь хүн болоод 67 ААН-ийг тус хориг арга хэмжээнд хамруулаад байна.ҮАНУ, Канад, Австрали, Япон, БНСУ, Канад улс нэгдсэн бөгөөд бусад улс орнууд хэсэгчилсэн байдлаар энэхүү хориг арга хэмжээнд нэгдэж байна. Түрэмгийлэл үйлдэж байгаа ОХУ-д энэхүү хориг арга хэмжээ ихээхэн хохирол дагуулж байгаа бөгөөд Европын холбооны улс орнуудын хувьд ч тийм хямд төсөр арга хэмжээ биш юм. Бид дээр дурдсан хувь хүн болоод ААН-үүдэд зориулсан хориг арга хэмжээгээ цаашид ч үргэлжлүүлэх болно гэдгээ илэрхийлж байна. Европын холбооноос Украинд 2014 оноос нийтдээ 17 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлээд байна. Дайн эхэлснээс гурав хоногийн дараа Европын холбооны зүгээс Украины зэвсэгт хүчинд цэрэг, зэвсгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр тунхагласан. Нийт үнийн дүнгийн тухайд 500 сая евротой тэнцэнэ. Дээрх үнийн дүнгийн 400 сая еврог нь цэрэг дайны зориулалтын 50 сая евро нь хүмүүнлэгийн чиглэлээр зориулах юм. Эцэст нь дүгнээд хэлэхэд, бид стратегийн ач холбогдол бүхий багц арга хэмжээ авах болно.Стратегийн баримт бичгийг Европын холбооны улсын гадаад харилцаа болоод Батлан хамгаалах яамнаас хамтран гаргасан. Энэхүү баримт бичигт Европын холбооны Аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр өөрсдийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор 10 жилийн турш авч хэрэгжүүлэх дараагийн ач холбогдол бүхий багц арга хэмжээг тусгасан байгаа юм.НАТО-той хамтраад Европын түнш орнуудтай хамтарсан аюулгүй байдал, батлан хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах болно.


Монгол Улсынхүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Франц улс хоёр талын хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлнэ


Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн: -Украин улс ОХУ-ын цөмийн зэвсгийг өөрийн нутаг дэвсгэрээс гаргасан. Энэ дайн бол үндсэндээ найман жилийн өмнөөс эхэлсэн дайн юм. Бид бүхний харж байгаачлан дайны хор уршгийн улмаас олон улс орон эдийн засгийн хор хохирол амсаж байна. Учир нь ОХУ-ын цэрэг арми хөдөө аж ахуйн томоохон салбарт хор нөлөө үзүүлсэн. Нэн ялангуяа Хар далай дахь бүс нутаг маш их хор хөнөөл амсаж байна. Үүнээс үүдэн тус бүс нутагт хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл газар авч байна. Энэхүү дайны улмаас Монгол Улс шиг олон орнууд валютын ханштай холбоотой томоохон цохилтод орж байна. Монгол Улс ОХУ-аас хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, хүнс болоод төмөр замын тоног төхөөрөмж импортлодог орны хувьд олон хүндрэлтэй тулгарч байна. Франц болоод бусад орнууд хүнс, ХАА-н салбарыг энэхүү үр дагавраас хор уршгийг нь бууруулах чиглэлээр хамтарч ажиллаж байна. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр худалдаа болоод импортын чиглэлээр хамтарч ажиллах зорилго агуулж байна. Хүнсний үйлдвэрлэлийг богино болоод урт хугацаанд дэмжих чиглэлээр анхаарч байна. Энэ мэтчилэн Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Франц улс хоёр талын хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж байна.Урт хугацаанд хүнсний аюулгүй байдал болоод эрчим хүчний салбарын биеэ даасан байдлын чиглэлээр хамтарч ажиллах юм. Мөн Монголын бизнесийн салбартай хамтарч ажиллаж байгаа. Урьд өмнө нь ч бид хамтарч ажиллаж байсан. ОХУ-д тогтоож байгаа хориг арга хэмжээнүүд Монгол Улсад нөлөөлөхгүй байх чиглэлээр өөрсдийн зүгээс анхаарч ажиллаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүний хувьд, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны гишүүний хувьд Монгол Улсын аливаа нэг аюулгүй байдалтай холбоотой асуудалд ч бид дэмжлэг үзүүлэхээ дахин илэрхийлж байна.


Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдэх чиглэлээр хамтарч ажиллаж байна


Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопил: -Манай улс Украиныг бүрэн дэмжиж ОХУ-ын түрэмгийллийг эрс буруутгаж байна. Украины дүрвэгсэд манай улсын нутаг дэвсгэрт олноороо ирж байгаа. Тиймээс бүд эдгээр дүрвэгсдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээнийхээ талаар хэлэхийг хүсч байна.Мөн Олон улсын Эрүүгийн шүүхээс дайны гэмт хэргийн эсрэг өөрсдийн мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн. Миний ойлгож байгаагаар одоогоор 40 гаруй улс орон Олон улсын эрүүгийн хуульд өөр өөрсдийн нэхэмжлэлээ гаргаж байгаа гэж бодож байна.Үүнтэй холбоотойгоор Чех улсын хувьд Монгол Улстай хоёр талын хамтын харилцаагаа өргөжүүлж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдэх чиглэлээр хамтарч ажиллаж байна. Чех улс ОХУ-ын дэгдээсэн дайны эсрэг аливаа нэг арга хэмжээ авахаа ийнхүү илэрхийлж байна.

Манай улс Украинаас хамгийн их дүрвэгсдийг хүлээж авсан

Бүгд найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко: -Манай улс ОХУ-аас Украинд үзүүлсэн түрэмгийллийн дараа дүрвэгсдийг хүлээж авсан цөөн тооны орнуудын нэг. Украины хүмүүнлэгийн хямралтай холбогдуулан эмэгтэйчүүд хүүхдүүдийн нулимсыг урсгаж байгаа энэ дайныг бид эрс буруутгаж байна. Украинаас дүрвсэн иргэдээс хоёр сая 700 мянган хүнийг манай улс хүлээж авсан нь дэлхийн хэмжээнд хамгийн их дүрвэгсдийг хүлээж авсан орны тоонд манай улс багтаж байна. Зэвсэгт мөргөлдөөнөөс өмнө хоёр орны хурцадмал байдалтай холбоотойгоор манай улс бэлтгэл байдлаа хангаж байсан. Дайн дэгдсэнээс хойш мянга мянган иргэд ААН-үүд Украины дүрвэгсдэд өөрсдийн чин сэтгэлийн тусламж үзүүлсээр байна. Түүнчлэн бодлогын чанартай байгууллагууд үйл ажиллагаа явуулж, дүрвэгсдийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг хангах чиглэлээр хамтарч ажиллаж байна. Нийт дүрвэгсдийн 80-90 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа учраас эдгээр иргэдийн аюулгүй байдал болоод нийгмийн асуудлыг хангах чиглэлээр дорвитой ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ дүрвэгсдэд эрүүл мэнд болон бусад үйлчилгээг зөв зохистой хүргүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байна.

Дайныг эрс шийдэмгий буруутгаж, үтэр түргэн дуусгавар болгоосой хэмээн хүсч байна

Бүгд найрамдах Болгар улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Валентин Ангелов: -Энэхүү дайны улмаас олон мянган украинчуудын амьдралын нөхцөл байдал доройтож, нутгаа орхиж дүрвэхэд хүргэж байна. Болгар улсын зүгээс хүмүүнлэгийн болоод бусад туслалцааг Украин улсад хүргүүлж байгаа. НҮБ болоод УЗН-тэй хамтарч туслалцаа үзүүлж байна. ОХУ-аас биднийг хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх нөхцөл байдлаар хангах ёстой хэмээн үзэж, бас шаардаж байгаа. Мөн дэлхийн бүхий л улс орнууд Украинд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэр дундаа эмнэлгийн тоног төхөөрөмж болоод усан хангамжаар хангах арга хэмжээг авч байна. Одоогийн байдлаар манай улс Украин улсын 75 мянга гаруй дүрвэгсдийг хүлээн авсан байна. Мөн хүмүүнлэгийн туслалцаанд 185 мянган ам. долларын зардал гаргаж байна. Украины ард түмэнтэй эв нэгдэл нэгтэй байгаагаа ийнхүү илэрхийлэхийн зэрэгцээ 1.7 сая еврог Засгийн газар болоод иргэдээсээ босгож Украины дүрвэгсдэд зориулж байна.Бид энэхүү дайны хор уршгийг сайтар ойлгож байгаагийн хувьд дайныг эрс шийдэмгий буруутгаж, үтэр түргэн дуусгавар болгоосой хэмээн хүсч байна.

НҮБ-ын гишүүн орнуудын нэг нь нөгөөгийнхөө бүрэн эрх рүү халдаж зэвсэгт халдага үйлдэнэгэдэг байж боломгүй үйлдэл

ХБНГУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Регина Рутенберг: -Үг маш их утгатай байдаг. ОХУ буруу үг хэлдэг, буруу ташаа мэдээлэл цацах чиглэлээр маш идэвхтэй ажиллаж байна. Тиймээс буруу ташаа мэдээллийн хүрээнд ОХУ олон улсын яриа хэлэлцээрт нөлөөлж, Украинд болж байгаа бодит нөхцөл байдлын зургийг гажуудуулах оролдлого хийж байна. Тиймээс эдгээрийг гярхай харах ёстой. НҮБ-ын бүрэн эрхт улс орнуудын нэг нь нөгөөгийнхөө бүрэн эрх рүү халдаж зэвсэгт халдага үйлдэнэ гэдэг бол хэзээ ч байж боломгүй үйлдэл. ОХУ-ын зүгээс энэхүү түрэмгий дайныг цэргийн тусгай ажиллагаа хэмээн нэрлэж байна. Түүнчлэн уг дайны учир шалтгааны талаар буруу ташаа мэдээлэл түгээж байна. Түүний зэрэгцээ хүн төрөлхтний эсрэг аймаглан устгах хэмээх нэр томьёоноос аль болох зайлсхийж байна.НҮБ 1948 онд аймаглан устгах талаарх тодорхойлолтыг гаргасан байдаг. Энэхүү тодорхойлолтод зорилготойгоор үндэстнийг болоод шашны байгууллага бусад бүлэглэлийг бүхэлд нь болоод хэсэгчлэн устгахыг хэлнэ хэмээсэн. Тэдгээр бүлэг хүмүүсийн амьдралын чанарыг доройтуулах бүрмөсөн устгах арга хэмжээг тодорхойлсон байдаг. Нэн ялангуяа нэг бүлгээс нөгөө бүлэг рүү өсвөр насны хүүхдүүдийг шилжүүлэх явдлыг ч энэхүү тодорхойлолтод оруулдаг. Тиймээс НҮБ болоод Европын аюулгүйн ажиллагааны байгууллага энэ чиглэлээр тодорхой анхаарал хандуулж байгаа. Аймаглан устгах хэмээх нэр томьёог огт хэрэглэхгүй байгаа нь дэлхий нийтэд хэвшсэн практикаас нэлээд гажсан практик хэмээн бид үзэж байна.Тиймээс энэхүү зэвсэгт халдлагаас хор уршгийг нь амсаж байгаа эмэгтэйчүүд болоод хүүхдүүд, бүхий л иргэдийн төлөө ийнхүү үгээ та бүхэнд дуулгаж байна.

Ямар ч улс орон аймаглан устгах үйл ажиллагаа явуулах эрхгүй

ИБУИНВУ-ын Онц бөгөөд бүрэн элчин сайд Филип Малон: -ОХУ Олон улсын хууль, Олон улсын хүмүүнлэгийн хуулийг ноцтой зөрчиж Украинд цэргийн гэмт хэрэг үйлдэж байна. Энэ гэмт хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой хэмээн үзэж байна. Олон улсын эрүүгийн шүүх гуравдугаар сарын 16-нд өөрсдийн шийдвэрээ гаргасан. Хоёр орон эсрэг санал өгсөн. ОХУ болон БНХАУ эсрэг санал өгсөн. Олон улсын эрүүгийн шүүхээс гарсан шийдвэрийг ОХУ үг дуугүй биелүүлэх ёстой. ОХУ хэдийгээр эсэргүүцэж байгаа ч үй олноор нь аймаглан устгах дайны гэмт хэрэг газар авсан нь тодорхой байна. Дараагийн чухал асуудал бол ОХУ-ыг оруулаад ямар ч улс орон аймаглан устгах үйл ажиллагаа явуулах эрхгүй. Тусгаар улсын нутаг дэвсгэрт аймаглан устгах үйл ажиллагаа явуулах нь байж боломгүй зүйл. Тиймээс шүүхээс ОХУ-ын тайлбарыг хүлээж аваагүй. Цаашлаад ОХУ-ын энэхүү түрэмгий үйлдэл нь Олон улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг тодорхойлсон. Путины Украины ард түмний эсрэг үйлдэж байгаа түрэмгийлэл бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэхийн зэрэгцээ олон улсын тогтсон дүрэм журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг дахин цохон тэмдэглэе.

Жижиг гүрнийг том гүрэн түрэмгийлэх замаар хэзээч асуудлыг шийдвэрлэж болохгүй

Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкоф: -Манай улс миний өмнө үг хэлсэн Европын холбооны гишүүн орны төлөөгчдийн үгэнд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж байна. Канад улс ОХУ-ын ерөнхийлөгч Путины аливаа нэг шалтгаангүй Украин улс руу түрэмгийлэл үйлдсэнийг эрс буруутгаж байна. Европын холбооны улсын гишүүн орнуудын аль нэгийг заналхийлсэн үйл явдал болж байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өрнөж байгаа томоохон зэвсэгт түрэмгийлэл болж байгаа нь НҮБ-ын дүрэм болоод Олон улсын тогтсон хууль журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Нэн ялангуяа хүний суурь эрхийг зөрчсөн тод илэрхийлэл юм. Энд төлөөлөл нь сууж байгаа улс орнууд болоод Монгол Улсын хувьд ч энэхүү түрэмгийллийн эсрэг өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж байна хэмээн ойлгож байна. Бидний хамгийн гол асуудал ОХУ болон Украин санал нэгдэхгүй асуудлууд байна. Энэ бол зөвхөн ОХУ Украины асуудал биш. Бусад улс орнуудад ч үл ойлголцох асуудал байдаг. Гэтэл эдгээр үл ойлголцлын асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэдэг. Жижиг улсыг том гүрэн түрэмгийлэх замаар хэзээ ч асуудлыг шийдвэрлэж болохгүй. Том гүрэн жижиг улсыг түрэмгийлснээр тухайн орны дэд бүтцийг устгаж, гэм зэмгүй Украин иргэдийг үхэлд хүргэж байгаа нь байж боломгүй зүйл. Тиймээс Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс дуу хоолойгоо нэгтгэж ОХУ-ыг эрс буруутгаж байна. Канад улс эрс шийдэмгий эр зоригтой Украины ард түмэнтэй хамт байгаагаа илэрхийлж байна. Бид хүмүүнлэгийн үйлсэд 45 сая ам.доллар зориулаад байна. Манай улс Украин улсад өрнөж байгаа асуудлаар Олон улсын Эрүүгийн шүүхэд дайны асуудлаар нэхэмжлэл гаргах асуудалд дуу хоолойгоо нэгтгэж байна. Уг дайнаас үүдэн дэлхийн улс орнуудын хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдлын асуудал үлэмж доройтсон. Нэн ялангуяа Путины Украинд явуулж байгаа дайны нөхцөл байдалтай холбоотойгоор улам доройтсон. Дэлхийд улс орнууд ОХУ-ын улаанбуудай бусад үо тарианы импортоос нэлээд хамааралтай байдаг. Тиймээс олон улс оронд хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Тиймээс эмзэг бүлгийн иргэдийн хувьд хүнсний аюулгүй байдлыг шийдвэрлэх шаардлагатай. Иймд манай улс энэ чиглэлээр улс орнуудтай хамтарч ажиллаж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ үлэмж нэмэгдэж байгаа энэ үед олон улс орнууд эдийн засгийн томоохон сорилттой нүүр тулж байна. Дэлхийн 20 орон улаанбуудайн 50 хувийг Орос, Украинаас нийлүүлдэг байсан. Тиймээс улаанбуудайн үр тарианы үнэ эрс нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байна. Монгол Улс ч ОХУ-аас импортолдог бараа бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай. Тиймээс манай улс нийт хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд идэвхтэй оролцож, импортоос ихээхэн хамааралтай улс орнуудын хүнсний аюулгүй байдлын хангах чиглэлд идэвхтэй ажиллана. Бид энэ үйл явц Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг анхааралтай ажиглаж байна. Канад улс 2021 онд Дэлхийн хүнсний хөтөлбөрт 360 сая ам доллар хандивласан цорын ганц орон байсан.

Учир шалтгаангүй, маш харгис түрэмгийлэл болж байгааг дахин хэлмээр байна

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески: -АНУ-ын байр суурь тодорхой байгаа. Манай улс Европын холбооны байр суурийг дэмжиж байгаа. Мөн гуравдугаар сарын 20-нд Европын холбооны улсаас Украины талаар зөв зохистой мэдэгдэл гаргасан. Бид өнөөдөр ОХУ-д байсан бол ийм хэвлэлийн хурал хийхгүй байсан. Учир нь ОХУ-д хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдал байнга зөрчигддөг. ОХУ хууль гаргаж дайны нөхцөл байдлыг мэдээлж байгаа үйл явцад хяналт тавьж, буруу хэмээн үзсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа. Учир шалтгаангүй, маш харгис түрэмгийлэл болж байгааг дахин хэлмээр байна. Миний өмнө үг хэлсэн Элчин сайдуудтай байр суурь нэгтэй байна. Украины дэд бүтцийг устгаж байгаа нь хүмүүнлэгийн болоод хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Путин Украины хөгжил цэцэглэлтэд сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ бусад улс орнуудын аюулгүй байдал, тэнцвэртэй хөгжилд харшилсан үйлдэл гаргаж байна. Тиймээс бид ОХУ-ын түрэмгийлэлтэй холбоотой Украинд өрнүүлж байгаа дайныг эрс буруутгаж өөрсдийн байр сууриа албан ёсоор илэрхийллээ.


Европын холбоо, түүний гишүүн болон түнш орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар байр сууриа илэрхийлсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Европын улс орнууд Оросоос эрчим хүчний их хамааралтай. Эрчим хүч худалдан авахын тулд Орос руу жилдээ 800 сая евро шилжүүлдэг. Энэ нь өөрөө Оросын дайныг санхүүжүүлж байгаа үйлдэл биш үү. Энэ хамааралтай байдлаас яаж гарах вэ?

-Себастиан Сүрүн: -Европын холбооны улсуудын хувьд ОХУ-аас эрчим хүчний хамаарал харилцан адилгүй импортолж байгаа.Тиймээс хориг арга хэмжээ бидний хувьд нэлээд өртөг өндөртэй байх болно. Тиймээс бид эрчим хүчний эх үүсвэрүүдээ төрөлжүүлэх арга хэмжээ авч байна. Зарим улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байна. Зарим нь цөмийн эрчимний эх үүсвэрийг өөр нэг боломж хэмээн харж байна. Энэ жилдээ багтаж ОХУ-аас авах эрчим хүч, газрын тос, байгалийн хий, нүүрс гэх зэрэг импортын барааныхаа хэмжээг бууруулна. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас хамаарах хамаарлаа улам бүр бууруулах чиглэлд анхаарч байна. Монгол Улс ч ОХУ-аас эрчим хүчий тодорхой хэмжээний хамааралтай. Тиймээс бидний хувьд Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчнийхээ эх үүсвэрт анхаарах нь зүйтэй хэмээн үзэж байгаа.Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хангалттай нөөц боломж бий. Тиймээс Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалах үүднээс эрчим хүчний аюулгүй байдлаа хангах ёстой. Монгол Улстай хүлэмжийн хийг бууруулах, ногоон эрчим хүч үйлдвэрлэх талаар хамтран ажиллаж байна. Орост тавьсан хориг арга хэмжээний нөлөөллийг Монголд бууруулах асуудал хамтын ажиллагааны хүрээнд том байр суурийг эзэлж байгаа.

Монгол Улс Орос-Украины асуудалд төвийг сахисан байр суурь баримтлаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас илэрхийлсэн байр суурийг та бүхэн юу гэж үзэж байна?

Акселль Никейз:-Бид хамтдаа Монгол Улсын Гадаад хэргийн яам НҮБ-ын тогтоолтой холбоотойгоор мөн ОХУ НҮБ-ын хүний эрхийн конвенцоос төлөөлөлгүй болж байгаа талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тиймээс эдгээр тогтоолуудыг батлахад дөрвөн улс орон эсрэг санал өгсөн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дипломатын хувьд Орос улс бусдаас тусгаарлагдчилаа хэмээн харж байгаа.

-Финланд, Швед зэрэг улсыг НАТО-д элсэхгүй байх мэдэгдлийг ОХУгаргасан. Энэ тал дээр байр сууриа илэрхийлсэн үү?

Ян Витопил: -Аливаа ардчилсан улс орон НАТО-д элсэх өргөдлөө гаргах эрхтэй. Швед, Финландын хувьд энэ эрхээ эдэлж өргөдлөө гаргасан гэж ойлгож байгаа. Европын бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахад НАТО-гийн үүрэг их юм.

-Хориг арга хэмжээтэй холбоотойгоор Монголд сөрөг нөлөө үүсэхэд Европын холбоо хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?

Акселль Никэйз: -Оросын хоригтой холбоотойгоор Монголын эдийн засагт болзошгүй нөлөөлөл үзүүлбэл цаг тухай бүрт нь тодорхой дэмжлэг үзүүлээд явна.Монгол Улсын хувьд өнөөдөр үг хэлэх эрх чөлөөтэй, ардчилалтай орон болохоо харуулж байгаа. Гэхдээ кибер халдлага Монголын ардчилалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ чиглэлээр Монголтой хамтарч ажиллана. Буруу ташаа мэдээлэл Оросоос ямар их түгээж байгааг харж байна. Зарим нэг мэдээллийн сувгуудийг хориглосон. Учир нь үзэн ядалтыг түгээж, тэр сэдэл санааг хөөрөгдөж байгаа сувгуудыг хориглосон. Харин Монгол Улсын хувьд хэвлэл мэдээлэл нь эрх чөлөөтэй мэдээллээ солилцох нээлттэй, бүрэн чөлөөтэй. Украины ард түмнийг талцуулж, хуваах оролдлого хийж байгааг эрс буруутгаж байна. Бүрэн эрхэт тусгаар тогтносон улсыг түрэмгийлсэн явдалд Орост хориг тавьсан. Хууль бус түрэмгий байдлаа зөвтгөх буруу ташаа мэдээлэл цацаж байна. Монголын ард иргэд бүх төрлийн мэдээллийг авч байна. Тиймээс мэдээллийнхээ тэнцвэртэй байдлыг хангаж байна. ОХУ-аас ирж байгаа буруу ташаа мэдээллийг няцааж, үнэн зөв мэдээллийг өгнө гэдэгт итгэж байна.

-Дайныг дэмжсэн байр суурьтай улс орнуудын иргэдэд Европын холбооны гишүүн орнууд болоод түнш орнууд визний хориг тавьж байгаа юу. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы Герман улсад зорчих виз гараагүй гэх мэдээлэл бий. Визний тал дээр баримтлах бодлого юу байх вэ?

Ян Витопил: -Европын холбооны улсыг бүхэлд нь төлөөлж хариулах боломжгүй. Чех улсын тухайд Орос, Беларусийн иргэдэд виз олгохоос татгалзсан байр суурьтай байгаа. Харин Монгол Улсын иргэдэд виз олгох үйл явцаа илүү хялбаршуулсан. Учир нь цар тахлын үед виз олгох үйл явцаа зогсоочихсон байсан. Өөрөөр хэлбэл, монголчуудад визээ хялбаршуулсан. Харин Орос Беларусын иргэдэд хориглосон.

Акселль Никэйз: -Визний тухайд манай гишүүн орнуудын бүрэн эрхийн асуудал. Зарим орнууд тодорхой хүмүүсийг хар жагсаалтад оруулж виз гаргахгүй байгаа. Бид аль болохоор зорилтот хориг арга хэмжээ авч байна. Удахгүй ОХУ-д зургаа дахь хориг арга хэмжээгээ авах талаар ярьж байна.

Categories
мэдээ нийгэм

Авто зам сэтлэх, орц, гарц гаргах эрх зүйн бичигт өөрчлөлт оруулахаар болжээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Авто зам сэтлэх болон авто замын орц, гарц шинээр гаргах ажлын эрх зүйн баримт бичгийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцуулав.

Улаанбаатар хотод авто замын зурвас газар, инженерийн шугам сүлжээ шинэчлэх, шинээр байгуулахдаа Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926 дугаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам, 2017 оны А/300 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/192 дугаар тушаалыг мөрдлөг болгодог.

Дээрх захирамж, тушаалын хэрэгжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хангаж зохион байгуулахаар тусгасан байдаг боловч бодит байдал дээр Нийслэлийн Замын хөгжлийн газар голлон ажилладаг байна. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгж төдийгүй төрийн байгууллагуудын дунд үл ойлголцол үүсдэг аж.

Хотын дарга нэг жил зам тавьдаг, дараа жил нь тавьсан замаа хуулдаг. Стандартын дагуу зам тавьж чаддаггүй гэдэг асуудал байнга яригддаг. Мөн үүнээс болж төсвөөс гаргаж байгаа зардал үр дүнгүй болдог. Иймээс холбогдох байгууллагууд уялдаатай ажиллах хэрэгтэйг хэллээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журам”-ыг Авто замын тухай, Зөрчлийн тухай хууль, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дүрмийн холбогдох заалтуудад нийцүүлж, зөвхөн авто зам, замын байгууламжид хамаарах хэсгийг Нийслэлийн Замын хөгжлийн газар зохион байгуулахаар тусгаж, Нийслэлийн Засаг даргын захирамжуудад өөрчлөлт оруулан батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэнд үүрэг болгов.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Болорчулуун: БНХАУ руу нэр бүхий 13 гурилын үйлдвэр бүтээгдэхүүн экспортлох эрх авсан DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатайгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр өчигдөр (2022.04.13) эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан зөвлөгөөнийг нээж, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудал, сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд төрөөс ямар бодлого хэрэгжүүлэн ажиллаж буйгаа танилцуулав. Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн салбарын бодлого, зорилт тулгамдаж буй асуудлууд, хэрэгжүүлэх арга зам” сэдвээр, тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Д.Есөн-Эрдэнэ “Таримал ургамлын үр сортын салбарын эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Сарантуяа, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭША, доктор, дэд профессор Т.Дэжидмаа, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор Н.Баярсүх нар илтгэл танилцуулж, мэдээлэл хүргэв.


Энэ үеэр ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.


-Энэ жилийн “Атрын IV аян” өнгөрсөн жилүүдээс ямар онцлогтой вэ?

-Жил бүр хаврын тариалалтын өмнө тариаланчдын зөвлөгөөнийг хийдэг. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас зөвлөгөөнгүй, тариалалтаа хийсэн. Гэсэн хэдий ч хүнд нөхцөлд тариаланчид маань өнгөрсөн жил ургац арвинтай байсан. “Атрын IV аян”-ыг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Саяхан“Атрын IV аян”-ыг “Эх орны эрүүл хүнс” гэсэн уриан дор явуулах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ жилийн тухайд хаврын тариаланчдын үндэсний чуулганыг өнгөр хүрээтэй хийж байна.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан гэсэн сэдвийн хүрээнд цуврал зөвлөгөөн зохион байгуулж байна. Өчигдөр өглөө үр тариа эрхлэгчдийн чуулган, үдээс хойш агрономичдын зөвлөгөөн болсон. Агрономичдын улсын анхдугаар зөвлөгөөн 1969 онд болж байсан, хоёрдугаар зөвлөгөөн өчигдөр боллоо. Өнөөдөр төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй болон жимс, жимсгэний тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн болж байна. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй нэгдсэн чуулганаа зохион байгуулна. Ингээд л хаврын ажилдаа гарна даа.

-Тариалалт хэзээнэээс эхлэх вэ?

-Тавдугаар сарын эхний долоо хоногоос тариалалт эхэлдэг. ААН-үүд талбайн чийгний хэмжээ, цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан өөрсдийн онцлог, технологитойгоо уялдуулан тариалалтаа хийнэ.

-Энэ жил хэр хэмжээний тариалалт хийх вэ?

-Нийт 500 гаруй мянган га газарт тариалалт хийхээр төлөвлөж байна.

-Үр тариагаа яаж экспортлох вэ?

-Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвхөн дотоод нөөцөө хангаад зогсохгүй экспортын чиг баримжаатай ажиллах. Тухайлбал, БНХАУ руу нэр бүхий 13 гурилын үйлдвэр бүтээгдэхүүн экспортлох эрх авсан. Тариаланчид маань өмнө нь дотоодын хангамжийг бүрдүүлэх чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг байсан. Харин одоо дотоодын хангамжаас гадна экспортлох боломж нээгдэж байгаа учраас тариалангийн үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ хангалттай хэмжээнд явуулах боломж бий болж байна.

-Үр тариагаа экспортлоход техникийн шинэчлэл чухал уу?

-Техникийн шинэчлэл байнга хийгддэг. Энэ тал дээр яам техникийн шинэчлэл хийнэ гэсэн ойлголт байхгүй. Үйлдвэрлэгч орны бүтээгдэхүүн нийлүүлэгч дотоодын (дилер) компаниуд техникийн шинэчлэлийг хийх ёстой. Яамны оролцоо техникийн шинэчлэл дээр хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжийг НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх ч юмуу бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлдэг.

-Улаанбуудайн борлуулалтад хэрхэн анхаарч байна?

-Дотоодын гурилын үйлдвэрийнхээ хангамжийг зохицуулж, цаашлаад экспортлох боломж байгаа. Борлуулалт дээр зовох асуудал байхгүй гэж харж байна.

-Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Манай улсын хэмжээнд нийт 100 гаруй га хүлэмж байгаа. Үүнээс 30 га орчим нь өвлийн, 70 гаруй га нь зуны хүлэмж байна. Хүлэмжийн тариалалтын үндсэн дөрвөн төрлийн таримал байдаг, лооль, хэмх, чинжүү, навчит байцаа. Бид хүлэмжинд тарьдаг тарималынхаа 3/4 импортоор авдаг. Ингээд хэрэгцээгээ тооцохоор улсын хэмжээнд 50 га хүлэмж зайлшгүй шаардлагатай. Өвлийн хүлэмж байгуулъя гэхэд хөрөнгө оруулалтын зардал өндөртэй. Барьсны дараа ашиглалтын хөрөнгө ч өндөр байдаг. ААН-үүдийн хөрөнгө оруулалтаар шийдэгдэхгүй. Тиймээс төр засгийн юм уу, олон улсын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл шаардлагатай. Бид энэ талаар судлаж, эхний ээлжинд 20 га өвлийн хүлэмж барихаар зорьж байна.

-Энэ жилдээ хийгдэх ажил уу?

-Техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулчихсан, хөрөнгө оруулалтын ажил яригдаж байна.

-Үр тарианы үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг яаж шийдвэрлэхээр төлөвлөсөн бэ?

-Тэдэнд үзүүлэх дэмжлэгүүд, эрх зүйн талаас зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлуудыг бүрдүүлсэн. Тийм учраас шаардлагатай хөнгөлөлттэй зээлийг ч гаргаж өгсөн. Тариалангийн орцууд нь импортоос хамааралтай учир тээвэр ложистиктой холбоотой асуудал ч байна. Тэр бүгд хүндрэлүүдийг гаргахгүйн тулд урьдчилсан байдлаар хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдэх, хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхээр олон арга хэмжээг авч ажиллаж байна.

-Хөнгөлөлттэй зээлийн талаар?

-Нийт газар тариалангийн үйлдвэрлэлийн хаврын тариалалт хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 190 тэрбум төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлийн эх үүсвэрийг шийдэж байна. Энэ тал дээр Засгийн газраас хүүгийн хөнгөлөлтийг Монголбанкны бодлогын хүүгээр тооцож олгож байгаа. Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид 100 тэрбум төгрөг, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд анх удаа 50 тэрбум төгрөг, гурилын үйлдвэрүүдэд 40 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн эх үүсвэр нь банк, тэгэхээр банк шаардлагаа тавина, эргэн төлөлтөө хариуцна, төрийн оролцоогүй. Тэгэхээр банкны шалгуурыг л давах хэрэгтэй.


Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо хуралдана DNN.mn

Өнөөдөр УИХ чуулган болон байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаантай.

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

11.00

Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүсийг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

11.00

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

11.00

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэж заасны хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцана

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургууль

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

09.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00

Хэлэлцэх асуудал:

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Их хуралдай” танхимд