Categories
гадаад мэдээ

Нью-Йоркт халдлага үйлдсэн этгээдийг бүх насаар нь хорино DNN.mn

Нью-Йорк хотын Бруклин дэх метроны буудалд иргэд рүү гал нээж, халдлага үйлдсэн 62 настай Фрэнк Жеймсийг батлан даалтанд гаргахгүйгээр хорихоор болсон талаар “Би-Би-Си” агентлаг мэдээллээ.

Түүнийг шүүх хурал өчигдөр /2022.04.14/ болж өнгөрсөн ба Фрэнк Жеймс гэм буруугаа хүлээгээгүй аж. Харин түүний өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ сэтгэц хэвийн бус гэдэгт эмчийн дүгнэлт гаргуулж авахыг шүүхээс хүссэн байна.

Хэрэв Жеймс үнэхээр гэм буруутай нь тогтоогдвол түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэх аж.

Яллагч тал буюу прокурорын зүгээс Фрэнк Жеймсийг “Нью-Йоркийн жирийн иргэд өглөө метрогоор зорчих үеэр жигшүүрт бөгөөд санаатай халдлага үйлдсэн” хэмээн буруутгасан байна.
Хэргийг эргэн сануулахад, Фрэнк Жеймс нийт 33 удаа гал нээсний улмаас 29 хүн шархадсан юм.

Эх сурвалж: The Wall Street Journal

Categories
мэдээ цаг-үе

ТЦА: Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй DNN.mn

Хан-Уул дүүргийн 2-р хороо Буянт-Ухаа-2 орон сууцны хорооллын хажууд зам тээврийн ноцтой осол гарлаа. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Энэхүү ослын талаарх дуудлага өглөөний 07.58 цагт тээврийн цагдаагийн албаны жижүүрт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн замын цагдаагийн алба хаагч хэргийн газар үзлэг шинжилгээ хийж байна. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй” гэлээ. Иргэд та бүхнийг хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцох мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг Тээврийн цагдаагийн алба анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Тариалангийн бүс нутгийн 1 малаас жилд 10 мянган төгрийн татвар авна DNN.mn

Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрчээ. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа хэдий ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол, газрын доройтол, цөлжилт эрчимжиж, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан.
Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна” гэж заасан ч татварын хэмжээг үл харгалзан газар тариалангийн бүс нутагт уламжлалт бэлчээрийн мал сүргийн тоо жил бүр өсөж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь тариалангийн талбайн хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэх, тариалангийн технологи нэвтрүүлэх боломжийг алдагдуулж байна.
Мөн тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсгэж байгаа тул газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүсээд байна.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой явуулах зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах үүрэг, чиглэлийг өгсөн.
Иймд Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, тариалангийн бүс нутагт нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-10000 төгрөг хүртэл байхаар тусгажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Алт, зэс, нүүрсний үнэ өсчихсөн энэ үед Замын-Үүдээр гарах Оросын найман вагоны дөрвийнх нь оронд Монголынхоо бүтээгдэхүүнийг гаргах ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгөрсөн бүлгийн хурлаараа та төмөр зам, ложистикийн хямралын асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Энэ талаараа дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

-Цар тахлын нөлөөллөөс болж тээврийн хямрал эдийн засагт маш хүнд тусч байгаа. Тэр дундаа манай улсын хувьд эдийн засагт голлон нөлөөлж байгаа зүйл бол төмөр замын асуудал байна. Нөгөөтэйгүүр бид төмөр замын асуудлаа эртхэн шийдээд, эртхэн зам тавьчихсан бол энэ ковидын үед илүү үр дүнтэй ажиллах боломж байсан гэдэг нь харагдаж байна л даа. Дэлхийн зах зээлд өнөөдөр зэсийн үнэ 10 мянган ам. доллараас дээшээ байна. Алт хоёр мянга, кокосжсон нүүрс 460 ам.долларт хүрлээ. Энэ үнийн өсөлт улам дээшлэх хандлага ажиглагдаж байна. Ийм үед хэрэв бид төмөр замаараа кокосжсон нүүрсээ ч гэдэг юмуу, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ хязгаарлалтаас үл хамаараад экспортолж байсан бол энэ хямралын үеийг хямрал гэхээс илүү боломж болгож ашиглахаар байсан. Тэгэхээр төмөр замын хувьд манайх хойд хөрштэйгөө тарифын, урд хөрштэйгөө царигийн асуудалтай байна. Тарифын асуудлын тухайд хоёр жилийн өмнө Оростой манай улс тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээр баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү хэлэлцээрийн дагуу аль аль талдаа явж байгаа төмөр замын тээвэрт тарифын хямдрал үзүүлнэ гэсэн үг. Хямдрал үзүүлэх үндсэн шалтгаан бол Зүүнбаянгаас Чойбалсан орж, цаашаа Владивосток руу нүүрс гаргах энэ хөтөлбөрийн хүрээнд харилцан тарифын хямдрал авах зорилгоор л хийсэн гэж хардаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг ч килограмм нүүрс гарсангүй. Манай улс нийтдээ 30 мянган тонн жонш голдуу бараа бүтээгдэхүүнийг Оросын төмөр замаар экспортолдог. Гэтэл манай нутгийг дамжсан транзит тээврээр 17 сая тонн бараа бүтээгдэхүүнийг оросууд урагшаа гаргаж байна. Өөрөөр хэлбэл, бид 30 мянган тонн дээрээ тарифын хямдрал авчихаад 17 сая тонн дээрээ тарифын хямдралаа алдаж байна гэсэн үг. Энэ харилцан хэмжээн дээрээ харьцуулалт хийхээр манай улсад 550 дахин алдагдалтай үзүүлэлт гарч ирээд байгаа юм. Нөгөөтэйгүүр ийм тарифын хямдрал авч байна гэхээр манай улсын нутаг дэвсгэрээр дайрах транзит тээвэр хямдхан болчихож байгаа хэрэг. Тэгэхээр оросуудтай хийсэн энэхүү гэрээ манайд бус Орост илүү ашигтай гэрээ болсон. Өөрөөр хэлбэл, энэ гэрээний хүрээнд Оросын бараа бүтээгдэхүүн илүү гарах биш манай уул, уурхайн бүтээгдэхүүн илүү гарах ёстой. Урд хөрш рүү бид царигийн асуудалтай. Ийм үед Замын-Үүдийн боомтоор өдөрт 14 вагон гарч орж байна. Үүний найм нь оросуудын транзит тээврийн ачаа. Дөрөв нь Монголын уул уурхайн компаниудын ачаа үлдсэн хоёр нь бусад бараа бүтээгдэхүүний ачаа байгаа. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсчихсөн энэ үед Замын-Үүдээр гарч байгаа оросуудын найман вагон ачаа барааны дөрвийг нь хасаад Монголынхоо бараа бүтээгдэхүүнийг ачих ёстой. Ингэж байж бид валютынхаа нөөцийг бүрдүүлж, ямар нэгэн бараа, бүтээгдэхүүний хомсдолд орохгүй байх боломжтой. Үүгээр дамжаад хямралыг илүү үр дүнтэй ашиглах боломж нөхцөл байсан.

-Энэ Засгийн газар боломж бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна гэж хэлэх гээд байна уу?

-Засгийн газарт нэг л зүйлийг хэлж байгаа. Ирэх жилийн Монгол, Орос, Хятадын төмөр замын тээврийн төлөвлөгөөнд урагшаа гарч байгаа Монголын уул уурхайн бараа бүтээгдэхүүн ачсан дөрвөн вагоныг найм болгох асууудлыг оруулах хэрэгтэй. Ингэвэл бидэнд уул, уурхайн бүтээгдэхүүнээ илүү экспортлох боломж байна. Засгийн газрын хувьд нэгэнт дээрх хэлэлцээр батлагдсан. Үүнийг УИХ-аар оруулаад хүчингүй болгож болно. Ингэхгүйгээр тэрхүү төлөвлөгөөнд нь өөрчлөлт оруулаад хурдан шуурхай шийдээд явах боломжтой.

-Залуучууд нэгдэж жагссан, үнийн өсөлттэй холбоотойгоор. Мөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлаар. Энэхүү жагсаалын шаардлагын хариуд Засгийн газар тодорхой арга хэмжээнүүдийг авна гэж амласан. Засгийн газар үнэхээр шаардлагын дагуу ажиллаж чадаж байна уу?

-Засгийн газрын зүгээс УИХ-д бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хуулийг өргөн барьж байна. Голлож мах, гурил, бензин, шатахууны үнийг барих хууль гэж ойлгож болно. Энэ гурав бол манай иргэдийн хамгийн гол хэрэгцээ гэдэг нь ойлгомжтой. Энэхүү хууль батлагдсанаараа тодорхой хэмжээгээр үр дүнд хүрэх байх. Ковидын хямралын үед аж ахуйн нэгжүүд өөрийн олсон хөрөнгөө цалин, хөлсдөө өгөөд, үндсэндээ эргэлтийн хөрөнгөгүй болоод зогссон. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийг сайжруулах замаар илүү бараа бүтээгдэхүүнийг нөөцөлж, үйл ажиллагаанд нь тус дэм болох бодлогыг явуулах учиртай. Тухайлбал, шатахууны хувьд хямд байхад нь илүү нөөцөлж, гаргаж өгөх болов уу гэж харж байгаа. Жишээ нь, үр тарианы ч юмуу эргэлтийн хөрөнгөгүй компаниудад зээл олгох замаар урьдахаасаа илүү тариалалт авах боломжийг нь нээж өгөх ёстой. Ингэж байж бид гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах боломжтой гэж харж байна. Яг энэ хэсгийг нь бол дэмжиж байгаа. Нөгөөтэйгүүр Засгийн газрын зүгээс төсвийн тодотголыг ярьж байна. Үүгээрээ тодорхой хэмжээний урсгал зардлуудыг танах, зарим хэрэгцээгүй хөрөнгө оруулалтыг зогсоох, царцаах амлалт өгсөн. Үүний дагуу тун удахгүй УИХ-аар төсвийн тодотголын тухай хууль орж ирэх байх. Эдгээр зүйлүүдийг шийдсэнээрээ, авч хэрэгжүүлснээрээ зах зээлд тодорхой хэмжээний дохио өгнө. Гэхдээ эрх баригчид нэг зүйлийг мартаад байна.

-Юуг мартаад байна гэж…

-Уул, уурхайн бүтээгдэхүүний үнэ өсчихсөн энэ үед хилийн боомтынхоо асуудлыг шийдээд илүү их хэмжээний экспорт хийгээд орлогоо олох тал дээр огт ажиллахгүй байна. Тухайлбал, Гашуунсухайтын боомт дээр 25 километрт 85 сая төгрөгөөр тээвэр хийж байна. Дэлхийд ийм үнэтэй тээвэр байхгүй. Дэлхийг хэд тойрсон ч ийм үнэтэй болохгүй. Энэ бол манай улсын цөөхөн албан тушаалтнууд Хятадын тээврийн компаниудтай нийлж, тэнд оочер үүсгэх замаар ашиг олох зорилгоор хийгдэж байгаа зүйл гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, өдөрт 200-хан машин гаргаж байгаад тэндээсээ ашиг олох замаар явж байна гэсэн үг. Засгийн газар хэдхэн машин гаргаад мөн цэргүүд ажиллуулаад онцгой дэглэм тогтоох боломж байсан. Гэвч үүнээс ашиг олоод байгаа учраас зөв зохион байгуулалт явуулахгүй байна уу гэж харж байгаа. Тэнд бол албан тушаалтнууд маш хариуцлагагүй ажиллаж байна. Он гарснаас хойш 100 гаруй жолооч хилийн цаана ковидтой гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс болж Хятад талын боомтын үйл ажиллагаа хатуурхах ийм нөхцөл рүү ороод байна. Тиймээс боомт дээр ажиллах албан хаагчдын цалинг нэмэх, илүү хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд Засгийн газрын зүгээс дэмжээд ажиллах ёстой. Цалин нэмэгдүүлэх, хариуцлагыг нягтруулах ажилд хэдэн арван сая төгрөг гарах ч хэдэн их наядаараа орлого олох боломжоо алдмааргүй байгаа юм.

-Эрх баригчдын зүгээс ийм хүнд хэцүү цаг үед танай намыг эрх барьж байсан бол байдал улам хэцүү байх байсан гэж мэдэгдээд байгаа. Үүнтэй та санал нийлэх үү?

-Тийм юм байхгүй. МАН Засаг бариад зургаан жил болж байна. Эдийн засаг хүнд байсан, нүүрс 30 ам.доллар байх тэр үед ажил хийгээд, маш олон бүтээн байгуулалт хийсэн Ардчилсан намыг өнөөгийн Ардын нам юм болгон дээр зүхдэг, буруутгадаг, заргалддаг хэвээрээ л байна. Манай нам засаг барьж байх үед ямар их бүтээн байгуулалт хийснийг ард түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тухайн үед ганц нэгхэн улстөрчийн алдаатай үйлдлийг нийтээр нь харлуулах гэж эрх баригч нам зургаан жил ярилаа. Одоогийн эрх баригчдад ажил хийх цаг хангалттай байсан. Гэвч эд нар ямар ч бүтээн байгуулалт, ямар ч ажил хийсэнгүй. Өөрсдөө ажлаа хийж чадахгүй байж хэн нэгнийг буруутгах, улстөрждөгөө одоо болих хэрэгтэй. Ардын намын Засаг ажлыг аргацаах тусам ард түмэн дургүйцэж байгаа шүү. Юу ч хийгээгүй байж хэн нэгэн рүү буруугаа чихдэг байдал чинь хэрээс хэтэрч байна шүү.

-Залуучуудын жагсаалыг юу гэж харж байна. Гадны нөлөөтэй жагсаал боллоо гэх нь ч байна. Залуучууд үзэл бодлоороо нэгдлээ, шинэ үе өөр болжээ гэж магтах нэгэн ч байна шүү дээ?

-Энэ жагсаал бол Монгол Ардын намын залуучууд буюу тэр НАМЗХ-ны залуучууд голд нь зохион байгуулж оролцсон жагсаал болсон гэж харж байгаа. Ардчилсан намын хоёр, гуравхан хүн очиход бүгдийг нь хөөж явуулж байна гэдэг бол дотроо энэ жагсаал зохион байгуулалттай байсан гэж хардах шалтаг болж байна.

-Зарим улстөрчид, судлаачид Монголын Засгийн газар туршлагатай, Оросыг мэддэг, оросуудтай харилцаж чаддаг улстөрч, дипломатч хүнийг тусгай үүрэг гүйцэтгэгч болгоод Орос руу явуулж, бензин, шатахууны үнийг бууруулах хэлэлцээр хийлгүүлэх хэрэгтэй гэж яриад байгаа. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Украин, Оросын дайн болж байгаа энэ хүнд үед яг ийм хүн явуулах ч юмуу иймэрхүү уулзалтууд хийх хүндрэлтэй байх. Харин зүгээр салбар хариуцсан сайд нар нь очоод хамгийн түрүүнд рублиэр тооцоо, төлбөрөө хийх асуудлыг хэлэлцэж чадвал болж байна. Өөрөөр бол найрсаг хэмжээний уулзалтууд хийх боломжгүй болов уу гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр саяхан Засгийн газрын зүгээс Украинд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүллээ. Украинд өнөөдөр олон зуун хүн дайнаас болж үхэж байна. Ийм хүнд хэцүү үед хүн ёсоор дэмжлэг үзүүлж байгааг би зөв гэж харж байгаа.

-Ерөнхий сайд Монголбанкны ерөнхийлөгчийг цээжээрээ хамгаална гэж мэдэгдсэн. Үүнийг зарим улстөрчид Засгийн газар, Монголбанк өвөр түрийндээ орсноос болж өнөөгийн үнийн өсөлт, ханшийн өсөлт бий боллоо гэж шүүмжилж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Засгийн газар 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ тохиолдолд зах зээл рүү асар их хэмжээний бэлэн мөнгө орж ирнэ. Дээрээс нь Эрдэнэт үйлдвэр иргэд, аж ахуйн цахилгаан, дулааны мөнгө буюу хоёр их наяд төгрөг төлсөн. Мөн Оюу толгойгоос 1.2 их наяд төгрөгийн татварын урьдчилгааг авч зах зээлд оруулсан. Ийм их хэмжээний мөнгө зах зээл рүү шууд орохоор төгрөгийн ханш суларч, инфляци өсөхөөс өөр аргагүй. Тиймээс Монголбанкнаас хариу арга хэмжээг шуурхай авах ёстой. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас авах гол арга хэмжээ бол бодлогын хүүг нэмэгдүүлэх шүү дээ. Ингэж байж зах зээлээс мөнгө татах ажлыг хийх ёстой. Гэтэл Засгийн газрын 10 их наяд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монголбанк үнэт цаас гаргаж санхүүжүүлэх замаар хамтраад төгрөгийг сулруулах үйл ажиллагааг хийсэн учраас эдийн засаг хүндэрч байна. Тэгэхээр аль болох энэ хоёр байгууллага нэгнийгээ хянасан үйл ажиллагаа явуулж байж л зах зээл тогтвортой оршино. Монголбанкны гол үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой барих. Ерөнхий сайдын мэдэгдэл бол эдийн засгийн талаасаа гэхээс илүү нам доторх албан тушаалын зодоонд зориулж л тэгж хэлсэн болов уу гэж бодож байна. Засгийн газар аль болох эдийн засгийг эрчимжүүлэх үйл ажиллагаа явуулах ёстой. Үүнд нь Монголбанк тодорхой дэмжлэг үзүүлнэ үү гэхээс биш хоёулаа нийлээд зах зээл дээр үйл ажиллагаа явуулж болохгүй.

-Цаашид ер нь юмны үнийг тогтвортой байлгах, ханшийн өсөлтийг зогсоох боломж эрх баригчдад байна уу. Эсвэл таны хэлснээр энэ Засаг ажлаа аргацаасаар л байх болов уу?

-Эд нар нэг зүйлийг л яаралтай хийх ёстой. Тэр нь хилийн боомтуудын тээврийн асуудал. Тэр дундаа Замын-Үүдийн тээврийн асуудлыг маш сайн зохицуулж байж, бараа бүтээгдэхүүний үнийг хэвийн болгох ажлыг хийнэ. Урьд нь гурваас таван сая төгрөгөөр Эрээнээс Улаанбаатар хот руу тээвэр хийдэг байсан бол одоо тавь, жаран сая төгрөг болсон. Тэгэхээр нэгдүгээрт, Замын-Үүдийн тээврийн хямралын асуудлыг шийдвэрлэх ёстой. Хоёрдугаарт, импортыг орлох, экспортыг дэмжих зүйл рүү л явахгүй бол цаашдаа дан ганц Хятадаас бараа бүтээгдэхүүнээ авдаг хараат байдал руу орно шүү.

-Импортыг орлосон, экспортыг дэмжсэн зээл гэж ярилаа. Энэ агуулгаараа Хөгжлийн банк ажиллаж чадаагүйн тод жишээ сая илэрлээ шүү дээ. Эрх баригчид энэ асуудлыг танай намыг Засаг барьж байхдаа эхлүүлсэн гэдэг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-2012-2016 онд энэ Хөгжлийн банк 1.7 их наяд төгрөгийг 2000 гаруй аж ахуйн нэгжид зээл болгож өгсөн. Тэр хүрээндээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч, тэрний нөлөөллөөс болж өнгөрсөн дөрвөн жил эдийн засаг илүү тэлэх боломж бүрдсэн. Тухайн үед Хөгжлийн банк ард түмний банк байсан. Дээрээс нь ашигтай ажилладаг банк байсан. 2016 оны 12 дугаар сард Монгол Ардын нам Хөгжлийн банкны зээлийг УИХ-аар хэлэлцэж гаргадаг байсныг Төлөөлөн удирдах зөвлөл нь шийддэг тэр эрх мэдлийг аваачсан. Түүнээс хойш 40-хөн аж ахуйн нэгжид зээл олгосон. Тэр нь дандаа дарга нарын компанийн зээл болж хувирсан. Улмаар Хөгжлийн банк дарга нарын банк болсон. Мөн алдагдалтай ажилладаг банк болсон. Монгол Ардын намын хамгийн сайн хийдэг зүйл бол аливаа зээлийг гаргахдаа сайн цавчиж авдаг. Эргээд төлүүлэхдээ ерөөсөө ажил хийдэггүй. Үүнийг би саяхан болсон Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нийтийн сонсголоос олж харсан. Энэ нээлттэй сонсголоор хэн гэдэг улстөрч, ямар албан тушаалтан нөлөөлсөн бэ гэж асуухаас өөр зүйл хийгээгүй. Өөрөөр хэлбэл, яаж энэ зээлийг эргүүлэн төлүүлэх вэ гэдэг ажлыг хийхгүй, чиглүүлэхгүй байна.

-Улсын ерөнхий прокуророос нэр бүхий УИХ-ын гишүүдийн асуудлыг оруулж ирнэ гэж байх шиг байна. Үнэхээр оруулж ирэх үү, оруулж ирэх асуудлыг та юу гэж харж байна?

-Хууль, хяналтын байгууллагууд маш их дарамтад байгаа. Нэг талаас иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа асуудалд нэр холбогдсон тэр улстөрчдөө оруулж ир ээ гэдэг дарамтыг үзүүлж байна. Нөгөө талаас улстөрчид нь өөрсдөө шахалт үзүүлсээр байгаа. Нийгмийн зүгээс тавьж байгаа асуудлыг оруулж ирэх ажлыг хууль, хяналтын байгууллагууд хийж л байгаа байх. Нөгөөтэйгүүр гишүүдийн асуудлыг оруулж ирнэ гэдэг яриа хөөрөө их гарч байгаа ч надад албан ёсны мэдээлэл алга байна.

-Та нэг хэсэг тэтгэвэр тогтоох хуулийн төслийг хэлэлцүүлэх гэж их явсан. Энэ хаврын чуулганаар уг хуулиа хэлэлцүүлэх үү. Нөгөөтэйгүүр бөхчүүдэд цол олгох тухай хуулийг санаачилж байгаа гэж сонссон?

-Миний хувьд энэ дөрвөн сардаа багтаагаад тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш, таван жилийн дунджаар тогтоолгох тухай хуулийн төслөө батлуулахын төлөө зорьж ажиллана. Мөн ирэх сараас эдийн засаг хямарчихсан энэ үед бизнес эрхлэгчдэд гол дарамт болоод байгаа НӨАТ-ыг 10 хувь байсныг таван хувь болгох хуулийн төслийг хэлэлцүүлэхээр оруулна. Хэрэв энэ хууль батлагдвал иргэдийн худалдан авах бараа бүтээгдэхүүний үнэ бууна. Засгийн газар татварыг бууруулчихвал татварын орлого тасарна гэж санаа зовоод байгаа. Энэ хууль батлагдсанаар татварын орлого огт тасрахгүй. НӨАТ таван хувь болчихвол үлдсэн тавин мянган аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч байгууллага болно. Мөн зах, худалдааны төвүүдэд ажиллаж байгаа иргэн НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ. Ингэснээр татварын бааз суурь их нэмэгдсэнээр татварын хувь хэмжээ, орлого буурахгүй гэсэн үг. Бөхчүүдэд цол олгох тухайд Засгийн газраас саналаа авч байна. Одоогоор санал авах хуулийн процесс явагдаж байгаа гэсэн үг. Хэрэв Засгийн газраас санал ирвэл өргөн барих шатандаа орно.

-Н.Учрал гишүүний яриад байгаа НӨАТ-ын буцаан олголтыг дөрвөн хувь болгох хуулийн төсөлтэй уялдах уу?

-Н.Учрал гишүүн бол арван хувийн татвараа төлдгөөрөө төлье. Эргээд дөрвөн хувийг нь буцаан авъя л гэж байгаа юм. Минийх бол арван хувийг таван хувь болгоод хоёр хувийг нь буцаан авъя гэж байгаа хэрэг. Ингэснээрээ дөчин хувийн буцаан олголттой тэнцэж байгаа юм. Тэгэхээр Ардын намын бүлэг бол татвараа өндөр байлгая гэдэг зарчмаар явдаг. Би бол татварын хувь хэмжээг багасгая л гэж байгаа юм. Үнэхээр бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг нугасалж байгаа зүйл бол НӨАТ-ын 10 хувийн татвар. Үүнийг багасгаснаараа аж ахуйн нэгжүүд бизнесээ өргөжүүлэх, ажлын байрыг бий болгох боломжтой болж байгаа юм.

-Намын асуудлаараа тайлбар хэлэхгүй юү. Х.Баттулга гэдэг хүн өрсөлдөөд ялчихсан. Үүнийгээ Дээд шүүхэд өглөө. Энэ асуудлын талаар?

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард С.Эрдэнэ, Ц.Туваан нар тал талдаа сунгаа зарлаад О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг намын дарга болгосон. Тэрхүү материалаа Дээд шүүхэд бүртгүүлэх гээд тал талаасаа хоёр албан бичиг, хоёр тамга, хоёр гарын үсэгтэй материал хүргүүлсэн байдаг. Дээд шүүх “Бид намын дотоод асуудалд оролцох хуулиар хориотой байдаг. Тиймээс та бүхэн энэ асуудлаа нэг албан бичиг, нэг тамга, гарын үсэгтэйгээр ирүүлнэ үү” гэдэг шийдвэр гаргасан шүү дээ. Гэтэл өнөөдөр яг энэ хэвээрээ дахиад нэг тал нь Х.Баттулга гэдэг хүнийг гаргаж ирлээ. Нөгөө тал нь тун удахгүй сунгаагаа зарлаад дахиад нэг хүнийг гаргаад ирнэ. Ингээд хоёр талаас даргаа бүртгүүлэх гээд очиход Дээд шүүх өнгөрсөн хаврынхаа шийдвэрийг дахиад гаргах байх гэсэн бодолтой байгаа. Тиймээс би Эв нэгдэлтэй Ардчилсан нам хөдөлгөөнийг санаачилж байна. Тал талаасаа төлөөллүүдээ оролцуулаад эв нэгдлийн их хурлыг хийе ээ гэж байгаа юм. Үүгээрээ дүрмийн өөрчлөлтөө хийгээд тэрхүү өөрчлөлтөөрөө намынхаа даргыг Их хурлаасаа сонгодог болъё гэдэг саналыг дэвшүүлээд байгаа хэрэг. Тиймээс би намынхаа гишүүдээс 100 мянган хүний гарын үсгийг цуглуулж байгаа. Ийм ийм өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна. Аль болох эвтэй байж амжилтад хүрнэ. Нөгөөтэйгүүр энэ хоёр талын нөхдүүдийн хийж байгаа нэг зүйлд харамсаж буй. Юу гэхээр аль аль тал нь Ардын намтай тохиролцож, учраа олж байгаад намынхаа асуудлыг шийдвэрлэнэ гэдэг байр суурьтай байгаад байгаа юм. Энэ бол их харамсалтай зүйл.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Шар нохой өдөр DNN.mn

2022.4.15, БААСАН ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ЗУРГААН ЦАГААН ШАР НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.15, Баасан гариг
  • Наран ургах шингэх: 06.03-19.41
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр 9-14 хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говь, талын нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Торгуульд хүү бодох хууль санаачилсан аймгийн Засаг дарга асан энэ хэдэн гишүүнийг ард түмэн дахин сонгох уу” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ерөнхийлөгч асан П.Очирбат “Зах зээлийн
үнэ нь өндөр байгаа энэ
мөчид алт олборлолтыг
бүх талаар дэмжих
хэрэгтэй” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Нийслэлийн АН-ын
дарга С.Бат-Үүл “Оросууд
Монголыг,
Ардчилсан
намыг хоёр
дахь Украин
мэтээр, өөрийн
колони орон
шиг үзэж
байна” гэлээ.

Ховордоод буй доллар
“Найман шарга”-ын
ченжүүдийн гарт цаас шиг
эргэлдэж байна. Энэ тухай III нүүрээс уншаарай.

Дижитал ертөнцөөс 200 мянган
ам.доллар авчирсан залуус дахиад
ч доллар олох боломжтой гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Торгуульд хүү бодох хууль
санаачилсан аймгийн Засаг
дарга асан энэ хэдэн гишүүнийг
ард түмэн дахин сонгох уу” гэв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Жагсаалаас баривчлагдсан залуу “Цагдаа нар гэнэт араас угзчиж
татаад, алгадаж, дагз руу хүчтэй цохиод л аваад явсан” хэмээн ярилаа.

“Олон улсын хүүхдийн
Монгол хотхон” ТББ-ын дэд
тэргүүн Л.Ганбаатар “Сумдад Хүүхдийн хөгжлийн төвийг байгуулснаар хотын
хүүхдийг хөдөөтэй, хөдөөний хүүхдийг хоттой танилцуулах боломжтой” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Даац хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байхыг анхаарууллаа DNN.mn

зураг

Зам, Тээврийн Хөгжлийн Яам

Хаврын улирал бол цаг агаар дулаарч газрын хөрс гэссэнтэй холбоотойгоор авто замд ус чийг хуримтлагдаж, авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг үе. Энэ үед том оврын даац хэтрүүлсэн авто машин зорчих нь авто замыг эвдэх насжилтад сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог.

Тиймээс Авто Тээврийн Үндэсний Төв, Зам, Тээврийн Хөгжлийн Төв, Тээврийн Цагдаагийн Алба хамтран авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 стандартын хэрэгжилтийг газар дээр нь хянах, зөвшөөрөгдсөн хэмжээнээс даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж авто зам, гүүрийг эвдэж, хохирол учруулж байгааг шалган тогтоож, зөрчлийг арилгуулах, автотээврийн хяналт тавихаар авто зам ашигласны төлбөр авах цэгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж эхэллээ.

Хяналт шалгалтын хүрээнд даац хэтрүүлэх зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хамгийн эхний хяналт шалгалт хийгдсэн цэгээс ачаа үүссэн цэгт буцааж, гаргасан зөрчлийг арилгуулах, илүү ачсан ачааг буулгуулах зэрэг арга хэмжээ авч байгаа тул эхлэлийн цэгээс стандартын шаардлагад нийцүүлэн ачаа тээвэрлэх арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад анхаарууллаа.

Стандартын шаардлага баримтлаагүйгээс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулах болохыг мэдэгдэв.
зураг

Categories
мэдээ нийгэм

Тариалангийн бүсийн малын тоо толгойд ногдуулах албан татварыг бусад нутгаас өөрөөр тогтоох хуулийн төсөл өргөн барив DNN.mn

зураг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт “Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” болон “Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай” хуулийн төслүүдийг өргөн барив.

Тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсдэг. Тиймээс тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүссэн учир Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулахаар болжээ.

Харин зохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар нэгдмэл ойлголтод хүрч, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үүднээс энэ төрлийн хүнсний судалгаа шинжилгээ, баталгаажуулалт, үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, баримтлах зарчмыг тодорхойлж, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тогтоосон зохицуулалтыг бий болгох шаардлага зүй ёсоор урган гарч буй тул Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын гишүүд хуулийн төслүүд өргөн барилаа DNN. mn

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2022.04.14) Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар хуулийн төслүүд өргөн мэдүүллээ.


Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр (цаашид “Ерөнхий хэлэлцээр” гэх)-ийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 72 дугаар чуулганаар баталсан. Энэ нь хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх анхны бүс нутгийн хэлэлцээр болсон юм.

Хэлэлцээрийн зорилго нь олон улсын худалдааны хэлцлийг илүү үр ашигтай, ил тод болгохын зэрэгцээ хууль, дүрэм журам сахих явдлыг сайжруулах үүднээс худалдааны холбоотой цахим өгөгдөл, бичиг баримтыг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлэн хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, үндэсний болон дэд бүс нутгийн нэг цонхны үйлчилгээ болон бусад цаасгүй худалдааны системийн харилцаа холбоо, уялдааг хангахад оршино. Цаасан хэлбэрээс цахим өгөгдөл, мэдээлэл солилцох хэлбэрт шилжих нь олон улсын худалдааг илүү хялбар, ил тод, үр дүнтэй, хүртээмжтэй болгоно.

Энэхүү Ерөнхий хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсноор экспорт, импортын бичиг баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, худалдааны горимоо хөнгөвчлөх, транзит тээврийн хугацааг богиносгох замаар худалдааны зардлыг бууруулахын зэрэгцээ санхүүгийн хууль бус урсгал, татвараас зугтах, худал мэдүүлэх зэрэг явдлыг багасгахад ач холбогдолтой.

Монгол Улсын нэгдэн орсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх, мөн энэхүү Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд боловсруулсан техникийн болон эрх зүйн загвар баримт бичиг, зааврыг үндэслэн хил дамнасан цаасгүй гадаад худалдааг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.


Олон улсын автотээврийн гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Олон улсын автотээврийн гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 59 конвенц, гэрээ, хэлэлцээрийн нэг болох жолоочийн ажил, амралтын горимыг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг хангах “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)” нь НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссын ивээл дор 1962 онд анх боловсруулагдаж, 1976 оны нэгдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон.

Уг хэлэлцээрт ЕХ-ны гишүүн улсууд, ОХУ, Казахстан, Албани, Армен, Тажикстан, Турк, Туркменистан, Узбекстан зэрэг 50 гаруй улс нэгдсэн бөгөөд хэлэлцээрийн зорилго нь тахографын төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын цагийг тодорхойлох дүрэм, журмын дагуу олон улсын ачаа, зорчигч тээврийн замын хөдөлгөөнд учирч буй аюул, осол, саад бэрхшээлийг бууруулах явдал юм.Хэлэлцээрээр мэргэжлийн жолооч нарын ажил, амралтын цагийг зохицуулах бөгөөд жолоочийн ажил, амралтын цагийг хянах төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суурилуулах, угсрах, турших, хянах техникийн шаардлагуудыг тогтоож, хэрэгжүүлэгч байгууллагуудын жолоочийн ажлын цагийг шалгах шаардлагуудыг тодорхойлсон.

Хэлэлцээрт нэгдэн орсноор олон улсын болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хууль, эрх зүйн орчин сайжрах, олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэм мөрдөгдөж, хөдөлмөрийн нөхцөл, шаардлагыг ханган ажиллах боломж бүрдэж, жолоочийн ядрах, сульдах зэрэг бие физиологийн байдлаас үүдэлтэй зам тээврийн осол, зөрчил буурч, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай болон Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс