Хэдхэн сарын өмнө үүссэн койны давлагаанд олон хүн халаасаа сэгсэрч байв. Харин одоо тэр давлагааны хөөс хагарч хэн нь хэн бэ гэдэг нь ялгараад эхэлчихэж. Ардаа төсөлтэй, санаа шийдэл технологи сайтай, дижитал ертөнцөөс мөнгө босгох боломж чадалтай нь тунаж үлдээд байгаа аж. Үүнийг нотолсон эерэг мэдээ энэ сарын эхээр цацагдав. Хэсэг залуус нэгдэж дэлхийн виртуал хөрөнгийн зах зээлээс 200 мянган ам.долларын цэвэр ашиг олжээ. Тодруулж хэлбэл, 400 гаруй хүн дэлхийд хит болоод байгаа дижитал хөрөнгө болох Bored ape yath club-ийн OG ape-ийг өнгөрсөн сарын эхээр худалдаж авсан аж.
Тэдний худалдаж авсан дижитал хөрөнгө ердөө гуравхан долоо хоногийн дотор өсч, буцаагаад зарсан байна. Дэлхийн алдартай цуглуулгаас олсон цэвэр ашиг болох 200 гаруй мянган ам.долларын тухайд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хүн гэхэд л 1920 ам.долларын ашиг хүртжээ. Товчхондоо олон хүн нэгдэж дэлхийн виртуал ертөнцөд үнэ цэнэтэй байгаа хөрөнгийг худалдаж авч, ханшийнх нь өсөлтөөс мөнгө хийх энэ боломжийг Mongol NFT-ийн залуус бүрдүүлээд өгчихөж. Тэдний бүтээсэн платформыг ашиглан олноороо нийлж цэнхэр гаригт хит болж яваа дижитал хөрөнгүүдийг эзэмшин улсдаа доллар татах боломж бүрджээ. Эхний арилжаанууд нь амжилттай хийгджээ. Тэдгээр арилжааны нэг нь OG ape юм байна.
Сонирхуулж хэлэхэд, монгол залууст 200 мянган ам.долларын цэвэр ашиг өгсөн Bored ape yath club-ийн ape-үүд дэлхийн дижитал хөрөнгийн зах зээл дээр хамгийн эрэлттэй, үнэ цэнэтэйд тооцогддог юм байна. Жастин Бибер, Немар, Эминем зэрэг одод эзэмшдэгт үнэ цэнэ нь оршдог аж. Bored ape yath club-ийн анх ape гаргасан зорилго нь хөрөнгөлөг америкчуудыг дарвуулт завин дээр зугаацуулах байх. Эхлээд арван мянган ape гаргаж мянган америкийг далбаат завиар аялуулжээ. Дараа нь Маяамид шөнийн клуб-тэй болох зорилгоор ape гаргасан гэнэ.
Одоо тэр зорилго нь өргөжөөд өөрсдөө койн гаргаж метаверс-д төсөл хэрэгжүүлэхээр болж. Энэ мэтээр санал болгож яваа шийдэл, хэрэгжүүлж буй төсөл нь амжилттай болох хэрээр иймэрхүү NFT-нүүдийн үнэ цэнэ улам өссөөр байгаа аж. Mongol NFT-ийн зүгээс дараагийн идшээ танилцуулаад хэдхэн цагийн дотор 10 тэрбум MNFT цуглаж дараагийн Bored Ape Yacht Club-н NFT-н эзэд болоод байгаа аж.
Манай хувьд үнэ цэнээ яг ингэж өсгөж яваа виртуал хөрөнгө буюу NFT бий. Тэр нь дэлхийгээс аль хэдийнэ 200 мянган ам.доллар татчихсан “Монгол NFT”-гийнхний гаргасан “чоно”-нууд. Тэд “чоно”-нуудаа Bored ape шиг дэлхийд гаргаж, виртуал ертөнцөөс нүүрс, зэсийн экспортоосоо дутахгүй их хэмжээний доллар татах “амбицтай яваа юм билээ. Нүүрсээ экспортлоход тухайн улсынхаа хилээр гарсны төлөө татвар төлдөг бол монгол залуус виртуал ертөнцөд ийм саадгүйгээр дэлхийгээс доллар татах боломж байгааг олоод харчихсан гэсэн үг. “Чоно” NFT одоогоор хөрөнгө оруулах сонирхолтой арваад мянган хүнд очжээ. Энгийнээр хэлбэл, хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзэлтэй арван мянган хүн нэг платформ дээр нэгджээ. Хөрөнгө оруулагч хувь хүмүүсээс гадна Монголын томоохон компаниуд ч “чоно” NFT-г аваад эхэлчихэж. Хөрөнгө оруулалт хийх шинэ модель болсон “чоно”-уудын тоо хязгаартай юм байна. Одоогоор 17777 “чоно” зах зээлд гарчээ, нэмэгдэх дээд хязгаар нь 2222 аж. Өөрөөр хэлбэл, 19999 чоно л виртуал ертөнцөд “амьдрах” нь. Анх төсөлтэй холбоотой токен эзэмшиж байгаа хүмүүстээ зориулж үнэгүй тараасан “чоно”-нуудын шал үнэ нь 200 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. Одоогоор нэг “чоно”-ын дээд үнэ арав гаруй сая төгрөгт хүрээд байгаа аж.
“Монгол NFT”-гийнхэн хөрөнгө оруулагч залуусыг нэгтгэж ашиг олоход нь хөтөчилж яваа хөтөлбөрөө “Идэш” гэж нэрлэжээ. Тэд дэлхийн дижитал хөрөнгийн зах зээл дээр үнэ цэнэ нь өсөх бүтээгдэхүүнийг сонгож санал болгож байгаагаа “Идэш” гээд нэрлэчихэж. Өөрөөр хэлбэл, 200 мянган ам.долларын цэвэр ашиг өгсөн OG ape тэдний нэг идэш болсон гэсэн үг. Сонгосон бүтээгдэхүүнд нь хөрөнгөө оруулахыг “хазалт” гэчихэж. Олуулаа нийлж “хазсан” бүтээгдэхүүнийх нь үнэ өсөхөд эргээд зарах болохоор асуудал үүсэх юм биш үү гэсэн асуулт тавигдаж таарна. “Монгол NFT”-гийнхэн энэ асуудлыг долоо хоног бүр санал хураалт хийх маягаар шийджээ. Хөрөнгө оруулагчдын олонх нь “идэш”-ээ заръя гэж шийдвэл зарна, татгалзвал зарахаа хойшлуулах нь. Гэхдээ өөр зуураа, нэг нь нөгөөдөө худалдаж авсан хувиа зарж болох гэнэ. Монгол NFT-гийн хувьд дараа дараагийн “идэш”-ээ аль хэдийнэ гаргажээ. Анх нэг ape буюу ганц төрлийн бич авдаг байсан бол одоо холимог “идэш” санал болгоод эхэлчихэж. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр хит болж буй хэд хэдэн бүтээгдэхүүний багцыг санал болгож байгаа юм байна.
Өнөөхөндөө шинэ содон сонсогдож буй хөрөнгө оруулалтын энэ хэлбэр ирэх жилүүдэд улс орнуудын доллар татах гол гарцуудын нэг болох нь тодорхой болсны наад захын жишээ нь Facebook-ийн шилжилт. Цукерберг компанийнхаа ирээдүйд метаверс гэж хараад итгэлтэйгээр өөрчлөлт хийж яваа энэ өдрүүдэд блокчейн дээр суурилсан токен, койнуудыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөөр байна. Зарим улс биткойноос эхлээд цахим мөнгийг төлбөр тооцоондоо ашиглаад эхэлчихсэн яваа. Дэлхийн улс орнуудын бие биедээ тавьсан хориг найман мянга давчихсан, дайны байдал хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа ийм үед дэлхийн иргэд хүссэн хүсээгүй виртуал хөрөнгүүдийг хэрэглээнд оруулж койн, токеныг төлбөрийн хэрэгсэл болгосоор явна. Виртуал хөрөнгийн зах зээлээс мөнгө хийх сонирхолтой хүмүүсийн тухайд хүлээн зөвшөөрөгдсөн платформоо олох нь чухал гэсэн зөвлөмжийг энэ зах зээл дээр тоглодог хөрөнгө оруулагчид өгч байна.
Г.Мөнх-Эрдэнэ: “Тесла“-гийн хувьцааг олноороо нийлж авах гарцыг нээчихлээ
“Таван богд капитал” компани дэлхийн виртуал ертөнцөөс доллар татаад эхэлчихсэн “Монгол NFT” компанийн платформыг ашиглаж Тесла, Apple гэх мэт томчуудын хувьцааг олны хүчээр худалдаж авч, олон улсын хөрөнгийн зах зээлээс их хэмжээний долларын цэвэр ашиг хийхээр зорьж яваа аж. Одоогоор саналын түвшинд байгаа энэ шийдэл ажил болвол монголчууд дижитал ертөнцөөс гадна олон улсын хөрөнгийн биржүүд дээр ханш нь өсч яваа дэлхийн топ компаниудын хувьцаанаас ч ам.долларын ашиг хүртэж эхлэх нь. “Таван богд капитал”-ын гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнээс энэ талаар тодрууллаа.
-“Тесла” гэх мэт том компаниудын хувьцааг олуулаа нийлж худалдаж авах шийдлийг танай компани сонирхож байгаа юм байна. Яагаад ийм шийдэлд хүрэх болов?
-Гадны томоохон компанийн хувьцааг, ялангуяа Хонконгийн биржээс хувьцаанууд авъя гэхээр эрэлттэй хувьцааг багцалчихсан байдаг. Жишээлбэл, нэг хувьцаанд хөрөнгө оруулалт хийе гэхээр доод тал нь таван сая төгрөг. Дор хаяж 50 сая төгрөгтэй байж ганцхан компанийн хувьцаа авах жишээний. Америкт “Тесла”-гийн хувьцаа гэхэд л 1000 ам.доллар болчихсон. Төгрөгөөр бодоход гурван сая төгрөг. Манай иргэд тийм хувьцаа авах сонирхолтой ч мөнгөн дүнгийн хязгаараас болоод хүссэн хувьцаагаа авч чаддаггүй. Бид Монгол NFT-тэй хамтраад “Идэш” гэсэн хөтөлбөрт нь нэгдэх гээд байгаа нь ийм учиртай. Өөрөөр хэлбэл, бага мөнгөтэй олон хүмүүсийн мөнгийг нэгтгэж том компанийн ашигтай хувьцааг худалдаж авч, дэлхийгээс эх орон руугаа доллар татахыг зорьж байгаа юм. Нэг сая төгрөгтэй 100 хүн нийлээд 100 сая төгрөгөөр олон компанийн багц бүрдүүлж авна гэсэн үг. Mongol NFT-тэй нийлж “идэш” гаргаснаар монголчуудад дэлхийн зах зээлд дээр хөрөнгө оруулахад хялбар зам нээж өгч байгаа юм. Монголын хөрөнгө оруулагч иргэд бага мөнгөтэйгөөсөө болоод хямдхан үнэтэй хувьцаа авахаас аргагүйд хүрдэг. “Идэш” хөтөлбөрт нэгдээд худалдаж авах юм бол маш өргөн сонголт хийх боломж нээгдэнэ. Мөн эрсдэлээ хамтдаа үүрэх, өгөөжөө хамтдаа хуваалцах боломжийг хүн бүрд нээж өгч байгаагаараа онцлог. Монголчууд өмнө нь дэлхийд алдартай NFT-г идэш болгож худалдаж аваад байсан бол энэ удаа NFT биш, хувьцаа “идэх” боломж давхар нээгдэх гэж байна л даа. Бид хувьцааны багц “идэх” гээд байгаа юм.
-Яагаад заавал MongolNFT платформыг сонгосон юм бэ?
-Нэгдүгээрт, ийм зохион байгуулалтад орсон цор ганц платформ өнөөхөндөө энэ байна. Хоёрдугаарт, ийм олон оролцогчтой платформ одоогоор алга. Нэг сая төгрөгтэй зуун хүнийг харилцагч болгоод “Тесла”-гийн хувьцаа авчихлаа гэж бодъё. Эдний платформоор дамжуулахгүй өөрсдөө шийдье гэвэл хувьцаагаа зарах үед хэцүүднэ. Хувьцаагаа зараад гарахын тулд зуун хүнээс асуух болчихож байгаа юм. Энэ асуудлыг хялбараар шийдэх технологийн шийдэл манайд байхгүй. Mongol NFT-тэй хамтарчихвал өөр. Тэр платформоор нь дамжуулаад санал хураалт явуулчихна. Санал хураалтын үр дүнгээр олонхын саналаар шийдвэр гарчихна. Бидний эцсийн зорилго бол дэлхийн зах зээл дээр олноороо нийлж хөрөнгө оруулж, улсдаа доллар оруулж ирэх. Mongol NFT гэхэд л Монголын оюуны өмч NFT-нүүдийг дэлхийд зарж доллар олъё гээд зорьж яваа залуус. Бид дэлхийн хөрөнгийн биржээс доллар татах зорилготой ажиллаж байгаа. Одоо нийлээд доллар оруулж ирье гэж байна.