“Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Б.Мөнхбаяртай ярилцлаа.
-Сүүлийн хэдэн сарын хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банктай холбоотой асуудал ихээхэн анхаарал татаж, АТГ-аас хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ яллагдагчаар татагдсан хүмүүсийн нэг нь таны үйлчлүүлэгч “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр байна. Яг ямар асуудлаар АТГ-аас шалгагдаж байгаа юм бэ?
-Өмгөөлөгчийн зүгээс АТГ-аас шалгаж байгаа асуудлын талаар нарийн тодорхой зүйл ярих хууль зүйн хувьд болон бодит байдлын хувьд ямар ч боломжгүй байна. Учир нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад тухайн асуудлаар прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл хийх эрх өмгөөлөгчид байхгүй. Нөгөө талаар, мөрдөн шалгах ажиллагааны үйл явц нууц байдаг, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа оролцогчид, түүний өмгөөлөгчид танилцуулдаг учраас АТГ-аас шалгаж байгаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өмгөөлөгчид байхгүй.
Гагцхүү Хөгжлийн банкнаас 2017 онд авсан зээлтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэдгээс нарийн тодорхой зүйл алга. Гэхдээ Хөгжлийн банктай холбоотой хэд хэдэн зээлдэгчдийн зээл, зээлийн барьцаа, зээлийн эргэн төлөлтийн байдлын талаар хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөндөө мэдээлэл гарсан. Тэр бүгдийг уншиж тодорхой мэдээлэлтэй болж, харьцуулж үзэхэд “Бэрэн групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээл бол хамгийн найдвартай, барьцаа хөрөнгө хангалттай, зээлсэн хөрөнгөөрөө бүтээн байгуулалтаа хийчихсэн, Монгол улсын хөгжлийн зээл гэдэг нь маш тодорхой байна.
-АТГ-аас шалгаж байгаа хэргүүдийн талаарх мэдээллүүдээс Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүдийг шалгаад, зээлээ төлсөн хэсгийг нь шалгахгүй байна гэж ойлгогдож байгаа. Танай үйлчлүүлэгчийн хувьд зээлээ яагаад төлөхгүй байгаа юм, зээлээ төлж болохгүй байгаа юм уу?
-АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргүүд Хөгжлийн банкнаас хууль, хяналтын байгууллагад гомдол гаргасан мэдээлэл дээр үндэслэсэн байх. Тэр утгаараа Хөгжлийн банк зээлээ төлчихсөн аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудлаар гомдол гаргаагүй болов уу. “Бэрэн групп” ХХК-ийн хувьд зээлийн төлөлт хийх хугацаа хэтэрсэн нөхцөл байдал бол байгаа юм. Гэхдээ юунаас болж хугацаа хоцорсон гэхээр нөгөө айхтар “Ковид-19” цар тахал өвчин гарсан цаг хугацаа зээл төлөх хугацаатай давхацсан. Тэрнээс 2017, 2018 онуудад зээлийн эргэн төлөлт хэвийн байсан. Тэгээд 2019 он гараад зээлийн эргэн төлөлт хийхэд зарим нэг хүндрэлүүд гарсан учраас Хөгжлийн банкинд хандан зээлийн эргэн төлөх хугацааг сунгах хүсэлтүүдээ гаргаж байсан боловч Хөгжлийн банк хариу өгөхгүй байсаар жилийн дараа боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг юм.
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр барьж буй орон сууцыг борлуулахад худалдан авагчид нь Хаан банк зээл олгоод, борлуулалтын орлогоо шууд Хөгжлийн банкны данс руу шилжүүлэх нөхцөл бүхий хэлэлцээрийг Хаан банк, Хөгжлийн банктай хийхээр удаа дараагийн уулзалт зохион байгуулсан боловч Хөгжлийн банк шийдвэр гаргаж чадахгүй байсаар цаг хугацаа алдсан зүйл байдаг.Харин одоогийн Хөгжлийн банкны захирал, удирдлагууд нөхцөл байдлыг маш сайн ойлгож хамтарч ажиллаж байна.
Мөн 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкнаас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд авсан зээлийн гэрээтэй холбоотой зээл, зээлийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэл гаргаад шүүх иргэний хэрэг үүсгэсэн, одоо хэрэг шүүхэд хянагдаж байна. “Бэрэн групп” ХХК-ийн хувьд сүүлийн 2 жил гаруй хөл хорионы дэглэмтэй үед барилгаа бариад өнөөдөр гурван блок 360 айлын орон сууцыг улсын комисс хүлээж авсан. Энэхүү барилгуудын борлуулалтаар зээлийг төлөх боломжтой, энэ талаараа Хөгжлийн банктай хэлэлцээр хийгээд амжилттай явагдаж байгаа.
-Таныхаар Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг яг ямар журмаар шалгах ёстой юм бэ?
-Хөгжлийн банкнаас авсан зээлүүдийг бараг олгогдох ёсгүй байхад олгосон зээл гэх мэтээр эрүүгийн журмаар Авлигатай тэмцэх газраас захирлуудыг нь хэдэн сараар хорьж шалгаж байна. Гэмт хэрэг үйлдэж анхнаасаа авах ёсгүй байсан зээлийг олгосон юм бол эрүүгийн хэргийн онцлог болон цаашид үүсэх үр дагавар нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болно, дагалдаад барьцааны гэрээнүүд хүчингүй болно. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги авах боломжгүй харин ганцхан анх олгосон зээлийг буюу 11.7 сая ам.долларыг л хохиролд буцаан олгох зохицуулалттай.
Гэтэл Хөгжлийн банкнаас тус 11.7 сая долларын зээлийн болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр гэрээ учир энэ зээлтэй холбоотой асуудал бол Иргэний хэргийн маргаан гээд Иргэний хэргийн шүүх дээр нэхэмжлэл гаргаад үндсэн зээл 11.7 сая доллар болон зээлийн хүү 3.6 сая доллар, нэмэгдүүлсэн хүү 445 449 ам.доллар гээд нийт 15.4 сая ам.долларыг нэхэмжлээд иргэний хэрэг үүсчихсэн шүүх хурал товлогдоод явж байна.
Энэхүү төлбөрийг “Бэрэн групп” ХХК нь бүрэн төлөх боломжтой, төлөхөөр яриа хэлэлцээ хийгдэж байна.
-“Бэрэн групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг зарим иргэд хөгжлийн зээл биш гэж үзээд байх шиг байна энэ талаар таны бодол?
-Хоёрхон жилийн өмнө 1 тн арматурын үнэ дундаж үнэ 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг байсан боловч одоо зах зээл дээрх 1 тн арматурын дундаж үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг болсноос орон сууцны үнэ 30-40 хувь нэмэгдэж ард иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ идэх хоол, өмсөх хувцас, сурах хөгжих боломж зэрэг амьдралын ихэнх хэрэгцээгээ хасан байж өндөр үнэтэй орон сууцыг худалдан авч эдийн засгаараа хохирч байна.
Хэрвээ “Бэрэн групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн нэг хэсэг болох гангийн үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд арматураа дотоодоосоо хангаж 1тн арматурын үнэ буцаад 1.900.000 /нэг сая есөн мянга/ төгрөг болж буурах бөгөөд хөөсөрсөн орон сууцны үнэ бууж, хэвийн болох боломжтой юм. “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн хүрээнд нийт 650 айлын газар чөлөөлж, нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий 2,732 айлын орон сууцны барилгыг өөрийн хөрөнгө оруулалт болон зээлийн хөрөнгөөр, 2000 орчим айлын орон сууцны барилгыг бусад хөрөнгө оруулагч нартай хамтран ашиглалтад оруулсан.
Түүнчлэн Улсын их хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлогo” хөтөлбөрт заасан дагуул хотууд байгуулах болон цахилгаан, эрчим хүч, боомт, үйлдвэрүүд зэрэг бүтээн байгуулалтыг ган, арматургүйгээр явуулах ямарч боломжгүй учир Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангасан ган арматурын үйлдвэртэй болох ёстой. Яагаад? Гэвэл товчхондоо Ган төмөрлөгийн хэрэгцээнийхээ 90 хувийг импортоор авч 350-400 сая ам.долларын валютын нөөц гадагшаа урсаж байна.
БНСУ зэрэг хөгжингүй улс орнууд үндэсний стратегийн үйлдвэрүүдээс төрөөс дэмжлэн бодлогын хүчээр өнөөдөр эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж байгаа. Энэ бол ихэнх орны хөгжлийн түлхүүр. Гэтэл Монгол Улс яг эсрэг тал руу нь яваад байгаа нь хачирхалтай бөгөөд Улс төрийн зохиолын хохирогчид нь баялаг бүтээгчид болж байна.
-“Бэрэн групп” ХХК-ийг Хөгжлийн банкнаас гангийн үйлдвэрийн зээл авсан талаар буруутгадаг энэ талаар?
-“Бэрэн групп” ХХК энэхүү ажлынхаа хүрээнд жилд 500,0 мян.тн ган үйлдвэрлэх төмөрлөгийн цогцолбор үйлдвэрүүдийг барьж эхний үйлдвэрүүдийг шат дараалалтайгаар ашиглалтад оруулсан. Мөн жилд 200,0 мян.тн ган төмөр үйлдвэрлэх Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийг 2022 оны 2 дугаар улирал гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байсан боловч миний үйлчлүүлэгч болох “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийг цагдан хорьсон. Үүний улмаас энэхүү үйлдвэр ашиглалтад орох боломжудааширч зээл төлөх боломжийг хааж байна. Мөн Авлигатай тэмцэх газраас “Бэрэн групп” ХХК-ийн хамаарал бүхий бүх компанийн дансыг хааж, үл хөдлөх хөрөнгүүдэд хориг тавьсан. Тэдгээр компаниудын дансдуудыг хааснаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, хэдэн зуун ажилчдын цалин хөлс авах эрхэд шууд халдаж, тэдгээр хүмүүс ар гэр үр хүүхдээ тэжээн тэтгэх боломжийг үгүй хийж байна.
Тэр ч байтугай Б.Мөнхтөр гуайн эхнэр хоёр хүүхэд болон хүүхдүүдийн хүүхэд болох бага насны хүүхдүүдийн бүх дансдуудыг хаасан төдийгүй хүүхдийн мөнгөө авах боломжгүй болгосон зэрэг хэт хүнлэг бусаар шалгаж байна.
-Гангийн үйлдвэр ашиглалтад орсноор ямар ач холбогдолтой вэ?
-Гангийн үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд нийт 3.000 ажлын байр шууд бий болгож манай улсын жилийн 500 сая ам.долларын импортыг орлох стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр бөгөөд “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийн эцсийн шатны үйлдвэр болох төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсанаар 70.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэр бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 онд нийт төслийн санхүүжилтийн 30% болох 22.7 сая ам.долларын зээл авч тус зээлээр арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө оруулалт, үндсэн болон зарим туслах барилга байгууламжийн барилга угсралтын ажил, тоног төхөөрөмжийн худалдан авалт, угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэсэн нэмж өөрийн санхүүжилтээр гүйцэтгэн одоогийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэл 85 хувьтай явж байгаа.
УИХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Шинэ сэргэлтийн бодлогыг баталсан. “Шинэ сэргэлтийн бодлогo”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3-т “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, 3.2-т Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ гэж зааснаас гадна жилд 200 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр төслүүд хэрэгжиж дууссанаар 2025 он гэхэд дотоодын гол нэрийн ган бүтээгдэхүүний /арматур гэх мэт/ хэрэгцээний 80 хувийг хангаж, экспортод гаргах бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдсэн байна. Бэрэн металл буюу Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн төслийг шинэ сэргэлтийн бодлогод оруулан бодлогоор улс дэмжиж байгаад талархаж байна.
Гэвч Монгол Улсын бодлого хөтөлбөр цаасан дээр байхаас бодит байдал дээр байхгүй, бүр цагдан хорьж байгаа Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг гайхахаас өөр аргагүй байна. Монгол Улс төмрийн хүдэр, кокс нүүрс, шохойн чулууны арвин нөөцтэй хэрнээ өнөөдрийг хүртэл гангийн үйлдвэр хөгжөөгүй нь төр засгийн нэгдсэн бодлого дутуу байсан, гадны хөрш орнуудын түүхий эд бэлтгэгч орон байлгах сонирхол байж магадгүйг нуух юун.
-Мөнхтөр гуайг цагдан хоригдож гарч ирээд гэмт хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл байсан, энэ ямар учиртай вэ?
-2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Зариг.мн сайтад АТГ-ын ажилтан “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн талаар мэдээлэл өгөхдөө “…хэргийн холбогдогч суллагдсан даруйдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна…, таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж суллагдсаны дараа хэргийн холбогдогч дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон..” гэж гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээлэл хийсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар хүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг зөвхөн шүүхийн шийдвэрлэх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр АТГ-ын ажилтан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөрийг дахин гэмт хэрэг үйлдсэн гэж мэдээлсэн. Гэтэл тухайн санхүүгийн баримт дээрх гарын үсэг Б.Мөнхтөрийнх болохыг нотолсон буюу тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гараагүй, мөн тухайн баримт үйлдсэн гэх тэр хугацаанд нь Б.Мөнхтөр нь цагдан хоригдож байсан бөгөөд хэт яллах тал руугаа хэрэг үйлдсэн мэт гүтгэн харлуулах чанартай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна уу гэж харагдаж байна. Анх Б.Мөнхтөрд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа л үндэслэлгүйгээр учир битүүлэг гурван өгүүлбэр бичигдсэн, а5-ын цаасан дээрх бичиг үзүүлээд хорьсон. Тэр хугацааг нь өнөөдрийг хүртэл сунгаад явж байна.
Ингэхдээ бүр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа дууссаны дараа энэ хугацааг нь сунгах саналыг прокуророос гаргаад, шүүх тэрийг нь хүлээгээд авчихсан.
-Цагдан хорьсон хугацаа дуусгавар болсон байхад дахин хугацааг нь сунгасан юм уу, шүүхээс?
-Шүүгчийн 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн захирамжаар “…цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасугай” гэж шийдвэрлэн Б.Мөнхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан байдаг. Энэхүү шүүгчийн захирамжид цагдан хорих хугацааг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэлгэж маш тодорхой заасан тул 2022 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутыг хүртэл хугацаанд л Б.Мөнхтөрийг цагдан хорихоор шийдвэрлэсэн гэсэн үг. Гэтэл прокуророос 2022 оны 04-р сарын 25-ны өдөр буюу Б.Мөнхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусгавар болсны дараа уг хугацааг сунгах саналыг шүүхэд гаргасан байдаг. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуроруудын саналыг шүүх 2022 оны 04-р сарын 25-ны өдрийн 10 цагт хүлээн авсан тэмдэглэл бүртгэлд авагдсан. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналыг прокурор шүүхэд гаргах эрхтэй боловч хугацаа сунгах саналыг тухайн хугацаа дуусахаас өмнө гаргаж, шүүх уг хугацааг дуусахаас өмнө шийдвэрлэж байж сунгагдсанд тооцогддог. Харин шүүгчийн захирамжид дурдсан миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2022 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минут дуусгавар болсны дараа прокурорын санал шүүхэд ирсэн тул хугацаа сунгах саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаар, шүүгчийн захирамж нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гарсан тул шүүхийн шийдвэр гэж тооцогдон, адил хүчин чадалтай үйлчилдэг. Гэвч өөрийнхөө гаргасан захирамжийг шүүх өөрөө зөрчиж, шийдвэрээ биелүүлэхгүй байгаа юм.
-Тэгэхээр таны үйлчлүүлэгч Б.Мөнхтөрийг хууль бусаар хорьсон гэсэн үг үү?
-Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд зааснаар шүүгчийн захирамжид заасан хугацаа нь 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл байхаар шийдвэрлэсэн тул миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн 23 цаг 59 минут хүртэл л цагдан хорих ёстой.
Гэвч миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2022 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутад дуусгавар болсон байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Цагдан хорих 461-р анги 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 59 минут хүртэл хугацаагаар буюу бүтэн 1 өдрийн турш хорьж ямар нэгэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр эрх, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарласан.
-Тэгэхээр Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан нь үндэслэлгүй байсан гэсэн үг үү?
-Прокуророос цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналын хууль зүйн үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-т заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол…” гэж тодорхойлсон.
Миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөрийг яллагдагчаар татсан эрүүгийн хэргийг 2018 оноос эхлэн АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан гэх бөгөөд уг хэрэгтэй холбоотой гэрчүүдээс мэдүүлэг тайлбар авах, “Бэрэн групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээл, түүний зарцуулалттай холбоотой бүхий л баримтуудыг гаргуулан авсан байх боломжит хугацаа аль хэдийнэ болсон.
Гэтэл хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй гэдгээр шалтаглан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах саналыг удаа дараа шүүхэд гаргаж байгаа нь хууль бус юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг мөрдөх, бодит байдлыг нь тогтоох мөрдөгчийн үүрэг бөгөөд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаагийнхаа төлөө хүний эрхийг хязгаарлах саналыг шүүх гаргаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөр нь яллагдагчаар татсан тогтоолтой танилцах хүртлээ өмнө нь ямар нэгэн байдлаар гэрчээр дуудагдаагүй, мэдүүлэг өгч байгаагүй, уг хэрэгт хэнийг хохирогчоор тогтоосон, хэн гэдэг гэрч мэдүүлэг өгсөн талаарх ямар ч мэдээлэлгүй байсан тул Б.Мөнхтөрөөс шалтгаалан хэргийн ээдрээ төвөгтэй байдал бий болсон асуудал байхгүй.
Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийг хамгаалсан суурь долоон гэрээ конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон. Тэдгээрийн нэг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 29 дүгээр зүйл, мөн Монгол Улсын 1974 онд соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 9 дүгээр зүйлийн 2-т “Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно”, 14 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй” гэж заасан. Ийм боломж бололцоог ч хууль, хяналтын байгууллагаас олгохгүй зөвхөн хорьж байж мөрдөх гээд байгаа нь муйхар арга юм. Эрүүгийн процессын хуульд өөр авч болох олон таслан сэргийлэх арга хэмжээ байгаа боловч хамгийн хүндийг нь сонгон хэрэглэж байгаа нь хүний эрхийг дордуулж байгаа юм.
Үндсэн Хуулийн 10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, гурав дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан бөгөөд шүүхээс Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын заалтыг хэрэгжүүлэх боломтой байхад хэрэгжүүлэхгүй, сахин биелүүлэхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
-“Бэрэн групп” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Мөнхтөрийн эрүүл мэндийн байдал муу байгаа гэж сонссон, энэ талаар тодруулбал?
-Миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөр нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ-д ходоодны хорт хавдрын хэвлийн хөндийн дурангаар тайрах мэс засалд орж ходоодоо тайруулсан. Мөн 2017 оноос хойш нойр булчирхайн гетеротрофик бактеритай гэсэн онош гарч нойр булчирхайн архаг үрэвсэлт өвчнөөр өвдөж, давхар чихрийн шижингийн хам шинж илэрч, арьсан дээр буглаат тууралт өгч байна. Дээрх өвчний шинж тэмдгүүд үе үе илэрч, заримдаа даралт ихсэх, ходоод хямрах, цусаар бөөлжих, ухаан алдаж унах тохиолдол олон удаа гарч байсан учир одоог хүртэл тогтмол эмчийн хяналтад байж, хоолны нарийн дэглэм баримталж, өдөр бүр даралтаа хэмжиж, олон төрлийн эм ууж байдаг юм.
Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгч Б.Мөнхтөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн дүгнэлт, эмнэлгийн тодорхойлолт, амбулаторийн бичиг, оношийн баримтууд, түүний хүүгийн тархины хорт хавдрын улмаас хүнд мэс засал хийлгэж, одоо ч эмчийн хяналтад байгаа тухай зэрэг өөрийнх нь болон хүүгийнх нь эрүүл мэндтэй холбоотой 50 гаруй хуудас материалыг таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүхийн хэлэлцүүлэг бүрт гарган өгч байсан бөгөөд энэ нь шүүхийн архив, хавтаст хэргийн материал, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид байгаа гэж ойлгож байна.
Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Мөнхтөрийг анх цагдан хорих арга хэмжээ авахдаа түүний эрүүл мэндийн байдалд дүгнэлт хийж, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан 20 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж байсан.
Гэтэл анх цагдан хорьсноос хойш хоёр ч удаа хугацааг нь сунгаж 60 хоногийн хугацаа аль хэдийнэ өнгөрчихөөд байна.