Categories
мэдээ нийгэм

“Монголын Ипотекийн Корпорацтай нарийн тоогоор мэтгэлцмээр байна” гэв DNN.mn

“Байрны үнэ, ипоте­­­кийн зээлийн хүүг зохиомлоор өс­­гөж байгаа МИК-аас тат­­­­галзъя” сэд­­вээр гавь­­­яат эдийн за­­сагч Н.Даш­­зэвэг, эдийн засагч Я.Бат­­­­­­­­­­суурь нар мэдээлэл хийлээ.

Гавь­­­яат эдийн за­­сагч Н.Даш­­зэвэг “Орон сууцны зээлийн талаарх гол асуудлыг огт ярихгүй байгаа санагдлаа. Процессыг харвал, Монголбанк 4%-ийн эх үүсвэрээр арилжааны банканд өгч, банкууд 8% болгоод зээлдэгч нарт өгч байна. Банкууд үүнийг багцлаад МИК-д 8%-ийн хүүтэйгээр өгч байна. МИК багцлаад 4.5%-ийн хүүтэйгээр Монголбанкинд, 10.5%-ийн хүүтэйгээр бондоо арилжааны банкуудад өгч байгаа. МИК-ын ашгийн эх сурвалж бол иргэдийн банканд төлж байгаа зээлийн хүү дотроос гарч ирэх ёстой. 8% бол дэндүү өндөр тогтоогдсон болохыг үүгээр харуулж байна. Монголбанк өөрийнхөө гаргасан 4%-ийн хүүтэй эх үүсвэрийг бонд гээд буцаагаад 4.5,-ийн хүүтэй авна гэхээр 0.5 хувийн алдагдал гарч байна.

МИК зүгээр арилжааны банктайгаар тусдаа гарчих. Бид харин төрийн мөнгийг салгаж аваад орон сууцны үнийг хямдруулна. ТОСК, НОСК маягаар нэг метр квадрат нь 1.5 сая төгрөгийн байр бариулаад 2.5 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд зарна гэж ажиллаж болно. Өөрөөр хэлбэл хувийн биш төрийн корпорац байгуулах хэрэгтэй байна. Өнөөдөр “МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ган­­­­­­­­­тул­­­­­­­гыг уриад, мэтгэлцье гэсэн чинь ирсэнгүй. МИК-тай нарийн тоогоор мэтгэлцмээр байна” гэв.

Үргэлжлүүлэн эдийн засагч Я.Бат­­­­­­­­­­суурь “МИК бол огт байх шаардлагагүй компани юм. Санхүүгийн бүтэц сайн хөгжсөн орнуудад тусгай зориулалтын компани байдаг. Хоёрдогч зах зээл дээр ипотекийн зээлийн багц арилжаалдаггүй. Тэрийг худалдан авах чадалтай хөрөнгө оруулагч нар манайд байхгүй бөгөөд ийм систем манайд бүрэлдээгүй. Ипотекийн зээлийн хүү 3, 4% болж буурах бүрэн боломжтой” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: ​Дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг “0” төгрөг болголоо DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O”төгрөг болголоо.

Дотоодын зах зээлд борлуулж байгаа дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд байлгах холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун нарт даалгалаа.


Товч мэдээ
· Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж шинээр 20 га талбай бүхий өвлийн хүлэмж барихад 60 сая ам.доллар, агуулах зоорийн хүчин чадлыг 35 мянган тонноор нэмэгдүүлэхэд 40 сая ам.доллар, нийт хамгаалагдсан хөрсний тариаланг хөгжүүлэх, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай 100 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.
· “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг бүс нутгийн уул уурхай, металлургийн кластер хэлбэрээр хөгжүүлэх талаар судлан, санал боловсруулж танилцуулахыг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт даалгалаа. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэх, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, компанийн үйл ажиллагааг хэвийн үр ашигтай явуулахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгожээ.
· Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагаандэл-Уул боомт, Дорноговь аймгийн Ханги боомтын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох арга хэмжээг авч ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ улс-төр

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар сонгогдов DNN.mn

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр (2022.04.20) 09 цаг 20 минутад 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ даргалж, Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Хянан шалгах түр хороо байгуулагдсан. Уг тогтоолд Хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар тогтоосон хэмээн хуралдааны эхэнд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасны дагуу Түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналтай гишүүдийг нэрсийг авав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг нэр бүхий 20 гишүүний санаачилгаар байгуулагдсан болохыг дурдаж, аливаа улс орны парламент нь ард түмний эрх ашгийг зөрчсөн хэрэгт хяналт тавих ёстой. Иймд хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан, мөн Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбатаарыг Түр хорооны даргаар нэр дэвшүүлэх саналтай байгаагаа хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Монгол Улсын Хөгжлийн банкны асуудалд шударга, улстөрийн эр зоригтой, асуудалд бодитой ханддаг хүн байх ёстойг тэмдэглэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын нэрийн дэвшүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Хөгжлийн банкны асуудал нийгэмд маш их хүлээлт бий болгосон. Иймд зөв ойлголтыг нийгэмд хүргэх, хариуцлагатай ажлын өмнө нүүр тулж байгааг онцолж, парламентын цөөнхийн төлөөллөөс Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандын нэрийг дэвшүүлэв.

Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Т.Доржханд нарын нэрийг дэвшүүлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, Хөгжлийн банкны асуудалд улстөрийн манлайлагч, хуульч гишүүн байх нь зүйтэй хэмээгээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, өөрийн нэрээ татав.

Ингээд Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргаар нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар 75.0 хувь, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд 25.0 хувийн саналаар тус тус дэмжигдэв.

Ийнхүү Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгох тухай тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө

Categories
мэдээ нийгэм

“Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй гурван хүнийг хайж байна DNN.mn

“Портер” загварын автомашинтай зорчиж явсан 6-47 насны гурван хүн дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс сураггүй болсныг албаныхан хайж байна.

Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар “Портер” загварын автомашинтай зорчиж явсан гурван хүн дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.

Өчигдөр буюу 04.19-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 3 бүлэгт хуваагдан

  • 1 дүгээр бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 1 км-т урсан 6 метрийн гүнд 14 удаагийн шумбалт хийж,
  • 2 дугаар бүлэг Харлагын голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт 3 км голын эрэг болон усаар хайж,
  • 3 дугаар бүлэг тус сумын Ингэтийн гүүрнээс Хялганатын гүүр хүртэл зүүн зүгт 30 км-т урсаж, тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон.

Өнөө өглөө /04.20/ 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

А.Отгонбаатар: УИХ-ын гишүүдийн тоог 200 болгож, пропорционал тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй DNN.mn

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар сонгуулийн тогтолцооны асуудлаар мэдээлэл хийв.

Тэрбээр “30 жилийн улс төрийн тогтолцоо өнөөдөр нурж байна. Энэ тогтолцоондоо манай ах нар хулгайгаа хаана нуух вэ, хаашаа гуйвуулах вэ гэдэг аргаа сурсан.

1990 оноос хойш 14 Засгийн газрыг огцруулаад байна.

Өөрсдийн намын гишүүдээ ачиж, сонгуульд оролцуулсан хүү аавыгаа дагуулаад УИХ-ын танхимд орж ирэхийг бид харсан.

Пропорционал тогтолцоог нэвтрүүлбэл хамгийн чадварлаг аавын хөвгүүд төрийн ордонд орж, салхи сэвэлзэнэ. Хэрвээ энэ ажлыг хийхгүй юм бол миний хэлж байгаа зүйлүүд дахин давтагдана.

УИХ-ын гишүүдийн тоог нэм. Тэдний дархан эрх, хангамжийг нь байхгүй болгомоор байна. Тэгвэл энэ бялуу руу дайрах хүнгүй болно. Ээж, аавыгаа дагуулсан эрхийн балайнууд УИХ-ын танхим руу гэтэж орж ирэхгүй. УИХ-ын гишүүдийн тоог 200 болгох нь зөв” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нөлөөллийн семинар боллоо DNN.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нөлөөллийн семинар боллоо

Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд ААНБ-уудад зориулсан нөлөөллийн семинарыг энэ сарын 18,19-нд зохион байгууллаа.

Семинарын гол зорилго нь ААНБ, ажил олгогчдод ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээг ашиглаж ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих зэрэг хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх юм.

Энэ үеэр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ХБИ-ний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой онцлох зүйл заалт болон хяналтын тогтолцоо, Япон улсын ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн жишээний талаар мэдээлэл өгөв.

Мөн төслийн ахлах зөвлөх Чиба төслийн үйл ажиллагааны талаар танилцуулж, Япон улсын “Мираиро” ХК-ын мэргэжилтэн багш нар “ХБИ-ийн ААНБ-д үзүүлэх үнэ цэнэ” сэдвийн хүрээнд илтгэл тавьж семинарт оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.

Семинарт ААНБ-уудын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан, ХБИ-ийн ТББ-уудын төлөөлөл оролцлоо. Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг сайжруулах практик сургалтаар тэргэнцэр, цагаан таяг ашиглан Японы ААНБ дахь тохирох хэрэглэгдэхүүний жишээг мэргэжлийн багшаар заалгаж багаар ажиллав. Үүнээс гадна Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ, ХБИ-ийг ажиллуулах давуу тал, ХБИ-ийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангахын тулд авах арга хэмжээ, бизнесийн орчинд ХБИ-ийг тэгш хамруулах дэлхийн чиг хандлага зэрэг сонирхолтой илтгэл мэдээллүүдийг хүргэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Намууд зөвшилцөөд сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт хийх саналыг дэвшүүлж байна” гэв DNN.mn

Үндсэн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүд болон зарим намын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Манай улсын эдийн засагтай холбоотойгоор Засгийн газраас өнөөдөр төсвийн тодотгол оруулж ирж байна. 14 хоногийн өмнө олон залуучууд талбай дээр гарч жагсаад олон саналыг улс төрийн намуудад хүргүүлсэн.

30 жилийн алдаа оноон дээр дүгнэлт хийх цаг нь болсон байна. Үүсээд байгаа асуудлыг үндсээр нь шийдэх цаг болсон. Ингээд намууд зөвшилцөөд сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийх саналыг дэвшүүлж байна” гэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бид холын төлөвлөгөөтэй хөгжлийн бодлогоо дагаж ажиллах ёстой. Сонгуулийн мажоритар тогтолцоо энэ олон хямралын үүд хаалгыг нээж өгч байна. Тиймээс өөрчлөх хэрэгтэй. Хэт нэг намын давамгайлал улс орныг хөгжлийн гацаанаас гаргаж чадахгүй. Миний хувьд холимог тогтолцоогоор сонгогдсон парламентад ажиллаж байсан. Гишүүн болгоны үгийг сонсдог байсан. Сүүлийн хоёр парламент хэн нэгний даалгавраар ажил хийж байна.

Нэгдсэн төсөв баталж байгаа боловч тойргийн төсөв батлаад байгаа. Тиймээс эхлээд сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах хэрэгтэй. Үүнээс өмнө улс төрийн намын хуулийг хэлэлцээд хэрэггүй” гэлээ.

Монголын Үндэсний Ардчилсан Намын дарга Б.Цогтгэрэл “Үндсэн хууль бол хөгжил дэвшлийн баримт байх ёстой. 2019 оны Үндсэн хуульд орон нутагт намчирхлыг сааруулах гэсэн бүлэг оруулахаар яригдаж байсан. Харамсалтай нь тухай үеийн эрх баригчид орон нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх нь гэсэн нэрээр сольсон. Намчирхал хэрээс хэтэрснээс шалтгаалаад манай улс сонгуулийн эдийн засагтай орон болоод байна.

Ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил намчирхлын золиос болж байна. Бүхий л салбарт хөгжил явагдахгүй байна. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах үндсэн зорилгоосоо бид хазайсан. Тиймээс эдийн засаг, намчирхал талцлыг саармагжуулах гэсэн хоёр бүлгийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд багтаах хэрэгтэй.

Улс төрийн намын болон сонгуулийн, Үндсэн хуулийг хамтад нь хэлэлцэх нь зөв” гэдгийг хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Хиймэл оюун ухааны судалгааг хөгжүүлнэ DNN.mn

Хиймэл оюун ухааны судалгааг хөгжүүлнэ

Монгол улсын ШУА болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар өнөөдөр үзэглэлээ.

Орчин үеийн дэвшилтэт техник, технологи болон сансар судлал, сансрын технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэх, судалгаанд суурилсан бодлогын болон технологийн шийдэл, загвар боловсруулах, хиймэл оюуны судалгааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгуулжээ.

Мөн салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, инновац технологийн экосистемийг хөгжүүлэх, төр-эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байна хэмээн ШУА-иас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Г.Дамдинням: Дарханы замын ажилд олон нийтийн хяналт оруулна DNN.mn

Дарханы замын ажил дуустал нэмэлт галт тэрэг явахаар боллоо.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 201 км замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгосон ч өнөөдрийг хүртэл дуусаагүй. Олны хэл ам их, олон хэцүү асуудалтай уг замын ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өгсөн. Гэвч өнөөдөр төслийн ажлын гүйцэтгэлийн хувь талдаа ч хүрээгүй урагш муутай явааг Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням салбарын яам, ялангуяа сайдын менежменттэй холбон байнга шүүмжилж, замаа “нэхэж” байгаа харагддаг.

Үнэндээ Дарханы зам бол олон аймгийг хамарсан босоо чиглэлийн төв магистрал зам. Энэ замаар ганц Дарханчууд төдийгүй Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн иргэд зорчдог. Гэтэл Дарханы Г.Дамдинням гишүүнээс бусад дээрх аймгуудаас сонгогдсон гишүүд нь ганц үг ганхийдэггүй гэж иргэд бухимдсаар байна.

Ямартай ч УИХ-аас Дарханы зам гэж дандаа дуугардгаар нь Г.Дамдинням гишүүнээр ахлуулсан Дархан-УБ чиглэлийн авто замын ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хянал тавих, тодорхой асуудлаар чиг үүрэг өгөх эрх бүхий Ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг өнгөрөгч 7 хоногт ЗТХЯ-нд ажиллахдаа олон тулгамдсан асуудлуудыг ярилцаж шийдвэрлэхээр болсон нь эхнээсээ ажил болоод эхэлсэн аж.

Энэ тухайд УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням “Манай Ажлын хэсэг ЗТХЯ-ны холбогдох албаны хүмүүстэй уулзаж, Л.Халтар сайдад зарим асуудлаар үүрэг, чиглэл өгсөн нь эхнээсээ хэрэгжиж эхэллээ. Тухайлбал замын ажил дуустал рейлбус болон Төмөр замын рейсийн тоог нэмэгдүүлэх даалгавар өгсөн. Маргаашаас галт тэрэг явж эхэлнэ. Ирэх сараас арай дулаарахаар рейлбус явуулж эхэлнэ. Мөн замын ажилд Олон нийтийн хяналт оруулах төлөвлөгөө яаралтай боловсруулах чиглэл өгсөн. Энэ дагуу яамнаас тухайн орон нутгийн иргэдийг Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр багцууд дээр байнга ажиллуулах санал ирүүлжээ. Түр замын аюулгүй байдал, стандартыг мөрдүүлэх чиглэлд орон нутгийн АЗЗА нарыг дайчлан ажиллуулна. Ажлыг бүхэлд нь гацаасан 2,4-р багцын анхны тендерийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэлээр ажиллаж байгаа гэсэн явцын мэдээллийг ЗТХЯ-наас өгсөн. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд бүтээн байгуулалтын улиралд замын ажлыг эрчимжүүлэх бүх арга хэмжээг авч, холбогдох талуудаас шаардаж, хэрэгжилтийг хангуулж ажиллах болно” гэлээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавируст халдварын 51 тохиолдол шинээр батлагдлаа DNN.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 51 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 45 нь Улаанбаатар хотод,
  • Зургаа нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 162 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 571 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь нэн хүнд, 37 нь хүнд, 101 нь хүндэвтэр, 14 нь хөнгөн оноштой байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

зураг