Categories
мэдээ улс-төр

УИХ: Төсвийн тодотголыг дагалдах хуулиудыг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар” тавьсан асуулгын хариу сонсоно.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 128 жолооч согтуугаар жолоо барьж, 181 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1500, хулгайтай холбоотой 32, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 116, гэмт хэргийн шинжтэй 98 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 128, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 121, хүний биед халдсан 67, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 104, эрүүлжүүлэх байранд хоносон 181, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 71 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна DNN.mn

Өнөөдөр Баян-Өлгийн зүүн, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 8-13 метр, нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-17 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-14 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Миний зургийг зөвшөөрөлгүй аваад постолчихсон. Маш олон охиноос танилцъя гэсэн чат болон найзын хүсэлт ирсэн гэв DNN.mn

Сүүлийн хоёр жил дэлхий даяар цар тахал дэгдэж, хөл хорионы байдалтай байсан билээ. Энэ хугацаанд хүүхдүүд цахимаар сурч, өөрсдийн фэйсбүүк хаягтай болж, цахим орчинд хараа хяналтгүй ихээр орох болсон гэх шүүмжлэл ихсээд буй юм. Бага насны хүүхдүүд гудамж талбай, олон нийтийн газар хараал их хэлдэг, шүлс, нус цэрээ хаядаг гээд хүүхдийн хүмүүжилтэй холбоотой асуудал цахим орчинд байнга өрнөсөөр. Энэ талаар ерөнхий боловсролын сургуулийн орчин болон олон нийтийн газраар явж сурвалжиллаа.


ХҮҮХДҮҮДИЙН СУРАХ ИДЭВХ, ХАРИЛЦАА БҮХ ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДСӨН

Өчигдөр үдээс өмнө 11:00 цагийн үед Гуравдугаар сургууль орчмоор хөл хөдөлгөөн ихтэй байв. Зарим ангиуд нь тарж, зарим нь орж байгаа үе аж. Түгжрэл бууруулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын цагийг зөрүүлсэн нь энэ. 3-4 дүгээр анги болов уу гэмээр 4-5 хүү сургууль руу орох ээлжээ хүлээн зогсоно. Тэдний яриаг хэсэг сонслоо. Хоорондоо инээж хөхрөлдөөд их гоё зүйл ярьж байгаа бололтой. Сэм сонсоход “Тэр охин руу чат бичсэн. Их зантай юм, хариу ирэхгүй байна лээ. Өөрийгөө юу гээд бодчихсон…” гэх мэтээр ярих нь жишим ч үгүй хараал хэлдэг эхний жишээ боллоо. Цааш байрнуудын дунд ороход дунд ангийн болов уу гэмээр 10-аад охид хөвгүүд нийлэн зарим нэг нь тамхи татан суух юм. Яриа нь түрүүчийн таарсан хүүхдүүдээс ч илүү хараалын үгтэй байх аж. Үүнийг хэсэг гайхаад Дөрөвдүгээр сургуулийг зорин очлоо. Сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй уулзав. Дөрөвдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Б.Баярчимэг ярихдаа “Хүүхдүүд маш их хараал хэлдэг болсон. Үүнд гэр бүлийн орчин их нөлөөлж байгаа. Гэртээ гаргадаг араншингаа сургууль дээр ирээд гаргадаг. Бага ангийн хүүхэд гэлтгүй бүгд хичээл хийх сонирхолгүй болсон. Хичээлийн цагаар сургуулийн коридороор тэнэнэ. Цайны газар сууж байна. Хичээл дээр унтах асуудал бол хэвийн үзэгдэл болсон” гэв. Харин сэтгэл зүйчтэй уулзах гэсэн боловч одоогоор энэ орон тоо эзгүй байна гэх хариуг өгөв.


Ингээд нэгдүгээр ангийн багш Б.Хонгорзулаас зарим зүйлийг тодруулав.


-Хөл хорионы дараа хүүхдүүдийн зан араншин өөрчлөгдсөн зүйл ажиглагдаж байна уу?

-Маш их өөрчлөгдсөн. Хоёр жил гэртээ байсан хүүхдүүд намраас долоо хоног танхимаар, долоо хоног цахимаар хичээллэж байхад нэг их анзаарагдахгүй байсан. 100 хувь танхимаар хичээллэж эхэлснээс хойш маш их мэдрэгдэх болсон. Хоорондоо янз бүрийн үг хэллэг хэлнэ. Багш юм зааж байхад анхаарахгүй. Тарах цаг болоогүй байхад тарах болсон уу гэж байн байн асууна. Ер нь хүүхдүүдийн сурах идэвх, харилцаа бүх зүйл өөрчлөгдсөн.

-Танайх цахим хичээлээ яаж явуулдаг байсан бэ. Хүүхэд бүр заавал фэйсбүүк хаяг шинээр нээсэн үү?

-Үгүй. Манайх нэгдсэн журмаар бүх хүүхдэдээ и-мэйл хаяг нээж өгөөд классрүүмд холбогдон хичээлээ ордог байсан. Бага насны хүүхдүүд өөрсдийн гэсэн фэйсбүүк хаягтай байх нь эрсдэлтэй шүү дээ.

-Танай ангид фэйсбүүк хаягтай хүүхэд бий юү?

-Би энэ жил нэгдүгээр анги авсан. Урьдныхыг бодвол хүүхэдтэй харилцах маш түвэгтэй болсон. Юм хэлээд ойлгохгүй. Олон хэлэхээр үглэлээ гэж өөрөө загнуулна. Одоогоор манай ангид фэйсбүүк хаягтай хүүхэд байхгүй.

-Тэгэхээр танай ангийн хүүхдүүд заавал эцэг эхийн хяналт дор цахим хичээлдээ хамрагддаг байх нь ээ?

-Тийм. Хүүхдүүд өөрсдөө мэйлээ нээгээд орох боломжгүй. Дөнгөж нэгдүгээр ангийн хүүхдүүд шүү дээ.

-Бага насны хүүхдүүд маш их хараал, ёс бус хэллэг хэлдэг болсон гэх юм. Танд ажиглагдаж байна уу?

-Тийм шүү. Гэртээ тийм харилцаатай байдаг юмуу бүү мэд. Зарим хүүхдүүдээс тийм хандлага илрээд байдаг. Жаахан хүүхдээс гарамгүй үг хэлнэ. Эхэндээ маш их гайхдаг байсан. Сүүлдээ ч бараг дасаад байх шиг.

-Та багш хүний хувьд хэлж сануулдаг уу. Засрах шинж байна уу?

-Хэлэлгүй яахав. Тоохгүй шүү дээ. Нэгдүгээр ангийн хүүхдүүд дөнгөж сургуульд орж ирээд учраа олохгүй. Одоо л дасаж байх шиг байна. Эхэндээ ч “За, багш аа ойлголоо” гээд ганц нэг хүүхэд ангид элдэв үг хэллэг хэлэх нь багассан. Ганц нэг нь бол засрах шинжгүй хүүхдүүд байна гэв.


2025 ОН ГЭХЭД НИЙТ ХҮҮХДИЙН 60 ХУВЬ НЬ ДИЖИТАЛ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНДСЭН МЭДЭГДЭХҮҮН, ЧАДВАРТАЙ БОЛНО


Ингээд тус сургуулиас гараад хүүхдүүдийн цахим хэрэглээний талаар жаахан мэдээлэл үзлээ. 11-14 насныхны танилцах групп, пэйж хуудас хэд хэд байдаг юм байна. Зарим нэг рүү нь орж сонирхлоо. Админ гэх хүмүүс нь дандаа 11-14 насны хүүхдүүд. Хүүхдүүдийн зургийг зөвшөөрөлгүй авч тавиад “Хөөрхөн байна уу”, “Шинэ профайл зураг хайж байна. Зургаа үлдээ”, “VS буюу хэн нь илүү вэ” гэх хооронд нь хөөрхнөөр нь өрсөлдүүлсэн зураг хийх, мэдээж тэр нь зөвшөөрөлгүй хэн нэгний фэйсбүүкээс авсан зураг. “Хосоо олох групп чатад нэмнэ. Эдд хий”, “Таалагдвал шууд чат бич”, “Үерхэх хүн байна уу” гэх мэтээр маш их зүйл бичсэн байх юм. Хариуд нь “Хөөрхөн юм аа. Фэйсбүүк хаягийг нь өгөөч”, “Наадах чинь таалагдахгүй байна”, “Хосоо олмоор байна. Нэмээд өгөөч”, “Би саяхан салсан. Шинэ найз охин хайж байна. Эксээ атаархтал үерхэнэ” гэх мэтээр ёс бус үг хэллэгтэй маш их сэтгэгдлүүд хөврөх юм. Заримыг нь хараад нүдэндээ итгэмээргүй. Сүүлийн жилүүдэд цахим орчинд хүүхдүүд холбогдсон гэмт хэрэг байнга өсч байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлж буй.

ОУХХЭ, ЮНЕСКО-ийн хийсэн судалгаанаас үзэхэд дэлхийн нийт хүн амын 50 гаруй хувь, үүн дотроо хүүхдүүдийн 30 гаруй хувь нь өдөр тутам интернэт ашигладаг аж. Тэдний үзсэнээр 2025 он гэхэд:

  • Дэлхийн нийт хүн амын 70-аас багагүй хувь нь өдөр тутам интернэт ашиглаж,
  • Нийт хүүхдийн 60 хувь нь дижитал хэрэглээний үндсэн мэдэгдэхүүн, чадвартай болж,
  • Дэлхийн нийт хүн амын 40 хувь нь цахим санхүүгийн үйлчилгээ ашигладаг болно гэсэн судалгааг гаргажээ.

Харин ЦЕГ-ын 2018 онд явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3.8 сая гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2.5 сая нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж. Эдгээр ухаалаг утасны хэрэглэгчдийн олонх нь өсвөр насны хүүхэд, залуус байна. Тэд цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна сошиал хаяг өргөн хэрэглэж байгаа нь зарим талаар сөрөг үр дагавар үзүүлж байна гэжээ. Үүнээс харахад хүүхдүүдийн цахим хэрэглээ 2018 оноос хойш дахин нэмэгдсэн нь мэдээжийн хэрэг.

Харин 2015-2021 онд Улсын хэмжээнд цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэг 101 бүртгэгджээ. Бүртгэгдсэн тоон мэдээллийг харвал жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн 2022 оны эхний улиралд хоёр холбогдогчтой есөн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Цахим орчинд хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, хүүхдийг өөртөө дасгах, заналхийлэх байдлаар бэлгийн харьцаанд орох, хохирогчийг эрхшээлдээ оруулах, гаж дүрс бичлэг, зураг явуулах зэргээр насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд мөн л нэмэгдсэн байна. Жишээлбэл, иргэн А нь 2020 онд фэйсбүүкийн хуурамч аккаунт үүсгэн, өсвөр насны 84 охинтой танилцан харилцаа тогтоож, тухайн охидыг айлган сүрдүүлэх, ятгах, гуйх зэрэг байдлаар өөрсдөөр нь нүцгэн зураг, бичлэгийг нь хийлгүүлэн авч улмаар уулзаж, тухайн дүрс бичлэгээр нь айлган сүрдүүлж, барьцаалж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэнийг Цагдаагийн байгууллагаас илрүүлсэн билээ.


ЦАХИМААР ТАНИЛЦСАН ХҮНТЭЙГЭЭ УУЛЗАХГҮЙ ГЭЖ БОДДОГ


Энэ мэтээр хүүхдүүд цахим орчинд хараа хяналтгүйгээр оролцон өөртөө эрсдэл үйлдэж байгаагаа мэддэггүй аж. Тавдугаар ангийн сурагч Б.Энхтөртэй ярилцлаа. (нэрийг өөрчлөв).


-Чи фэйсбүүк хаягтай юу?

-Хаягтай.

-Тэр хаягаа ямар зориулалтаар ашигладаг вэ?

-Анх хичээлээ хийх гэж нээж байсан. Одоо найзуудтайгаа холбоотой байх, найз охинтойгоо харилцах, гэр бүлтэйгээ холбогдох гэх мэтээр ашигладаг.

-Хэзээ нээж байсан юм бэ?

-Хоёр жилийн өмнө.

-Хоёр жилийн өмнө гэхээр чи хэдэн настай байсан юм бэ?

-Есөн настай байсан.

-Есөн настай хүүхэд хаяг нээж болдог юм байна уу?

-Тухайн үед багш шинэ хаяг нээ гээд ээж, аав хоёр л нээж өгч байсан.

-Одоо чи фэйсбүүк яаж ашигладгийг сайн мэддэг болсон уу?

-Мэднэ.

-Танихгүй хүнээс найзын хүсэлт ирдэг үү?

-Ирнэ.

-Авдаг уу?

-Авчихдаг.

-Танихгүй байж яагаад авдаг юм бэ?

-Манай найзуудтай найз, эсвэл гэр бүлийн хэн нэгтэй найз байхаар нь л авчихдаг.

-Танихгүй хүнээс чамд янз бүрийн хачин ч гэмээр юмуу чат, мессэж ирж байв уу?

-Хааяа ирдэг.

-Юу гэсэн байх уу?

-Танилцах уу, хэдэн настай вэ. Уулзах уу, чатлах уу гэх мэтээр янз бүрийн л юм бичдэг.

-Чи тэдгээрт нь хариулдаг уу?

-Хариулахгүй ээ. Үе тэнгийн хүүхдүүд байвал хариулна.

-Цахим хаягны цаанаас чи үе тэнгийнх гэдгийг яаж мэдэх вэ?

-Зургийг нь харна. About-ийг нь үзнэ. Тэгж байгаад л байнга хаягаа ашигладаг өөрийн зургаа хийдэг бол хариу бичдэг.

-Тэгж худлаа ярьдаг муу санаатай том хүн байвал яах вэ?

-Уулзахгүй болохоор тийм зүйлээс нэг их айдаггүй шүү дээ.

Ятгасаар байгаад уулзахаар болвол яах вэ?

-Тэгвэл сайн үзэж судалж, видео колл хийж байгаад л шийднэ дээ.

-Чиний үеийн хүүхдүүд маш их ийм зүйлийн хохирогч болдог тухай мэдээ уншдаг уу?

-Уншдаг. Тийм болохоор л цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахгүй гэж боддог.

-Чи түрүүн найз охинтой гэсэн үү?

-Тийм.

-Яаж танилцсан юм бэ?

-Манай нөгөө ангийн охин. Тэгээд л нэгдүгээр ангиасаа мэднэ.

-Танай үеийнхний танилцах групп чат, групп, хуудсууд байдаг гэсэн үү?

-Байдаг. Би нэг хэсэг орж үзсэн. Балай санагдаад гарчихсан.

-Юу нь балай гэж?

-VS хийх үү, зураг зөвшөөрөлгүй авч тавьсанд уучлаарай ч гэх шиг. Миний зургийг бас зөвшөөрөлгүй аваад постолчихсон байсан. Маш олон охиноос танилцъя гэж чат ирсэн. Бас зөндөө найзын хүсэлт ирсэн. Тэр групптээ байдаг хүүхдүүдийн зургийг зөвшөөрөлгүй аваад тавьчихдаг юм шиг байна лээ. Тэгээд нөгөөдүүл нь донтой юм шиг аймшигтай их чат бичиж, найзын хүсэлт явуулна. Түүнээс нь залхаад л гарчихсан.

-Та нарын үеийн хүүхдүүд их хараал хэлдэг гэх юм. Чи хэлдэг үү?

-Хааяа хааяа санаандгүй хэлчихээд байдаг.

-Танай гэрт хараал хэлдэг хүн бий юү?

-Аав л хааяа хэлдэг. Бусад нь хэлдэггүй.

-Ангийнхны чинь хувьд?

-Манай ангийн надтай нийлдэг хэсэг хөвгүүд гайгүй. Нэг их хэлээд байдаггүй. Нөгөө хэсгийн нийлдэг хүүхдүүд байнга хэлдэг. Түүнийгээ их гоё сонсогддог, харагддаг гэж боддог юм шиг байна лээ.

Categories
мэдээ цаг-үе

ОХУ-ын гаалийн алба Korean Air компанид 110 тэрбум воны торгууль оноожээ DNN.mn

Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компанид өчигдөр Оросын гаалийн албанаас 110 тэрбум воны ($89 сая) торгууль оноожээ.

Уг торгууль нь жил гаруйн өмнө тус компанийн нисэх онгоц Москва хотоор дамжин өнгөрөхдөө хөөрөх зөвшөөрөл авалгүй ниссэнтэй холбоотой гэнэ.

Тухайлбал өнгөрсөн оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Korean Air компанийн KE529 дугаартай ачааны нисэх онгоц Инчоноос Франкфуртийн чиглэлд нисэх замдаа Москвад түр газардаж байжээ. Харин цааш нисэхдээ Шереметьево олон улсын нисэх буудлын гаалийн албанаас хөөрөх зөвшөөрлөө авалгүй ниссэн гэж буруутгасан байна.

Korean Air компани онгоц нь тухайн үед зөвшөөрөл авч ниссэнийг батлаад үндэслэлгүй торгуулийг цуцлуулахын тулд боломжит бүх арга хэмжээг авч тэмцэхээ мэдэгджээ.

Украины дайнтай холбоотой Өрнөдийн орнуудын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний үр дүнд Оросын тал санхүүгийн хямралд орсон нь ийм өндөр торгууль оногдуулах шалтгаан болсон байх гэж салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Эх сурвалж: Yonhap News

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр “Олон улсын эх дэлхийн өдөр” тохиож байна DNN.mn

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь 2009 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн ирсэн.

Дэлхийн улс орон 2022 оны “Олон улсын эх дэлхийн өдөр”-ийг дэлхийн экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг онцлон өөрийн орны иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл түгээх зэргээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 18:30-19:30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ бүрэн унтрааж эрчим хүчээ хэмнэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль дэлхийн экосистемийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулах болно.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Categories
мэдээ нийгэм

Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийн санхүүжилт зогсоогүй, зээлийн үнэлгээ хийх тусгайлсан хэлэлцээр явагдаж байна DNN.mn

Сүүлийн үед нийгмийн, тэр дундаа баруун аймгуудын анхаарлын төвд байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахиалгаан станцын асуудлаар тус төслийн зохицуулагч Ч.Гантулгатай ярилцлаа.


-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн асуудлаар сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юү?

-Төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдэж өнгөрсөн оны 11 дүгээр сард БОАЖЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан. Мөн энэ оны Байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Тус ажлын хэсгээс төсөл хэрэгжих орон нутагт дэд ажлын хэсгүүдийг байгуулан үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-ны өдөр төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын Пауэр Чайна-Пауэр Чайна Ченгду түншлэлтэй гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч компанийн инженер, техникийн ажилчид газар дээр нь ирж ажиллаж барилга угсралтын ажлын бэлтгэл ажил хангагдсан. Газар чөлөөлөлтийн ажлын хүрээнд төслийн нөлөөлөлд өртөж буй айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэх ажлыг хуулийн хүрээнд тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэх нэгж болон яам, орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас холбогдох хүмүүс төслийн нөлөөлөлд өртөж буй иргэдтэй хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулан ажиллаад байна. БНХАУ-ын санхүүжилт зогсохгүй. Түрүүн хэлсэн 2015 оны ерөнхий зээлийн хэлэлцээр 2018 онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу энэ төсөл шат дарааллын дагуу хэрэгжиж байна.

Сэргээгдэх эрчим хүчний төслүүд улам олноороо хэрэгжих тусам цахилгаан эрчим хүч экспортлох боломж нээгднэ гэсэн үг. Ойрын ирээдүйд бид өөдрөгөөр төсөөлж, өөрсдөөс хамаарах бүхий л арга хэмжээг авч ажиллаж чадвал Европын холбооны улс, БНХАУ хамтарч санхүү хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, байгаль орчинд ээлтэй технологиудыг нэвтрүүлж ажиллахад бэлэн байгаа. Энэ нь ганц Монгол Улсын асуудал биш юм. Дэлхий нийтийн цаг агаарын дулаарал, агаар орчны бохирдлын эсрэг, цөлжилтийн эсрэг бидний хийж чадах ажил шүү дээ.

-Тус төслийн дийлэнх санхүүжилтийг БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр гаргаж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус зээлийг гаргах хугацааг нэг жилээр сунгалаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл огт яригдаагүй. Харин нэмэлт судалгаа хийх, зээлийн үнэлгээ хийх тусгайлсан зээлийн хэлэлцээр явагдаж байна. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийг авахад шаардагддаг процессын ажил юм. Монгол улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар 2015 оны 11 дүгээр сард нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийг оруулсан юм. Энэ хугацаанаас хойш төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн хийх, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх, төсөл хэрэгжих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтарч ажиллах, нөлөөллийн асуудлуудыг шат дараалан шийдвэрлэх ажлууд хэрэгжиж дууслаа. Тэгэхээр нэг жил гэсэн хугацааны асуудал байхгүй. Тусгайлсан зээлийн хэлэлцээр дуусахад санхүүжилт хийгдэж ажил эхэлнэ гэж ойлгож болно.

-Яг хэзээ энэ төсөл бүрэн дуусах вэ. Ерөнхий төлөвлөгөөндөө таван жил тусгагдсан байсан. Олон жил ярьж байна шүү дээ?

-Олон жил ярьж байгаа гэдэг үнэн. Тэртээ 1964 оноос хойш ярьж байгаа. Харин ч сүүлийн хоёр жил тулгамдсан асуудлууд хурдацтайгаар шийдвэрлэгдэж, санхүүжилтээ авах асуудлаар шийдвэрүүд гарган ажиллаж байна. Монгол Улсад эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, импортын эрчим хүчний хараат байдлыг багасгах тал дээр ажлуудыг гацаах, гадаад улсаас хараат байлгах тодорхой сонирхол бүхий этгээд байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр бидний гол зорилго энэ нөлөөлөлд үл автаж Монгол Улсын Засгийн газрын эрчим хүчний талаар баримтлах бодлогыг төлөвлөсөн хугацаанд хийж хэрэгжүүлэх нь нэг номерын асуудал мөн.

-Хамгийн их тулгамдсан асуудал бол тухайн төсөл хэрэгжих газар нутагт оршин суугаа малчид, айл өрх байгаа. Саяхан тус бүсэд суурших айл өрхүүдэд нөхөн олговор олгох асуудал Засгийн газар дээр яригдсан. Нөхөн олговортой холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ асуудлаар нэг сарын дотор гүйцэтгэж ашиглалтад оруулах гэрээ байгуулсан байгаа. Бэлтгэл ажлыг хоёр тал сайн хангаж чадвал үүнээс богино хугацаанд хийж гүйцэтгэх болно. Монгол Улсын Засгийн газрын хурлаар төслийн нөлөөлөлд өртөж буй иргэн бүрт нөхөн олговор олгох тооцоо судалгааг танилцуулж зохих шийдвэрүүдийг гаргасан. Үүний хэрэгжилтийг бид тавдугаар сараас эхлэн ханган ажиллана. Нэг удаагийн нөхөн олговор нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар тооцож олгохоор шийдвэр гаргасан. Төсөл хэрэгжсэнээр баруун таван аймагт үйлдвэр, үйлчилгээ хөгжиж ойрын 15-20 жилд эрчим хүчээр бүрэн хангах тооцоо байна. Мэдээж аль болох хурдан асуудлыг шийдвэрлэж БНХАУ болон Монгол Улсын найрсаг харилцааны хүрээнд тогтсон хугацаанд ашиглалтад оруулахын тулд бүхий л талын оролцоог ханган шийдвэрлэж ажиллаж байгаа.

-Санхүүжилтийн хувьд дотоодын банк тэр дундаа Хөгжлий банк, зээл олгохгүй юу. Зөвхөн зуун хувь БНХАУ-ын банкнаас зээл авахаар байгаа юу. Зээлийн эргэн төлөгдөх нөхцөл ямар байгаа вэ?

-Зээлийн санхүүжилтийн 95 хувийг БНХАУ-ын Экспорт-Импортын банкнаас 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байгаа. Таван хувийг Монгол Улсын Засгийн газар хариуцан ажиллана. Энэ нь зээлийн ерөнхий хэлэлцээр дээр тохиролцсон асуудал тул зээлийн санхүүжилтээр ямар нэгэн асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Ер нь цаашид хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг Монгол Улс дангаараа санхүүжүүлэх боломжууд бий гэж хардаг.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

А.Лхагвацэнд: Үйлчлүүлэгчдэдээ баталгаатай мэдээлэл хүргэхийн тулд хүмүүсийн хамгийн их уншдаг сониныг захиалахыг илүүд үзсэн DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай өдөр тутмын сонин “Өдрийн сонин”ыг албан байгууллагууд, тэр дундаа үйлчилгээний газрууд захиалдаг соёл бий. Тэдний нэг “Coffeel­ogy” кофе шоп сониноос авч болох сонирхолтой мэдрэмжийг бусдад түгээхийг хүсдэг бөгөөд амтат кофе, тав тухтай орчныг бий болгосон нь хэнд ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэх аж. Тус кофе шопын захирал А.Лхагвацэндтэй ярилцлаа.


-Танайх хэзээ нээгдсэн бэ?

-“Coffeelogy” кафег нээгээд жил зургаан сар болж байна. Одоогийн байдлаар дөрвөн салбартай болоод байна.

-Танай кафе үйлчилгээний зааландаа өдөр тутмын сонин байрлуулжээ?

-Хоёр жилийн турш хөл хорионд орж, жигд ажиллаж чадаагүй болохоор саяхнаас л сонин захиалж эхэлсэн. Хөл хорионы үеэр хасахтай байсан ч ажлын байраа хадгалж үлдэж давж чадсан минь маш том амжилт байсан. Тэрнийхээ ард гараад жаахан амьсгаа аваад босоод ахиад нэмэлт юм хийж эхлэх болж байгаа болохоор л хийж байгаа гэсэн үг л дээ. Тэрнээс өмнө ч гэсэн боддог байсан юм. Европын оронд хүмүүс содон өнгө үзэмжтэй барилгуудынхаа гадаа суугаад өглөөнийхөө кофег ууж, сонин уншдаг. Манайд ч гэсэн тийм орчин, нөхцөлийг бүрдүүлсэн газар яагаад байж болохгүй гэж. Сониноос авах мэдрэмж надад сонирхолтой санагдсан.

-Үйлчлүүлэгчдэдээ сонин санал болгож байгаа нь их оюунлаг санагдлаа?

-Ямар хуулийн төсөл яригдаж байна, ямар нь батлагдахаа больчихов, ямар нь хэзээнээс хэрэгжиж эхлэх үү гэх мэт мэдээллүүд нь хүмүүсийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг. Харин тэр мэдээллээ баталгаагүй эх сурвалжаас авах гээд байдаг талтай. Жишээ нь, утас, интернэт байхад нэг пэйж дагаад мэдээллээ авчихна. Сонингоор яах юм гэж хэлж магадгүй л дээ. Гэхдээ өглөө гэрээсээ гараад орой гэртээ очдог хүмүүс тэр болгон зурагт үзээд байдаггүй. Утсаа л ухна. Тэгээд утсаараа худлаа, үнэн шүүлтүүргүй мэдээ уншаад, тэрэндээ итгээд цаашаа дамжуулж ярина. Харин сонин дээр баталгаатай мэдээлэл нийтлэгддэг. Нөгөөтэйгүүр сонины цаасыг эргүүлэх, үнэрийг нь үнэрлэх энэ бүгд бодит мэдрэмж шүү дээ. Тэр мэдрэмжийг өгөхийг хүссэн.

-“Өдрийн сонин”-г онцолж захиалах болсон шалтгаан нь юу вэ?

-Үйлчлүүлэгчдэдээ баталгаатай мэдээлэл хүргэхийг зорьж байгаа учир хүмүүсийн сонирхож уншдаг сониныг захиалахыг илүүд үзсэн. Шуудан дээр очоод хамгийн сайн гардаг, олон уншигчтай сониноос захиалъя гэтэл хамгийн түрүүнд “Өдрийн сонин”-ыг санал болгосон. Мөн “Зууны мэдээ”-г хэлж байсан.

-Захиалсан дугааруудаа өглөө болгон авч байгаа юу?

-Тийм ээ. Улирлаар нь захиалчихсан байгаа. Өглөө 9-11 цагийн хооронд хүргэлтээр ирдэг.

-Та мэдээллээ хаанаас авдаг вэ?

-Миний хувьд эмх цэгтэй мэдээллийн урсгалыг илүүд үздэг учир мэдээний тойм харчихдаг байсан. Одооноос харин сонин уншиж эхэлж байна. Сонины цаасны үнэр гоё.

-Орчин цагт хүн бүхэн гар утас шагайдаг болчихлоо. Ер нь ном, сонин унших нь ямар ач холбогдолтой юм бол?

-Мэдээж ач холбогдолтой. Гэхдээ одоо хүн болгоныг ном, сонин унш гэж тулгаж болохгүй. Бүх хүний амьдралын дадал, хэв маяг өөр. Номыг хуудсаар нь эргүүлж уншиж кайф авдаг хүн байдаг бол аудио хэлбэрээр сонсож мэдлэг хуримтлуулдаг ч хүн байна. Тэгэхээр унших нь уншаад, сонсох нь сонсоод өөрийн амьдралын хэв маягтаа тааруулах нь зөв байх. Гол нь тэндээс мэдлэг, мэдээлэл авч байна гэдэг нь чухал.

-Орж ирж байгаа хүмүүс сониныг хэрхэн уншиж байна. Ямар насныхан илүүтэй сонирхож байх шиг байна вэ?

-Сониныг идэвхтэй гарчиглаад суудаг хүмүүс байдаг байх. Гэхдээ манай кофе шопт үйлчлүүлж байгаа нь 25-35 насны залуучууд байдаг болохоор тэд л их сонирхоно. Өө ямар гоё юм бэ? гээд л гайхна. Мэдээж ямар ч өөрчлөлт шууд үр дүн үзүүлэхгүй. Гэсэн ч яваандаа уншдаг болно гэдэгт итгэж байгаа учир өдөр болгон шинэ сонин бэлэн байх хэрэгтэй.

-Танай кофе шопын тохижилт, найрсаг үйлчилгээ, бүтээгдэхүүний амт их сайхан юм. Өглөө хэдэн цагт онгойдог вэ?

-Мэдээж сонин байршуулсан нь содон зүйл болсон. Мөн манай кафе өглөө 06:00 цагт нээдэг бөгөөд кофе, цайны баялаг цэстэй. Жишээ нь, кофе уудаггүй болон жирэмсэн эхчүүдэд зориулсан олон төрлийн цай, шэйк, смүүти, баабл тий, халуун хүйтэн кофе гэх мэт өргөн сонголтыг санал болгодог. Мөстэй кофе хийхдээ мөсийг нь ус биш, кофе хөлдөөж хийдэг. Мөс кофены амтыг сулруулж, кофег шингэлдэг. Одооноос зуныхаа бэлтгэлийг хийж кофегоо хөлдөөж эхэлсэн.

-Кофе шопоос кофены амт, үнэрээс өөр ямар мэдрэмжийг авч болох вэ?

-Манай байгууллагын баримталдаг зарчим бол хүнд сайхан мэдрэмж төрүүлэх, тав тухыг мэдрүүлэх. Тиймдээ ч булан тохой бүрд анхаарч ажилласан. Кофе шоп бол хүмүүсийн сэтгэл санааг өөрчлөх чухал үйлчилгээний газар. Тухтай орчинд амттай кофе уугаад бариста нь соёлтой үйлчлээд гаргахад тэр хүний бүтэн өдрийн стрессийг тайлж болно.

-Яагаад кофе шопын салбарыг сонгон ажиллуулах болсон бэ?

-Кофе шоп нээхээс өмнө бейкери, хоол үйлдвэрлэлийн чиглэлийг сонгон ажиллуулж

байсан. Цар тахал гарснаас болоод хоол үйлдвэрлэл болоод хүнсний үйлдвэрлэлийн салбар хэцүү байдалд орж, хүндрэл учирсан. Тиймээс өөрөө кофе уух дуртай, кофены соёлыг түгээн дэлгэрүүлэхийг хүсдэг юм чинь гээд кофе шоп нээсэн.

-Залуу хүн бизнес эрхлэхэд юун дээр анхаарах ёстой вэ?

-Миний бодлоор бизнес эрхлэхдээ хууль эрх зүйн орчноо сайн судлах хэрэгтэй санагддаг. Шинээр бизнес эрхэлж байгаа залуучууд тэр тал дээр жаахан алдах гээд байдаг. Миний хувьд ч зөндөө алдаа гаргаж байсан. Тиймээс тухайн ажиллаж байгаа салбартаа хууль эрх зүйн орчны хүрээнд юун дээр анхаарах ёстой вэ гэдгээ сайн судлаад, анхнаас нь бүх зүйлээ төлөвлөөд эмх цэгтэй эхлээрэй гэж зөвлөмөөр байна.

-Таны хувьд бизнесээ эхлүүлэхэд ямархуу хүндрэл, бэрхшээл тулгарсан бэ?

-2015 онд бейкериний газраа ажиллуулж эхлэхдээ цэвэр өөрийн буруугаас болсон бэрхшээлүүдтэй тулгарч байсан л даа. Жишээлбэл, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, зах зээлээ сайн судлаагүй гэх мэт асуудлууд гарч ирсэн. Юманд яаруу хандсанаасаа болж гарах үр дагавруудыг нь тооцоололгүй маш их ачааг үүрсэн. Алдсан алдаагаа засаад, тууштай байж чадвал бүх зүйл боломжтой. Юунд ч битгий яараарай. Битгий айгаарай залуус аа.

-Манай сониноор дамжуулж төр засагт хандаж юу хэлэхсэн бол?

-Аж ахуйн нэгждээ жаахан ээлтэй хандаасай гэж хүсч байна. Хүнс үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хүний хувьд гудамжинд хоол хүнс үйлдвэрлэж зарах шууд худалдааг хөгжүүлэх тал дээр анхаараад аль боломжтой нөхцөлөөр нь хангаад дэмжээд өгөөсэй гэж боддог. Гадны орнуудад шууд л гудамжинд хоолоо хийгээд, уух юмаа зардаг шүү дээ. Түүн шиг Монголд зам дагуу явуулын жижиг кофе шоп, кафе, хоол хүнсний худалдаа явагдаж байвал соёлтой, сонирхолтой байх болов уу.

-Цаашдаа кафегаа ямар өнгө төрх, загвар дизайны хүрээнд өргөтгөх бодолтой байгаа вэ?

-Сонин бол манай бүх салбаруудын салшгүй нэг хэсэг нь байх болно. Мөн шинээр нээгдэж буй салбар бүрдээ өвөрмөц дүр төрхийг бүтээнэ. Энэ салбарт л гэхэд ижил төстэй зүйлс их бий. Энэ мэтчилэн салбар бүрийн өнгө төрх, загвар дизайнаа шинэчлэн хадгалах болно.

-Саяхан Сүхбаатарын талбай дээр иргэд нэгдэж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Та очсон уу?

-Тэр жагсаалаар дамжуулж иргэд дуу хоолойгоо хүргэхийг хичээсэн. Юу хүсээд байгаа вэ, юу хэрэгтэй байгаа вэ, төрийн зүгээс ямар хүлээлттэй байгаа вэ гэдгээ илэрхийлсэн.

-Залуучууд үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ ямархуу хандлага гардаг вэ?

-Маш зөв харилцаа, хандлагатай болсон. Үйлчилгээний газрын дүрэм журмыг сахиж, соёлтой үйлчлүүлдэг.

-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.


М.Сайнзаяа

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хөхөгчин могой өдөр DNN.mn

2022.4.22, БААСАН ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 21

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
НАЙМАН ЦАГААН ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.22, Баасан гариг
  • Наран ургах шингэх: 05.50-19.51
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас секундэд 8-13 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр, нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.