Categories
мэдээ цаг-үе

“Хайрын салхи” зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ DNN.mn


МУЭ-ийн гишүүн, зураач Ш.Тамир “Хайрын салхи” бие даасан үзэсгэлэнгээ Монгол арт галерейд өнөөдөр нээлээ.

Тэрбээр бүтээлээ хүн, байгаль хоёрын холбоо, хосоор амьдрах өгөгдлүүдийг дүрслэх урлагийн олон төрлөөр, уран бүтээлчийн мэдрэмжээр дүрсэлдэг бөгөөд Монгол зураг дахь сэтгэлгээний онцлогийг нэвт шингээсэн уран бүтээлчийн дотоод ертөнцийн дүрс дүрслэл, далд утга учир сэдэл санаа агуулгын хувьд хайрын романсаар илэрхийлжээ.

Дүрслэл илэрхийллийн маш эртний арга зураас урлагийн эхлэл хадны зурагт анх үүсэж улмаар олон зууны туршид дамжин хөгжсөнөөрөө монгол зургийн дэг, түүнчлэн монгол зургийн хөгжил суурь үүдэлтэй гэж үздэг. Эртний уламжлалаасаа суралцан, өнгө болон бодит дүрс, хэлбэрийг хийсвэрлэн далд гүн агуулга бүхий нүүдэлчдийн гоо зүй, уран сайхны сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзлийг өөртөө шингээсэн хосгүй үнэт дурсгал бол эртний хадны зургууд юм. Иймээс уран бүтээлч эртний хадны зурагт байдаг дүр дүрслэл, давтамж хөдөлгөөн, өнгө зэргийг судалгааны үндсэн дээр өөрийн арга барилд хувирган орчин цагийн монгол зургийн чиг хандлагаар илэрхийлснээрээ онцлогтой. Тэрбээр үзэсгэлэнд 30 гаруй уран бүтээлээ дэлгэжээ.

Үзэсгэлэн 5 дугаар сарын 2-ныг хүртэл олны хүртээл болно.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ариунбаатар Евразийн дуурийн дуулаачдаас шилдгээр шалгарчээ DNN.mn

“Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатар Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг “Bravo” шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж, шагнал хүртжээ.

Тодруулбал, дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд нэр дэвшиж ялалт байгуулсан байна.

Тэрбээр энэ талаараа сошиал хуудастаа “Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон мэдээ дөнгөж сая хүлээж авлаа. Өмнө нь манай нэрт дуучин Амартүвшин хүртэж байсан юм. Сайхан санагдаж, илүү хичээж оновчтой хөдөлмөрлөх итгэл сэтгэл дүүрлээ. Хөөрхөн үү” гэжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Даваасамбуу: НДШ-ийг буцааж олгох нь нийгмийн эмзэг хэсэгт очих мөнгөнөөс хумсалдаг, хавтгайрсан халамжийн шинж DNN.mn

УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай ярилцлаа.


-2022 оны төсвийн тодотголын төслийг Засгийн газраас өргөн барилаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Төсвийн тодотголын төсөл Төсвийн тухай хуулиа барьж чадав уу?

-Засгийн газар 2022 оны Төсвийн хуулиар батлагдсан алдагдлын хэмжээнд тодотгол хийхээр УИХ-д хуулийн төсөл барьжээ. Орлого, зарлагыг хоёулангаас нь хассан хэрэг. Алдагдлыг нэмээд ч түүний санхүүжүүлэх эх үүсвэр гадаад дотоодоос олдох нь хязгаартай. Бас үнэтэй болох учраас төлөвлөгөөт алдагдлыг багасгах чиглэлээр Сангийн яам маань ажиллах байх гэж найдаж байна. Сангийн сайд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахаа саяхан болсон эдийн засгийн форумын үеэр мэдэгдсэнийг талархан хүлээн авч байгаа.

Манай улс дэлхий нийтийн жишгийн дагуу орлогоороо зарлага нөхдөг төсөвтэй болох, алдагдал гаргавал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байх. Засгийн газрын өрийг мөн ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарлалт, шалгуурыг 2010 онд хуульчлан тогтоосон. Гэвч тогтоосон хязгаарлалтыг зарим үед мөрдөхгүй явж ирснийг зогсоож, УИХ, Засгийн газраас эдгээрийг мөрдүүлэхэд нь санаа дохио өгөх, түмэн олон, хэвлэл мэдээллийнхэндээ үнэнийг хэлж дэмжлэг авч ажиллах үүрэг бүхий Төсвийн тогтвортой байдлын Зөвлөлийг 2018 онд байгуулж, ажиллуулж байна.

Төсвийн алдагдлын хувьд манайх шиг жижиг хөгжиж буй орны хувьд гадаад өрийг нэмэгдүүлж, эдийн засгийн хараат байдлыг алдагдуулах үр дагавартай гэдгийг сануулсаар байна. Манай зарим улстөрчид Япон, Хятад, АНУ зэрэг орнууд төсөв нь алдагдалтай, өр үүсгээд болоод байгаа тухай ярьж, ард иргэдийг тайвшруулахыг оролддог. Эдгээр болон эдгээртэй төсөөтэй өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн чадавхи асар их ээ.

-Тодруулж хэлэхгүй юу?

-Жишээ нь, Японы эдийн засаг дахь хадгаламж, харилцах, сангууд зэрэг нийт мөнгө ДНБ-ээс гурав дахин, Хятадынх хоёр дахин их байхад Монголын нийт мөнгө ДНБ-ний 40 хувьд хүрэхтэй үгүйтэй байна. Японы Засгийн газар энэ их хуримтлагдсан мөнгөний нэлээд хэсгийг зээлдэн авч эргэлдүүлэх нь үндэснийх нь эрх ашигт нийцдэг байх аа. Хятад мөн адил.

Дэлхийн улс орнуудын, жишээ нь Хятадын 3.2, Японы 1.2 их наяд доллартай тэнцэх валютын нөөцийн ихэнхийг ам.доллар бүрдүүлж, АНУ-ын эдийн засагт эргэлдэж, төсвийнх нь алдагдлыг нөхөж байна.

Харин бидний хувьд бол эдийн засгийн бодлогын нэг номерын асуудал бол хуримтлал, хадгаламжийг нэмэгдүүлэх арга хөшүүргийг бий болгоход оршино. Үүний нэг нь төсвийн дүрэм алтан дүрэм болох дээрх шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож, төсөв, төрийн сандаа хуримтлалтай болох учиртай байна. Ард иргэдээ ч энэ зүг рүү хандуулах ёстой болж байна. Ийм ч учраас хүүхдийн хуримтлал, өндөр насны тэтгэврийн хадгаламж, хуримтлалыг бий болгохыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл уриалж сурталчилж байна.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс УИХ-ын Төсвийн байнгын хороонд төсвийн тодотголын төсөлтэй холбоотой саналуудыг хүргүүлж байгаа юм байна. Ямар асуудлыг онцолж байгаа юм бэ?

-Төрөөс аливаа тэтгэмж, дэмжлэг болон татвар, шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхдээ иргэдийн орлоготой холбох, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, улс орныхоо зээлжих зэрэглэлд илүүтэй анхаарч, өрийг багасгах, төсөвт онцгой нөлөөтэй нүүрс зэргийн борлуулалтыг дэмжих арга замыг олох, үнэгүйдээд буй мал аж ахуй зарим түүхий эд үнэгүйдлийг багасгах чадавхийг сайжруулах зэрэг санал санаачилга гаргаж байгаа.

Гадаад орчин маш ээдрээтэй, хаашаа ч эргэж болзошгүй байгаа тул төсвийн зардлыг хасах эрхээ Засгийн газар УИХ-аас өөртөө авч, шуурхай ажиллах, төсвийн орлогын бүрдүүлэлтийн хэмжээнд санхүүжилтийн эрхээ авах, Сангийн яамны хяналтыг тойруулж, төсвийн шинжтэй зардлыг гаргаж, улс орныг өрөнд оруулдаг сувгуудыг ил болгож, хязгаарлах, тайлан мэдээлэл тогтмол хийж байхыг санал болгож байгаа. Жишээ нь, төсвийн шинжтэй зардлуудыг гаргадаг Төв банк, Хөгжлийн банк, концесс, төрийн өмчийн байгууллага, компаниуд зэрэг далд сувгуудад анхаарал тавин ажиллаж байна.

-Эдгээр саналуудаас дэлгэрүүлж тодруулмаар байна. Дундаж цалингаас доош орлоготой иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг түр хойшлуулах саналыг гаргаж байгаа үндэслэлийг тайлбарлахгүй юу?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн зарим хэсгийг буцааж олгох нь зөв байж болох ч бас л амьдралын ялгааг үл хамаарсан, нийгмийн эмзэг хэсэгт очих мөнгөнөөс хумсалдаг, хавтгайрсан халамжийн шинж гэж үзэж байгаа. Бага болон дундаж орлоготой иргэдэд шимтгэлийн тодорхой хэсгийг буцааж өгөхийг дэмжиж байна. Шударга ёс зүйг сахиулахгүй бол амьдралын ялгаварлал улам нэмэгдэж нийгэм бухимдалтай байх талтай.

-Тендерээс татгалзаж дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд гэрээгээр худалдан авах ба үнэ нь олон улсын зах зээлийн үнээс 20 орчим хувь өндөр байхыг зөвшөөрөх тухай санал анхаарал татаж байна. Шууд гэрээгээр худалдан авах нь эрсдэл дагуулдаг гэж ойлгодог. Хуулиараа заавал тендер зарлах ёстой биш үү?

-Тендер аль хэдийний олон тохиолдолд дүр эсгэсэн ажиллагаа болсон хэмээн бизнес эрхлэгчид ярьдаг юм билээ. Тийм ч байх. Ихэнх орнуудад захиалагч хамгийн шилдэг үйлдвэрлэгчдийг урьж уулзаад гэрээ хэлцлээ хийдэг болсон. Харин сонголт буруу хийсэн байвал тухайн захиалагч хариуцлагаа хүлээдэг байх аа. Захиалгаар дүүрээд зарим үйлдвэрлэгчид урилгаас татгалзсан байх талтай. Манайд масс, бөөн хэмжээний үйлдвэрлэл бараг байхгүй болсон шиг байна. Төр асар том худалдан авагч болохоор дотоодынхоо бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлийн үнээс 20 хувиар өндөр үнээр авахыг зөвшөөрч, хамгийн бага үнийн зарчмаас зоригтой салах санал дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, дотоод үйлдвэрлэл явагдаж ажлын байртай болж байвал 20 хувийн зардал аяндаа нөхөгдөнө. Шударга өрсөлдөөнийг хамгийн их сурталчилдаг АНУ саяхнаас дотоодын бүтээгдэхүүнээ 25 хувиар өндөр үнээр дотоод зах зээлээс авах шийдвэр гаргалаа.

-Зэс, төмөр, нүүрсний ханш, үнийн өсөлтөөс олох орлого гэдэг өнөөдрийн байдлаар хэр бодит вэ. Учир нь хил гааль хязгаарлалттай байгаа үед эдгээр бүтээгдэхүүний экспорт төлөвлөсөн хэмжээгээр гарч чадаж байгаа юу?

-Тийм. Тоо хэмжээний хувьд 30 гарсан сая тонн нүүрс гаргаж чадахгүй байх. Мөн төмрийн хүдрийг ч санасан хэмжээнд экспортлоход хүндрэлтэй байх нөхцөл үүсэхээр байна. Иймээс үнэ хүргэж худалдах, ханшийн уналт, үнийн өсөлтөөс олж буй нэмэгдэл орлогодоо тайвшрахгүйгээр хүчин чармайлтыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргын хувьд Хөгжлийн банкны алдагдалтай холбоотой ямар байр суурьтай байна вэ. Хөгжлийн банкны олгосон зээлээс төсөв хариуцах зарим зээлд өрийн баталгаа гаргаж бусдыг нь зээлдэгчидтэй хамтран төлүүлэх мастер төлөвлөгөө гаргуулж батлуулах ёстой гэж үзсэн байна. Энэ асуудлыг дэлгэрүүлэхгүй юү?

-Энэ асуудал хэвлэл мэдээлэл хийгээд УИХ дээр зөндөө яригдлаа. Үр дүнгээ өгч байна гэсэн дүгнэлттэй байна. Зээл төлөгдөж байна. Хамгийн чухал нь зээлийг эргүүлэн төлүүлж, улсыг хохиролгүй болгох явдал юм. Хүндэрсэн банкуудад хоёр жилийн өмнө манайд хийсэн Дэлхийн банкны судалгаагаар зээлдэгч болон зээл гаргагчидтай хамтран ажиллах нь бусад орнуудтай харьцуулахад ихээхэн доор түвшинд, бараг тэг үнэлгээ авсан харагдсан. Үүнээс санаа авч ажлаа мэдэх хүмүүсийг хөндийрүүлж, улсыг хохироох, мөн бас ял завшуулах байдал гаргаж болохгүй.

-Бондын эргэн төлөлтийн асуудал олны анхаарлын төвд байгаа. Монгол Улсын хувьд төлөх чадамж бий юу, ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

-УИХ-аас өрийн удирдлагын стратеги баталсан. Авсан, өгсний зөрүүгээр өр буурсан байх зарчим тогтоосон. Үүнийг хэрэгжүүлж, 2023 онд төлөгдөх бондын наад зах нь 20-оос доошгүй хувийг төлж, үлдсэнийг нь дахин зээллэгжүүлэх бэлтгэлийг одооноос хангах ёстой. Үүний тулд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулж болох аливаа эрсдлээс зайлсхийж, төсвийн алдагдлыг багасгах, Хөгжлийн банкны төлбөрийн чадварыг дээшлүүж, бондынхоо төлбөрийн шийдлийг хямд аргаар шийдэх санаа юм. Зориглоод төлчихвөл их ачаа хөнгөрч, төсвөөс гардаг хүүний төлбөр яваандаа багасна. Одоо нэг их наяд төгрөг болж байна.

-Дарханы арьс ширний үйлдвэрийг түшиглэн мэргэжилтнүүд бэлдэх шаардлагатай гэж үзсэн байна. Хэтийн үр дүн, ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд арьс, ширний үнэ унаж, бараг хог дээр хаягдахад хүрч байна. Энэ салбар уг нь улсын төсөвт ихээхэн орлого оруулж, олон хүнийг ажлын байраар хангах боломжтой. Бид Улаабаатар, Дарханы зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Тэнд сайн инженер, гадаадын мэргэжилтэн, арьс, ширний анхан шатны тордолтоос эхлээд зөөлөн шир, торгон арьс болтол бүх технологийг мэддэг залуус байв. Миний бие мөн зарим оюутан аспирантуудын судалгаатай танилцахад манай их сургуулиудад энэ чиглэлийн суралцагчид, заадаг багш бараг байхгүй байсан.

Дарханд арьс ширний томоохон цогцолбор барих төлөвлөгөө гарсан байна. Хориод сая богийн арьс, хоёр сая орчим бодын арьс бол асар их нөөц. Олон улсад арьс шир эргээд сэргэх шинжтэй болж, технологи сайжирч буй мэдээ байгаа. Эдгээрийг бодолцож, олон улсын жишгийн дагуу үйлдвэрийг бараадуулж, хүнийг сургаасай гэсэн дохио, мэдээ гэх үү дээ. Тэнд хүмүүсээ сургаад улс даяар сургагч багш нарыг бэлтгэж, өргөн цар хүрээтэй сургалт хийж, хүмүүсээ чадавхжуулах боломж байна гэж харж байгаа. Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлогын нэгэн чухал жишиг асуудал бол энэ агаад цаашаа ноос, мах, сүү гээд хөврөөд баяжаад явах цар хүрээтэй. Сум орон нутгийн төсвийн баазыг бэхжүүлэх жишиг болох нэн чухал ажил болно гэж найдаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Оюундарь: АН-ын маргаантай бүх асуудал хууль эрх зүйн хувьд нэг талдаа гарсан DNN.mn

АНын дэд дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.


-Саяхан Улсын дээд шүүхийн бүртгэж авсан АН-ын үндсэн дүрэмд ямар өөрчлөлт орсон бэ?

-Өнгөрсөн хугацаанд АН-ын Дээд шүүхэд хандсан бүх хүсэлт буцаагдсаар ирсэн. Дотоод сунгаа болон түүний үр дүнгүүдийг Дээд шүүх бүртгэхээс татгалзахдаа “Танай нам дотоод асуудлаа цэгцэл” гэдэг байв. Өмнөх дүрмийн өөрчлөлтөд хүртэл “Танай УДШ-д бүртгэлтэй дүрмээр намын их хурлаараа дүрмээ хэлэлцэх ёстой байдаг юм байна” гэсэн шаардлага тавьж байсан. Энэ дагуу гуравдугаар сарын 3-нд АН XIII ээлжит бус их хурал хийж, дүрмийн өөрчлөлтөө баталсан.

Энэ өөрчлөлтийг аймаг, нийслэлийн дунд шатны намын хороо болон ҮБХ-гоороо хэлэлцэж батлаад Дээд шүүхэд өгч байсан бөгөөд түүнийгээ Их хурлаараа дахин оруулж баталсан гэсэн үг. Өмнөх дүрэмд байсан хэд хэдэн заалт манай намд үл ойлгогдох байдал үүсгээд байсан юм. Тодруулбал “Бүх түвшинд ялагдсан удирдлагын баг сонгуулийн үр дүнгээр шууд огцорсонд тооцогдоно” гэдэг заалт үйлчилдэг байв. Энд “Багаараа огцорсонд тооцогдоно” гэчихээд “Ажлаа нэг дэд даргадаа түр хариуцуулна” гэсэн хачин заалт байсан. Энэ заалтыг талууд өөр, өөрийнхөөрөө “орчуулж” хэрэглээд, АН-ын дотор 2020 оны сонгуулиас хойш үл ойлголцол үүсэх гол шалтгаан болоод байсан юм. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр С.Эрдэнэ даргыг огцорсонд тооцно гэсэн шаардлагаар тэрбээр ажлаа өгөхдөө дэд дарга байсан Ц.Туваанд шилжүүлсэн. Гэтэл манай Үндсэн дүрмийн хорооноос энэ процессыг “Үндсэн дүрэм зөрчсөн байна, үл ойлгогдох байдал үүсэх юм байна. Багаараа огцорно гэсэн болохоор Ц.Туваан хүртэл огцорсон хүн байна” гэсэн. Тухайн үеийн Үндсэн дүрмийн хороо “Нэг огцорсон хүн нөгөө огцорсон хүндээ ажлаа шилжүүлсэн нь буруу юм аа. Тэгэхээр дараагийнхаа даргыг сонгож баталж байж, тэр хүндээ ажлаа өгөх ёстой” гэж дүгнэсэн. Одоо нөгөө талд яваад байгаа Мягмардаш гэж хүн өөрөө ҮБХ-ны дарга байхдаа гаргасан дүгнэлт нь энэ. Сонгуулийн үр дүнгээр багаараа огцрох заалт хуучин дүрмээр нийслэл, аймаг, дүүргийн намд ч мөн адил үйлчилж байсан. Гэтэл орон нутгийн сонгуульд тухайн намын хороо, удирдлагын баг мянга хичээсэн ч гадны олон хүчин зүйлээс сонгуулийн үр дүн шалтгаалах тал байдаг. Тэр багийн ажиллагаа сонгуулийн үр дүнг дангаараа шийддэггүй гэсэн үг. Үүнээс болж аймаг, нийслэл, дүүргийн намын хороо бүхэлдээ огцорч байгаа юм. Орон нутагт АН-ын боловсон хүчин хангалттай биш тохиолдолд хүний нөөцийн хувьд энэ нь ээдрээтэй байдал үүсгэсэн. Төв нам дээр ч гэсэн дэд дарга, бусад багт нэлээд хичээж ажилласан улсууд залгамж чанараараа дараагийн даргад өрсөлдөөд, цааш улам өсч хөгжөөд явж байх ёстой байдаг. Гэтэл тэр нь байхгүй, бүгд огцорчихоор ямар ч залгамж чанаргүй, цоо шинэ хүмүүс гарч ирэх үл ойлгогдсон байдал дүрэмд байсан. Энэ нь намын хагарлын эх үсвэр болоод байгаа юм байна гэж бид дүгэнэсэн. Тийм ч учраас саяны дүрмийн өөрчлөлтөөр энэ байдлыг тодорхой болгосон. Тухайн шатны удирдлагын баг сонгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээх заалт хэвээрээ. Гэхдээ тэрийг төв нам дээр ҮБХ хороо, дунд шатанд намын хороо нь авч хэлэлцэнэ. Ямар шалтгаантай байсныг нь ярилцаад, тухайн баг хариуцлагагүй ажилласан байна гэж үзвэл огцруулна. Өөр хүчин зүйл нөлөөлсөн байвал итгэл хүлээлгэх эсэх дээр санал хураана. Олонх нь энэ багт итгэл хүлээлгэе гэвэл үлдээнэ. Эсвэл нэр бүхий улсуудад хариуцлага тооцох ёстой гэдэг байдлаар ч юмуу тухай намын хороо, ҮБХ-ны асуудлаа дотроо шийддэг болно гэсэн үг.

-Хуучин дүрмээр намын дарга сонгуулийн үр дүнгээр ажлаа өгдөг байсан бол одоо итгэл хүлээлгэснээр дахин нэрээ дэвшүүлэх боломжтой гэсэн үг үү?

-2020 оны сонгуулийн үр дүнгээр аваад үзэхэд тухайн үеийн С.Эрдэнэ даргын багт дараагийн намын даргад өрсөлдөх оюуны чадамжтай Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Р.Амаржаргал гэх мэтийн бэлтгэгдсэн хүмүүс байсан. АН сонгуульд ялагдал хүлээнгүүт тэд багаараа автоматаар огцорсонд тооцогдох болсон. Хамгийн ноцтой нь огцорсон багийн хүмүүс дахиж намын даргад өрсөлдөх эрхгүй гээд хуучин дүрэмд заачихсан байсан. Одоо энэ шинэ дүрмийн заалтаар ҮБХ-гоор тэр хүмүүст итгэл үзүүлчих юм бол дахин сонгогдох, нэрээ дэвшүүлэх эрх нь нээгдчихэж байгаа юм. Тэгэхээр дүрэмд байсан үл ойлголцол, өөр өөрөөр тайлбарлагдаад байсан ойлгомжгүй зүйлүүдийг тодруулж өгснөөрөө энэ өөрчлөлт давуу талтай. Нөгөөтэйгүүр өмнөх дүрэм бол хүний сонгогдох эрхийг удирдлагын багт байсан гэдэг шалтгаанаар хаачихсан байсан бол одоо тухайн хүнд намын даргад нэрээ дэвшүүлэх эрхийг нь нээж өгч байгаа юм. Дээд шүүх гуравдугаар сарын 31-нд АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авснаар өмнө үүсээд байсан бүх эргэлзээтэй, ээдрээтэй асуудлууд цэгцэндээ орлоо гэсэн үг. Шинэ дүрмийн өөрчлөлтийн дагуу ҮБХ маань холбогдох журмуудаа өөрчлөөд, дотоод сонгуулиудаа явуулна.

Улс төрийн намын тухай хуульд “Намын эрх бүхий байгууллага” гэсэн үг байдаг. Энэ байгууллага нь юу вэ гэдгийг манай хуучин дүрэмд заагаагүй. Харин “ҮБХ бол төлөөллийн төв байгууллага” гэж тодотгосон байсан юм. Гэвч Улс төрийн намын тухай хуульд ийм үг байхгүй. Үүнээс болоод уг хуульд байгаа дотоод асуудлаа шийддэг бүх процесс манай намын өмнөх дүрэмд тодорхой бус байсан. Улс төрийн намын тухай хуулиар аливаа намын дотоодод үүссэн маргаантай асуудлыг эрх бүхий байгууллага нь хурлаараа шийднэ гээд заачихсан байгаа. Манай намын дүрэмд эрх бүхий байгууллага гэж байхгүй учраас энэ маргаантай асуудлыг хэн шийдэх нь тодорхойгүй байсан. Одоо дүрмийн шинэ өөрчлөлтөөр эрх бүхий байгууллага нь ҮБХ байна. Аймаг, нийслэлийн хэмжээнд намын хороо нь байна гээд тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр намын доторх маргаантай асуудлыг эрх бүхий байгууллага нь буюу ҮБХ дотроо хэлэлцээд шиийдэх болсон.

-АН шинэ дүрмийнхээ дагуу бүтцээ шинэчилж, ҮБХ, улс төрийн зөвлөлөө эмхлэн байгуулна гэж байсан. Ротаци яаж зарлах вэ?

-Ротацийг зохион байгуулдаг дотоод сонгуулийн хороо маань журамтай. Тэр журамд байгаа хуучин үг үсгийг шинэ батлагдсан дүрэмдээ тохируулж, сая ҮБХ-ны хурлаар өөрчилсөн. Дотоод сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэдэг Үндсэн дүрмийн хорооны журмыг мөн өөрчлөгдсөн дүрмийнхээ заалтуудад тохируулан шинэчиллээ. Тэгэхээр энэ хоёр журмыг сая хуралдсан ҮБХ-ны хурлаар шийдсэн гэж ойлгож болно.

ҮБХ, Улс төрийн зөвлөлөө шинээр эмхлэхийн тулд өнөө маргаашгүй зохион байгуулъя гэвэл асуудал алга. Гэхдээ бүх талд байгаа намын гишүүддээ энэ асуудлаа ойлгуулж, тэгш оролцох боломжоор нь хангахын тулд эхлээд дүрмийнхээ өөрчлөлтийг танилцуулах нь зүйтэй гэж үзээд, гишүүддээ шинэ дүрмээ сурталчлан таниулах саналыг бид гараад байгаа юм. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн маргааны аль ч талд нь ороогүй гишүүд олон бий. Ер нь АН-ынхаа бүх гишүүддээ шинэ дүрмийн өөрчлөлтөө тайлбарлаж, ойлгуулаад, дараа нь ҮБХ-ныхоо сунгааг зарлах нь зүйтэй гэдэг саналууд гарч байна. ҮБХ маань шинэ дүрмийн дагуу дахин шинээр бүрдэх ёстой. Иймд АН-ын бүх гишүүн ҮБХ-ныхоо сонгуульд идэвхтэй оролцох ёстой. Фракц харгалзахгүй ҮБХ-ндоо ороод ир. Тэндээ эрх бүхий байгууллагын хувьд намын асуудлаа өөрсдөө дотооддоо шийдье гэдэг дүрмийн өөрчлөлт хийсэн, тэр дагуугаа асуудлаа яриад явъя аа л гэж байгаа юм.

-АН-ын дүрмийн асуудал хуулийн хүрээнд шийдэгдчихлээ. Дотоод маргаан нэг талдаа гарах болоогүй юу. Дээд шүүх дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн асуудлыг нөгөө тал арай өөрөөр тайлбарлаж байгаа харагдсан?

-Хууль эрх зүйн хувьд бүх асуудал нэг талдаа гарчихсан. Тэрийгээ гишүүддээ ойлгуулж, оролцоог нь хангана. Дээд шүүхийн шийдвэр бол эцсийнх байдаг. Шүүхийн шийдвэрийг шүүх өөрөө л тайлбарлана. Тэрнээс АН-ын жирийн гишүүдийг төөрөгдүүлэх зорилгоор Дээд шүүхийн шийдвэрийг хэн нэгэн өөрийн үзэмжээр тайлбарлах нь утгагүй, арга ядсан үйлдэл.

-Энэ сарын 7-нд АН-ын даргыг батламжлах их хурлыг нөгөө тал зохион байгуулсан шүү дээ?

-Энэ бол дүрмийн хууль бус үйл ажиллагаа гэдгийг ҮБХ-ны хурлаар хэлэлцэж тогтоосон. Яагаад гэвэл Дээд шүүх АН-ын шинэ дүрмийг бүртгэж авсан өдөр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс хойших бүх үйл ажиллагаа шинэ дүрмийн дагуу болох ёстой.

-АН удаан хугацаанд хагаралтай явлаа. Сөрөг хүчингүй эрх баригчид яаж галзуурдгийг харцгаалаа. Одоо та бүхнийг намаа эмхлээд сөрөг хүчний үүргээ биелүүлэхийг нийгэм хүсч байна шүү дээ?

-“Сөрөг хүчингүй” гээд байгаа хэлц бол цар тахлын хуультай холбоотой юм. Ковидын хуулиар Засгийн газар үнэмлэхүй эрх мэдлийг өөртөө авсан. УИХ-ын хянан шалгах, төсвөө хуваарилах, хянах бүх эрх мэдэл засагт төвлөрсөн. УИХ дахь олонх хүртэл засагтаа хяналт тавьж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, ковидын хуулиас болоод сөрөг хүчингүй эрх баригчид биш, УИХ-гүй Засгийн газар ажиллаад байгаа юм. Тэд сөрөг хүчний хийж болох бүх үйл ажиллагааг ковидын хуулиар хорьчихсон. Чуулганы танхимд АН-ын бүлгийн гишүүд маань үг хэлэх, хурлаа орхих, шаардлага хүргүүлэхээс өөрөөр тэмцэх бүх боломжийг боомилчихсон. Хөл хориог цуцлангуут залуучууд тэсвэр алдан төв талбайд гарч ирж жагслаа. Тэрнээс өмнөх жагсаал цуглаантай холбоотой бүх үйл ажиллагааг цагдаа нар тараадаг байсныг бүгд мэднэ.

-Үнэ тогтоох хуулийг АН нэлээд эсэргүүцсэн ч олонх баталсан. Хуулийн сул тал нь юу вэ?

-Үүнийг заавал хууль болгож батлахгүйгээр Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлж болох хөтөлбөр юм. Тэгээд ч нэг жилийн хугацаатай хууль гэж юу байхав дээ. Засгийн газар хариуцлагаас мултрах гэж оролдож байна гэж АН дүгнэж байгаа. Яагаад гэвэл, Засгийн газар дараа нь алдаагаа УИХ руу тохож, хариулагаас мултрах гэсэн оролдлого. Нөгөөтэйгүүр үнэ тогтворжуулах хөтөлбөр батлагдахдаа хэдэн төгрөгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм, ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх гэж байгаа юм, ямар хэмжих нэгжийн үнэ юм, хэн хянах юм, хэн хариуцлага хүлээх зэрэг нь тодорхойгүй. Жишээлбэл, шатахуун, гурил, махны үнийг барина гээд байна. Хэдий хэмжээний мөнгө зарцуулж, хаана, яаж нөөцлөх гэж байгаа нь бүрхэг. Хэлэлцүүлгийн үеэр АН-ын бүлэг дээрх зүйлүүдийг тодорхой болгох шаардлага тавьж, завсарлага хүссэн. Гэвч 30-хан минутын завсарлага өгөөд хуулийг хүчээр баталсан. Тэгэхээр асар их мөнгийг зүгээр л хэвлэх гэж байгаа юм байна. Хэн ч хариуцлага хүлээхгүй юм байна. Гол үр дагавар нь эдийн засгаа алж байгаад байна. Эргээд сэргэхгүйгээр эдийн засаг уруудлаа. Бүх иргэнд бизнес эрхлэх эрх чөлөөг олгож байж эдийн засаг сэргэдэг. Гэтэл одоо эсэргээрээ төр бүгдийг авах чиглэл рүү яваад байна. Бага багаар авторитор дэглэм рүү шилжих бодлого явуулаад байна, энэ эрх баригчид.

-Төсвийн тодотгол Засгийн газраас оруулж ирлээ. Таналт хийх ямар боломжууд харагдав?

-Эдийн засаг хямралтай үед эргээд орлого олдог салбар руугаа хөрөнгө оруулах ёстой. Гэтэл тодотголд янз бүрийн хөшөө дурсгал, музей, соёлын төв, элдэв цогцолбор зэрэг байшин барилгын ажлуудаа танаагүй оруулж иржээ. Үүнд АН-ын бүгээс нэлээд шүүмжлэлттэй хандаж байгаа. Хэмнэх ёстой төсвөө хэмнээгүй байна. Аймгуудад ялгавартай хуваарилсан төсөв нь ч хэвээрээ. Хэнтий аймгийн төсөв бусад аймгаас хоёр дахин их байх жишээтэй. Тиймээс хүүхдүүд аль тойрогт төрснөөс шалтгаалж, алагчилсан нөхцөлд сурч боловсорч байна. Хэдхэн дарга, сайдын тойргийн иргэд л давсан их сургууль, цэцэрлэгтэй, хөшөө дурсгалтай амьдрах гээд байна шүү дээ. Үнэхээр хэмнэлтээ оновчтой хийгээгүй байна. Мөн Засгийн газар УИХ-аас бүх эрх мэдлийг нь “булаасан” ковидын хуулиа цуцлахгүй байна. УИХ-ын гаргасан шийдвэрийг гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар хэрэгжүүлдэг. Гэтэл цар тахлын хуулиар засаглал хуваах тогтолцоог гажуудуулсан. Жагсагчдын тавьсан шаардлагад нийцүүлж Засгийн газар нь түрүүлж гаргасан шийдвэрт нь УИХ тохируулж төсвөө тодотгож байх жишээтэй. Тэгэхээр засаглал хуваах Үндсэн хуулийн тогтолцоог нураах чиглэл рүү маш буруу жишиг тогтоож байна. Зөвхөн эдийн засгаа алаад зогсохгүй тогтолцоогоо нураах маш аюултай, дураараа авирлалт хэрээс хэтэрлээ.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Улаан морь өдөр DNN.mn

2022.4.23, БЯМБА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ДОЛООН УЛААН УЛААН МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.23, Бямба гариг
  • Наран ургах шингэх: 05.48-19.53
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Ундны усны хориглолт, хязгаарлалтын бүсэд 14 мянга гаруй иргэн, хуулийн этгээд байна DNN.mn

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийн эхэнд Хот, нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд илтгэл тавилаа.

Тэрбээр “Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсийн газар олголтын нарийвчилсан судалгааг гаргасан. Хориглолтын бүсэд 3784, хязгаарлалтын бүсэд 10.539 иргэн, хуулийн этгээд байна. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ихээхэн химийн бохирдолтой ус хүлээж авч байгаагаас үйл ажиллагаа нь доголдох болсон. Мөн гэр хорооллын өрхийн 144.9 мянган нүхэн жорлон, гудамжид ил задгай асгах угаадас нь агаар, хөрсний бохирдлыг ихэсгэж, бороо, үерийн усаар дамжин гол бохирдуулах, улмаар гүний худгуудад сөргөөр нөлөөлж байна” хэмээлээ.

Үүнтэй холбоотой хэд хэдэн судалгааг мөн иш татсан юм гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна DNN.mn


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 23-нд баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
гадаад мэдээ

Украин улсаас 5 сая иргэн дүрвэжээ DNN.mn

Энэ нь 40 сая хүн амтай Украин улсын нийт хүн амын 15 хувь нь гадны улс руу эх орноо орхин дүрвэсэн гэсэн үг юм.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр зөвхөн хөрш Польш улс өнөөдрийн байдлаар 2,9 сая дүрвэгч хүлээн авчээ. Түүнчлэн Унгарт 476 мянган дүрвэгч очсон бол Молдавт 428 мянга, Румынд 770 мянга, Орост 563 мянга гаруй хүн дүрвэж очжээ. Олон улсын цагаачлалын байгууллагаас гаргасан судалгаагаар Украинд 7,7 сая иргэн дотооддоо дүрвэсэн гэсэн тооцоог гаргажээ. Энэ нь Украины нийт хүн амын 17,5 хувийг эзэлж байна. Дотооддоо дүрвэгсдийн 37 хувь нь баруун бүс нутгууд руу дүрвэсэн байна.

Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс дүрвэгсдийн хувьд, хамгийн тулгамдаж байгаа асуудал нь эдийн засаг санхүүгийн хямрал мөн эмнэлэг эм тарианы хэрэгцээ нэн тэргүүнд шаардлагатай байгааг хэлж байна. Үүний зэрэгцээ дотооддоо дүрвэгсдээс иргэд гэртээ буцан ирж байна. Тухайлбал, өнгөрсөн ням гарагийн байдлаар 2,7 сая иргэн, гэртээ буцан иржээ. Үндсэндээ дэлхийн 2 дугаар дайнаас хойш Европт дүрвэгсдийн хямрал нүүрлэсэн хамгийн хүнд хэцүү цаг үе тохиож байгааг хэвлэлүүд онцолж мэдээлж байна.

Н
Categories
гадаад мэдээ

АНУ оюутны зээлийн нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулжээ DNN.mn

АНУ-ын Засаг захиргаа холбооны оюутны зээлийн тогтолцоонд нэмэлт өөрчлөлт оруулж байгаагаа мэдэгдлээ. Тухайлбал, зээл төлсөн хугацаа болон зээлийн хэмжээнээс хамаарч тэглэх, төлөх жилийг багасгах, гэр бүлийн орлого, гишүүдийн тооноос хамаарч, сар бүрийн төлөлтийг шинэчилж бууруулах зэрэг өөрчлөлт орсноор Америкийн сая сая оюутны сургалтын төлбөрийн зээлийг тэглэх боломж бүрдэж байгаа юм байна.

АНУ-ын Боловсролын яам оюутны зээлийн дарамтыг хөнгөвчлөх нөгөө талдаа сая сая Америкчуудын санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон түлхэц өгнө гэж харж байна. Энэ хүрээнд Өнөөдрийн байдлаар Америкийн 43 сая иргэн сургалтын төлбөрийн зээлд хамрагджээ. Энэ нь мөнгөн дүнгээр тооцвол 1,6 их наяд америк доллар болж байна.

Оюутны зээл нь Америкийн хэрэглэгчдийн хувьд, орон сууцны зээлийн дараа хоёрдугаарт ордог бөгөөд тухайн айл өрх сургалтын төлбөрийн зээлийг төлөхөд дунджаар 20 жил болдог юм байна. Өнгөрсөн онд Цагаан ордны Тэргүүн хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй мянган оюутны сургалтын зээл болох 5,8 тэрбум америк долларын өрийг тэглэж байсан. Үүний зэрэгцээ бусад оюутны зээлийг цар тахлын нөхцөл байдал болон инфляц өссөн зэрэг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан, зээлийн эргэн төлөлтийг 2022 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулжээ.