Оюуны өмчийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хуульч Э.Мягмардоржтой ярилцлаа.
-Танд юуны өмнө оюуны өмчийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа, энэ завшааныг ашиглан оюуны өмчийг хамгаалах салбарт хамтран зүтгэж байсан үе үеийн ахмадууд, сайд нар, хамтран зүтгэгчид, зохиолч, уран бүтээлчид, шинийг санаачлагч нартаа оюуны өмчийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг Оюуны өмчийн өдөр болгон тэмдэглэдэг болсоор даруй 20 гаруй жил болжээ. Монгол Улс ч ДОӨБ-ын идэвхтэй гишүүн орны хувьд энэ өдрийг 2003 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэдэг болсон. Жил бүр оюуны өмчийг хамгаалах өдрийг өөр өөр уриатайгаар тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн Оюуны өмчийг хамгаалах өдрийн уриа нь “Оюуны өмч ба залуу үе-Сайхан ирээдүйн төлөө шинийг санаачилъя” юм. Аз жаргалтай сайн сайхан амьдралын үндэс шинээр сэтгэж, шинийг санаачлах явдал гэдгийг олон нийтэд ойлгуулах, энэ үйл явцад залуу үе манлайлж оролцохын чухлыг ойлгуулах зорилготой гэсэн үг.
-Оюуны өмчийн асуудал манай улсын хувьд шинэ ойлголт нэр томьёо болоод удаагүй байна. Өнгөрсөн хугацааны манай улсын оюуны өмчийн хамгаалалтын орчинг оюуны өмчийн салбарт олон жил ажилласан хүний хувьд та юу гэж дүгнэх вэ?
-Оюуны өмчийг хамгаалах салбарт амьдралынхаа 20 жилийг өнгөрөөнө гэдэг хүний амьдралд тэр бүр тохиолдоод байдаг зүйл биш байх гэж бодож байна л даа. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс харахад 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших үе бол оюуны өмчийн салбарын хувьд оргил үе байсан юм болов уу гэж бодогдож байна. Өмнө оюуны өмчийг хувийн өмч гэж хүлээн зөвшөөрч хамгаалдаггүй байсныг шинэ Үндсэн хуулиар оюуны үнэт зүйл зохиогчийн нь өмч, үндэсний баялаг гэж тодорхойлж, хүний байгалиас заяасан үндсэн эрхийн хувьд хүн оюуны бүтээл туурвих түүнийхээ үр шимийг хүртэх эрхтэй болохыг анх удаа тунхагласан. Тэр цагаас хойш оюуны өмчийн хоёр салбар болох аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрхэд хамаарах Патентын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль зэрэг бие даасан хуулиудыг 1993-1998 онд УИХ-аас баталсан байдаг. Эдгээрийг шаардлагатай хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулж баталсаар ирсэн. Оюуны өмчийг хамгаалах асуудал нь зөвхөн нэг орны хил хязгаараар хязгаарлагдахаа больсон орчин үед олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох явдал зайлшгүй бөгөөд үүний дагуу ч Монгол Улс оюуны өмчийн салбарын олон улсын 14 гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон байдаг. Эдгээр гэрээ хэлэлцээрээс 10 гэрээ хэлэлцээрт зөвхөн 1997- 2015 онуудад нэгдэн орсон. Оюуны өмчийн олон улсын гэрээнд нэгдэн орсноор манай иргэдийн туурвисан бүтээлийн оюуны өмчийн эрх тухайн гишүүн улсын иргэний нэгэн адил тухайн улс оронд хамгаалагдах нөхцөл боломж бий болоод зогсохгүй улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэх худалдаа, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод чухал нөлөө үзүүлэх хөшүүрэг болдог утгаараа чухал ач холбогдолтой юм. Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон болсноор Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн асуудлаарх хэлэлцээрийг дагаж мөрдөх болсон. Үүнтэй холбогдуулан оюуны өмчийн эрх нь зөрчигдсөн үед эрхийн хэрэгжилтийг хангах буюу хуулийн албадлагын арга хэмжээг хэрэглэн оюуны өмчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор оюуны өмчийн хяналтын тогтолцоог 2001 оноос бий болгосон. Энэ нь өнөөдрийг хүртэл үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна. ДОӨБ-ын идэвхтэй гишүүн орны хувьд ДОӨБ-ын Ерөнхий захирал Франсис Гарри 2015 онд Монгол Улсад айлчилж яг тэр үеэр Монгол Улс Харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээлийг хүртээмжтэй унших чадваргүй хүмүүст зориулан зохиогчийн эрхээс чөлөөлөх тухай Марракешийн гэрээнд нэгдэн орсон эхний 10 орны нэг болж хүний эрхийг дээдэлсэн ардчилсан орон гэдгээ дэлхий дахинд баталсан түүхэн үйл явдал болж байлаа. Зохиогчийн эрхээ хамтран хэрэгжүүлэх дэлхий нийтийн жишгийн дагуу ашгийн байгууллага гэж ойлгон олноор байгуулагдсан байсан хамтын удирдлагын байгууллагуудыг 2011 онд нэгтгэн Хөгжмийн зохиолч, яруу найрагч, нийтлэгчдийн нийгэмлэгийг байгуулснаар зохиогч, уран бүтээлч оюуны өмчийнхөө үр шимийг хүртэх таатай нөхцөл бүрдэж жилд хөгжмийн бүтээл ашигласны төлбөрт 100 орчим сая төгрөгийг зохиолч, уран бүтээлч нарт хуваарилдаг болсон байлаа. Оюуны өмчөө үнэлүүлэн үр шимийг хүртэх ажил 2006 оноос эхлэн эрчимтэй хэрэгжиж оюуны өмчийн үнэлгээг төрийн өмчийн хувьчлал, хохирол төлүүлэх, хувьцаа, дүрмийн санг нэмэгдүүлэх, хувьцаа гаргахад ашигласан байдаг. Аж үйлдвэрийн өмчийн хамгаалалтын Орос, Монгол, Хятад гурван талт хамтын ажиллагаа 2013 оноос, зохиогчийн эрхийн хамгаалалтын Орос, Хятад, Монгол, БНСУ-ын дөрвөн талт хамтын ажиллагаа 2012 оноос эхлэн хэрэгжиж оюуны өмчийн эрх зүйн орчинг сайжруулах, хайлт шүүлтийг богино хугацаанд үр дүнтэй хийх, мэдээлэл, туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, олон нийтэд оюуны өмчийн талаарх мэдлэг олгох, мэдээлэл түгээх, хамтын удирдлагын байгууллагыг чадавхжуулах гэх мэт олон чиглэлээр хамтарч ажиллаж байсан юм. БНСУ-ын КОЙКА хөтөлбөрийн хүрээнд оюуны өмчийн байгууллагын удирдлагыг автоматжуулах гурван сая долларын төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан байдаг. Ийм учраас энэ үеийг оюуны өмчийн хамгаалалтын оргил үе гэж нэрлээд байгаа юм.
-Өнөөдрийн оюуны өмчийн хамгаалалт ямар түвшинд байна гэж та үзэж байна вэ?
-Дэлхийн инновацийн индексийг ДОӨБ-аас жил бүр гаргадаг бөгөөд 2021 оны үзүүлэлтээр дэлхийн 132 орны эдийн засгийн үзүүлэлтээс үзэхэд Монгол Улс 58-д жагссан нь манай улсын хувьд сайн үзүүлэлт гэж харж байна. Аливаа улс орон өөрийн хөгжлийн бодлогоо оюуны өмчийн хуулиа шинэчлэх замаар хэрэгжүүлдэг онцлогтой. ХАА-д суурилсан үйлдвэрлэлээ хөгжүүлэх үү, эсхүл мэдээлэл технологийн салбарт суурилж улс орноо хөгжүүлэх үү гэдгээ оюуны өмчийн тэр тусмаа патентын хуульдаа тусгаж бодлогоо тодорхойлдог. Манай улсын хувьд бодлогын баримт бичгүүдээ нэгтгэн дүгнэлт хийж “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг батлахдаа инноваци, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг бодлогоо болгон тодорхойлсон нь сайн хэрэг. Инноваци гэдэг нь утгаараа шинэ санаачилга мөн боловч оюуны өмчийн салбарын хувьд эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, ашигтай загварыг практикт нэвтрүүлж үр шимийг хүртэх үйл явцыг инноваци гэж ойлгож хэрэгжүүлдэг. Харин соёлын бүтээлч үйлдвэрлэл нь зохиогчийн эрхийн үр дүнтэй хамгаалалтгүйгээр хөгжих боломжгүй учир зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл гэж нэрших болсон. Тийм учраас соёл урлагийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж үйлдвэрлэл болгоход чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Бидний хамгийн ойрын жишээ БНСУ байна. Засгийн газар нь зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч өнөөдөр солонгос кино, KPOP нь дэлхийд хэрхэн нэр хүндтэй болж ДНБ-ий хэдэн хувьд хүрснийг бид харж болно. Үүнтэй ижлээр манай улсын хувьд дэлхийд давтагдашгүй түүх соёл, өв уламжлалдаа тулгуурласан, экспортод чиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлого боловсруулж хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрэх нь дамжиггүй. Үүнд хуулийн зөв зохицуулалт чухал. Дэлхий дахинаа хөгжиж байгаа аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын нөлөө манай орныг тойрч гарахгүй нь мэдээж учраас оюуны өмчийг хамгаалах салбар алхам алхмаар урагшилж л байна. Аж үйлдвэрийн өмчийн хамгаалалтын чухал асуудал болох олон нийтийг эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлэг гаргасан, эрхийн хамгаалалт хийгдсэн буюу патент гэрчилгээ олгогдсон бүтээлийн талаарх мэдээллийг ДОӨБ-ын мэдээллийн сангаас харах боломжтой болсон нь нэг давуу тал мөн. Ер нь оюуны өмчийг хамгаалах асуудал нь хууль зүйн шинжлэх ухаан тэр тусмаа иргэний эрх зүйн нарийн судлагдахуун учраас эрх зүйн орчин нь шинжлэх ухаанч зөв, хэрэгжихүйц байж байж илүү үр дүнтэй болох нь дамжиггүй. 2020 онд Оюуны өмчийн тухай хууль, 2021 онд Зохиогчийн эрхийн тухай хууль, Патентын /монгол хэлний шинэ дүрмээр ийнхүү бичигддэг болсон/ хууль зэргийг шинэчлэн баталж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан одоо мөрдөж байна. Эдгээр хууль нь олон давуу талтай ч дутуу харсан, буруу зохицуулсан алдаатай заалтууд нэлээд байна гэж би хувьдаа харж байгаа. Алдааг засах талаар эдгээр хуулийг олон нийтээр хэлэлцүүлэх үеэр олон удаа хэлж байсан боловч зарим нэг хүний хууль батлуулж л байвал болоо гэсэн явуургүй, хэлбэрдсэн байдлаас болж алдаатай, хэрэгжүүлэхэд салаа утга бүхий хуулиуд батлагдсан. Тухайлбал, оюуны өмч бол бүтээл, объект мөн гэсэн агуулга бүхий хууль баталснаар өөрийн бичсэн номоо дэлгүүрээр худалдаж, худалдаж авсан хүнд зохиогчийн эрх нь шууд шилжих мэт утгаар баталсан нь маш буруу гэж үзэж байгаа юм. Угтаа бол оюуны өмч гэдэг нь хүний сэтгэхүйн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээлтэй холбоотой өмчлөлийн эрх юм. Оюуны өмчийн хамгаалалт нь бүтээлийг бус бүтээлтэй холбоотой өмчлөлийн эрхийг буюу эдийн болон эдийн бус баялгийн эрхийг нь хамгаалдаг. Энэ алдаанаас улбаалан оюуны өмчийн эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд хандахад маргаантай нөхцөлийг бий болгож байна. Нөгөө талаар өнөө цагт аж үйлдвэрийн өмчийн объектын хайлт шүүлтийг хиймэл оюун ухаан artificial intelligence хийдэг болсон цагт улс орнууд хайлт шүүлтийн хугацааг аль болох богиносгох чиглэлээр бодлого хэрэгжүүлж ажилладаг болсон. Гэтэл олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлж байна гэсэн хандлагаар есөн сар байсан хайлт, шүүлтийн хугацааг 36 сар болгосонд шүүмжлэлтэй хандаж байгаа. Дэлхийн инновацийн индекст дурдсанаар улс орнуудын аж үйлдвэрийн өмчийн хайлт шүүлтийн дундаж хугацаа 7-9 сар болсныг бид харж болно. Түүнчлэн патент авахаар мэдүүлэг гаргаж байхад шат бүрт дахин дахин хүсэлт гаргаж, төлбөр төлөхөөр хуульчилсныг ухралт гэх уу дэвшил гэх үү ойлгомжгүй байгаа юм. Энэ нь нөгөө талаар шинийг санаачлагч, зохион бүтээгч нарт хүндрэлтэй нөхцөлийг бий болгоод байна уу гэж харж байна.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн тухайд зохиогчийн эрх нь дотроо зохиогчийн эрх ба хамаарах эрх гэж ангилагддаг. Гэтэл өмнөх хууль Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль гэж байсныг өөрчлөн зөвхөн зохиогчийн эрхийн тухай хууль гэснээр хамаарах эрхийн асуудлыг зохицуулахгүй мэт ойлголтыг бий болгож байна. Энэ хуулиар өгөгдлийн сан буюу Big data-тай холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн бол өнөөдрийн мэдээлэл технологийн хурдацтай хөгжилтэй нийцэх байсан болов уу гэж бодогдож байна. Өөр нэг зайлшгүй дурдвал зохих асуудал бол дэлхийн хаана ч байдаггүй алдаатай зохицуулалт тусгасан нь гишүүддээ үйлчилдэг, тэдний бүтээлийг ашиглах талтай байгуулсан гэрээний үндсэн дээр бүтээл ашигласны төлбөр хураадаг, төлбөрийг гишүүдэд хуваарилдаг чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллагын гэрээгээр тогтоодог төлбөрийн хэмжээг оюуны өмчийн байгууллага хянаж тогтоохоор хуульчилсан явдал юм. Энэ нь нэг талаас гэрээний чөлөөт байдалд халдсан, нөгөө талаас олон улсын эрх зүйн зарчим, зохицуулалтыг зөрчсөн асуудал болсон. Энэ мэтчилэн олон зохицуулалтыг ярьж болох ч хамгийн түрүүнд засах ёстой алдаатай зохицуулалтын талаар товч дурдахад ийм байна. Хуулийн зохицуулалт ирээдүйг харсан зохицуулалт байж чадвал илүү үр дүнтэй болох юм.
-Ирээдүйг харсан зохицуулалт хэрэгтэй гэдгийг жоохон дэлгэрүүлэхгүй юү…?
-Мэдээлэл технологийн салбар маш богино хугацаанд хурдацтай хөгжиж байна. Эдгээр нь оюуны өмчийн хамгаалалтгүйгээр нэвтэрч ашиглагдах боломжгүй. Саяхан л гар утсаар зайнаас үл хамаарч хоорондоо харилцаа холбоо тогтоож байсан бол интернэтийн орчин дэлхий даяараа цаг хугацаа, нутаг дэвсгэрийн зааг хязгааргүйгээр бүх асуудлыг хамарч байна. Блокчэйн технологи бүх салбарыг хамрах болсон өнөө цагт метаверс, биткойн, NFT, ethereum coin бүгд оюуны өмчийн эрхийн хамгаалалттай холбоотой систем, программ хангамж, аппликэйшн, алгоритм юм. Блокчэйн технологитой холбоотой 3000 гаруй патентын мэдүүлэг дэлхий дахинд мэдүүлсэн бол NFT үгээс бүрдсэн барааны тэмдгийн 700 гаруй мэдүүлэг metaverse үгтэй 500 гаруй барааны тэмдгийн мэдүүлэг ДОӨБ-ын барааны тэмдгийн санд бүртгэгдсэн байх жишээтэй. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт нь тухайн улс орны нутаг дэвсгэрээр хязгаарлагддаг тул улс орон бүрийн оюуны өмчийн салбарын хууль тогтоомжоор эрхийн хамгаалалт хийж патент, гэрчилгээ олгох уу үгүй юү гэдэг асуудал шийдэгддэг. NFT-ээр дүрслэх урлагийн бүтээл болох дижитал зураг, дуу зэрэг утга зохиол, урлагийн бүтээл койноор худалдагдах боломжтой болж байна. Тэгвэл NFT-ээр зарагдаж байгаа бүтээлийн зохиогчийн эрх нь хэнд хадгалагдах, хэн бүтээл ашигласны төлбөр авах, зохиогчийн онцгой эрхийг шилжүүлж авсан эсэх, зохиогчийн эрхийн аль эрхийг ашиглаж байгаа зэрэг асуудлуудыг зохиогчийн эрхийн хууль, гэрээний зохицуулалтаас салгах боломжгүй юм. Зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах нэг хэлбэр нь л NFT болж цахимаар зөвшөөрөл авч ашиглаж байна гэсэн утга. Тийм учраас улс орнууд интернэтийн орчин дахь онлайн худалдаа, оюуны өмчийн бүтээлийг ашиглах асуудлыг хууль тогтоомжоор зохицуулж байна. Манай улс ч мөн хуулиараа нарийвчилж зохицуулах ёстой байсан гэдгийг хэлж байгаа юм. Нэгэнт хуулиар нарийвчилж зохицуулаагүй тохиолдолд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хууль, Зохиогчийн эрхийн тухай хуульд нийцүүлэн “ухаалаг гэрээ”-ний нөхцөлөө сайтар харж байгуулах шаардлагатай гэсэн үг. Нэг улсын хилээр хязгаарлагдах боломжгүй интернэтийн орчин дахь оюуны өмчийн эрхийг зөрчсөн тохиолдолд хэн ямар байдлаар эрхээ хамгаалуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх вэ гэдэг асуудлыг олон улсын гэрээгээр зохицуулдаг. Энэ утгаараа ч манай улс ДОӨБ-ын гишүүн орны хувьд интернэтийн орчин дахь зохиогчийн эрхийн хамгаалалтын асуудалд анхаарч санаачилга гаргаж идэвхтэй оролцох шаардлагатай байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа, таны цаашдын ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа.