Categories
мэдээ нийгэм

​ ШӨХТГ-аас хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар судалгаа хийж байна DNN.mn

ШӨХТГ-аас хүнсний бүтээгдэхүүний үнийн талаар судалгаа, хяналт шалгалт хийж байна. Тус газрын улсын байцаагчид нийслэлийн төвийн зургаан дүүрэг, аймгуудын зах, хүнсний томоохон дэлгүүрүүдэд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд судалгаа, хяналт шалгалт хийж байна.

Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, махны холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үр дүнд гол нэрийн хүнс, барааны үнийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэхгүй байх талаар хамтарч ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр үнэ нэмэх, үгсэн хуйвалдах асуудалд бид орохоос өөр аргагүй DNN.mn

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.


-Та ажлаа хүлээж аваад хэд хонож байна. Энэ хугацаанд ажилтайгаа танилцаж амжив уу?

-Ажлаа хүлээж аваад яг долоо хонож байна. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ажил тараад ажлаа хүлээж авсан. ШӨХТГ нийт есөн хууль тогтоомжид хяналт тавьж ажилладаг юм байна. Манайх Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн тухай хуульд бүтэн хяналт тавьж ажиллана. Бусад Зар сурталчилгааны тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Зөрчлийн хууль, Эцэслэн шийдвэрлэх тухай хууль гэх мэт есөн хуулийн хүрээнд хяналт шалгалт хийж, хэрэглэгчдийн өмнө тулгарсан асуудал, хэрэглэгчид хохирч байна уу, хэрэглэгчдэд ямар асуудал үүсч байна, энэ талаар ирж байгаа гомдлууд дээр ажиллаж байна. Мөн Өрсөлдөөний тухай хуулиар компаниудыг шударга өрсөлдөх, түүнийг боломжоор нь хангаж өгөх, ямарваа нэгэн байгууллага компани монополийн үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг судалгаа хийгээд монополийг тогтоодог, монополийг задлах зэрэг үйл ажиллагаа хийнэ. Мөн зүй ёсоор хуульд заагдсан нэг байгууллага, аж ахуйн нэгжээс өөр ямар нэгэн компани үйл ажиллагаа явуулах боломжгүй зах зээлтэй компаниудад хяналт тавина. Жишээ нь, манайд МИАТ болон иргэний нисэхийн байгууллага байна. Төмөр зам байна. Гэвч төмөр зам байгуулаад дахиад нэг компани ажиллах боломжгүй шүү дээ. Ийм байдлаар зүй ёсны монополийг тогтоодог. Үнийн өсөлт зүй ёсны монополь дээр тогтоогдсон бол цаашдаа үнэ өсгөх зэрэг асуудлууд дээр нь хяналт тавина.

-Өөр ямар үүрэгтэй вэ?

-Давамгай байдал үүсгэсэн гэж тогтоодог. Монополь биш мөртлөө нийт зах зээлийн 3/1-ийг эзэлж байгаа. Түүнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниуд дээр давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоогоод эдгээрийн нэгдэн нийлэх, үнээ өсгөх бусад үйл ажиллагаанд нь хяналт тавина. Үүгээрээ жижиг компаниудыг гаргаж ирэх, өрсөлдөөнийг дэмжих, зүй ёсны монополь юм уу, давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд нь юм уу гэх мэтээр тогтоож өнөөгийн байдлаар зах зээлийн үнийг бусад компани өрсөлдөх чадварыг нь боомилох маягаар үнээ хэт буулгах ч юмуу, үнэ тогтоох, бусад компаниудтай хамтран ажиллахгүй байх үйл ажиллагааг үүсгэхгүй байхын тулд хянаж ажилладаг.

-Дүрэм журам, хэрэгжилттэйгээ танилцсан уу?

-Бид өөрсдийн дүрэм журам, хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Намайг ажлаа авахад үнийн өсөлт гэдэг зүйл өндрөө авчихсан байсан. Бид мэдэж байгаа. Дэлхий дахины эдийн засаг хүнд байна. Ковид цар тахлаас үүдэлтэй хоёр жилийн хөл хориотой үргэлжлээд дайны нөхцөл байдал үүссэн. Үүнээс болоод Орос улс хилийн хориг, худалдааны хоригт орж байгаатай адил бид бүхэн ч давхар хоригт орчихож байна гэсэн үг шүү дээ. Хятад улстай хиллэж байгаа хил нэвтрэх чанар муу байна. Энэ бүгдээс шалтгаалаад эдийн засаг хүндэрсэн. Валютын ханш өссөн. Ийм нөхцөл байдалтай үед ажлаа авлаа. Надад өгсөн хамгийн эхний үүрэг даалгавар үнэ тогтворжуулахтай холбоотой гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах юм. Үнийн өсөлтөд хяналт тавих тухай хууль байна. Энэ хуулийн дагуу хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд мөн нефтийн, дизель түлшний болон АИ-92 зэрэг бүтээгдэхүүнд хяналт тавих үүрэг өгсөн. ШӨХТГ үнийн өсөлтийг хязгаарладаг гэхээсээ илүү чөлөөт өрсөлдөөний орчныг бий болгодог газар. Гэхдээ Засгийн газраас болон УИХ-аас шийдвэр гаргаад ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ард иргэдийн амьжиргааг унагаахгүй байх, гамшиг давагдашгүй хүчин зүйлийн үүднээс гэнэтийн аюулд тохиолдох зохицуулалтыг Засгийн газраас хийхэд хяналт тавих үүрэгтэй. Энэ хүрээнд бид ажиллаж байна.

-Үнийн өсөлтийн эсрэг ямар ажлууд хийж эхлээд байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт ХХААХҮСЯ-ныхантай уулзаж үнийн өсөлтийн эсрэг хамтран ажиллах санал тавьсан, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний өсөлт дээр. Энэ чиглэлээр Засгийн газраас шийдвэр гараад УИХ-аас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх гэх мэт арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа. Тиймээс бид өчигдөр (дөрөвдүгээр сарын 25-ны өдөр) хүнс үйлдвэрлэгч, импортлогч, худалдан борлуулагчид, махны үйлдвэрүүдийн томоохон төлөөллүүдтэй уулзаж, санал солилцож, ярилцлаа. Энэ хүрээнд бид төсөл боловсруулаад Засгийн хуралдаанаар орж хэлэлцүүлээд хэрхэн хамтарч ажиллах вэ гээд гурван талын гэрээ байгуулж, манай байгууллага хэрэгжилт дээр нь хяналт тавиад явна.

-Хамгийн сүүлд гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн тухай цахим орчинд шуугьж, хэрэглэхгүй байх уриалга явсан. Энэ чиглэлийн үйлдвэрүүдтэй уулзсан уу. Ямар хариу өгөв?

-Үйлдвэрүүдийн удирдлагуудтай бид уулзсан. Тэдний зүгээс ярьж буй асуудал нь ажилчдын цалин нэмэгдсэн. Хөдөлмөрийн хуульд шинэчлэл орсны дагуу ажилчдын хувьд гурван ээлжээр ажилладаг. Шөнийн цагийн нэмэгдэл олгодог. Дахин илүү цагийн нэмэгдэл олгоно. Энэ бүгдтэй холбоотойгоор цалин нэмэгдсэн гэж ярьж байна. Цалин зайлшгүй нэмэгдэх шаардлагатай. Хөдөлмөрийн хуулиараа шөнийн цагаар ажиллаж байгаа бол нэмэгдлээ олгох ёстой. Илүү цагаар ажиллаж байгаа бол илүү цагийн мөнгийг олгох ёстой. Тухайн үйлдвэрт үйл ажиллагааны зардал нэмэгдэж байна гэсэн үг. Дээрээс нь гаднаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнүүд байдаг. Гурилан бүтээгдэхүүнийг зөвхөн гурилаар хийхгүй. Ургамлын тос, давс, элсэн чихэр гэх мэт хольц орно. Үүнтэй холбоотойгоор нэмэгдэж байна гэж ярьж байна. Гэхдээ манай байгууллага зөвхөн үйлдвэрлэгчдийн ярьж байгааг сонсоод, нэг бол хэрэглэгчийг л зөвхөн сонсоод ажилладаггүй. Өөрсдөө судалгаа хийгээд, дүгнэлт гаргаад ажлын төлөвлөгөө гаргаж ажилладаг.

-Судалгаа хийгээд ямар дүнэлт гарав. Үнэ хэр өссөн байна вэ?

-Манай байгууллагын зүгээс гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний судалгааг хийлгэхээр бүх үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, аж ахуйн нэгж рүү албан бичиг, хүсэлтүүд явуулсан байгаа. Гаалийн үнийг гаргаж ирнэ. Орж ирээд хэдэн төгрөг нэмдэг. Хэдэн төгрөгөөр хаана ямар дамжлагаар яваад эцсийн дүнд хэрэглэгчдэд очиж байгаа юм бэ гэсэн нарийвчилсан судалгааг гаргаад үнэхээр зах зээлийн журмаар өссөн байна уу, нэг бол үгсэн хуйвалдаж байгаад үнэ нэмсэн байна уу гэдэг асуудлыг гаргаж ирэх шаардлагатай. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай уулзаад бүх зах худалдааны төвүүдээр хамтарсан судалгааны баг гаргасан. Хаана ямар үнэ нэмэгдээд байна гэдэг үнийн судалгааг гаргаж байна. Би өөрөө БЗД-ийн хоёр ч газраар ороод ирлээ. Импортын бараан дээр үнийн өсөлт байна. Жишээ нь, ургамлын тосны үнэ маш их нэмэгджээ, хойд хөршид гарсан дайны нөхцөл байдлаас үүдэж. Украин, Орос улсууд наранцэцгийн тосны голлох үйлдвэрлэгчид байдаг. Үүнтэй холбоотойгоор наранцэцгийн тосны үнэ өсч байгаа юм байна гэж ойлгогдож байгаа.

Таван литр наранцэцгийн тосон дээр 9000 төгрөгний үнэ нэмэгдсэн байх жишээний. Ингээд явахаар үнэ бол зайлшгүй өсч байна. Бусад бүтээгдэхүүний үнэд судалгаа хийлээ. Өчигдөр үйлдвэрлэгч, импортлогчидтой уулзахад Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг байх, ямар хамтран ажиллах боломж буйг хоёр талаасаа ярилцаж байгаад үнийг боломжтой бол тодорхой хэмжээнд буулгая гэж ярьцгаасан. Мэдээж байгууллагууд тодорхой хэмжээнд ашиг олохоор ажиллаж байгаа. Хичнээн ашиг олохоор ажиллаж байгаа ч давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр хүндрэлтэй байдалд орж байна. Ийм үед хамтран ажиллаач ээ гэдэг саналыг тавьж байгаа.

-Махны үнэ өндөр байгаа шүү дээ. Үүн дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Мах зарах дамжлага нь олон байна. Хөдөө орон нутгаас эхлээд орон нутгийн ченж худалдаж авдаг. Орон нутгийн ченжүүд хотын ченжүүдэд өгдөг. Тэд маань Эмээлт юмуу, Налайхад аваачиж нядлуулаад Дэнжийн мянга дээр авчирдаг. Дэнжийн мянгаасаа аваад дахиад мөнгө нэмээд зардаг. Энэ олон дамжлага байгаа учраас үүнийг зөв зүйтэй систем рүү нь оруулах ёстой гэдгийг ярьж байна. Энэ бол өнөөдөртөө шууд шийдчих асуудал биш. Тэгэхээр эхний ээлжинд нөөцийн махны худалдааг өргөтгөе. Аль болох цар хүрээг нь нэмэгдүүлье гэж байгаа. Одоогоор нийслэлд нөөцийн махны 480 орчим цэг ажиллаж байна. Гэхдээ эдгээр цэгүүд гэр хорооллын алслагдсан хороодоор байгаа. Тэгвэл энэ жилийн нөөц хангалттай байгаа юм бол бүх дэлгүүрүүд боломжит бүх газраар худалдаалъя. 8000 төгрөгөөр нөөцийн хонины мах зарж байна. Хажууд нь 12 мянга гээд хонины мах байна. Хүн өөрөө алийг нь авах сонголтоо хийнэ. 8000 төгрөгний махыг аваад байхаар 12 мянган төгрөгний үнэтэй мах бууж таарна. Үнэ буух боломжтой гэж бид хараад байгаа юм. Судалгаа хийхээр Дэнжийн мянгын зах дээр өглөө эрт бөөний үнэ 8000 төгрөг гэж байгаа юм. 8000 төгрөгөөр нь үхрийн гуя салгаад авъя гэхээр салгаж өгөхгүй. Салгаж өгөхөөр бол 8500 төгрөгөөр өгье гэж байна. Ингээд 8500-гаар нь авъя гэхээр хажуу дахь нөхдүүд нь ченжүүд, лангууныхан нь орж ирээд “Та нар 8500-гаар зарах юм бол бид та нараас мах авахгүй” гэдэг шантааж хийж байгаа юм. Тэгэнгүүт нөгөө борлуулагч махаа зарахаа болиод 8000 төгрөгөөр Дэнжийн мянгын худалдаачиддаа өгчихөж байна. Тэрийг авсных нь дараа 08:00 цагт зах онгойхоор ороод үзэхээр нөгөө махаа 12500 төгрөгөөр зарж байгаа юм. Газар дээр нь 4000 төгрөг нэмчихэж байна. Тэгэхээр орон нутгийн ченж, нийслэлд зарж байгаа ченжийн үнийг хасахаар малчид нь 3000-4000 төгрөгөөр л зарсан болж таарч байна. Энэ бүгдийг зөв голдиролд нь оруулах ёстой. Үнийн өсөлтөд хэзээ хуулийн хүрээнд хязгаарлалт тавих гэж оролдох вэ гэвэл үндэслэлгүйгээр буй үгсэн хуйвалдаж үнэ нэмэх энэ асуудалд бид орохоос өөр аргагүй. Ийм байдалтай ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Сергей Лавров: Дэлхийн III дайн бодитой болсон DNN.mn

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дэлхийн гуравдугаар дайн дэгдэх аюул бодитой болсныг төрийн мэдлийн “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа анхааруулжээ.

Тэрээр, Барууны улсууд Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь НАТО дайнд татагдан орох эрсдэлийг нэмэгдүүлж буйг бас онцолсон байна. “Эдгээр зэвсгүүд нь тусгай ажиллагааны хүрээнд Оросын зэвсэгт хүчний хууль ёсны бай болох болно. Баруун Украин дахь зэвсгийн агуулах байгууламжуудад манай арми хэд хэдэн удаа цохилт өгсөн. Өөрөөр бид яах ёстой юм бэ? НАТО үндсэндээ өөрийн төлөөллөөрөө дамжуулан Оростой дайтаж, тэр төлөөллөө зэвсэглэж байна. Дайн бол дайн!” гэж Лавров ярилцлагадаа өгүүлжээ. Украинтай үргэлжилж буй энхийн яриа хэлэлцээний талаар Лавров

“Сайн санаанд хязгаар бий. Хэрвээ талууд ижил хүсэл эрмэлзэлтэй л болохгүй бол яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй. Гэсэн ч бид Зеленскийн томилсон багтай хийх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэж хэлсэн байна. Гэхдээ тэр Украины ерөнхийлөгч Зеленскийг “сайн жүжигчин” тул яриа хэлэлцээ хийж буй дүр эсгэж цаг хожиж байгааг энэ үеэр дахин шүүмжилжээ. “Хэрвээ та түүний хэлсэн зүйлийг анхааралтай ажиглавал мянга мянган зөрчилтэй санаа байгааг олж харах болно” гэж Лавров ярьсан байна. Эцэст нь тэр “Дэлхийн гуравдугаар дайн дэгдэх аюул ноцтой, бодитой болоод байна. Үүнийг хэрхэвч дутуу үнэлж болохгүй” гэж мэдэгдэв.

Орос улс энэ дайныг Украиныг зэвсэггүй болгож, фашистуудаас хамгаалах тусгай ажиллагаа гэж нэрлэж буй. Харин Украин болон барууны улсууд үүнийг Владимир Путины түрэмгийллээр Украины ардчиллыг нухчин дарах гэсэн үндсэн шалтгаанаа нуух гэсэн хуурамч шалтаг гэж үзэж байгаа юм.

ТОВЧХОН

Дэлхийн хамгийн чинээлэг хүн Элон Маск “Twitter”-ийг худалдан авах 44 тэрбум долларын гэрээ байгуулснаа зарлалаа. “Теsla”, “Space X” тэргүүтэй технологийн аварга компаниудыг үндэслэгч тэрээр нийгмийн сүлжээний анхдагчдын нэг “Twitter” компанийг иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж чаддаггүй хэмээн шүүмжилдэг.

Анх санал тавихдаа Маск “Twitter”-ийг дэлхий нийтийн үг хэлэх эрх чөлөөний платформ болгох боломжийг нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Дөрөвдүгээр сарын 4-нд тэр хамгийн том хувьцаа эзэмшигч болсон ч нээлттэй компанийн хэлбэрээр ийм өөрчлөлт хийх боломжгүй тул бүх хувьцааг нь худалдан авч, хаалттай хувийн компани болгох санал тавьжээ. Маскын саналыг тус компанийн ТУЗ эхэндээ эсэргүүцэж байсан ч хоёр долоо хоног үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд бүх хувьцааг нь 44 тэрбум доллараар худалдаж авах саналд нааштай хариу өгчээ. Нийт 200 сая хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ ийнхүү хаалттай хувийн компани болж байна.

l l l

Хятадын нийслэл Бээжин хотод коронавирусийн халдварын 26 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ бол цар тахлын шинэ давлагаа эхэлснээс хойш тус хотод ажиглагдаж буй хамгийн өндөр өсөлт юм. Халдвар дэгдсэнтэй холбогдуулан Бээжин хотын хамгийн олон оршин суугчтай Чаоянь дүүргийн 3.5 сая иргэнийг бүгдийг нь гурван ээлжийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Уг шийдвэрийг зарласны дараа Бээжингийн оршин суугчдын дунд Шанхай хот шиг хөл хорионы хатуу дэглэмд шилжиж болзошгүй гэсэн айдас бий болж, хүнсний дэлгүүр, захуудын ачаалал эрс нэмэгдсэн байна. Хятадын санхүүгийн төв, 25 сая оршин суугчтай Шанхай хот хөл хорионд шилжээд бараг сарын хугацаа өнгөрч байгаа юм. Иргэдийн хэрэгцээг хангах үүднээс Бээжингийн зах, дэлгүүрүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ. Хятадын төв хэвлэлийн мэдээлснээр тус хотын удирдлага зах, дэлгүүрүүдэд мах, өндөг, хүнсний ногооны татан авалтаа нэмэгдүүлэх даалгавар өгсөн байна. Гуравдугаар сарын сүүлээр цар тахлын давлагаа эхэлж байсан Шанхай хотод одоогоор халдварын 400,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 138 хүн нас бараад байгаа юм. Бээжин хотод ч ойрын өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэх төлөвтэйг мэргэжилтнүүд анхааруулав.

l l l

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес энэ долоо хоногт Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болжээ. НҮБ-ын даргын хэвлэлийн албанаас мэдээлснээр Антонио Гутеррес мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, Украинд энх тайвныг буцаан тогтоох асуудлыг хэлэлцэх гэнэ.

Түүнчлэн Антонио Гутеррес ойрын хугацаанд Киевт айлчлах асуудлыг Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцэхийг хичээж байгаа аж. Тэрбээр Улаан өндөгний баярыг тохиолдуулан өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн дөрөв хоног гал зогсоохыг хоёр талд уриалсан ч ОХУ “Украиныг барууны зэвсгээр хангах хугацаа хожих заль мэх” хэмээн хүлээж аваагүй юм.

l l l

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээллээр, эрхлэн наадаж, сурч боловсрох насандаа хүчээр богтлогдож, өөрсдийн огт хүсээгүй амьдралд хөл тавьсан 650 сая гаруй охин байгаа аж. Насанд хүрээгүй охидын гэрлэлтээр Өмнөд Азийн бүс нутаг тэргүүлж буйг энд 20- 24 насны эмэгтэйчүүдийн 45 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг гэдэг мэдээллээс харж болно. Цаашлаад Өмнөд Азийн таван охин тутмын нэг нь буюу 17 хувь нь 15 нас хүрэхээсээ ч өмнө албан шаардлагаар гэрлэжээ. Эрт гэрлэлтийн шалтгаан болсон шашин шүтлэгийн хүлээсийг тайлж, бүс нутгийн хэмжээнд ядуурлын түвшинг бууруулж чадаагүй цагт 2030 он гэхэд хүүхэд насаа хулгайлуулсан охидын тоо даруй тэрбум давах төлөвтэй байгаа гэнэ. Бие бялдрын болоод сэтгэл зүйн хувьд эхнэр, ээж болох бэлтгэлгүй насандаа бэр болсон охид наад зах нь сурч боловсрох эрхээ зөрчүүлж, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртөн төрөх үеийн хүндрэлээр нас барах магадлал туйлын өндөр байдаг гэнэ. Хүүхдийн гэрлэлтийг дэмжих нь улс орнуудын эдийн засагт ч сөргөөр нөлөөлж үе дамжсан ядуурлын мөчлөг давтагдах шалтгаан болдог аж.

BBC.CNN. REUTERS. NHK. UKRIN­FORM.TASS.Global Times.Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Герман улс Украинд хүнд зэвсэг илгээх шийдвэр гаргалаа DNN.mn

зураг

Герман улс Украинд анх удаа хүнд зэвсэг техник тусламжаар илгээх болсноо Мягмар гарагт зарлажээ.

Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай тус улс өнөөдрийг хүртэл Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаас зайлсхийж, Украинд өөрийн үйлдвэрийн хүнд зэвсэг илгээхээс татгалзаж байсан юм. Оросын эрчим хүчний хараат байдал нь Германы эрх баригчдыг айлгаж байв.

Гэвч гадаад дотоодын дарамт шахалтын улмаас канцлер Олаф Шольцын засгийн газар бодлогоо эрс өөрчлөхөөс өөр аргагүй болжээ.

Агаарын довтолгооноос хамгаалах зэвсгээр тоноглосон 50 ширхэг Gepard танкийг үйлдвэрийнх нь агуулахаас Украин руу илгээх зөвшөөрөл өгснөө Германы батлан хамгаалахын сайд Кристин Ламбрехт өчигдөр мэдэгдсэн байна.

Өмнө нь канцлер Шольц өөрийн үйлдвэрийн хүнд зэвсэг техникийг Украинд илгээхээс татгалзаж, ингэвэл Герман улс дайнд татагдан орж, дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл нэмэгдэнэ гэж тайлбарлаж байв. Оронд нь тэр Европын бусад улс орнуудын зэвсэг техникийг Украинд илгээх ажлыг санхүүжүүлэх санал тавьж байсан юм.

Гэвч Социал демократ Шольцын эвслийн засгийн газрыг бүрдүүлэгч Ногоон болон Чөлөөт Ардчилал намууд Герман улс Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байв.

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Донбассын тулаанд Оросын армийн довтолгоог зогсоохын тулд Украины талд танк, их буу зэрэг хүнд зэвсгүүд шаардлагатай байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс дэлхийн 126 оронтой худалдаа хийжээ DNN.mn


Монгол Улс 2022 оны эхний улиралд дэлхийн 126 оронтой худалдаа хийж, худалдааны нийт бараа эргэлт 3.6 тэрбум ам.долларт хүрснээс экспорт 1.9 тэрбум ам.доллар, импорт 1.7 тэрбум ам.доллар болсон байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 108,7 сая ам.доллароор буюу 3.1 хувиар өссөэ ба үүнээс импорт 167,0 сая ам.доллароор буюу 11.0 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Харин гадаад экспортын хэмжээ 58,3 сая ам.доллароор буюу 2.9 хувиар буурчээ. 2021 оны гуравдугаар сард өмнөх энэ оны гуравдугаар сарынхтай харьцуулахад экспорт 121,3 сая ам.доллароор буюу 18.9 хувь, импорт 171,8 сая ам.доллароор буюу 35.7 хувиар тус тус өссөн байна.

Монгол Улсын Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний улиралд 476,6 сая ам.долларын эерэг тэнцэлтэй байсан бол 2022 оны эхний улиралд 251,4 сая ам.долларын эерэг тэнцэлтэй гарч, өмнөх оны мөн үеэс даруй 225,3 сая ам.доллароор буурчээ.

2022 оны гуравдугаар сард гадаад худалдаанаас олох ашиг орлого өмнөх сарынхаас 50,5 сая ам.доллароор буурсан аж. 2022 оны эхний гурван сард БНХАУ-тай хийсэн гадаад худалдаа 2.1 тэрбум ам.долларт хүрч, нийт бараа эргэлтийн талаас илүү буюу 56,6 хувийг эзэлж байна.

БНХАУ руу нийлүүлсэн нийт экспортын 46,5 хувийг зэсийн баяжмал, 41,0 хувийг битумэн нүүрс буюу чулуужсан түлш эзэлж байгаа бол Швейцарь руу гаргасан нийт экспортын 99,8 хувийг алт эзэлж байгаа аж.

2022 оны эхний улиралд Монгол Улсын экспорт өмнөх оны мөн үеэс 58,3 сая ам.доллароор буурсанд нүүрсний экспорт 16,7 сая ам.доллароор буурснаас болсон гэгдэж байна.

2022 оны эхний улиралд экспортын хэмжээ өмнөх сарынхаас 121,3 сая ам.доллароор өсөхөд чулуужсан түлш /нүүрс/-ний экспорт 166,4 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

2022 оны эхний улирлын байдлаар нийт импортын 32,0 хувийг ОХУ, 31,2 хувийг БНХАУ, 8.2 хувийг Япон, 4.8 хувийг БНСУ, 3.5 хувийг АНУ, 2.5 хувийг Герман улс эзэлж байгаа нь нийт импортын 82,1 хувийг эзэлж байгаа юм.

2022 оны эхний улиралд ОХУ-аас импортолсон нийт импортын 57,1 хувийг газрын тосны бүтээгдэхүүн, Японоос импортолсон нийт импортын 71,2 хувийг автомашин, 6.6 хувийг БНХАУ-ын цахилгаан эрчим хүч, 5.8 хувийг ачааны машин, 87,6 хувийг цахилгаан болон бусад бараа эзэлж байна.

Монгол Улсын импорт өмнөх оны мөн үеэс 167,0 сая ам.доллароор өсөхөд автобензины импорт 90,4 сая ам.доллар, суудлын автомашин 28,0 сая ам.доллар, дизель түлш 15.3 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин нийт экспортын 97,3 хувийг нь эрдэс бүтээгдэхүүн, байгалийн болон таримал чулуу, үнэт металл, үнэт эдлэл, нэхмэлийн экспорт эзэлж байгаа аж. Мөн нийт импортын 61,8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин техник, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл болон түүний сэлбэг хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүнүүд эзэлж байгаа ажээ.

Монгол Улс ийнхүү дэлхийн 126 улс оронтой худалдаа арилжаа хийж, тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарсан байна. Гэсэн ч Дэлхийн банкны хамгийн сүүлийн үеийн Монгол Улсын эдийн засгийн тоймд дурдсанаар, Монгол Улсын эдийн засгийн сэргэлт 2021 оны сүүлийн гурван улиралд зогсонги байдалд орсон ч 2022 оны хувьд эдийн засгийн өсөлтийн төлөв “нэлээд даруухан” хэвээр байх төлөвтэй гэжээ. Эл тоймд мөн 2022 онд эдийн засгийн өсөлт нь 2.5 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон нь БНХАУ-тай үргэлжилж буй хилийн маргаан болон Орос, Украины дайн нөлөөлнө гэж онцолжээ.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжих үйл явц үргэлжилж байгаа ч түүхий эдийн үнийн өсөлтийг үл харгалзан хилийн хаалт, хязгаарлалтаас үүдэн сунжирсан худалдааны тасалдал, ложистикийн хүндрэлүүд эргээд эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа юм.

Монгол Улсын ерөнхий инфляц 2022 оны гуравдугаар сар гэхэд 14,4 хувиар огцом өссөн нь бодит орлого болон өрхийн хэрэглээнд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Үүнээс гадна, Орос, Украины дайн гэх мэт гадаад хүчин зүйл эрсдэлийг улам нэмэгдүүлж, гадаад валютынх нь эрэлт нэмэгдэж, олон улсын нөөц улам бүр багассан гэж Дэлхийн банкны тайланд мөн дурджээ.

2021 оны нэгдүгээр улиралд үйлчилгээний салбараас гадна уул уурхайн салбар богино хугацаанд сэргэсэн нь эдийн засаг нь өсөх гол хөдөлгөгч хүч болсон гэж тайланд тэмдэглэжээ. Эрэлтийн талаас нь авч үзвэл, дотоодын хөрөнгө оруулалт ашигт малтмалын нөөц их хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотой эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч байсныг ч онцолж. Гэсэн хэдий ч, Засгийн газрын зүгээс нь эдийн засгаа дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ч ард иргэдийнх нь хувийн хэрэглээ 2021 онд дөрвөн хувиар буурчээ.

2021 онд БНХАУ-тай хийсэн хоёр талын худалдаа тасалдсан нь уул уурхайн экспорт болон дотоодын үйлдвэрлэлийг явуулахад амин чухал эх үүсвэрүүдийн импортод саад учруулсныг ч тэмдэглэжээ.

Монгол Улсын хамгийн том зэсийн уурхай болох “Оюутолгой” төслийн далд уурхайн үе шат 2023 оны хоёрдугаар хагаст ашиглалтад орох төлөвтэй байгаа учир дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг 2023-2024 онд зургаан хувиас дээш байхаар тус тайланд тусгасан байна.

Хоёр жил үргэлжилсэн төсвийн тэнцвэргүй байдал нь урт хугацааны тогтвортой хөгжилд заналхийлж байгаагийн улмаас бодлогын орон зай улам бүр хязгаарлагдмал болж байна гэж тайланд онцолжээ. 2021 онд төсвийн зарлага нь өссөнд голчлон “өгөөмөр” боловч байгаа олоогүй зорилтот бус халамжийн хөтөлбөрүүд нөлөөлсөн гэжээ. Үүний зэрэгцээ, улсын өр, тэр тусмаа Төв банкны своп хэлцэл 2021 онд ДНБ-ий 92 орчим хувьд хүрч огцом өсөж, эдийн засгийг дэмжих зорилгоор “КОВИД-19”-тай холбоотой төсвийн томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн гэсэн байна.

Харин татварын өрийг нэг удаа чөлөөлснөөр төсвийн нийт алдагдал ДНБ-ий 3.1 хувь болж буурсан, мөн “Ирээдүйн өв” сангаас Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг санхүүжүүлснээр төсвийн үндсэн алдагдал ДНБ-ий 3.1 хувьд хүрч, төсвийн хүрээ, урт хугацааны тогтвортой байдлыг сулруулсан гэж тайланд дүгнэжээ.

Одоогийн байдлаар Монгол Улсын эдийн засаг удаашралтай, инфляц ч өндөр, төсвийн болоод гадаад тэнцвэргүй байдал нэмэгдэж, өрийн дарамт зэрэг “хүчтэй салхи шуургатай” тулгарч байна хэмээн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ.

Андрей Михев: “Тогтворгүй байдал өсөж, эрсдэл нэмэгдэж байгаа нь макро-эдийн засгийн бодлогод зохицуулалт хийх, тухайлбал инфляцын найдвартай “зангуунд” эргэн орохын тулд мөнгөний бодлогодоо зохицуулалт хийж, Төв банкны үйл ажиллагааны бие даасан байдлыг бэхжүүлэн, өрийг тогтворжуулахын тулд төсвөө нэгтгэж, халамжийн хөтөлбөрүүдийг илүү оновчтой болгох шаардлагатай. Түүнчлэн, Монгол Улс дунд хугацаанд илүү төрөлжсөн, тогтвортой өсөлтийг бий болгох үндэс суурийг тавихад туслах бүтцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна”.

Басхүү, мөнгөний бодлогыг найдвартай инфляцын “зангуунд” оруулж, зээлийн хүүг цаашид өсгөж, ерөнхийдөө санхүүгийн үйл ажиллагаагаа хумих шаардлагатайг тайланд онцлон тэмдэглэжээ. Хамгийн чухал нь ядуу зүдүү иргэд рүүгээ чиглэсэн төсвийн арга хэмжээ авах нь төсвийн тэнцвэргүй байдлыг тогтоон барьж, хүн амын хамгийн эмзэг бүлэг гэсэн тодотголтой тэдгээр айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд тусална. Мөн эл тайланд, дунд хугацаанд өсөлтийг бэхжүүлэхэд туслах худалдаа, тээврийн зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, дотоодын бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг ч чухалчилжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дээдэс дарга нарынхаа дэмийрэлд үнэмшээд явдаг юм биш биз дээ DNN.mn

Сүүлийн үед, сүүлийн үед ч биш юм аа эрт дээрээс л дээдсүүд маань дэмийрч эхэлсэн байдаг. Харамсалтай нь одоо ч тэр дэмийрэл нь яг тэр үеийн өнгө янзаараа. Дэмийрлийнх нь түүх хэдэн арван жилээр хэмжигддэг учраас эрт дээрээс гэж тодотгоод байгаа хэрэг. Наад захын жишээ гэхэд л метро байна. Хотын дарга нар хорь гаруй жилийн өмнөөс метротой болно гэж барим тавим ярьж эхэлж билээ. Метротой болно гээд зогсохгүй, яг тэдэн онд нийслэлчүүд метрогоор сүнгэнүүлнэ, ийм тийм чиглэлээр явна, тасалбарынх нь үнийг төд хавьцаа тогтооно гэж ирээд амныхаа хэрээр ярьж өгдөг байсныг хэвлэлийн шарласан хуудаснаас харчихаж болно. Лав 2000-аад оны эхээр “Улаанбаатар 2020 онд метротой болно” гэсэн утгатай өөдрөг мэдээ хөвөрч, өнөө мэдээнд нь хотлоороо хөөрцөглөцгөөснийг санаж байна. Бүр 2020 онд гэр хороололгүй болно гэж ам уралдуулдаг байсан гээд бодохоор толгой сэгсрэхээс өөр үг олдоггүй юм.

Манай дарга нар метроны үлгэрийг тухайн үедээ хэрхэн ам бардам ярьцгааж суусныг эргэн дурсъя. Өнөөгөөс яг 11 жилийн өмнө нэгэн хэвлэлд нийтлэгдсэн ярилцлагын гарчигаас эхэлье. “Хотын төвөөр өнгөрөх метро 22-ын товчооноос Амгалан хүрнэ” гэсэн гарчигтай ярилцлагын эзэн нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга эрхэм. Мань эр “Улаанбаатар хотын төвийг дайран өнгөрөх Энхтайваны өргөн чөлөөний дагуу хэвтээ шугамыг 28.38 км урт, хотын хойд хэсгээс “Чингис хаан” онгоцны буудлыг холбосон босоо шугамыг 21.03 км урт хоёр үндсэн шугамтай байна. Хотын зах хэсэгт газар дээр буюу гүүрэн хэлбэрээр, хотын төв хэсгээр газар доор 15 метр хүртэл гүнд буюу тунелин хэлбэрээр төлөвлөгдсөн. Улаанбаатар хотод хийцийн хувьд гүүрэн хэлбэрт хөнгөн метро буюу “Mono­rail” хамгийн тохиромжтой. Буудал хоорондын зайг 1-1.5 км-ээр тооцсон. Хэвтээ шугамын дагуу 21, босоо шугамын дагуу 14 буудалтай байх юм” гэж ирээд баахан тоо судалгаа, амлалт, өчиг өгч. Харамсалтай нь дарга нарын метро барих амлалт мянгуужингийн үлгэр хэвээр байна.

Манай дарга нарын молиго ингээд дуусахгүй. Ам.долларын ханшийг мянган төгрөгөөс доош оруулна гэж амласан дарга ч бий. Гэтэл өнөөдөр доллар аль хэдийнэ 3000 төгрөг давчихсан, ихээхэн хэцүүдвэл 4000 руу дөхөж ч магадгүй дүр зурагтай яваа нь гашуун ч гэлээ бодитой үнэн. За тэгээд тавдугаар цахилгаан станцыг барина хэмээн ярьж эхэлсний олоон жилийн ой болж байна. Ардчилал ялж зах зээлийн замыг сонгосноос эхлээд л ярьсан. Өнөөг хүртэл тавдугаар цахилгаан станцын сураг алга. Сураг алга ч биш юм аа, хувийн хэвшил нь хөрөнгө оруулалт татаад барья гэхээр манай дарга нар саад тээг болоод суучихдаг байсан юм. Худлаа ярьж попрохоос гадна өөрт нь ашиггүй бол том төслийг явуулж өгдөггүй муу зан улстөрч, эрх мэдэлтнүүдэд бий. Тавдугаар цахилгаан станцаас гадна нүүрсээр ажилладаг станц байгуулж урд хөрш рүү эрчим хүч экспортлох төсөл ч хувийн ашиг хайсан дарга нараас болж гацсан түүх байгаа. Ийм түүх ганцаар тогтохгүй. Тухайн үед нь эрчим хүчний нүүрсний ордууддаа түшиглэж хэд хэдэн цахилгаан станц барьчихсан бол өнөөдөр бид Хятад руу эрчим хүч экспортолсон шигээ данайж суух байлаа. Харамсалтай нь одоо “Нүүрсээр ажилладаг станцаа босгоё, та нар хөрөнгөө гаргаад бариад өгөөч” гэж гуйсан ч наашаа харах компани байхгүй. Дэлхийн дулаарлын эсрэг ногоон бодлого эрчимжсэн өнөө цагт нүүрсээр ажилладаг станцыг санхүүжүүлэх хэн ч үгүй. Урд хөршид ийм станц бүтээж босгодог цөөн компани байдаг ч ногоон бодлого, ногоон санхүүжилтээс болж буланд шахагдчихаад байгаа. Товчхондоо өчнөөн нөөцтэй эрчим хүчний нүүрсээ доллар болгох боломжоо бид аль хэдийнэ алдчихсан. Буруутан нь үлгэр ярьж элдвийг амлаж молигоддог, халааснаасаа давж сэтгэдэггүй, иргэдээ гэх сэтгэл хандлагагүй өнөөх дарга нар.

Эрх мэдэлтнүүдийн гай ингээд дуусахгүй. Том амлалтаа арай гэж эхлүүлчихээд дуусгаж өгдөггүй зовлон манай дарга нарт бий. Тод жишээ нь Дарханы зам. Хэдэнтээ нээж, хэдэнтээ хаасныг нь улс хотлоороо арга барагдсан цөхрөнгүй харцаар ажиж суугаа. Дарханы зам яг хэзээ ашиглалтад орохыг түс тас хэлчих дарга өнөөхөндөө лав алга. Түүх сөхье. Дарга нарын амласнаар бол Дарханы зам 2019 оны арваннэгдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад орох байв. Гэтэл өнөөдөр хэдэн он билээ. Эрх баригчдын амласнаар Дарханы замын ажил өрнөсөн болсон бол бид гурван жилийн өмнөөс л Улаанбаатараас Дархан руу шинэ замаар сүнгэнүүлэх байлаа. Гурван аймаг, зургаан сумын нутгийг дайран өнгөрөх Дарханы замын тухайд дотоодын аялал жуулчлалын гол дэд бүтэц. Амласандаа хүрдэггүй дарга нарын балаг дотоодын аялал жуулчлалын салбараа хүртэл гацаанд оруулчихсаныг зориуд онцолмоор байна.

Элдэв гоё амлалтаар иргэдээ хуурдаг дарга нарын балаг ингээд дуусахгүй. Манай дарга нар метроны үлгэрээ хөнгөн галт тэрэг, дүүжин тээврээр үргэлжлүүлсэн шигээ дэвж яваа. Яг одоогийн амлалт нь бусдаасаа хол тасархай популист. Өнөөдүүл маань усан тээвэр хөгжүүлнэ гэж ам уралдуулаад эхэлчихсэн. Урсгал нь тасардаг, өвөлдөө хөлддөг Туул голоор усан тээвэр хийнэ гээд төсөөл дөө. Хэний ч сэтгэж олохгүй элийрэл. Төдийгөөс өдий хүртэл худал ярьж ирсэн манай дарга нараас л ийм солиотой санаа төрнө. Ер нь байна аа, төсөөлшгүйг амлаж попордог дарга нарын уран сэтгэмжийн жишээг тоочъё гэвэл барагдахгүй. Майдар хот, Ази Европыг холбосон

хурдны замаас эхлээд өчнөөн кейс бий. Цаашид юу ярьж, яаж попрохыг төсөөлөхөд ч бэрх болчихлоо. Дахиад хэлье, төсөөлшгүйг төсөөлж элийрдгийнх нь тов тод жишээ бидний нүдэн дээр өрнөж байна. Өвөлдөө хөлдөж, урин цагт урсгал нь татардаг Туул голдоо усан тээвэр хөгжүүлнэ гэдэг мөн том элийрэл ээ.

Ингээд харахаар эрх мэдэлтнүүдийн амласаар ирсэн, амлаж буй, цаашид ч амласаар явах гял цал гоё төслүүдийн тухай гайхширч, цөхөрч ярих нь утгагүй санагдаж байна. Толгой сэгсэрч, эрүүлээр шүүмжилж сануулж зөвлөөд ч хэргээ өгөхгүй. Учир нь тэд сонсохгүй, ойлгохыг ч хүсэхгүй. Харин ч илүү солиотой, илүү элий санаанууд бодож олсоор байх болно. Яагаад гэсэн асуултыг хариуг нийтлэлийн төгсгөлд хэлэх учраас ингэсгээд орхиё.

Яг одоо хариулт нэхсэн нэг л том асуулт байна. Дарга нарын энэ мэт гял цал амлалтуудад итгээд явдаг юм биш байгаа, нийт олноороо? Гэхдээ байна аа, энэ асуултыг ухаж бодож, амьдралын хөрсөнд буулгаад харахаар тэгтлээ гонсойлгосон хариу гарахгүй байх. Яг үнэндээ иргэд их хэрсүүжсэн. Өнгөрсөн хорь, гучин жилд улстөрчдийн амлалтад хөөрцөглөж баяссан иргэдийн сэтгэлгээ хандлага тэс өөр болсон. Өнөөдрийн тухайд иргэдэд тавган дахь боорцогных нь тоо нэмэгдэх л чухал. Долларын ханшийн тогтворжилт, сарын орлогын өсөлт л түмний сонирхлыг татна. Тавдугаар цахилгаан станцтай болчихвол нийтээрээ алга ташна. Гэхдээ энэ алга ташилт станцын нээлтэд оролцож тууз хайчлах хүсэлтэй улстөрчдөд хамаарахгүй. Станцын дарга нь туузаа хайчлаад ажлаа эхлүүлчихэд л болчих асуудал. Иргэдийн хүсэл ийм энгийн, прагматик болчихсон. Товчхондоо агаар, усаар аялах гэх мэт гял цал төслүүдийг шилний цаадах чихэр гэдгийг олоод харчихтайгаа хэрсүүжсэн иргэддээ арай бодитой амлалт өгч, илүү өөрөөр сэтгэж ажиллах цаг ирчихснийг дарга нартаа сануулмаар байна.

Тэгэхээр одоо үлгэрээ зогсооцгооё, эрхмүүд ээ. Эрх мэдэлтэн, дарга нарын хувьд биелшгүй төсөл ярьдаг цаад шалтгаанаа мэдэхийн цаагуур мэдэж суугаа. Идэж ууж, завшиж сүйтгэсэн нь ил болоод ирэнгүүт ёс мэт гял цал төсөл яриад унадаг. “Наашаа хар даа, бид ийм гоё юм хийхээр шийдчихлээ” гэж ирээд биелшгүй төслүүд яриад эхэлдэг. Ингэх нь тэдэнд ашигтай. Нэгдүгээрт, өөрсөд рүүгээ чиглэсэн шуугиан дуулианы хүчийг сулруулаад авна, хоёрдугаарт далимд нь хэдэн төгрөг завшчихна, гуравдугаарт засаглах хугацаандаа хэл ам багатай аж төрчихнө. Эрх баригчид ийм л шалтгаанаар биелшгүй төслүүд ярьж амиа аргацаадаг. Манай дарга нарын пиарчид “Энгийн олон, эгэл ардууд гоё төсөл ярингуут амаа ангайж хошууран дагадаг” гэж сэтгэцгээдэг шиг байгаа юм. Тийм биш л дээ. Давтаад хэлэхэд, иргэдэд тавган дахь боорцог нь нэмэгдэж, долларын ханш буух л амин чухал.

Ц.Билиг

Categories
мэдээ цаг-үе

Халдашгүй байдлын дэд хороо 10:30 цагт хуралдана DNN.mn

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу Лхагва гарагт товлогдсон Байнгын, дэд хороодын хуралдааны хуваарийг хүргэж байна.

Үүнд:

  • Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 09:00 цагаас;
  • Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо “Их засаг” танхимд 10:30 цагаас;
  • Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Их эзэн Чингис хаан” танхимд 11:00 цагаас;
  • Төсвийн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 15:00 цагаас тус тус биечлэн хуралдана.

Эргэн сануулахад, Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Үүнд УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Уг дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалдаг. Ийнхүү дээрх гишүүд прокуроос орж ирсэн хэргийн гишүүдийн материалтай танилцаж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлдэг аж.

Categories
мэдээ цаг-үе

Австрали болон Энэтхэгийн ЗГ-ын тэтгэлгийн бүртгэл үргэлжилж байна DNN.mn

Манай улс дэлхийн 20 орчим оронтой Засгийн газар хоорондын гэрээгээр боловсон хүчнээ бэлдэн, чадваржуулж байна.

Ихэнх тэтгэлэг оны эхэн эсвэл өмнөх оных нь төгсгөл үеэр зарлагддаг. Харин өнөөдрийн байдлаар Австралийн болон Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл нээлттэй байгаа юм. Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан иргэд суралцаж дуусаад эх орондоо ирж, багадаа таван жил ажиллах учиртай байдаг билээ.

Австралийн тэтгэлэг/Australia awards/

Австралийн тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувь хүний чадамж, суралцах чадвар, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог. Хөдөө, орон нутгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн цөөнхийг тэтгэлэгт өргөдөл гаргахыг дэмжинэ.

Өргөдлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авна. Тэтгэлгийн өргөдөл, болзол шалгуур, сонгон шалгаруулалтын үйл явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хуудаснаас авна уу.

Австралийн тэтгэлэг нь дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэдэг, Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг урт хугацааны тэтгэлэг юм. Тэтгэлэгт хамрагдагчид Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ тус улсад суралцан мэдлэг, судалгааны арга барил, мэргэжлээ дээшлүүлэх боломж олгодог.

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг

Энэтхэгийн Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR) нь 2022-2023 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектур, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, доктор болон докторын дараах зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) сурлагын сайн дүнтэй, холбогдох хичээлийн суурь болон англи хэлний зохих мэдлэгтэй иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандан 2022 оны дөрөвдүгээр сарын 30-н хүртэл онлайнаар бүртгүүлж, маягтыг бөглөнө.

Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд элсэлт болон сургалтын төлбөрөөс гадна тогтсон хэмжээний амьжиргааны зардал багтдаг. Түүнчлэн сургалтын хөтөлбөр үргэлжлэх бүх хугацааны туршид тэтгэлэг олгогдоно.

Засгийн газар хоорондын тэтгэлгээр ямар улсуудад суралцаж болох вэ?

Англи

Их Британийн Засгийн газраас жил бүр зөвхөн мастерын нэг жилийн тэтгэлгийг зарладаг. Дэлхий даяар Chevening Scholarships хөтөлбөрт өргөдөл ирүүлсэн олон мянган залуусаас тухайн улс дахь Английн ЭСЯ сонгон шалгаруулалт явуулдаг юм. Өмнөх жилүүдэд манай улсаас 10-12 иргэн шалгаруулдаг байсан бол энэ жил 12-15 болж тоо нь нэмэгдсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Франц

Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад 10 хүртэлх иргэнийг магистрын хөтөлбөрт суралцуулдаг. Сургалт англи болон франц хэл дээр учир IBT TOEFL-ын 40-өөс доошгүй, IELTS шалгалтын 5.5-аас доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байх шаардлага тавьдаг. Мөн франц хэлний мэдлэгийн тухайд DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –ийн В-2 эсвэл болон харгалзах түвшнийг шаардах болно.

Уг хөтөлбөрөөр мал аж ахуй, газар тариалан, аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болдог аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

АНУ

Фулбрайт хөтөлбөр нь магистрын хөтөлбөрт зориулагдсан тэтгэлэг юм. Үүнд дэлхийн 160 гаруй улсын залуус хамрагддаг. Ташрамд дурдахад Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2022 онд тохиож байгаатай холбогдуулан “Хамтарсан Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулсан. Ингэснээр хөтөлбөрийн оролцогчид үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй болж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

БНХАУ

Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 200-300 иргэнийг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулдаг. Хөтөлбөрт ямар нэг мэргэжлийн чиглэл заадаггүй бөгөөд Хятад хэлний зохих түвшний эсхүл англи хэлний дээд түвшний мэдлэгтэй бол давуу тал болдог байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Япон

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль хооронд 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд жил бүр 5-10 оюутан суралцуулна.

Энэ хүрээнд нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр суралцах боломжтой. Хөтөлбөрт хамрагдахын тулд Япон хэлний мэдлэг N3 түвшинтэй байх, эм зүйн шинжлэх ухаанаар сурах бол N2 түвшинтэй байх хэрэгтэй аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Унгар

Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу нийт 200 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулдаг. Хэрэв та

  • Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, голч дүн 3-аас дээш, 25 хүртэлх насны;
  • Магистрантурт суралцахад тухайн чиглэлийн мэргэжлээр суралцсан бакалаврын зэрэгтэй, голч дүн 3-аас дээш, 35 хүртэлх насны иргэн;
  • Докторантурт суралцах бол тухайн чиглэлийн мэргэжлээр суралцсан магистрын зэрэгтэй, голч дүн 3-аас дээш, 40 хүртэлх насны иргэн байх ёстой.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Украин

Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Украин Улсад 15 иргэнийг бакалаврын хөтөлбөрт суралцуулна. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 18-21 насны иргэн байх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

ОХУ

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монгол Улсаас 500 иргэнийг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулдаг байсан бол энэ жилээс тоог нь нэмэгдүүлж байгаа юм.

Мөн ОХУ-ын “Роснефть” компанийн нэрэмжит тэтгэлэгт ч жил бүр тодорхой тооны хүнийг хамруулдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

БНСУ

Байгалийн ухаан, инженерийн чиглэлээр гурав, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр гурав буюу нийт зургаан оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулдаг.

Гэхдээ БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулдаггүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Турк

Жил бүр Турк улсын Засгийн газрын тэтгэлэг оны эхээр зарлагддаг. Уг тэтгэлгийн бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх бол 21 нас хүрээгүй байх, дүнгийн голч 70 хувиас дээш байх шаардлага тавьдаг. Харин магистрын хөтөлбөрт 30 нас хүрээгүй байх, голч дүн 75 хувиас дээш байх зэрэг шаардлага тавьдаг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Лаос

Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 8 иргэн суралцуулах учиртай. Мэргэжлийн чиглэл нь

  • Сэргээгдэх эрчим хүч
  • Олон улсын харилцаа
  • Хууль, эдийн засаг байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Казахстан

Монгол Улсаас жилд Бүгд Найрамдах Казахстан Улсад 25 иргэнээ тодорхой мэргэжлийн чиглэлээр суралцуулдаг. Тухайлбал, ашигт малтмалын баяжуулалт, уул уурхайн ашиглалт, техник, технологи, зам гүүрний барилга, газрын тосны хайгуул, боловсруулалт, хог хаягдлын боловсруулалт ба менежмент зэрэг мэргэжилт багтаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Болгар

Бүгд Найрамдах Болгар Улсад жил бүр долоон монгол оюутан суралцдаг. Тэтгэлэгт хөтөлбөрөөр хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл, инженер чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломж бий.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Румын

Жил бүр Монгол Улсаас Румын Улсад дөрвөн иргэн суралцах боломжтой юм байна. Тодруулбал, био анагаах ухаан, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, газрын тосны хайгуул, боловсруулалт, нийгмийн эрүүл мэнд зэрэг чиглэлээр боловсрол эзэмших боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Куба

Анагаах ухааны чиглэлээр жилд нэг оюутныг Бүгд Найрамдах Куба Улсад сургадаг байна. Үүнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч эсвэл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн хамрагдах боломжтой.

Польш

Жилд 23 хүн Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш улсад суралцах боломжтой. Мэргэжлийн чиглэл нь ашигт малтмалын баяжуулалт, уул уурхайн ашиглалт, техник, технологи, зам гүүрний барилга, байгууламжийн инженер, барилга хот байгуулалт зэрэг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Вьетнам

Тус улсад жил бүр 15 иргэнийг суралцуулдаг. Усны нөөц, анагаах ухаан, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын зэрэг чиглэлээр Монгол Улсын иргэд Вьетнамд суралцах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар хуралдаан эхэллээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.27/ болж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Газрын тосны хайгуул ашиглалтын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: АН бүлгийн дүгнэлтийг ажил хэрэг болгосон бол тавхан сарын хугацаанд гурав дахь удаагаа төсөв өргөн барихгүй байсан DNN.mn


УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.


-Төсвийн тодотгол УИХ-д орж ирж анхны хэлэлцүүлгээ хийлээ. Тодотгол хийх шаардлага зайлшгүй байсан уу. Орж ирж байгаа тодотголын зөв нь юу байна, арай хэтрүүлсэн нь юу байна вэ?

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийт болон Монгол Улсад эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, төсвийн хүндхэн сорилт болсон. 2022 оны хоёрдугаар сард ОХУ болон Украины хооронд дайн эхэлж дэлхийн геополитик, эдийн засагт нэн томоохон хүндрэл, тодорхойгүй байдлыг үүсгэлээ. Цаашид нийлүүлэлтийн тасалдал үүсч, импортлогч орнуудын шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, хомсдол бий болох эрсдэл бий болжээ. Мөн БНХАУ-д цар тахлын халдвар эрчимжиж “тэг-Ковид” стратеги хэрэгжиж байгаатай холбоотой төсөвт тодотгол хийхээр УИХ-д оруулж ирсэн гэж тайлбарлаж байна. Энэ бол гадаад хүчин зүйл.

Харин эрх баригчид өөрсдийн бодлогын ямар алдаа гаргасан талаараа ганц ч үг цухуйлгасангүй. Хэрэв 2022 оны төсвийг анх өргөн барихдаа АН бүлгийн дүгнэлтийг ажил хэрэг болгосон бол тавхан сарын хугацаанд гурав дахь удаагаа төсөв өргөн барихгүй байсан. Энэхүү төсвийн тодотголоор олигтой өөрчлөлт харагдахгүй байна. С

Залуучууд жагсаж байж л дуртай дургүй хэдэн барилга, соёлын төв, автомашины хэрэглээг танах нь эдийн засгийн суурь алдааг засаж чадахгүй. Энэ бол ердөө эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр хэрхэн дургиж байсныг харуулах үзүүлэлт.

-Төсөв хүндэрч байгаа нь 76 жижиг тойргоос болдог гэсэн. Үүнтэй та санал нийлэх үү. Эсвэл Засгийн газар ажлаа хийж чадаагүй байж бусад зүйл рүү шалтгаанаа түлхэж байна уу?

-Гадаад дотоод олон шалтгаан бий. Засгийн газар урт, дунд хугацааны бодлогогүй, дандаа гал унтраах төдийхнөөр ажиллаж байгаа нь төсөв хүндрэх гол шалтгаан мөн. МАН-ын эрх баригчид зургаан жил АН-аас буруу эрж байсан. Дараа нь хоёр жил цар тахал руу бүх буруугаа заасан. Одоо ОХУ, Украины хооронд болж байгаа дайнаас бүх зүйл болохоо байлаа гэж ярьж байна. Саяхан УИХ-аар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг танилцуулахдаа 78 хувь биелэгдсэн онц сайн гэж танилцуулж байна лээ. Ядуурал 30 шахам хувьтай, олон компани, аж ахуйн нэгж хаалгаа барьсан, инфляци 15 хувь, төгрөгийн ханш огцом унасан үед онц сайн ажиллана гэж байхгүй байх аа. Үнэхээр тийм сайн ажиллаж байгаа бол залуучууд “Ажлаа хий” гэж жагсахгүй байсан болов уу.

-Сөрөг хүчний хувьд төсвийн тодотголд анхаарч, анхааруулан захиж байгаа зүйл юу байна вэ?

-Төсөв өргөн барих бүрд АН-ын бүлгээс УИХ-д дүгнэлтээ танилцуулдаг. Бидний шүүмжлэлийг авч ажил хэрэг болгож байсан бол таван сарын хугацаанд гурван удаа УИХ-д төсөв өргөн барихгүй байсан. 2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. ХАА-н салбар өнгөрсөн онд агшсан. Боловсруулах болон барилгын салбар мөн унасан тул 2021 онд эдийн засаг 1.4 хувь буюу маш бага өсөлт гарсан. Хоёр жил дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд хасах гарсан. Энэ оны 3 сарын байдлаар инфляци 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт. Жилийн өмнө 2.5 хувь байжээ. Төлбөрийн тэнцэл 570 сая ам.долларын алдагдалтай гарав. Жилийн өмнө долоон сая ам.долларын ашигтай байжээ. Валют их хэмжээгээр гадагшиллаа. Гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллараар буурав. Валют дутагдахаар дотоод санхүүжилт өсдөг. Инфляци өндөр байгаа тул иргэдийн хэрэглээ буурсаар байна. Тогтвортой, дундаж давхаргын хэрэглээ буурч байна. Инфляци өндөр байхад эдийн засгийн өсөлт ирэхгүй. Энэ өсөлт богино хугацааных биш, дунд хугацаанд ч үргэлжилж, энэ онд өндөр хэвээр байхыг сануулъя. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасч, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэллээ. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Төсвийг илүү танаж, төрийнхөн бүсээ чангалж, бизнес эрхлэгчдээ дэмжих л хамгийн зөв арга. Мөн хил гааль, ачаа тээврээ шийдэхгүйгээр асуудал шийдэгдэхгүй.

-НӨАТ-ын сугалааг болиуллаа. Нийгэм энэ асуудлаар шуугьж байна. Буцаан олголтоо нэмүүлье гэсэн биш бүр сугалаагүй боллоо гэх нь байна. Нөгөөтэйгүүр сугалаа зогссоноос болж татварын орлого багасна гэх юм. Мөн НӨАТ сөнөх шат руугаа орно ч гэх. Ер нь үүний сөрөг болон давуу тал юу байна вэ. Нийгэмд нөлөөлөх талаасаа…

-НӨАТ-ыг АН-ын үед хэрэгжүүлж эхэлсэн. Одоо Монгол Улс нийт татварын 25 хувь буюу гурван их наяд төгрөгийг энэ татвараар бүрдүүлж байна. Анх хоёр хувь буцаалт, нэг хувь нь сугалаа байсан. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор сард хоёр тэрбум 500 сая төгрөгийн сугалаа явагдах учиртай. 10 сая төгрөгийг сар бүр 250 хүн хожно гэсэн үг. Жилд гурван мянган иргэн 10 сая төгрөг хожно гэсэн үг. Тиймээс иргэн бүр НӨАТ шаардаж энэ татвараас улсад гурав биш дөрвөн их наяд төгрөг орох боломж байна гэсэн үг. МАН хууль завхруулж байгаагийн бодит нэг жишээ нь энэ. Орлого хянах зорилготой татвар төсөв бүрдүүлэгч болгосон нь том алдаа. НӨАТ-ыг бүгдээрээ таван хувиар төлж яагаад болохгүй гэж? Тодорхой орлогын шатлалаар жилийн эцэст бүрэн буцаан авч болох уу гээд бодлоготой татвар болгомоор байна.

-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хэмнэлтийн бодлогыг та ямар байдлаар хүлээн авч байна вэ?

-Хэмнэлтийн бодлогыг бүрэн дэмжиж байна. Тодотголтой хамт төрийн хэмнэлтийн тухай хууль орж ирсэн байна лээ. Энэ хүнд үед том шинэчлэлийг хийх учиртай. Бид төсвийн шинэчлэл, бодлогын реформ нэн даруй хийх ёстой. Яг энэ цаг үед зарчмын суурь асуудлаа анхаарсан, төсвийн шинэчлэл, төсвийн төлөвлөлтөө, хяналт, сахилга бат, үр ашгаа хэрхэн сайжруулах вэ, төрийн өмчит компаниудаа яаж цомхон ашигтай ажиллах вэ гэсэн суурь асуудлыг тусгах ёстой байсан юм. Гэтэл нийгэмд таалагдах гэсэн уриа лоозон маягийн нэн тааруу хууль орж ирсэн. Орлого их үед данхайтлаа тансагласан төр орлого багассаныг мэдрэхгүйгээр хоёр жил явлаа. Оройтсон ч гэсэн хэмнэлтийн хууль оруулж ирсэн ч хүлээлтэд хүрсэнгүй. Косметик маягийн зүйлүүд байна лээ. Жишээ нь, дан ганц машинтай ноцолдоод яахав дээ түүнээс өмнө бүтэц, орон тоо, бүтээмжээ харсан шийдвэр хэрэгтэй байсан.

-Хэмнэлтийн бодлогын хүрээнд гарсан нааштай зүйл юу байна вэ?

-Харин цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, хүүхэд харах үйлчилгээ, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжсэн нь маш зөв. Төр дангаар хийнэ гэхээс илүү хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, иргэдийн санаачилгад тулгуурлах нь цаашдаа ч зөв. Ингэснээр эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломж нээгдэж ажилгүйдэл, ядуурлаас сэргийлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байна. Ийм байдлаар аливаа асуудлыг харж шийдэх ёстой.

-Сөрөг хүчний хувьд эрх баригчдын бодлого хэр зөв явж байна вэ?

-Хөшөө, театр, нутгийн ордон, иргэдийн үйлчилгээний төв гээд олон хөрөнгө оруулалтыг царцааж, хойшлуулах талаар зөндөө хэлсэн. Хэт олонхоороо түрий барьж хэсэг муйхарлалаа. АН-ын хэрэгжүүлж байсан зөв бодлогуудын нэрийг өөрчлөөд ч болов хэрэгжүүлмээр байна. Төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэн харах, цар тахалд сөхөрсөн аж ахуйн нэгжүүдээ ялгаварлалгүй дэмжих, ажлын байр олноор бий болгох, гадаад өрийн асуудлыг анхааралдаа авах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг бодитой ажил хийх шаардлагатай байгаа.

-Таны хувьд хаврын чуулганаар ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Улс төрийн намын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуульд илүү анхаарал хандуулан ажиллаж байна.

-Үнийн өсөлттэй холбоотой хууль батлагдсан. Уг хуулийн ач холбогдол яг хөрсөн дээрээ бууж хэрэгжих үү?

-Дайны нөхцөл байдалтай холбоотой дэлхийн хүнсний нөөц буурч, хүнсний үнэ өсч хүнсний хангамжид хомсдолын томоохон эрсдэл үүсэх нь тодорхой боллоо. Зөвхөн гурван бүтээгдэхүүнд зориулж хууль гаргах, зарим нэгэн хүнсний барааны гаалийн татварыг тэглэх замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Иймээс үнийн хомсдолын асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх ёстой. Мөн л ялгаагүй урт, дунд хугацааны стратегиа тодорхой болгохгүй бол богино хугацааны шийдэл шүү дээ.

-Хууль гаргалаа гээд үнэ буурчихна гэж байх уу. Эсвэл бид дотоодынхоо үйлдвэрлэлүүдийг дэмжсэн, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашлаад хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болж байж бараа бүтээгдэхүүний хомсдолоос гарна биз дээ. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?

-Эрчим хүчний хараат бус байдлаас гарах зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин УЦС, Таван толгойн болон ДЦС-5 бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх ёстой. Хүнсний бие даасан бодлогыг хэрэгжүүлэх, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдээ 100 хувь үйлдвэрлэдэг болох чиглэлд Засгийн газрын бодлогыг чиглүүлэх нь зүйд нийцнэ.