Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулна DNN.mn

Сайжруулсан шахмал түлш хөнгөлөлттэй үнээр борлуулах шийдвэрийг Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр гаргасан байдаг. Энэ шийдвэрийг 2021 онд ч мөн сунгасан юм. Улмаар хүйтний эрч сулартал буюу 2022 оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар шийдвэрлэсэн юм.

Уг хөнгөлөлт өнөөдрөөс дуусаж, сайжруулсан шахмал түлшийг үндсэн үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.

Categories
мэдээ нийгэм

ЧУУЛГАН: Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдааны эхэнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Энэхүү хуулийн төслөөр төрийн байгууллагуудын нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар газар эзэмшиж, хөрөнгө босгодог шударга бус байдлыг хязгаарлаж, барьж дуусаагүй барилгыг үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэж иргэдийн өмчлөх эрхийг зөрчдөг зохицуулалтыг өөрчилж, нийтийн зориулалттай орон сууцны дэвсгэр болон орчны газрын эрхтэй холбоотой зохицуулалтыг шинээр бий болгох ач холбогдолтой юм хэмээн тэрбээр онцолсон. Түүнчлэн Иргэний хууль болон Газрын тухай хуулийг уялдуулах, түүн дотор нийтийн зориулалттай орон сууцтай холбоотой иргэдийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж буй зохицуулалтыг өөрчилж, боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулсан хэмээн хууль санаачлагчид танилцуулсан.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 7600 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ DNN.mn


Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр 08.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтыг өгөхөөр 7610 иргэн бүртгүүлсэн бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авах аж.

Төрийн албаны зөвлөлөөс энэ удаагийн шалгалтад зориулан 8000 хувилбар тест бэлдсэн бөгөөд энэ нь шалгуулагч тус бүр ондоо сорил бөглөнө гэсэн үг. Одоогийн байдлаар төрийн албаны зөвлөлөөс 1900 гаруй гүйцэтгэгч албан тушаал, 371 удирдах ажилтны сул орон тоог зарлаад байгаа бөгөөд Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэд эдгээр ажлын байран дээр ажилах боломжтойг тус зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцоллоо.

Мөн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 50 хувиас илүү 30-аас доош насны иргэн байгаа бөгөөд эдгээрийн багагүй хувь нь Z үе буюу шинэ мянганыхан байгааг онцолсон юм. Харин шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад 350 гаруй төрийн албан хаагч улсын хэмжээнд ажиллаж байна.

Нэмж дурдахад, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, шалгалт өгөх хуваарьтай танилцах боломжтой. Хэрэв нэвтрэх нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх юм.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 227 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 26, орон нутагт 21, нийт 47 хүн гэмтэж бэртсэнээс гадна ноцтой ослын улмаас 4 хүн нас барсан байна.

Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 19 осол бүртгэгдэж, 21 хүн гэмтэж, 2 хүн нас барж, автомашин мөргөлдсөн 3 осол гарч, 5 хүн гэмтжээ. Харин орон нутагт үл хөдлөх зүйл мөргөсөн гурван ослын улмаас 5 хүн гэмтэж, автомашин онхолдсон зургаан осол бүртгэгдэж 11 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ. Мөн автомашин мөргөлдсөн 3 ослын улмаас гурван хүн гэмтэж, явган зорчигч мөргөсөн хоёр осол гарч хоёр хүн гэмтсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 327, орон нутагт 132 нийт 459 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон зөрчил жилээс жилд өссөөр байна. Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд 2020 оны I улиралд – 2179, 2021 оны I улиралд – 2851, 2022 оны I улиралд – 5828 зөрчил бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс сэргийлэхийг анхаарууллаа DNN.mn

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, үүрэг даалгавар өгсний дагуу дүүрэг бүр эрсдэлтэй газруудад далан суваг татаж, элс, шороогоор хамгаалалт хийж эхлээд байна.

Цаг агаар дулаарч, гол мөрөн, нуурын ус гэсэж, гуу жалга, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, шар усны үер үүсгэх эрсдэл нэмэгддэг. Шар усны үер нь уулын уруй, халиа тошингоос үүссэн гэхчлэн хэд хэдэн төрөл байдаг гэнэ.

Нийслэлийн тухайд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг эрсдэлтэй бүсэд багтдаг. Одоогийн байдлаар ноцтой байдал үүсээгүй хэдий ч эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. Үерийн бүсэд зөвшөөрөлгүй буусан айлуудад эрсдэлтэй бүсээс нүүх шаардлага хүргүүлдэг ч биелүүлдэг хүмүүс маш цөөн байдаг гэдгийг албаныхан хэлж байлаа.

Нийслэлийн хэмжээнд үерээс хамгаалах далан, ус зайлуулах сувгийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хог хаягдлыг цэвэрлэх, шуудууг сэргээн засварлах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн иргэдийг үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдиролыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрсөн зам, гүүрээс өөр гарц, гармаар зорчихгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

Categories
гадаад мэдээ

Гүрж улс ОХУ-ын эсрэг хоригт нэгдэнэ DNN.mn

Украин руу халдсанаас үүдэлтэйгээр Оросын эсрэг дэлхийн улс орнуудын тавьж буй хориг арга хэмжээнд Гүрж улс нэгдэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурабишвили мэдэгджээ.

“Бид ОХУ-ын эсрэг тавьсан олон улсын санхүүгийн бүхий л хориг арга хэмжээнд оролцоно” хэмээн Зурабишвили мэдэгдээд, Украиныг дэмжих олон улсын бүхий л тогтоолыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Энд дуулгахад, олон улсын зүгээс Оросын эсрэг хориг тавьж байгааг үл харгалзан Гүрж улс ОХУ-тай худалдааны харилцаагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байсантай холбоотойгоор Украины парламентын дарга Гүржийн эрх баригчдад хандаж байлаа. Түүнчлэн Гүрж дэх Украины элчин сайд Игорь Долгов улс орныхоо ашиг сонирхлыг хамгаалах тал дээр үр дүнгүй ажилласан гэж Зеленский үзэн, түүнийг эгүүлэн татах зарлиг гаргаж байв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батхүү: Ганцхан медаль гардуулах гэж тэр том барилгыг ашиглаж байна. Түүнийг төр мэдэлдээ авч эмнэлэг болгох хэрэгтэй DNN.mn

Монголын хуульчдын холбооны Олон улсын хорооны дарга О.Батхүүтэй ярилцлаа.


-МЗХ-ны байрыг өөрийн мэдэлдээ авах, цаашид эмнэлгийн зориулалтаар ашиглах эрхтэй субьект нь Улаанбаатар хотын захиргаа гэж үзэж байгаа-


-Та өөрийн твиттер хуудсандаа “Надад итгэмжлэх өгчих. Би Тэргүүний залуу алтан медаль гардуулахаас өөр юм хийдэггүй цүнх баригчдаас байрыг нь шүүхдээд аваад өгье. Хотын дарга аа” гэсэн байсан. Ямар хууль зүйн өмгөөлөл хийж энэ байр төрийн өмч болох вэ?

-Манай холбооны хуульчид нэг жилд 2-3 удаа үнэ төлбөргүй олон нийтийн сайн сайхны төлөө хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд Монголын залуучуудын холбооны байртай холбоотой асуудлаар ажиллая гэдэг хүсэлтэй байгаа юм.

-Яагаад ийм шийдэлд хүрэв?

-Хүүхдүүдийн дунд амьсгалын замын халдварт өвчин маш их байна. Эмнэлгийн хүрэлцээ байхгүй. Нэг орон дээр хоёр хүүхэд коридорт хэвтэж байна. Хотын төвд одоо шинэ эмнэлэг барих газар ч алга, ашиглах барилга ч алга. Ийм барилга юу билээ гээд харахаар МЗХ-ны байр л байгаа юм.

-Яагаад энэ барилгыг сонгосон юм бэ?

-Залуучуудын холбоо анх социализмын үед намд элсэх залуучуудыг бэлтгэх дамжлага байсан юм. Пионер гэж байсан. Дараа нь залуучууд болж, эвлэлийн гишүүн буюу намын гишүүн болдог ийм тогтолцоотой байсан шүү дээ. Тэгэхээр хаа байсан солиализмын үеэс уламжилж ирсэн нэг байгууллага үлдээд ардчилал гарснаас хойших 30 жилийн хугацаанд юу хийсэн нь тодорхойгүй. Шинэ жилээр л хэдэн залууд Тэргүүний залуу алтан медаль гэсэн хэдэн төмөр гардуулдаг. Өөр юу ч хийдэггүй. Ганцхан медаль гардуулах гэж тэр том барилгыг ашиглаж байна. Түүнийг төр мэдэлдээ авч эмнэлэг болгох хэрэгтэй. Гэтэл энэ байгууллагын статусыг харахаар бусад төрийн бус байгууллагаас ялгараад байх юм юу ч байхгүй. Жишээ нь, залуучуудын JCI, Ротари гээд клуб байна. Түүнээс ямар ч ялгаагүй. Социализмын үеэс уламжилж ирсэн уламжиллыг аваад үлдчихсэн, нийгэмд хийж байгаа юм байхгүй. Та бүхэн санаж байгаа бол хэд хоногийн өмнө ерөнхийлөгч нь гээд нэг залуу архи асгаж бөөн шуугиан дэгдээсэн.

-Хотын даргыг итгэмжлэх өгөөч гэсэн байсан, хотын мэдлийн байр уу?

-Дүүргийн эмнэлгүүд, Нийслэлийн эрүүл мэндийн газрыг хотын захиргаа хариуцаж ажилладаг. Тэгэхээр МЗХ-ны байрыг өөрийн мэдэлдээ авах, цаашид эмнэлгийн зориулалтаар ашиглах эрхтэй субьект нь Улаанбаатар хотын захиргаа гэж үзэж байгаа. Хэрвээ Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар надад Улаанбаатар хотыг төлөөлж энэ асуудалд оролцуулах бол итгэмжлэх хэрэгтэй.

-Итгэмжлэх хийлгэх нь тийм чухал асуудал уу?

-Сүүлийн үед төрийнхөн өмч хөрөнгөө буцааж авч байна л даа. Ингэж авахдаа бас буруу аргаар аваад байгаа юм болов уу гэж би бодоод байгаа юм. Шууд цагдаа, цэргийнхэнтэй, хэвлэлийнхнийг дагуулж очоод булаагаад авдаг боллоо. Энэ нь хуулийн хүрээнд зохимжгүй учраас шүүх дээр очоод яагаад энэ хөрөнгө Улаанбаатар хотын өмч байх ёстойг хуулийн хүрээнд тайлбарлана. Хэрвээ нөгөө нөхдүүд өгөхгүй гэвэл хуулийн хүрээнд би өөрийнхөө үндэслэлийг гаргаж тайлбарлаад эцсийн байдлаар шүүх шийднэ. Миний хувьд төр засаг гэдэг иргэдийн сайн сайхны төлөө ажиллах ёстой байгууллага. Хэрвээ янз бүрийн байшин барилга, төсөв хөрөнгө, хүн хүч байдаг бол хамгийн шаардлагатай зүйлд нь захиран зарцуулах ёстой. Гэтэл хүүхдүүд нь эмнэлгийн коридорт хэвтэж байна. Бүр коридор нь ч олдохгүй хүүхдүүд байгаа шүү дээ. Эдгээр нөхцөлд энэ байшин илүү хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Залуучуудын холбоо бол 16-35 нас гэдэг идэр залуу нас биед хүрсэн хөрөнгөтэй, орлоготой мөнгөтэй болох үед нь энэ байшин хэрэгтэй ч юмуу. Хэрэггүй байхгүй юу. Дөнгөж төрсөн нялх биетэй ээжүүд, нярайд тэр байшин хэрэгтэй болохоос идэр насны залуучуудад тэр байшин хэрэггүй. Тэдгээр хүмүүс мэдээж байшин дотор эмчлүүлнэ. Эмч, сувилагчид 24 цагийн турш тэдгээр хүмүүст эмчилгээ хийнэ. Ийм нөхцөл, хэрэгцээ шаардлага байхад залуучууд үүнтэй барьцаж гүйгээд шүүх цагдаа гэж явах үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ л энэ байшин Монголын иргэдийн татварын мөнгөөр, төрийн мөнгөөр баригдсан. Төрийн өмчийн байшин байхгүй юу. Социализмын үед баригдсан шүү дээ. Түүнээс бол хувийн компани өөрийнхөө хөрөнгөөр бариад дотор нь үйл ажиллагаа явуулчихсан, эсвэл гурван давхар барилгыг 5,10 давхар болгоод өргөтгөчихсөн ийм өмч хөрөнгийн асуудал яриагүй. Аль 30-40 жилийн өмнө ийм байсан. Одоо яг түүгээрээ л байгаа.

-Залуучуудын холбоо гэж ер нь ямар үүрэгтэй үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага юм бэ?

-Залуучуудын холбоо яг залуучуудад зориулсан ажил хийж чадахгүй байгаа. Яг үнэнийг ширүүхэн хэлэхэд, цүнх баригчид, нам дагасан хэдэн хүн л энэ байшин дотор суудаг. 30 жилийн хугацаанд юу хийсэн юм бэ. Юу бүтээсэн юм бэ. Хэн ч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө байж л байдаг. Үе үе гарч ирж попордог нөхдүүд л байгаад байна. Тэгэхээр би эцэг хүнийхээ хувьд, Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд ном журмынх нь дагуу энэ байрыг хуулийн хүрээнд төрд нь буцааж авъя л гэж бодсон юм. Би хуульч хүнийхээ хувьд нийгэмд хэрэгцээтэй ганц зүйл хийе л гэж Улаанбаатар хотын захирагчид хандаж байгаа юм. Гол нь хүлээж авах юмуу, үгүй юү гэдгийг мэдэхгүй байна.

-Одоо тантай хэдэн хуульч хамтарч байгаа вэ. Ямар ямар чиглэлээр хамтран ажиллах вэ?

-Нэг жилд 1-2 удаа үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл хийх нь бидний хуульд заасан үүрэг. Хуульчид өөр өөр чиглэлээр ажилладаг. Тэгэхээр эрүүгийн чиглэлээр ажилладаг хуульчид төлбөрийн чадваргүй иргэдэд хорих анги руу очиж, хуулийн зөвлөгөө өгдөг. Эсвэл шүүх хуралд нь оролцож үнэгүй өмгөөлдөг. Манай олон улсын хороо бол илүү бичиг цаасан дээр ажилладаг, суудаг. Компанийн бичиг баримт боловсруулдаг. Олон улсын гэрээ байгуулдаг болохоор энэ чиглэл бидэнд илүү ойр байгаа юм. Надтай цуг манай олон улсын хорооны хэдэн хуульч оролцоно. Гурав, дөрвүүлээ нийлээд стратегийн өмгөөлөл хийнэ. Энэ чиглэлийг стратегийн өмгөөлөл гэж нэрлэдэг. Энэ чинь зарчмын том асуудал ярьж байна шүү дээ. Төрийн бус байгууллага улсын төсвөөр баригдсан барилгыг 20-30 жил үнэ төлбөргүй ашиглаад байж болох юм уу. Хотын захиргаа, Засгийн газар энэ өмч хөрөнгөө буцааж авч болох юм уу. Авлаа гэхэд заавал шүүхээр ороод шүүхийн шийдвэрийн дагуу буцааж авдаг жишгийг тогтоох ёстой гэж үзэж байгаа.

-Улаанбаатар хотод өөр ийм үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй, улсын төсвөөр баригдсан барилгууд бий юү. Үйлдвэрчний эвлэлийн барилга гэх мэт нь улсад хэрэгтэй үйл ажиллагаа явуулдаг юм болов уу?

-Өөр ийм чиглэлийн барилга байшин сайн мэдэхгүй байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, пионерын ордон ч гэдэг юмуу анхнаасаа нийгмийн сайн сайхны төлөө баригдсан мөртлөө зарчмын хувьд өөр зорилгоор ашиглаж байгаа бол төр буцааж авч болно. Түүнээс аль нэг компанийн үйлдвэрийг очоод төр мэдэлдээ авна гээд авчихдаг шүү дээ. Тэгэж болохгүй. Хувийн өмч оффис, газрыг шууд хурааж авч болохгүй. Залуучуудын холбооны барилга бол анхнаасаа төрийн өмч байсан. Буцааж авахад асуудал байхгүй л гэж бодож байна. Бид хууль дүрэмтэй улсад амьдарч байгаа. Тиймээс хууль дүрмийнх нь дагуу эргүүлж авах ёстой. Шүүх дээр нь очоод хоёр тал нь баримтаа гаргаад мэтгэлцээд, хуулийн шийдвэр гарч байж авах ёстой. Түүнээс хотын захирагч гэнэт босч ирээд энэ байшинг авна гэж шийдвэр гаргаж болохгүй. Тэгвэл манай хувийн өмчийг бүтээх, дээлэх, өмчлөх гэдэг эрх зүйн нийгэм үгүйсгэгдэнэ. Хятад, Өмнөд Солонгос шиг болчихож байгаа байхгүй юу. Би итгэмжлэх өгөөч, өмнөөс чинь шүүхдье гээд байгаа чинь хуулийн хүрээнд асуудлыг шийдье л гээд байгаа юм. Эд хөрөнгөтэй холбоотой маргаан учраас шийдвэрлэх ёстой ёс журмаар нь л шийдье гэж хүсч байна.

Categories
гадаад мэдээ

Норвеги Украинд зэвсэг илгээжээ DNN.mn

Норвегийн эрх баригчид танк эсэргүүцэх M72 гранат харвагч 2000 ширхэгийг Украинд илгээсэн тухай тус орны Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв. Өмнө нь ч Норвеги танк эсэргүүцэх 2000 орчим зэвсгийг Украинд нийлүүлж байсан юм.

Гуравдугаар сарын 31-ний өдөр Украины Ерөнхийлөгч В.Зеленьский Норвегийн парламентад цахимаар үг хэлэхдээ хөдөлгөөнт зенитийн пуужингийн NASAMS цогцолбор болон хөлөг онгоц эсэргүүцэх “Гурпун” пуужин нийлүүлэхийг санал болгосон юм. Үүнээс гадна хуягт техник, их бууны системийн эсрэг зэвсэг шаардлагатай байна гэжээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

DNN-ЯРИЛЦЛАГА: Хүүхэд гэдэг тэр чигтээ аз жаргал DNN.mn


Хошин алиа дүр, цовоо сэргэлэн зангаараа олонд танигдсан Э.Лувсанцэрэнтэй ярилцлаа. Тэрээр дуулах сонирхолтой бөгөөд түүний “Завгүй”, “Янзага”, “Үзэсгэлэн төгөлдөр эх орон” зэрэг дууг нь олон хүн мэдэх биз ээ.


-Сайн байна уу. Өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Э.Лувсанцэрэн гэдэг. Баянхонгор аймгийн гурван булаг суманд өвөө, эмээ дээрээ өссөн. ЕБС-аа Баянхонгор аймгийн гуравдугаар 10 жилд сурч төгсөөд 2017 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр П.Мөнхдорж багшийн удирдлага дор их сургуулиа дүүргэсэн. Намайг урлагт дурлуулж, суурийг минь тавьж өгсөн хүн манай эмээ. Багадаа айлын найран дээр очихоор эмээ маань дуул гээд би хоёр гурван дуу хольж солиод дуулж өгдөг байлаа шүү дээ(инээв).

-Хөдөө өссөн багын дурсамжаасаа хуваалцвал?

-Намайг жаахан байхад гурил будаа ховор байдаг байлаа. Нэг өдөр манай аав мэргэлээд дүү бид хоёрт “Ээж чинь яг энэ хамрын цаана тэмээгээ хөтлөөд ирж байна” гэдэг юм байна. Тэр үед ээж маань 70 кг-ийн гурил авах гээд хоёр хоног явчихсан байсан. Гараад харсан нээрээ л ээж маань ирж байна шүү(инээв). Тэгээд л аавыгаа ямар мэргэн, мундаг юм бэ гэж бодоод л хөөрцөглөж гарна даа. Дараа нь жаахан том болоод бодоход түрүүлж харчихаад бид хоёроороо даажигнадаг байсан байгаа байхгүй юу.

-Анх аав болоход ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Хүүхэдтэй болоогүй байх үедээ хайр гэж юу байдгийг мэддэггүй байсан санагддаг. Одоо хүүхдээ харахаар, хамт байхаар хайр гэдэг чинь энэ шүү дээ л гэж бодогддог. Залуу хүнд найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх нь гоё ч аав болсны дараа үр хүүхдээс илүү нандин чухал зүйл байхгүй болдог юм билээ. Хүүхэд гэдэг тэр чигтээ хайр, аз жаргал. Гэр бүл гэдэг хамгийн том үнэт эрдэнэ.

-Уран бүтээлийн талаар ярилцъя. Яагаад контент, бичлэг хийх болов?

-“Хишиг” продакшнд хөдөө ажиллаж байгаад “Тоонот” рекордсын нэг дууг өөрийнхөөрөө дуулаад тэр бичлэгийг маань пропакшний ах фэйсбүүкт оруулчихсан юм. Тэгсэн хэдхэн хоногийн дотор маш их хандалт авсан. Тэр үед ийм энгийн зүйл хүнд хүрдэг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л дараа нь Дүүрээтэйгээ санаа зорилго нэгтэйгээр хамтдаа бичлэг хийж эхэлсэн. Анхны бичлэг маань их олон хүнд хүрсэн. Бүр фэйсбүүкээс репорт ирж байлаа. Тэгээд л урамшиж, бичлэгүүдээ сайжруулж явсаар одоо бүр ч олон хүн биднийг дэмждэг болсон байна.

-Дүүрээтэй анх яаж танилцаж байв?

-Бид хоёр чинь нэг нутаг. Багадаа нэг нэгнийгээ мэддэг байсан төдий. Тэгээд сургуулиа төгсөөд удаагүй байтал Маадай гээд найз маань хоёр урлагийн найзаа хооронд нь танилцуулна гээд бид хоёрыг холбож танилцуулж өгсөн. Тэр найздаа баярлалаа(инээв).

-“Хайр уу? Найз уу?” кино та хоёрын анхны кино юу. Цаашдаа дахин дэлгэцийн уран бүтээл хийх үү?

-Анхны хамтран тоглосон уран бүтээл. Биднийг тодорхой хэмжээнд хүмүүс мэддэг болсонд урамшин биднийг үздэг, дэмждэг хүмүүстээ зориулж анхны “Хайр уу? Найз уу?” киногоо бүтээсэн. Харин зунаас өөрөө кино найруулж, гол дүрд нь тоглох бодолтой байгаа шүү.

-Сүүлд гаргасан “Үзэсгэлэн төгөлдөр эх орон” дууг сонссон. Гоё уран бүтээл болсон байна лээ…

-Баярлалаа. МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Ж.Дашдондог нарын уран бүтээл. энэ дууг дуулах нь надад нэр төрийн хэрэг. Маш сайхан дуу. Удахгүй дуундаа зориулж клип хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Инээдмийн баярыг тохиолдуулан уншигчдадаа өөрт тохиолдсон хөгжилтэй дурсамж, түүхээсээ хуваалцаач?

-Тайзны, ярианы хичээл гээд хүнд хичээл ордог байлаа. Тэр хичээлээс нэг минут ч хоцорч болдоггүй. Тэгсэн нэг өдөр дээд курсийн ах дуудаад долоон гахайгаас 2 мантуун бууз, 1 хуушуур аваад ир гээд намайг явуулсан юм. Тэгээд мантуун буузаа хуушуураа авчихаад нөгөө ах дээрээ аваачиж өгөх гэхээр яг хичээлээсээ хоцорчих гээд болдоггүй. Тэгэхээр нь багшдаа “Багшаа би Анхаа ахын хуушуур, буузыг гялс аваачиж өгчхөөд ирье” гээд хэлчихсэн юм. Яахав дээ үнэн учраа хэлчихвэл намайг хичээлд маань оруулах байх гэсэн хүүхдийн бодол л доо(инээв) Тэгсэн багш “Тэр Анхаа хаана байна. Яагаад хүүхэд хичээл таслуулж хоолонд гүйлгэдэг юм” гээд тэрүүгээр нь нэг юм болсон. Би чинь дунд нь хов зөөсөн ч юм шиг, хичээлдээ суух гэж хичээж байгаа сэтгэл нь зөв ч юм шиг хачин байдалтай амьтан зогсож байлаа шүү дээ.

-“Энэ цагийн илгээлтийн эзэд” шоунд оролцож байгаа юм билээ. Тухайн шоуны талаар яриач?

-“Энэ цагийн илгээлтийн эзэд” шоу Хэнтий аймгийн Биндэр сумын Тогоот гэдэг аварга малчин айлд 14 хонож монгол соёл, ахуйн талаар өөрсдийн мэдлэг, мэдрэмжээрээ өрсөлдөж түрүүлэх учиртай нэвтрүүлэг л дээ. Миний хувьд уг шоунд оролцох болсон нэг том шалтгаан маань хөдөөний амьдрал, соёл, мал аж ахуйгаа мэдэхгүй хүүхдүүдэд монгол дархлааг нь ганц, хоёр тунгаар вакцин болгож хүргэх явдал. Өөрийнхөө мэдлэгийг ч бас сорьж үзмээр санагдсан.

-Нэвтрүүлгийн санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ. Өөрийн тань хувьд бас анхны том шоу, нэвтрүүлэг юм байна шүү дээ?

-Анх шоуны санал ирэхэд их гоё санагдсан. Учир нь би хөдөө өссөн болохоор өөрийнхээ хэмжээнд монгол соёл, мал аж ахуйг мэддэг учир түрүүлчих боломж ч байж магадгүй шүү дээ. Бас гэр бүлийнхэн маань хөдөө байдаг болохоор одоо хийж байгаа контент, бичлэгүүдийг сайн үзэж чаддаггүй. Харин энэ шоу Малчин телевизээр гарах болохоор дуртайяа зөвшөөрсөн.Мөн нийгэмд их хэрэгтэй шоу болов уу гэж бодсон.

Шоунд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

ДЭЭД ШҮҮХ: Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэргийг шийджээ DNN.mn

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК-д холбогдуулан “Сонгоулд” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 20,100,562,221.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.Оюунбилэг, А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нар оролцжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд “Сонгоулд” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 17,971,105,343.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, тус компани үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болсон хариуцагч, гуравдагч этгээд нарын өмчлөл, эзэмшлийн зарим үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж төлбөр төлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж “Сонгоулд” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 18,985,062,911.83 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхэд гаргасан гомдлоосоо хариуцагч “Сонгоулд” ХХК нь татгалзсан бөгөөд тус шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагч “Өрмөн уул групп” ХХК, гуравдагч этгээд А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нарын гомдлыг хянан хэлэлцээд хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ