Categories
мэдээ нийгэм

​ Саид Моллаей олимпоос хойш анхны тэмцээндээ оролцож байна DNN.mn

Жүдо бөхийн Антальяагийн Их дуулгын хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр /2022.04.02/ эхэллээ. Энэ өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг болон эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг-ын жингийн барилдаанууд болно.

Эрэгтэйчүүдийн -73 кг

  • Л.Анхзаяа эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Гүржийн Георги Терашвилитэй учраа таарчээ.
  • О.Уранбаяр эхний тойрогтоо Гвинейн Мохамед Чейк Камараг ялсан ч удаах тойрогтоо Италийн Мануэль Ломбардод ялагджээ.

Эрэгтэйчүүдийн -81 кг

  • Саид Моллаей эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Германы Доминик Рессельтэй учраа таарчээ.
  • Б.Эрдэнэбаяр эхний тойрогтоо Португалын Жоао Фернандод ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.

Саид Моллаей олимпоос хойш анх удаагаа тэмцээнд оролцож байна. Тэрбээр саяхан Covid-19 тусч, хэсэг хугацаанд тэмцээнд оролцоогүй байсан юм.

Эмэгтэйчүүдийн -70 кг

  • Ц.Энхчимэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Германы Мириам Буткерейттэй учраа таарчээ.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд вакцины нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.6 хувьтай байна DNN.mn

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд I тунд 12, II тунд 25, III тунд 93, IV тунд 74, нийт 204 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.6 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.773 (77.4 хувь), 16-17 насны 27.091 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол хэл, бичгийн шалгалтын дүнг энэ сарын 13-нд цахимаар зарлана DNN.mn

Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл, бичгийн шалгалтыг өнөөдөр улсын хэмжээнд нийт 49 шалгалтын байранд амжилттай зохион байгууллаа.

Шалгалтад нийт 37,375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95 хувьтай байв.

Шалгалтын дүн оноог 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Вилл Смит ёс зүйн хариуцлага хүлээж, АНУ-ын Кино академиас гарлаа DNN.mn

АНУ-ын нэрт жүжигчин Вилл Смит өнөөдөр тус улсын Кино академиас өөрийн хүсэлтээр гарсан байна. АНУ-ын Кино академиас дэлхийн хэмжээний Оскарын шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг.

Энэ жилийн Оскарын тайзнаа эхнэрийг нь бүдүүлгээр ёжилсон хөтлөгч Крисс Рокийг Вилл Смит алгадсан. Олны нүдэн дээр хүчирхийлэл үйлдсэн нь нийгэмд хоёр талтай тусаж байгаа. Зарим нь, эр хүний зангарга гаргаж, эхнэрээ өмөөрч чадлаа гэсэн бол үлдсэн хэсэг нь ёслолын тайзнаа өөрийгөө захирч чадсангүй хэмээн буруушааж байв.

Тэгвэл, Вилл Смит эл үйлдэлдээ ёс зүйн хариуцлага хүлээж, ийн Кино академиас гарч буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Миний үйлдэл олон хүнийг гомдоосон. Үүнд Крисс Рокийн гэр бүлээс гадна телевиз үзэж суусан нийт үзэгчид орно. Хүчирхийллийг дэмжихгүйн төлөө цаашид бүхий л чадлаараа ажиллана” гэжээ.

Тэр Кино академийн Удирдах зөвлөлийн гишүүн байжээ.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ нийгэм

Тендерт шалгарсан гадаадын концернууд гэрээ байгуулж эхлэв DNN.mn

Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн “Устөрөгч үйлдвэрлэх байгууламж”-ийн лиценз эзэмшигчээр Италийн “Кинетикс Техноложи” (Kinetics Technology) компани шалгарсан. Тус компанитай төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” (Engineers India Limited) компанийн удирдлагууд Лиценз эзэмшигчийн гэрээнд гарын үсэг зурав.

Монгол Улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр үндсэн технологийн 12 байгууламжаас бүрдэх ажээ. Атмосферийн болон вакум нэрлэгийн, хөнгөн фракцийг ялгах зэрэг гол байгууламжуудаас гадна гадаадын газрын тос, байгалийн хийн салбарын томоохон корпорациудын патенттай, гүн боловсруулалтын долоон байгууламжтай байх юм байна. Эдгээр долоон байгууламжийн лиценз эзэмшигчдийн дунд явуулсан тендерт АНУ-ын болон Баруун Европын нефть-химийн салбарын концернууд шалгарч, гэрээ байгуулж эхэлжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэд хэдэн үйл явц нь устөрөгчтэй орчинд явагддаг учир технологийн процессийг устөрөгчөөр хангах энэхүү байгууламж нь үйлдвэрийн чухал бүрэлдэхүүн хэсэг аж.

“Кинетикс Техноложи” компани нь 30 гаруй оронд салбартай, олон төрлийн технологийн лицензийн зохиогч болон эзэмшигч, дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын томоохон төлөөллийн нэг юм байна. Тус компанийн боловсруулсан зураг төслийн дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн Устөрөгч үйлдвэрлэх байгууламжийг барих ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд ЗГ, УИХ-ын гишүүдээс агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг хүслээ DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогч 90 хүүхдээс ирүүлсэн хүсэлтийг УИХ-ын бусад гишүүдэд уламжиллаа.

Хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа энэ цаг үед 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогч хүүхдүүдээс “Агаарын бохирдол бол чимээгүй тахал юм. Тиймээс нэн тэргүүнд хүүхдүүдийн хамгийн их цагаа өнгөрүүлдэг сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт барилга, байгууламжийг бүтээхэд, сэргээн завсарлахад ашиглаж буй барилгын материалын чанар, стандартыг сайжруулах, агаар сэлгэлтийг сайжруулахад УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон насанд хүрэгчид, шийдвэр гаргачдаас энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү” гэдэг хүсэлт гаргажээ.

Тус хөтөлбөрийн оролцогчид өвлийн амралтаараа дотор орчны агаарын чанарын талаар, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хүн амьдралынхаа 90 хувийг дотор орчинд өнгөрүүлдэг, ялангуяа хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн орчиндоо өдөр тутам 5-10 цагийг өнгөрүүлдэг байна. Улаанбаатар хотноо хүн амын төвлөрөл их, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байдгаас үүдэлтэй эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн танхимын ачаалал байх ёстой хэмжээнээс 2-4 дахин их байдаг.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Ногоон титэм” ХХК хамтран 2019 онд нийслэлийн айл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, албан байгууллага гэх зэрэг 75 нэгжийн 265 сорьц цуглуулан дээжид дэгдэмхий органик нэгдлүүдийн хэмжилт хийжээ. Үүний үр дүнд зарим төрлийн органик нэгдэл нь ДЭМБ, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн зөвлөмжид зааснаас хавьгүй илүү байгааг тогтоожээ.

Эдгээр хорт нэгдлийн үүсэх шалтгаан нь дотор орчинд ашиглаж буй барилгын материал, тэр дундаа будаг, өрөө тусгаарлалтын хана, хивс, хивсэнцэр гэх зэргээс дэгддэг байна. Цар тахлын өмнө үед манай улс жилдээ 599 сая ам.долларын барилгын материал импортолж байсны 99 хувь нь хилийн хяналтад хамрагддаггүй байна.

Чанар, стандартын шаардлага хангахгүй барилгын материалаас ялгарч буй хорт органик нэгдлүүдээс шалтгаалж сульдах, амархан ядрах, толгой өвдөх, нүд, хамар, ам загтнах зэрэг сөрөг нөлөөтэй байдаг. Цаашлаад багтраа, зүрх судасны өвчин, хавдрын суурь шалтгаан болох эрсдэлтэй. 2021 оны байдлаар Монгол Улсад нийтдээ 24 мянган хүн хорт хавдар өвчнөөр өвчилж, эмнэлгийн хяналтад байдаг ба үүнд 19-өөс доош насны хүүхдүүд 456 байгаа аж. Зөвхөн өнгөрсөн онд 115 хүүхэд шинээр хорт хавдар өвчний онош тогтоолгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг прокурорт буцаажээ DNN.mn


Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар хэргийг прокурорт буцаасан байна.

Өмнө нь мэдээлж байсанчлан, Ч.Мөнхбаярыг ТЕГ-аас хоёрдугаар сарын 17-ны өдөр баривчилсан. Ингэхдээ гадаадын тагнуулын байгууллагаас санхүүжиж, даалгаврыг нь биелүүлдэг байсан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан тухайгаа ТЕГ-аас мэдээлсэн билээ.

Ч.Мөнхбаярт холбогдох хэргийн баримт материалуудад нэмэлт орчуулга хийлгэхээр шийдвэрлэж, шүүхээс хэргийг ийн прокурорт буцаажээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг хөдөлгөхийн тулд иргэдэд 19.5 тэрбумыг санал болгожээ DNN.mn

Ховд гол дээр 90 мегаватын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС барих гэж буй. Увс, Ховд, Баян-Өлгий гэсэн гурван аймгийн нутаг дэвсгэрийг хамрах уг төсөл улс орны ашиг сонирхол, эрчим хүчний хараат бус байх бодлогод ашигтай ч тэнд амьдардаг иргэдийн ахуй амьдрал хийгээд байгаль орчинд сөргөөр нөлөөлнө хэмээн нутгийн хүмүүс нь эсэргүүцэж буй билээ.

Гэвч нөлөөлөлд автаж байгаа иргэдийн асуудал хүндрэл үүсгэж буй юм. Усан цахилгаан станц баригдахтай холбоотой шинээр бий болох усан сангийн газарт ажиллаж, амьдарч байгаа мал бүхий 270 өрх бий. Үүний ард 1251 иргэн байгаа юм. Тэд жилийн дөрвөн улирал бэлчээр сэлгэн амьдардаг газар нутгаа усан сан болгочихоод хаанаа амьдрах вэ гэдэг асуудал ярьдаг. Учир нь орон нутагт бэлчээрийн хүрэлцээ маш хангалтгүй болсноос малчид бэлчээрээ хуваах нь бүү хэл булаалцалдаж, харамлаж, нэгнийгээ хөнөөх тохиолдлууд ч гарах болсон билээ.

Өнөөдөр байгаа эрх зүйн зохицуулалтаар нөлөөлөлд автсан иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээг хийж, нийт 9.5 тэрбумын нөхөн олговор олгохоор ярьж байсан. Тэгвэл энэ олговрын хэмжээг нэмэгдүүлэх талаар ирэх долоо хоногийн Засгийн газраар ярилцаж шийднэ гэдгээ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдсэн.

Эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх иргэдэд олгох нөхөн олговрыг даруй 10 тэрбумаар нэмэгдүүлэх саналыг Ерөнхий сайд зөвшөөрч, Засгийн газрын хуралдаанаар батлахаар болсон байна. Ингэснээр тухайн усан сан бий болох газар нутагт амьдардаг мал бүхий 250 өрх, 1251 иргэнд нөхөн олговор болгож 19.5 тэрбумыг зарцуулахаар болж байна. Энэ мөнгөөр малчдад нөхөн олговор олгохоос гадна нүүлгэн шилжүүлэлт, зохион байгуулалтын бүх зардлыг гаргах юм.

Энэхүү төслийг хөдөлгөхөөр Засгийн газар ч тэр, Эрчим хүчний сайд ч Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар ихэд хүчин чармайлт гаргаж буй. Гэвч иргэдийн эсэргүүцэл их, төлсийн ажил урагшлахгүй байсан тул ийн дахин арван тэрбумыг зарж, амыг нь хаах”” арга хэрэглэж буй бололтой.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал Германд болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал хоёр дахь удаагаа ХБНГУ-ын Мюнхен хотноо энэ оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болно.

Эрдэм шинжилгээний бага хурлаар Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж амьдарч буй монгол эрдэмтэн, салбартаа манлайлагч залуусын байгаль хамгаалах уламжлалт өв соёлыг орчин үеийн технологи, инновацтай хослуулсан хүрээлэн буй орчны асуудлыг бодитойгоор шийдвэрлэх бүтээлч шийдлийг шалгаруулах юм.

Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч. Лодойравсал, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йорн Розенберг, Европын Парламентын гишүүн, Ханнс Зайделийн сангийн тэргүүн Маркус Фербер, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

“Аутизмыг дэлхийд таниулах” өдөр тохиож байна DNN.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан.

Үүнтэй холбогдуулан жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон 2008 оноос тэмдэглэж ирсэн билээ.

Манай улс ч мөн адил энэ өдөр Аутизмыг Таниулах аян өрнүүлж, төрийн бус байгууллагуудтай хамтран сэтгэл судлал, боловсролын чиглэлээр суралцдаг оюутан, цэцэрлэг болон ЕБС-ийн багш нарт чиглэсэн аутизмын мэдлэгийг сайжруулж, чадварыг нь хөгжүүлэх чиглэлээр багагүй сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийхэд анхаарч, дэмжин ажилладаг.

Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.

Аутизм нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул, аливаа өөрчлөлтөд тавгүйдэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг юм. Аутизмын хүрээний эмгэг нь үндэс угсаа болон нийгэм эдийн засгийн бүхий л бүлэгт илэрдэг.

Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.