Categories
мэдээ нийгэм

Хустайн гудамжинд шар өвс шатаж байсныг унтраажээ DNN.mn

зурагСонгинохайрхан дүүргийн 24 хороо Хустайн гудамжинд өнөөдөр шар өвс шатсан дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн бэлтгэл ээлж очиход айлын хашаанд 0.4 га шар өвс шатаж, 16 метр хашаа хайрагдан шатаж байсныг бүрэн унтраалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

2022 оны дөрөвдүгээр болон тавдугаар сард агаарын температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн зүүн хагас, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сануулж буй.

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд, асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 115 хүүхэд хорт хавдар өвчний онош тогтоолгожээ DNN.mn

Манай улсын иргэдийн нас баралтыг шалтгааныг зүрх судас, хавдрын өвчлөл, осол гэмтэл, амьсгалын замын өвчлэл тэргүүлдэг. Эдгээрээс хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн асуудал нь олон төрлийн хавдрын өвчлөл. Хавдрын өвчтэй хүмүүс эрт эмнэлэгт хандаагүйгээс болж хүндэрсэн үедээ хорт хавдартай гэдгээ мэддэг. Тиймээс ирэх тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхлэхээр төлөвлөөд байна. Үүнд зориулж 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийн төсөв тавьсан. Манай улсын дундаж наслалт эмэгтэй 70.8, эрэгтэй 60.6 жил байдаг. 2024 он гэхэд энэ насны зөрүүг таван жил болгоно гэсэн заалт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бий. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхэд хавдрыг эрт илрүүлэх нь чухал юм.

2021 оны байдлаар Монгол Улсад нийтдээ 24 мянган хүн хорт хавдраар өвчилж, эмнэлгийн хяналтад оржээ. Тэдний 456 нь 19-өөс доош насны хүүхдүүд байна. Өнгөрсөн онд 115 хүүхэд шинээр хорт хавдар өвчний онош тогтоолгожээ.

Categories
гадаад мэдээ

Пентагон: В.Путин цэргүүд нь Украинд хэрхэн бүтэлгүйтэж байгааг бүрэн ойлгох сөхөөгүй байна DNN.mn


Америкийн тагнуулын албад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойр тойрныхон түүнд Украины нөхцөл байдлын талаар чухам юу болж байгааг үнэн,зөвөөр бүрэн гүйцэд мэдээлэхгүй байна гэж дүгнэсэн байна.

Цагаан ордны Харилцаа холбооны албаны тэргүүн Кейт Бедингфилд үүнтэй холбоотой тайлангийн агуулгын талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

ПУТИН БА ЦЭРГИЙН ХООРОНДОХ ХУРЦАДМАЛ БАЙДАЛ

Кейт Беддингфилийн хэлснэээр, В.Путиний байгаа байдлаас ажвал тэрбээр Оросын цэргийнхний талаар “төөрөгдөлд” орсон мэт харагдаж байгаа нь В.Путин болоод Оросын цэргийн удирдлагынхны хооронд үргэлжилсэн хурцадмал байдал үүссэнээс гарцаагүй гэсэн мэдээлэл бидэнд бий” хэмээн ноцтой мэдээлэл өгсөн байна.

“Бидний дүгнэснээр, В.Путиний зөвлөх, туслахууд түүнд Оросын арми Украинд хэрхэн “цэргийн ажиллагаа” явуулж байгаа, үүнээс улбаалан Оросын эдийн засаг нь янз бүрийн олон талт хоригийн улмаас хэдий хэр хор хохиролд өртөж байгаа талаар буруу ташаа мэдээлэл өгч байна гэж бид үзэж байна. Үүний шалтгааныг В.Путиний ахлах зөвлөхүүд түүнд үнэн бодит байдлыг хэлэхээсээ айж байна” гэж Кейт Бедингфелд онцлов.

Мөн цааш нь хэлэхдээ, Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа Украинтай хийсэн дайнд В.Путин тэргүүтэй Оросын эрх баригчид ямар стратегийн алдаа гаргасныг нь харуулахын тулд эл мэдээллийг нууцлахаар шийдсэн гэлээ. Тиймээс, Кейт Бедингфилд Украин болон В.Путинтэй холбоотой гэх тэдгээр мэдээллийн эх сурвалж, тагнуулынхан мэдээллийг хэрхэн олж авсан аргыг задлах боломжгүй гэсэн юм.

“В.Путиний эхлүүлсэн дайн бол Орос орныг урт хугацаанд сул дорой болгож, дэлхийн тавцанд улам бүр ганцаардуулсан стратегийн алдаа байсан” хэмээн В.Путинийг буруутгав.

ПУТИН ТОМ АЛДАА ХИЙСЭН

Дээрхтэй төстэй санааг Их Британийн цахим тагнуулын “GCHQ” агентлагийн тэргүүн Жереми Флеминг илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд довтлохоосоо өмнө өөрийн армид хэт найдаж, дайсны хүч чадлыг дутуу үнэлсэн. Чухам энэ шалгаанаар түүний зөвлөх, тойрон хүрээлэгчид нь түүнд өнөөгийн бодит байдлын талаар үнэн, зөв мэдээлэл өгөхөөс эмээж байгаа гэсэн байна.

Жереми Флеминг лхагва гараг /2022.03.30/-т Канберра дахь Австралийн Үндэсний Их Сургуульд “В.Путин нөхцөл байдлыг үнэлэхдээ маш том алдаа гаргасан. В.Путины зөвлөхүүд түүнд үнэнийг хэлэхээс эмээж байгаа гэсэн дүгнэлтэд бид хүрлээ” хэмээн илтгэл тавьсан юм.

В.ПУТИН ҮНЭНИЙГ МЭДЭХГҮЙ БАЙГААД ПЕНТАГОН ТҮГШИЖ ЭХЛЭВ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд болж буй үйл явдлын талаар мэдээлэл муутай байна гэж Цагаан ордон дүгнэсэн үнэлгээтэй АНУ-ын арми санал нэг байна хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мөн сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Жон Кирби: “В.Путин нөхцөл байдлын талаарх бодит үнэн, зөв мэдээлэлгүй байгаад Пентагон маш их санаа зовниж байна. Энэ бол түүний цэрэг арми. Энэ бол түүний дайн. Тэр үүнийг сонгосон. Гэсэн ч, цэргүүд нь Украинд хэрхэн бүтэлгүйтэж байгааг бүрэн ойлгох сөхөөгүй байгаа нь зарим нэг талаараа санааг минь зовоож байна”.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, В.Путиний ухамсар дорой байгаа нь хоёр талын мөргөлдөөнийг зогсоох энхийн хэлэлцээний явцад бүрэн зөв шийдвэр гаргахгүй байх эрсдэлд хүргэж болзошгүй. Хэрэв В.Путин нөхцөл байдал тун муу байгаа талаар бүрэн мэдээлэлгүй тохиолдолд Оросын хэлэлцээрт оролцогч төлөөллүүд хэрхэн тохиролцоонд хүрэх билээ хэмээсэн юм.

ТАГНУУЛЫНХАН ЧИМЭЭГҮЙ БАЙСАНГҮЙ

В.Путин маш удаан хугацааны турш зөвхөн өөрийн итгэдэг цөөн хэдэн чвцуу хүрээнийхэнтэй л харьцсаар ирсэн гэдэг нь аль хэдийн ил болсон зүйл. Өөрөөр хэлбэл, В.Путин ер нь хүмүүстэй бараг харьцдаггүй, уулздаггүй. Итгэдэг цөөхөн хүмүүстэйгээ л уулздаг. Энэ бүхэн ковидын хөл хорионы үеэр эхэлсэн гэгддэг.

Тагнуулынхан гэдэг уг нь мэдээллийг нууцалдаг. Гэсэн ч, сүүлийн үед Америкийн хэвлэлүүдээр Барууны тагнуулын албад В.Путины эргэн тойронд чухам юу өрнөж байгааг олж мэдэх нэгэн арга замыг нээсэн гэх утгатай мэдээ, нийтлэлүүдийг ил цагаан хэвлэх болсон. Жо Байдены Засаг захиргаа өнгөрсөн намраас эхлэн олж авсан мэдээллүүдээ системтэйгээр нийтэлж эхэлсэн ба тэдгээрийн нэг хэсэг нь Орос улс Украин руу бүрэн дайран довтлоход зэхэж эхэлсэн гэдэг мэдээллийг ил зарласан.
Угтаа бол тагнуулын байгууллага янз бүрийн шалтгаанаар, тэр тусмаа эх сурвалжуудаа хамгаалах үүднээс олж авсан нууцын зэрэглэлтэй мэдээллүүдээ олон нийтэд мэдээлдэггүй “бичигдээгүй хуультай”. Гэтэл, энэ тохиолдолд Украины дайн эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор олж авсан мэдээллээ олон нийтэд зарласан билээ.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно DNN.mn

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12:30 цагт Төрийн ордны ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд Б.Баяраа,Х.Буянжаргал, Р.Сансармаа нар нэр дэвшээд буй.

Сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэний бүртгэл 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл явагдах бөгөөд бүртгэлийн хуудас бөглөж илгээх юм.

Categories
гадаад мэдээ

Фэйсбүүк хаягууд хаагдаж эхлэв DNN.mn

Дэлхий даяар маш олон фэйсбүүк хэрэглэгчийн хаяг тодорхой шалтгаангүйгээр хаагдсан тухай “BBC” агентлаг өнөөдөр /2022.04.02/ мэдээлэв. “Та манай Олон нийтийн стандартыг дагаж мөрдөөгүй учир фэйсбүүк хаягийг тань хаасан. Энэ шийдвэрийг буцаах боломжгүй гэсэн зурвас тэдэнд ирсэн. Ямар ч урьдчилсан анхааруулга, тайлбаргүйгээр гэнэт хаагдсан” гэж нэгэн хэрэглэгч “BBC”-д ярилцлага өгөхдөө хэлжээ.

Энэ алдааг “Мета” компани шалгаж байгаа аж. “Мета”-гийн Энди Стоун твиттер хуудастаа мэдэгдэхдээ, “Бид зарим хэрэглэгчид асуудалтай тулгарч байгааг мэдэж байна. Асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхээр ажиллаж байна” гэжээ. Гэхдээ хэчнээн хүнд ийм асуудал тулгарсан талаар хэлээгүй аж.

Өөр нэгэн хэрэглэгч хэлэхдээ, “Би нэлээн удаан хугацаанд ямар ч зураг, бичвэр нийтлээгүй. Сонирхолтой хэрэглэгч биш гэж үзэж, миний фэйсбүүкийг хаасан бол маш харамсалтай байна. Миний зургийн цомогт гэр бүл, их сургуулийн маань бараг бүх зураг хадгалаастай байгаа юм” гэжээ.

Categories
мэдээ спорт

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо дүрмээ өөрчиллөө DNN.mn

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж тоглолтын дүрмэнд дараах өөрчлөлтүүдийг оруулснаа албан ёсоор зарлалаа.

  1. Спортын бус алдаанд шар, улаан хуудас өгдөг болно.
  2. Таван алдаа болж тоглогч талбайгаас чөлөөлөгдөхөд солигдож тоглогч орж ирэхгүй. Дөрвөн тоглогчтой үргэлжлүүлж тоглоно.
  3. Өмсгөл дээрээ инстаграмын нэрээ бичнэ.
  4. Үндсэн цагт тэнцвэл нэмэлт цагт байхгүй. Баг бүр нэг нэг тоглогчоо сонгоод H-O-R-S-E буюу бидний мэддэгээр илжигдээд ялсан нь хожно.
  5. Гоол ороход сүүлийн дамжуулалт өгсний өмнөх дамжуулагчид 0.5 оновчтой дамжуулалт статистик өгнө

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд DNN.mn

Долоо хоног бүрийн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоног парламентаар ямар асуудал хэлэлцэхээ тогтдог. Үүний дагуу УИХ ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мягмар гариг (Дөрөвдүгээр сарын 5)

10.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

  1. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын 6 гишүүн 2022.03.24-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Дөрөвдүгээр дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

14.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  1. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Лхагва гариг (Дөрөвдүгээр сарын 6)

10.00 цагаас Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан:

  1. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний баталгаажуулалт, хүнсний аюулгүй байдлыг хангах болон Сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох
  2. Дэд хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

11.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

14.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

  1. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох
  2. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
  3. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (Пүрэв, баасан гариг дөрөвдүгээр сарын 7, 8)

  1. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын 6 гишүүн 2022.03.24-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  3. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
  4. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  5. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын дөрвөн гишүүн 2020.01.13-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  6. УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад, Ш.Адьшаагаас Эрчим хүчний сайдад тус тус хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.
Categories
мэдээ цаг-үе

Ж.Батсуурь сонгуулиас нэрээ татлаа DNN.mn

Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн сонгуулийн штабаас өнөөдөр /2022.04.02/ мэдээлэл хийлээ.

Ж.Батсуурь:

-Булаалгасан боломжоо эргүүлэн авна гэсэн мөрийн хөтөлбөртэй ажиллалаа. Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Дээд шүүх Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүссэн. Тиймээс Дотоод сонгуулийн хорооноос шинэчилсэн дүрмийн дагуу сонгуулийг шинэчлэн зохион байгуулахыг хүссэн ч татгалзсан хариу авлаа. Тиймээс миний бие сонгуулиас нэрээ татаж буйгаа зарлалаа.

Сонгуулийн саналт хураалт явуулах нь учир дутагдалтай. Миний хуурамч хаягаас Ардчилсан намын гишүүдийг, ард иргэдийг төөрөгдүүлэх гэлээ. С.Эрдэнэтэй холбогдсон асуудал байхгүй. Би С.Эрдэнийн намаас хөөгдсөн. Би бүтэн Ардчилсан намыг бий болгох зорилго тавьсан. Хэдхэн дарга нарын гарт орчихсон байсан. Үүнээс болж Ардчилсан намын амжилтгүй байдал үүссэн. Намайг ямар нэгэн үйл явдал, хэн нэгэнтэй холбох боломжгүйг харсан байх. Бид 2014 оны Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмээр сунгаанд оролцсон. Шинэчлэгдсэн дүрэм гар дээр ирэх хүртэл санал хураалтыг хойшлуулъя гэсэн боловч Дотоод сонгуулийн хороо зөвшөөрсөнгүй. Ийнхүү нэрээ татаж байна.
Categories
мэдээ цаг-үе

Иргэд ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадна хоёр дахь удаагаа тайван жагслаа DNN.mn


Украин улсад болж буй дайныг эсэргүүцсэн монгол иргэд ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадна тайван жагсаалыг өнөөдөр хоёр дахь удаагаа зохион байгуулав.

Тэд дайныг эсэргүүцсэнээс гадна ОХУ-ын Элчин сайдын Яамны сошиал хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэл нь суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон хэмээн эсэргүүцэж байгаа аж.

Өмнө нь гуравдугаар сарын 26-ны өдөр мөн ОХУ-ын яамны гадна тайван жагсаал зохион байгуулсан бөгөөд өнөөдөр ийнхүү хоёр дахь удаагаа эсэргүүцлээ илэрхийллээ.

No description available.

No description available.

No description available.

Categories
гадаад мэдээ

АНУ: Украинд 300 сая ам.долларын тусламж үзүүлнэ DNN.mn

АНУ-ын Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ, тус яам Украины аюулгүй байдалд туслах санаачилга /USAI/ хэмээх санхүүгийн багцын хүрээнд Украинд дахин нэмэлт тусламж үзүүлэхээр болсон гэв.

Үүнийг тодруулбал, санаачилгын хүрээнд АНУ-ын Батлан Хамгаалах Яам Украины батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхийн тулд дахин 300 сая ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлэхээр болсон байна.

Эл шийдвэр нь Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын талаарх АНУ-ын гуйвшгүй амлалтыг нотолж байгааг Жон Кирби онцлов.

Америкийн Украинд олгох 300 сая ам.долларын лазераар удирддаг пуужингийн систем, “Switchblade”, “Puma” зэрэг нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/, агаарын довтолгооноос хамгаалах систем, хуягт машин, жижиг болон том оврын калибрын сум, шөнийн дурангийн төхөөрөмж, холбооны систем, машин техникийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа засгийн эрхэнд гарснаасаа хойш Украинд аюулгүй байдлын чиглэлээр нийтдээ 2.3 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлсэн байгаа юм. Харин үүнээс Орос Украинд “цэргийн тусгай ажиллагаа”-г эхлүүлснээс хойш даруй 1.6 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

“АНУ холбоотнууд болон түншүүдийн хамтаар Украинчуудад тусалж, тэдэнд Оросыг сөрөн зогсоход боломж олгохоор үргэлжлүүлэн хамтран ажиллана” хэмээн Жон Кирби онцолжээ.