Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

НАМИЛЗАХ-ын залуучууд Найрамдалд найрлаж, НАМИЛЗАХ-гүй залуучууд Солонгост хар ажил хийхээр алалцаж байна DNN.mn

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо (НАМЗХ)-ны залуус найрлан цэнгэж, ижилсэн гангарч байгаа бичлэг энэ өдрүүдэд нийгмийн дургүйцлийг хүргэж байна. Ард иргэдийн амьдрал уруудаж байхад эрх баригч намын дэргэдэх НАМЗХ-ны залуус НАМИЛЗАЖ байгаа нь үнэндээ монголчуудаар тохуурхаж байгаа хэрэг юм. НАМЗХ-ны залуусыг ард түмэн “НАМИЛЗАХ-ын залуус” гэж нэрлэжээ. НАМИЛЗАХ-ын залуус ч мөн, “Намаа залгих залуус” ч мөн байж магад. Аль нь ч байсан дээрх гарчиг бол Монголын нийгмийн өнөөдрийн дүр зураг юм. Намилзахын залуусын амьдрал гэгээтэй байгаа байх. Харин намилзахгүй залуус амьдрахын төлөө алалцаж байна. Бусдын чинь амьдрал тэр чигээрээ баргар байгааг хэлье. Хар багаасаа нам дагасан, намын улаан хамгаалагч болсон, ирээдүйд дарга болохоос өөр хүсэл зорилгогүй эдгээр залуусын Найрамдал зуслан дахь цэнгэл нь Монголд өнөөдөр касстын систем хэдийнэ бүрэлдэн тогтсоны тод жишээ. Нам дагасан залуусын энэ байдал хоёр талтай ч муу тал нь дэндүү их давамгайлна. Залуус хүнийхээ хувьд хэн нэгэнд долигьнож байж дээшээ явдаг гэсэн үзэл бодлын суурь төлөвшилтэй болж байна. Дарга даамал хүн бүрт очиж наалддаг, тийм хүмүүсийг л хүн гэж үздэг, бусад хүмүүст нохой мэт ханддаг ийм нэг бүлэг залуус ирээдүйд Монголыг удирдана. Монголыг удирдахдаа тэд ард түмэндээ, эх орондоо яг л ийм үзлээр хандана. Тэднийг нэг талаас буруутгах арга бас алга. Учир нь тэдний үлгэр дуурайл болсон намынх нь том дарга ах эгч нар нь яг л ийм зан араншингаараа өнөөдрийн өндөрлөгт хүрсэн болохоор тэр юм. Сайн дагаж далдагнавал том дарга болно гэсэн үлгэрлэлийг дээд үеийнхээсээ авсан хүүхдүүд МАН-д олноор бэлтгэгдэж байна. Үүнийг бүр албан ёсжуулж саяхан МАН-ын генсекийн зүгээс “НАМЗХ бол “Мэргэжлийн улстөрч бэлддэг байгууллага юм” гэж тунхаглан зарласан юм. Бас л том байгаа биз. Томрох нь тодорхой, том дарга болох нь бүр ч тодорхой гэсэн үзлээр хүмүүжүүлэх нь. Өмнө нь ингэж хүмүүжсэнүүд нь улс орноо хэрхэн тонон дээрэмдсэний үр дүнд өнөөдрийн Монголын байж байгаа царайг хар. Өнөөдөр Монголд өөдтэйхөн явъя гэж байгаа залуу хүн бүр энэхүү НАМЗХ буюу НАМИЛЗДАГ-ийн гишүүн болохоос өөр зам байхгүй. Хуучин нийгэмд МХЗЭ гэж залуу коммунистууд бэлддэг газар байлаа. Улс төрийн товчооны гишүүд сүргээрээ сууж байгаад МХЗЭ-ийн хурал цуглаануудыг хөөргөн дэвэргэдэг байв. Хятадад бол улаан хамгаалагчид гэсэн нэртэй байсан л даа. Саяны НАМИЛЗАХ-ын залуусын цуглааныг харж байхад намынх нь том дарга нар бүгд очсон харагдана. Ерөнхий сайдаас эхлээд, УИХ-ын гишүүд…

“Хэмнэж амьдарцгаа” хэмээн ард түмэндээ тулгалт хийж байгаа дарга нь хүртэл оччихсон бут авч байна. Бүгдээрээ тусгай хувцас хийлгэж өмссөн харагдана. Ийм тансаглал иргэдэд лав байхгүй. Найрамдалд найр хөгжөөн болсон эдгээр НАМЗХ-ны гишүүн залуусын ихэнх нь МАН-ын том дарга нарын хүүхдүүд, ач зээ, үеэл, нагац, холдлоо гэхэд тэдний эрх ашиг, түрийвч нэгтнүүдийн хүүхдүүд байгааг нийгмийн сүлжээн дэх зургуудаас харж болно. Амьдрахын төлөө аргаа барж яваа ардын хүүхдүүд лав тэдний дунд байхгүй.

Намилзахын залуус наад зах нь Хятадын коммунист намын тэтгэлгээр урд хөршийн аль нэг их сургуульд намынхаа шугамаар сурчихна. Эргэж ирээд дарга болно. Энэ нь ардын мянга мянган хүүхдүүдэд боломжгүй зүйл. Ардын хүүхдүүдэд дарга аав ээж, ах эгч, эмээ өвөө байхгүй. Ардын хүүхдүүдийн боломжийн дээд хязгаар бол үсрээд дотоодын нэг их сургуульд сурах. Чадаагүй нь барилгын туслах ажилтан хийнэ. Арай дөнгүүрүүд нь Номин, Оргил… гээд худалдааны төвүүдэд заалны зохион байгуулагч хийнэ.

Нэгэнт ийм кастын систем Монголд тогтчихсон нь энэхүү НАМЗХ буюу НАМИЛЗАХ-ын залуучуудын байгууллагаас тод харагдаж байгаа биз. Эдгээр залуусын мөрөөдөл болсон гол дүр нь өнөөдрийн НАМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал юм. Н.Учрал нь “Монголчууд НӨАТ-аараа амьдарч байгаа” гэж нийгэмд хэлээд зогсож байна. Энэ нь тэгээд амьдрал мэддэг, ард түмнээ ямар амьдарч байгааг мэддэг улстөрчийн үг мөн үү. Ийм л улстөрчдийг үлгэр дуурайллаа болгосон залуус энэ улсыг ирээдүйд удирдах нь.

Сая болсон НАМИЛЗАХ-ын цуглаан дээр нэгэн гишүүн бээр “Миний сонгогдсон дүүргийн Цагдаагийн газарт 100 ажлын байр эзэнгүй байна. Тэнд яагаад та нар ажиллахгүй байна” гэж хэлжээ. Тэдэнд цагдаагаар ажиллах нь их доошоо орсон хэрэг гэдгийг мань гишүүн тэрхэн зуурт мартсан бололтой. Гэтэл цагдаад ажиллах нь ардын хүүхдүүдийн хувьд насных нь мөрөөдөл, орж чадвал амьдралынх нь баталгаа шүү дээ.

Үнэндээ нам дагасан эдгээр залуус хэдүй их онгирч, сагсуурч, ажил голж, тансаглацгаана яг урвуу хамааралтайгаар ардын хүүхдүүд ажилгүй, орлогогүй, амьдрах аргагүй болж, тоо нь үржиж олширч байгаа нь өнөөдрийн Монголын эмгэнэл юм. Үүний баталгаа нь өнөөдөр Солонгос руу хар ажил хийх залуусын бүртгэл зарлангуут Монголын хэдэн мянган залуус хэрхэн алалцаж байгаагаас харж болно. Ардын хүүхдүүдэд байхгүй бүхэн НАМИЛЗАХ-ын залууст илүүдэж байдагт л энэ улсын эмгэнэл оршиж байна.

НАМЗХ-ы залуусын НАМИЛЗАХ нь ихэсвэл ямар эмгэнэлт хувь тавиланд хүрдгийг өнөөдрийн залуус нь мэдэж байх ёстой. “Хадгаламж” банкнаас эхлээд Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал хүртэл. Нэг хэсэг нь шоронд ордог, нөгөө хэсэг нь шороонд булагддаг. Энэ дундаас өөрсдийгөө зальжин авч гарч чадсанууд нь өнөөдөр Монголыг удирдаж байгаа юм. Тэд өөрсдийн явж ирсэн зам, хэрэглэж ирсэн технологи, хэрэгжүүлж гүйцэтгэдэг байгууллагаараа халаагаа бэлдэх нь тодорхой. НАМИЛЗДАГ-уудаас ирээдүйд ялтан ч төрнө, дарга ч төрнө, эрсдэл дүүрэн. Тэр дундаас дарга болохоосоо илүүтэй ялтан болох нь олон ч байж магадгүй. Гэрт нь дүүрэн МАН-ын дарга байсан, одоо ч байгаа аав ээж, эх эгч, өвөө эмээ нар дүүрэн айлын хүүхдүүд. Тэднээс ганцхан зүйлийг хүсье, та нар ардын хүүхдийн боломжийг 30 жил хулгайлж ирлээ, үүнийгээ цаашид битгий үргэлжлүүлээч ээ гэж. Төрийн байгууллагуудыг, төрийн өмчит компаниудын том жижиг дарга нарыг хар. Тэнд хэний хүүхдүүд дарга хийж, давхар стандарт тогтоож, ард түмнийг залхааж, төрийг сул дорой байлгаж, сорж мөлжиж байна вэ.

Энэ улс орныг там болгосон чинь одоо хангалттай шүү, МАН-ынхаан. Та нарын халааг авах залуус, том дарга нарын хүүхдүүд Найрамдалд намилзуулан найрлаж байгаа бол НАМИЛЗАХ боломжгүй ардын хүүхдүүд харь улсад ажил хийхээр алалцаж байна. Энэ улс оронд чинь хуулийн дагуу юм юу ч алга, том нь жижгийгээ барьж иддэг, дээрэлхдэг байгалийн хуулиар л амьдарч байна. Үүний тод жишээ наад НАМИЛЗАХ-ууд чинь шүү…


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Ганбаатар: Бид залуусаа хэтэрхий эрх танхи, дураараа болгож хүмүүжүүлснээс ажлын байран дээр гологдох болсон DNN.mn

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай ярилцлаа.


-Сүүлийн үед ажил олгогчид ажилтан олдохгүй, ирсэн нэг нь ажлын байранд тэнцэхгүй байгаа талаар ярих боллоо. Үнэхээр тийм чадваргүй хүмүүс бий болчихоод байна уу?

-Ажил олгогчид ажил хийх хүн олдохгүй байна гэх зовлонг маш олноор хэлдэг болсон.

Нэг талаас энэ үнэн. Нөгөө талд ажил хийе гэсэн залуус алга байна. Залуучууд ажил хийхээ больчихлоо гэж ярьж байгаа хэсэг ч байна. Энэ бүхнийг ажил олгогчийн байр сууринаас үзэхэд зарим тал дээр тийм ч оновчтой тодорхойлолт биш.

-Ажлын байрны орон тоо, ажил хийж байгаа хүмүүсийн тоо гээд хоёр талд л олон тоо гараад байдаг. Гэтэл дунд нь ажил хийх хүн алга аа гээд байгаагийн учир юу юм бэ?

-Үүн дээр жишээ хэлье л дээ. Монгол Улс эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Коронавирусийн хүндрэлийн улмаас зогссон жижиг дунд үйлдвэрүүд сэргэж байна. Дээр нь газар тариалан, мал аж ахуй, барилга, уул уурхай зэрэг гол салбарын үйл ажиллагаа сэргэж эхэлж байна. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар энэ онд Монгол Улсад 78.000 ажлын байр шинээр бий болох тооцоо гарчихаад байна. Түүнээс гадна ерөөсөө монголчууд ажил хөдөлмөр хийх хүсэлгүй болчихов уу гээд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг харахаар тийм ч биш юм. Өнөөдөр манай улсад 78 мэргэжлийн боловсрол олгох сургуульд 42.000 хүүхэд сурч байна. Өөрөөр хэлбэл, мэргэжил эзэмшээд ажил хийе гэсэн зорилготой 42.000 хүн байна. Хөдөлмөрийн яамны харьяаны түр сургалтын төвүүдэд энэ онд гэхэд 27.000 хүн сургана гэж байгаа. Дээр нь Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн албанд ажил идэвхтэй хайж байгаа 20.000 гаруй хүн байгаа гэдэг. Стататистикаас гаргаж байгаа мэдээллээр ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн эзлэх хувь долоо болчихлоо. 100.000 хүн ажилгүй байна гэж гарч байгаа юм. Энэ бүгдийг харахаар Монгол Улсад ажиллах хүчний нөөц, ажил хөдөлмөр хийх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс нэлээд байна гэж харагдана. Гэтэл нөгөө талд 78.000 ажлын байр байна. Яагаад энэ бүхэн уялдахгүй байна вэ гэдэг дээр бид дүгнэлт хийх ёстой.

-Тэр л энэ асуудлыг гогцоо бололтой. Та үүнийг юу гэж үзэж байна?

-Хөдөлмөр эрхлэлтийн нөөцийн баланс, ажлын байрны эрэлтийн балансыг харвал Монгол Улсад ажилгүй хүн байхгүй баймаар итгэл найдвар төрүүлсэн дүр зураг харагддаг. Харамсалтай нь ажилгүй хүмүүс нь байсаар байна, ажил олгогчид хүн хайсаар байна.

Яахав, төр засаг арга хэмжээ авахгүй байна гэсэн шүүмжлэл ч явдаг. Гэтэл МСҮТ-д сурч байгаа 42.000 хүүхдэд Засгийн газар 100 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Хуулийг нь харвал ажил олгогчийн эрэлтэд нийцсэн ур чадварыг суралцагчдад олгоно гээд заачихсан. Харамсалтай МСҮТ-д сурч байгаа хүүхдүүд яг энэ хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа 78.000 ажлын байрны шаардлагад нийцсэн мэргэжил, ур чадварыг эзэмшиж чадахгүй байгаа л асуудал юм. Түүнээс гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих түр сургалтын байгууллагуудаар , хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 5000 хүн сургана гээд дахиад 100 тэрбум төгрөгийг төсөвлөөд зарж байгаа. Засгийн газар иргэдээ мэргэжилтэй, ажилтай байлгахын төлөө хангалттай хөрөнгө зарж байна. Тиймээс эрэлттэй мэргэжлээр нь сургах, сурч байгаа хүүхдийг ажил олгогчтэй холбох асуудал дээр уялдаа холбоо байхгүй учраас нэг талд суралцаад төгссөн хүүхдүүд ажлын байран дээр тэнцдэггүй явдал бий болж байгаа хэрэг.

-Тэгвэл дунд шатанд завхрал явагддаг юм биш үү?

-Мэргэжлийн боловсрол сургалтын хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуульд хүүхэд залуусыг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр сурга гэчихсэн. Энэ нь үйлдвэрийн ажлын байран дээр байгаа мэргэжлийн ажилчны чадамжийг хүүхэд сурч байх хугацаанд нь эзэмшүүлэх тухай асуудал. Энэ бол ХБНГУ-аас үүсэлтэй Европын холбооны бүх орнууд, Азийн орнууд. Тухайлбал, Япон, Солонгос зэрэг орнууд ерөөсөө тэр 42.000 хүүхдийг сурч байх хугацаанд нь мэргэжлийн байгууллага дээр дадлага хийлгэж, мэргэжлийн хүмүүсийг дагалдуулж, үйлдвэрийг танилцуулж, мэргэжлийн ойлголт өгдөг. Төгсөнгүүт нь шууд үргэлжлүүлж ажиллуулдаг тогтолцоо. Энэ тогтолцоогоор ажил хийе гэдэг хууль нь манайд гарчихсан ч амьдрал дээр хэрэгжихгүй байна. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд нь элсэлт авахаар өөрийнх нь сургуульд үсчин, тогоочийн багш байвал тэр чиглэлээр л элсэлт аваад байдаг. Гэтэл зах зээл дээр үсчин, тогоочийн захиалга ирдэггүй.

-Эсвэл ажил олгогчид хэт өндөр, дааж давшгүй шаардлага тавьдаг юм уу?

-Манай холбооноос сүүлийн таван жил энэ чиглэлээр судалгаа хийсэн. Таван гол шаардлага байна. Нэгд, ажил хийх хүсэлтэй хүн бид нарт хэрэгтэй байна гэж байна. Хоёрт, мэргэжлийн анхан шатны жаахан мэдлэг ойлголттой болчих. Гуравт, аюулгүй ажиллах зан үйлийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэр бол ядаж өөрөө аюулгүй ажиллах чадвар гэсэн үг. Дөрөвт, тэвчээр хүлээцтэй бай, тавд, багаар ажиллах чадвартай бай гэж байна. Ийм ерөнхий зөөлөн ур чадвартай хүн байвал бид ажилд авахад бэлэн. Ийм хүнийг цааш нь мэргэшүүлээд, сургаад явъя гэж байна.

-Энгийн нийтлэг л шаардлага байх чинь?

-Ажил олгогч өндөр шаардлага тавьдаг гэдэг ойлголт больсон шүү дээ. Ажилчин олдохоо байгаад маш хүнд байдалд орж байгаа.

-Тэгвэл хүндээ энэ асуудал байна. Төр засгийн халамжаар өдөр хоногийг өнгөрөөж, ажил хийхгүй яваа нэлээд хэсэг байгаа шүү?

-Ерөөсөө л залуучуудын ажил амьдралд нь чиглүүлэх үүрэгтэй эцэг эхчүүд хүүхдээ энэ мэргэжлийг эзэмшвэл төгсөж гараад ийм ажилтай болно. Ийм цалин авна. Ингээд амьдрал чинь сайжирна гэж бодож хүүхдээ бэлдэхгүй байна. Нөгөө талаас манай ажил олгогчид ч өөрийнхөө ажилд хэрэгтэй хүнийг идэвхтэй хайдаггүй, сурталчилдаггүй, хүүхдийг хүлээж авч үйлдвэрийн дадлага хийлгэдэггүй. Мэргэжлийн хүнийг дагалдуулдаггүй дутагдал байгаа. Тал талын дутагдлыг арилгаж чадвал Монголд ажлын байр багагүй байна. Яахав жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд цалин бага, хөдөлмөрийн нөхцөл хүнд гэсэн шүүмжлэл гардаг. Тиймээс хүүхэд авч байгаа бол сайн сурга, сайн цалин өг. Тэгж байж хамтарч баялаг бүтээнэ. Зүгээр ажиллуулсан, ажиллуулаагүй нэр зүүгээд ашиг олно гэж бодож болохгүй гэж гишүүддээ хэлээд л сууж байна.

-Зах зээлийн нийгэмд ажил хийсэн хүн сайхан амьдардаг. Хөдөлж байж мөнгө олно гэдэг ойлголт залуус гэлтгүй л бүх насныханд бүдгэрээд байна уу даа?

-Маш чухал асуулт. Би нэг зүйлийг хэлье. Монголын төр социалист нийгмээс шилжилтийн үе шатандаа явж байгаа учраас нийгмийн халамжийн бодлого маш их явуулж байгаа. Үүгээр сайхан амьдардаг, баяжсан хүн нэг ч байхгүй. Зөвхөн амин зуулга идэх хоолтой л байлгаж байгаа. Үүнд сэтгэл ханаж, амьдрал болж байна гэж харж байгаа хүмүүс байвал харамсалтай.

Гэтэл хүн төрөлхтөн ялангуяа бидний сүүлийн 30 жил хөгжиж байгаа зах зээлийн эдийн засгийн нийгэмд ажилгүй

хүн амьдардаггүй. Ажил хийж байж өөрийнхөө амьдралыг авч явдаг. Үүр хүүхдийнхээ амьдралыг баталгаажуулдаг. Сайн мэргэжил, сайн ажилгүй бол эхнэр авдаггүй нийгэм. Өөрийн чинь хэлдэг тэр шаардлага энэ нийгэмд илүү хатуу тавигдаж байгаа.

-Төр засгийн халамж хэтрээд монголчууд залхуу, хойрго болж байна гэсэн хатуу шүүмжлэл ч гардаг?

-Хүн гэдэг сайн мэргэжилтэй, сайн цалинтай, сайхан ажил хийвэл яаж амьдардгийн жишээ гадаадад их байна шүү дээ. Гол нь хэрэгтэй мэргэжлээр сайн суралц. Зах зээлийн нийгэмд сайн хөдөлмөр хийж, шударга ажиллаж байгаа хүн сайхан амьдарна. Мэргэжилгүй, мэдлэггүй хүнд хэн ч тусалдаггүй айхтар хатуу нийгэм л дээ. Тийм учраас ийм нийгэмд зохицож, ажиллаж өөрийгөө бэлдэж амьдрах асуудал их чухал юм. Өнгөрсөн 30 жилийн түүхээс харахад бид залуусаа, үр хүүхдээ хэтэрхий эрх танхи, хүний үүрэг даалгаврыг хүлээж авдаггүй, дураараа болгож хүмүүжүүлчихэж. Ажлын байран дээр 08:00 цагт ирээд 12:00 цагт завсарлаж, орой 17:00 цагт ажлаа тардаг гэдэг сахилга, дэг журмыг хүлээж авах чадваргүй залуус олон байна. Тийм учраас өдрийн 100.000 төгрөгийн цалин өгье гэхэд хүн олдохгүй байна. Нэг залуу ирээд хоёр өдөр ажиллаад гурав дахь өдрөөсөө 08:00 цагтаа ирж чаддаггүй, унтаад хоцорчихдог. Үгүй бол яг ажлын 08:00-12:00 цагийн хооронд өгсөн үүрэг даалгаврыг нь хийдэггүй, гар утаа оролдоод суугаад байдаг. Эцэг эхчүүдийн хүүхдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургасан явдал өнөөдрийн энэ асуудалд бас л муу үр дагавар үзүүлж байгаа юм.

-Ажиллах хүн олдохгүй учраас гаднаас ажиллах хүч авдаг гэдэг. Өнөөдөр ч тийм байна уу?

-Хувийн хэвшил нэгэнт өөрт нь хэрэгтэй ажилтан, ур чадвартай хүн олдохгүй болохоор аргаа барахдаа гаднаас ажиллах хүч авдаг. Одоогийн байдлаар Засгийн газрын тогтоол гаргуулаад 14.000 гадаад ажилчин оруулж ирэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Дээр нь ойрын үед нь нэмж 10.000 гаруй ажиллах хүчин гаднаас оруулж ирэх болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манайд мэргэжилгүй, ажилгүй байгаа монгол залуус ийм мэргэжил эзэмштэл нь хүлээж суух цаг хугацаа бизнес эрхлэгчид байхгүй. Тиймээс аргаа барахдаа гадны хүмүүсийг авч байна. Урд хөршөөс ирж байгаа нэг ажилтан гэхэд сард 6000 юанийн цалин авдаг. Монгол мөнгөөр 2.4 сая, дээр нь хоолны мөнгө, аюулгүй ажиллагааны зардал, ирэх очих тээврийн зардал гээд маш их нэмэлт зардал гардаг. Тэр хүмүүсийн оронд манай монгол залуус ажилладаг болчихвол сайн цалинтай ажил хийх бололцоо нээлттэй байгааг л хэлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Т.Энхтүвшин: Нефтийн үйлдвэрийн иргэний зориулалттай байгууламжууд энэ онд ашиглалтад орно DNN.mn


УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хэр урагштай явж байна вэ?

-2021 онд нэгдүгээр багцын буюу иргэний зориулалттай барилга байгууламжийн ажил эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. 2021 онд цар тахалтай холбоотойгоор Энэтхэгийн компани Тэньжиний боомт дээр ирсэн бараа бүтээгдэхүүнээ татаж авч чадаагүй, ажил удааширсан. Саяхан арав, арванхоёр, нэгдүгээр сард нэгдүгээр багцын ажилд шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ татаж авсан юм билээ. Энэ жил иргэний зориулалттай барилга байгууламж бүгд ашиглалтад орно гэсэн тооцоололттой байна. Тухайлбал, гал командын барилга, конторын барилга, ажилчин, албан хаагчдын ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхэд зориулсан 550 айлын орон сууц бүгд ашиглалтад орно. 2020 онд хийгдсэн ТЭЗҮ-ийн дагуу ажил нь хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар Алтанширээт суманд 100 гаруй энэтхэг, 200 гаруй монгол иргэд ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажил их эрчтэй явагдаж байгаа.

-Үүнээс гадна 800 км-ийн цаанаас газрын тосоо татна, нэг сая ам.долларын өр үүснэ зэрэг асуудлууд байна хэмээн мэргэжлийн зарим хүмүүс ярьсан байсан. Энэ тухайд?

-600 км-ийн цаанаас Дорнодын Тамсгаас газрын тосоо хоолойгоор татна.

Үүний ТЭЗҮ нь хийгдчихсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр тендер нь зарлагдаж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, Тамсгийн газрын тосноос хоолойгоор татна.

Энэтхэгийн Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа. Бид энэ үйлдвэрүүдээ 2025 онд ашиглалтад оруулахаар зорилго тавьчихсан. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан. Энэ үйлдвэр ашиглалтад орчихвол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, шатахууны хараат байдлаас салах бололцоо, боломж бий болно. Дотооддоо шатахуунаа боловсруулаад хэрэглэгч талд хүргэнэ гэдэг маш том амжилт. Шатахуун бол бүх юмны суурь үнэ болдог. Газар тариалан эрхэлсэн ч, барилга байгууламж барьсан ч, уул уурхайн олборлолт хийсэн ч нэн тэргүүнд шатахуун хэрэг болдог. Тиймээс суурь үнэ гэдэг учир 2025 онд ашиглалтад оруулахаар Засгийн газар нэлээн эрчтэй ажиллаж байна.

-Та хаврын чуулганаар ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?

-Хөдөө орон нутагт ажиллаж байсан долоон гишүүн хамтарч Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Зөрчлийн тухай хуулиар шийтгэлүүд их давхардаж ногддог. Тиймээс давхардсан арга хэмжээг больё гэж байгаа юм. Жишээ нь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол нэгдүгээрт, автомашинаа хураалгана. Хоёрдугаарт, торгуулна. Гуравдугаарт, эрхээ хасуулдаг шүү дээ. Тэгвэл энэ хуулиар эрх хасах ч гэдэг юмуу нэг төрлийн торгуулийг ногдуулахаар зохицуулж байгаа.

Хоёрдугаарт, аль болохоор сануулах арга хэмжээг хэрэглэе гэж байгаа юм. Зөрчлийн тухай хуульд байгаа тусгай зүйл ангиудад сануулах арга хэмжээг авъя. Тухайлбал, гарцгүй газраар зам хөндлөн гарах ч гэдэг юмуу, олон нийтийн газар шүлсээ хаях, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэгт сануулах арга хэмжээ авъя гэж байгаа.

Гуравдугаарт, орхигдсон зарим заалтуудыг Зөрчлийн тухай хуульд нэмж оруулж байна. Тухайлбал, сумын байгаль орчны байцаагч байгаль орчны гэдэг ч юмуу, уул уурхайн чиглэлээр байгаль орчинд сөрөг ноцтой олборлолт, ажил явуулахад мэдсээр байж арга хэмжээ аваагүй бол тухайн төрийн албан хаагчид хариуцлага тооцдог байхаар зохицуулж байна. Энэ нь төрийн албан хаагчдыг хариуцлагажуулж байгаа нэг хэлбэр. Хариуцсан ажлаа хийгээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог заалтуудыг оруулж байгаа.

Үүнээс гадна Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль дээр ажиллаж байна. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдчихвал Эрдэнэт, Дархан улсын зэрэглэлтэй хот болно. 30 мянгаас дээш хүн амтай сумдын статусыг дээшлүүлэх, хоёр, гурван мянгаас дээш хүн амтай багуудын статусыг тосгон болгох зэрэг өөрчлөлтүүд орж байгаа.

-Үнийн хөөрөгдлийн эсрэг авч хэрэгжүүлэх гарц гаргалгааг та хэрхэн харж байна?

-Дэлхий нийтээрээ л үнийн хөөрөгдөлд нэрвэгдэж байна. Тухайлбал, Туркэд мөнгөнийх нь ханш унаж байна. Дэлхийн бусад орнуудад ам.долларын ханш нэмэгдэж байгаа ч АНУ дотроо ам.долларын ханш нь унаж байна. Европт еврогийн ханш унаж байна. Монголд ч ялгаагүй байна. Энэ мэтээр цар тахал, дайнаас үүдэж бүх улсуудад инфляци хурдтай явагдаж байна. Засгийн газраас үнийг зохистой хэмжээнд байлгах, шатахуун, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгах хууль санаачилж УИХ-д өргөн барихаар боллоо. Монголчуудын өргөнөөр хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнийг зохистой хэмжээнд тогтвортой барих нь чухал байгаа юм. Тиймээс энэ хуулийг дэмжинэ гэсэн бодолтой байна.

Цар тахал, Украин-ОХУ-ын хооронд үүссэн дайн зэргээс гадна БНХАУ-ын хил хаалттай байна. Бид бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-аас л экспортолж авдаг шүү дээ. Бид хэдийгээр эрдэс баялаг уул уурхайн бүтээгдэхүүнээ олборлож байгаа ч экспортолж чадахгүй байна. Тиймээс экспортыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарах хэрэгтэй байна. Түүнчлэн төрийн компаниудаа олон нийтийн болгох, хувьцааг нь олон нийтэд нээлттэй арилжаалах ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна.

Үүнээс гадна Алт хөтөлбөрийг үргэлжлүүлэн явуулах хэрэгтэй. Учир нь алт бол валют олох хамгийн зөв гарц. Тиймээс Алт хөтөлбөрөө үргэлжлүүлж, алтны компаниудад зээл өгч олборлолтоо нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллах ёстой гэсэн хувь байр суурьтай байна.

Бид нүүрс, төмрийн хүдэр зэрэг мөнгө олдог бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй байна шүү дээ. Тиймээс хамгийн хурдан хугацаанд валют олж, валютын нөөцөө нэмэгдүүлэх бүтээгдэхүүн алт байгаа юм. Алтны үнэ дэлхийн зах зээлд түүхэн дээд үнэтэй байна.

Үүнээс гадна манай улсын малын тоо толгой таван төрлөөр өсч байна. Хоёрдугаарт, газар тариалангийн салбар сэргэчихсэн байна. Монгол Улс дотоодын гурилын хэрэгцээг 100 хувь хангаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын ярьж байгаагаар энэ жил газар тариалалт нэмэгдэх нь. Мөн дотоодынхоо хүнсний ногоог 100 хувь хангая гэдэг зорилтыг Хүнс, хөдөө аж ахуйн яам гаргасан байна. Үнэхээр дотоодынхоо хэрэгцээг хангачихвал бидэнд давуу байдал үүснэ.

-Төсөвт тодотгол хийх үү?

-УИХ-ын бүх гишүүд төсөвт тодотгол хийе гэж ярьж байгаа. Шаардлагагүй хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмбэлж, нэн шаардлагагүй бүтээн байгуулалтын ажлыг таная гэж байгаа.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Шарагчин үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 6. Лхагва (Буд) гариг, Билгийн тооллы 5, шарагчин үхэр, чөлөөт эх одтой, шарагчин үхэр өдөр.

Өдрийн наран 6:21цагт мандан, 19:28 цагт жаргана. Тухайн өдөр Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу. Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой. Өдрийн сайн цаг Могой (09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.

Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Тахлын дараах амьдрал​” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгойн нүүрснээс мөнгө завшиж
байсан бүлэглэлийг илрүүлнэ” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

Монголын ажил олгогч
эздийн нэгдсэн холбооны
гүйцэтгэх захирал
Х.Ганбаатар “Бид залуусаа
хэтэрхий эрх
танхи, дураараа
болгож
хүмүүжүүлснээс
ажлын байран
дээр гологдох
болсон” гэв.

УИХ-ын гишүүн асан, АН-ын хууль, эрх зүйн
бодлогын нарийн бичгийн
дарга О.Баасанхүү “Ширээний ард суугаад
аливаа асуудлаа ардчиллын зарчмаар
шийдээд явъя”
хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Тахлын дараах амьдрал” нийтлэл хэвлэгдлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Сандалтай суулт”-ын
зохион байгуулагч иргэн
О.Отгонтөгс “Авлига, албан
тушаалын тухай хуулийн
шийтгэл нь ял биш.
Энэ бол иллэг, массаж”
гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Украины 12 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай байна DNN.mn

Украины 12 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай гэвНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Украинд НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сангаас 60 сая ам.долларын тусламжийг нэн даруй гаргахаа мэдэгдсэн.

НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах албаны хийсэн судалгаагаар Украин Улсад 18 сая гаруй иргэн шууд өртөх эрсдэлтэй байгаа бөгөөд үүнээс 12 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай юм.

Үүнд нийт 1,139 наяд ам.долларын санхүүгийн эх үүсвэр шаардлагатай хэмээн тооцоолсон. Өнөөгийн байдлаар хүмүүнлэгийн хариу арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийн 41,1 хувь нь бүрдээд байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр Украин Улсын дүрвэгсдэд 200,000 ам. долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэв. Энэхүү тусламжийн 150,000 ам.долларыг НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сан, 50,000 ам.долларыг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоогоор дамжуулан олгоно.

Categories
гадаад мэдээ

Фейсбүүкт Буча хаштаг хэрэглэхийг хориглоно DNN.mn

Украины Буча хотод 300 орчим хүнийг бөөнөөр нь нэг булшинд оршуулсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг үйл явдалтай холбоотой аливаа хаштагийг фэйсбүүк дээр хэрэглэхийг түр хугацаанд хориглосон байна.

Фэйсбүүк болон инстаграм дээрх хүчирхийллийн дүрслэлийг сканердах үйлдэлтэй автомат системүүд нь “bucha”, “buchamassacre” зэрэг хаштагуудыг хориглоно гэж Метагийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоун хэллээ.

Фэйсбүүк, инстаграм платформууд нь хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй үйлдлийг олон нийтэд таниулах зорилгоор зарим дүрс бичлэг, хүчирхийллийн контентыг нийтлэхийг зөвшөөрдөг. Гэвч хэтэрхий ил тод, нүд хальтрам контентыг устгадаг байна. Түүнчлэн зарим контентыг үзэхийн өмнө анхааруулах тэмдэг гарч ирдэг.

Хүний эрхийн байгууллагууд Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотой хүчирхийллийн агуулга бүхий зураг, бичлэгийг устгаж буй Метагийн арга барилыг шүүмжилсэн. Тодруулбал, Мета компани 90 хоногийн дараа серверээсээ өгөгдлийг устгадаг нь дайны гэмт хэргийн чухал нотлох баримтуудыг устгаж байна гэж үзжээ.

Киевээс холгүйхэн орших Буча хотод болсон аймшигт аллага нь барууны орнуудын Москвагийн эсрэг авах хориг арга хэмжээг улам лавшруулах төлөвтэй байна.

Categories
гадаад мэдээ

Илон Маск Twitter хуудсын хамгийн том хувьцаа эзэмшигч боллоо DNN.mn

Тэрбумтан Илон Маск Twitter-ийн 9.2 хувийн хувьцааг худалдан авснаар компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь боллоо.

Илон Маск өнгөрсөн хугацаанд Twitter-ийн бодлогыг шүүмжилсээр ирсэн бөгөөд шинэ цахим платформ бүтээх талаар бодож буйгаа хэлээд байв.

Худалдан авсан хувьцааны хэмжээ нь Twitter дэх нөлөөллийг нь нэмэх тул бусад хувьцаа эзэмшигчид ч худалдаа хийж улмаар Twitter-ийн хувьцааны үнэ өссөн байна.

Илон Маск Twitter-ийн бодлого, хандлагыг өөрчлөхөөр оролдож байж магадгүй гэж зарим судлаачид үзэж буй.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тоо буурч 3.2 хувь болжээ DNN.mn

Хөдөлмөрийн чадвар алдалт буюу групп тогтоолгох ажил улсын хэмжээнд багагүй маргаан дагуулж ирсэн.

Тус асуудлыг цэгцлэх зорилгоор Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолоор Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг шинэчлэн батлуулж, комиссын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Мөн бусад холбогдох журам, заавар, өвчний жагсаалтыг 2021 онд нэг бүрчлэн шинэчлэн баталж, мөрдүүлж байна.

ХНХЯ-наас Хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, Авлигатай Тэмцэх Газар, цагдаагийн газар, Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах Төв Комисстой хамтран 2021 онд зохион байгуулж, 66 мянган хүнийг шалгаж, 3,600 зөрчил илрүүлэн, хоёр мянган хүний шийдвэрийг цуцалж, тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэсэн.

Энэ ажлын үр дүнд улсын хэмжээнд 2020 оны байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 110.4 мянга буюу нийт хүн амын 3.4 хувь эзэлж байсан бол 2021 оны эцэст 105.6 мянга буюу 5 мянгаар буурч, нийт хүн амд эзлэх хувь 3.2 боллоо.

ХНХЯ цаашид Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, ЭХМТК, бусад холбогдох байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо нь улсын дунджаас өндөр байгаа аймаг, дүүрэгт хяналт шалгалтыг дүрэмд заасны дагуу тогтмол хийх юм.

Мөн 2022 онд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна.