Categories
мэдээ цаг-үе

Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй бол дахин өгөх боломжтой DNN.mn

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын журмын нэгдүгээр зүйлийн 1.5, 1.6 дахь заалтыг үндэслэн 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин бүртгэлд хамрагдах боломжтой гэж БҮТ-өөс мэдээллээ.

Уг хичээлийн эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 2-нд авсан бөгөөд дүн оноог 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулах юм байна. Харин дахин шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-ны 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагчид eyesh.eec.mn линкээр бүртгүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод багийн “Эрдэнэтолгой” гэдэг газар 04.06-ны өдрийн 16:17 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 16:23 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Монголын эдийн засгийн чуулган-2022” болж байна DNN.mn

“Монголын эдийн засгийн чуулган-2022” – Шинэ сэргэлт уриан дор зохион байгуулагдаж байна. Тус чуулган өнөөдөр маргааш буюу энэ сарын 7-8-ны өдөр зохион байгуулагдана.

Чуулганаар төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Жагсаал цуглааны эсрэг бэлдээгүй DNN.mn

Өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэд үнийн өсөлтийг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулахаар болсон. Гэвч жагсаал зохион байгуулагчдын зүгээс жагсаалд нь улстөр орох магадлалтай. Тиймээс ирэх долоо хоногоос улстөргүй, цэвэр жагсаал зохион байгуулахын тулд хойшлуулсан гэж мэдэгдсэн юм.

Харин өнөөдөр цагдаа нарын бөөндөө жагсаж буй зураг цахим орчинд цацагдаж, “Үнийн өсөлтийн эсрэг жагсах иргэдийнхээ өмнөөс төр хүч хэрэглэх нь, Үймээн самуун бишдээ” гэхчлэн шүүмжлэл дагуулж байна.

Тэгвэл уг асуудалд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаа дотоодын цэргийн байгууллага зуны хувцсанд шилжсэнтэй холбогдуулан Жагсаалын үзлэг хийж байгаа юм” хэмээжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Баасанхүү: Ширээний ард суугаад аливаа асуудлаа ардчиллын зарчмаар шийдээд явъя DNN.mn

УИХ-ын гишүүн асан, АН-ын хууль, эрх зүйн бодлогын нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-АМ.ДОЛЛАР, ЮМНЫ ҮНЭ ӨСӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗАРТ АШИГТАЙ. ТИЙМЭЭС МОНГОЛБАНК ЗАСГИЙН ГАЗРЫН “ХОЙД ЭЭЖ” НЬ БАЙЖ, ХЯНАЛТ ТАВИХ, ЦААШЛААД ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ Ч ХӨНДӨХ ЭРХТЭЙ-


-Дээд шүүхийн шийдвэр гарч намын тамга, гэрчилгээ нэг талдаа гарлаа. Одоо намын даргыг өөрчлөхөөс эхлээд ажлууд хийгдэх байх. Цаашид ямар үйл ажиллагааг шуурхайлан хийхээр байна вэ?

-Цаашдын үйл ажиллагааг ярихаас өмнө нэг бодит үнэнийг хэлье. 2020 оны сонгуулиар АН ялагдал хүлээсэн. Ялагдсан учраас дүрмийн дагуу бүх шатны дарга, удирдлага, Үндэсний бодлогын хороогоо дахин шинэчилж, байгуулах ёстой байсан. Харамсалтай нь энэ үйл явдал болох гэж байтал тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга тэргүүтэй нөхөд намын дүрмийг өөрчилж, нэг хүнд үйлчилдэг нам болгох гэж явсан. Энэ асуудлаас үүдэлтэй маргаан өрнөж эхэлсэн. Нөгөөтэйгүүр манай нам 2020 оны сонгуульд ялагдсан хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, намын гол лидер гэж хэлж болох хүмүүсийг хууль, хяналтын байгууллагаар шалгах нэрийн дор тэр үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй хүмүүс сөрөг пиар хийсэн. Хоёрдугаарт, бололцоотой байж болох нэр дэвшигчдийн дор зохион байгуулалттай мөнгө төлж, санал хуваах ажлыг явуулсан. Тухайлбал, П.Галиндив болон Н.Алтанхуягийг ч юм уу. Ингэж улс төрийн явуулгаар намыг ялагдалд оруулсан. Одоо дүрэм өөрчлөгдсөн гэдэг утгаараа бид бүх шатандаа ротаци зарлаад Үндэсний бодлогын хороо болон намын бүх шатны удирдлагуудыг өөрчилнө. Үүнд намын одоогийн дарга ч орж байгаа. Энэ ажил үе шаттай хийгдээд явна.

-Энэ хавартаа багтаад танай намын даргын сунгаа явагдах уу?

-Тэрийг би сайн хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч манай намын дүрэм өөрчлөгдсөн, тодорхой болчихсон. Ямар нэгэн хуулийн маргаантай асуудал байхгүй. Тиймээс хуваарийн дагуу бүх аймаг, сумдын дарга, удирдлагуудыг өөрчилнө. Нэг зүйл хэлэхэд, одоо тэдний талын эд нарын талын нам гэдэг зүйл байхгүй. Тиймээс энэхүү ротацид Ардчилсан намын гишүүн бүхэн орно. Өөрөөр хэлбэл фракц, тал гэхгүйгээр бүгд л анхан шатны нэгждээ бүртгүүлээд дүрэм журмаараа сонгогдоно. -Энэ саналыг нөгөө талын нөхдүүд тань хүлээж авах уу. Тэр хүмүүстэй уулзаад одоо нам нэг талдаа болсон. Хэдүүлээ нэгдээд намынхаа дарга, удирдлагуудыг шинээр сонгоё гэдэг зүйлээ ярьсан уу?

-Анхнаасаа л бид, хоёр болж хуваагдсан зүйл байгаагүй. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдэг хүн нэг талд гарчихаад дунд нь өөрийнхөө гар хөлийн хүмүүсээ явуулж, хагаралдуулдаг, үйл ажиллагааг хоёр болгох ажлыг хийдэг байсан. Түүнээс биш бодит байдал дээр дүрэм журмынхаа хүрээнд ямар ч хагарал, маргалдаан байгаагүй. Нөгөөтэйгүүр нөгөө тал гэж яриад байгаа хүмүүст бидний зүгээс хангалттай буултыг хийсэн. Хийсээр ч байгаа. Тэр хүрээндээ уулзаж ярилцаад эцэст нь Улсын дээд шүүхээс асуудлыг нэг талд нь гаргалаа шүү дээ. Одоо бол ширээний ард суугаад аливаа асуудлаа ардчиллын зарчмаараа шийдээд явъя л гэж байгаа.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга 21 аймгаар тойроод сунгаа дуусаад дийлэнх олонхын санал авсан. Одоо энэхүү сунгааныхаа баримт, материалыг Дээд шүүхэд өгнө. Ингээд дахиад асуудал шүүх дээр үүсэх юм биш үү?

-Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэдэг шиг тэр хүн өөрийнхөө мөнгөөр ямар жүжиг тоглож байгаа нь өнөөдрийн Ардчилсан намд ямар ч хамаагүй. Нөгөөтэйгүүр Х.Баттулга гэдэг хүн Ардчилсан намын гишүүн биш. Учир нь хуульд Төрийн албан хаагч болох юм бол намаас түдгэлздэг. Төрийн албанаасаа буухаар намын гишүүнчлэл нь автоматаар шууд сэргэдэг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч болох юм бол намаасаа бүрмөсөн гарч, нам бус болдог. Ерөнхийлөгчөөсөө буугаад аль нэг намд орох хүсэлтээ дахин илэрхийлж шийдвэрлүүлдэг. Үнэхээр Х.Баттулга Ардчилсан намын гишүүн юм бол үнэмлэх, батлахаа харуулчих. Хэний гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй батлахтай юм. Тийм зүйл байхгүй. Ийм зарчимгүй асуудал Дээд шүүх дээр очоод шууд л унана. Үүнийг шүүх хүлээж авахгүй. Энэ өөрөө хуулийн асуудалтай, хууль зөрчсөн үйлдэл. Сунгаа хийхдээ нэг тэрбум төгрөг намын гишүүдэд зарцуулсан гэсэн. Үүнийг нь бид мэдэж байсан учраас эгэл жирийн намын гишүүд энэ хүнээс хэдэн төгрөг ч гэсэн аваад явбал зүгээр байх гэж харсан. Тэртэй тэргүй Дээд шүүх гэж байна, хууль гэж байна. Асуудал хуулийн хүрээнд шийдэгдэхээс хойш өнөөдөр энэ хүн мөнгөө үрээд 21 аймгаа тойроод аялаад ирсэн нь тэр хүний л асуудал.

-Нөгөө талаасаа энэ сунгаанд танай намын олон мянган гишүүд оролцож үг, үзэл бодлоо илэрхийллээ. Санал хураалтад Х.Баттулгад 113 мянган хүн саналаа өглөө гэж байгаа. Энэ олон хүмүүсийн эрх ашиг хамаагүй юу?

-113 мянган хүн санал өгсөн үү, 100 хүн санал өгсөн үү гэдгийг хянах ямар ч боломжгүй шүү дээ. Яагаад гэвэл өрсөлдөгч байхгүй сонгууль. Ж.Батсуурь гэдэг нь нэрээ татчихаар хөндлөнгийн талын хяналт байхгүй болчихно биз. Тэгэхээр Х.Баттулга гэдэг хүнд хичнээн хүн санал өгсөн бэ гэдгийг хянах, бодит тоо гаргаж ирэх ямар ч боломжгүй. Тэр хүн өөрөө тоогоо гаргаад ирсэн ч болно шүү дээ. Тэгэхээр энэ бол зүгээр хиймэл тоо.

-Хиймэл тоо гэснээс танай намын хоёр хуваагдсан байдлыг харахаар О.Цогтгэрэл талтай Ардчилсан намын гишүүд нь хамаагүй илүү байсан шүү дээ…

-Энд нэг зүйлийг ойлгох ёстой. 2020 оны сонгуулиар Ардчилсан нам ялагдсан. Улмаар бүх шатны дарга, удирдлагууд дүрмийнхээ дагуу ажлаа өгөх ёстой биз. Гэтэл тэр хүмүүс огцрохгүй, албан тушаалтайгаа үлдэхийн тулд хүний мөнгөн дээр тоглож, богино зайны улс төр хийсэн. Өөрөөр хэлбэл, нөгөө тал гэгдэх хүмүүс яаж олон болж харагдаад байна вэ гэхээр, энэ мэт богино зайны улс төр хийсэн нөхдүүдэд албан тушаалтайгаа үлдээ гэсэн наймааг ярьсан болохоор олон болж харагдаж байгаа юм. Удахгүй бид шинэ дүрмийнхээ хүрээнд намын Их хурлаа хийнэ. Хариуцлага үүрнэ гэдэг бол аль ч намд байдаг. Тэр дундаа намын дарга байсан хүн хариуцлагаа үүрээд явах нь тодорхой. Энэ бол цаг хугацааны л асуудал. Бидний үзэж байгаагаар бол энэ намраас бүх асуудал цэгцэрчих болов уу гэсэн хүлээлттэй сууна.

-Танай намын даргын сунгаанд нэр дэвших цөөнгүй хүмүүс байгаа байх аа. Та нэрээ дэвшүүлэх үү?

-Би нэр дэвшиж өрсөлдөхгүй ээ. Мэдээж намын гишүүн хэн ч байсан өрсөлдөж болно. Гэхдээ Х.Баттулга гэдэг хүн Ардчилсан намын гишүүн биш учраас энэ хаалга хаалттай байна. Бид дургүйдээ энэ хүнийг дэвшүүлэхгүй гэж хэлж байгаа юм биш. Эхлээд энэ хүн намын гишүүн болох ёстой.

-Та ер нь Ардчилсан намд яагаад ажиллах болсон юм бэ?

-Олон зүйлийг хэлж болно. Ерөнхийдөө Ардчилсан намыг сонгох гурван шалтгаан байсан. Тухайн үеийн Ардчилсан намаас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга тэргүүтэй хүмүүс энэ намыг зохион байгуулалттай булшлах ажлыг хийж эхэлсэн. Булшлаад суурин дээр нь өөрсдөө гарч ирэх санааг нь би мэдсэн. Тухайн үед сонгуулийн хуулийг Х.Баттулга өөрчилсөн. Шалтгаан нь Ардын намыг дахин 62 суудалтай болгох байсан. Би хувиа бодоод Ардын намд очоод албан тушаал аваад явах боломжтой л байсан. Гэхдээ эцсийн эцэст би улс төрд орохдоо өөрийгөө бодож ороогүй. Улс эх орныхоо төлөө, сөрөг хүчний дуу хоолой болох гэж орсон. Эрх баригчид ард түмнийг гутаан доромжилж байгаа үйлдлийг зогсоохын тулд улс төрд ганцаараа биш, олуулаа байх ёстой гэдэг зарчмаар эргээд Ардчилсан намынхаа гишүүнчлэлээ сэргээж орж ирсэн.

-Сөрөг хүчний хувьд эрх баригч намын үйл ажиллагааг шүүмжилдэг. Эрх баригч нам амаргүй үед төр удирдаж байна гэж байгаа. Хэрэв Ардчилсан нам 2020 оны сонгуульд олонх болсон бол өнөөгийн эрх баригчаас илүү байж чадах байсан уу?

-Хамаагүй илүү ажиллах байсан. Өнөөдөр эрх баригчдын амьдрал тасраад ард түмний амьдрал гутраад л явж байна шүү дээ. Ардын нам 2000 онд Төрөө хямралаас түмнээ ядуурлаас гаргана гэсэн. Сүүлд хамтдаа бүгдээрээ гоё хөгжье гэсэн. Тэгсэн атлаа бидний хүч дутаад байна, хамтдаа хүчээ нэгтгэе гэлээ. Хамгийн сүүлд шинээр гоё сэргэж амьдаръя гэдэг бас л нэг хоосон амлалт, уриа лоозон гаргаж ирээд явж байна. Манай нам ч байна уу, Ардын нам ч байна уу аль ч Засгийн газар гарч ирсэн ерөөсөө хоёр бүлэг ажлыг л хийчих хэрэгтэй. Нэгдүгээр бүлэгт нь эдийн засгаа хөгжүүлэх. Үүнд үнийн өсөлтийг барих, ханшийн өсөлтийг барих, төгрөгийн ханш өндөр байх, ажилгүйдлийг бууруулах, ядууралтай тэмцэх. Хоёр дахь бүлэгт нь гэмт хэрэгтэйгээ тэмцэх. Үүнд авлига, албан тушаалын гэмт хэрэг нь орно. Нөгөө хүчин, хулгай, дээрэм гээд бүгд орно. Ердөө энэ хоёр бүлэг ажлыг л хийж чадаж байгаа Засгийн газар бол сайн ажиллаж байна гэж үзнэ. Манай нам гарч ирсэн бол энэ хоёр бүлэг ажлыг хол илүү хийх байсан. Харамсалтай нь бид гучин жил нөгөө нэг дүлийгээ сонгоод сайн үр дүн гаргахыг нь одоог хүртэл хүлээгээд л сууж байна.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Сүүлийн үед үнэ, валютын өсөлт болон олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор. Танай нам энэ асуудлаар Засгийн газарт хэр шаардлага хүргүүлэн ажиллаж байна вэ?

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үнэхээр аймшигтай байна.

-Аймшигтай гэдэг нь…?

-Ямар ч ажил хийхгүй байна. Үнэхээр гутамшигтай ажиллаж байна. Нэг талаасаа бид өөрийгөө тайвшруулдаг. Юу гэхээр ард түмэн намайг Ардчилсан намыг сонгоогүй Ардын намыг ажилла гэсэн дээ гэж. Гэхдээ эд нарын ажиллаж байгааг нь хараад үнэхээр бухимдах зүйлүүд гарч ирж байна.

-Хоёулаа тухайлж ярья. Жишээ нь, шатахууны үнийн өсөлт дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Бензин, шатахууны үнийг буулгах ёстой. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ шатахууны үнийн өсөлтийг Украины дайнтай холбож өөрсдийгөө өмөөрөөд байна. Украины дайн үүнд ямар ч хамаагүй. Монгол, Орос хоёр зуун, зуун жилийн хамтын найрсаг, ахан дүүсийн харилцаатай хөрш орнууд. Орос, Энэтхэгийн харилцаанаас илүү Орос, Монголын харилцаа илүү дотно. Тэр утгаараа өнөөдөр шатахууны үнэ өсөөд байгаа асуудлаар оросуудтай очоод орос ах нарын аргаар уулзах ёстой. Тэдний хэлээр ярьдаг, хамт суугаад ганц нэг татчихдаг, хамт суугаад амьдрал ярьчихдаг, хамт суугаад зовлон жаргалаа хэлээд, үүх түүхээ хөөрөлдөөд суучих, тийм туршлагатай хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар томилж Орос руу явуулах ёстой. Тэр хүн нь тагнуултай нь ярьчихдаг, генералтай нь ярьчихдаг тийм л дипломатчдыг явуулах хэрэгтэй. Орос шиг л бай л даа гэдэг зарчмаар асуудалд хандаад үнээ буулгуулчих боломж байна. “Жаст”-ын Ш.Батхүүг би мэднэ. Мань нөхөр нэг найзтайгаа уулзаж тавин грамм татаж. Тэгсэн нөгөө найз нь чи энэ хэдэн вагон бензинийг авчих гэж л дээ. Тэгэхээр нь мань нөхөр шууд Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө зээлээд тэр бензинийг авчихаж.

Тухайн үед бензин өндөр үнэтэй, ховор байсан цаг. Ингээд хэдэн вагоноор нь шатахуун оруулж ирээд өөрөө ч баяжсан, улсад ч ашигтай ажилласан. Энэ мэт Орос руу очоод ингээд ярьчих хүн манайд цөөнгүй бий. Хөгширч үхчихээгүй бол Хангай, Санжийн Баяраас эхлээд олон хүн байна. Ийм хүмүүс явуулж, ярьж хэлэлцээр хийж байж бензин, шатахууны үнэ буурах боломжтой. Түүнээс биш Б.Батцэцэг шиг нэг хүүхэн очоод яриа хийж чадахгүй ээ. Мэдлэг боловсрол дутаж байна гэж хэлээгүй, аливаа зүйл харилцаан дээр тогтдог. Яаж ярих, яаж харилцахаас бүх зүйл шалтгаална шүү дээ. Нөгөөтэйгүүр “Жаст”-ын хэргийг хурдан дуусгамаар байна. Энэ хэрэг дуусчихвал Монгол Улс бензинээ 2000 төгрөгөөс доош авах боломж байгаа шүү. Би үлгэр яриагүй. Ийм нарийн зүйлүүд байдаг. Харамсалтай нь үүнийг шийдэхгүй, энэ чиглэлээрээ бодит ажил хийхгүй байна.

-Хөгжлийн банкны асуудал нийгэмд шуугиан болж байна. Энэ талаарх Засгийн газрын бодлогыг хэрхэн харж байна?

-Энд гурван асуудал бий. Нэгдүгээрт, төрийн 760 тэрбум төгрөгийг яах юм. Ямар ч хариулт байхгүй. Хоёрдугаарт, хувийн хэвшлийг өрөө төл гэж байна. Яаж төлөх юм. Төлөх боломжийг нь эд нар өөрсдөө хаачихсан. Өөрөөр хэлбэл, дансыг нь хаачихсан байхад яаж өрөө төлөх вэ. Өрөө төлье гэхээр төлүүлэхгүй гээд прокурор дээр хаагаад суучихаж байна. Ингэхээр яаж өрөө төлцгөөх юм. Өнөөдөр хууль мэдэхгүй, бодит байдлаа харж чадахгүй яриад байна. Өрийг нь төлүүлнэ гэх. Төлүүлж болно. Зээл гэдэг чинь гэмт хэрэг биш үү дээ. Өнөөдөр нэг иймэрхүү худлаа зүйл ярьж улс төрийн оноо авдгаа болих хэрэгтэй. Ерөнхий сайд Эрдэнэтийн 49 хувийг ярьж байна. Оросууд үүнийгээ буцааж авна гээд аль эрт яриад тохироод одоо зөвхөн Арбитрын шүүхийн шийдвэрийг л хүлээгээд сууж байгаа юм билээ. Одоо эд нар УИХ-ын тогтоол буруу гарсан гэж ярьж байна. Тухайн үед би энэ асуудлаар эсрэг кноп дарж байсан. Наад УИХ-ын тогтоол чинь буруу гарах гээд байна шүү гэж. Тэгтэл намайг сахал Эрдэнэбилэгийн тал гэдэг пиарыг Намбарын Энхбаяр хийж байсан. Одоо өөрсдөө үнэнд гүйцэгдсэн. УИХ-ын тогтоолоо хүчингүй болгохгүй бол Эрдэнэтийн 49 хувиа авч чадахгүй гэж байна. Эд нар ийм л гоомой зүйл хийдэг байхгүй юу.

-Эрх баригчид ард түмнийг хэмнэлтийн горимд орцгооё гэж уриалаад байгаа. Үнэхээр Монголын эдийн засагт улаан гэрэл асчихаад байна уу?

-Г.Занданшатар ард түмнийг ингэж доромжилж болохгүй. УИХ-ын дарга Засгийн газрыг шаардаж ажиллах ёстой болохоос ард түмнийг доромжилж болохгүй. Монголбанкаа ханшаа буулга гэж шаардаж байх ёстой. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд Монголбанкны ерөнхийлөгчийг цээжээрээ хамгаална гэж байна. Уучлаарай, Монголбанк бол Засгийн газрын “Хойд ээж” байх ёстой. Засгийн газартай хэзээ ч нэг өвөр түрийндээ орж болдоггүй. Дэлхий дээр ийм жишиг байхгүй. Ерөнхий сайд нь Монголбанкны Ерөнхийлөгчийг өмгөөлж, хамгаалж байна гэдэг бол цаанаа ашиг сонирхлын зөрчил байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр Шинэ сэргэлтийн бодлого гэж бас худлаа хоосон зүйл гаргаж ирчихээд бодит байдал дээр эдийн засгаа огт өсгөхгүй байна. Үнэхээр өсгөе гэж байгаа юм бол энэ төмөр замаа хурдан барь л даа. Үүнийг гацаасан зарим улстөрчид байгаа гэж зарлаад байна. Яг хэн юм, нэртэй устай нь хэлээч. Худлаа, энэ бол мөсөн уулын оргил гэх. Шууд хэл. Ерөнхий сайд хэн ямар хулгайч вэ гэдгээ мэдэж байгаа бол шууд хэл. Хэлж чадахгүй бол мөсөн уулын оргил гэсэн зүйлүүд ярих ямар ч шаардлагагүй. Ингэж дунд нь яс хаяж ард түмнийг хагаралдуулах ёсгүй. Л.Оюун-Эрдэнэд юу л байна эрх мэдэл байна. Буруутайг нь хууль, шүүхийн байгууллагаар шалгуулаад буруугүйг нь ажлыг нь сайн хийлгэх тал дээр чиглэл өгөөд явах бүрэн боломж байна. Зүгээр тайлбар тавилгүй ажлаа хий л дээ. Ингэж төрийг чадамжгүй байдал руу битгий оруул. Сүр Данзан байх буруу шүү.

-Монголбанк, Засгийн газар өвөр түрийндээ орж огт болохгүй гэлээ. Яагаад уялдаа холбоотой ажиллаж болохгүй юм?

-Дэлхий дээр тийм туршлага байхгүй. Яагаад ч холбогдож болохгүй хоёр байгууллага. Яагаад гэвэл Сангийн яам гэж байна. Төсөв гэж байна. Монголбанк бол төсвөөс тусдаа байгууллага. Тэд өөрсдөө төсвөө босгох, хараат бус байх үүрэгтэй. Юмны үнэ өсч байгаа нь Сангийн яам, Засгийн газарт ашигтай. Яагаад гэвэл 1000 төгрөгийн татвар гэж 10 хувийг нь авах, 3000 төгрөгийн татвар гэж 10 хувийг нь авах илүү ашигтай биз. Ингэж татварынхаа хэмжээгээр мөнгө орж ирнэ. Орж ирсэн мөнгөөрөө төсвөө бүрдүүлнэ. Тиймээс Засгийн газарт ашигтай. Үүний эсрэг Монголбанк зогсдог. Үнийн өсөлтөөс шалтгаалж ханшийн уналт болно. Улмаар инфляци бий болно. Ам.долларын ханш өснө. Ийм үйлдэл болохоос урьдчилан сэргийлэх үүднээс Монголбанк УИХ-тай нийлж Засгийн газарт хяналт тавьдаг байгууллага. Улмаар огцруулах шаардлагыг Монголбанк гаргадаг, энэ Засгийн газар ажиллаж чадахгүй байна гэж. Ийм үүрэг чиглэлтэй байгууллага болохоос биш Ерөнхий сайдын ивээл дор байдаг газар биш ээ.

-Ам.долларын ханш бусад юмны үнэ өдөр ирэх тусам өсч байна. Энэ асуудлаар авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг та шүүмжилж байна. Та түрүүн хэллээ. Ханш өсөх нь Засгийн газарт ашигтай гэж…

-Та түрийвчин доторх мөнгөө гаргаж ирээд хэний гарын үсэг байгааг нэг харчихаарай. Дандаа Баярсайхан гэх нөхрийн гарын үсэг байгаа. Энэ хүний үед Монголбанк ямар их мөнгө хэвлүүлсэн юм бэ. Мөнгө хэвлүүлнэ гэдэг эдийн засагт асар их сөрөг үр дагаврыг авчирдаг. Баярсайханы өмнөх Золжаргалын гарын үсэгтэй мөнгө байна уу, цөөхөн л бий байх. Энэ бол валютын ханш өссөн гол шалтгаан. Үүнд хариуцлага тооцох ёстой. Засгийн газар нь үүнийгээ тогтож ярих учиртай. Түүнээс биш төгрөгийн ханшийн уналт Хятад хилээ хааснаас, эсвэл Украин Оросын хоорондох дайнаас болоогүй ээ. Гол зүйл нь юу байна вэ гэдгийг эдийн засгийн шинжээч дээр гаргуулж ирэх хэрэгтэй. Хөгжлийн банкны асуудал дээр ч гэсэн валютын өсөлтөөс болоод иргэд хохирч байна. Ханшийг хэн барих ёстой юм гэвэл Монголбанк. Одоо ам.доллар хэд хүрчихээд байна. Үүнийг өмөөрөөд байх асуудал мөн үү. Ерөнхий сайдад үнэхээр мэргэжлийн хүн олдохгүй бол бусад мэргэжлийн хүмүүстээ нам харгалзахгүй ханд л даа. Одоо танай, манай нам гэхээс илүү Монгол Улсын төлөө хамтдаа зүтгэхгүй бол болохгүй цаг үе ирээд байна шүү дээ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

АНУ Путины охидыг эдийн засгийн хоригт орууллаа DNN.mn

Оросын эсрэг авч буй нэмэлт хоригийн жагсаалтад Владимир Путины ойрын хүрээнийхэн, тэр дундаа охидынх нэр багтсан болохыг Цагаан ордноос мэдээлжээ. Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын гэр бүлийг ч жагсаалтад нэмжээ. Путины насанд хүрсэн охид болох Катерина Тихонова, Мария Воронцова нарыг эцгийнхээ нуугдмал хөрөнгийг хянах, удирдах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байж болзошгүй үндэслэлээр хоригт оруулжээ.

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар Катерина Тихоноваг нь Оросын Батлан хамгаалах салбарыг дэмждэг технологийн компанид удирдах алба хашдаг бол Мария Воронцова генетикийн судалгааны чиглэлээр ажилладаг төрийн санхүүжилттэй хөтөлбөрүүдийг удирддаг аж.

Оросын цэргүүд Украины Буча хотод энгийн иргэдийг хомроглон устгасан байж болзошгүй тухай мэдээлэл гарсны дараа АНУ болон ЕХ-ны зүгээс нэмэлт хориг арга хэмжээ авахаа зарласан юм. Цагаан ордны зүгээс Оросын Сбербанк болон Альфа банкны АНУ-ын санхүүгийн системтэй холбоотой аливаа хөрөнгийг царцаах шийдвэр гаргалаа. Одоо Америкийн иргэд, компаниуд эдгээр банкууд болон тэдний охин компаниудтай харилцах нь хориотой болж буй.

Categories
мэдээ цаг-үе

Аудит: Эмийн үнэ олон улсын жишиг үнэтэй харьцуулахад өндөр байна DNN.mn


Төрийн аудитын байгууллагаас Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Тус аудитаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлого хэрэгжсэнээр хүн амын өвчлөл буурч, эмийн зохистой хэрэглээ төлөвшсөн эсэх, мөн хүн амын эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, түгээх тогтолцоо бүрдсэн эсэхийг тус тус хянаж үзсэн байна. Салбарын тогтвортой хөгжлийг хангасан систем бүрдээгүй, бодлогын хувьд залгамж чанар алдагдсанаас үүдэн Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаагүй, үр дүнг үнэлээгүй байгаа аж.

Мөн хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй хангах ил тод, дүн шинжилгээнд суурилсан, хяналттай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.

Тайлантай ЭНД дарж танилцана уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дамбадаржаа: Ард иргэдээ хэмнэ гэж загнаж байхаар өөрсдийн унадаг том том жийпнүүдээ багасга DNN.mn

Сүхбаатарын талбайд болсон, “Сандалтай суулт”-д нэгдэв. Тэд үнийн өсөлтийн эсрэг болон хоёр жил хөл хорио гэж гэртээ суусан иргэдийг хэмнэлтийн горимд шилж гэж хэлсэн УИХ-ын даргыг болон авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн шийтгэлийг чангатгахыг уриалж буй юм. Энэхүү жагсаалд нэгдэж буй иргэн Г.Дамбадаржаатай ярилцлаа.


-Энэ жагсаалд та ямар зорилготой ирэв?

-Үнийн өсөлт тэнгэрт тулж, төгрөгийн ханш газарт шигдээд байна. Сард 100 мянган төгрөгөөр хүнс авдаг байсан бол одоо яг тэр хүнсээ бараг 200 мянган төгрөгөөр авч таараад байна. Түүнд маш их бухимдаж байна. Төр засаг нь ямар ч арга хэмжээ авахгүй юм. Тэгснээ ард иргэдээ хэмнэлтийн горимд шилж гэнэ үү. Өөрсдөө хэмнэж байгаа юм уу тэгээд.

-Таныг энд сууж байх хугацаанд төрийн ордноос ямар нэгэн төлөөлөгч гарч ирж бичиг шаардлага авъя гэв үү?

-Би өнөө өглөө (өчигдөр) 10:00 цагаас хойш суулаа. Ямар нэгэн байдлаар гарч ирж уулзсан хүн байхгүй. Ард иргэдээ хэмнэ гэж загнаж байхаар өөрсдийн унадаг том том жийпнүүдээ багасга. Нэг дарга нь явахаар дагаж хэдэн машин явдаг билээ. Ард иргэд нь бүсээ чангалчихаад байхад л хэмнэ гээд байдаг. Тэд өөрсдөө хэмнэвэл хэмнэх зүйл зөндөө байна. Хэрэггүй баахан дэд сайдуудаа болиул. Дарга, зөвлөхүүдийн хангамж гэх зардлаа хас. Утга учиргүй олон төрийн өмчийн гэсэн нэртэй компаниуд байна. Түүнийгээ нэг тал руу нь гаргаж цэгцэл. Хэмнэе гэвэл зөндөө л зүйл байна. Хэрэгтэй хэрэггүй баахан хөшөө барьдаг, бензин их зардаг жийпнүүдээ багасгаж өөрсдөө хэмнэмээр байгаа юм.

-Ард иргэдийг яг юугаа хэмнэ гээд байгаа юм бол. Хоёр жил хөл хорионд ямар ч цалин мөнгөгүй байсан хүмүүст хэмнэх зүйл үлдсэн юм болов уу?

-Одоо ард иргэдэд ганцхан идэж ууж байгаа хоол хүнс л байна шүү дээ. Өмнө нь бол 800.000-1 сая төгрөгийн цалин аваад 300-400 мянгад нь хувцас аваад өмсчихдөг байлаа. Одоо нөгөө мөнгө нь хоол хүнсэндээ л таарч байна. Хувцас хунар, хүүхдүүддээ илүүчилдэг байсан тав гурван цаас илүү гарахаа байсан. Төгрөгийн ханш навс уначихаар тийм байдалд хүрдэг юм байна. Нэг харьцуулсан зураг яваад байсан шүү дээ. Тийм зүйл дээр л залуу хүний хувьд бухимдаад байна.

-Жагсаалын зорилго юу вэ. Төр засгаас ямар шийдвэр хүлээж байна вэ?

-Өмнөх жагсаалуудыг хараад байхад ямар нэгэн нам хүчний оролцоотой байдаг. Дандаа тэтгэвэртээ гараад гэртээ суучихсан хөгшчүүд ихэвчлэн мөнгөний төлөө оролцоод байх шиг анзаарагддаг. Энэ жагсаалыг харахад ихэнх нь залуучууд байгаад бахархаж байна. Залуучууд нэгдэж, оролцоо нь нэмэгдэж байж дундаасаа шийдлээ яриад шаардлагаа гаргах хэрэгтэй. Тэгэхгүй тус тусдаа нэг нь огцор, нэг нь тар гээд өөр өөр юм яриад байж болохгүй. Хоорондоо ярилцаад огцруулах юм уу үгүй юү, хуулинд нь өөрчлөлт оруулбал яаж ямар өөрчлөлт оруулах гэх мэт байдлаар оролцоо их болчихвол чухал. Өмнөх жагсаалуудыг хараад байхад оролцоо ихтэй, нэг дуугаар хүчтэй массаа илэрхийлчихээр хүлээж аваад байсан юм байна. Энд ирсэн хүмүүсийн ихэнх нь залуус байгаад би олзуурхаж л байна.

-Та хэзээг хүртэл ингэж суух вэ?

-Нэг шийдэлд хүртэл сууя л гэж бодож байна. Урин дулаан цаг ч ирчихлээ. Тэгэхээр суусан ч доороосоо даарч хөрч жиндээд байхааргүй болж. Төр засгаас ямар нэгэн хариу иртэл сууя л гэж бодож байна гэв.

“Сандалтай суулт”-ыг зохион байгуулагч, иргэн О.Отгонтөгс ярихдаа “Авлига, албан тушаалын хэрэгт хүлээлгэх хариуцлага нь 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жилийн хугацаанд хязгаарладаг. Мөн 2-8 жил хорьдог ялтай. Гэхдээ энэ бол ял биш, иллэг. Төрийн албанд ажиллаад, хэдэн тэрбумыг идчихээд 40 саяар торгуулна гэвэл хэн ч дуртай хүлээж авна. Бүх насаараа идэх мөнгөө замын хашлага солиод л хийчихнэ. Энэхүү хуулийн заалт өөрчлөгдөж байж л энэ байдал өөрчлөгдөнө. Өнгөрсөн хоёр жилийн асуудлыг “Ковид-19” рүү, одоо үнийн өсөлтийг хил гааль, дайн руу чихэж байна. Тэгснээ иргэдийг бүсээ чангал гэж байна. Энд байгаа хүмүүст хэмнэх юу ч байхгүй. Ийм байдалд хүргэсэн хүмүүст хариуцлага тооцох гэхээр хууль байхгүй” хэмээв.

“Сандалтай суулт” өчигдөр 16:00 цаг хүртэл үргэлжиллээ. Өнөөдөр дахин 10:00-16:00 цагт үргэлжлэх юм. Энэхүү суулт үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй хүн бүрд нээлттэй аж.

Мөн иргэн О.Хонгорзул “Утасны цаанаас орилохоо больё. Бодитоороо оролцож, үг, үзэл бодлоо илэрхийлье гэж уриалмаар байна. Нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхий л зүйлд маш бухимддаг байсан. Өнөөдөр харин зорьж ирлээ. Нийгэм ямар байгааг хүн бүр л харж байна, үүнийг дуугүй тэвчилгүйгээр илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө нэгдэж байгаа” гэсэн юм.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаан бар өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 7, Бархасбадь гариг. Билгийн тооллын 6, гөрөөсөн толгой одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 6:19 цагт мандан, 19:30 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгороор 6-11 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.