Categories
гадаад мэдээ

НҮБ ОХУ-ын яаралтай хуралдах хүсэлтийг хүлээн авлаа || DNN.mn

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баасан гаригт яаралтай хуралдаж, Украинд биологийн зэвсэг бүтээх ажлыг АНУ санхүүжүүлж байна гэсэн Оросын мэдэгдлийг хэлэлцэхээр болжээ.

Хуралдах хүсэлтийг Орос улс гаргасан бөгөөд үүнийг нь барууны орнууд Орос улс цаашид өөрөө Украинд биологийн болон химийн зэвсэг ашиглаж болзошгүйгээ зөвтгөхийн тулд санаанаасаа зохиож байна гэж үзэж байна.

Өмнө нь Украины Ерөнхийлөгч Украин ийм төрлийн зэвсэг үйлдвэрлэдэггүй хэмээн няцааж, Оросыг Украины энгийн иргэдэд хэрэглэхээр бэлтгэж байна гэж буруутгаж байсан. НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч хурлын тухай мэдээлэлд Орос улс “дэлхий дахиныг хуурах, эсвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг худал мэдээлэл түгээх газар болгон ашиглахыг” эрмэлзэж байна гэсэн хариу өгчээ.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийслэлд дархлаажуулалтын 35 цэг ажиллана || DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 35 цэг ажиллана. Иргэд өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 7-10-ны өдрүүдэд зам тээврийн ослоор 11 хүн амиа алджээ || DNN.mn

Гуравдугаар сарын 07-10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт зам тээврийн ослын 1345 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1028 дуудлага мэдээллийг шийдвэрлэн ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж бэртсэний 11 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас 11 хүний амь хохирсны хоёр нь нийслэлд, орон нутагт есөн хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 15 осол бүртгэгдэж, 16 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 6 хүний амь хохирсон байна.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 3 хүний амь хохирсон.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 12 осол бүртгэгдэж 11 хүүхэд гэмтэж, 2 хүүхдийн амь хохирсон байна. Хүүхдийн автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, суудлыг бүсийг зүүж хэвшүүлэх шаардлагатай байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам тээврийн осолд өртсөн тохиолдолд гэмтсэн эсэхээс үл хамааран 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөх талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж сургахыг зөвлөж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

МУ-ын ЗХД-ийн Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг
27.2. б “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”-аар үүрэгжүүлэн өгсөн байдаг. Иймд иргэд та бүхэн бие биедээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “DUNE буюу Манхан” /I дэвтэр/

Фрэнк Херберт гэдэг зохиолчийн “Манхан” хэмээх уран зөгнөлт номыг “Болор судар” хэвлэлийн газраас орчуулан гаргалаа. Уг ном жараад оны үед зохиогдсон бөгөөд “Оддын дайн” кино гарахад ихээхэн нэмэр болсон гэж ярьцгаадаг. Мөн “Манхан” нэртэй кино хоёр ч удаа хийгдсэн байна. Сая 2021 онд бүтээгдсэн “DUNE буюу Манхан” кино дуу дүрс, зураг авалт болон үйл явдлаар тасархай сайн болсон гэцгээж байгаа. Уг кино “Оскар” шагналд олон номинациар нэр дэвшчихээд байгаа билээ. Энэ бүхнийг үл үгүүлэн юуны тухай гардаг ном бэ гэдгийг товч танилцуулъя. Галлактикийн цөлийн гариг Арракист хүний насыг уртасгадаг бодис элсэн цөлөөс нь олдсон. Үүнийг зохиомлоор хийх арга үгүй учир ихэд үнэд хүрдэг аж. Галлактикийн эзэнт гүрний эзэн хаан энэ гаригийг 90 жил эзэмшиж байсан барон Харконненыг буулган гүн Атрейдест эзэмшүүлэхээр болно. Ингэснээрээ эзэн хаан эртний сурвалжтай хоёр том овгийг хооронд нь тэмцэлдүүлэн сульдуулах, нэгээр нь нэгийг дарах, болж өгвөл хоёуланг нь дарах хэтийн бодол агуулжээ. Тэр гариг нь цул элсэн цөл бөгөөд элсний хорхойнуудын бүрэн эзэмшилд байдаг гариг аж. Элсний хорхойнууд их том бөгөөд хамгийн том нь 200-гаас 400 метрт ч хүрэх удаа байдаг. Ил ус байхгүй, зөвхөн хөрсөн дороо устай, байгаль амьтны ядуухан зохицолтой гариг. Элсэн цөлд хүн амьдардаг бөгөөд тэднийг фремен хүн гэх аж. Тэдний нүд цагаан байхгүй, дан цэнхэр харагдана,бас их туранхай гозгор хүмүүс бөгөөд нөгөө бодисны нөлөөгөөр ингэж өөрчлөгджээ. Тэд дэлхийн хүмүүсийн холын садан бөгөөд дэлхийн хэлээр ярилцана.Гүн татвар эм болох Жессика болон түүнээс гарсан хүү 15 настай Полтойгоо уг гаригт очно. Гүн гэрлээгүй, яагаад гэвэл залуу охинтой бусад бүлгүүдтэй сайн харилцахын тулд тэр билээ. Гүнгийн хатнаар охиноо явуулчих ч юм бил үү гэсэн горьдлого байнга төрүүлж байхын тулд ингэж шийдсэн юм. Түүнээс татвар эм болох Жессикадаа хайртай, удам залгах хүүг нь төрүүлж өгсөн болохоор их хатнаас ч илүү хүндэтгэн үзнэ. Жессика эртний нууц бүлгэмээр хүмүүжсэн түүний идэвхтэй гишүүн. Тэр бүлгэм нь хаан төр язгууртнуудын хоорондын элдэв тэмцэл дайсагналын эсрэг ажилладаг байгууллага аж. Бүлгэм уг нь охин гаргахыг тушаасан боловч Жессика өөрийн дураар хүү төрүүлжээ. Бүлгэм охин төрүүлж бароны хүүг түүнтэй суулган эртний сайн удамт хоёр гэр бүлийг эвлэрүүлэхийг төлөвлөж байсан нь ийнхүү бүтэлгүйтсэн. Гэвч уг бүлгэмийн домог болгон зөгнөн ярилцдаг эрэгтэй удирдагч мөн байж магадгүй гэсэн горьдлого ээжид нь байдаг. Манханы ард түмэн ийм удирдагч одоо мөдхөн төрж биднийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлнө гэж мөрөөдөн ярилцана.Тэд энэ хүнийг Мауд Даби хэмээн нэрлэх авай. Гүнгийнхэн шинэ гаригт дөнгөж сууршин элсний бодис олборлож эхэлнэ. Нутгийн ард олонд өөрсдийгөө энэрэнгүй гэсэн сурталчилгаа хийлгэнэ. Ард олны дэмжлэг авах гэж тэр юм. Энэ гаригт ирж урт наслуулдаг бодисын уурхайг эрхшээнэ гэдэг бол бараг л эзэн хааны дараахь хүн болж байгаатай адил юм. Яагаад гэвэл тэр бодис маш үнэтэй. Түүний ердөө чимххэн хэмжээгээр л эзэнт гүрний нийслэлд гурван өрөө байр авч хүрнэ. Гэвч нэг шөнө гаригт нууцаар нэвтэрсэн бароны дайралт цахилгаан мэт болж өнгөрөн гүнг алж, эхнэр охин хоёрыг нь цөлд аваачин хаяхаар болно. Дайралт хийхдээ гүнтэний эмчийг өөрсдөө элсүүлэн авсан байдаг бөгөөд тэр эмч нь бароныг мэдээ алдуулан унтуулна. Унтуулахдаа түүний аманд хортой хиймэл шүд суулгана. Түүгээр бароныг алахыг захина. Эмч нь хүү, эхнэр хоёрыг унтуулан дайсных нь гарт өгнө. Сэрэхэд аль хэзээний дайсныхаа хөлөгт явах бөгөөд хүү ээжийнхээ амны таглааг авахуулахын тулд дуу хоолойгоор захирах арга хэрэглэн харуулуудад тушаал өгнө. Эхлээд харуул үл тоох ч нэг харуулыг ховсдож дөнгөнө. Тэр хатагтайн амны хаалтыг авчихдаг. Бараг биелсэн шулам гэж хэлж болохоор эрдэм мэдлэг, илбэ шидтэй хатагтай тэднийг шууд дуу хоолойгоор ховсдох аргаараа тушаан амиа аварч чадна. Эхний бүлэг товчхондоо энэ, дараагийн бүлэг нь хэвлэгдэн гарахаар та бүхэнд юу болох тухай бичиж өгнө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Академич, доктор хоёрын монгол брахми бичгийн талаарх хөөрөлдөөн || DNN.mn

Хүйс толгойн монгол брахми бичгийг тайлж монголчуудын бичиг үсгийн түүхийг урагшлуулсан, нэрт эрдэмтэн Солонгод Л.Хурцбаатар багш өдгөө 80 гаруй хүнд монгол брахми бичгийг заан сургаж, “Монгол Брахми Бичгийн Олон Улсын Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг”-ийг байгуулаад байна. Тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын Конгрессын Номын Сангийн Ази, Ойрхи Дорнодын хэлтсийн номын санч, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ болон монгол брахми бичгийн ангийн төгсөгчдийн төлөөлөлүүд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоо багшид хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр төгсөгчдийн төлөөлөл Л.Хурцбаатар багшийн сүүлд хэвлүүлсэн “Монгол брахми бичгийг түргэн сурах бичиг”, “Хаан бичиг: Өвөг монгол хэл-Монгол брахми бичиг” зэрэг номын дээжийг номын буян шинийн саран мэт дэлгэрэх болтугай хэмээн өргөн барьсан юм.

Академич Д.Төмөртогоо, доктор М.Саруул-Эрдэнэ нарын хөөрөлдөөнийг хүргэж байна.


М.Саруул-Эрдэнэ: -Монгол брахми бичгийн судалгаа бас чиг овоо ахилаа. Хурцбаатар багшийн энэ номд жишээ нь брахми монгол бичгийн дурсгалын авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй, үгийн сангийн онцлогийг тодорхойлов. Яг л таны судалгаа. Ер нь бид цаашид юуг анхаарах хэрэгтэй вэ?

Д.Төмөртогоо: -Энэ дурсгал бол монгол хэлний дурсгал гэдгийг батлах нь л хамгийн чухал. Уншихаасаа илүү энэ нь эхний зүйл. Хэт их зарлах бол дэмий. Эхлээд монгол гэлгээ баталж аваад, үргэлжлүүлээд л сайн уншаад байх хэрэгтэй. Жишээлбэл, Киданы дурсгалыг ер уншиж мэдэхгүй байлаа шүү дээ. Тэгтэл анх Орост 1962, 1963 онд тэр үеийн ЭВМ гэдэг электрон машин буюу компьютероор бүтцийг нь гаргаад авсан, тэгээд бүтцээр нь монгол хэлний дурсгал гэж анх 1964 онд зарлаж байв. Үүгээр хаанахын, ямар хэлээр бичив гэдэг маргаан тасраад монгол хэлний судалгаа явж эхэлсэн түүхтэй.

Үүний адилаар Хүйс толгойн бичээсийг монгол хэлний дурсгал гэдгийг нь хэлний баримтаар батлах нь эн тэргүүний асуудал. Чухам бүрэн бүтэн, үг бүрчлэн унших нь амар асуудал биш. Жишээ нь, “Чингисийн чулууны бичиг” монгол бичгээр хэдхэн мөр бичиг. Тэрийг зуугаад жил уншсан ч одоо хүртэл бүрэн тайлаагүй, яг эцсийн мөрдөх хувилбар гэж гараагүй л байна. Монгол бичгээрх, 1200-гаад оны тэр дурсгалыг тэгж байгаа юм чинь бүр хавьгүй эртний дурсгалыг уншина гэдэг бол их олон жил үргэлжлэх ажил. Гэхдээ Л.Хурцбаатар энийг маш сайн хийж байна. Үүнд, Хурцбаатарын арга зүй сайн байгаа нь нөлөөлж байгаа хэрэг.

М.Саруул-Эрдэнэ: -Хурцбаатар багшийн нэг сайн юм нь брахми бичгийг өмнө нь тохариуд авахдаа энэ үсгийг ингэж аваад ингэж тэмдэглэсэн байна, согдууд харин ингэж хэмээн харьцуулан, монгол брахми бичигт бол энэ хэмээн тодруулан гаргаж ирсэнд оршино.

Д.Төмөртогоо: -Тэр маш зөв. Жишээлбэл, тэр Кидан бичгийг уншихад тангуд бичгийг унших шаардлагатай байв. Тангуд бичиг, жүрчин бичиг хоёрыг уншсан туршлага л гол тулгуур болсон юм. Хэрэв тэгж харьцуулсан бол их сайн. Цоо шинээр зохиож унших биш. Миний ойлголтоор бол брахми бичиг их олон хувилбартай. Энэтхэг хэлнүүдэд зориулсан, төвөд хэлэнд, Азийн хэлнүүдэд зориулсан гээд нэлээд олон хувилбар бий.

М.Саруул-Эрдэнэ: -Тийм шүү. Тэр хувилбаруудаас нь гэх үү дээ, төвөдтэй, эсвэл дөрвөлжин бичиг уншдаг хүнд бол брахми монгол бичиг сурах, уншихад тун дөхөмтэй юм билээ. Үеэр бичих тогтолцоо нь адил. Тэгээд бодохоор брахми бичгийг авсан, одоо ч тэрийгээ хэрэглэсээр буй төвөд нараас монголчууд бид өмнө энэхүү бичгийг аваад бичиг үйлдэж байсан гэхээр их сонин юм.

Д.Төмөртогоо: -Тэгэлгүй яахав. Тэгэхээр Монголд брахми бичиг нэвтрэх ямар суваг, харилцаа байв гэдгийг түүхэн талаас нь бас судлах хэрэгтэй. Энэ маш сонин төдийгүй ач холбогдлын хувьд үнэхээр өндөр судалгаа болох юм. Судлахаасаа өмнө манайхны зарим хүн шуугиан болгоод, буруу зөрүү зарлаад л явах юм. Мэргэжлийн судалгаа л чухал.

М.Саруул-Эрдэнэ: -Зөв, зөв. Л.Хурцбаатар багш сүүлийн таван жил дараалан брахми монгол бичигтэй холбоотой найман ном гаргалаа. Таны хэлдгээр өөрөө судлах унших арга зүйгээ олчихсон, эргээд бусдыг сургах аргаа тодорхойлж, бие даан сурах арга зүйг нь бас их амар болгоод гаргаад өгчихсөн юм. Энэ аргаараа ная гаруй судлаачид брахми монгол бичгийг заав. Одоо жишээ нь танд үүнийг үзүүлбэл (номыг нь харуулав) яг хөшөөн дээрээ ямар байдалтай байгааг өөр өнгөөр, фонт болгон сэргээвэл бас нэг өнгөөр, галиг нь араас нь гэх мэтээр маш ойлгомжтой. Хурцбаатар багш бол зөвхөн Хүйс толгойн бичээсийн агуулгыг уншаад зогссонгүй, хамгийн гайхамшигтай нь монгол брахми бичгийн хэл зүйг ганцаар судалж тодорхойлсонд оршиж байгаа юм.

Д.Төмөртогоо: -Манай Хурцаа ийм нарийн сайн аргатай. Энэ бол Германаас, Хайссиг багш нараас сурсан арга байх аа.

М.Саруул-Эрдэнэ: -Тийм байх. Тэгээд бид сая хамтарч Брахми монгол бичгийг судлах нийгэмлэг байгууллаа. Германд төрийн бус байгууллага байгуулах чинь бас яггүй юм байна. АНУ-д бол их чөлөөтэй байдаг юм. Германд өөр байна. Маш нарийн шалгаж байж тамга тэмдэг олгодог юм байна. Одоо үйл ажиллагаагаа эхэлсэн.

Д.Төмөртогоо: -Дитер Мауэ-гийн хийсэн үйл юу билээ?

М.Саруул-Эрдэнэ: -Анх олсон, нээсэн гэх мэт олон хүний хувь нэмэр бий. Дитер Мауэ бол Хүйс толгойн бичээсийг брахми үсэг, өвөг монгол хэл байна гэдгийг нь анх таньсан хүн юм. Тэр их чухал байлаа. Тэгээд брахми үсгийн дуудлагаар галигласан байна. Александр Вовин тэр Дитэр Мауэ-гийн галигийг харж байгаад зарим нөхцөл бүтээврийг таниад үнэхээр Өвөг монгол хэл мөн гэж зарласан хүн. Ингэж олны анхааралд орж эхэлсэн, гавьяатай эрдэмтэд. Гэхдээ Дитэр Мауэ, Александер Вовин хоёулаа монгол хэлгүй, монгол судлаач биш, дээр нь Вовин брахми үсгээс нь уншаагүй, Дитэр Мауэ-гийн галигаас уншсан учраас бас л нэг болохгүй л байлаа. Тэд Хүйс толгойн бичээсийн агуулгыг эртний Түрэг болон Уйгарын хоорондох дайны тухайд бололтой гэж үзсэнээр үнэн агуулгыг нь илэрхийлж чадаагүй юм л даа. Харин Хурцбаатар багш бол эртний Түрэг Монголын дээдсийн тахилгын тухай бичсэн гэж үзэж, монгол хэлний өгүүлбэр зүйн өгүүлэгдэхүүн -тусагдахуун-өгүүлэхүүн гишүүнээр Хүйс толгойн найман өгүүлбэрийг нарийн задалж баталсан юм аа. Үүнд хэлний мэдлэгээс гадна тэнд чухам юу болж байгааг ойлгох түүх соёл, угсаатны зүйн өргөн их мэдлэг нь их тус болсон хэрэг.

Д.Төмөртогоо: -Эхлээд таамаг дэвшүүлэхгүйгээр ийм эхлэл-судалгаа бол явахгүй. Таамаг нь бас цаанаа шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Гол нь тэр үеийн монгол хэлний бүтэц ямар байх вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Одоогийнхоор уншаад байж болохгүй.

Зуу гаруй жилийн өмнө киданыг бас уншиж чадахгүй л байв. Наян хэдэн онд Чингэлтэй гуай тэргүүтэй тав зургаан хүнтэй бүлгэм байгуулаад, киданыг унших шинэ арга боловсруулсан байгаа юм. Тэр аргаар кипаны судалгаа нэлээд ахисан. Тэр бол өөр судалгаа, өөр бичиг үсэг байсан, гэвч аливаа нэг бичгийг тайлж унших туршлага гэдэг бол маш чухал. Солонгод Л.Хурцбаатарт үүнд нь баярлах нь аргагүй ээ. Чи өөрөө хэр сурч байна?

М.Саруул-Эрдэнэ: -Би яг Л.Хурцбаатар багшаар өөрөөр нь заалгаж сурлаа. Наяад хүн сурлаа гэдгийн нэг нь би.

Д.Төмөртогоо: -Эхлээд заавал бүгдийг нь шууд ойлгоно гэхээсээ илүү монгол хэлний нөхцөл, элементүүд байгааг яг батлаад авах нь чухал.

М.Саруул-Эрдэнэ: -Өнгөрсөн цагийн “ба”, зэрэгцэн холбохын “жу”, харьяалахын тийн ялгал зэрэг бол тодорхой байна. Яахав, харьяалахын тийн ялгал монгол – түрэг төстэй, дундын гэж маргаж болох бол цагийн “-ба”, холбох “-жу” зэрэг бол түрэг хэлнүүдэд байхгүй, цэвэр монгол хэлний махбод. Тооны нэрээс үүссэн “долоожиж” гэх үг ч эртний монгол хэлнийх гэдэг нь баталгаатай.

Д.Төмөртогоо: -Маш сонирхолтой байна. Эхлээд туркүүд уг нь үзсэн юм билээ. Тэгээд энэ бол манай хэлний юм бол лав биш гэсэн байгаа юм. Нэлээд төөрөлдөж явж байж учраа олж байх шив.

М.Саруул-Эрдэнэ: -Харин тийм. Бүр анх Шинэхүү гуайн олсноос хойш бодоход бас чиг хугацаа өнгөрчээ.

Д.Төмөртогоо: -Тийм, Шинэхүү анх олсон юм шүү. Шинэхүү Их сургуульд миний доод ангийн хүүхэд байсан, их сэргэлэн, маш их юм сонирхдог судлаач байж билээ. Рүни үсгээр сайн уншдаг байв.

М.Саруул-Эрдэнэ: -Тэгээд рүни үсгийн бус дурсгал олдохоор нь гайхаад, ямар ч байсан чухлыг нь мэдээд бүртгэж мэдээлсэн нь сайн болж. Тэр цагаас хойших явдлуудыг бодоход одоо Хурцбаатар багшийн судалгаа, сурах бичиг, бүтээлүүд бол бас чиг өндөр түвшинд хүрлээ шүү.

Д.Төмөртогоо: -Германчууд нягт нямбай аргаараа их алдартай. Хурцбаатар тэрийг маш сайн шингээж авч чаджээ.

-Монгол брахми бичиг нь монголчуудын бичиг, үсгийн түүхийг урагшлуулсан гэж байгаа шүү дээ. Хэдэн зуун жилээр урагшлуулчихав?

М.Саруул-Эрдэнэ: -Саяхныг хүртэл монгол хэл бичгээрх хамгийн анхны дурсгалыг Чингисийн чулууны бичиг гэж үзэж байлаа. Тэрийг 1224 юмуу 1225 онд бичсэн гэж үзвэл 600 гаруй жилээр урагшилсан хэрэг.

Д.Төмөртогоо: -Одоогийн байдлаар бидэнд мэдэгдэж байгаа л хамгийн эртний дурсгал гэсэн үг шүү дээ. Яг монгол бичиг үүссэн цаг бол тэр биш ээ. Олон хүн, Владимирцов хүртэл яг л тэр бичээсээр монгол бичгийг эхэлсэн гэж хэлээд байдаг юм. Чухам үүссэн цаг нь бол Уйгарын хаант улсын мандаж байсан үе, IX, X зуунд л хамаарах ёстой. Тэр үеийн дурсгал нь л харин үлдсэнгүй. Үлдсэн юм дотроо л Чингисийн чулууны бичиг анхных нь. Яах вэ, Чингисийн чулууны бичгийн үсгийн технологи нь жаахан болхи л доо. Тэгтэл тэрнээс холгүйхэн бичигдсэн мундаг мундаг хөшөөнүүдийн бичээс байна шүү дээ. Индү вангийн хөшөөний бичээс зэрэг бол ямар гайхамшигтай гэж санана?

М.Саруул-Эрдэнэ: -Тэгэхээр тэр уран нарийн бичээс, найруулга зэрэг бол тэрхэн дороо үүсээд шууд бичсэн зүйл биш, хэдийнэ боловсорсон бичгийн хэл гэдэг нь тодорхой л доо.

Д.Төмөртогоо: -Тэгэлгүй яахав. Нууц товчоо жишээ нь хэдийгээр ханзаар буулгасан нь үлдээд байгаа боловч монгол бичгээс л буулгасан нь тодорхой. Тэгээд бодохоор тэр Ринчен багшийн “аман бичгийн хэл” гээд байдаг бол яах аргагүй үнэн юм аа. Туулийн хэлийг үзэхээр зүгээр нэг ярианы хэлээр өгүүлэхгүй байгаа шүү дээ. Яг бичгийн хэлний найруулгаар, гэхдээ ялгаа нь бол ам дамжаад явчихдаг.

-Аливаа үндэстний бичгийн түүх урагшлах нь тэр үндэстэндээ ямар ашиг тустай байдаг вэ?

Д.Төмөртогоо: -Үндэсний бичиг соёлын түүх гэдэг нь ерөөсөө оюуны соёлын царааг нь харуулна. Монголчуудыг ер нь л нэг нүүдэлчин, бүдүүлэг гэсэн ойлголт байдаг шүү дээ. Гэтэл бичиг үсэгтэй нийт улс үндэстний дотроос, бүр суурин соёлтой улсуудын дотор ч ийм хэдэн зуу, мянган жилийн бичгийн хэлний түүхтэй нь ховор шүү дээ. Монголчууд чинь нүүдэлчин гэж байгаа. Тэгсэн мөртлөө суурин соёлтой хүмүүсээс өмнө бичиг үсэгтэй, төр улстай байсан нь олон юмыг өөрөөр харах, эргэж үзэх хэрэгтэй болж байна гэсэн үг. Зургадугаар зуунаас манай бичгийн хэлний түүх эхэлнэ гэхээр оюуны соёлын түүх, боловсрол гэгээрлийн түүх ч бас тэгж урагшилж байна. Владимирцов чинь XIII зууны үеийн нүүдэлчин улсын дотроос бичгийн ийм өв үлдээсэн улс байхгүй гээд шагшаад байсан шүү дээ. Гэтэл одоо VI зуун болохоор бүр чиг гайхамшиг мөн биз.

М.Саруул-Эрдэнэ: -Бас нэг чухал зүйл бий. Монгол түрэг хэлний талаар сүүлийн үед мэргэжлийн бус хүмүүс хүртэл их сонирхож судалж байна. Аль алинд нь байгаа үгийг Монголоос авсан юм уу, Түрэгээс авсан юм уу гээд л. Ер нь бол Алтай судлалын ертөнцөд монголчууд түрэг хэлнээс илүү их үг авсан гэсэн үзэл эхнээсээ бат оршчихсон юм. Учир нь тэдний бичгийн дурсгал илүү эртнийх, энэ үг тэр ч дурсгал дээр минь ингээд байж байгаа гээд л. Зүгээр нэг манай үг гэх өөр, бичгийн дурсгал л баталгаа болно шүү дээ. Тэгтэл манай бичгийн дурсгалууд гэхээр нэлээд хойшоо болоод байдаг байлаа. Одоо гэтэл өөр болж ирж байна. Рүни үсгээр түрэг хэлийг тэмдэглэхээс өмнө брахми үсгээр монгол хэлээр бичиж байжээ гэхээр манай хэлний баримтат баталгаа илүү эртнийх болоод ирж байгаа биз. Ингэхлээр их өөр яриа үүснэ гэсэн үг.

Д.Төмөртогоо: -Алтай судлаач нар түрэгээс монгол аваад байсан гэх хандлага гаргасан гэж байгаа чинь үнэн шүү. Үүнд гол хуучны ЗХУ-ын түрэг угсаатан эрдэмтдийн үндэс угсаагаа гэх үзэл бас нөлөөлсөн юм.

-Би өөрөө төвөд хэл бичиг үздэг юм л даа. Тэгтэл брахми монгол бичигт өнөө шороон Са зэрэг маань бүгд байх юм. Монгол-Төвөдийн бичиг соёлын холбоо тэгэхээр бүр эртнийх болж таарах уу?

Д.Төмөртогоо: -Төвөд өөрөө бас брахмигаас бичгээ авсан л даа. Тэгэхээр Хүйс толгойн бичээс, төвөд үсгийн цаад эх булаг нь нэг юм гэсэн үг. Монгол бичгийг кириллтэй, латинтай нэг гаралтай гэхээр хүмүүс үнэмшихгүй. Үнэндээ бол адил үсэг олон бий. О, У үсгийг аваад үз, бүгд л гэдэс байгаа биз. Тэгэхээр дүрс хэдий хязгааргүй ч нийтлэг зүй тогтол гэж юм байна. Хэлний авиа ч бас хязгааргүй, гэхдээ хязгаарлагддаг зүй бас байдаг. Бүх хэл өөр мөртлөө бүгд яагаад мама, баба гээд байна вэ?

М.Саруул-Эрдэнэ: -Биднийг оюутан байхад багш таны захиж хэлж байсан үг санаанд орчихлоо. Аливаа хэлэнд ялгаанаас илүү, универсаль буюу адил шинж нь илүү байдаг юм шүү гэж. Зэрэгцүүлсэн, харьцуулсан хэл зүй гэхээр бид дандаа хэлний ялгааг олж харах гээд, чухалчлаад байдаг. Гэтэл бүх хэлэнд байдаг адил шинж нь илүү олон ажээ.

-Монгол брахми бичгийг судлахаар яалт ч үгүй тухайн зууны үеийн түүхээр аялах, түүхийг эргэн санах шаардлага гарч байгаа юм л даа?

Д.Төмөртогоо: -Тийм. Үүнийг батлах нэг юм бол зургадугаар зууны үед Монгол, Энэтхэг, Азийн хооронд ямар соёлын харилцаа байсан юм гэдгийг нөгөө талаас нь харах хэрэгтэй. Монгол бичиг гэхэд л Уйгарын хаант улс Монголтой хэдийд ямар холбоотой байв гэдэг түүхээс л үнэн түүх нь гарч ирнэ. Уйгарын хаант улс XII зуун гэхэд задарчихсан байсан. Тэр үед тэгэхээр үсэг бичгийг нь авна гэдэг эргэлзээтэй, хавьгүй өмнө л байж таарна. Түүхийн судалгаанаас тийм баримжааг авах хэрэгтэй.

М.Саруул-Эрдэнэ: -Түүнчлэн брахми үсгийг согдууд хэзээ, ямар шалтгаанаар, яаж аваад хэнд тараасан, тохаруудын брахми үсэг авсан түүх юу байв зэргийг түүхэн талаас судлах нь бас чухал баримжаа болох юм.

-Цагаан сарын өмнөхөн монгол брахми бичгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон. Дөч гаруй хүн сонсогчоор оролцож, 12 хүн илтгэл тавьсан. Уг хурлаас “Монгол брахми бичгийг судлах судлаачид гарч иржээ. Манай хэлний салбарт том сэдэв, ажил гараад ирлээ гэж харсан шүү?

М.Саруул-Эрдэнэ: -Энэ хурлын хамгийн чухал ач холбогдол нь монгол брахми бичиг, Хүйс толгойн бичээсийг олон өөр салбарын эрдэмтэн тал талаас нь судалж, нэгэн цогц маягтай болгож ирэв. Хэл шинжээч О. Самбуудорж хэлнийх нь талаас задлан ярилаа, Цагааны Төрбат археологийн талаас судалсан бол Юндэнбатын Болдбаатар түүх угсаатны судлалын үүднээс харж тайлбарлав. Б.Напил түрэг монгол хэл шинжлэлийн хоёр талаас нь харьцуулан илтгэлээ. Бүх илтгэгч өөрийн мэргэшсэн нарийн шинжлэх ухааныхаа үүднээс хандан судалжээ. Энэ их чухал юм.

-Л.Хурцбаатар багшийн хувьд Хүйс толгойн бичээсийг тайлж, бичиг үсгийн түүхийг урагшлуулсан гавьяа байгууллаа. Энэ бичгийг тойрсон судалгааны нийгэмлэг байгуулагдлаа. Одоогоор 80 гаруй хүн монгол брахми бичгийг сурсан байна. Цаашдаа энэ хүмүүс дундаас монгол брахми судлаачид гарч ирэх нь. Нэг хүний зүтгэл л энэ бүхнийг үүсгэлээ шүү дээ?

Д.Төмөртогоо: -Үнэн үнэн. Социализмын үед нэг хүний зүтгэлийг их үгүйсгэдэг байв. Одоо бол өөрөөр харж болно. Л.Хурцбаатар хэрвээ Германд тэрбумтан, саятан болсон бол түүхэнд юу үлдэх вэ? Гэтэл энэ л судалгаа, бичиг соёлын төлөөх зүтгэл нь гавьяа болон үлдэж байна. Үүний төлөө нэрээ мөнхөлж байна шүү дээ.

М.Саруул-Эрдэнэ: -Тийм шүү. Л.Хурцбаатар багш гол нь их сэтгэлтэй. Өөрөө нэг юм сурчихаараа зүгээр сууж чадахгүй, бусдад сургах гээд байдаг, хичээл заая гээд байдаг хүн (инээв).

Д.Төмөртогоо: -Тийм тийм. Та хоёр ер нь зан чанар их төстэй улс шүү. Зүгээр суугаад байж чаддаггүй улс. Тэгээд тэнд хамтраад ажиллахаар чинь баярлаж л байлаа. Ер нь монголчууд дунд ордос хүмүүс маш дайчин, зоригтой, тэмцэгч нар байдаг юм шүү. Хурцаад тэр шинж нь ч нөлөөлсөн байх.

Categories
амьдралын-өнгө мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Тэгш-Очир: “Айлын охин үрийг гадаад, дотоод гэж алаг үзээд яахав. Бие биенийгээ түшиж, сайхан амьдрал бүтээгээрэй” гэж хэлсэн || DNN.mn

Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт бүжигчин Б.Тэгш-Очирыг урилаа.


-Танай гэр бүл Украинаас хэзээ ирэв, нөхцөл байдал ямар байсан бэ?

-Бид эх орондоо ирээд долоо хонолоо. Одоогоор дайны шокноос гараагүй, нойр муутай байна. Би Эрдэнэт хотынх, гэртээ ирээд тайван амрах сайхан байна.

-Монголдоо ирэхэд хүндрэл их байв уу?

-Метронд тав хоноод Польш, Истанбулаар дамжиж Монгол руу ирсэн. Манай гэр бүл сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар эх орондоо сайн яваад ирлээ. Гадаад харилцааны яам эхнэрийг маань Украин хүн болохоор хил нэвтрүүлэхгүй гэсэн. Би яаж гэр бүлээ орхиод ирэх билээ дээ. Эрдэнэт хотын Ардчилсан намын дарга Ц.Батхуяг ах, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга зэрэг олон хүний тусламжаар эхнэрийг маань хүлээж авсан. Мөн Польш дахь Элчин сайдын яам, консул, Польш дахь монголчууд маш зохион байгуулалттай хүлээж авч сэтгэл санааг маань дэмжсэн. Метронд хэцүү байдалтай байхад Монголын хэвлэл мэдээллийнхэн ч холбогдсон, бүгдэд нь маш их баярлаж, талархсанаа илэрхийлье.

-Танай гэр бүл Украинд суурьшсан уу, хэдэн жил амьдарч байгаа вэ?

-Манай гэр бүлийн хүнийг Анна Гончаренко гэдэг, Украин хүн. Би өөрөө Туркийн Анталья хотод бүжигчид, циркчидийг Турк рүү зуучилдаг энтертайнмэнт компанид менежерээр ажилладаг. Дулааны улирлын зургаан сар Антальяд ажиллаад, сэрүүний улирлын 4-5 сар Украинд амардаг. Дундуур нь Монголдоо ирж, буцаад л амьдардаг.

-Гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн танилцаж байв?

-2016 онд Туркт ажиллаж байхдаа бид нэг газар байрлаж таарсан. Тэр хаусанд Орос, Украин, Монгол, Испани, Колумба, Куба гээд олон орны жүжигчин, бүжигчид байсан. Эхнэр маань мастер бүжигчин, нэг газар байрлахдаа танилцаад найзууд болсон юм. Удалгүй эхнэр маань Украин руу буцаж, би ч Монгол руу ирж холбоо тасарсан. Дараа нь гэрээгээр БНСУ-ын театрт ажиллахаар болоод Солонгост очсоны дараа фэйсбүүкт манай эхнэр 20 минут явааад хүрэхээр зайд байна гэж гарч ирсэн. Би гайхаад залгатал хотод жилийн хугацаатай ажиллахаар ирсэн гэсэн. Би ч бас жилийн хугацаатай очсон байсан. Маргааш өглөө нь очиж уулзаад, тоглолтыг нь үзэж бага багаар дотносоод л хайртай болсон доо. Ойрхон зайтай гэр рүүгээ харихад л санаад байдаг байсан (инээв).

-Яагаад монгол биш, украин хүнтэй гэр бүл болсон бэ?

-Монгол охид байсан л даа, тухайн үед ихэнхдээ гадаадад ажилладаг байлаа. Амьдралын зам нийлэх, намайг ойлгох эмэгтэй мөн юм байна, хоёр дахь удаагаа надад ирлээ л гэж бодсон. Өөрөө бүжигчин хүн болохоор намайг хэн хүнээс илүү ойлгодог.

-Гэр бүлийн хүн тань монгол хэлээр ярьдаг уу?

-2020 оны өвөл цар тахлын үед монгол хэлээ сайн давтсан. Асуултыг ойлгодог ч хариулж чаддаггүй. Монгол хэл сурах хүсэлтэй, бага багаар сураад л байгаа (инээв).

-Танай гэр бүлийнхэн яаж хүлээж авсан бэ?

-Гэр бүлийнхэн эхэндээ дуртай байгаагүй, “Чи яг суух юм уу” гэж асуудаг байсан. Яваандаа л зөвшөөрсөн дөө. Манай эмээ “Айлын охин үрийг гадаад, дотоод гэж алаг үзээд яахав. Ганц олдох амьдралдаа бие биенийгээ түшиж, сайхан амьдрал бүтээгээрэй” гэж хэлсэн.

-Аав болоход ямар байсан бэ?

-Манай том хүү Украинд төрсөн. Тухайн үед төрөх тасаг руу эхнэртэйгээ хамт орно гээд сэтгэлээ бэлтгээд хүлээж байтал “Хайр нь төрчихлөө, хоёулаа хөөрхөн хүүтэй боллоо” гээд залгасан. Би сонсоод яагаад ч юм шууд л уйлчихсан. Маргааш өглөө нь хүүгээ тэвэртэл яг л бяцхан би байсан. Одоо хоёр хөөрхөн хүүтэй, хүүхдүүдээ хараад хаанаас ийм хязгааргүй их хайр бий болдог юм бол гэж боддог.

-Хүүхдүүд нь Монгол хэлээр ярьдаг уу?

-Манай том хүү гурван настай, Монгол, Оросоор ойлгодог. Англиар тоо тоолж, үг хэлдэг. Оросоор мама, папа гэдэг үедээ л явж байна.

-Эхнэрийнх нь гэр бүлийнхэн Украинд байгаа юу, нөхцөл байдал ямархуу байгаа бол?

-Манай эхнэрийн гэр бүл, хамаатан садан бүгд Украинд байгаа. Бид өдөр бүр ярьдаг, одоогоор нөхцөл байдал маш хүнд байна. Өвөөгийнх нь гэрийг уржигдар бөмбөгдчихсөн, цонх, тавилга бүгд нурсан. Тэд арай гэж бичиг баримтаа аваад зугтсан гэсэн. Би өөрөө тэнд байсан болохоор ойлгож байгаа, яг үнэндээ хэзээ үхэх бол л гэж боддог юм билээ.

-Дайнгүй үед Украинд амьдрах Монголд амьдрахаас хэр ялгаатай вэ?

-Украин, Монголын цалин, амьдралын харьцаа ойролцоо байдаг. Украинд цаг агаар дулаан, гадны орнууд хичнээн сайхан ч яг одоо би Монголдоо үнэхээр аз жаргалтай байна. Эх оронтой байх ямар сайхныг бас ямар их хайртай гэдгээ ойлгосон.

-Танай эхнэрийн гэр бүлийнхэн таныг анх хэрхэн хүлээж авсан бэ? -Охин нь ази хүнтэй гэрлэнэ гэж дагуулаад очиход их шоконд орж алмайрсан (инээв). Надаас Монгол Улсын талаар, Чингис хааны тухай маш их асуусан. Чингис хааныг их хүндэтгэж, бахардаг хүмүүс байдаг. Гэхдээ бид хоёрыг гэр бүл болоход огт дургүйцээгүй, биендээ хайртай л бол гадаад байсан ч хамаагүй л гэсэн.

-Өөрөө Чингис хааны тухай хэр мэддэг вэ?

-Би сайн мэднэ, бахархаж судалдаг. Гадны орныхонд дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг.

-Та Турк дэх ажлаа яаж хийж байгаа вэ?

-Одоогоор эх орноосоо гарахад айдастай байна. Гэхдээ ажлаа хийхгүй бол болохгүй. Хэрэв ОХУ дэлхийн хэмжээний дайн зарлавал маш хэцүү байдалд орно. Дөрөвдүгээр сар хүртэл нөхцөл байдлыг харж байгаад Турк рүү явах эсэхээ шийднэ. Би 2011 оноос хойш тууштай бүжиглэж байна. “Onyx” гээд бүжгийн хамтлагийн ахлагчаар ажилладаг. Манай хамтлаг үндсэн найман гишүүнтэй, одоо гурваас дөрвөн дүү нар

нэмэгдсэн. Монголоос Турк рүү 40-50 бүжигчин авч явж тэднийгээ бэлтгэдэг. Байр, хоол гээд бүх зардлыг Турк улс хариуцдаг.

-Та яагаад бүжигчин болсон юм бэ?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Багаасаа их хөдөлгөөнтэй, байнга үсэрч явдаг экстрим юманд дуртай хүүхэд байсан. Брейк бүжгийн элементүүд их таалагдаж хичээллэж эхэлсэн.

-Монголд брейк бүжгийн төрөл таныг анх бүжиглэж байх үеэс их хөгжсөн үү?

-Монголын брейк бүжигчид цөөрсөн ч брейк бүжгийн төрөл олимпод оролцохоор болсон. Брейк бүжигчид илүү олон болоосой гэж боддог.

-Таны аав, ээж Монголд амьдардаг уу?

-Тийм ээ, бүгд Монголд амьдардаг. Би айлын ганц хүү.

-Монголын нийгэмд хэр сэтгэл хангалуун байна?

-Яг үнэндээ тийм ч сэтгэл хангалуун биш байна. Гадны зах зээл залуусыг өндрөөр үнэлдэг. Тийм учраас үнэлдэг газраас нь мөнгө олж амьдардаг. Гэхдээ манай улс Европын түвшинд хүрэх болоогүй ч бага багаар хөгжөөд л байна даа. Бидний дараа үеийнхэн их соёлтой, мэдлэгтэй, ухамсартай залуус гарч ирж байгаа.

-Төрийн бодлого, шийдвэрүүдийг хэр оновчтой гэж хардаг вэ?

-Би Монголд суурьшиж амьдардаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Сошиал ертөнцөөс харахад зарим шийдвэрүүдэд үнэхээр ичмээр санагддаг.

-Дараагийн зорилго, төлөвлөгөөнийхөө тухай хуваалцаач?

-Турк улс дайнгүй энх тайван байвал бүжигчидээ хөгжүүлж, Монголдоо бүжиг циркийн тоглолт хийх зорилготой. Манай хамтлаг анх байгуулагдахдаа л дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орно гэж мөрөөддөг байлаа. Ирэх жилд тэр тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ эхлэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 6274 зөрчил бүртгэгджээ || DNN.mn

Нийслэлийн хэмжээнд 2021 онд 16534 гэмт хэрэг, 597298 зөрчил бүртгэгдсэнээс 5002 гэмт хэрэг, 43852 зөрчил согтуугаар үйлдэгдсэн байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 6274 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх 2020 оноос гурав дахин өссөн үзүүлэлт юм.

2021 онд согтууруулах ундаа хэрэглэж, гэмт хэрэг, зөрчилд холбогдон 52 мянга гаруй иргэн эрүүлжүүлэгдэж, 793 иргэн саатуулагджээ. Эрүүлжүүлэх байранд хоногт дунджаар 200-240 иргэн, саатуулах байранд 15-25 иргэн хүлээн авч байгаа нь эрүүлжүүлэх байрны багтаамж 1-2 дахин хэтэрч, стандартын шаардлага хангахгүйд хүрээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ч.Ганцэцэг: Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг туйлдуулж байгаа гол зүйл татварын дарамт || DNN.mn

“Ханбогд кашмер” компанийн ерөнхий захирал Ч.Ганцэцэгтэй ярилцлаа.


– Татварын байцаагч нар шүүхээс илүү эрх мэдэлтэй болж, өмч хөрөнгийг шууд хураадаг болсон –


-Манай улс үйлдвэрлэл хөгжүүлэх тухай ярьдаг ч бодит амьдрал дээрээ ажил хийж байгаа хүмүүс, үйлдвэрүүддээ хамгийн ээлгүй гэдэг шүүмжлэл ихээр өрнөж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Төрөөс гарч байгаа бодлого бол баялаг бүтээгчдээ, үндэсний үйлдвэрүүдээ, ажил хийж байгаа хүмүүсээ дэмжинэ л гэдэг. Яг л таны хэлдгээр амьдрал дээрээ олон төрлийн татвар, хүү, торгууль, алдангиар дарамталдаг нь нууц биш. Нэг ёсондоо Монголын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрүүд маш олон дарамт дунд үйл ажиллагаагаа явуулж байна.

Өндөр өртөгтэй тоног төхөөрөмж, инноваци нэвтрүүлэхэд ямар ч дэмжлэг байхгүй байна шүү дээ. Нөгөө л татвар хураамж л хамгийн түрүүнд угтаж авдаг. Дээр нь сүүлийн үед Зөрчлийн хуулиар торгуулах явдал ч зах замбараагаа алдаж байна.

Уг нь бол баялаг бүтээгч, үйлдвэр эрхлэгчид олон болж байж улсад валют орж ирдэг. Тэд дотооддоо ажлын байрыг олноор бий болгодог, нийгмийн хамгийн өгөөжтэй үйлдвэр болсноор улс орны эдийн засаг цэцэглэдэг.

-Төр засгийн дэмжих бодлого бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Нэг жишээ дурдъя л даа. Герман улс жижиг дунд үйлдвэрлэлээ тултал нь дэмждэг орон. Тийм ч учраас энэ улсын эдийн засгийн 85 хувийг жижиг дунд үйлдвэрлэгчид нуруун дээрээ үүрч явдаг.

Гэтэл манайд бол дэмжинэ гэж дээрээ ярьдаг. Өндөр өртөгтэй тоног төхөөрөмж оруулж ирэхэд болон татварын хөнгөлөлт гэж байдаггүй. Жижиг татвар төлөгчөөс том татвар төлөгч болох нь бүр ч дарамттай. Улс орны төсөв тасарлаа гээд Татварын ерөнхий газраас өндөр торгууль, хүү, алданги тооцож эхэлдэг болсон шүү дээ. Манайх өнгөрсөн жил гэхэд татварын хүү, торгууль, алдангид хэдэн зуун сая төгрөг тавьсан байх жишээтэй.

-Бараг үйлдвэрлэл эрхэлснээс эрхлээгүй нь дээр болтол нь хямраадаг гэсэн үг үү?

-Яг л тийм. Баялаг бүтээдэг хэсэг рүүгээ төр засаг, хууль шүүх, цагдаа, татвар гээд бүгд нийлээд дайрдаг болж. Үүнээс болж бизнес эрхэлж байгаа хүмүүс чинь байнгын ялтай юм шиг, стресс бухимдал дунд л амьдралаа өнгөрөөж байна. Магадгүй үүнээс болж Монголд бизнес эрхлэгчид эрүүл байж, урт наслах асуудал тулгамдаж байна гэж би ойлгож байгаа. Сүүлд гэхэд л Монголын томоохон хоёр бизнес эрхлэгч эмэгтэй хорвоог орхилоо. Маш харамсалтай. Их л хэл ам, дайралт дунд явсан хүмүүс шүү дээ. 50-хан сая төгрөгийн өртэй хүнийг хилээр гаргахгүй гадаадаас эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүргэж байна шүү дээ.

Нэг ёсондоо ажил хийж байгаа, бизнес эрхэлж байгаа хэсэгтээ төр хамгийн хатуу ханддаг гэж харж болохоор байгаа юм. Тийм болохоор л манай эдийн засаг хөгжихгүй, тэлэхгүй байна. Бизнес хийхгүй байх нь зөв юм гэсэн халамжийн бодлого хэрэгжиж байна.

-Үйлдвэр аж ахуйн нэгжийг хааж биш, ажиллуулж байж ашиг олно биз дээ?

-Саалийн ганц үнээгээ нэг удаа муулаад идчих нь ашигтай юу, 10 жил сүүг нь саах нь ашигтай

юу. Үүнийг л бодох хэрэгтэй.

-Татварын дарамт их байна гэлээ. Сүүлийн үед хууль шүүхээр далайлган, бизнес эрхлэгчдийн өмч хөрөнгийг хураахаас эхлээд дарамт улам л хүндэрсээр байгаа бололтой?

-Татварын байцаагч нар Шүүхээсээ илүү эрх мэдэлтэй болчихоод байгаа шүү. Татвараа төлөөгүй аж ахуйн нэгжийн захирлын унаж яваа машин бол шууд л Татварын ерөнхий газрын эзэмшилд шилждэг хууль хэрэгжиж эхэлсэн. Ямар ч шүүхийн шийдвэргүйгээр татварын байцаагч шууд хураах эрхтэй болсон нь маш харамсалтай.

Ийм эрх мэдэлтэй болсон татварын байцаагч нар татвараар маш их айлгана. Дээр нь цагдаа, шүүх нь Зөрчлийн хуулиар далайлгана. Ийм нөхцөлд хэн баялаг бүтээж, улсад татвараа төлөх вэ дээ.

-Баялаг бүтээгчид дарамтгүй орчинд ажиллахыг хүсч байгаа юм байна гэж ойлголоо?

-Захын үйлдвэрээс дамжина

энэ тухай асуугаарай. Сүүлдээ бүр төр засгийн зүгээс бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг хувьдаа л ашиг олж байгаа. Улс оронд ямар ч үр нөлөөгүй. Унасан машин, өмссөн хувцсаар нь ялгаварлаж, бүдүүлэг мэдэгдэл хийж эхэлж байна шүү дээ.

-Хөгжлийн банкны удирдлагуудын хэлсэн мэдэгдэл баялаг бүтээгчдийг ихээр цочирдуулжээ?

-Мэдээж шүү дээ. Ийм бүдүүлэг байж болохгүй шүү дээ. Манайх Хөгжлийн банкнаас зээл аваагүй л дээ. Зээл авсан компаниуд хуулиараа төлж л таарна. Төлөөгүй байна гээд тэр компани, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн нэр хүндэд бүдүүлгээр халдах эрх төр засагт байхгүй. Жаахан залуу гарч ирээд л ийм бүдүүлэг мэдэгдэл хийхээр энэ улс оронд хэн баялаг бүтээж, бизнес эрхэлж, ажлын байрыг бий болгох юм бэ.

Төрийн албан хаагч хуулиас давсан мэдэгдэл хийж, шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад бизнес эрхлэгчдийн нэр хүндэд халдаж байна. Ерөөсөө л манай төр засгийн өнөөдрийн дүр төрх энэ залуу шүү дээ.

-Ноолуур бол Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүний нэг. Хөдөө аж ахуйн экспортын гол бүтээгдэхүүн. Энэ салбарын хөгжил ямар байна. Үйлдвэрүүд хэрхэн ажиллаж байна?

-Ноолуурын тухай их л сүртэй ярьдаг. Гэтэл төрөөс яг ингэж хөгжүүлнэ гэсэн нэгдмэл бодлого өнөөдөр хүртэл алга. Ноос, ноолуурын салбарынханд гурван хувийн хүүтэй зээл олгох асуудал яригдаж байгаа. Мэдээж энэ бол манай салбарынханд том дэмжлэг. Гэвч нэг жилийн хугацаатай, зургаан сараас эхлээд эргэн төлөлт хийнэ гэсэн хатуу заалттай. Энэ нь үйлдвэрүүдэд том дараа болж байна. Ядаж 1-1.5 жилийн дараа эргэн төлөлтийг хийж эхэлдэг бол бодитой дэмжлэг болж чадна.

Ноолууран түүхий эдийн 85 хувь нь дөнгөж угаагаад экспортлогддог. Ноолуурын салбарыг хөгжүүлье, эцсийн бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингээж үр ашигтай хөгжүүлье гэвэл угаасан ноолуурыг экспортлохыг хориглох ёстой. Тэгсэн тохиолдолд дотоодын үйлдвэрүүд бэхжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжил эхэлж, тогтвортой үйлдвэрлэл бий болно гэж үзэж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн 8 хороог агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулах санал гаргалаа || DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.

ХурлаарЗасгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 189 дүгээр тогтоолыг шинэчлэх саналыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр танилцуулав.

Улмаар Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийн найман хороог хамруулж, сайжруулсан түлш хэрэглэдэг болгох саналыг гаргалаа.

Учир нь Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хийсэн агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр PM 2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их гарчээ. Мөн тус дүүргийн ЗДТГ болон иргэдээс 2019 оноос хойш Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах саналыг удаа дараа гаргасан байна.Иймээс Налайх дүүргийн найман хорооны 7,226 өрхийг энэхүү бүсэд хамруулж, сайжруулсан шахмал түлшээр хангах асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Дээрх өрхүүд жилдээ 21,678 тонн сайжруулсан түлш хэрэглэх тооцоо гарчээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй “Налайх дүүргийн төвийн хэсэгт 5,000 орчим айл өрх бий. Тэдгээр өрхүүдийн түлшний хэрэглээ 10-15 мянган тонн гэсэн тооцоо байна.

Шахмал түлшний үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллавал 3-4 хоног ажиллаад энэ түлшийг хангах боломжтой. Зөвхөн Налайх дүүрэг гэлтгүй Багануур, Багахангай дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулахад Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар санаачилгатай ажиллах хэрэгтэй. Ирэх жилийн агаарын бохирдлын асуудалд одооноос ач холбогдол өгөх шаардлагатай байна” хэмээв.

Зөвлөлийн гишүүд хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор асуулт асууж, санал хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболдод даалгалаа.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө 5 автомашин шатжээ || DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хоногт гал түймрийн долоон дуудлага бүртгэгдсэний тав нь автомашин шатсан дуудлага байжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Центр-Апартмент”-ын гараашинд өнөө өглөө 06:10 цагийн орчимд “Тоёота Хайландэр”, “Исузу-Элф”, “Тоёота-Камри” маркийн гурван автомашин шатаж байсныг очиж унтраасан байна. Түүнчлэн 21 хүнийг угаартахаас аварч, гаргажээ.

Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрлах “Шүрт” хотхоны автомашины зогсоолд “Приус-30” болон “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг өнгөрсөн шөнө 01:58 цагийн орчимд гал сөнөөгчид очиж унтраасан байна.