УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга Содномзундуйн Эрдэнэтэй намын дотоод асуудал болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.
– ХОНГИЛЫН ШҮҮХ ПРОКУРОР ГЭДЭГ ЧИНЬ ИЙМ Л ЮМ БАЙЖ. БИ БАС ХАЛЬТ ОРООД ЧИРЭГДЭЖ ҮЗЛЭЭ –
-Танай намын ээлжит бус Их хурал өнгөрсөн долоо хоногт болов уу даа. Уг хурлаар ямар асуудлыг хэлэлцэв. Хурлын явц болон гарсан шийдвэрийн талаар ярихгүй юу?
-Юуны өмнө манай намын Их хурал маш амжилттай болж өндөрлөсөн. Цахим болон танхим хосолсон 1100 гаруй төлөөлөгч оролцсон. Энэ хурлаар бид олон асуудлыг авч хэлэлцээгүй. Голлож Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг авч хэлэлцсэн. Тэгээд бусад гэсэн асуудлын хүрээнд намын болон олон улсад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэж, харилцан санал бодлоо солилцоцгоогоод өндөрлөсөн. Хэдий богино хугацаанд зарлагдсан ч гэсэн хурлын үр дүн өндөр байлаа.
-Үндсэн дүрмээ хэлэлцлээ гэж байна. Яг ямар дүрмийн өөрчлөлтүүд хийгдэв ээ?
-Ардчилсан намын үндсэн дүрэмд голлож долоо, найман өөрчлөлт орсон. Тэр нь дандаа намын үндсэн дүрмийн хүрээний асуудлууд.
-Ээлжит бус Их хурал зарлагдах болсон гол шалтгааныг Дээд шүүхээс шаардсан бичиг баримт, материалыг бүрдүүлж өгөхтэй холбоотой гэж ойлгосон, зөв үү?
-Тийм. Гэхдээ Улс төрийн намын тухай хуулийн 13.4 дээр байдаг л даа. Тухайн намын Их хурлаар батлагдсан дүрэм журамд төлөөллийн төв байгууллага нь нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж заасан байдаг. Уг нь ийм хуультай. Сая эрх баригч нам өөрийнхөө бага хурлаар дүрмийн өөрчлөлтүүдээ шийдээд, намын даргаа сонгоод батлууллаа шүү дээ. Энэ бол хуулиараа зөвшөөрөгдсөн байдаг. Манай намын дүрмээр бол намын төлөөллийн төв байгууллага нь Үндэсний бодлогын хороо. Энэ байгууллагаараа үндсэн дүрмийн өөрчлөлтөө боловсруулаад хүргүүлсэн юм, өмнө нь. Гэтэл Улсын дээд шүүхээс танай намын Үндсэн дүрмийн 9.1-д зааснаар төлөөллийн төв байгууллагаар биш, намын Их хурлаараа батлагдах дүрэмтэй юм байна. Тиймээс энэ удаад бүртгэхээс татгалзаж байна. Танайх Их хурлаараа үүнийгээ өөрчиллөө гэсэн утгатай хариу ирсэн. Тэр утгаараа Дээд шүүхээс ирсэн хариу, шаардлагын дагуу бид сая намын Их хурлаараа энэхүү өөрчлөлтөө хийж, баталгаажуулаад хүргүүллээ.
-Зөвхөн дүрмийн өөрчлөлтийг Их хурлаараа ярьсан гэлээ. Угтаа намын Их хурал гэдэг тулгараад байгаа бүхий л асуудлаа хэлэлцээд шийдвэрлэдэг учиртай биш бил үү?
-Ээлжит бус Их хурал гэдэг яг өнөө маргаашдаа тулгамдаад байгаа гол асуудлаа хэлэлцэж шийдвэрлэхийн тулд л зарлагддаг шүү дээ. Ер нь бол намын өргөн хүрээтэй асуудлуудаа голдуу ээлжит Их хурлаараа ярьдаг л даа. Нам дотор үүсээд байгаа асуудлуудаа болон бусад болсон болоогүй асуудлуудыг бид намынхаа Үндэсний бодлогын хорооны хурлаараа байнга л ярилцаж, хэлэлцэж байгаа. Тэр утгаараа саяны болсон Их хурлаараа намын дотоод асуудлын талаар айхтар яригдаагүй ээ. Ер нь бол намын дотоодод үүссэн маргаантай асуудлуудыг намын хүрээндээ яаралтай шийдвэрлээд явна.
-Дээд шүүхээс яг одоогоор Ардчилсан намын даргаар ямар ч хүн бүртгэлгүй байна гэж яриад байгаа шүү дээ?
-Хэн тэгж байгаа юм.
-Танай нөгөө талд байгаа хүмүүс тийм мэдээлэл өгөөд байна?
-Нөгөө тал гэж яриад өөрсдийгөө Ардчилсан нам гээд нэрлэчихсэн, түүгээрээ хууль бус үйлдлүүд хийгээд байгаа нөхдүүд Дээд шүүхийн өмнөөс тайлбар хийдэг хэн юм. Би тэрийг гайхдаг. Тэдэнд Улсын дээд шүүхийн өмнөөс тайлбар хийх эрх байхгүй шүү дээ. Шүүхийн тогтоол шийдвэр дээр цагаан дээр хараар яг юу гэж бичсэн байна, түүнийг л ярих учиртай. Түүнээс биш тайлбарлах, буруу мэдээлэх эрх хэнд ч байхгүй. Тэгвэл би нэг юм хэлье л дээ. 2017 оны гуравдугаар сарын 15-нд хуралдсан Улсын дээд шүүхийн 01 дүгээр тоглоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Үүнийг хэн ч хүчингүй болгоогүй. Энэ асуудлаар хэн ч маргаан үүсгээгүй шүү дээ. Энэ тогтоолыг үндсэлээд Улсын Ерөнхий бүртгэлийн газар биднийг бүртгэчихсэн байгаа. Харин энэ бүртгэлтэй байсан зүйлийг Улсын дээд шүүхийн цахим сайт дээр 2020 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Сонинбаяр гэх нөхөр дур мэдэн, эрх мэдэл албан тушаалаа ашиглаад Туваан тэргүүтэй нөхдүүдийн хүсэлтийг үндэслээд намайг тэр цахим мэдээллийн сайтаас хассан. Оронд нь Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсэн. Энэ дагуу Сахилгын хороо нь гомдол гаргаад уг гомдол нь үндэслэлтэй гээд цааш явсан. Сонинбаяр гэх нөхөр ч өөрөө давж заалдсан. Улмаар бүх шатны шүүхээр яваад хамгийн сүүлд Хяналтын шатны шүүх хурлаар ороод Сонинбаярыг гэм буруутай гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Сонинбаяр гэх нөхөр Улсын Дээд шүүхийн мэдээллийн сайтад С.Эрдэнийг хасаад Тувааныг бүртгэсэн нь хууль бус байж гэдгийг тогтоосон. Үүнээс болж Сонинбаяр гэх этгээд ажлаасаа халагдаад одоо тэтгэвэртээ гарчихсан. Үүнээс өөр ямар нотлох баримт хэрэгтэй юм. Нөгөөтэйгүүр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэдэг хүн бүртгэлтэй байна гэдэг Улсын дээд шүүхийн 01 дүгээр тогтоол хэвээрээ байна. Харин одоог хүртэл тэр цахим мэдээллийн сайтад С.Эрдэнэ гэдэг хүнийг сэргээж бичих асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм.
-Асуудал үүнээс болж үүсчээ, тийм үү. Нөгөөтэйгүүр та М.Тулгат гэдэг хүнийг гаргаж ирсэн шүү дээ…
-М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх гэж Улсын дээд шүүхэд гурван удаа өгсөн. Гурвууланд нь татгалзсан шийдвэр гаргасан. Ингэх тоолондоо танай нам дотооддоо маргаантай байгаа учраас маргаанаа шийдвэрлэж ир ээ гэдэг хариу өгдөг. Нэгдүгээрт, М.Тулгатыг намын шинэ даргаар бүртгүүлэх асуудлыг хүргүүлсэн. Яах вэ, маргаантай гэж үзэж болно. Гэтэл Улсын дээд шүүхийн шийдвэр нь өөрөө хууль зөрчөөд байгаа юм.
-Ямар хуулийг Дээд шүүх зөрчсөн гэж…
-Улс төрийн намын тухай хуулиар Улсын Дээд шүүх аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг уг хуулиар хийдэггүй. Уг хуулиар шүүх зөвхөн бүртгэлийн байгууллагын чиг үүргийг л хэрэгжүүлдэг. Улс төрийн намын дарга бүртгүүлэх гээд ирлээ. Улсын дээд шүүхийн журманд бүрдүүлбэр хангах гэж бий. Үүгээрээ тэр материал бүрдүүлбэрийг нь хангасан бол ямар нэгэн тайлбаргүйгээр шууд л бүртгэх ёстой. Түүнээс биш танайх дотооддоо маргаантай байна, дотооддоо асуудалтай байна гэсэн тайлбарыг яагаад ч өгөх эрхгүй. Улс төрийн намын тухай хуулиар үүнийг хориглочихсон байдаг юм. Уг хуулинд улс төрийн намын дотоод дахь маргаантай асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй гээд заачихсан байгаа шүү дээ. Энэ гол хуулиудаа Улсын Дээд шүүх яагаад биелүүлэхгүй, зөрчөөд байгаа юм, тэгвэл. Үндсэн хуулинд хүн бүр эрх зүйн этгээд байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гээд заачихсан байгаа. Энэ утгаараа Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч байна уу, жирийн иргэн байна уу, ялгаагүй бүгд л хуулиа дагах ёстой. Яагаад өнөөдөр Улсын дээд шүүхийн 01 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байсаар байхад Ардчилсан намын дарга С.Эрдэнээг үгүйсгээд байгаа юм. Хэн үүнийг үгүйсгээд байна, хэн ийм тайлбар хийж байна гэдгийг харах л хэрэгтэй. За өөрөөр нэг тайлбарлая. Би хүчин төгөлдөр биш юм байж. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуулиар намаасаа 76 гишүүнийг Сонгуулийн Ерөнхий хороонд би бүртгүүлсэн шүү дээ. Энэ хүчин төгөлдөр бус уу, нэгдүгээрт. Хоёрдугаарт, сая 2021 оны зургадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд мөн миний гарын үсэгтэй Ардчилсан намаас нэр дэвшигчийг СЕХ-нд өргөн барьсан. Холбогдох хууль, шүүхийн байгууллагад С.Эрдэнэ Ардчилсан намын дарга мөн байна гэдэг тодорхойлолтыг бүгдэд нь гаргаад өгсөн. Бүгд л хүлээж авсан шүү дээ. Мөн өнгөрсөн оны 10 дугаар сард болсон УИХ-ын хоёр нөхөн сонгууль байна. Энд мөн адил үүрэг, эрхээ эдлээд оролцсон. Эдгээр нь тэгээд хүчин төгөлдөр бус байсан юм уу. Хууль бус байсан юм бол миний гарын үсэгтэй нэр дэвшигчийг яагаад хүлээж аваад байсан юм. Энэ бол эрх зүйн наад захын мэдлэгтэй хүний л тодруулаад харчих ойлголт шүү дээ. Үүнийг хэн дуртай нь тайлбарлаад өөрийнхөөрөө ойлгуулаад явна гэж байхгүй. Нөгөөтэйгүүр аливаа асуудлыг дандаа нотлох баримттай яриад сурчих хэрэгтэй. Би бол асуудалд дандаа нотлох баримттай ханддаг. Түүнээс биш хий улс төр хийгээд яриад байх дургүй. Энэ утгаараа өнөөдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ биш гэж ярьж байгаа нөхдүүдээс ямар хууль, эрх зүйн үндэслэлээр үгүйсгээд байгаа юм гэдгийг сөргүүлээд асуудаг. Гэвч энд хэн ч хариулж чаддаггүй.
-Яг таны хэлж байгаачлан сонгууль болохоор таны гарын үсгээр асуудал шийдэгдээд яваад байдаг. Харин сонгуулийн бус үеэр хоёр талдаа өөр өөр байр суурь илэрхийлээд, маргалдаад байдаг нь ямар учиртай юм бэ?
-Сонгуулиар эд нар нэг талдаа гараад намынхаа төлөө ажиллаад яваагүй шүү. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль дээр яасан. Одоо энэ О.Цогтгэрэл, Х.Баттулга, Ц.Туваан тэргүүтэй нөхдийн хийсэн ажлыг хэлье. Улс орон даяар ардчиллыг дэмждэг, АН-ын гишүүд, МоАХ-ны гэх зэрэг хэдэн мянган гишүүдийн тархийг угаагаад цагаан сонголт хийлгүүлсэн шүү. Миний эсрэг бүх хар пи арыг хийсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сонгуулиудад миний эсрэг одоогийн эрх баригч нам, нэмээд манай намын дийлэнх масс нөгөө талд зогсож байсан. Гэхдээ ямар ч үед надаас урвадаггүй, С.Эрдэнэ гэдэг хувь хүний төлөө 76 мянган хүн саналаа өгсөн. Хэрвээ эдгээр нөхдүүд намаа бодсон бол чиний ярьдгаар нэгдмэл ажиллаж чадсан бол ийм үр дүн гарахгүй. Магадгүй сонгуулийн дүн арай өөрөөр гарах боломжтой байсан. Нийт сонгогчдын 54-хөн хувь нь л саналаа өгсөн шүү дээ. Эдгээр сонгогчдын 44 хувийн саналаар одоогийн Ерөнхийлөгч сонгогдсон. Тэгэхээр мань хүн нийт сонгогчдынхоо 50 хувийн саналыг аваагүй л байгаа байхгүй юу. Энэ мэт сонгууль болгон дээр манай намын хэсэг нөхдүүд намын жирийн гишүүд, дэмжигчдийн тархийг угааж байгаад цагаан сонголт өгүүлж ирсэн. Тэр үед Х.Баттулга Ерөнхийлөгч байлаа. УИХ-д сонгогдсон 11 төлөөлөгч Б.Ганбатаас бусад нь Цогтгэрэлийн талд байлаа. Мөн долоо, найман аймагт ялсан гээд байгаа Засаг дарга нар бүгдээрээ Х.Баттулгыг дагадаг нөхдүүд байв. Ингээд харахаар хүнд энэ тал нь их бяртай харагдаж байгаа биз дээ. Эд нарыг дагавал одон медаль авна, эд нарыг дагавал магадгүй ганц, хоёр өрөө байр олоод авчихаж магадгүй гэсэн бодолтой нөхдүүд олон байсан. Тиймээс л эд нар луу ханарсан. Гэхдээ өнөөдөр С.Эрдэнэ гэдэг хүн ямар ч эрх мэдэлгүй, зөвхөн намын даргын албан тушаалтай байлаа гээд би өнөөдөр бууж өгөхгүй ээ. Над дээр Х.Баттулга гэдэг хүн эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Шоронд хорих гэж оролдсон. Өнөөдөр ч энэ асуудал нь дуусаагүй явж байна. Тэр битгий хэл үүсгүүлсэн хэргээ хэрэгсэхгүй болгоод намайг тамга тэмдгээ өг гэж шаардсан. Би үгүй гэсэн. Би тэгж намынхаа хувь заяагаар хэрэг наймаалцдаг хүн биш ээ. Би өөр шиг чинь хүн биш үү гэж хэлсэн. Хонгилын шүүх прокурор гэдэг чинь ийм л юм хийдэг байж. Би бас хальт ороод чирэгдэж үзлээ. Гэхдээ би шударга ёсны төлөө л зогсож байгаа.
-Таныг намын дарга биш ээ гэж үзэх нэг л зүйл байгаа шүү дээ. Та намаа 2020 оны сонгуульд ялагдуулсан. Үүнийхээ хариуцлагыг хүлээгээд намын даргын албан тушаалаа өглөө гээд байгаа шүү дээ?
-Өнгөрсөн УИХ-ын сонгуульд орохдоо тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг зөв дүгнэж чадаагүй. Хариу арга хэмжээ, шаардлагатай ажлуудыг зохион байгуулж чадаагүй. Би энэ хариуцлагаа хүлээх ёстой. Таны хэлдгээр намаа ялагдалд хүргэсэн үү, хүргэсэн. Энэ хариуцлагаа би хүлээнэ. Харин намаа ялагдалд хүргэхэд гол дэмжлэг болж эрх баригч намтай нийлж ажилласан, үнэт зүйлээ худалдсан хулгайчуудад би Ардчилсан намын даргын албан тушаал, тамга тэмдгийг өгч чадахгүй. Харин энэ намыг аваад явах чадвартай, нэр цэвэр, үзэл бодолдоо үнэнч, аливаа асуудлын өөдөөс тэмцэх чадвартай хүнд өгнө. Тэр нь залуу байна уу, хөгшин байна уу тэрэндээ чухал биш. Хэн ардчиллын төлөө, ардчилсан намынхаа төлөө сэтгэл зүрхтэйгээр өөрийгөө золиосолж чадахаар байна. Би тэр лидер, тэр баг олонд л намын ажлыг өгнө гэж бодож байна.
-Улстөрч, намын гишүүдийн хувьд УИХ-ын ээлжит сонгууль бараг л хаяанд туллаа шүү дээ. Одоо намын дотоод асуудал чинь шийдэгдээгүй, маргаантай байхад ирэх сонгуульд ялалт байгуулах боломж байна уу?
-Санаа зоволтгүй. Ардчилсан нам амжилт гаргана. Ардчилсан нам ялна. Ер нь энэ ондоо багтаагаад Ардчилсан нам дотооддоо үүссэн асуудлаа нэг талдаа гаргачихна. Улмаар намын дотоод зохион байгуулалт бүтэц, шинэчлэлтээ хийгээд ирэх намраас гадагшаа чиглэсэн үйл ажиллагаануудаа эхлүүлнэ. Бид үүнд огт эргэлзэхгүй байгаа.
-О.Цогтгэрэл талтай намаас ээлжит бус Их хурлынхаа товыг ирэх сарын 7-нд гээд зарлачихлаа…
-О.Цогтгэрэл нь ч ахлаад байгаа юм уу, хэн ч ахлаад байгаа юм. Одоо тэднийд чинь ахлах, намын дарга гэх хүн байхгүй болчихлоо шүү дээ. Тэр бүү хэл Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй шүү. Улсын дээд шүүхийн тогтоолтой хэн байгаа юм. Улсын бүртгэлтэй, хууль ёсны тамгатай нь хэн юм, байхгүй шүү дээ. Сая хоёрдугаар сарын 12-нд Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр гарсан. О.Цогтгэрэл, Ц.Туваан тэргүүнтэй нөхдийн гаргасан Ардчилсан намын тамга тэмдгийг хүчингүй болгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэр гарсан. Давж заалдах эрхгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, Ц.Туваан, О.Цогтгэрэл дээр байгаа тамга хүчингүй, ашиглах юм бол Эрүүгийн хэрэг болно гэсэн үг. Харин над дээр байгаа тамга хууль ёсны, бүрэн чадамжтай, хүчин төгөлдөр тамга байна. Үүгээрээ одоо ямар нэгэн тамгатай холбоотой маргаан байхгүй.
-Танай намыг хоёр хуваах эрх ашиг, сонирхол хэнд байна вэ?
-Үүний цаад гол зохион байгуулагч нь Халтмаагийн Баттулга, Норовын Алтанхуяг нар. Энэ этгээдүүдийн л хийж байгаа ажил. Эд нарын гар хөлийн үзүүрт явж байгаа, хүүхэлдэй нь болж байгаа хүмүүс нь О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын хүмүүс бий. Олон нөхөд байгаа.
-Одоо хоёр талдаа ингэж ярьж байхаар нэг мөр тус тусдаа намаа байгуулаад явчихвал яасан юм бэ?
-Сая хэлсэн хүмүүс нэг хэсэг шинэ нам байгуулна гээд явсан шүү дээ. Ер нь бол Монголд эрх барьж байгаа Монгол Ардын нам, сөрөг хүчин болох Ардчилсан нам хоёр шиг үндэсний хэмжээний нам дахиж төрөхгүй ээ. Ийм нам бий болгох нийгэм эдийн засгийн суурь бол алга. Тиймээс шинэ нам, тэр дундаа МАН, АН хоёр шиг үндэсний хэмжээний том нам байгууллана гэдэг ёстой бутны ноосыг зулж эсгий хийнэ гэдгийн үлгэр шиг л зүйл. Тиймээс бид тодорхой зүйл хэлж байгаа. Та нар нэг бол нэгд, эсвэл өөр шинэ намаа байгуулаад яв аа гэж байгаа. Бид бол нэг л зүйлийг хүлээж байгаа. Тэр нь хууль шүүхийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэх тэр шүүх хуралдааныг л хүлээж байна. Одоо бол манай намд ганцхан л маргаантай асуудал үлдчихсэн. Тэр нь Ц.Туваан гэх нөхөр Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй этгээд байсан юм уу, үгүй юм уу. Үүнийг л тогтоох асуудал үлдсэн. Анх энэ хүнээс л болж маргаан эхэлсэн шүү дээ.
-Ц.Туваан гэх нөхрөөс болж маргаан эхэлсэн гэлээ. Та ер нь анх Ц.Туваанд яагаад тамга тэмдгээ өгсөн юм бэ?
-Би бол дүрмийнхээ хүрээнд л ажилласан. Манай үндсэн дүрэмд олонх болоогүй бол бүрэлдэхүүнээр огцорно гээд заачихсан байдаг. Уг заалтаар өөрийнхөө шийдвэрийг гаргаж, хариуцлага үүрээд Ц.Туваанд тамга тэмдгээ түр шилжүүлж байсан. Тэр үед манай Үндсэн дүрмийн хорооны тайлбар гарч ирсэн. Тэр тайлбарт одоогийн нам дарга нь дараагийн шинээр сонгогдох намын даргад тамга, тэмдгээ өгснөөр үндсэн дүрмийн зөрчилгүй болно гэж гарсан. Өөрөөр хэлбэл, аль нэг дэд даргад дамжуулж, тамга шилжиж байгаа нь өөрөө үндсэн дүрмийн зөрчилтэй гэсэн үг л дээ. Гэхдээ тухайн үед нэгэнт л ялагдал хүлээчихсэн учраас би ийм шийдвэр гаргасан. Ямар шийдвэр гаргасан бэ гэхээр нэгдүгээрт, наймдугаар сарын 23-нд АН-ын X Их хурлыг хуралдуулах тушаал гаргасан. Хоёрдугаарт, АН-ын даргын сунгааг зарласан. Яг намайг Ц.Туваанд ажлаа түр шилжүүлж байхад энэ сунгаанд 12 хүн оролцохоор нэрээ дэвшүүлээд байсан. Ингээд тамга тэмдгээ шилжүүлээд явангуут Ц.Туваан юу хийсэн бэ гэхээр ийм. Нөгөө намын даргын сунгааг Женкогийн даалгавраар шууд зогсоочихсон. Хоёрдугаарт, Их хурлыг хуралдуулаагүй. Улмаар хууль бус Үндэсний бодлогын хорооны хурлыг зарлаад үүгээрээ өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж томилуулаад цааш явсан л даа. Тухайн үед Ц.Туваанд би удаа дараа анхааруулж байсан. Чи дүрмийн бус зүйл хийгээд байна шүү гэж. Үүнээс л болж маргаан, асуудлууд ар араасаа гарч ирсэн. Ц.Туваан тэр үед байсан Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл намын зүгээс ямар ч асуудалгүй дэмжинэ гэдэг шийдвэрийг хууль бус Үндэсний бодлогын хорооноос гаргуулах гэж байсан. Ийм муухай, бохир зүйл байх ёсгүй. Тиймээс л би эргэж ирсэн.
-Нэг зүйл асуухад, шүүх дээр танай намын асуудал очдог. Очоод шүүхээс танайх хоёр Үндсэн бодлогын хороотой байна, хоёр янзын материал өгөөд байна гэдэг. Үүнээс болоод асуудлууд сунжраад байдаг шүү дээ. Тэгэхээр намын Үндсэн бодлогын хорооны батламжтай гишүүд нь аль талдаа байгаад байна вэ?
-2018 оны Үндэсний бодлогын хорооны гишүүдийг хүчин төглдөр гэж яриад байдаг. Үгүй, тийм биш. Манай намын дүрэмд тодорхой заачихсан байгаа. Жил бүр Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 25 хувиас доошгүй хувьд нь артаац буюу эргэлтийн сонгууль явуулах дүрэмтэй. Ингээд бодоод үзэхээр тэр үеийн одоо эд нарын яриад байгаа хүчин төгөлдөр гээд байгаа 2018 оны үндэсний бодлогын хорооны гишүүдийн хэдэн хувь нь шинэчлэгдсэн байна вэ. Ийм тодорхой зүйлийг буруу ойлгуулж, тайлбарлаад байгааг нь харахаар үнэхээр өрөвдөлтэй санагддаг. Энэ чинь 2018 оноос хойш өдийг хүртэл хэдэн удаа эргэлтийн сонгууль болж энэ хорооны гишүүд солигдож байна. Хар ухаанаар ойлгоход бараг 80 гаруй хувь нь солигдчихсон байгаа биз дээ. Тиймээс тэр үеийн Үндэсний бодлогын хорооны гишүүд гэдэг бол бүрэн бүрэлдэхүүнээрээ байх ямар ч логик харагдахгүй байгаа биз. Шулуухан хэлэхэд, энэ бүх зүйл зүгээр л улс төр байгаа байхгүй.
-Улс төр нь ч ойлгомжтой л доо. Та түрүүн Х.Баттулга, Н.Алтанхуяг гэх хоёр хүнийг онцлон хэлээд л байна. Энэ хоёр хүн ямар учиртай юм. Та яагаад энэ хоёр хүнийг онцлоод байгаа юм бэ?
-Нэгдүгээрт, энэ хоёр хүн эрх баригч намын улс төрийн нээнтгэнд орчихсон. Нөгөөтэйгүүр энэ хоёр хүнд хоёуланд нь хувийн ашиг сонирхлын зөрчил байна шүү дээ. Мөн маш их хэмжээний шунал байна. Эцсийн дүндээ энэ хоёр хүн эрх мэдэл, албан тушаалаасаа салах дургүй байна шүү дээ. Яаж ийж байгаад Ардчилсан намыг халаасны нам болгоод энэ намын нэр нүүрийг ашиглаж эрх мэдэл, ашиг сонирхлоо гүйцэтгэсэн ийм л увайгүй бодлого цаана нь байна. Яагаад гэвэл энэ хоёр хүн өөр шинэ нам байгуулаад явж чадахгүй байхгүй юу. Ямар эрх баригч намд элсэлтээ нь биш дээ. Элссэн ч МАН тоох ч үгүй.
-Нээнтэг гэж ярилаа. Таныг өөрийг тань эрх баригч намын нээнтгэнд орчихоод байна гээд байгаа шүү дээ…Та нээнтгэнд нь орчихоод байгаа юм биш үү?
-Надад нээнтгэнд орох ямар ч шаардлага, шалтгаан байхгүй. Х.Баттулгын надад үүсгүүлсэн хоёр эрүүгийн хэрэг бий. Хоёулаа өнөөдрийг болтол прокурор дээр хэвээрээ л явж байна. Ардчилсан намыг хуваагдалтай байлгаж байгаагийнхаа шанд намайг хэргээ цайруулж байна гэдэг. Цайруулаад байгаа зүйл огт байхгүй. АТГ-аас дээрх хэргүүдийг мөрдөн шалгаж дуусаад прокурорт шилжүүллээ гэж байсан. Тэрнээс хойш найман сар болж байна. Одоог болтол нэг ч дуудаагүй, нэг ч байцаагаагүй. Нэг удаа дуудахдаа нэг зүйлд эрүүгийн хэргийн холбогдолгүй байна, хэргийг хэрэгсэхгүй болголоо л гэсэн. Одоо хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. Гэм буруутай нь тогтоогдоогүй. Угаасаа гэм буруугүйн асуудал үүсгээгүй болохоор л тогтоогдохгүй. Надад үүсгэж байгаа хэргүүд нь дандаа хохирол шаардсан хэргүүд байдаг. Мөнгө мөртэй гэдэг. Би яг хаана хэдэн төгрөгийн хохирлыг хэнд учруулчихсан юм. Хэнээс хэний мөнгийг аваад идчихсэн юм. Тэрийгээ нотол л доо. Яахаараа намайг заавал гэмт хэрэгтэн болгох гэж ингэж их улайрч байна. Тэгээд тэрийгээ нотолж чадахгүй, гацаадаг. Тиймээс надад хэн нэгэн нээнтэг хийх зүйл байхгүй. Би ч тэгж нээнтгэнд нь ороод байдаг хүн ч биш. Надаас ухаад өгье гээд юу ч гарахгүй.
-Таныг УИХ-ын гишүүн байхад хамгийн их шүүмжилдэг, таны эсрэг дуугардаг хүн О.Баасанхүү гишүүн байсан шүү дээ. Өнөөдөр та хоёр нэг тугийн дор нэгдээд явж байна. Яагаад энэ хүнийг намдаа авсан юм бэ?
-Улс төрд аль хүнийг хэрэлдэж муудалцаж, сайдахыг тэр гэх юм. Өнөөдөр хэрэлдчихээд маргааш сайдаж болно. Маргааш сайдчихаад нөгөөдөр нь буцаад хэрэлдэж болно. Улстөрч хүн гэдэг бол тухайн үеийн аливаа асуудалд өөрийнхөө байр суурийг хамгаалдаг л байхгүй юу даа. Тэр утгаараа бид хоёр өнөөдөр нэг асуудал дээр зөрж болно. Нөгөө асуудал дээр нэгдэж бас болно, энэ бол амьдрал дээр байдаг л зүйл. Тэрнээс биш би чамд муу, хоёулаа тэр нэг асуудал дээр зөрсөн учраас гээд насан туршдаа өс санаад яваад байна гэж байхгүй. Энэ бол улс төр биш. Би О.Баасанхүүг чадалтай хуульчдын нэг гэж боддог. Хоёр удаагийн парламентад хамт суусан. Энэ хугацаанд харахад асуудлыг маш зоригтой гаргаж тавьдаг, эрх баригчтай үзэж тардаг гишүүдийн л нэг байсан. Нэг, хоёр удаагийн муудах, сайдах зүйл дээр би нэг их ач холбогдол өгөөд байдаг хүн биш ээ.
-Маргах зүйл байлгүй л яах вэ гэлээ. Тэгвэл өнөөдөр та хэд маргалдаж байсан ч хожмын нэг өдөр нэгдээд нийлээд явах боломжтой гэж ойлгож болох уу?
-Улс төр, амьдрал гэдэг баян шүү дээ. Манай нам барагцаагаар 18 улс төрийн жижиг, том намаас нийлж нэгдэж, байж Ардчилсан нам болсон. Энэ дотор хаа байсан зүүний үзэл бодолтой, барууны үзэл бодолтой, мөн төвийг сахисан үзэлтэй нам байж л байна. Бид шашны ардчилсан намыг ч хүртэл авчирсан. Энэ олон ургальч үзэл баримттай хүмүүсийг нэгтгэж нэг тугийн дор зангидаж, нэг үзэл баримтлалтай явна гэдэг туйлын хэцүү ажил. Миний өнгөрсөн хугацаанд хийсэн гол ажил бол энэ олон үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл, нэг тугийн дор явах тэр эрх ашгийг нь хангахын төлөө намынхаа нэг үзэл баримтлалыг гаргаж ирсэн. Манайх шиг Улсын Дээд шүүхэд албан ёсны үзэл баримтлалаа бүртгүүлсэн нам Монголд байхгүй.
-МоАХ-ны асуудлыг танаас асуухгүй байж болохгүй юм. Энд бас ямар асуудал үүсээд байгаа юм бэ?
-МоАХ бол Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг авчрах боломжийг нээж өгсөн. Үүгээрээ Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх ёстой байгууллага. Уг холбооны мянга, мянган гишүүн өнөөдөр түүхэн гавьяа байгуулсан. Гэвч МоАХ туйлын эмгэнэлтэй байдалд орчихоод байна. МоАХ-ны дарга байсан хүний хувьд өнөөдөр эргээд харахад миний мэддэг МоАХ байхгүй болсон. Өдөр бүр тордох ёстой ардчилал өнөөдөр хаана байна вэ. Эрх баригчид дураараа авирлаж, төсвийн хөрөнгийг хэдэн их наядаар нь идэж ууж байхад дуугарч байгаа нэг ч хүн энд алга. УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүнээс бүлгийн дарга Д.Ганбатаас бусад нь ус балгасан мэт чимээгүй сууж байна. Шат шатандаа засаглалын эрх авсан аймаг, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, МоАХ яагаад дуугарахгүй байгаа юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход ардчиллын тугийг атгуулаад босгож өгсөн өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад дөрвөн жил дуугарсангүй вэ. Тэр яагаад МоАХ-ны амыг барив аа. МоАХ-ны дарга байсан, АН-ын даргын хувьд бусармаг, хариуцлагагүй этгээдийг Ерөнхийлөгчөөр сонгох үйл ажиллагаанд оролцсондоо үнэхээр харамсаж байна. Би үүндээ дахин уучлалт гуйя. МоАХ-ны аймаг, дүүргийн зохицуулагч гэх нэртэй бэлэг сэлт, одон тэмдгээр хахталаа цутгуулсан нөхдүүд өнөөдөр эрх баригчидтай тэмцэх ёстой. Тэдний эсрэг дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Өнөөдөр Монголын ард түмний хувь заяа, эрх чөлөөний төлөө тэмцэх ёстой хүмүүс МоАХ-ны гишүүдийг дарамтлаад сууж байна. Бид өнөөдөр коммунистуудаас айгаагүй байж МоАХ-нд шургалж орсон бэртэгчингүүдээс айх хэрэг үү. Тийм зүйл байхгүй. МоАХ дотор үнэхээр шан харамж харж, үзэл санаагаа уландаа гишгэсэн Х.Баттулгыг дагасан бүхэл бүтэн хүн сүрэг бий болчихоод байна.
-Та 2020 оны сонгуулиар улс төрийн нөхцөл байдлыг ойлгоогүйгээсээ болоод ялагдалд хүргэсэн гэсэн. Тэгвэл өнөөдөр ингээд харахад танай намын УИХ дахь бүлгийн гишүүд ямар эрх ашгийн төлөө сонгогдож гарч ирсэн гэж боддог вэ?
-Өмнө би арай өөр бодолтой байсан. Харин одоо шулуухан хэлье. Одоо байгаа 11 гишүүний дийлэнх нь буюу найм, ес нь дандаа захиалгын хүмүүс гараад ирсэн гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, дандаа Х.Баттулгын захиалгын хүмүүс эрх баригчтай хийсэн наймааны үр дүнд гарч ирсэн юм болов уу гэж бодож байна. Сүүлдээ бүр ингэж хардаг боллоо. Яагаад эд нар дуугарахгүй байгаа юм. Улс орныхоо амьдралыг хар л даа. Эд нар сая тэр Хөгжлийн банктай холбоотой асуудалд дуугарсангүй.
Ковидын хэдэн их наядын луйвар дээр дуугарсангүй. Өнөөдөр нийгэм эдийн засгийн амьдарл ямар байна. Ам.долларын ханш алга боллоо. Энэ бүхэнд яагаад дуугарахгүй байгаа юм. Эд нар ер нь УИХ-д яах гэж гарч ирсэн юм бэ. Үүнийг ойлгохгүй гарч ирсэн юм уу. Ингэж л харж байна. Үнэхээр гараад хар л даа. Амьдрал хаана сайхан болоод байна. Юу сайхан болоод байна. Сайхан болж байгаа зүйл алга байна шүү дээ.
-Таныг нэг хэсэг үхүүлэх гэж үзлээ. Тийм мэдээлэл гаргасан хүмүүсийг хуулийн байгууллагад өгсөн үү?
-Цагдаад өгчихсөн л байгаа, тэд шалгаж байгаа биз. Одоогоор албан ёсны хариу мэдээлэл ирээгүй л байна.
-Э.Бат-Үүл даргын асуудал одоо юу болж байна вэ?
-Анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Одоо давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчид нь давж байгаа. Ийм шүүхийн үйл ажиллагаа явж байгаа учраас Шүүх хяналтын байгууллагад хөндлөнгөөс оролцох хэрэггүй гэсэн зарчимтай байна. Зүгээр ганцхан дабль стандарттай үйл ажиллагаа явуулж байгаад нь харамсаж байна. Түүнээс биш гэм буруугүйн асуудлыг шүүх, хуулийн байгууллагууд нь шийдээд явна байх аа.