Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Гүррагчаатай ярилцлаа. Түүний тухайд 74 насандаа Эверестийн оргилд авиралт хийж дээд амжилт тогтоож байсан тамирчин. Мөн томоохон ослуудын араас эрэн хайх ажиллагааг гардаж зохион байгуулж байсан уулчин юм.
-Сайхан хаваржиж байна уу та.
-Сайхаан. Баруун Алтайд өнтэй өвөл улирч урин хавар айлчиллаа. Нар ээсэн дулаахан өдрүүд үргэлжилж байна.
-Та олон оргилд авиралт хийсэн хүн. 74 настайдаа Эверест рүү авирсныг тань онцолж асуумаар байна. Эверест төсөөлж байснаас тань ямар байв?
-Эверестэд өдөр бүр шахуу харанхуйлсан манантай байдаг гэж төсөөлөөгүй шүү. Баруун хойд талаасаа хүчтэй шуурдаг юм билээ. Үдээс хойшхондоо цасан шуурга доошоо буучихна. Нар буухаас өмнө л майхандаа амжиж орохгүй бол дулаацахгүй. Миний авч явсан мишок хасах 40 хэмийн хүйтнийг эсэргүүцдэг. Тэнд хасах 52 градус хүртэл хүйтэрнэ. Мишокныхоо гадуур юм давхарлаж хучаад л хэвтдэг байлаа. Байнга тийм хүйтэн агаараар амьсгална гэдэг хэцүү юм билээ. Хүйтэн агаараар амьсгалаад байхад нүүр, ам хөлдчих гээд амар биш. Нүүрээ хөлдөөчихөөд бууж яваа хэд хэдэн уулчинтай таарсан шүү.
-Тэр хүйтэнд ямар хоол хүнс хэрэглэж байв?
-Борцоороо хоол хийж иднэ. Тэндхийн хоол надад зохихгүй юм билээ. Тийм хүйтэнд л халуун ногоотой хоол өгч байгаа юм. Хоёр ч удаа тахианы шарсан мах идсэн. Монгол хоол маань л нүдэнд харагдаад байж билээ. Тогоочтой нь танилцаад годгор борц өгөөд л сонгино, сармистай шөл хийлгэж уугаад л явсан. Монгол хоолоо идэхэд тамир ороод ирж байгаа юм.
-Таныг авиралт хийх үеэр Эверестэд газар хөдлөлт болсон байдаг. Нөхцөл байдал ямар байв?
-Том мөсөн оргил, хадан хясаатай зэрэгцэж тогтсон байдаг юм билээ. Хавцал дагасан мөс нь хайлсаар байгаад голоороо зам гарч цагаан суварга шиг болчихсон. Намайг тийм мөсөн ирмэг дээр явж байхад гэнэт л газар хөдөлсөн. Зогсоход л мөс, хад хоорондоо хавирч хяхтанаж дуугараад аймшигтай байж билээ. Хад нурж ирээд л мөсний хоёр тал руу унаад алга болсон. Миний явж байсан орчимд хүржигнээд л тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарч байлаа. Цас нурахад тийм дуу гардаг юм билээ. Газар хөдлөлт цөөхөн секунд л үргэлжилсэн. Жаахан удсан бол би доошоо унах байсан болов уу гэж одоо боддог юм.
-Тэр үед танд юу бодогдож байв?
-Энэ доошоо ангал гараад унавал харайгаад гарч болох болов уу, эндээс хад нураад ирвэл зугтаагаад том хадны цаагуур орно доо гэхчлэн юм юм л толгойд эргэлдэж байлаа. Газар хөдлөлт зогсохоор нь доошоо зугтчихсан. Ядарч явсан хүн чинь доошоо хэд харайгаад л алга болж байгаа юм. Буугаад майхандаа ирэхэд доторх нь ямар ч эмх замбараагүй болчихсон байж билээ.Тийм хүчтэй хөдөлсөн байгаа юм. Ингээд л авиралт хийж байсан хүмүүсийг бүгдийг нь хөөж буулгасан. 6445 гаруй метрт гарчихаад буухдаа сэтгэл гонсгор л байсан. 7000 метр лүү их ойрхон очоод буцсан даа. Нөгөө талдаа тэр өндөр эрсдэлийг ард үлдээгээд гараад ирсэндээ баярламаар ч юм шиг (инээв).
-Танаас өөр 74 гаруй насандаа Эверестэд авирсан тохиолдол байхгүй болов уу. Өндөр настай хүн тэр оргил руу авирч явахад уулчдын хандлага ямар байв?
-Японы уулчин 69 насандаа авиралт хийсэн байдаг. Намайг авиралт хийх үеэр уулчид их хүндэлж байсан шүү. Зөрөөд өнгөрөхдөө мэхийж ёсолно. Хүн бүр л баяр хүргэнэ. Хурал болбол хамгийн эхэнд суулгана. Бие засдаг 00-ыг хүртэл миний майхны хажууханд байрлуулж өгсөн. Гэхдээ нөгөө талаар “Энэ гарч чадах болов уу” гэж анхааралтай ажиглаж байсан.
-Та Казахстаны Хан тэнгэр хайрханд авиралт хийж байсан шүү дээ. Бас л эрсдэлтэй авиралт болсон гэдэг. Энэ талаараа хуучлахгүй юу?
-1990 оны намар Казахстан, Киргизийн хил дээр орших Хан тэнгэр гэдэг аюултай уул руу авирч байлаа. 7000 гаруй метр өндөр, зүйрлэж хэлбэл харандааны үзүүр шиг шовх оройтой хайрхан л даа. Намайг авирахаар очтол хориотой үе нь таараад гаргадаггүй. Тэгэхлээр нь шөнөөр босоод л оргоод авирч байлаа. Ингэж явахад Чехийн уулчин амиа алдсан байсантай таарч байсан юм. Аюултай гэдэг нь тэндээс л ил цагаан харагдаж байсан даа. Энэ авиралтаас хойш 30 гаруй жил өнгөрсөн байна. Гэсэн ч санаанаас ердөө гардаггүй юм. Замд хэдэн солонгос нөхдүүдтэй таараад хэл нэвтрэлцэхгүй хөглөж явсан, шуурга болж майхандаа цурамхийлгүй үүр цайлгаж байсан гээд л олон дурсамж үлджээ, тэр авиралтаас.
-Та Алтай Таван богдод Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамт авиралт хийх үеэрээ төөрч, хүнд байдалд орсон гэдэг. Байдал буруугаар эргэвэл амь насаа ч алдахаар байсан хэмжээнд хүрч байсан талаараа Н.Энх баяр гуай хэлж байсан. Та энэ авиралтын талаар ярихгүй юу?
-Тийм шүү. 2012 оны намар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын найман хүний бүрэлдэхүүнтэй баг Алтай Таван богдод авиралт хийсэн юм. Тэр багийг би ахалж явлаа. Бэлд очиж хоноглохдоо миний зүгээс өглөө 04:00 цагт авиралтаа эхлэх санал гаргасан юм. Гэтэл Н.Энхбаяр маань “Тэнгэр цэлмэг сайхан байна. Үдээс хойш авиръя” гэдэг юм. Ингээд үдээс хойш 14:00 цагийн үед авирлаа. Хэд хэдэн хадан хясаа туулж явсаар байгаад 19:30 цагийн орчимд Алтай Таван богдынхоо оргилд нь гардаг юм. Цай ууж, сан тавиад л буухын хооронд юу юугүй харанхуйлаад нүүр нүдгүй цасаар шуурлаа. Үзэгдэх орчим хязгаарлагдмал болоод л зүг чигээ алдчихсан. Би урд нь гараад л таамаглаад л алхчихлаа. Яваад л байлаа, яваад л байлаа. Ингээд том хадан ангал тулаад ирдэг юм. Эрсдэл хажууханд ирснийг ойлгож Н.Энхбаяртайгаа зөвлөөд буцаж өгсөхөөр боллоо. Тас харанхуй битүү цасан шуурганд өгсөх үнэхээр хэцүү. Ямартаа ч аажуухан алхах ёстойгоо л сайн мэдэж байлаа. Яарч алхвал хөлрөөд хөлдөж үхэх аюултай. Алхахгүй зогсчихвол осгоно. Зөөлнөөр алхаж явсаар байгаад л 03:00 цагийн алдад нэг шовгор толгой руу өгсдөг юм. Ингэж явтал Н.Энхбаяр маань надад хандаж “Гүрээ ах аа, бид Хятадын хил рүү ороод ирчихсэн юм биш үү” гэж их санаа зовсон байдалтай асуудаг юм. Бүх л шөнийн турш алхсан учраас л манай хүн санаа зовсон нь тэр л дээ. “Ороогүй, ороогүй” гэж өнөөхөө тайвшруулаад л цааш алхсан. Ингэж яваад 06:00 цагийн алдад түнэр харанхуй сарниж жаахан гэгээ орлоо. Баруун хойшхоноо алхаад л авирч явсан нөхдийн зоож үлдээсэн модон таяг олддог юм. Таяг олоод л багийнхан сая нэг санаа амарсан даа. Цасан шуурга ч намдаж, тэнгэр цэлмээд нар шараад ирсэн. Шөнөжин алхсан зарим маань зүүрмэглэж байсан юмдаг. Ингээд оргилдоо гарчихаад “Монголын уулчид мандан бадраг” гэж хэлээд л буусан. Түнэр харанхуйд мөсөн дээгүүр алхаж явахад ч аймшигтай байсан шүү. Багт маань туршлага нимгэн улс олон байсныг ч хэлэх үү. Байдал буруугаар эргэвэл яаж ч мэдэхээр байлаа. Сүүлд хотод ирчихээд Н.Энхбаяртайгаа уулзахад “Гавьяат хүн өөр юм аа. Та байгаагүй бол бид үхэх байсан шүү” гэж хэлсэн.
-Отгонтэнгэрийн 17 уулчны ослын аврах ажиллагаанд та нэмэлт хүчээр очсон шүү дээ. Газар дээр нөхцөл байдал ямар байв?
-2017 оны намар аравдугаар сарын дундуур болсон асуудал шүү дээ. Тухайн үед би Ховдод хуриманд ороод явж байсан юм. Гэтэл “Отгонтэнгэрт уулчид осолдлоо, яаралтай ир” гэсэн дуудлага хүлээж авсан. Мэдээ сонссон даруйдаа Ховдоос гарч шөнөжин давхиад л Отгонтэнгэр лүү очсон. Очоод харахад 27 хүний 17 нь Отгонтэнгэрийн зүүн урд тал руу хадан хясаа руу уначихсан байсан. Хадан хясааны ирмэгээрээ нурж унахад бэлэн мөс, цас тогтчихсон. Ийм л эрсдэлтэй нөхцөлд эрэн хайх ажиллагаа явуулсан.
-Эрэн хайх ажиллагааг хэрхэн явуулав?
-17 хүний долоогийнх нь цогцос олдохгүй байсан юм. Эрлийн ажиллагааг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал зохион байгуулж ажилласан. Нураад тогтсон зургаан метр мөсөн дундаас цогцос хайна гэдэг амар ажил биш байна лээ. Нурсан хэсгээр нь явахад өөрөө нисчих гээд л аймшигтай. Ийм л эрсдэлтэй нөхцөлд эрэн хайх ажиллагааг явуулсан. Цогцоснууд олоход нүд халтирмаар дүр зурагтай байсан даа. Мөсөн дээгүүр гулсахад хүний цээж доошоо явдаг. Ингэхлээр хамаг хувцас нь мултарч унаад нүцгэрчихсэн байгаа юм. Хадан хясаанд цохигдчихсон, үнэхээр аймшигтай болсон байсан даа. Тэднийг ар гэрт нь таниулна гэдэг үнэхээр хэцүү ажил. Сонирхол нэгт нөхдөд маань ийм эмгэнэлтэй зүйл тохиолдсонд их харамсдаг юм.
-Ууланд авирахад тохиромжтой хугацаа байдаг байх…
-Тийм ээ. Есдүгээр сараас хойш авирахад тохиромжгүй байдаг. Хүйтний нөхцөлд мөс нь гялайгаад толийчихдог. Авирахад эрсдэлтэй гэсэн үг шүү дээ. Хавар тавдугаар сард авирахад л тохиромжтой. Нэг бол наймдугаар сард зүгээр.
-17 уулчны ослын шалтгааныг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. Та яаж хардаг вэ?
-Харанхуй болж байхад буцсан, зүг чигээ олоогүй гээд л таамаг яриа байдаг. Тэр бүү хэл мөнгөний төлөө явж хүмүүсийн амь авсан гэх дам яриа ч гарсан. Магадгүй тохиромжгүй үеэр авиралт хийсэн байж болно.
-2013 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Бурхан Халдун хайрхан руу гарахдаа төөрч, холбоо тасарч байсан удаатай. Эрэн хайх ажиллагааг та удирдсан бил үү?
-Бурхан Халдун хайрханд явагдсан аврах ажиллагаанд би оролцоогүй. Хоёр хоногийн хугацаанд нисдэг тэргээр хайж Н.Алтанхуяг нарын хүмүүсийг эсэн мэнд олсон байдаг.