Categories
гадаад мэдээ

Автомашин тээвэрлэж явсан хөлөг Атлантын далайд живжээ || DNN.mn

Porsche, Audi, Bentley, Lamborghini зэрэг нийтдээ $401 саяын үнэтэй тансаг ангиллын шинэ автомашинуудыг Германаас АНУ руу тээвэрлэж явсан хөлөг онгоц хоёр долоо хоногийн өмнө шатаж эхэлсэн билээ.

Тэгвэл Felicity Ace нэртэй энэхүү ачааны хөлөг Мягмар гарагт Португалийн харьяаны Азорын арлуудаас 400 км-ийн зайд живсэн тухай албаныхан мэдээлжээ.

Хөлгийн багийн 22 гишүүнийг түймэр шатаж эхэлсэн өдөр Португалийн тэнгисийн флотынхон нүүлгэн шилжүүлсэн юм. Олон хоног жолоодлогогүй далайд шатаж явсан хөлөг ийнхүү живсэн байна.

Гал унтраах төхөөрөмжөөр тоноглогдсон хөлгүүд Felicity Ace хөлгийн байрлалд хүрч, живэхээс нь өмнө галыг унтрааж чаджээ.

Ачааны хөлөг дээр 4,000 орчим автомашин байсны зарим нь цахилгаан хөдөлгүүртэй байсан юм. Тэдгээр автомашинуудын lithium-ion батарей галыг улам нэмэгдүүлж, унтраахад хэцүү болгож байгааг өмнө нь мэдээлж байв.

Даатгалын Russell Group компанийн тооцоолсноор автомашинуудын үнэ $401 сая, бусад дагалдах тоноглол, сэлбэгүүдийн үнийг нийлүүлбэл $438 сая болсон байна.

“Бид энэхүү осолд өртсөн автомашин бүрийг шинээр солихоор ажиллаж байна” гэж Porsche Cars North America компанийн PR хариуцсан дэд захирал Ангус Фиттон мэдэгдсэн байна.

Одоо эрх баригчид живсэн хөлгөөс шатахуун далайн усанд алдагдаж, экологийн бохирдол үүсэхээс болгоомжилж байгаа ажээ.

Хөлөг 2,200 тонн шатахуун, ижил хэмжээний тосны нөөцтэй явсан юм байна.

Далайн мандал дээр цөөн тооны сэг үлдэж, бага хэмжээний тосны толбо үүссэн байгааг Португалийн тэнгисийн флот мэдээлжээ.

Гал унтраахаар очсон хөлгүүд тосны толбыг соруулах ажил хийж байгаа гэнэ.

Одоо Португалийн тэнгисийн болон агаарын хөлгүүд ачааны хөлөг живсэн газарт ажиглалт явуулж, далайн усанд бохирдол үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм байна.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ нийгэм

Вирусын мутацлагдсан хувилбаруудыг дотооддоо илрүүлэх боломжтой боллоо || DNN.mn

Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусын геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө.

Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусын шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна.

Манай улсад корона вирусын дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт дөрвөн сая гаруй шинжилгээ хийгээд буй. Халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын эх уурхайг олох, тархалтыг таслан зогсоохын тулд молекул эпидемиологийн нотолгоо гаргах, вирусын генийн дарааллыг тогтоох шинжилгээний арга зайлшгүй хэрэгтэй байсныг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хэлж байлаа.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “NGS өндөр технологи ХӨСҮТ-д нэвтэрснээр аливаа халдварт өвчний эмгэг төрүүлэгчийн генийн дараалал тогтоох шинжилгээг дотооддоо хийж, баталгаажуулах боломжтой болж байгаад баяртай байна. Нийтийг хамарсан халдварт өвчний үед тандалт, илрүүлгийн ажил илүү үр дүнтэй болж, онцгой нөхцөл байдалд түргэн шуурхай хариу арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг зөв оновчтой төлөвлөхөд нэн чухал үүрэгтэй. Бидэнд энэ цаг үед маш чухал дэмжлэг үзүүлсэн Австралийн Засгийн газар, ДЭМБ-д халуун талархал илэрхийлье. Та бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжиж, олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаална гэдэгт бүрэн итгэж байна” гэлээ.

Өндөр технологи бүхий NGS лаборатори нь зөвхөн халдварт өвчнийг оношлох, тандалт судалгаа хийгээд зогсохгүй, халдварт бус өвчний оношилгоо шинжилгээнд ч тустай гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэрээний үүргээ биелүүлээгүй зам засварын компанид хариуцлага тооцлоо || DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто зам, замын байгууламжийн ажилд хариуцлагыг сайжруулж, чанар стандартыг хангуулахаар зам барилгын ажлын гэрээний үүргээ биелүүлээгүй аж, ахуйн нэгж байгууллагад хариуцлага тооцож байна.

Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд барьж буй 5.5км хатуу хучилттай зам барилгын ажил гүйцэтгэх гэрээг “Арц суварга” ХХК гэрээнд заасан хугацаандаа зам барилгыг ашиглалтад оруулаагүй, чанарын доголдол гаргасан тул 19.79 сая төгрөгийн алданги торгууль ногдууллаа.

Мөн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг барих гэрээг “Насны зам” ХХК, “Хансуун зам” ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу баталгаат засварын хугацаа 3 жил байдаг. Харин “Хансуун зам” ХХК товлосон хугацаанд ажлаа гүйцэтгэн захиалагчид хүлээлгэж өгөөгүй, удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхгүй аж. Иймд захиалагч нь тус компанитай байгуулсан гэрээг цуцалж, барьцаа 158.4 сая төгрөгийн хөрөнгөөр засварыг баталгаат хугацаанд нь хийхээр шийджээ.

ЗТХЯ нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн улсын чанартай тухайн авто замын баталгаат засварын хугацаат ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан дараагийн гүйцэтгэгчээр хийлгэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн зорчих нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байгааг ЗТХЯ мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

​Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам үүсгэн байгуулах хурлаа дахин хийж байгуулагдлаа || DNN.mn

Өнөөдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Иргэдийн Оролцооны Нэгдэл намын үүсгэн байгуулах хурал Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах Саруул төвд болж тус нам албан ёсоор байгуулагджээ. ИОННамын үүсгэн байгуулах уг хурал нь 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож, бүх шийдвэрээ дахин хэлэлцэж баталсан байна. Ингэснээр Улстөрийн намын тухай хуулийн дагуу ИОНН үүсгэн байгуулсан өдөр нь албан ёсоор өөрчлөгдөж 2022 оны 3 дугаар сарын 3 болж байна. Хэдийгээр энэ удаагийн хурлаар баталсан бүх шийдвэр нь өнгөрсөн жилийн намар баталсантайгаа утга нэг байсан боловч тус намын дүрэмд гол өөрчлөлт нь оржээ.

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаарсарын 20-ны өдрийн 37 дугаар тогтоолоор ИОН намын дүрмийг Улстөрийн намын тухай хуульд харшилсан гэж дүгнэн тус намыг бүртгэж авахаас татгалзаж байсан юм. Дээд шүүхийн тавьсан шаардлагуудыг шинээр баталж буй дүрмэндээ бүрэн тусгасан гэж ИОН намын үүсгэн байгуулах хуралд тавьсан илтгэлдээ намыг санаачлагчЦ.Оюунгэрэл онцлон тэмдэглэсэн юм. Иргэдийн Оролцооны Нэгдэл нам нь баруун төвийн үзэл баримтлалтай, тогтвортой хөгжлийг эрхэмлэгч, бага зардлаар үйл ажиллагаагаа явуулдаг, цахим соёлыг нэвтрүүлэгч, ардчилалд үнэнч, эмэгтэйчүүд болон залуусын улстөрийн оролцоог хангаж чадахуйц зохион байгуулалттай нам байна гэж дүрэм, мөрийн хөтөлбөртөө дурдсан байна. ИОН намын даргаар Ц.Оюунгэрэл, Ерөнхий менежэрээр Б.Батмагнай, намын бүртгэгчээр М.Хатантуул нар сонгогджээ. Мөн ИОН намын төлөөллийн төв байгууллага болох Төлөөлөгчдийн Танхимыг 33, хяналтын байгууллага болох Маргаан таслах хороог 10, гүйцэтгэх байгууллага болох Үнэт зүйлийн зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Иргэдийн оролцооны нэгдэл нам байгуулагдах үйл ажиллагааны явцад буюу 2021 оны 6-р сараас хойш өнөөдрийн хурал хүртэл нийт 208 удаагийн орлогоор 30.7 сая төгрөгийн хандив цугларсан бөгөөд энэхүү хандивын орлогоос 2 удаа үүсгэн байгуулах хурал санхүүжүүлжээ. Үүний дотор дахин зохион байгуулагдсан энэ удаагийн хурлын зардал нь 7.3 сая төгрөгт багтсан байна.

Эхсурвалж: ИОННамын үүсгэн байгуулах хуралд бэлтгэх ажлын хэсэг.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Forbes Mongolia Women’s summit- 2022” болно || DNN.mn

“Forbes Mongolia” сэтгүүл нь Монгол Улсын шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулах, салбар бүр дэх манлайллыг дэмжихэд чиглэсэн “Forbes Mongolia Women’s Summit” арга хэмжээг Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярыг тохиолдуулан хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

“Forbes Mongolia Women’s Summit – 2022” арга хэмжээ гуравдугаар сарын 07-ны өдөр Шангри-Ла зочид буудлын Их танхимд болно. Үүгээр бизнес, нийгэм дэх манлайлагч эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэж, ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэгш байдлыг хангах замаар тогтвортой засаглал – тогтвортой өсөлтийг бий болгох боломжуудыг эрэлхийлсэн форум хэлэлцүүлгүүд өрнүүлнэ гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.

Арга хэмжээний үеэр “Бодлого тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эдийн засгийн сэргэлт ба бизнесийн тогтвортой хөгжил”, “Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн эдийн засаг, бизнес, бодлого тодорхойлох болон шийдвэр гаргах түвшний удирдагч, манлайлагч эмэгтэйчүүд, олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, нэр хүнд бүхий эрхмүүд оролцох юм байна.

Арга хэмжээний хүрээнд Бизнес, боловсрол, санхүү эдийн засаг, нийгэм зэрэг нийт найман салбарын манлайлагч, лидер эмэгтэйчүүдийг шалгаруулж, Forbes Woman Summit цомыг гардуулан өгөх хүндэтгэлийн хүлээн авалт мөн болох юм байна.

“Forbes Mongolia Women’s Summit” нь өмнө нь 2019 онд “Өсөлтийн менежмент ба Эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн дор зохион байгуулагдаж нийгэм, бизнес, улс төрийн салбаруудад удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүд мөн эдийн засагчид, бие даасан шинжээчид оролцож Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөж байсан билээ.

Энэ жилийн арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Худалдаа, хөгжлийн банк, хамтран зохион байгуулагчаар Блүүмберг ТВ Монголиа, Нэйшнл Ньюс Корпоршейшн зэрэг байгууллага ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Элбэгдорж: Орост сая сая хүн дайныг эсэргүүцэж байна || DNN.mn

Өнөөдөр “ПУМА” хурлын танхимд МоАХ-ны Д.Монголхүү, А.Цэрэнбат нар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Д.Сосорбарам нартай уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Орос Укрианы хоорондын дайны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Тэрбээр ” Украины асуудлаар хамгийн том шийдвэр, зөвлөгөө саяхан Нью-Йорк хотод боллоо. Тэр чуулган хуралдаанд НҮБ-ын 193 гишүүн улс бүгд оролцсон. Уг 193 орноос 141 орон дайныг эсэргүүцсэн санал өгсөн бол 35 орон түдгэлзсэн санал өгсөн байгаа юм. Түүнд нь манай урд хөрш болох БНХАУ орсон байна. Энэ нь их анхаарал татаж байна. Харин гурван орон дэмжсэн санал өгсөн байна. Үүнээс харвал дэлхийн олон нийт хаашаа чиглэж байгаа нь харагдаж байна. Миний хувьд бол бид дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн эсрэг Монголчууд хойд хөршөө дэмжиж 500 мянган морь, 3 сая хонь, бүр улсынхаа төсвийн талыг нь хүртэл явуулж байсан. Мөн дайнд орж байсан бүх цэрэгт Монголоос хувцас явуулж байсан.

Гэтэл өнөөдөр Украины эсрэг дайныг бид дэмжих боломжгүй. Энэ дайныг зохион байгуулж, удирдаж байгаа хүмүүсийн түвшинд болохоос биш Оросын ард түмэнтэй тогтоосон бидний найрамдал бол мөнгө шүү. Орост сая сая хүмүүс энэ дайныг эсэргүүцэж байна. Маш их хүч гаргаж эсэргүүцлээ илэрхийлэхээр бүгдийг нь барьж аваад байна. Мөн хуульд нь өөрчлөлт орж бодлогын дайныг эсэргүүцвэл Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсан гэж 20 хүртэлх жилээр шоронд хорьдог болчихсон. Ийм аймшигтай дарамтын дор 7000 гаруй хүнийг баривчилж хорьсон байна. Тэгэхээр Оросын бараг бүх хотын иргэд энэ дайны эсрэг байгаа.

Миний зүгээс харахад дайныг эхлүүлэхдээ зарим зүйлийг сул тооцсон юм болов уу гэж бодож байна. Нэгт, Оросын иргэд уг дайнд эргэлзэж, эсэргүүцсэн бүрэн гүйцэд дэмжихгүй байгаа хандлага ажиглагдаж байна. Хоёрт, хүчтэй бөмбөгдөлтөөр цэргийн ажиллагаа явуулахаар Украинчуудыг айгаад, удирдлагадаа дургүй иргэд байвал тэд нар гарч ирж дэмжин дотроо хагарал үүснэ гэж бодсон байх. Гэтэл эргээд бөөн зэвсэг бариад Украинчууд нэгдэж зогссон. Үүнээс үзвэл эх орноо хамгаалж буй хүмүүс хүчтэй байдаг гэдгийг харуулж байна” гэв.

М.САЙНЗАЯА

Categories
гадаад мэдээ

Өнөөдөр Оросын гурван онгоц, хоёр нисдэг тэргийг сөнөөжээ || DNN.mn

Өнөөдөр гуравдугаар сарын 2-нд Украины арми Оросын цэргийн гурван онгоц, хоёр нисдэг тэргийг устгасан талаар Украины Батлан Хамгаалах Яам мэдээллээ.

Уг ажиллагаанд Су-24м болон Су-25 сөнөөгч онгоцны багийнхан оролцож, Украины Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд агаараас дэмжлэг үзүүлж, Киев, Сумы, Чернигов, Харьков муж дахь Оросын талын цэргийн техник, хүн хүчний колониудыг устгасан байна.

(Эх сурвалж: Unian)

Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг сургалтад 3060 албан тушаалтныг хамруулжээ || DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 3060 албан тушаалтныг хамруулж, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 71 мянга орчим өрхийн 571 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.

Өнгөрсөн долоо хоногт авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон боловсролын салбарт хамтран ажиллах талаар санал боловсруулж, албан тушаалтны ёс зүй, хүнд сурталтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг шалган шийдвэрлэж, авлига үүсгэх нөхцөл боломжийг бий болгож болзошгүй зохицуулалт дүрэм, журмуудад туссан эсэхийг хянав.

Categories
мэдээ нийгэм

Г.Батбаярын өмгөөллийн эрхийг хүчингүй болгожээ || DNN.mn

Г.Батбаярт Монголын Өмгөөлөгчдийн холбооноос хариуцлага тооцож, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан байна. Энэ талаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос мэдээлсэн байна.

Тус мэдэгдэлд, “Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон. Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Монголхүү: Монголын иргэд энхтайвныг хүсч байгаа гэсэн дуу хоолойг дэлхийд сонсгоё гэж зорьсон || DNN.mn

Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч Д.Монголхүүтэй ярилцлаа.


-Та бүхний зохион байгуулсан “No war” жагсаалын зорилго юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Монголын иргэд залуучууд энхтайвныг хүсч байгаа шүү гэсэн дуу хоолойг дэлхийд сонсгоё гэж зорьсон. Учир нь аливаа улсыг төлөөлөх эрх бүхий субьект нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гэх мэт төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд байдаг. Өнөөдрийг хүртэл манай улс албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. Энэ эс үйлдэхүйгээрээ юуг илэрхийлж байна гэхээр Монгол Улс улс биш гэж харагдаад байгаа юм. Орос-Украины асуудал хэдийнэ олон улсын анхаарлын төвд орчихсон. Энэ асуудлаар Дэлхийн улс орнууд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд байхад манай улс илэрхийлэхгүй байна. Манайх чинь Бүрэн эрхт тусгаар тогтночихсон улс шүү дээ. Тиймээс дэлхий дахинд Монгол гэж улс байгаа, тэд ийм байр суурьтай гэж албан ёсоор илэрхийлэх ёстой. Эрх бүхий субьектүүд илэрхийлэхгүй байгаа болохоор ядаж иргэд нь илэрхийлэх хэрэгтэй. Мэдээлэл технологийн ачаар дэлхий хавтгай болчихсон. Тиймээс дэлхийн нөгөө захад суугаа хүн интернэтээс монголчууд энхтайвны төлөө “No war” жагсаалд нэгдэж, зохион байгуулж байгаа юм байна гэсэн тэр дуу хоолойг хүргэх гэж зорьсон.

-Ардчилсан улсын иргэд энхтайвны төлөө дуугарч байгаа нь ч зөв байх. Гэхдээ манай улс дэлхийн хоёр том эх гүрний дунд оршиж байна. Эдийн засаг, эрчим хүч гээд бүх зүйл л хамааралтай байгаа ийм эгзэгтэй үед Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий субъектүүд байр сууриа яаран илэрхийлэх хэрэг байна уу?

-Бид албан ёсны статусаараа төвийг сахисан улс. Төвийг сахиж байгаа гэсэн байр сууриа илэрхийлэхэд юунаас болгоомжлоод байгаа юм бэ. Хэрвээ төвийг сахиж байна гэдгээсээ болгоомжилж байна гэвэл тэр жинхэнэ аюул үүсчихсэн байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та нар заавал манайхыг дэмж гэдэг тулган шаардалт байна гэсэн үг. Ийм тулган шаардлагыг ямар нөхцөлд өгдөг вэ гэхээр өөрийн колони улсууддаа өгдөг. Хэрвээ манай улсын эрх бүхий субьектүүд төвийг сахисан байр сууриа эс үйлдэхүйгээрээ илэрхийлэхгүй болгоомжилж байгаа бол маш ноцтой байдалд хүрчихсэн байна гэсэн үг. Гэхдээ тийм биш байгаасай.

-Шадар сайд болон Зам, тээвэр хөгжлийн сайд нар Газпромд нэгдэхээр гарын үсэг зурчихлаа. Гуравдагч хөрш орнууд, европын холбооныхон Газпромыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарлачихаад байхад ийн үзэглэж байгааг та юу гэж харж байна?

-Газпром анх яригдаж эхлэх үеэс л би эсэргүүцэж байсан. Та бид хоёрын дээр ярьсан хардлага хөшигний ард бодитой биелчихсэн байгаа юм болов уу гэж харж байна. Тэрний илрэл нь энэ юм уу ч гэж бодож байна. Газын хоолой манай улсад ороод ирвэл хамгаалахаар ОХУ-ын цэрэг орж ирнэ. Хоолойтой 100 метрийн ойролцоо монгол иргэд чөлөөтэй зорчиж чадахгүй болчихно. Хил гаалиар орж байгаа юм шиг нэвтэрч гарах бүртээ шалгуулах тийм сайхан юм уу. Энэ мэт аюул их.

-Энхтайвныг уриалж дэмжсэн та бүхний жагсаалд ямар хүмүүс очоод үймээн самуун дэгдээчихэв ээ?

-Тэр хүмүүсийг хэн явуулсан, ямар зорилготой ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Хийсэн үйлдлээс нь харж байхад үзэл бодол, байр сууриа илэрхийлэх гэж бус үймээн самуун дэгдээх, хүчирхийлэх гэж ирсэн юм байна лээ. Хэрэвзээ үзэл бодол, байр сууриа илэрхийлэх гэж ирсэн бол тийм зүйл хийхгүй байх байсан. “No war” жагсаалыг эсэргүүцэж байгаа бол “Yes war” гээд зэрэгцээд зогсож болох л байсан. Үндсэн хуулиар хамгаалагдсан тэр эрх нь нээлттэй шүү дээ. Жишээ нь, долдугаар сарын 1-нд “No naadam”-ынхан суулт хийж байхад “Yes naadam”-ынхан морьтойгоо тойрч үзэл бодлоо чөлөөтэй л илэрхийлж байсан шүү дээ. Тэр үед ямар ч мөргөлдөөн болоогүй. Ардчиллын хамгийн сайхан зарчим тэнд их тод харагдсан. Тэр бол эсрэг, тэсрэг хоёр байр суурь нэг цэг дээр ямар ч зөрчил гаргахгүйгээр үзэл бодлоо илэрхийлж болдог гэсэн ухамсарт иргэдийн үйлдэл байсан. Харин саяны нөхдүүдийн зорилго нь тийм байгаагүй юм байна гэдэг нь илт харагдаж байгаа.

-Таны биед халдсан гэсэн байсан?

-Намайг хоёр цохисон. Тэр хүнийг нь цагдаад өгөөд явуулсан чинь цагдаа нар суллаад явуулчихсан л байна лээ. Тэгэхдээ хохирогчийн мэдүүлэг авч, гомдол гаргуулж аваад явуулчихсан байна лээ. Гэтэл зодуулсан би холбогдогч болчихсон, зодсон хүн нь хохирогч болчихсон байна. Тухайн үед яг ямар үйл явц өрнөснийг та бүхэн цахим орчноос харж болно. Тухайн үед би ганц ч үг дуугараагүй, нэг ч хариу үйлдэл үзүүлээгүй. Учир бид энхтайвныг уриалж жагсаж байж хариу үйлдэл үзүүлж болохгүй байхгүй юу. Тэр жагсаал энхтайвнаар дуусах ёстой гэж бодсон.

-Тантай ярилцаж байгаагийнх МоАХ-г асуулгүй өнгөрч болохгүй нь. Хоёр талд гарчихаад байгаа МоАХ-ыг нэгдэж нийлүүлэх талаар шийдэл эрэлхийлж байна уу?

-МоАХ хоёр талд гараагүй шүү дээ.

-Хоёр талд гарчихсан гэдэг нь нийгэмд ил болчихлоо шүү дээ. Анх АН хоёр хуваагдахад хоёр талын нөлөө бүхий улстөрчид яг л тань шиг хариулт хэлж л байсан. Хэсэг хугацааны дараа бүх зүйл ил болсон шүү дээ?

-Эхлээд хоёр талд гарчихлаа гэсэн шуум явуулдаг юм байна. Дараа нь бодит болгох зүйлээ хийдэг юм байна. МоАХ-ын үүсгэн байгуулагч гишүүд, партизанууд хуваагдлыг хүсэхгүй. Тиймээс ч Үндэсний зөвлөлдөх зөвлөгөөнөөс гарсан тогтоол, шийдвэрээ нөгөө нөхдүүд дээр аваад очсон. МоАХ-ныхоо гишүүдийг цуглууллаа, ийм шийдвэр гарлаа. Тавдугаар их хурлаа хамтарч зохион байгуулъя. Бид салж нийлж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж очсон. Хүлээж авах эсэх нь тэдний нь асуудал. Өөрөөр хэлбэл, хуваагдах хүсэл сонирхол, бодол өвөртлөлгүй асуудлыг шийдэх алхам хийсэн. Хуваагдал руу явуулах үгүй нь хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлоос хамаарна гэсэн үг.

-Та өнгөрсөн хугацаанд багагүй жагсаал, цуглаан зохион байгууллаа. Энэ хугацаанд иргэний үг хэлэх эрх чөлөө, ардчилсан тогтолцоо гажуудсан юм шиг мэдрэгдэв үү?

-Хүний хэвийн явж байсан амьдралын балансыг нь алдагдтал хавчиж, дарангуйлж байна шүү дээ. Хамгийн аюултай нь манай иргэд эрх чөлөөний орон зайг нь багасгасан ч дасан зохицоод амьдраад байх юм. Аажим аажмаар бага багаар л хумиад байна. Мэлхийг хүйтэн усанд хийгээд аажмаар халаахаар үсэрч гардаггүй, харин халуун усанд хийхээр үсрээд гараад явчихдаг шиг бага багаар эрх чөлөөг хумиад байхад манай иргэд дасан зохицоод амьдраад байх шиг санагддаг. Би бол дасан зохидоггүй төрлийн хүн юм билээ.

Надад бол их хурц мэдрэгдсэн. Би ямар жагсаж цуглахын дон тусчихсан байгаа биш тэсэхээ байгаад талбай дээр гарч ирсэн. Гэхдээ ийм байдалд орно ч гэж бодоогүй. Талбай дээр очиж үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлчихээд л гэртээ харьчих юм бодсон. Гэтэл цагдаа нар авч яваад асуудлыг хүндрүүлсээр өнөөдөр ийм байдалд хүрчихэж байгаа юм.

-Олон нийтийн эрх ашгийн төлөө дуугарч байгаа, жагсаал цуглаан зохион байгуулж буй хүмүүс хэсэг хугацааны дараа ямар нэгэн албан тушаалд хүрчихээд анхны зорилгоо умартчихдаг жишиг манай улсад тогтчихсон гэхэд хилсдэхгүй байх. Тиймээс ч “иргэдийн төлөө” гэсэн лоозонтой тэмцэж, дуугарч байгаа бүхэнд нийтээрээ итгэх итгэл нь алдарчихлаа шүү дээ. Энэ хэнээс юу авчихав, ямар эрх ашгийн төлөө дуугараад байна, ард нь хэн байна гэж харддаг болчихсон. Тиймээс танаас шуудхан асуухад таны ард хэн нэгэн бий юү, танд ямар нэгэн эрх ашиг байгаа юу?

-Миний ард миний эхнэр хүүхэд, ээж аав л бий. Бас миний хувийн эрх, эрх чөлөө, хувийн ашиг байна. Иргэд хувиа хичээх үзлийг юу гэж ойлгодог вэ гэдгээс их зүйл хамаарна. Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэсэн зүйр үг бий. Энэ бол хувиа хичээх үзлийн философи шүү дээ. Та өөрөө сайхан баймаар байвал бусдыг сайхан байлга тэгж байж та сайхан болно. Та бусдын асуудлыг үл анзаарч бусдын сайн сайхны төлөө хуруугаа хөдөлгөхгүй бол таны сайн сайхны төлөө хэн ч хуруугаа хөдөлгөхгүй. Тиймээс би сайхан байхын тулд би заавал оролцох ёстой байгаа биз.

Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг зүйр үгний философийг Айн Рэнд сүүлд гаргаж ирсэн. Тэр өөрийгөө бодох нь ариун үйлс юм гэж хэлсэн. Өөрийнхөө төлөө яв. Тиймээс би өөрийнхөө эрх чөлөөний том орон зай дотор амьдармаар байгаа юм. Тэр орон зай дотроо алдсан ч оносон ч тэр миний асуудал. Хэрэвзээ Монгол Улсын 1 сая 566 мянган км2 газар нутагт үйлчилж байгаа хууль дүрэм нь Д.Монголхүүгийн эрх чөлөөг хамгаалж байвал таныхыг хамгаалахгүй гэсэн үг биш биз дээ. Хууль тухайн газар нутагт тэгш үйлчилнэ. Тиймээс бүгдийнх нь эрх ашиг хамгаалагдаж байна гэсэн үг.

-Жишээлбэл, шударга таван гишүүн иргэдийн төлөө талбай дээр жагсаж байсан. Гэтэл бүгдээрээ өндөр албан тушаалд очсон. Энэ зүйл тань дээр давтагдахгүй гэж ойлгож болох уу?

-Шударга таван гишүүн ард түмний дэмжлэг, итгэлийг авч “ажлын багаж” дээрээ очсон. Хэлж ярьж байсан юмаа хэрэгжүүлэх эрхээ ч авсан. Харин түүнийгээ хэрэгжүүлсэн үү гэдэгт л дүгнэлт хийх хэрэгтэй. Иргэн хүн буюу нөхөр Д.Монголхүү эндээс орилоод асуудал шийдэгдэх үү гэвэл үгүй. Учир нь асуудал шийдэх хүмүүс нь өөр. Ажлын багаж нь ч өөр. Би мод цавчих боллоо гэхэд мод цавчмаар байна гээд сүхгүй мянга орилоод нэмэргүй. Сүх хэрэглэх эрхтэй хүмүүс нь чи модоо цавччихаад надаа өг л гэж байгаа юм. Тэгэхээр мод цавчих сүхийг эзэмших эрхтэй болох ёстой байхгүй юу.

Ард түмний дэмжлэг гэдэг бол маш том капитал. Энэ капиталыг бодит болгох хуулиар олгогдсон эрх мэдэл нь хаана байна. Ж.Батзандан аа, Л.Оюун-Эрдэнэ ээ чи хийгээдэх гээд эрх мэдлийг нь өгчихлөө. Одоо бол ажлын үр дүнгийнх нь талаар л ярина. 30 жил улс төрд явсан ах, эгч нарыг харж байхад хамгийн гол нь тэр том капиталыг авчихаад түүнийгээ үнэлдэггүй. Тэрийгээ хайрладаггүй, хамгаалдаггүй. Өөрийнхөө хувийн эрх ашгийнхаа зэвсэг болгоод ашиглачихдаг. Манай нэг мундаг улстөрч “Улс төрийг чи жинхэнэ утгаар нь сонирхвол хамгийн гоё салбар.

Хувьдаа ашиглах гэж оролдвол унах нүхээ өөрөө бэлдэж байна гэсэн үг” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарыг ард түмэн дэмжихээ больчихсон байгаа биз дээ. Учир нь хувьдаа ашиглаад байгаа юм. Хувьдаа ашиглаж болно. Гэхдээ зөвхөн иргэн хүн хувьдаа ашиглаж болно. Төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн өндөр албан тушаалтан хувьдаа ашиглаж болдоггүй.

Манайхан нийтийн эрх ашиг гэж яриад байдаг. Тэр бол их муухай ойлголт. Коммунистуудын гаргаж ирсэн заль. Нийтийн эрх ашиг гэдэг бол нэг өрөөнд сууж байгаа долоон хүний зургаа нь сайхан амьдрахын тулд нэгийгээ золиосонд гаргахыг хэлж байгаа юм. Нийтлэг эрх ашиг гэдэг нь тэр долоон хүн нийтлэг нэг асуудалтай. Жишээлбэл, ам нь цангалаа гэхэд хуруудаж байгаад ч гэдэг юм уу нэг нь бүгдийнх нь эрх ашгийн төлөө явж байна шүү дээ.

-Тэгэхээр таны хэрэглэгдэхүүн юу вэ. МоАХ юм уу?

-МоАХ бол дан ганц Д.Монголхүүгийн хэрэглэгдэхүүн биш. Эрх чөлөөг хүсдэг бүх иргэдийн зэвсэг байх ёстой. ХЭҮК гээд УИХ-аас төсөв батлуулж аваад ажилладаг газар бий. Уг нь тэр газар байх шаардлагагүй байсан юм. ХЭҮК-ын ориг хувилбар нь МоАХ. Учир нь үүссэн хэрэгцээ шаардлага, түүх нь тийм. 1990 оноос өмнө Монгол Улс том орон зайтай шорон болчихсон байсан. Тэр шоронгийн ханыг цөм цохиж гарч ирээд олон намын тогтолцоо, олон ургалч үзлийг гаргаж ирээд хүний эрхийг дээдэлж, эрхийг нь зөрчихгүй гэсэн тунхаг гаргаж түүнийгээ хамгаалж зогссон. Монгол өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал ямар байна гэхээр АН цус алдаад хэвтчихсэн. МАН-ыг сөрж зогсох хүчингүй болчихсон. Тиймээс тэд иргэдийгээ үсдэж аваад нүүрээр нь цемент арчиж байна шүү дээ. АН байхгүй бол хүний эрхийг хэн хамгаалах юм бэ. Д.Монголхүү ганцаараа гараад чадахгүй. Чадахгүй гэдгээ ч өнгөрсөн хагас жилийн хугацаанд хангалттай мэдэрлээ. Би ардчилсан улсын иргэн гээд итгэлтэй гарсан, гэтэл би коммунизмд амьдарч байж. Гариг андуурч яваагаа ойлгож байна. Өнөөдөр эрх чөлөөний байгууллага гэвэл МоАХ байна. Эрх нь зөрчигдсөн Монгол Улсын иргэн бүр МоАХ руу жим татах ёстой. МоАХ руу явсан жимний өвс нь халцрах ёстой. ХЭҮК руу очиж хошуугаа унжуулдаг бус МоАХ руу очиж хамгаалалтад ордог байх ёстой.