Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ачаа тээвэр өмнөх оноос 18.5 хувиар буурчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн онд бүх төрлийн тээврээр 49.2 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оноос 18.5 хувь буурсан үзүүлэлт юм. Үүнд авто тээврээр тээсэн ачаа 41 хувь буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Түүнчлэн бүх төрлийн тээврийн орлого 2021 онд 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.5 хувь буурчээ. Авто тээврийн орлого 26.7 хувь буурсан нь бүх төрлийн тээврийн орлого буурахад нөлөөлсөн байна.

Categories
мэдээ спорт

Э.Эрхэс сэлэлтийн хоёр төрлөөр алтан медаль хүртлээ

ОХУ-ын Казань хотод усан сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж байна. Тэмцээнд дэлхийн 100 орчим улсын 669 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр манай улсын “Сэлэм загас” клубын тамирчин Э.Эрхэс хоёр алтан медаль хүртсэн бөгөөд 50 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд 26.64 секундын амжилтаар алт, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 28.39 секундын амжилтаар алтан медаль хүртлээ.

Тэрбээр энэ амжилтаараа 50 метрийн араар даллах сэлэлтийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч ордероор байр дамлан түрээслэдэг гэмт хэрэг нэмэгджээ

Иргэдийн орон сууц худалдан авах чадвар муудаж, түрээсийн орон сууц сонирхох болсныг далимдуулж залилангийн гэмт хэрэг хийж, бусдыг хохироох тохиолдол нэмэгдсэнийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 5400 гаруй залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний ихэнх хэсгийг орон сууцны залилангийн гэмт хэрэг эзэлж байна. Залилагчид түрээслэгч нарт хуурамчаар үйлдсэн ордероо үзүүлж, өөрийн байр гэж итгүүлэн, бусдын байрыг дамлан түрээслүүлэх гэмт хэрэг нэмэгджээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллээс харахад, зөвхөн залилах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Харин 2021 оны тоон мэдээ нэгтгэгдэж гараагүй байгаа ч өнгөрсөн жил энэ төрлийн гэмт хэрэг эрс өссөн аж. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар мөн л залилах гэмт хэргийн тодорхой хувийг байр түрээслэх нэрээр залилан хийж байгаа тохиолдол эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын гүн бишрэлт хайрхан Бурхан Халдун

Хайрхан руу нэг гарсан бол гурван жил гардаг ёстой. Бар жилийн, бар сарын, бар өдөр анхны гаралтаа хийлээ. Шинийн зургааны билэгт сайн өдрийг сонгон энэхүү түүхээр баян хайрхандаа очлоо. Бурхан Халдун хайрхан руу явах хамгийн тохиромжтой цаг үе бол 12-оос гуравдугаар сар юм. Хавар, зун, намар явах тохиромжгүй, зам, бартаа ч ихтэй. Бараг автомашин явах боломжгүй гэж хэлж болно. Бартаа саад туулах чадвар сайтай автомашин дээрх тохиромжтой үед явсан ч зам тийм ч дардан биш. Бурхан халдун хайрхан хотоос 280 гаруй километр зайтай. Багануур хүртэл засмал замаар яваад зүүн хойшоо Төв аймгийн Мөнгөнморьт сум руу салж, шороон замаар 80 гаруй километр явна. Цааш Мөнгөнморьт сумаасаа зүүн хойд чигтэй хайрхан руу 80 гаруй километр яваад очих юм. Бурхан Халдун хайрхан нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байрлах арвин их түүх агуулсан, төрийн тусгай хамгаалалттай тахилгат хайрхан ажээ. Мөнгөнморьтоос цааш явахад хайрхан руу гараад буцаж байгаа болон гарах гээд явж буй автомашины цуваа тасрахгүй нааш, цааш тоос татуулсаар. Ил хөдөлгөөн шинийн найман, 15-нд улам нэмэгддэг нь монголчууд бидний тэр тусмаа монгол эрсийн гүн бишрэлт хайрхан гэдэг нь тодорхой харагдах аж.

Замын бартаа хайрханы өврөөс 50 орчим километрийн наана байрлах төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүс буюу хяналтын байрнаас эхэлнэ. Үүгээр нэвтрэхдээ хэдэн хүнтэй явж байгаагаа мөн тусгай хамгаалалттай газар нутагт хориглох санамжуудтай танилцаад 10 мянган төгрөгийн хураамж төлөөд гардаг байна. Үүнээс цааш хоёр талаараа өндөр модтой уулсаар хүрээлэгдсэн бартаа ихтэй хөндийгөөр явсаар Босго тэнгэрийн даваан дээр гарлаа. Босго тэнгэрийн даваанаас нааш харийн хүн, хатан хүний мөр үл гарга гэсэн Их хааны зарлигтай уг даваан дээр овоо байх аж. Гэхдээ байгалийн чулуу биш, жижиг цагаан тоосгоор цэвэрхэн өрсөн овоо юм. Энэ даваанаас Бурхан Халдун хайрханы орой аав шиг л дүнхийж харагдана. Харсан хүн бүр л “…сайхан, сайхан байна…” гэсэн үгийг хэлэх юм. Уужуу амьсгаа авч алсыг харан, сэвшээ салхинд үсээ хийсгэн зогсох үнэхээр л сайхан ажээ.

Идээ будаагаа өргөөд цааш явлаа. Анх удаагаа явж байгаа болохоор замынхаа хаагуур явдгаа мэдсэнгүй. Шууд чигээрээ буусан замаар уруудтал айхавтар мөстэй, гулгаатай зам байж. Зогсож, ухрах нэгэнт өнгөрч, тэр чигтээ 200 метр орчим мөстсөн даваа руу эрчээрээ л гулгаж орхилоо. Азаар янз бүрийн юм болсонгүй, автомашинтайгаа хоёр бүтэн “вальс” эргээд л буулаа. Уг нь энэхүү замаар биш, баруун талаа бариад ташиж буудаг ажээ. Хайрханыг зорих эрчүүд маань бас санаад авчихад илүүдэхгүй биз ээ. Автомашинтай “вальс” эргэсэн залуучууд замын бартаа саад их байгааг ярьж гэлдэрсээр хайрханы өвөрт очлоо. Ээ ёстой сайхан шүү. Олон арван аавын хөвгүүд. Дандаа монгол сайхан эрчүүд том том төмөр хүлгүүдтэйгээ иржээ. Зарим нь майхан барьчихсан, гал түлээд дээр нь тогоо тавьж, цайгаа чанаж байх. Зарим нь гэр барьчихсан дотор нь гал түлээд хөзөр тоглож суух. Ёстой эр хүний жаргал эзгүй хээр гэдэг дээ. Ганц хоёр зуу татаастай, бас…Бид өглөө 10 цагийн үед хотоос гараад ирэхэд 18 цаг өнгөрч байв. Яарч тэвдэхгүй явахад зургаан цаг л явах газар гэж бодлоо. Бид ч мод түүж, бусдынхаа адил жаргалаа эдэлж, хайрханы талаарх түүх домог хоорондоо ярьж суулаа. Бурхан халдун хайрханыг өмнө Хадун хайрхан гэж нэрийддэг байж. Улмаар Монголд шарын шашин орж ирээд монголчууд бурхан гэдэг үгийг хэрэглэдэг болсноос хойш уг хайрханыг Бурхан Халдун гэж нэрийдэх болжээ. Их хааны онгон энд байдаг гэж хүмүүс ярьдаг. Үнэн ч бай, худлаа ч бай тэртээ XIII зуунд ч, өдгөө Бурхан Халдун хайрхан яг л энэ янзаараа. Олон зууны түүхийг өөртөө шингээн оршиж л байна, цаашид мөнхөд оршино. “Хэдүүлээ санаандгүй явж байгаад Чингисийн булшийг олчихвол яах вэ…, Чингис хаан чинь энэ хайрхан дээр гараад бууж ирэлгүй гурав хоносон юм гээ биз дээ…, нөгөө Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг чинь энд явж байгаад төөрсөн юм гэдэг шүү…” иймэрхүү яриа бидний дунд тасралтгүй үргэлжилсээр үүрийн дөрвөн цаг боллоо. Гадаа хасах 35 хэмийн хүйтэн гэж автомашины заагч дээр гарч. Гэхдээ дулаан хувцастай учир түүдгийн галд даарахгүй л юм билээ. Бурхан Халдун хайрхан далайн түвшнээс дээш 2361 метр. Гэхдээ бэлээс нь орой хүртэл алхахад гурваас дөрвөн цаг явж хүрдэг байна. Бид үүрийн дөрвөн цагт алхаж эхэллээ. Хайрхан дээр дөрвөн овоо байдаг аж. Эхнийх нь Сүүн овоо. Тэгээд Дунд овоо. Улмаар Бага, Их овоо гэж байх юм. Дунд овоо хүртлээ огцом өгсүүр, битүү модон дунд алхах юм. Дунд овооноос дээш хэдхэн метр алхаад модгүй нүцгэн уулсын орой угтана. Модноосоо гараад огцом өгсүүр байхгүй болох ч ширүүн хүйтэн салхи хувцас нэвт шуурдаг нь хэцүү юм билээ. Тиймээс алхахдаа хөлсөө айхавтар гаргаж алхахгүй байх нь зүгээр санагдсан юм. Түүнчлэн модноос гарахаас өмнө хөлсөө сайн хатааж, амарч байгаад дээш яваарай. Ихэнх эрчүүд явган алхах болов ч зарим нь морьтой явна. Хайрханы бэлд хэд хэдэн газар морь түрээслүүлдэг хүмүүс байна лээ. Нэг морь унаад дээшээ гараад бууж ирье гэвэл 50 мянган төгрөг. Гэхдээ ханш хүмүүс хэр олон байгаагаас хамаарч дээш доош болдог гэнэ. Шинийн нэгэн, гурван, найманд олон хүн ирдэг. Найманд бүр 300-400 хүн ирэх нь бий. Тэр үед нэг морь гурав дахин үнэтэй болдог гэнэ.

Бид ч морь унасангүй, нийтийнхээ жишгээр алхлаа. Гэхдээ морь унаж гарч ирсэн эрчүүдэд бусад нь тийм ч таатай хандахгүй байгаа нь анзаарагдсан шүү. Хүн гэдэг хаана ч явсан газраа бусдад атаархах юм даа. Бид энэ муухай зангаа болих хэрэгтэй мэт санагдсан. Хотын утаан дунд уушги нь тамхи татдаг хүнийхээс ялгаагүй болсон бид энэ өөдөө гарах гэж хэцүүхэн л юм боллоо. Бага овоон дээр гарч ирэхтээ зэрэгцэн алтан шаргал наран мандлаа. Цугларсан эрчүүд уухай хадаан алтан шаргал нарыг угтан авч, сүү, идээ будаагаа өргөн сүсэглэлээ. Нийтлэгээрээ нэг ах дүүс шиг сайхан санагдах. Гарч ирсэн хүн болгон нэгэндээ ямар нэгэн хэмжээгээр тус болчих санаатай, эвтэй сайхан байх юм. Танихгүй ч гэлээ нэгэнтэйгээ эвтэй, нөхөрсөг, тусархуу хандаж байгаа нь монгол эрийн зан биз ээ. Идээ будаагаа өргөн мөргөж залбирчихаад буцлаа. Буцах зам өгсөхөөс хэцүү аж. Амьдрал ч ялгаагүй…

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн шинжилгээг өнөөдөр авч дуусна

Бүх шатны боловсролын байгууллага маргааш буюу хоёрдугаар сарын 14-нөөс танхимаар хичээллэж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн боловсролын газраас танхимын сургалтад хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэг дээрээ өгөх шийдвэр гаргасан. Тухайн цэцэрлэгээс асран хамгаалагчдад шинжилгээ өгөх хугацааны талаар мэдээлэл хүргэж байгаа ч шинжилгээнээс болж эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ удаан хугацаанд оочерлож, халдвар тархах эрсдэл үүсгэж байна.

Өнөөдөр хуваарийн дагуу шинжилгээ авах сүүлийн өдөр бөгөөд шинжилгээ өгч амжаагүй хүүхдийг цэцэрлэг хүлээж авахгүй гэсэн юм. Цэцэрлэгийн танхимын сургалтад эхний ээлжид ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож, бүлгийн зохион байгуулалт хийж байгаа. Цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдах аж.

Бага насны хүүхдүүд танхимаар хичээллэх үед нэг бүлгээс халдвар илэрвэл тухайн хүүхдийг гэрийн эмчилгээнд шилжүүлж, анги, бүлгийг улаан бүсэд тооцож, хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж магадгүй байна. Энэ талаар нэгдсэн чиг үүрэг ирээгүй аж. Хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлж байгаа асуудал нь цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг энэ сарын 18-24-ний өдөр бүртгэх юм.

Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ шууд бүртгэх зарчмаар хүүхдийг бүртгэж авах юм байна.

Одоогийн байдлаар 4-5 насны нийт 41 мянга гаруй хүүхэд шинжилгээнд хамрагдах төлөвлөгөө гаргасан. Шинжилгээг цэцэрлэгүүд дүүргийнхээ Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулж байна. Энэ долоо хоногийн Лхагва гаригаас эхлэн Эрүүл мэндийн төвүүдийн баг хуваарийн дагуу цэцэрлэгүүд дээр шинжилгээ авч эхэлсэн.

Хэрэв та өөрийн харъяа дүүргийн цэцэрлэгийн шинжилгээ авах хуваарийг мэдэхгүй бол дараах утас руу холбогдож мэдээлэл авах боломжтой.

  • Нийслэлийн Боловсролын газар – 70113032
  • Баянгол дүүрэг – 76119595
  • Баянзүрх дүүрэг – 70104005
  • Сүхбаатар дүүрэг – 70111606
  • Чингэлтэй дүүрэг – 11-315442
  • Хан-Уул дүүрэг – 11-342472
  • Сонгинохайрхан дүүрэг – 88052594, 80006444
  • Багануур дүүрэг – 70213815
  • Багахангай дүүрэг – 99989669
  • Налайх дүүрэг – 70233008
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.

2022 оны 02 сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 21-26 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 14, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 893 хүнээс халдвар илэрчээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 891 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд 465 нь Улаанбаатар хотод, 428 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 1 иргэн нас баржээ

бичвэр гэх мэтийн зураг байж болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдийн дунд өвчин эмгэг илрүүлэх 40 төрлийн оношилгоо, үзлэг хийхээр төлөвлөжээ

Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй бөгөөд энэ нь эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1.5 дахин өндөр байгааг судалгаагаар тогтоосон байна.

  • Мөн хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол тутмын нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай.
  • Хорт хавдраас шалтгаалсан нас баралт сүүлийн 20 жилд нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт тогтмол бичигдэж иржээ.

Өөрөөр хэлбэл, монгол хүн урьдсан сэргийлэх боломжтой өвчний улмаас нас барж байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол олгож, амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байгаагаас гадна иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулах зайлшгүй шаардлага гарч байна гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд хэллээ.

ЭМЯ-наас 2021 онд нийт 11 аймаг, зарим дүүрэгт эрүүл мэндийг дэмжих төв байгуулах хөрөнгө оруулалт хийж, барилга байгууламжийн засвар тохижилтыг хийж дуусаж байгаа бол оношилгоо, эмчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж эхэлжээ.

2021 онд Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам, товлолд өөрчлөлт оруулж, Эрүүл мэндийн сайдын тушаалыг шинэчилснээр зөвхөн 18-аас дээш бус, 0-18 насны иргэдийг буюу бүх хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах боломж бүрдсэн байна.

2022 онд зургаан насны бүлгээр 31 төрлийн өвчин эмгэгийг илрүүлэх 40 төрлийн оношилгоо, үзлэг хийхээр төлөвлөснийг Д.Баярболд хэллээ.

Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог явуулснаар

  • Зүрх судасны өвчин, чихрийн шижинг 50%
  • Хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа: Сэтгэлээ цэлмээж амьдрах юм бол муухай жил, муу амьдрал гэж байдаггүй

Өнөө жил 90 насны босго алхаж буй Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаа гуайнд сар шинээр золгохдоо цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр Төв аймгийн Авдарбаян(хуучнаар) сумын хүн юм. Нэгэнтээ төрсөн нутгийг нь асуухад “Төв аймгийн Баян, Сэргэлэн аль аль нь миний нутаг. Би бол Баянгийнх гэж явдаг. Гэхдээ яг төрсөн газар маань Сэргэлэнгийнх. Манайх Цээл Шар бүрдний хойд талаар нутаглаж, Сэргэлэнгийн гол овооны урдхан Урт худаг гэдэг газар зусч байхад би төрсөн юм билээ” гэж ярьсан удаатай. Ерэн настай буурал найрагчийн яриаг ямар нэгэн нэмэр хачиргүйгээр уншигч олноо толилуулж байна.


-Дулмаа багш аа, Та нутаг усныхаа тухай ярихгүй юу?

-Миний төрсөн газар Дуганы овооны тийшээ бий. Хуучин Ламын хүрээ гэж байсан юм билээ. Олон лам хурдаг сайхан газар байсан. Би чинь төрсөн газартаа удаан байгаагүй хүн. Сургууль соёл гээд хойшоо урагшаа явчихсан. Манай Дуганы овоо, Чулуутын гол гэдэг чинь хүн мал багширч байдаг, айл амьтан зуны гурван сард цуглаж байдаг сайхан газар. Тэнд дутагдах гачигдах юм байхгүй. Ус ургамал гээд бүх юм нь тэгш дүүрэн. Сайхан зун болно. Мал сайхан таргална. Яахав, тэнд хуучин баргын дуган байгаад сүүлд байхгүй болсон. “Сүмийн ганжир алтарч байсан Баргын дуганын туурь Сүүмийх ч бараагүй аглаг хөдөө болсон байлаа” гэж би сүүлд шүлгэндээ бичиж байсан нь ийм учиртай. Тэнд чинь Ганжуур, Данжуур хурж байсан гэдэг. Гадны хүмүүс их ирж мөргөл эргэл ч болж байсан юм билээ. Чулуутын голын хөндий гэдэг чинь чухамдаа хүрээ хотын хооронд олон залуучууд давхиж, морины сайныг унаж, хүний сайнтай ханилж, эцэг эхийнхээ буяныг эдэлж хэрэглэж явсан буянтай хөндий. Дуганын овооны хүрээ хийдийг буянтай газар гэж нэрлэдэг. Лам хуврагууд нь ч тэгдэг, эгэл борчууд нь ч тэгдэг. Буян хурна гэж бас байна аа. Тэндээс олон сайхан эрдэмтэй залуучууд гарсан даа.

-За хэн хэн байна вэ?

-Лувсандорж, Гонгор, хоёр Нацаг, Дуламсүрэн гээд байлаа. Бадмаанямбуу гэж Доржжунай гуайн охин байлаа. Доржжунай гуайн хүү Мажиг гэж сайхан залуу байлаа. Адуучин хүн. Иртэй бяртай гэж жигтэйхэн. Нутагтаа нэртэй тийм хүн байсан. Эмнэг сургахдаа ёстой нүдэнд үзэгдэж харагдахгүй сургана. Дор нь номхруулна. Өөрөө их аж ахуйч. Мал хуйдаа сайхан сэтгэлээр хандана. Булгидаг, хангал догшин морь, хэцүү адуутай насан туршдаа ноцолдсон хүн. Чихнээс нь ганцхан мушгиад л унагачихдаг гэж манайхан хөхрөлддөг. “Мажиг ах аймаар шүү, эмнэг адууг чихдээд л унагачихдаг, аа яа яа” гээд ярина. Тэр бол иртэй бяртай байсны илэрхийлэл мөн биз дээ.

-Алдарт Билэгийн Дамдинсүрэн гуай, Мөрдорж гуай та хэд чинь нэг дорын хүмүүс байх шүү?

-Нутаг ойрхон. Билэгийн Дамдинсүрэн гуай бол Зараагийн нуурын хажууд төрсөн хүн байх. Мөрдорж гуай Дунд Өгөөмөрийн урагшаа төрсөн гэдэг. Зараагийн уул гэдэг чинь ёстой нэг сайхан уул. Зараагийн уулын ар өврөөр олон айл зусч өвөлждөг байсан. Сайхан хүүхэнтэй, сайхан харцуултай нутаг. Чулуутын баргууд гэж эвэр нь хувхайрсан дэнхгэр том шарнуудтай, тэд нь жим татуулаад л цувдаг баян айлууд байлаа. Ямар сайндаа баян баргууд малаа идэхгүй, шарнуудынх нь эвэр хувхайраад хөгширчихсөн байдаг гэж халхууд хэлж байхав.

-Танайх баян айл байв уу?

-Миний төрсөн эцгийнх их баян айл байсан даа. Баян Заных гэж хэлэгддэг байлаа. Төрсөн эцэг минь Дондогийн Зана гэж хүрээ хот явдаг, явахгүй газар гэж байхгүй мундаг хүн байлаа. Бээжин Улаанбаатар хоёрын хооронд хэд ч явсан юм мэдэхгүй. Хойшоо Хиагт руу бас явна. Өөрөө бол хурал хурж дуганад суудаг лам хүн байсан. Сайн лам. Манай суманд эм барьдаг ганцхан хүн байсан нь манай тэр аав. Ядарсан зүдэрсэн хүнийг нэг тунгаар босгоно гэж ярина шүү дээ. Чадалтай хүн байсандаа л тэгж хэлдэг байсан биз. 12 хүүхэд гарсан. Айлд намайг өгөөд миний эгчийг төрсөн дүүдээ өгсөн юм. Бусад нь гэртээ өссөн. Сайхан сайхан морь унасан харцуул байлаа. Миний төрснүүдээс сумын захиргаанд, мөн багтаа алба хашдаг хүн байсан. Аймагт албатай ч хүн байлаа. Зарим урт наслаагүй дээ, хөөрхий минь. Эгч нар маань гэж сунайсан сайхан хүүхнүүд байлаа. Би дороосоо хоёр дахь нь юм. Намайг ядуухан айлд өргүүлсэн дээ. (Одоогоос арван хэдэн жилийн өмнө Дулмаа гуайнд хуучилж суухад тэрээр айлд өргүүлснээ ингэж ярьж байсан. “Долдугаар сарын эхээр халуун зунаар би төржээ. Намайг төрүүлчихээд ээжийн маань хойдох нь цөглөдөггүй. Эхэс нь гарахгүй гурав хоночихгүй юу. Тэр халуунд чинь аюултай юм болно биз дээ. Гурав дахь хоногийн өглөө аав минь Шагдар гэж мал хуйгаа харуулдаг хүнийг дуудаад “Энэ хүүхдийг танайх авбал ав. Гэртээ оруулбал эхийнхээ толгойг залгичих гээд байна” хэмээн сандрангуй хэлсэн гэдэг. Төрсөн эцэг минь бурхан шашны хүн учир нэг юм мэдсэн байх. Ингэж улаан нялзрай амьтан гэрийн гадаах сүйх тэрэгний мухлагт гурав хоноод айлд өргүүлсэн дээ” гэж хуучилсан нь санаанд буулаа)

-Энэ жил их сайхан жил гарлаа даа. Бар жилийн өнгийг хэлэхгүй юү?

-Сайхан жил гарлаа. Ер нь тэгээд хүн сэтгэлээ цэлмээж л амьдрах юм бол муухай жил тохиохгүй дээ. Муухай жил, муу амьдрал гэж байдаггүй юм шүү дээ. Хүний өөрийн сэтгэлийн ариуслаас их юм шалтгаална. Сайхан хүүхэнтэй ханилъя, сайн сайхан хүнтэй нөхөрлөе гэж бодож байгаа бол сэтгэлээ л ариун байлгах хэрэгтэй. Манай суманд Балдандорж гэж их гоё морь унадаг хүн байлаа. Манайхтай ойрхон айл байдаг байсан. Тэр бол сайхан залуу. Тэдний адуу мал, морьд нь их сайхан. Сүүлд нь Ичинхорлоо ч билүү, Сүрэнхорлоо ч билүү гоё хүүхэн баян айлаас бэр буулгаж авсан. Сайхан ч айл гэр болсон. Бараг арваад хүүхэдтэй болсон байх. Манай ус голын нэг сайхан айлын нэг болсон доо, тэднийх. Балдандоржийн ижий нь үргэлж маани уншиж байдаг. Надаас нэг их олон эгчгүй дээ. Тэр сайхан хөгшин хүн бүрт сайн сайхны ерөөл хэлнэ. Орж ирсэн хүүхэд бүрд атга чихэр өгдөг. Орсон гарсан бүхэнтэй инээд алдаж сайхан юм ярина. Их өглөгч, ёстой буян нь дэлгэрсэн хөгшин байлаа. Тэр хөгшний буян хүүхдүүдэд нь ирсэн. Зарим нь хойшоо сургуульд ч явсан. Тэр сайхан хүүхдүүдийн нэг нь Балдандорж. Хүний эцэг эхийн буян үр хүүхдүүддээ тэгж оршдог юм шүү дээ.

-Ер нь монгол хүний уугуул чанар гэвэл юу юм бэ. Өнөөдөр монгол хүний мөс чанар, жудаг ёс муудлаа гэх юм?

-Ээ тэгж муудаж базаасан юм байхгүй. Монгол хүн чинь дээрээсээ дэгтэй сурсан. Эцэг эхийн сургаал, аав ээжийн буян хаачихав дээ. Мал хуйгаа хайсан, эрэлд явж байгаа хүмүүс манайхаар ирнэ. Аяны хүнд аав ээж сайхан хоол цай хийж өгнө. Унаа морийг нь чөдөрлөж тавиад, эмээлийг нь хүндэтгэн гэртээ оруулаад, хазаар ташуурыг нь дээш өлгөөд, сайхан ор дэр засч амраана. Тийм нарийн дэг байсан. Тэр бол монгол хүний шүншгэнд нь, цусанд нь, чөмгөнд нь шингэчихсэн зүйл. Ийм сайхан заншил ямар ч залуу хүнд байж л байгаа. Түүнийг нь голохын хэрэг байхгүй. Яахав, сүүлийн үед хүмүүс хот суурин газар суугаад өөр болдог байлгүй. Тэглээ ч гэсэн эцэг эхийн сургаал, хийж байсан үйлдэл, хүнийг хүндэтгэж байсан үйл нь үр хүүхдэд нь өвлөгдөж л таарна.

-Явуу, Чимид, Гайтав, Лхамсүрэн гуайгаас аваад танайд ороогүй, таны гарын цайг уугаагүй зохиолч гэж бараг байхгүй. Бадарч, Сүрэнжав, Чойном танайхаар бараг амьдрах нь холгүй байсан гэдэг. 20 настайгаас тань бодоход та бүтэн 70 жил гэрээрээ зохиолч нөхдөө бужигнуулсан хүн. Яагаад төвөгшөөдөггүй байсан юм бэ?

-Манайхаар ороогүй зохиолч гэж байхгүй ээ. Олонтой бужигнаж байхад хүн сэтгэлийн таашаал эдэлж, тэр олон сайхан хүний сэтгэлийн жаргалаар өөрөө жаргадаг байхгүй юу. Манайхан бол хэцүү л дээ. Ууна иднэ, зарим нь юм хумыг маань аваад явсан байхыг ч үгүй гэхгүй. Гэхдээ олон түмэнтэйгээ явна гэдэг орчлонд хүн болсны бас нэг гавьяа юм шүү дээ. Айлд хүн орохгүй бол хэцүү биз дээ. Манай аав төрийн хар хүн байсан. Аавын ах лам хүн. Баргын дуганд сууж байсан Ванзий гэж баргын дуганыг бараг үүсгэсэн хүний нэг. Их ухаантай хүн байсан. Намайг юу ч мэдэхгүй хариугүй амьтан байхад тэр их ухаанаасаа надад сургажээ. Тэр хүний сургасан ухааны хүчинд би өдий зэрэгтэй явж байгаа юм. Олон түмэнтэйгээ насан туршдаа явах буяныг аав минь, аавын минь ах тэр сайхан хүн өгчээ гэж боддог. Хүний амьдрал өөрөөсөө болдог эд шүү дээ. Сайн сайхан байх тухай бодож явахад бүтдэг. “Энэ амьдрал ерөөсөө болохгүй байна, бүтэхгүй байна” гэж бодох тусам урууддаг. Хүүхдүүд сайхан торниж байна, мал хуй өсч байна, төр засаг сайхан байна гэж бодох тусам өөдөө дээшээ явдаг.

-Та нөхдөө үгүйлэх юм уу?

-Үгүйлнэ ээ үгүйлнэ. Гэхдээ аль болохоор тэд маань сайн сайхан яваа гэж боддог. Түмний тоосонд миний хэдэн шавь сайхан яваа гэж залбирдаг. Бүгдээрээ нэр алдартай. Хамгийн гол нь бүгд номонд хайртай, номыг хүндэтгэдэг хүмүүс болсонд нь би баярладаг. Төр засагтаа хүндэтгэлтэй хандаж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, хань ижилдээ хань шиг хань байх чухал. Одоо та хэд айлын эзэн, төрийн хар хүн болцгоожээ. Төрдөө үнэнч яв, гэртээ эзэн бай. Тэгээд л болоо. Гэргий хүүхдээ тэгш дүүрэн аваад явна гэдэг чинь эр хүний их том үүрэг. Бусдын сайхныг их бодох хэрэгтэй. Зарим хүмүүс бусдыг магтахаар бусад хүмүүс мундаг болоод өөрөө муу болчих юм шиг санадаг. Харин бусдыг магтах, бусдын сайн сайхныг олон түмэнд хэлж өгөх тусам чи өөрөө манддаг байхгүй юу. Тэрийг л сайн бод. Найрагчид, миний шавь нар “За, ээж ээ нэг сайхан хоол идье. Айлаар хэссээр байтал өлсчихлөө гээд ирдэг. Нэг хүүхнийд очлоо, олигтой хоол унд идсэнгүй, аав ээжээс нь зовоод гээд ирнэ. Банш бууз бэлэн байгаа юм чинь чанаад өгнө. Ганц гожин юм гаргаад өгнө. Багш дээрээ ирээд л башийгаад явчихдаг юм гэхэд нь би ч баярлана. Эмнэлэгт хэвтэхэд нь шавь нараа бүгдийг нь би цай хоолтой эргэдэг байсан. Найрагчид маань сайхан сайхан бүсгүйчүүд дагуулаад л ирнэ. Тэгээд дуу дуулна, шүлэг уншина. Нөгөө бүсгүйчүүдээ уярааж өгнө, бишрүүлнэ. Гэхдээ зарим нь тэр гоё охидтойгоо суугаагүй л байдаг. Манай сургууль (Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль) их буянтай сайхан сургууль. Сүүлийн үеийн “Болор цом”-ын эзэд чинь миний шавь нар л болоод байна. Манай Ш.Цэнд-Аюуш багш чинь хүнд муу юм санадаггүй цагаан цайлган хүн. Ер нь хүнд муу юм санаад байвал үйлс бүтдэггүй юм шүү. Дандаа цагаан цайлганаар бодох хэрэгтэй. Би бол амьдралдаа хүнд муу санаж яваагүй хүн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт улстөржсөн, мэргэжлийн бус томилгоо гамшгийн хэмжээнд хүрсэн


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.


-Цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж байхгүй, зөвхөн танхимаар л нөхнө-


-Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 14-нөөс 100 хувь танхимаар эхлүүлэх шийдвэр гаргалаа. Цар тахлын эрсдэлийг хэрхэн тооцсон бэ?

-Бүх шатны боловсролын байгууллагууд хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэрийг эрдэмтдийн тооцоо судалгаан дээр үндэслэн гаргасан. Энэ хичээлийн жил эхлэх үед ковидын тархалт өндөр байхаас гадна дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо одоогийнхтой харьцуулахад бага байсан. Энэ үед бид эрсдэлээ тооцоод 5/9-өөр буюу тав хоног танхимаар хичээллээд, хоёр хоног амраад, эргээд тав хоног нь цахимаар хичээллэх хэлбэрийг сонгосон нь хамгийн зөв шийдвэр болсон. Тухайн үед эрсдэлээ зөв тооцсон гэдэг нь эрдэмтдийн тооцоогоор батлагдсан. Улаанбаатар хотын хэмжээнд 5/9-өөр хичээллэж байхад нэг ч сургуулиас голомтолсон халдвар гараагүй. Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд цаг хожиж багш нар болон 12-17 насны хүүхдүүдээ хоёр, гурав дахь удаагийн вакцинд хамруулсан нь цаг үеэ олсон шийдвэр байлаа. Танхимаар хичээллэх шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлын асуудал. Үндсэндээ сүүлийн хоёр жил бид нийт хичээлийнхээ 70-80 хувийг цахимаар явуулснаас үүдэн сурагчдын дунд хичээл хоцрогдол их байна. Тийм учраас нэг өдрийн өмнө боловч танхимаар хичээллэж эхлэх нь чухал байна. Ер нь бол цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж байхгүй юм байна. Хоцрогдлыг зөвхөн танхимаар л нөхнө.

-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж боловсролын салбарт хямрал нүүрлэсэн гэдэгтэй та санал нийлэх үү. Бид эдийн засгийн хямралын талаар түлхүү яриад боловсролын салбарт нүүрлэж болзошгүй гамшгийн асуудлыг орхигдуулаад байх шиг?

-Ковидын үед хамгийн их хохирол амссан салбар боловсролын салбар байсан. Ганцхан манай улс ч биш ,дэлхийн бүх улс оронд ийм хүнд байдалд орсон. Дэлхийн 100 гаруй улс орон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа зогсоосон. Дэлхийн банкнаас хоёр жилийн хугацаанд хичээл сургуулиа хааснаас болж ирээдүйд дэлхийн улс орон, эдийн засагт 17 трилонтой тэнцэх хэмжээний хохирол амсах талаар тооцоо гаргасан байна. Дээрх тоо бол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм. Энэ сүүдэр Монголын эдийн засагт ч бас нөлөөлнө. Хоёр жил танхимаар сурах, мэдэх боломжоо алдсан хүүхэд магадгүй ирээдүйд олох орлогоосоо шууд биш юм аа гэхэд шууд бусаар хохирол амсах бодит эрсдэл нүүрлэсэн үү гэвэл нүүрлэсэн. Саяхан бид улс орон даяар нэгдүгээр ангийн хүүхдүүдийн дунд сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ хийсэн. Мөн 2-12 дугаар ангийн сурагчдын дунд хичээлийн хоцрогдлын байдлыг анги нэг бүрээр нь, хичээл бүрээр нь хийлээ. Судалгаануудаас харахад хүүхдүүд бүх хичээл дээр танхимаар авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг авч чадалгүй хоцрогдсон байна. Энэ хоцрогдол чинь эргээд ирээдүйд, мэргэжил эзэмших, Их, дээд сургуульдаа амжилттай суралцахад тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлнө. Ковид цаашид удаан хугацаагаар үргэлжилж, бүх шатны боловсролын байгууллага удаан хугацаанд хичээл, сургалтаа хаах юм бол хүүхдүүд маань ядуурлын хавханд насан туршдаа орох эрсдэл бий. Танхимаар нөхөхдөө одоогийн байгаа багш нар дээрээ Боловсролын их сургуулийн төгсөх ангийн оюутнууд, тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилж хүч нэмэх бодлого барьж байна.

-Хүүхдүүд болоод эцэг эх нь хүсэх юм бол хоцрогдлоо нөхөх боломж тодорхой хэмжээнд бүрдсэн юм байна гэж ойлголоо. Хамгийн гол нь үүнд нийт сурагчдын хэдэн хувь нь хамрагдаж байна вэ. Хөдөө орон нутагт амьдардаг, амьдралын түвшин боломж бололцооноос шалтгаалсан ялгаатай байдал их байна шүү дээ?

-Ковидын үед судалгаа хийхэд Монгол Улсын хэмжээнд 183 мянган гаруй хүүхэд интернэтгүй, гар утасгүй, цахилгаангүй газар амьдарч байгаа нь тогтоогдсон. Эдгээр хүүхдүүд өөрийнхөө амьдарч байгаа орчин, байрлал, өрхийнхөө орлогоос шалтгаалаад сургалтын хоцрогдолд өртсөн байна. Тухайлбал, дээрх 183 мянган хүүхдийн 40 мянган хүүхэд нь Улаанбаатар хотод буюу Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн задгайд амьдарч байгаа бөгөөд тэнд цахилгаангүй учраас хичээлээсээ хоцрох бодит аюул нүүрлэсэн гэдгийг тогтоосон. Тийм учраас хичээл хоцрогдлын суурь шалтгаан болсон тог цахилгаан, интернэттэй болгохыг зорьж байна. Улс орон даяар хэрэглэсэн компьютер, гар утсаа эдгээр хүүхдүүдэд хэрэглүүлэх сайн санааны хандивын аяныг юнител, мобиком компани өрнүүлж, олон улсын зарим байгууллагууд бид нартай хамтарч ажиллаж байна. Ковидын үед хамгийн их үүрэг хүлээсэн хүмүүс эцэг эхчүүд, асран хамгаалагчид байсан. Судалгаа хийгээд үзэхэд, 40-өөс доош насны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маш сайн ажилласан байна. Харамсалтай нь 40-өөс дээш насны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ муу ажилласан гэдгийг судалгааны дүн харуулсан. Хоёрдугаарт, хүүхдүүдийн сурах эрмэлзэл их буурч, хичээлээс завсардах бодитой эрсдэл нүүрлэсэн байна. Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 2000 орчим хүүхэд сургууль завсардах эрсдэлд орсон байна. Энэ тоог сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлттэй харьцуулахад 60 орчим хувиар өссөн байна. Үүний шалтгааныг аваад үзэхээр хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орсон учраас сургуульд суралцах сонирхолгүй байх, стресс бухимдалд орсныг судалгааны дүн харуулсан. Дөрвөн хүүхдийн нэг нь хичээл хоцрогдлоос шалтгаалан сэтгэл гутралд орж, сурах сонирхолгүй болсон. Тиймээс өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс төрийн өмчийн 850 сургуулиас эхний ээлжинд 150 сургууль дээр сэтгэл зүйчдийг ажиллуулж эхэлсэн. Тэд зөвхөн хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэхээс гадна эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгсөн. Цаашдаа үлдсэн 600 орчим сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулахаар зорьж байна.

-Сайхан санаачилга байна. Гэхдээ манайханд сэтгэл зүйчээс үйлчилгээ авах соёл суусан уу. Сэтгэл зүйч дээр ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн эмгэгтэй хүн очдог гэх буруу ойлголтоос улбаалж, сэтгэл зүйн зөвлөгөө авсан хүүхэд, эцэг эхийг ялгаварлан гадуурхах эрсдэл байгаа юм биш үү?

-Монголчууд мэдэхгүй юмныхаа дайсан гэж ярьдаг шүү дээ. Сэтгэл зүйч хүн ямар тусламж үзүүлдэг талаар соёлыг бид нар бий болгох ёстой. Энэ бол цэвэр сэтгэлгээний асуудал. Шар хадны эмнэлэгт хэвтэх гэж байгаа хүмүүс л сэтгэл зүйч дээр очдог, сэтгэл зүйн үйлчилгээ авдаг, сэтгэл мэдрэлийн эмгэгтэй хүмүүс л сэтгэл зүйчийн зөвлөгөө авдаг гэж ойлгож болохгүй. Хүн бүрт сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй. Тэр дундаа ковидын үед хөл хорионд орсон бүх хүмүүс тодорхой хэмжээнд сэтгэл санааны стресс бухимдалд орсон. Үүнд хамгийн их өртсөн нь хүүхдүүд.Учир нь хүүхдүүд ангийнхаа найз нөхөд, багштайгаа удаан уулзаагүй. Тэр ч бүү хэл хоёр, гуравдугаар ангийнхан сургуульдаа очиж үзээгүй, багшийнхаа нэрийг ч мэдэхгүй байна. Улаан тарианы хүүхдүүд гэдэг шиг ковидын үеийн хүүхдүүд гэдэг бүхэл бүтэн үе гарах гэж байна.

-Ер нь манай улсад болж бүтэхгүй байгаа асуудал бүрийг боловсролын салбартай холбон тайлбарлаж байна. Бид хүүхдүүдээ багаас нь зөв хүн болгож хүмүүжүүлэхэд боловсролын салбарын агуулга, тогтолцоо хамгийн чухал болоод байна.Тиймээс боловсролын агуулга, бодлогодоо шинэчлэл хийх ёстой гэдгийг судлаачид байнга хэлдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Өмнөд африкийн их сургуулийн үүдэнд “Дурын үндэстнийг устгахад цөмийн бөмбөг, эсвэл голын пуужин хэрэггүй ээ. Үүнд зөвхөн боловсролын чанарыг бууруулж, оюутнуудыг шалгалтын үеэр буулгахыг зөвшөөрөхөд л хангалттай. Ийм эмч нарын гарт өвчтөнүүд амиа алддаг, ийм инженерүүдийн гараа боссон, барилга нурж унадаг ийм унадаг, ийм эдийн засагчдын гараар орсон мөнгө урсан алга болдог. Ийм хуульч, шүүгчдийн гараар шударга ёс сарниж алга болдог. Ийм хуульчдын баталсан гараар удирдлага завхран оддог, боловсрол устахад үндэстэн устана” гэсэн үг байдаг. Тиймээс боловсрол гэдэг улсын тусгаар тогтнолтой шууд холбоотой асуудал.Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт нүүрлэсэн хамгийн ужгирсан асуудал бол манай боловсролын чанарын асуудал. Хүүхэд бүрд бид чанартай боловсрол олгож чадсан уу гэвэл үгүй. Энэ юунаас шалтгаалсан гэхээр одоо хот хөдөөгийн ялгаа, хот дотроо хотын төвийн алслагдсан дүүргийн сургууль гэдгээрээ ялгаатай. Түүнчлэн төрийн өмчийн, хувийн өмчийн гэдгээрээ ч ялгагдаж байна. Энэ бүхнээс дүгнэхэд хүүхэд бүр тэгш боломжоор хангагдаж ерөөсөө чадаагүй. Үүнээс үүдэж үндэсний боловсролын хөтөлбөрийн өрсөлдөх чадвар уналтад орсон. Сүүлийн жилүүдэд дэлхийн банкнаас хийж байгаа судалгаануудаар Ерөнхий боловсролын болон бага боловсролын унших суурь чадвар, тоо бодох суурь чадвараар сүүл мушгиж байна. Монгол Улсад нүүрлэсэн ядуурал, ажилгүйдэл боловсролын чанарын тогтолцооноос үүдэлтэй, угшилтай гэж ойлгож байгаа.

-Манай улсын их дээд сургуульд олгодог мэдлэг, ур чадвар ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцэхээ болиод удаж байна. Тэгэхээр их, дээд сургуулийн боловсролын тогтолцоог хэрхэн сайжруулж, шинэчлэх вэ?

-Мэргэжлийн боловсрол, дээд боловсрол чанартай боловсрол олгож чадахгүй байгаа учраас магадгүй өнөөдөр ядуурал ажилгүйдлийн гол үндэс нь болж байгаа юм аа. Монгол Улсын хэмжээнд 88 их, дээд сургууль 150-иад мянган оюутнууд сургаж байна. Эдгээр их, дээд сургуулиуд маш том ажилгүйчүүдийн армийг үйлдвэрлэдэг буруу тогтолцоо бий болчихсон байна. Дипломтой ажилгүйчүүдийн арми бэлддэг буруу тогтолцоо нэгэнт бий болчихсон. Хөдөлмөрийнхөө зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдсан бодлого огт явуулдаггүй. Өнгөрсөн жилийн тавдугаар сард бид ажил олгогчдын дунд хөдөлмөрийн зах зээлийн ингээд судалгаа явуулаад үзэхээр дээд сургууль буюу мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд ур чадвараар ажил олгогч нарт гологдож байна. Ажил олгогчдын хүсч байгаа ур чадварыг мэргэжлийн дээд боловсрол олгож чадахгүй байна. Ийнхүү хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс гажсан тогтолцоо үүссэн учраас үүнийг зайлшгүй засч залруулах шаардлага бий.

-Боловсролын реформ, шинэчлэлийн талаар ихээхэн ярих болсон. Энэ шинэчлэлийг хийх хууль эрх зүйн орчин бүрэлдэж байна уу. Тухайлбал, Боловсролын багц хуулийг боловсруулж УИХ-д өргөн барьсан шүү дээ. Уг хуулийн ач холбогдол юу байх вэ?

-Боловсролын салбарт өнөөдөр олдож байгаа нэг том давуу тал, боломж юу вэ гэвэл УИХ-д Боловсролын багц хуулийг өргөн барилаа. Энэ хууль түүхэндээ анх удаа боловсролын бүх түвшний хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх гэж оролдож байгаагаараа ихээхэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, дунд боловсрол, ахлах боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсролыг цогцоор нь харж, эрх зүйн шинэчлэлийг хийх гэж байгаагаараа онцлогтой. Нөгөө талаас өнгөрсөн жилд болсон нэг том үйл явдал бол боловсролын салбарт байсан мэргэжлийн боловсролыг ХНХЯ-ны харьяанд шилжүүлсэн нь бодлогын алдаа завхрал байсан. Тиймээс энэ алдааг засахын тулд эргээд мэргэжлийн болон техникийн боловсрол манай яамны харьяанд ирсэн учраас боловсролын бүх түвшинд уялдаа холбоо хангагдах нөхцөл бүрдсэн. Цаашид хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай, мэдлэгтэй үндэсний боловсон хүчнүүдийг бэлтгэх боловсролын тогтолцоо бүтэн болсон гэж ойлгож болно.

-Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсээд 100 жил болж байна. Гэтэл энэ салбар өнөөдөр гамшигт нэрвэгдчихсэн байна. Үе үеийн удирдлагууд үргэлж гоё, сайхан зүйл ярьсаар ирсэн. Харамсалтай нь ажил хэрэг болж, үр дүнгээ өгсөн нь цөөхөн. Хэзээ голдиролдоо орох бол?

-Боловсролын салбарт үүссэн асуудлуудыг шийдэх шийдэл нь эрх зүйн шинэчлэлийн л асуудал шүү дээ. Энэ хаврын чуулганаар Боловсролын багц хуулиуд батлагдаж гарна гэж бодож байна. Тийм учраас нэгдүгээрт, хууль батлагдана, хоёрдугаарт, 2022 оны улсын төсвийн тухай хууль дээр баталсан хамгийн том шинэчлэл бол Боловсролын салбарын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо юм. Боловсролд зарцуулж байгаа нэг төгрөг өнөөдөр тухайн хүүхдэд одоо ямар өгөөж өгч байгаа юм бэ гэдгийг хэмжиж сурах ёстой юм билээ. Түүнээс биш одоо ёроол нь онгорхой хувин шиг байж болохгүй. Эдийн засгийн талаас нь харахад ДНБ-д эзэлж байгаа боловсролд зарцуулж байгаа мөнгөнийхөө хувь хэмжээгээр манай улс дэлхийн дундаж түвшинд оччихсон. Манай улс ДНБ-ийхээ 4-5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг буюу жилд 2.3 их наяд төгрөгийг боловсролдоо зарцуулдаг. Ийм хэмжээний мөнгийг боловсролд зарцуулдаг улс дэлхийд боловсролоороо тэргүүлэх хэмжээнд оччихсон байх ёстой. Төсвийн урсгал зардлын 10-18 хувийг боловсролын салбарт зарцуулж байна. Гэтэл энэ санхүүжилт өнөөдөр үр дүнтэй, өгөөжтэй байж чадаж байна уу. Төрөөс нэг хүүхдэд 800 мянган төгрөгөөр тооцож хувьсах зардал санхүүжүүлдэг. Тэгвэл энэ мөнгө хүүхдийн сурах орчинг сайжруулж, чадварлаг багшийн цалин урамшууллын асуудлыг шийдэж чадаж байна уу, хүүхэд эзэмшвэл зохих ур чадварыг эзэмшүүлж чадаж байгаа эсэхийг хэмжээд үзэхээр үр дүн маш муу байдаг. Тийм учраас боловсролд зарж байгаа нэг төгрөгийг яавал үр өгөөжтэй зарах вэ гэдэг энэ шинэчлэлийг хийх нь боловсролын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог шинэчлэхээс эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд ЕБС-ийн хүртээмжийн хувьд тодорхой үр дүн гарсан. Өнөөдөр улс орон даяар гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй. Таван настай хүүхдийг зуун хувь цэцэрлэгт хамруулах боломжоор хангасан. Цаашдаа дөрвөн настай хүүхдүүдийн 70-80 хувийг цэцэрлэгт хамруулах цэцэрлэгийн багтаамжтай болчихсон. Одоо хүртээмжээс илүү чанарт анхааръя. Хүүхдүүдийг олимпиадад бэлдэх ёстой юм уу, амьдралд бэлдэх ёстой юм уу гэдэг зарчмын асуудал дээр ирчихээд байна. Багш, сургуулийн ажлыг дүгнэхдээ олимпиадад олон хүүхэд оролцуулснаар нь, эсвэл ЭЕШ-д өндөр оноо авахуулснаар нь дүгнэдэг. Энэ бол маш буруу тогтолцоо. Харин хүүхэд бүрд өөрөө сурах боломжийг олгосон байна уу, хүүхэд бүрд ахиц дэвшил гаргах боломж нөхцөлөөр нь хангасан эсэх үр дүнгээр үнэлдэг тогтолцоо руу шилжих юм. Ингэснээр чанартай боловсролын тогтолцоог бий болгох боломжтой.

-Хүүхдүүдийг хаана сурч байгаагаасаа үл хамаараад тэгш, чанартай боловсролоор хангана гэдэг чихэнд чимэгтэй сонсогдож байна. Ажил хэрэг болтол хэр хугацаа шаардах вэ. Өнөөдөр өндөр төлбөртэй хувийн сургуульд нэгдүгээр ангиасаа англи хэл үзэж байхад, улсын сургууль тавдугаар ангиасаа үздэг. Энэ боловсролын тэгш бус байдал ирээдүйн нийгмийн тэгш бус байдлыг хамгийн их өдөөгөөд байгаа юм биш үү?

-Би нэг жишээ дурдъя л даа. Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд гэж ярьж байгаа. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлсэн төрийн өмчийн гурван сургууль байна. Бусад нь хувийн өндөр төлбөртэй сургуулиуд кембрижийн хөтөлбөр буюу олон улсын хөтөлбөртэй байна. Кембрижийн хөтөлбөр гэдэг бол үндсэндээ байгалийн ухааны хичээлүүдийг олон улсын хөтөлбөрүүдтэй дүйцүүлж тооцох ийм хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн давуу талуудыг яагаад төрийн өмчийн 850 сургуульд сурч байгаа 800 мянган хүүхэд тэгш хүртэж болдоггүй юм бэ. Яагаад дандаа Зайсанд амьдардаг, аав ээж, ар гэр нь боломжтой айлын хүүхдүүд, эсвэл хамгийн чадвартай хүүхдүүдийг сонгож, хичээллүүлж байгаа төрийн өмчийн гурван сургуульд сурч байгаа хүүхдүүд тус хөтөлбөрийг судлах ёстой гэж. Энэ хэлбэр эргээд нийгмийн тэгш бус байдлыг өдөөж байгаа хэрэг. Тиймээс цаашид хүүхэд бүрд чанартай тэгш боловсрол олгохын тулд Үндэснийхээ хөтөлбөрийг олон улсад өрсөлдүүлэх чадвартай хөтөлбөр боловсруулах ёстой. Хөтөлбөрийн өөрчлөлт гээд ярихаар сайд бүхэн гарч ирээд төлбөр шинэчилдэг гэдэг шүүмжлэл гардаг. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд боловсролын салбар хамгийн том сорилтыг давсан. Учир нь өмнө нь арван жилийн боловсролын тогтолцоотой байсан. Гэтэл сургуульд элсэн суралцах хүүхдийн насыг зургаан нас болгосон. Дахиад 11,12 жилийн тогтолцоонд шилжсэн. Өөрөөр хэлбэл, хуучин 10 жилийн тогтолцооноосоо гурван жилээр илүү сурдаг тогтолцоонд шилжсэн. Бусад улс оронд энэ тогтолцоо руу удаан хугацаанд төлөвлөж, аажмаар шилждэг. Гэтэл манайхан 10 хүрэхгүй жилийн дотор маш хурдацтай шилжсэн. Хоёрдугаарт, арав хүрэхгүй жилийн дотор 4-5 хөтөлбөрийн шинэчлэлийг ойрхон хугацаанд хийсэн. Хөтөлбөр шинэчлэгдэхээр агуулга шинэчлэгдэнэ, агуулга шинэчлэгдэхээр багш нарын арга зүй, шинэчлэгдэх ёстой. Гэтэл багш нар шинэ хөтөлбөрөө бүрэн ойлгоогүй, арга зүйгээ өөрчилж чадаагүй учраас ойр ойрхон хөтөлбөр шинэчлэгдсэнээс үүдэн олон сөрөг үр дагавар гарсан. Тийм учраас боловсролын салбарт ковидын өмнөх болон дараах хоцрогдол нүүрлэсэн.

-Боловсролын салбар сүүлийн таван жил зургаан сайдын нүүр үзэж байна. Та зургаа дахь сайдаар томилогдсон. Энэ салбар өөрөө улс төр, удирдлагын хувьд тогтворгүй байх нь өнгөц харахад хүүхдүүд, боловсролын тогтолцоондоо хортой мэт боловч гүнзгийрүүлээд харахад Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал юм биш үү?

-Боловсролын салбарт улс төрийн тогтвортой байдал маш чухал. Манай салбар таван жилийн дотор зургаан сайдын нүүр үзэж байгаа нь хамгийн аюултай үзэгдэл. Улс орны хамгийн тогтвортой байх салбар эрүүл мэнд, боловсролын салбар байдаг. Байгалийн баялгийн тэгш хүртээмж гэдэг зөвхөн 1072 ширхэг хувьцааны эзэн байхын нэр биш. Харин иргэн бүрд чанартай, хүртээмжтэй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлдэг улс орон байгалийн баялгийг тэгш хүртээж байна гэж ойлгох ёстой. Энэ тогтолцоо руу бид шилжих ёстой.Дэлхийн улс орнуудын хөгжлийг эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ гэхээсээ илүү хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээр хэмждэг болчихсон. хүний хөгжлийн индекс (ХХИ) гэдэг юу юм бэ гэвэл иргэн бүрдээ чанартай, хүртээмжтэй эрүүл мэнд, боловсролын тогтолцоог бий болгож чадсан уу гэдэг ганцхан хэмжүүрээр хэмждэг болсон.

-Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой гэлээ. Гэтэл өнөөдөр бас аймаг, сумдын сургуулиудын захирлыг Засаг дарга нь томилдгоос боловсролын салбарт улс төр хавтгайрчихсан байна шүү дээ. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Хүлээн зөвшөөрнө өө. Хамгийн их улстөржсөн, улстөрчид хамгийн их гар дүрсэн салбар боловсролын салбар болсон. Үүний хохирогч нь бидний үр хүүхэд, Монголын ирээдүй. Тиймээс цаашид боловсролын салбарт нэгдүгээрт, мэргэжлийн томилгоо хийгдэх ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай байгаа. Мэдлэг ур чадвартай залуус мерит зарчмаар гарч ирдэг тогтолцоо байх ёстой. Гэнэтхэн хэн нэгний цүнх баригч, эсвэл тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэлд засаглаж байгаа намд үйлчилсэн нөхдүүд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч болдог буруу тогтолцоо хэрхэвч байж болохгүй. Боловсролын салбарт намын томилгоо байж болохгүй. Тухайлбал, ХХААХҮЯ- ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газар 330 суманд байгаа Мал эмнэлгийн газрын даргыг босоо тогтолцоогоор томилдог. Малын эмчийг босоо тогтолцоогоор томилж болоод байхад яагаад 21 аймаг, 330 сум, долоон дүүргийн хэмжээнд байгаа 850 сургууль, 600 орчим цэцэрлэгийн удирдлагыг мэргэжлийн томилгоогоор томилж болохгүй гэж… Боловсролын салбарт улс төрийн, мэргэжлийн бус томилгоо гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг засах ёстой. Энэ тогтолцоог өөрчлөх асуудал Хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын багц хуульд тусгагдсан.

-Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал нийгэмд нэлээн шуугиан тарьж байна. Та 2015 онд тус банкны ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан юм байна лээ. Тухайн үед үүссэн эрсдэлийн талаар холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж байсан уу?

-Тухайн үед буюу 2012-2016 онд МАН цөөнх байсан. Цөөнхийн бүлгээс санаачилга гаргаж Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулж, миний бие ахлагчаар нь ажилласан. Тухайн үед Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгасан. Одоо дуулиан шуугиан болоод байгаа асуудлууд тэр үед үүсчихсэн байсан. Үүнийг бид тодорхой баримттайгаар тогтоогоод тухайн үеийн АТГ, прокурорт шалгуулахаар өгч байсан. Харамсалтай нь явсаар байгаад өнөөдөр ужгирсан асуудал болж байна. Хөгжлийн банкнаас зээл авсан зарим компаниуд зориулалтын дагуу ашиглаж бизнесээ өргөжүүлсэн зүйл байгаа. Бүгдийг улс төрийн өнцгөөс харлуулж болохгүй байх. Харин улс төрийн нөлөөгөөр хууль зөрчиж, барьцаагүй зээл авсан, зориулалтын бусаар зээлээ ашигласан хүмүүсийг шалгах ёстой. Хөгжлийн банк тухайн үеэс дарьтай торх шиг болчихсон байсан. Үүнийг анхааруулсаар байтал тухайн үеийн эрх баригчид үл тоосноос үүдэж өнөөдрийн идээ бээр бий болсон гэж харж байгаа.

-Таныг Хөгжлийн банкнаас зээл авсан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн шүү дээ?

-Намайг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас зээл авсан хэмээн өмнө нь хувь эзэмшиж байсан MCS компанитай холбож хардсан. Өнөөдөр би MCS компанид нэгдүгээрт хувьцаа эзэмшдэггүй, хоёрдугаарт нэр дурдагдсан компани Хөгжлийн банкнаас ямар ч зээл аваагүй юм билээ. Хөгжлийн банкыг шалгаснаас хойш миний өмнө нь хувьцаа эзэмшиж байсан, одоо надтай огт хамаагүй компаниудын аль нэг нь банкнаас зээл авсан байхыг үгүйсгэхгүй. Гэлээ гээд тэр бүхнийг надтай холбож, нэр сэвтээх оролдлого гаргавал холбогдох хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах болно.