Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Том гүрнүүдийн золиос болохгүйн тулд улстөржилтөө хойш тавьж, эв нэгдлээ хангая || DNN.mn

Зүүн Европын тэнгэрт дайны хар утаа суунаглалаа. Оросын арми Украин руу довтлов. Нийслэл Киев хотод болсон дэлбэрэлт том гүрнүүдийг сандаргаж, яаралтай мэдэгдэл хийхэд хүргэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Оросын үйлдлийг буруушааж, “Бид НАТО-гийн холбоотнуудтайгаа эвслийн эсрэг аливаа түрэмгийллийг таслан зогсоох хүчтэй, нэгдсэн хариу арга хэмжээ авахын төлөө хамтран ажиллана” хэмээв. Украин руу хөөргөсөн Оросын сөнөөгч пуужингийн халдлага бол дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн түрэмгийлэл билээ. Иймд Их долоогийн удирдагчид цахимаар хуралдаж, Оросын эсрэг авах хариу арга хэмжээний талаарх төлөвлөгөөгөө ярилцав. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский байлдааны бэлэн байдал тогтоосноо зарлаж, ард түмэндээ хандан “Бүү сандар, бид хүчтэй. Бүх зүйлд бэлэн. Бид ялах болно” гэж мэдэгдлээ.

Асар их уй гашуу, гарз дагуулах дайныг өдөөсөн В.Путиныг дэлхий даяар зүхэж сууна. Тусгаар тогтносон улсын халдашгүй дархан байдал руу түрэмгийлэн дайрч, эзлэн авах гэсэн түүний санаархал хэрээс хэтэрлээ гэж бичицгээх болов. Тэрбээр түүхийн шарласан хуудас сөхөж, “Украин бол анхнаасаа манай нутаг дэвсгэр байсан” хэмээн бүрэн эрхт хөрш орноо өөрийнхөө үзэмжээр тайлбарлаад зогсохгүй түрэмгий үйлдлээ зөвтгөж ирсэн. В.Путины энэ хандлага НҮБ-ын дүрэм, олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнүүдэд илт харш үйлдэл болохыг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. ОХУ-ын үйлдэл нь дэлхий дахинд “precedent” буюу “уруу татах, муу жишиг” тогтоож байгааг ч судлаачид онцлов. Энэ нь хойд бүсүүдэд нь оросууд суурьшдаг Казакстан, Тайванийн тусгаар тогтнол, Хонг Конг, Шиньжан-Уйгурын салан тусгаарлагчдын томоохон асуудалтай Хятадыг хүндхэн байдалд оруулж байгааг ч дурдана лээ. Өрнөдийн судлаачид Крымийн хойгийг булаасан ОХУ-ын үйлдлийг цагаандаа гарсан дээрэм “2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас дутуугүй, бүр илүү нөлөө бүхий ноцтой үр дагавартай үйл явц” хэмээн дүгнэсэн. Тэгвэл Америкийн эрдэмтэн Роберт Легволд “Сүйрлийн уршиг тарьж мэднэ” гэж бичсэн нь ч бий.

В.Путин “Орос хүн бүрийн зүрх сэтгэлд Крым бол салшгүй хэсэг байсан” гээд 2014 онд эзлэн авсан. Ингэснээр их гүрнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч улс орноо эдийн засгийн хоригт оруулаад байв. Гэвч түүний шунал зогссонгүй. Донецк, Луганск мужийг өөртөө нэгтгэх гэсэн санаархал нь украинчуудыг төдийгүй хүн төрөлхтнийг нулимсанд живүүлэх пуужингийнхаа товчийг дарчихлаа. Өнгөрсөн хугацаанд Орос улс Украйныг өөртөө нэгтгэхийн тулд авч болох бүхий л арга хэмжээг авсан. Эдийн засгийг нь түгжиж, газ, шатахууны хоолойгоо хаахаас өгсүүлээд Украинд элдэв улс төрийн шантааж үзүүлсээр ирсэн. Тэр бүү хэл босогчдыг өндөр хүчин чадалтай техник хэрэгслээр ханган санхүүжүүлж байсан тухай гадаад ертөнцөд мэдээлдэг. Украины арми Донецк, Луганскийн хил дээр салан тусгаарлагчидтай сөргөлцөж, буудалцсаар өнөөдрийг хүрсэн нь худлаа биш. Тэнд өдөрт хэдэн арваараа алтан амь үрэгдэж байв.

Украйн бол хөдөө аж ахуй хөгжих бүрэн боломжтой бүс нутаг. Газар нь маш их үржил шимтэй. Европын хар шороо хөрсний 75 хувь нь зөвхөн Украйны нутаг дэвсгэрт байдаг. Доошоо хэдэн зуун метр гүн хар шороо хөрстэй. “Бид хөдөө аж ахуйгаа сайн хөгжүүлбэл эдийн засаг маань босоод ирнэ” гэсэн итгэл найдвартайгаар Оросын талын дарамт шахалт, болзлыг сөрж зогссоор өдий хүрсэн. Уг нь тус улс социализмын үед асар их нефть олборлодог байв. Түүнийгээ боловсруулдаг том, том үйлдвэрүүдтэй, ЗХУ-аа нефть, бүтээгдэхүүнээр хангах тэр үйлсэд хувь нэмэр оруулдаг том гүрэн байсан. Хувьсгал ялаад хувьчлал явагдангуут нефтийн салбарыг тэр чигт нь оросын том компаниуд орж ирээд хувьчлаад авчихсан юм билээ. Яг хувьчлах процессдоо энэ салбарыг ингэж, ингэж хөгжүүлнэ, ийм, ийм ашигтай байна гэж гоё зүйл ярьж байгаад авсан гэдэг. Харин хачир дээрээ хэлсэн амандаа хүрэхгүйгээр барахгүй бүх үйлдвэр заводуудыг хаагаад лацадчихсан. Украйныг өөрөөсөө бүрэн хамааралтай болгочихож байгаа юм. Сүүлийн үед Украйн аргаа барахдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр урьж, газрын баялгийн хайгуул хийлгэхэд хөнгөлөлттэй нөхцөл амласан хууль баталсан. Гадны хөрөнгө оруулалт татах оролдлого хийж байгаа хуулийн зохицуулалтууд нь мэдээж эдийн засагт нь хэрэгтэй ч нөгөөтэйгүүр тусгаар тогтнолын баталгаа болно гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, манай Оюу толгойд гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт орж ирсэнээр тусгаар тогтнол бэхжлээ гэж ярьдагтай адил бодлогыг Украин баримталсан хэрэг.

Украины хувь заяа бидэнд юуг сануулна вэ. Эндээс Оросын геополитик Монголд хэрхэн нөлөөлөхийг тод харж болно. Том хөршөөсөө нефтийн бүтээгдэхүүнээр бүрэн хараат. Хүсвэл тэд шатахууныхаа цоргыг багасгавал бид л хэцүүднэ. Өнгөрсөн намрын бензиний хомсдол бол өнгөцхөн сануулга. Дөч гаруй сая хүн амтай Украиныг эзлэн түрэмгийлэх гэж ОХУ хэрхэн балмад аашилж байгааг бэлхнээ харж байна. Хоёр том гүрний дунд, хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг бид хэр удаан оршин тогтнохыг хэн ч хэлж мэдэхгүй. Гуравхан сая хүн амтай, ядуу буурай улсыг эзлэн түрэмгийлж, эрхшээлдээ оруулах нь энэ том гүрнүүдийн хувьд үдийн будаа идэх дайны л хялбархан асуудал. Ийм хувь заяаг туулах уу, тойрох уу гэдэг нь монголчууд биднээс л хамаарна. Хамгийн гол нь дотооддоо эвтэй байх нь чухал. Гэтэл өнөөдөр бодит амьдрал дээр монголчууд ямар байгаа билээ дээ. Үг өчиггүй өөрийнхөөрөө зүтгэж, талцах дуртай ард түмэн. Улстөржилт ихтэй, оролцохгүй сэдэв гэж байхгүй. Ухаалаг утасны цаана их мэдэгч царайлсан үл мэдэгчид олширсон нь нийгмийн сэтгэл зүйд асар хортой. Ямар нэг асуудлыг өлгөж авч, улстөржүүлэхдээ бүр гаршсан. Тэр нь улс орны хөгжлийн замд дандаа чөдөр, тушаа болдог. Дээрээс нь улстөрчдийн попрол ард түмнээ улам сумлаж, хуваадаг. Аливаад туйлшрамтгай, үзэл бодол нь нэгдмэл биш, хагарч бутарсан ийм улсууд хамгийн түрүүнд харийнхны олз болох аюултай.

Хаврын чуулган удахгүй эхэлж, улс төр идэвхжинэ. Хэдий болтол бие биеэ хэмэлж амьдрах вэ дээ. Эцэс төгсгөлгүй улстөржилт, хуваагдлаа хойш тавьж, нэгдмэл бодлогоор эвтэй баймаар байна. Орос, Украины дайн цаашид яаж ч эвгүйтэж, дэлхий дахинд ямар хор уршиг авчирхыг урьдчилан таамаглахад бэрх. Наад зах нь бензин шатахуун хомсдож, үнэд орохоос өгсүүлээд бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж мэднэ. Одоо хоёр улсын довтолгооны өндөр техник, технологиудад ашиглаж буй шатахууны хэмжээ асар их. Дээрээс нь бэлтгэл сургуульдаа хүртэл хэдэн тэрбум ам.доллараар тоологдох зардал гаргаж байгаа нь тодорхой.

Иймд том гүрнүүдийн тоглоом болохгүйн тулд дотоодын эв нэгдлээ хангах нь юу юунаас чухал гэдгийг Украины дүр зураг бидэнд тод сануулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Баатарсайхан: Монгол Улс үндэстэн дамнасан болон тусгай субьектүүдийн үйлдсэн гэмт хэргийг мөрддөг мэргэшсэн албатай болох ёстой || DNN.mn

Үндэсний мөрдөх алба байгуулахтай холбоотой асуудлаар “Соёмбо” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч өмгөөлөгч Б.Баатарсайхантай ярилцлаа. Тус хуулийн фирм Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар мөрдөх албатай холбоотой судалгааг хийж байжээ.


-Мөрдөх албаны тогтолцоо буруу байгаа учраас Жастын Ш.Батхүүгийн хэрэг гэхэд 10 жил үргэлжилж байна-


-АТГ, цагдаа, тагнуулынхныг шалгадаг Мөрдөх албатай болох тухай эртнээс яригдсан. 2013 онд гэхэд хуулийн төсөл өргөн баригдаад буцсан удаатай. Одоо бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Үндэсний мөрдөх албатай болно” гэж тодорхой хэлж байна. Танай судалгаанд ямар үр дүн гарав?

-Эхлээд Монгол Улсад мөрдөх алба байгуулагдаж байсан түүхийг товч дурдах нь зүйтэй байх. Цагдан сэргийлэх байгууллагын дэргэд Мөрдөх алба 1935 онд анх байгуулагдсан түүхтэй. 1939 онд Тагнуулын байгууллага Мөрдөн байцаах хэлтэстэй болсон. 1962 онд Цагдан сэргийлэх байгууллагаас Мөрдөх албыг салгаж, прокурорын харьяанд шилжүүлэх тогтоолыг тухайн үед Сайд нарын зөвлөл гаргаж байж. Улаанбаатар хотын прокурорын газарт Мөрдөн байцаах хэлтэс, Аймгийн прокурорын дэргэд Мөрдөн байцаах групп гэсэн байдлаар харьяалуулсан байгаа юм. Үүнээс хоёр жилийн дараа Цагдан сэргийлэх байгууллагад буцаасан байдаг. Эргээд 1992 онд Улсын бага хурлын шийдвэрээр мөрдөн байцаах байгууллагын бүтцийг прокурорт шилжүүлсэн. Энэ явцыг харахаар мөрдөн байцаах байгууллагын бүтэц чиг үүргийн хувьд тогтсон хэв маяг байхгүй явж ирсэн.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар Улсын прокурорын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулсан. Хуулийн шинэчлэлээр тагнуул, цагдаа, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэргийг шалгана гээд харьяаллыг нь заагаад өгчихсөн. Та бүхэн мэдэх байх, 2014 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, АТГ-т ерөнхийд нь харьяалуулсан.

-Цагдааг АТГ, АТГ-ын мөрдөгчдийг цагдаа шалгаад л…

-Тийм. Одоогийн бүтцээр бол цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийг АТГ-т шалгадаг. АТГ болон цагдааг хамтад нь Тагнуулын ерөнхий газар шалгадаг. Тагнуул, АТГ, шүүгчийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба шалгаж байна.

УИХ-ын даргын 2019 оны захирамжаар хүний эрх шударга ёсны хэрэгжилтийг хангах, хууль хяналтын байгууллагад хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бус харьцаж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулийн байгууллагын албан хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгаж, хараат бус байгууллага байгуулах эсэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэ хүрээнд манай байгууллага судалгаа хийж, Хууль зүй дотоод хэргийн сайдад танилцуулсан.

Судалгааны үр дүнд Монгол Улс өөрийн онцлогт тохируулсан тусгай чиг үүрэгтэй, мэргэшсэн чадварлаг мөрдөх албыг байгуулах шаардлагатай гэж дүгнэсэн. Тагнуул, цагдаа, прокурорын байгууллагын ажилтнууд иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг зөрчих асуудал хавтгайрсан. Үүний хамгийн том жишээ нийгэмд дуулиан боллоо шүү дээ. Яахав, одоо эцэслэн шийдэгдээгүй байгаа.

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн тухай та хэлээд байна уу?

-Тийм, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой эрүү шүүлтийн хэрэг. Тэр хэргийг шалгасан тагнуул, цагдаа, прокурорын хүмүүс гэмт хэрэг үйлдсэн болох нь эхнээсээ тогтоогдож байна.

Тэгэхээр бусад орны жишиг ч тэр, мөрдөх алба нь маш мэргэшсэн байх ёстой байдаг. Гэтэл одоо бол манайд АТГ-т Мөрдөн шалгах хэлтэс, Тагнуулын ерөнхий газарт Мөрдөн шалгах газар, Цагдаагийн ерөнхий газарт Мөрдөн байцаах алба гэж тусдаа бүтэц байна. Гэтэл гэмт хэрэг гэдэг зөвхөн ахуйн хүрээнд хулгай, дээрмээр нийгэмд үзүүлэх хор уршиг ихтэй өндөр зохион байгуулалттай, үндэстэн дамнасан хэргүүд жил ирэх бүр нэмэгдэж байна. Хүний наймаа, хар тамхи, цахим гэмт хэрэг, авлигын томоохон хэргүүд гээд. Тухайлбал, авлигын хэрэгт оффшор бүсэд нуусан хөрөнгө илрүүлэх гэдэг Дорж, Дулмаагийн гэрт үзлэг хийхээс өөр асуудал.

Тийм учраас энэ чиглэлийн хэргүүдийг шалгах субьект зайлшгүй тусдаа байх ёстой гэдэг нийгмийн хэрэгцээ шаардлага харагдаад байгаа. Монгол Улс дэлхийн чиг хандлагад нийцсэн, мэргэшсэн, чадварлаг хууль сахиулах байгууллагыг бий болгох ёстой.

-АТГ, цагдаа, тагнуулын мөрдөх албадын чиглэл зарим үед давхарддаг. Үүнээс үүдэж янз бүрийн үр дагавар гардаг гэв үү?

-Яг нарийн хэлэх юм бол мөрдөх чиглэл давхарддагаас үүдэж ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Тиймээс харьяалал тогтоох асуудлыг зайлшгүй харж үзэх шаардлагатай. Зарим тохиолдолд, прокуророос авлига, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг гаргаад шалгадаг тогтолцоо байдаг.

-Олны анхаарлыг татсан, удааширсан хэрэг дээр Ажлын хэсэг байгууллаа гэж мэдэгддэг. Гэхдээ үр дүн яаж гардаг нь тодорхой бус л үлддэг?

-Прокурор авлига, тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг гаргаж байх биш энэ төрлийн хэрэгт мэргэшсэн чадварлаг бүтэц, боловсон хүчин байх ёстой болчихоод байгаа юм. Өмгөөлөгч хуульчийн хувьд тухайн ажлын хэсгийн чиг үүргийг харахад хуулин дээрээ энэ хэргийг АТГ шалгана гэчихсэн байдаг. Эсвэл энэ төрлийн хэргийг цагдаа шалгана гэх нь байна. Тэгвэл хамтарсан ажлын хэсэг дээр цагдаагийн байгууллага Авлигын эсрэг хуульд заасан харьяаллын гэмт хэрэг дээр ямар байдлаар орж ирэх юм. Тагнуулын хэрэг дээр АТГ, цагдаа нь ямар байдлаар оролцох юм бэ. Энэ байдал тодорхойгүй байдаг. Угтаа бол гэмт хэргийн шинж байдал, нийгмийн аюулаас үүдэж зайлшгүйгээр томоохон гэмт хэргийн илрүүлэх асуудалд нэгдсэн зохион байгуулалт хэрэгтэй харагдаад байгаа юм.

Нөгөө талаас харахад, цагдаа бол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хийж байх ёстой. Монголын цагдаа өнөөдөр иргэний цагдаа байх ёстой. АТГ нь соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хийх ёстой болохоос биш гэмт хэрэг гарсан хойно нь зарлаад суух ёсгүй. Прокурор ч тэр, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг судалж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байгууллага. Энгийн жишээ хэлэхэд, дүүргийн цагдаагийн хэлтэс дээр үйлчлүүлэгчтэйгээ мэдүүлэг өгөхөөр очихоор мөрдөгч “Би хамгаалалтад явж байна” гэдэг. Энэ юу гэсэн үг вэ. Гэмт хэргийн мөрдөгч гудамжинд хамгаалалтад зогсож байж болох уу. Мөрдөгч бол зөвхөн тухайн хэргийнхээ араас ажиллагаа явуулж, иргэдийн зөрчигдсөн эрх, нийгмийн хор уршгийг арилгахын төлөө явах ёстой.

-Шинээр байгуулагдахдаа тулбал Мөрдөх албаны чиг үүргийг тодорхой хэлж өгөөч?

-Хүн худалдаалах, хар тамхи, томоохон авлигын хэрэг том хэргүүд дээр ажилладаг мэргэшсэн мөрдөгчид байх ёстой. Авлигын хэрэг дээр ч тэр. Гэтэл манайд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа, ял завшуулах боломж олголоо гэж хэл ам гараад байдаг нь манай улсын мөрдөх, хэрэг илрүүлэх тогтолцоонд алдаа байгааг харуулж байгаа явдал. Хуульчийн хувьд цагдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, шаардлагатай үед гэмт хэрэг гарсан дуудлага мэдээллээр очлоо гэхэд хэргийн газрыг хамгаалалтад авч, хэрэг бүртгэлт хийгээд мөрдөх албандаа шилжүүлж байх ёстой.

-Харьяалал нь хаана байх ёстой вэ?

-Бие даасан УИХ-ынхаа харьяанд байх уу, Хууль зүйн сайдынхаа дор байх уу. Олон улсын жишиг янз бүр байдаг. Зарим нь прокурорын харьяанд байх уу гээд. Манайхаар бол хууль хэрэгжүүлж байгаа газар учраас Засгийн газрынхаа харьяанд байх нь зүйтэй гэж хардаг. Хууль тогтоох байгууллага УИХ Үндсэн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээд явдаг. Ард иргэдийн аюулгүй байдал, Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй, чөлөөтэй амьдрах нөхцөлийг Засгийн газар бүрдүүлэх ёстой.

Энэ дотроо Мөрдөх алба гэж бие даасан мэргэшсэн алба байх ёстой. Мэргэшсэн гэж онцолж байгаа юм шүү. Үүнийг онцолж байгаа учрыг тайлбарлая. Жишээ нь, дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шинэ төгссөн мөрдөгч сууж байдаг. Гэмт хэргийг цагдаа нар нутаг дэвсгэрийн харьяаллаар шалгана. Шүүх нь ч нутаг дэвсгэрийн харьяаллаар явж байгаа. Дөнгөж төгссөн мөрдөгч онц хүнд гэмт хэрэгтний үйлдсэн хэргийг шалгах асуудалд анхаарах ёстой. Харин мэргэшсэн, төрөлжсөн мөрдөгч бол ямар ч хэргийг шалгачихна. Тийм учраас Мөрдөх алба төрөлжих ёстой. Авлига, цахим гэмт хэргийн мөрдөгч нар тусдаа, хүн худалдаалах, хар тамхи нь тусдаа. Дээр нь мөрдөгч нарын аюулгүй байдал, ар гэрийн хамгаалалт маш сайн байх ёстой.

Их хэмжээний хохиролтой, онц хүнд гэмт хэргүүд одоогоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба руу явдаг. Ахуйн шинжтэй гэмт хэрэг, хулгай дээрэм нь дүүрэг дээр шалгагддаг шүү дээ. Зарим нь тэнд шалгана, энд шалгана гэж зөрчилддөг. Энэ бол тогтолцоо нь тодорхой бус учраас тодорхой ашиг сонирхлын бүтэц ажиллаад эхэлж байгаа юм.

-Тагнуул, цагдаа, прокурорын удирдах хүмүүс бүлэглээд гадаадын хөрөнгө оруулагчдыг тонож дээрэмддэг, Монголд ирэхийг нь хориглодог. Зөвхөн гадаадаар ч тогтохгүй, дотоодын бизнес эрхлэгчдээ тоносон хэрэг хавтгайрсан. Тэднийг хянах ёстой бүтэц нь сул байснаас үүдэлтэй биз?

-2002-2014 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд нийт 7000 гомдол мэдээлэл ирж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, тусгай субьекттэй холбоотой гэмт хэргийн гомдол гэсэн үг. Гэтэл Мөрдөн байцаах алба татан буугдсаны дараа тусгай субьекттэй холбоотой гомдол жил ирэх тусам буурсан. Шийдвэрлэлт нь ч буурсан судалгаа байна.

Үндсэн хуульд хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан том заалт байгаа. НҮБ-ын тусгай илтгэгчдээс манай улсад 2005, 2010, 2011, 2015, 2016 онуудад хүний эрхтэй холбоотой зөвлөмжүүд ирүүлсэн байдаг. Ялангуяа 2015 онд хоёр удаагийн зөвлөмжөөр Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээж байгуулах шаардлагатай гэж онцолсон байдаг юм билээ. Олон улсын хэмжээнд тусгай субьектүүдийг шалгадаг мэргэшсэн бүтэц байдаг учраас тэр агуулгаараа манайд зөвлөмжүүд ирүүлдэг байсан гэж ойлгосон.

Манай улс сонгуулийн дөрвөн жилийн тогтолцоотой. Үүнийг дагаад томилгоо, шийдвэрүүд энэ хугацаанд л хэрэгждэг. Уг нь хууль хяналтын байгууллагын албан хаагчид тогтвортой байх ёстой юм. Гэтэл зарим цаг үед улстөрч хүн хүртэл Ерөнхий прокуророор томилогдсон тохиолдлууд байгаа. Ийм завхралаас болж нэг бүлэг хүмүүс тэр улстөрч, прокурорын хамгаалалтад орж байгаа. Тэгсэн тохиолдолд би юу ч хийсэн болно. Надад эрх байгаа юм чинь гэж аашилсан. Үүний горыг жирийн хуульч, өмгөөлөгчид багагүй амссан шүү дээ. Хэрэг нь шийдэгддэггүй, явдаггүй.

Х.Нямбаатар сайд маш ноцтой мэдээлэл хөндөж байна лээ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонодог тухай. Ийм асуудал одоо л гарч ирж байгаа болохоос биш тухайн үед бас л яригдаж байсан асуудал. Тэгээд л чимээгүй болчихсон. Гадны хөрөнгө оруулагчдын гэрт хар тамхи оруулаад, араас нь гүйцэтгэх ажиллагаа хийсэн тухай. Энэ бол бүлэглэлийн асуудал. Үндсэндээ улс төр, хууль хяналтынхны оролцсон зохион байгуулалттай хэлбэрүүд хүссэн хүсээгүй үүссэн шүү дээ.

-Мөрдөх албыг тусдаа байгуулах асуудалд хууль хяналтынхан тийм ч таатай хүлээж авахгүй болов уу. Тийм уур амьсгал аль ч үед харагдаж ирсэн шүү дээ?

-Мөрдөн байцаах албаны өнөөгийн тогтолцоо нь хүний эрхийг хангах, зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэн шалгах, гэмт хэрэгтэй тэмцэх гээд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хугацаа их алддаг.

Мөрдөх алба бий болох тухай өнөөдөр биш юм гэхэд маргааш хөндөгдөх л асуудал. Асуудал шийдэгдээгүй, яригдаад байна гэдэг болохгүй байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, цагдаагийн албан хаагчдыг чадваржуулах, мөрдөх албаны чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулах, хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.

Харин тогтолцооны хувьд таны хэлдгээр цагдаа, АТГ, тагнуул мөрдөх албаа алдах нь гэдэг асуудалд амбиц гаргах нь нөгөө л монголчуудын амбиц шүү дээ. Ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, гэмт хэргийг шуурхай илрүүлж шалгах үүрэг бол тэдний хувьд нэн тэргүүнд тавигдах ёстой. Гэтэл өнөөдөр олон нийт гэмт хэргийн шалгалт, шийдвэрлэлт дээр маш их бухимдаж байна. Энэ бол тогтолцооны асуудал юм. Тухайлбал, Жастын Ш.Батхүүгийн хэрэг 10 дахь жилдээ үргэлжилж байна.

-Та уг хэрэг дээр ажиллаж байсан байх аа. Яагаад ингэж удаад байна вэ?

-Дээр нь байгууллага хоорондын уялдаа, цаашлаад тогтолцооны асуудлын том жишээ бол энэ хэрэг. Анх ЦЕГ-ын Мөрдөн байцаах албан дээр шалгаж эхэлсэн хэрэг. Арбитр дээр гол нотлох ёстой эх баримт нь тухайн үед хэрэг Мөрдөх байцаах албанаас АТГ руу шилжихдээ алга болчихсон. Тухайн баримтыг цаг алдалгүй Арбитр руу явуулах шаардлагатай байсан. Түүнийгээ Ш.Батхүү олон удаа хэлсэн. Хэвлэлээр ч энэ тухай их явсан. Хуулийнхан бүр сүүлд баримтаа олж аваад 2018, 2019 онд Лондон руу Арбитрын шүүх рүү явуулсан. Харамсалтай нь цаг хугацаа нь аль эрт өнгөрчихсөн. Арбитрын анхан шат, давах нь болоод өнгөрчихсөн байсан. Хэрэв анх цаг хугацаандаа тухайн баримтыг хүргүүлсэн бол Ш.Батхүүгийн эрх зүйн байдал яах ч байсан юм билээ. Энэ бол Батхүү гэдэг хүндээ биш, манай хуулийн байгууллага анхнаасаа мэргашээд нэг байгууллага л шалгаад явах ёстой байсны л илрэл. Гэтэл тэр хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгч рүү шилжүүлээд л, дарга нь өөрчлөгдөөд, харьяалал нь өөрчлөгдсөөр ирсэн.

-Цагдаагаас АТГ руу шилжээд л нааш цааш их хөдөлсөн хэрэг шүү?

-Арбитр руу гол нотлох баримтаа явуулаагүй учраас Эрдэнэтийн эсрэг шийдвэр гарсан. Тэр шийдвэр нь Ш.Батхүүг буруутгах үндэслэл болчихсон. Гэмт хэрэг хийсэн хүн ч Монгол Улсын иргэн, эрхээ хамгаалуулах эрхтэй. Гэтэл урт хугацаанд нийгмийн бай болгож, сүүлд нь тухайн хүн л хохирч үлдэж байна. Бүхэл бүтэн амьдрал, банк, бизнесээрээ хохирч үлдэж байгаа нэг жишээ энэ юм.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн || DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 28, Сумъяа гариг. Билгийн тооллын 28, Булаагч одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 7:35 цагт мандан, 18:34 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагшаа мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн байна || DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан, Тэс, Байдраг голын хөндий, Монгол-Алтайн уулархаг нутгаар 29-34 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “Оросын түрэмгийлэх дайныг бид буруушааж байна” хэмээн өгүүллээ || DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардын Намын Ерөнхий
нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Та намайг харгис хүйтэн гэж
хэлж байна. Би бол үүнийг
зарчим гэж боддог” гэснийг V-VII, X-XI нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Шадар сайд С.Амарсайхан “Эрдэнэт медипас” эмнэлгийг улс
буцааж авлаа. Цаашид тус эмнэлгийг бүсийн
оношилгоо, эмчилгээний төв болгоно” гэв.

ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин “Малын хулгайтай
тэмцэх аргаар хүн худалдаалах гэмт
хэрэгтэй тэмцэх боломжгүй” хэмээснийг “Нийгэм” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Оросын түрэмгийлэх дайныг
бид буруушааж байна” хэмээн өгүүллээ.

Олон улсын эрх зүй
судлаач О.Зундуйдорж “Ардчилсан оронд төрчихөөд бусдаас
хамааралтай байна гэдэг эмгэнэл” гэлээ.

“Цаг үе, үйл явдал” нүүрт Украин дахь
монгол иргэний ээж Б.Нинжиндун “Украины цагдаа нар нь хориглоод
хүүтэйгээ утсаар ч ярих боломжгүй болох нь” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрөөр гэмт хэрэг, ослын дуудлага нэмэгджээ || DNN.mn

Согтууруулах ундаа хэрэглэснээс болон санамсар болгоомжгүйгээс хэчнээн гэмт хэрэг, осол гарч бүртгэгдсэн талаар холбогдох газруудаас тодрууллаа. Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн танхимын хичээл сургалт эхэлж, замын ачаалал нэмэгдсэн өдрүүдэд бэлэн байдалд ажиллаж буй. Тухайлбал, гудамж талбайн эргүүл нэмэгдэж, 10 гаруй мянган алба хаагч улсын хэмжээнд ажилласан байна.

Хоёрдугаар сарын 25-ны өдөр цагдаагийн 102 тусгай дугаарт нийт 1836 гомдол мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 104, хүний биед халдсан 70, гэр бүлийн хүчирхийллийн 132, согтуугаар автомашин жолоодсон 83, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 75 дуудлага бүртгэгджээ.

Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гэмт хэргийн зөрчил буурсан үзүүлэлттэй байгаа аж. Харин архидан согтуурсантай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өнгөрсөн өдрүүдээс нэмэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид орон сууцны хотхон болон гэр хорооллын гудамжинд тавих хяналтыг чангатгаж ажиллажээ. Мөн орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдыг нэмэлтээр ажиллуулж буй аж.

ОБЕГ: ЗАМ ТОВЧЛОСНООС БОЛЖ ЦАС, МӨС РҮҮ ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА НЭМЭГДСЭН

Хөдөө, орон нутагт зорчиж байгаа иргэд машинтайгаа осолдох, замгүй хэсгээр зорчих, цасанд суух зэрэг дуудлага мэдээлэл ОБЕГ их бүртгэгдсэн байна. Мөн ахуйн шинжтэй галын дуудлага нэмэгджээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, Их нарангийн 4 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 07:20 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Мөн тус дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 45 дугаар гудамжны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 24-ны өдрийн 23:40 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Х-ын таван ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Х /44 настай, эрэгтэй/, Ж /43 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсныг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Үүнээс гадна орон нутагт зорчиж буй иргэд зам андуурч төөрөх, цас шаварт суусан дуудлагын хувьд тухайн аймгийн онцгойгийн алба хаагчид шуурхай ажилласан байна.

ТЦА: СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ЖОЛООЧИД ГАЗАР ДЭЭР НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙГАА

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс амралтын өдрүүдэд нийт 1500 гаруй дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор орон нутгийн зам болон нийслэлийн замд эргүүлүүд ажиллаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн жолоочдод хариуцлага тооцож ажиллажээ.

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан сайн үзүүлэлттэй байгаа ч сэрэмжтэй байх хэрэгтэй. 2022 оны хоёрдугаар сарын 7-14-ний хоорондох архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох дуудлага, мэдээллийг хоёрдугаар сарын 15-21-ний хоорондохтой харьцуулахад 129 нэгж буюу 4.6 хувиар буурсан байна. Гэсэн ч өөрийн болон бусдын амь насыг хүндэтгэж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЦА-наас уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: “Covid-19”-тэй ч антибиотик их хэрэглэвэл хордоно || DNN.mn

Цар тахлын үед антибиотик их хэрэглэснээс хордож эмнэлгийн тусламж авах нь нэмэгдсэн талаар ХӨСҮТ-өөс анхаарууллаа.


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс “Covid-19”-ийн омикрон хувилбарын үед мэдрэхүйн шинж тэмдэг дельта болон бусад хувилбартай харьцуулахад бага илэрч байна. Харин булчин өвдөх, халуурах, толгой эргэх, огиудас хүрэх шинж тэмдэг түлхүү илэрч байна.

Насанд хүрсэн хүний тухайд 38-аас дээш хэмтэй халуурч, захын судасны хүчилтөрөгчийн хангамж муудвал өрхийн эмнэлэгтээ хурдан хандахыг зөвлөж байгаа. Гэрийн хяналтад байгаа хүмүүсийн хувьд эм ууж байгаа хэрнээ биеийн байдал хүндэрвэл өөр эм бэлдмэл нэмж хэрэглэхгүйгээр эмнэлэгт хэвтэх, тандалтын баг дуудаж үзүүлэх шатлалд шилжинэ. Харин хүүхдийн хувьд өндөр халуурч, шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт хэвтэх зохицуулалт хийж байна.

Түлхүү хүндэрч байгаа иргэдийн дийлэнх хувийг суурь өвчтэй хүмүүс эзэлж байна. Тухайлбал, хорт хавдар, бөөрний архаг өвчин, дархлаа дарангуйлах эм хэрэглэж байгаа хүмүүс зэрэг хэд хэдэн заалтад хамаарах хүмүүсийг хавсарсан эмгэгтэй гэж үзэж, эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээ яаралтай авч ажиллах үүрэг өгсөн гэсэн юм.

Гэрийн эмчилгээний багц тухайн хүний биеийн байдлаас шалтгаалж харилцан адилгүй байгаа нь үнэн. Тухайн багцыг өвчтөнүүдийн эрэмбэлэн ангилалтыг үндэслэн олгож байна. Хавсарсан суурь өвчтэй эсэх болон биеийн байдал хэр хүнд байгаагаас хамаарч дархлаа дэмжих, вирусийн эмийн багц олгож байна. Өрхийн эмч шинж тэмдэгт тулгуурлан үзлэг оношилгоо хийснээр ямар багц олгохыг шийднэ. Халдвар авсны дараа тандалтын баг үзэж, шинж тэмдэг нэмэгдээгүй, биеийн байдал хэвийн бол гэрийн тусгаарлалтаас долоо хоногийн дараа гарч болно.

Гэрийн эмчилгээнд байгаа хүмүүс шинж тэмдэг нь буурахгүй, зовиур нэмэгдвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Дур мэдэж цэр ховхлох эм, антибиотик хэрэглэж байна. Үүнээс болоод эмийн хордлогод орж ирэх тохиолдол нэмэгдсэн. Тиймээс гэрийн хяналтад байгаа хүмүүс биеэ сайн анхаарах хэрэгтэй.

Орны нөөц, тандалтын багийн хүртээмж дээр иргэд санаа зовохгүй байж болно. Өрхийн эрүүл мэндийн төв бүр дээр “Covid-19”-ийн тусгайлан гаргасан цэг ажиллаж байна. Хөнгөнөөс бусад ангилал руу орвол эмнэлэгт хэвтүүлэх хэлбэр рүү орж байна. Бүх хүнд багцын эм олгох боломжгүйг иргэд ойлгох хэрэгтэй. Эмч юу гэж зөвлөнө түүнийг л дагах нь зөв гэдгийг мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Дэлхийн шатрын 44 дэх олимпиадыг цуцлав || DNN.mn

FIDE буюу Дэлхийн шатрын холбооноос өөрийн тэргүүлэх тэмцээнүүдийн нэг болох шатрын 44 дэх олимпиадыг ОХУ-д зохион байгуулахгүй гэсэн шийдвэрээ өчигдөр зарлалаа. Дэлхийн 190 орчим орны баг хоёр долоо хоногийн турш өрсөлддөг дэлхийн шатрын олимпиад 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 8-ны хооронд Москва хотод болох ёстой байв.

Нэмж дурдахад, биатлоны Дэлхийн цомыг жил бүр зохион байгуулдаг дэлхийн хэмжээний алдартай цана, уулын спортын төв болох Ханты-Мансийск хотод энэ жил хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын шатрын анхдугаар олимпиадыг зохион байгуулахаар тогтоод байсан билээ.

ОХУ-аас нүүлгэн шилжүүлж байгаа өөр нэг арга хэмжээ бол шатрын олимпиадын хажуугаар зохиогдох Дэлхийн шатрын холбооны 93 дугаар их хурал аж.

Дэлхийн шатрын холбооны одоогийн ерөнхийлөгч Аркадий Дворковичийн эхний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул энэ жил Конгрессод сонгуулийн журмыг мөн оруулах ёстой. Дворкович уг албан тушаалд 2018 оны 9 дүгээр сард сонгогдсон.

Ташрамд дуулгахад, FIDE дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулах улс болон хугацааг дахин төлөвлөхөөр аль хэдийн ажилдаа оржээ.

Categories
мэдээ нийгэм

Хогийн цэг байсан газарт Нарны цахилгаан станц барьжээ || DNN.mn

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тэргүүтэй албаны хүмүүс Ховд аймгийн Мянгад суманд барьж буй 10 мВт-ын Нарны цахилгаан станцын барилга угсралтын ажилтай танилцав.

Тус станцын бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил одоогоор 98 хувьтай үргэлжилж байна. Энэ оны дөрөвдүгээр сард тус станц ашиглалтад орох аж. Ингэснээр Ховд аймгийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.

Мянгад сумынхан өмнө нь хог хаягдлаа төвлөрүүлж, хогийн нэгдсэн цэг байдлаар ашиглаж байсан газрыг сэргээж, ийнхүү томоохон бүтээн байгуулалт хийх санаачилгыг анхлан гаргасан бөгөөд 10 мВт нарны цахилгаан эрчим хүчний станцаа бариад дуусч байгаагаараа онцлогтой. Энэхүү ажлыг Дэлхийн банкны 39.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Смарт плас” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж буй.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харважээ || DNN.mn

БНАСАУ Япон тэнгис рүү баллистик бололтой пуужин харвалаа гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлэв.

Пуужин тэнгист унасан болохыг тэмдэглэсэн байна. Японы эргийн хамгаалалтын албаныхан тухайн бүсэд байгаа хөлөг онгоцуудад пуужингийн хэлтэрхийд ойртохгүй анхааруулжээ. Тус улсын Засгийн газрын дэргэд пуужин харвасан талаар мэдээлэл цуглуулах шуурхай штаб байгуулсан байна.

Пуужин харвасан тухай мэдээллийг БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мөн нотолжээ.

Тус хорооноос мэдээлснээр, БНАСАУ-ын нийслэл Пёньян хотын Сунан дүүргээс өглөөний 07 цаг 52 минутад нэг пуужин харвасан байна. Өмнөд Солонгосын цэргийнхэн одоогоор пуужингийн тусгал, нислэгийн хурд, өндөрт дүн шинжилгээ хийж байгаа аж.

Харин Японы Батлан хамгаалахын сайд Киши Нобуо мэдэгдэхдээ, пуужин 300 орчим км нисэж, Япон тэнгист унасан гэжээ.

“Өнөө өглөө Умард Солонгос Пёньяны дүүргээс Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан. Пуужин 300 орчим км ниссэн бөгөөд нислэгийн дээд өндөр нь 600 км байсан” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Пуужин харвасны улмаас усан онгоц болон нисэх онгоцуудад ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг Киши баталжээ.

Сайдын хэлснээр, Япон улс мөн пуужин харвасантай холбогдуулан “БНАСАУ-д дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлсэн байна”.

“Kyodo” агентлагийн мэдээлснээр, пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.

Пёньян пуужин харвасантай холбогдуулан БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байнгын гишүүдийн яаралтай хуралдааныг зарлалаа гэж “Yonhap” агентлаг мэдээлэв.

Хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Со Хун даргалж байгаа бөгөөд харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хуралд оролцоогүй байна. Хурал 09:00 цаг орчимд эхэлжээ.

БНАСАУ он гарснаас хойш найм дахь удаагаа пуужин харвасан нь энэ юм.