Categories
мэдээ улс-төр

Ч.Номин: Зөвхөн төрийн албан бичгийг л уйгаржин бичигт шилжүүлье, кирилл бичигтэйгээ хослуулан ашиглая гэж байгаа юм

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өчигдөр Шинэ сэргэлтийн бодлого – Аялал жуулчлал сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Соёлын сайд Чинбатын Номинтой цөөн хором ярилцлаа.


-Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор асууя. Аялал жуулчлалын салбарт голлох байр суурийг соёлын салбар эзэлнэ. Энэ хоёр ойлголтыг салгах боломжгүй. Тэгэхээр нэн түрүүнд аялал жуулчлалын салбарт танай яамны зүгээс ямар бодлого баримтлан ажиллахаар байгаа вэ?

-Аялал жуулчлалын бодлого нэг яам, төрийн байгууллагын бодлого бус Засгийн газрын тэргүүлэгч бодлого гэдгийг онцлон хэлье. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн бодлого тогтвортой байснаар цаашид уг салбарын бодлого тогтвортой үргэлжлэх юм аа. Манай яамны хувьд аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой. Манай улсад аялал жуулчлалаар ирж байгаа иргэдийн нийт 70 гаруй хувь нь Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёлд нь татагддаг гэсэн судалгаа гарсан. Өөр нэг судалгааны дүнгээс танилцуулахад манай улсыг зорин ирэх гэж байгаа санхүүгийн чадамжтай иргэдийн 80 орчим хувь нь Монгол Улсын талаарх тодорхой мэдээлэл байдаггүй гэж гарсан. Харин үлдсэн 20 хувийн гуравны нэг нь манай улсыг тухайлан Монгол гэж ойлгохгүй, Хятад улстай хамааруулан ойлгодог гэсэн судалгаа байна. Тиймээс цаашид манай яамны зүгээс аялал жуулчлалын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтыг үндэсний онцлогт тулгуурлан нийтэд харуулсан байх ёстой гэдэг үзэл баримтлалыг барьж ажиллах болно. Бид Азийн улс орнуудаас түрүүлж хилээ нээж байна. Аялал жуулчлалын салбарт богино хугацаанд сэргэлт авчрах үүднээс Засгийн газраас хилээ нээж, жуулчдад тогтвортой нээлттэй болж байгааг зарлаж байна. Тэгэхээр аялал жуулчлалын компаниуд тогтвортой захиалга авч, үйлчилгээний байгууллагууд ч мөн адил үйл ажиллагаа нь жигдэрснээр эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлнө.

Урт хугацаандаа Монгол Улсыг соёлын бүтээгдэхүүнээр дамжуулан дэлхийд таниулах.

Жуулчдаар дамжуулан соёлын бүтээгдэхүүнээр эдийн засгийн эргэлтийг сайжруулах. Ингэснээр олон улсад үндэсний брэндээ таниулж сурталчилна. Нөгөө талд, агаарын тээврийн либералчлалд анхаарах хэрэгтэй. Хатуу дэд бүтцээс гадна аялал жуулчлалын дэд бүтцэд анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, түүхэн дурсгалт газарт хүний ердийн хэрэгцээ, шаардлагыг хангасан зочид буудал, ариун цэврийн байгууламж зэргийг анхаарах хэрэгтэй болов уу.

-Тодорхойлж хэрхэн хоршин ажиллах юм бэ?

-Соёлын яам Үндэсний брэндингийн судалгааг хийж дуусгаад, аялал жуулчлалын салбарын оролцогч талуудад танилцуулахаар бэлтгэж байна. Энэ судалгаа, концепт нь бид гадна талдаа ямар байдлаар харагдах, жуулчдыг хэрхэн татах, эх орноо юу гэж сурталчлах гэсэн үндсэн суурь судалгаа, үзэл баримтлал нь гэсэн үг. Жишээ авбал, БНСУ “Imagine your Korea”, Япон “Endless Discovery” гэх брэндинг гаргаж түүгээр нь Төрийн болон хувийн хэвшлийн бүх тур агентлагууд аялал жуулчлалын сурталчилгаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, улс даяараа “нэг цэг” хатгаад түүндээ хүрэхийн тулд өөр, өөрийн арга барилаар ажилладаг. Тиймээс Соёлын яам Үндэсний нэгдмэл үнэт зүйлд тулгуурласан үндэсний брэндингийг бий болгож, бид өөрсдөө ямар үнэт зүйлтэй үндэстэн бэ, түүнийхээ юуг нь дөвийлгөж гадна талдаа сурталчлах вэ гэдэг том судалгааг хийж гүйцэтгэж байгаа юм. Үндсэндээ Соёлын яам түүх, соёл, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан нөгөө талдаа Үндэсний онцлогтоо нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна.

-Уйгаржин бичгийг төрийн албаны хоёр дахь хэл болгох асуудал зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулж байна. Энэхүү хэлийг өв соёл талаас нь судлаад явахаас биш нийтээр эзэмшүүлэх хоёр дахь хэл болгох шаардлага байхгүй гэж шүүмжлэх иргэд олон байна. Соёлын яамны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Соёлын яамнаас саяхан нэгдмэл үнэт зүйлийн судалгаа гэж хийсэн. Улс эх орныг тогтвортой байлгах, оюун санааны аюулгүй байдал талаасаа нэгдмэл үнэт зүйл гэдэг маш чухал байдаг. Нэгдмэл үнэт зүйлүүдийг бий болгодог зүйл бол соёлын үнэт зүйлүүд байдаг. Улс орон нэгдмэл байх нь дөрвөн зүйлээс тогтдог. Тэр нь соёл, эдийн засаг, нийгэм, улс төрийн нэгдмэл байдлаараа энэ улс нэгдмэл байна гэж үздэг. Тэгвэл бидний судалгаанаас харахад манай улс соёлын үнэт зүйл дээрээ илүү нэгдмэл чанар нь илэрч байна гэж гарсан. Эдгээр судалгаанаас үзэхэд монголчуудын эх хэл монгол бичиг бол соёлын үнэт зүйлийн нэг хэсэг гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Монголчууд бид түүхэнд есөн эрхэмлэх үнэт зүйлтэй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч баталчихсан. Энэ дотор монгол бичиг гэдэг үнэт зүйл орсон. Бид бусдаас ялгаатай байх бусад соёлоос ялгарч харагдах гол үнэт зүйлийн нэг бол монгол бичиг.

-Уйгаржин бичгийг яагаад заавал хоёр дахь хэл болгож авч явах гээд байгаа юм бэ?

-Нийтээр авч явна гэсэн зүйл байхгүй. Ирэх 2025 он гэхэд зөвхөн төрийн албан бичгийг л уйгаржин бичигт шилжүүлье, кирилл бичигтэйгээ хослуулан ашиглая л гэж байгаа юм. Түүнээс биш монгол хүн бүр хос бичигтэн бол оо гэсэн үг биш шүү. Цаад агуулга нь бол яваандаа бидний ирээдүй болсон үр хүүхэд маань монгол бичгээ мэддэг байгаасай гэсэн гол санаа явж байгаа юм. Нөгөөтэйгүүр монгол бичиг бол бидний монгол гэж бусдаас ялган өгч байгаагаараа онцлогтой. Тиймээс энэ хэлээ бид үр хойчдоо зааж сургаж явахгүй бол мартагдах аюулд орчихсон байна. Хэл мартагдах тусмаа тухайн хэл дээр гарч байгаа эрдэм шинжилгээний бүтээлүүд үгүй болох ийм эрсдэл байна. Улмаар тухайн хэлний чадамж суларч мөхөх аюулд ордог.

-Манай улс ардчилсан орон. Тэр утгаараа хувь уран бүтээлчид ямар сэдвээр, ямар агуулгатай бүтээл гаргах нь тэдний асуудал байх. Гэхдээ сүүлийн жилүүдэд нэн ялангуяа кино урлагийн салбарын агуулга, хэлбэр хийц, утга санааны хувьд чамлахаар бүтээлүүд олон нийтэд их хүрч байна. Кино гэдэг бол нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх хүчтэй. Тэр утгаараа танай яамнаас киноны агуулга, утга санаанд нь цензур тогтоосон ямар нэгэн шүүлтүүр тогтоох бодлого баримтлан ажиллах уу?

-Өргөн нэвтрүүлгийн тухай, Соёлын тухай, Садар самуунтай тэмцэх тухай гэх мэт хуулиар энэхүү асуудал зохицуулагдан явж байгаа. Тухайлбал, насны хязгаар тогтоох, хүүхдийн хүчирхийллийн эсрэг, цаашлаад хүчирхийлэл, гэмт хэргийг өөгшүүлсэн бүтээл гаргахгүй байна гэж заасан байдаг. Ардчилсан улсын хувьд кино салбарт баримталдаг нэг бодлого бий. Тухайлбал илүү түүхэн кино болон хүүхдийн киног захиалж хийлгэдэг бодлого байдаг. Дээхнэ үед бид “Цогт Тайж”, “Мандухай цэцэн хатан” гэх мэт кинонуудыг захиалга өгч хийлгүүлдэг байсан шүү дээ. Түүх өв соёлоо таниулахын тулд. Үүнтэй адил түүх, өв соёлоо таниулсан кино уран бүтээлүүдийг улсаас захиалга өгч хийлгүүлэх ёстой. Ингэж байж чанартай сайн кино уран бүтээл гарч ирнэ гэж үзэж байгаа. Киноны зах зээл шударга чөлөөт өрсөлдөөний зарчмаар явж байгаа. Тиймээс сайн уран бүтээл, киног захиалгаар гаргаж ирэх юм бол агуулгаараа энэ салбар хөгжөөд явна гэж бодож байна. Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа кинонуудын зарим нь үнэхээр агуулга, чанарын хувьд учир дутагдалтай. Гэхдээ энэ бол энэхүү салбарын хөгжлийн явц явагдаж байгаагийн нэг илэрц юм уу даа. Эрх зүйн орчин ч бас дутагдалтай байсан. Харин Соёлын яамтай болсноороо Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдлаа. Цаашлаад кино урлагийн талаар бүхэл бүтэн бодлого гарган ажиллаж байна. Бид яаж олон улсад Монгол Улсынхаа кино урлагийн зах зээлийг таниулах вэ гэдэг талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ингээд олон улсаас томоохон кино уран бүтээлчид орж ирээд энэ салбарт ажиллаад ирвэл манай залуучууд чадваржиж, уран бүтээлүүд нь чанаржаад ирнэ. Одоохондоо манай кино урлагийн шинэ залуучууд бүтээлийнхээ хэлбэр дээр нь анхаарч ажиллаад байна. Цаашид агуулга дээрээ анхаардаг болно гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, кино уран бүтээлийн агуулга тал дээр төрөөс болон манай яамны зүгээс түлхүүтэй анхаарч ажиллах болно.

-Үндэсний уламжлалт баярын өмнө томоохон контентуудыг Соёлын яам яагаад сайн хийхгүй байна вэ. Иргэдийн зүгээс үндэсний гэсэн агуулгатай контент чанаргүй, дутмаг байгаа талаар их шүүмжлэлтэй хандаж байна?

-Соёлын яам үйл ажиллагаагаа эхлээд хоёрхон жил болж байна. Өмнө магадгүй орхигдсон юмнууд байгаа л байх. 24 жил манай улс Соёлын яамгүй явж ирлээ шүү дээ. Харин манай яам бий болсноосоо хойш сая Цагаан сараар соёлын өвийг харуулсан контентуудыг бүтээж, олон нийтэд хүргэсэн. Нийтдээ Монголын өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд 16 нэвтрүүлгийг захиалж гаргуулсан. Цаашид ч үнийг илүү чанаржуулж хийж явна. Соёлын яамны зүгээс мэдлэг шилжүүлэх бодлогын хүрээнд ажлуудыг хийж байна. Түүх соёлоо сайн мэдэхийн хэрээр тэр чигийн нэвтрүүлэг уран бүтээл сайн болно. Нөгөөтэйгүүр наадам гэдэг бол Үндэсний хэмжээний баяр. Ганцхан Соёлын агууламжаараа биш. Энэ бол өөрийн гэсэн хуультай, хуулийнхаа хүрээнд нэгдсэн байдлаар хийгдэж явдаг баяр юм.

Categories
мэдээ цаг-үе

ЗАСГИЙН ГАЗАР: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэж байна

Нийслэлчүүд авто замын түгжрэлээс сална

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар

  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зарим төсөл, арга хэмжээний талаар,
  • Эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө,
  • Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 30 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Categories
гадаад мэдээ

Украины эргэн тойронд

Украины Гадаад хэргийн сайд тус улсын хилийн нөхцөл байдал улам хурцадмал болсон тул ОХУ болон Европын аюулгүй байдлын бүлгийн холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээ хийхийг уриалав. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Оросууд цэрэг армиа татан төвлөрүүлснээ тайлбарлахыг хүссэн бидний албан ёсны хүсэлтийг үл тоомсорлосон. Тиймээс ирэх 48 цагийн дотор ОХУ-тай хэлэлцээний ширээний ард суух ёстой” гэдгийг онцлов. Кулеба хэлэхдээ, Украин өнгөрсөн баасан гаригт НҮБ-ын Венийн конвенцийн дүрмийн дагуу Оросоос өөрсдийнх нь зорилгыг тодорхой болгох тайлбар шаардсан гэжээ. Ерөнхийлөгч Зеленскийгийн хувьд АНУ нь Украины аюулгүй байдлын гол найдвар аж. Зеленский Байдентай санал зөвшилцөн эхний ээлжинд дипломат арга барилаар асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн байна. ОХУ-ын 130.000 гаруй цэрэг Украиныг бүсэлсэн гэх мэдээлэл тархаж байгаа ч Москва дайрна гэдгээ үгүйсгэсээр байгаа билээ. Сүүлийн хоногуудад хэдэн арван улс өөрийн иргэдээ яаралтай Украинаас гарахыг шаардсан анхааруулга гаргаад байгаа бөгөөд ЭСЯ-ны ажилтнуудаа татсан. Мөн иргэний нисэхийн том компаниуд онгоцоо Украинд очих, нутаг дээгүүр нь нисэхийг зогсоосон. Тэгвэл ОХУ, Украин болон NATO-гийн гишүүн улсуудын хооронд дайн гарах уу?

Саяхан ОХУ-ын Батлан хамгаалах яам “Олон улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн Америкийн шумбагч онгоцны үйлдлийг АНУ-ын Батлан хамгаалах яаманд мэдэгдсэн” гээд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “өдөөн хатгалга” нь үндэсний хэмжээний заналхийлэл гэж үзэж буйгаа дурдсан. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээгээр, хэрэг явдал энэ сарын 12-ны өглөөний 10:40 цагт Курилын гинжин хэлхээний Уруп арлын ойролцоо, ОХУ-ын усан хил дотор, Номхон далайн флотын цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байсан хэсэгт болсон бөгөөд энд АНУ-ын тэнгисийн цэргийн “Виржиниа” ангиллын шумбагч онгоц хөвж явсан гэв. Бүр ОХУ-ын хилийг зөрчсөн Америкийн шумбагч онгоцны асуудалтай холбогдуулан Москвад суугаа АНУ-ын цэргийн атташед ноот бичиг хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн бямба гаригийн үүрээр Курилын арлын нутаг дэвсгэрт тэнгисийн цэргийн флотын сургуулилт хийхээр очсон Оросын байлдааны хөлөг онгоц АНУ-ын шумбагч онгоцыг ОХУ-ын усан хилээс гарахыг шаардсан гэж мэдээлсэн. Үүний дараа оросууд нийгмийн сүлжээгээр цөмийн мөргөлдөөн гарах нь гэж шуугьсан. Үнэндээ бол нэгдүгээрт, хэдэн жилийн өмнө НҮБ-ын Худалдааны байгууллага энэ дундын бүсийн усанд оросуудыг далайн нөхөгддөг баялаг ашиглахыг зөвшөөрснөөс бус энэхүү хэсэг ОХУ-ын нутаг биш. Иймээс Оросын удирдлага мэдэн будилаад байгаа болохоос Америкийн шумбагч онгоц ОХУ-ын хилийг огт зөрчөөгүй гэсэн үг. Хоёрдугаарт, энд байнга байрладаг Оросын шумбагч онгоцнууд гүехэн усанд шумбах зориулалттай, гаднаас ОХУ-д цөмийн цохилт өгсөн тохиолдолд хариу цөмийн пуужин харвах зорилготой юм. Харин усан дээр байгаа цэргийн хөлөг онгоцнууд эдгээр шумбагч онгоцнуудаа хамгаалах үүрэг хүлээдэг. Мөн АНУ-ын шумбагч хамаагүй илүү хүчин чадалтай. Иймээс иймэрхүү “өдөөн хатгалга” цөмийн дайнд хүргэхгүй. Тэгээд ч ийм тэнэг зүйл хийж өөрсдийгөө олон улсын шүүхийн өмнө аваачиж бүх насаа шоронд өнгөрөөх тэнэг улстөрч одоогоор байхгүй. Том дайн ч гарахгүй. Учир нь том дайн бол үнэндээ тэргүүний технологи бас маш их мөнгө.Энэ хоёр чухал хүчин зүйлийг NATO-гийн гишүүн улсуудтай харьцуулахад аль аль нь одоогоор ОХУ-д байхгүй. Дээрээс нь дайны эсрэг хөдөлгөөн ОХУ-д өдрөөс өдөрт өргөжиж төр, засгаа дайнд турхирч байгааг иргэд нь буруутгах болсон. Энэ нь В.Путин ОХУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд том дайн хийх тушаал өгсөн ч биелүүлэхгүй байх офицер цөөнгүй гарна гэсэн үг. Харин Донецк, Луганск мужид хоёр талд нэг нь илт давуу цэргийн хүч цуглуулчихаад буй өнөөгийн нөхцөлд ганц буу алдсанаас буудалцаан болж орон нутгийн чанартай мөргөлдөөн болон өргөжих өндөр магадлалтай. Ер нь 2014 оноос өнөөдрийг хүртэл энд дайн үргэлжилсээр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Өнгөрсөн жил гэхэд л Украины 84 цэрэг, офицер амь үрэгдсэн. Тэгээд ч Донбассын нүүрсгүйгээр Украины аж үйлдвэр дахин хөл дээрээ босохгүй. Мөн Оросын Думын гишүүд Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр зэхэж байна. Тэгэхээр энд л цэргийн мөргөлдөөн гарч оросууд олон улсын хоригт орж, Донецк, Луганск муж Украинд буцан нэгдэх байх. Дараа нь Крымыг нэгтгэх асуудалтай тулна. Крым нь Оросын мэдэлд байсан нь үнэн. Гэхдээ оросуудаас өмнө турк буюу Осман, османчуудаас өмнө монгол, монголчуудаас өмнө грек, грекээс өмнө мэдээж уугуул иргэдийн мэдэлд байсан. Гэхдээ олон улс түүх бус НҮБ-д аль улсын нутаг гэж бүртгэгдсэн байна түүгээр л асуудлыг шийддэг. Тэгэхээр Крым бол яах аргагүй Украины нутаг мөн. Иймээс Украинд том дайн гарахгүй. Харин байлдаан болно.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэвэгмид: Түгжрээд байгаа замуудын гэрэл дохиог цөөрүүлж, зүүн гар тийш эргэхийг хориглох хэрэгтэй

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах асуудлаар Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер асан Б.Цэвэгмидтэй ярилцлаа.


-Таван шараас МУБИС хүртэл найман км замд 23 гэрэл дохио байна. Тэр бүрт түгжрэл үүсч байгаа-


-Сургууль, цэцэрлэг орж эхлээд хотын хөдөлгөөн таг гацлаа. Түгжрэлийн шийдлийг хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн хувьд та яаж хардаг вэ?

-Ер нь шийдэл гэхэд нөхцөл байдал тун хүнд болчихоод байна. Улаанбаатар хотын төв рүү чиглэсэн бүх зам өглөө, оройгүй хэдэн цагаар түгжирч байна. Ийм байдалд бид сүүлийн хэдэн жил боллоо. Одоо бүр дасан зохицох талдаа орчихож. Түгжирч л байх ёстой юм шиг чимээгүй, хувь тавилантайгаа эвлэрсэн байдалтай байна. Яахав, ойр зуурын урсгал чиглэлийг өөрчлөх маягаар өнөө маргаашдаа хэрэгжүүлж, байдлыг хөнгөлөх боломж бий.

-Таныг замын цагдаад ажиллаж байх үед түгжрэл бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байв?

-Намайг ажиллаж байх үед ийм түгжрэл байгаагүй. Түгжрэл үүсч байсан ганц тохиолдол бол Баруун дөрвөн зам. Одоогийнхтой харьцуулахад бага л даа. Гэхдээ тухайн үедээ л түгжрэл үүсч олон нийтийг бухимдуулж байсан. Тэр үед би Баруун дөрвөн замын зүүн гар талын эргэлтийг хориглох саналыг гаргасан.

-Хэдэн онд юм бэ?

-1988 онд. Улаанбаатар хотын хүн ам 800 мянга орчим байсан байх. Баруун дөрвөн замын зүүн гар талын эргэлтийг хориглосноор уулзвар хоосон болж байсан удаатай. Тэгэхээр бидэнд гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулаад байдлыг хөнгөрүүлэх боломж байгаа юу гэвэл тийм. Түүнийг олж харж ашиглах, хэрэгжүүлэх, нэвтрүүлэхэд л асуудал байгаа юм.

-Зүүн гар талын эргэлтийг хориглох шийдвэр өнгөрсөн жилүүдэд бас гарч байсан удаатай. Нэлээд маргаан болж байгаад цуцлагдсан. Хаана нь алдаа гарчихсан юм бэ?

-Хамгийн зөв шийдвэр байсан. 2016-2020 онд МАНУлаанбаатарт засаглаж байх үед замын хөдөлгөөний зохион байгуулалтын чиглэлийг зөв хэрэгжүүлсэн ганц арга хэмжээ бол тэр. Түүн дээр нэг дутагдал байсан нь юу вэ гэхээр зүүн гар талын эргэлтийг хориглох юм бол орчныг тойруулах, зүүн гар талынх нь эргэлтийг уулзварынхаа төвөөс холдуулах, эсвэл тал навчны зарчим гэж бидний ярьдаг энэхүү гурван зарчмын аль нэгийг хэрэгжүүлж байж энэ шийдвэр үр дүнтэй болдог номтой. Түүнийг хэрэгжүүлэх тал дээрээ алдсан. Дээрээс нь улс төр орсон. Ер нь замын хөдөлгөөнөөс улс төрийг холдуулах ёстой. Улс төр ороод ирэхээр л замын хөдөлгөөнийг завааруулдаг. Хийх ёстой инженерийн шийдлийг байхгүй болгодог. Хэрэв тэр үед жижиг алдаануудаа засаад арга хэмжээг үргэлжлүүлсэн бол өнөөдөр Энхтайваны өргөн чөлөөг тэр чигээр нь зүүн эргэлтийг хориглоод, тэр хэмжээгээр хөдөлгөөн сийрэгжих боломжтой байсан юм шүү.

-Олон улсад замын түгжрэлийг яаж шийддэг юм бэ. Жишээ нь, Москва түгжрэлээ шийдэж чадахгүй гадны баг авчирч байсан гэж дуулддаг?

-Москва гаднаас хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэн авчирсан гэж сонсоогүй. Учир нь ОХУ өөрөө хөдөлгөөн зохион байгуулалтын сайн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг уурхай нь шүү дээ. Ер нь Москва түгжрэлийнхээ асуудлыг шийдчихсэн.

Харин Бээжин, Япон Солонгос бол ази маягийн хөдөлгөөний зохион байгуулалттай. Манай улс европ маягийн хөдөлгөөний зохион байгуулалттай.

-Тодруулахгүй юу?

-Манайх Венийн конвенцийн гишүүн орон. Өөрөөр хэлбэл, манай нутаг дэвсгэр дээр Венийн конвенцийн гишүүн орнуудын авто машин чөлөөтэй зорчдог, бид ч бусад гишүүн орны нутаг дэвсгэр дээгүүр замын хөдөлгөний дүрмийг баримтлаад л явах боломжтой байдаг.

-Азийн орнууд ямар ялгаатай юм бэ?

-Бусад улс орны тээврийн хэрэгсэл нутаг дэвсгэр дээгүүр нь явах хориотой. БНХАУ гэхэд гадаадын тээврийн хэрэгсэл явах боломжгүй.

Харин Венийн конвенцийн гишүүн орнуудын замын хөдөлгөний дүрэм нэг гэсэн үг. Түүнээс гадна тухайн улс орон бүр өөрийнхөө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд замын хөдөлгөөнийг зөвхөн Замын хөдөлгөөний тухай дүрмээр зохицуулна гээд заачихсан. Манай хуулинд ч байгаа.

-Тийм ялгаатай байх нь. Түгжрэлийг бууруулах шийдэл рүүгээ оръё. Давхар уулзваруудыг нэмэгдүүлэх нь зөв үү?

-Уулзваруудыг өөр түвшинд болгох шаардлагатай. Мэдээж энэ ажил хийгдэх ёстой. Ер нь Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгаан олон байна. Нэг жишээ хэлье. Таван шараас МУБИС хүртэл найм хүрэхгүй км замтай. Гэтэл тэр хооронд яаж түгжирдэг билээ. Найман км хүрэхгүй замд 23 гэрэл дохио байна. Гэрэл дохио түгжрэлийн эх үүсвэр. Гэрэл дохионд техникийн нөхцөлийг хангадаггүй, норм дүрэм маань байхгүй болчихсоны хар гай энэ. Тэгэхээр замын хөдөлгөөн дээр онолын үүднээс, шинжлэх ухаанчаар, мэргэжлийн зүгээс анхаарал тавихгүй бол энэ байдлаараа түгжрэлэээс хэзээ ч салахгүй.

Хотын захиргаанаас 71 км тойруу зам барих талаар ярьж байгаа. Тойруу зам хэрэгтэйгийн хувьд хэрэгтэй. Гэхдээ ганц тойруу зам бариад түгжрэл алга болохгүй. Улаанбаатар хотын төвд хүн амьдарч байгаа л бол энэ чигээрээ л байна. Тойруу зам ч бай, гурван гол зам бариад түгжрэлийг 50 хувь бууруулчихна гэж дарга нар өөрөө өөрсдийгөө хуурах хэрэггүй.

-Метроны төсөл олон жил хүлээгдэж байна. Баригдчихвал замын хөдөлгөөнд хувьсгал авчирна гэж ярьдаг?

-Хэрэгжээсэй. Улс орны эдийн засгийн боломж гарвал хэрэгжээсэй гэж хүсч байна. Тэр бол хотын хөгжил, түгжрэлд, шинэ тээврийн төрөлд том өөрчлөлт авчирна. Өчнөөн хэдэн зуун ажлын байр нэмэгдэнэ.

-Жолооч нарыг дүрмээ ягштал мөрддөг болгох гол арга зам таныхаар юу вэ?

-Дүрэм гэдэг дүрэм. Тэнд хүний эрх, ардчилал байхгүй. Хөдөлгөөнд яаж оролцохыг хуульчлаад заачихсан. Нэг үгээр цусаар бичигдсэн дүрэм гэж олон улсад ярьдаг. Ардчилал хөгжсөн оронд ч замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг. Дарангуйлалтай оронд ч биелүүлдэг.

Тэгэхэээр бид хамгийн түрүүнд хяналт шалгалтыг сайжруулах арга хэмжээний хувьд Тээврийн цагдаагийн байгууллага улс төрийн даалгавар биелүүлдэг, улс төрийн шинжтэй шоуныхаа ажлаас татгалзах ёстой. Тэд нар Замын хөдөлгөөний дүрмийн манаач байхгүй юу. Өчүүхэн зөрчил гаргасан ч хариуцлага тооцдог байх ёстой. Торгуул байх ёстой. Торгуулаа төлөхгүй бол хөдөлгөөнд оролцуулдаггүй байх. Усынхаа дугаарыг татаж авдаг байх ёстой. Тэгэхгүй бол Өршөөлийн хууль хүлээсэн хэдэн зуун мянган жолоочтой болчихлоо. Хүн харахад тээврийн цагдаа нар торгууль бичээд мундаг ажил хийгээд байгаа юм шиг харагддаг ч тэр нь үр нөлөөгөө үзүүлэхгүй байна. Аргаа барахдаа торгуулыг чинь 50 хувиар бууруулъя, хурдан төлөөд өгөөч гэдэг. Төрийн ажил ийм балай, түцний наймаа шиг байж болохгүй. Дүрэм зөрчсөн, шийтгэсэн, торгуулаа төлсөн. Ийм л байх ёстой.

Дүрэм зөрчсөн жолоочийн халаасанд мэдрэгдтэл, орой гэртээ очихдоо хүүхдийнхээ талхны мөнгийг өөрийнхөө буруугаас болж торгуулд өгчихлөө гэж ухамсарт нь суух хүртэл хариуцлага тооцож байх ёстой юм. Олон нийт ачилтын компаниудыг эсэргүүцдэг. Хамгийн зөв арга хэмжээ тэр. Харин ч цөөхөн байна. Зогсоол дээрээ зогсдог, хориглосон газар зогсоогүй бол хэн ч тэдний машиныг ачихгүй. Гэрийнх нь гаднаас, зогсоол дээрээс машиныг нь ачаагүй. Дүрэм зөрчсөн учраас ачиж байгаа.

-Жолооч нар машин шүргэх төдийд, эсвэл осол аваар гарах үед зам нэлээд түгжирч харагддаг. Уг нь зураг хөргөө аваад баримтжуулаад замаа шуурхай чөлөөлдөг журам дүрэмтэй болчихвол?

-Ослоос болоод түгжрэл үүсэх бол цаг зуурынх. Үүнийг яаж ийгээд шуурхай шийдчихэж болно. Харин манай өөрийн гудамж замын сүлжээ, түүн дээр явж байгаа тээврийн хэрэгслийн урсгал мөнхийн юм. Мөнхийн юмаа яаж зохицуулах вэ, яаж хурдан шуурхай явуулах вэ гэдгээ л анхаарах ёстой.

-Ийм их түгжрэлтэй цаг үед автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулахад буруудахгүй гэсэн санал ч дуулддаг. Боломжтой юу?

-Тэгээд хуульгүй улсад амьдрах уу. Хотын захиргаанаас 2012 оны наймдугаар сарын 24-нд дугаарын хязгаарлалтын захирамжийг гаргаснаас хойш би өдөр бүр машинаараа явдаг. Хориотой өдөр нь ч тэр. Мөн тэр өдөр замын нэгдүгээр эгнээ гэж гаргаж ирсэн. Би одоо болтол нэгдүгээр эгнээгээр явдаг. Би хуулиа л биелүүлж байгаа. Тэр захирамж бол хууль зөрчсөн. Хэзээ ч ийм байж болохгүй. .

-Шийдэл биш гэж эсэргүүцээд байгаа хэрэг үү?

-Шийдэл мөн. Нийтийн тээвэрт нэг эгнээ чөлөөлж өгнө, түүгээр зөвхөн автобус троллейбус явна гэдэг шийдэл мөн. Тэр чинь өөрөө инженерийн шийдэл байхгүй юу. Энхтайваны өргөн чөлөөнд баруун гар талын эгнээг нийтийн тээвэрт чөлөөлж өглөө гэхэд техникийн нөхцөл нь хангасан, техникийн бичиг баримт бүрдүүлсэн бол нийтийн тээврийг явуулах ёстой.

Яагаад хүмүүс нэгдүгээр эгнээгээр зорчоод торгуулаад байгаа юм бэ гэхээр хотынхон техникийн нөхцөлийг хангаагүй эгнээн дээр гадаадад нэгдүгээр эгнээ чөлөөлдөг сайхан юм байдаг гэж хүчээр хуулаад авчраад тавьчихсанаас болоод одоог хүртэл маргаан үргэлжилдэг.

-Таныг цагдаа зогсоож, торгодоггүй хэрэг үү?

-Зогсоохоо ч больсон. Би тэр байтугай Улаанбаатар хот, Тээврийн цагдаагийн албанд өргөдөл өгсөн хүн. Чаддаг юм бол намайг торго гэж. Хууль бус учраас торгож чаддаггүй.

-Улаанбаатар хотын төв рүү орох шаардлагагүй жолооч нар тойрог замаар зорчих хувилбар ихээр яригддаг. Хотын зүүн захаас баруун зах руу, эсвэл урдаас хойд зах руу явах жолооч нар төв рүү орж түгжрэл үүсгэхгүйгээр тойрч явах тухай. Энэ шийдэл түгжрэлийг шийдэхэд хэр нэмэртэй вэ?

-Ер нь томоохон хотод тойрог зам барьдаг. Дамжин өнгөрөх гэж байгаа тээврийн хэрэгслийг хотынхоо төв рүү оруулахгүй, гадуур тойруулах үндсэн санаа. Мэдээж байж болох хувилбар. Москва хот шиг зүүн талаас нь ирээд баруун тийш, хойноос ирээд урагшаа дамждаг сүлжээ бий. Гэхдээ Улаанбаатар хотыг дамжаад өнгөрдөг урсгал маш бага. Баруун талаас ирээд Улаанбаатар хотод шавна, зүүн талаас ирээд л Улаанбаатарт шавна. Түүнээс биш Дорнодоос ирээд Ховд руу нэвт явдаг урсгал их бага. Ач холбогдол талдаа юу л бол?

-Ойрын хугацаанд шийдэж болох хувилбарыг та хэлээч. Энэ хавартаа замын хөдөлгөөний ачааллыг бууруулж болох шийдэл гэсэн үг. Жишээ нь, Яармагийн замыг яах вэ?

-Яармагийн замд ТЭЦ-3-ын зүүн урд талын уулзвар, Мишээлийн уулзвар гээд олон гэрэл дохио байдаг. Тэр олон гэрэл дохионууд түгжээд байгаа юм.

Тиймээс түгжрээд байгаа замуудын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх ёстой. Түүний тулд гэрэл дохио олон байвал цөөрүүлэх. Эсвэл зарим уулзварууд дээр, зарим гарцууд дээр зүүн гар тийш эргэхийг хориглож, түүнд оногдож байгаа цаг хугацааг чигээр нь нэвтэрдэг болгох хэрэгтэй. Өдөр тутмын арга хэмжээгээр хөдөлгөөнийг хөнгөлөх боломж хаа сайгүй байна. Замын элементийн алдаанууд түгжрэл үүсгэж байгаа талаар хэлсэн. Энэ бол нэг зун л засчих ажил. Хөрөнгө шаардахгүй бэлэн ажлууд шүү дээ. Яг үнэндээ хэлэхэд Хотын удирдлага тэнгэрийн юм, тэнгэрийн зам, том тойрог ярьж суугаагаас биш замын түгжрэлийнхээ шалтгааныг олоогүй сууж байгаа.

-Цаашид урт хугацаандаа Улаанбаатар хот замынхаа түгжрэлийг яаж бууруулах ёстой вэ?

-Замын түгжрэлийг шийдэхийн тулд таван төрлийн арга хэмжээ авах ёстой. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчиндоо ямар арга хэмжээ авах вэ. Дүрэм бол асуудалгүй. Тэртэй тэргүй олон улсынхаа гэрээ хэлцлийн дагуу шийдэгдчихсэн. Харин манайд хэрэгжүүлэлт дээр л асуудал байна. Наад зах нь манайх хамгийн сахилгагүй жолоочтой. Мал бэлчиж яваа юм шиг. Мэргэжлийн байгууллага, тээврийн цагдаагийн алба нь тийм жолооч нараа тоохоо больчихсон, анхаарал хандуулахаа байчихсан, улс төрийн даалгавар биелүүлдэг болчихсон. Хамгийн түрүүнд бидэнд замын хөдөлгөөнд дэглэм тогтоох хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлдэг болох ёстой. Оногдуулсан торгуулийг төлөхөө больсон шүү дээ. Дүрэм зөрчлөө гэхэд цагдаа торгуулийн хуудас бичихэд цочихоо больж, эмээхээ байчихсан. Яагаад гэвэл дараагийнхаа Өршөөлийн хуулийг хүлээж байгаа нь тэр. Тэгэхээр хэзээ ч өршөөж болохгүй. Дүрэм зөрчсөн жолоочид оногдуулах хариуцлагыг сайжруулах хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, замын хөдөлгөөн, гудамж замын элементүүдэд алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага оногдуулдаг болох ёстой. Ер нь энэ түгжрэл бол гарын үсгийн түгжрэл байгаа юм. Гудамж замын элементүүдийг харахад бүгд алдаатай.

Гуравдугаарт, хот төлөвлөлт, хот байгуулалтын чиглэлээр маш том арга хэмжээ хэрэгжүүлэхгүй бол хотын стандарт, гудамж замын норм дүрэм тэр чигээрээ алдагдчихсан. Дөрөвдүгээрт, замын хөдөлгөөний зохион байгуулалтын чиглэлээр ажиллах. Манайд хөдөлгөөний зохион байгуулалт байхгүй болчихсон. Хэн дуртай нь юу дуртайгаа хийж болдог. Замын хөдөлгөөний зохион байгуулалт гэдэг бол инженерийн шийдэл байх ёстой юм. Нэг дарга нь гарч ирээд дугаарын хязгаарлалт тогтооно, нөгөө нь гарч ирээд нэгдүгээр эгнээ гэж ярина. Нэгдүгээр эгнээ гэж юу байдгаа ч мэдэхгүй улсууд захирамж гаргаад хотыг чинь тоглоод хаячихлаа.

Тавдугаарт, бид тээвэр зохион байгуулалтын асуудлыг шийдэхгүй бол яагаад ч Улаанбаатар хот түгжрэлээсээ гарахгүй. Орчин үед ложистик гэж ярьдаг болсон байна лээ. Би ганц жишээ хэлье. Түгжрэл гэдэг форум дээр сууж байхад Улаанбаатар хот 76.000 ачааны автомашинтай. Түүнээс 25.000 нь хөдөлгөөнд оролцдог. Тэр үед миний тоолж байснаар хотын тээврийн операци 7000-8000 хийгддэг. Нэг ёсондоо ийм тооны тээврийн үйлчилгээний хэрэгцээ л байдаг гэсэн үг. Үлдэгдэл 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл ажил ярих нэрээр л хотоор сэлгүүцээд явж байна. Гурвалжингийн тэнд, энд тэнд зам хаагаад, явган хүний зам дээр зогсож байдаг биз дээ. Энэ тээвэр зохион байгуулалтыг боловсронгуй болгохгүй бол яагаад ч ажил явахгүй.

-Нийтийн тээвэр бас хамаарна биз?

-Тэгэлгүй яахав. Тээвэр зохион байгуулалтын нөгөө нэг чиглэл нь нийтийн тээвэр. Нийтийн тээвэр бол Улаанбаатар хотын, төрийн бодлогоор явдаг цаг аль хэдийнэ өнгөрсөн. Нийтийн тээвэр хэдхэн сэргэлэн хүний гарт байна. Өнөөдөр зорчигч тээврийн урсгал, гудамж замын сүлжээнд тохирсон нийтийн тээврийн маршрут хийх ёстой байтал хэн нэгэн сэргэлэн этгээд хэдэн автобус өөрийнхөө нэр дээр бүртгүүлж аваад, өөрсдөө шугам бодож олоод санал гаргачихдаг. Түүнийг нь комисс нэртэй хүмүүс нь “Болох юм байна” гэж гарын үсэг зурсаар зөвхөн Энхтайваны өргөн чөлөөнд гэхэд 20 гаруй маршрутын автобус нэг буудал зогсож байна. Ийм л юм үүсгэчихсэн.

Өнөөдөр нийтийн тээврийг Нийтийн тээврийн газар биш автобус өөрийнхөө нэр дээр олж чаддаг, маршрут олж авч чаддаг компанийн захирлууд л шийддэг болчихсон шүү дээ. Нийтийн тээвэр дээр анхаарах дараагийн асуудал бол такси. Улаанбаатар хотын такси үйлчилгээ байхгүй болсон. Улсын нийслэл байж таксиныхаа зах зээлийг хувийн стандарт бус тээврийн хэрэгсэл, дадлага туршлагагүй, мөнгө олох гээд явж байгаа хүмүүст бүрэн алдчихсан.

Сүүлийн авч болох хувилбар бол хяналт шалгалтын чиглэл. Замын хөдөлгөөнд хяналт шалгалт байхгүй бол ямар болдгийг одоо бид харж байна. Автобусны буудал дээр дүүрэн жижиг тэрэг зогсож байна. Хэн дуртай нь хаа дуртай газраа эргэнэ, үргэлжилсэн шугам давах, гэрэл дохио, эгнээ байраа зөв эзлэх ойлголт бүр байхгүй болчихсон. Үүнийгээ дагаад замын цагдаагийн үндсэн үүрэг бүр хаягдлаа. Хэрэв замын цагдаа хувийн компани байсан бол аль хэзээ дампуурлаа зарлаад татан буугдахаар болчихсон.

Ийм л хэмжээнд байгаа юм. Энэ таван чиглэлээр явж байж түгжрэлээс салах боломжтой.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“Тавантолгой оператор түншлэл” компани 799 тэрбумын тендерийг гурван компаниас авчээ

Тендер авчихаад ажил удаа дараа цалгардуулсан компаниудыг түмэнд зарлана  гэв үү – Өөр

Монголын дата клуб-ын гаргасан судалгаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс тавантолгой” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-ууд өдөр бүр тендер зарладаг гэх шүүмжлэл байдаг. Эдгээр компаниуд тендерийн мэдээллийн санд 4000 гаруй худалдан авалт бүртгэгдсэн байх бөгөөд нийт 5.8 их наяд төгрөгийн худалдан авалтын 70 хувийг долоон компани нийлүүлжээ. Үүнээс дөрөв нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн оператор компани байна.

“Тавантолгой оператор түншлэл” компанийн тендерээс авсан мөнгөн дүн нь 799 тэрбум 130 сая, 962 мянга 175 төгрөг байна. Эл компани хамгийн их хэмжээний тендерийг авсан дарааллаараа гуравдугаарт бичигджээ.

“Тавантолгой оператор түншлэл” компанийн АТГ-т мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй аж. Ингэснээр тус компанийг ямар хүн удирддаг талаарх мэдээлэл дата мэдээллийн санд байхгүй гэсэн үг аж.

Categories
мэдээ нийгэм тоглолтын-хуваарь

Б.Баасанцогтоос хахууль авсан хоёр шүүгч ажилгүй боллоо

Өмгөөлөгч асан Б.Баасанцогт нь нэр бүхий шүүгч нартай
бүлэглэн хууль бус биеэ үнэлэлт зохион байгуулсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн
болон цагдаа, тагнуул, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудад их хэмжээний
мөнгө шилжүүлэх замаар шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх
хэргээр шалгуулж буй юм.

Тэгвэл түүнээс хахууль авсан гэх хоёр шүүгчийн эрхийг өчигдөр түдгэлзүүллээ. Тодруулбал, Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөний үеэр Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг хэлэлцээд ийн шийдвэрлэжээ.

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр,

Дэмчигийн Энхцэцэг,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансаар мөнгө шилжүүлсэн талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. Тодруулбал, өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлсэн баримт ил болсон.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Уйгаржин гэж байхаар англи хэлийг албан ёсны хоёрдугаар хэл болгомоор байна

Дэлхий ертөнц урьд хожид байгаагүй технологи, дэвшлийн зуунд явж байна. Түүний нэг илрэл нь хүн төрөлхтөн нэг хэлтэй, нэг бичиг үсэгтэй болж буй үйл явц юм. Англи хэлээр долоон тэрбум хүний талаас илүү хувь нь ярьж бичиж байна. Нийгмийн мэдээллийг авч хэрэглэж байна. Дэлхийн хэмжээний бүх арга хэмжээ англи хэл дээр явагдаж байна. Аль ч хурал чуулган орчуулагчгүйгээр явагдах нь улам ердийн үзэгдэл болж байна.Ийм цаг үед англи хэлгүй хүн бол хэлгүй, дүлий, магадгүй сохор хүн шиг болох нь. “Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэсэн алдарт афоризм өнөөдөр эсрэгээрээ “Англи хэлгүйгээр ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэсэн хэлц үг болж хувирлаа.

Гэтэл ийм эрин зуунд элэнцгийнх нь уйгаржин монгол бичигт монголчууд шилжих вэ. Өнөөдөр наад зах нь Үндэсний олон нийтийн телевизийг харахад Өмнөд Монголын “Одон” телевизийг үзэж байгаа юм шиг санагдах болов. Манай нэвтрүүлэгчид арай галигаар нь ярихгүй байх шиг байна. Хэрэвзээ нэвтрүүлэгч Д.Ичинхорлоо “Яршиг түвэгтэй замын уралдаан болжийна” хэмээн Өмнөд Монголын нэвтрүүлэгчид шиг яриад эхэлбэл яах вэ. Манайд бол бартаат замын уралдаан гэж ярьдаг л даа. Аялал жуулчлалын яамыг “Зугаа цэнгэлийн яам” гэж албан мэдээндээ хэлдэг болбол хэрхэн хүлээж авахаар байна. Ингэж бичих, ингэж ярихыг Монголын төр засаг ард иргэддээ хуульчлан тулгаж байна. Уйгаржин монгол бичигт шилжих нь ингэж бичиж, ингэж ярихыг хэлнэ. Ийм бичиг соёл, хэл яриа руу бид тэгээд шинээр орох болж байна. Монголын гурван сая иргэн хүлээн авах уу. Чингис хааныг “Чингис хаган” гэж албан ёсоор бичиж чадах уу. Тэгвэл тэгж ярь, тэгж бич гэсэн хууль 2025 оноос эхлэн хэрэгжинэ. Өнөөдөр элсэлтийн шалгалтад орох 12 дугаар ангийн сурагчдын хамгийн чухал шалгалт нь уйгаржин бичгийн шалгалт гэнэ. Энэ шалгалтандаа унавал сургуульд орохгүй гэнэ. Цар тахлын хоёр жилийн хугацаанд уйгаржнаа үзэж судалсан хүүхэд байгаа юм уу.

Харин эсрэгээрээ хүүхдүүд чинь алхам тутамдаа англи хэлээр хүн төрөлхтний хөгжил дэвшил, үйл явдалтай танилцаж хөл нийлүүлэн алхаж байна. Тэд уйгаржин бичгээр Оксфордын номын сангаас Шинжлэх ухааны ямар сэтгүүлийг унших болж байна. Кембриж, Йелийн аль салбарт нь уйгаржин монгол бичгээр бичсэн ном бүтээл, шинжлэх ухааны бүтээлүүд байна вэ. Анагаахын шинжлэх ухааны үсрэнгүй ололтуудыг монгол залуус уйгаржин бичгээр судлах уу. Бодит үнэн ийм байсаар атал яагаад ингэж байгаа юм. Хөгжил дэвшлийн тухайд алхам тутамдаа ярьж байгаа хэрнээ яагаад хойшоо ухарсан үйл хэрэг өрнүүлж байгаа юм бэ. Монголчуудыг харанхуй бүдүүлэг байлгах, ингэснээрээ баялагийг нь сорох гэсэн гадны бодлого хэрэгжээд байна уу гэсэн хардлага зарим судлаачдын дунд байна. Түвд тангад бичигтэйгээ явж ирсэн Түвд орон өнөөдөр ямар байна… Уйгаржин бичигтэйгээ өнөөдөрт ирсэн Өмнөд Монголоос төрсөн тивийн хэмжээний ганц эрдэмтэн байна уу. Өмнөд Монголын хүүхэд залуус дэлхийн хэмжээний аль сургуульд нь сурч боловсорч байна. Үсрээд л Японд хоёр жилийн курст сурч байгаа шүү дээ.

Тийм учраас “Өмнөд монголчууд хоцрогдлын туйл боллоо. Хятадын засгийн ордны бодлого бол Өмнөд Монголоос дэлхийн хэмжээний боловсролтой иргэдийг төрүүлэхийн тулд англи хэлийг албан ёсны болголоо” гэж Хятадын удирдагч албан ёсоор мэдэгдсэн. Угтаа уйгаржин бичигтэй өмнөд монголчууд малаасаа илүү гарахгүй нь гэсэн үзэл баримтлал шүү дээ. Хятад орон буруу яваад байгаа юм уу, хөгжихгүй байгаа юм уу. Цар тахлын үед дэлхийн 200 гаруй улсаас ганц урд хөрш гадаад худалдаа нь ашигтай гарлаа. Дэлхий тэр чигээрээ Хятад руу доллараа зөөж байна гэсэн үг. Тэгэхээр тэднийг тэнэг үйлдэл хийлээ, үндэстний цөөнхийн эрх ашигт халдлаа гэж үзэх арга алга, өнөөдөр энэ дэлхий дээр хамгийн ухаалаг байгаа энэ ард түмэнд. Олон улсын Хүний эрхийн байгууллагууд Өмнөд Монголд уйгаржин бичгийг хязгаарлалаа гэж сүйд болсон уу. Олон улсын байгууллагуудаас онцгойлон анхаарсан уу. Бүгд л тэд хөгжих ёстой, тэгэхийн тулд хөгжилд нь тушаа болж байгаа уйгаржин бичиг нь албан ёсны байх шаардлагагүй гэж үзсэн хэрэг.

Өмнөд Монголд уйгаржин бичгийн үе ийнхүү дуусч байхад бид уйгаржин бичгийг албан ёсны хоёрдугаар бичиг болгон зарлаж, англи, кириллээр бичсэн хаягуудыг авч хаяж, оронд нь хэн ч уншаад ойлгохгүй, үеэ өнгөрөөсөн уйгаржин бичгээр хаягийг сольж байгаа нь жинхэнэ мунхрал, хэт төөрөгдөл, бага буурай үндэстний өвчин гэж үзэхээс өөр арга алга. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон чуулга уулзалт дээр манай улсын уйгаржин бичгээр гаргадаг ганц сонины эрхлэгч нөхөр “Уйгаржин бичгийг эсэргүүцдэг “Өдрийн сонин”-ыг хаах хэрэгтэй” хэмээн уриалсан. Энийг юу гэж ойлгох вэ. Өмнөд Монголд хэрэглэхээ больж, хоцрогдлын эх үүсвэр боллоо гэж үзэж буй уйгаржин бичгийн талаар үнэнийг ны төлөө Ардчиллын түүчээ болсон чөлөөт хэвлэлийг хаая гэж байгаа нь хийрхэл хэрээс хэтэрсний шинж. Бод л доо, хоёр хөршийн дунд орших бөглүү Монгол Улс уйгаржин бичигтэй бүр балрах байх гэсэн наад захын бодол төрөхгүй байна уу. Урдаас нь харь гаригийн юм шиг хэл, бичиг үсгээр харьцаад байхаар тэдний хөх инээд хүрнэ биз дээ. Нэрийн хуудсаа англиар биш, уйгаржин бичгээр өгөхөөр тэд хэнээр орчуулуулж ойлгох болж байна. Орост уйгаржин бичиг мэдэх нэг ч хүн байхгүйтэй адил барууны нэг ч улсад бас байхгүй шүү дээ. Улс орон бүхэн өөрийн бичиг соёл, хэл ус, мөнгөн тэмдэгттэй. Яг түүнтэйгээ зэрэгцүүлэн албан ёсны хоёрдугаар хэлээ бүгд англи болгочихоод байна. Африкийн Зимбаве улс хүртэл тийм болчихоод байна. Азийн хамгийн буурай Балба улсад гудамжны гуйлгачин нь хүртэл англиар гуйлга гуйж байна. Тэд үүнийг ойлгочихоод байхад бид ойлгохгүй явж байгаа нь юу гэсэн үг вэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол Харвардыг төгссөн, англи хэлний ач холбогдлыг мэднэ. Магадгүй Харвардад сурч байж, англи хэлийг эх сурвалжаа болгож чадсаны хүчинд “Алсын хараа-2050” гэсэн Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах төсөөлөлтэй болсон байх. Тэрнээс тэрээр өдөр шөнөгүй уйгаржин монгол бичиг үзэж, уйгаржнаар эртний судар номыг эргүүлсээр байгаад ирээдүйн 50 жилд энэ улс иймэрхүү хөгжлийн загвараар явах ёстой юм байна гэсэн төсөөлөлтэй болоогүй байлгүй дээ.

Уйгаржин бичиг бол улс орон, ард түмний үндэсний дархлаа, үнэт зүйл, дэлхийд ялгарах онцлог гарцаагүй мөн. Энэ үнэ цэнийг эрдэмтэн мэргэд, судлаачид, оюутан сурагчид… гэхчлэн нийгмийн тодорхой хэсэг нь авч явдгаараа л явна. Төр засаг нь дэмждэгээрээ л дэмжих ёстой. Ард түмэн нийтээрээ уйгаржин бичигтээ гүн хүндэтгэлтэй хандаж, түүнд суралцаж судлах нь нээлттэй. Харин Монгол Улсын албан ёсны хоёрдугаар хэл болгож, албан бичиг баримтын бүрдэлт хийлгэж, төрийн албан хаагчдаас шалгалт авч, дунд сургуулийн төгсөлтийн шалгалтын гол хэсэг болгох нь жинхэнэ хийрхэл, жижиг үндэстний хөгжилдөө тушаа болсон үйлдэл, хатуухан хэлэхэд бусдын тоглоом болж буй хэрэг юм. Магадгүй ийм байлгах сонирхол, гадны гар хөл үйлчилж байж магадгүй тухай түрүүнд дурдсан.

Эцэст нь хэлэхэд, наад уйгаржин бичгийн асуудлаа нийгмийн тодорхой хүрээнд байлга. Тэрнээс үхсэн элэнцгийн чинь төрийн албаны шалгалтад уйгаржин бичиг байх, төрийн албан хаагчдаас шалгалт авах вэ. Үүнийгээ зогсоо. Харин эсрэгээрээ төрийн албан хаагчдаас англи хэлний шалгалт ав. Дунд сургуулийн төгсөлтийн хамгийн том оноотой шалгалт нь англи хэл байх ёстой. Төрийн албан ёсны бүх хурал зөвлөгөөн, чуулга уулзалтын илтгэлүүдийн хоёрдугаар хувилбар нь заавал англи хэл дээр байхаар хуульчил. Дүрэм журам гарга. Хурал чуулган дээрх бүх илтгэл, хэлэх үг, тайлан, албан мэдэгдэл бүхэн заавал англи хэл дээр албан ёсны байх ёстой.

Монголчууд ердөө 70-хан жилийн өмнө дэлхийн соёл боловсролоос таслагдсан улс үндэстэн байсныг сана. Түүнээс хэрхэн гарч, хил даван сурахаар одож, дэлхийн шинжлэх ухааны ололтуудтай танилцаж, сонгодгуудыг орчуулан уншиж, сонгодог урлаг үзэж эхэлсэн нь юуны үр дүн байв. Орос хэлний ач тус шүү дээ. Монголчууд нийтээрээ орос хэлийг үзэж судалж, орос хэлтэй болохын төлөө эрмэлзэж, орос хэл сурцгаасны хүчинд дэлхийтэй танилцсан юм. Тэрнээс уйгаржин бичигтэй байснаараа улам л харанхуй бүдүүлэг рүү явж байсныг түүх гэрчилнэ. 1911 оны хүн амын тооллогоор 600 мянга хүрэхгүй монголчууд үлдэж, эрчүүдийнх нь 80 хувь нь лам болж, түвд тангад, уйгаржин бичгээс өөр бичиг үсэггүй байсан нь монгол үндэстэн мөхөхийн ирмэг дээр очсон гашуун үнэн байлаа. Гэтэл өнөөдөр мөхөж байсан үеийнхээ бичиг үсэг рүүгээ эргэж очъё хэмээн хуйларч, бүр хуульчилж, нийгмийн хэмжээний арга хэмжээ болгож байгаа нь гутамшиг, бас хөгжлийн ухралт. Тэр уйгаржин бичгийн хүчээр хэн мэдлэг боловсролтой болж чадах юм. Тийм болохоор уйгаржин бичиг гэж солиорч байхаар англи хэлийг албан ёсны хоёрдугаар хэл болгох нь техник технологийн дэвшлийн зуунд үр дүнд хүрнэ, монголчуудаа…

Categories
мэдээ цаг-үе

ОХУ цэргийнхээ зарим хэсгийг Украины хилээс татаж эхэллээ

Беларусьт зохион байгуулагдсан байлдааны сургуулилалтад оролцсон цэргүүдээ үндсэн баазад нь буцаан татаж эхэлснийг ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр мэдээлжээ.

Тус улсын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков “Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд байлдааны сургуулилалтаа дуусгаад төлөвлөгөөний дагуу үндсэн бааз руугаа буцна. Өмнөд болон Баруун цэргийн тойргийн дивизүүд үүргээ гүйцэтгэж дуусаад автомашин болон галт тэргэнд ачигдаж эхэлсэн. Өнөөдөр бүгд бааз руугаа хөдөлнө” гэж мэдэгдсэн байна.

ОХУ, Беларусийн зэвсэгт хүчний хамтарсан байлдааны сургуулилалт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 20-нд дуусах төлөвлөгөөтэй байжээ.

Оросын цэргүүд Украины хил орчмоос буцаж эхэлсэн нь хурцадмал байдлыг намжаах найдлага төрүүлж байна.

Гэвч АНУ-ын ерөнхийлөгч дайн дэгдэх магадлал өндөр хэвээр байгааг өчигдөр дахин анхааруулжээ.

“Орос цэргээ татаж эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ бид энэ мэдээллийг баталгаажуулаагүй байна. Манай шинжээчдийн дүгнэлтээр бол Оросын зэвсэгт хүчний аюул өндөр хэвээр байгаа” гэж Байден мэдэгдсэн юм.

ОХУ-ын тал Украины хилийн орчимд нийтдээ 150,000 орчим цэрэг хуримтлуулж, Украин улсыг эзлэн түрэмгийлэхээр бэлдэж байна гэж өрнөдийн орнууд үзэж байгаа.

Харин Москвагийн эрх баригчид үүнийг няцааж, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Украиныг NATO-д элсүүлэхгүй байхыг шаардаж байна.

Хэрвээ элсүүлбэл Оросын үндэсний аюулгүй байдал эрсдэлд орно гэж Москвагийн эрх баригчид үзэж байгаа юм.

Тиймээс NATO-гийн өргөжилтийг зогсоох шаардлагыг Оросын талаас АНУ-д тавиад байгаа.

Байдены засаг захиргаа уг шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, Украин руу халдан довтолбол эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авахаар сүрдүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

АмЧам Монгол “Шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт хурал зохион байгууллаа

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2022 оны 2-р сарын 15-нд “Шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хүндэт илтгэгчээр Монгол Улсын Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо. Энэхүү уулзалтад АмЧам Монголын гишүүд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон Монголд үйл ажиллагаа явуулдаг элчин сайдын яамдын төлөөлөл зэрэг 80 гаруй зочид төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулах дунд хугацааны зорилтод хөтөлбөр юм. Шинэ сэргэлтийн бодлогыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого, арга хэмжээний тухай дэлгэрэнгүй илтгэл тавьж, статистик мэдээлэл өгсөн бөгөөд илтгэлдээ “2022 оны төсвийг шинэ сэргэлтийн бодлого руу чиглүүлж баталсан. Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн гурван зорилт нь: 1. Цар тахлаас үүдэлтэй эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, 2. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, эдийн засгийн суурийг тэлэх, 3. “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх гэсэн хэсгүүдээс бүрдсэн бол зургаан үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ. Үүнд: 1. Боомтын сэргэлт, 2. Төрийн бүтээмжийн сэргэлт, 3. Ногоон хөгжлийн сэргэлт, 4. Эрчим хүчний сэргэлт, 5. Аж үйлдвэрийн сэргэлт мөн 6. Хот хөдөөгийн сэргэлт гэсэн чиглэлүүд тус тус орсон. Товчхондоо, хөдөлмөр бүтээл дэмжсэн төсвийн бодлого юм.”

Энэ бодлого хэрэгжсэнээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилтууд хангагдаж, эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өснө. Ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувь, дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувь 13 хувиар өсөж 85 хувь болно гэж үзэж байна.

Сангийн дэд сайд оролцогчдын гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудал болон тулгардаг эрсдэлүүд, татварын бодлого, Монгол Улсын өрийн асуудал зэрэг бусад олон асуултад дэлгэрэнгүй хариулт өгснөөр энэхүү хэлэлцүүлэг өндөрлөв.


АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Categories
мэдээ цаг-үе

Камила Валиева ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд нэгдүгээр байрт шалгарлаа

Камила Валиева: Үнэхээр хүнд өдрүүд байлаа

ОХУ-ын уран гулгагч 15 настай Камила Валиева өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд нэгдүгээр байрт шалгарлаа. Сэргээшийн асуудалтай холбогдсон ч Спортын арбитрын шүүх түүнийг Бээжингийн олимпын тэмцээнд өрсөлдөхийг зөвшөөрсөн юм.

Валиева хориотой бодис болох триметазидин яагаад түүний биеэс илэрсэн талаар анх удаа тайлбар өгсөн. Тэрээр энэ нь өвөөгийнх нь хэрэглэдэг зүрхний эм байсан гэж хариулжээ.

Богино үзүүлбэрийн төрөлд өчигдөр нийт 25 уран гулгагч оролцжээ. Валиева талбай дээр гарч ирээд гуравласан аксель хийхдээ алдсан ч хамгийн өндөр 82.16 оноо авсан юм. Тэрээр үзүүлбэрийнхээ дараа нулимсаа барьж дийлээгүй байна.

Нутаг нэгтэн Анна Щербакова 80.20 оноотойгоор хоёрдугаарт, Японы уран гулгагч Каори Сакамото 79.84 оноо авч гуравдугаарт орсон байна.

Маргааш буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр чөлөөт үзүүлбэрийн тэмцээн эхэлнэ. Хэрвээ Камила Валиева шагналт байрт шалгарч үлдвэл Олон улсын олимпын хороо шагнал гардуулах ёслол зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн.