Categories
мэдээ нийгэм

Таван ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

Хэнтий аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, Галшар сумын төвөөс баруун хойд зүгт 70 км, Оч багийн “Худгийн бууц” гэдэг газар хоёрдугаар сарын 23-нд шилжих шөнө 5 ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ.

Энэ талаарх мэдээллийг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт өгчээ. Тус аймгийн

  • Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги,
  • сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид,
  • сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 120 км замыг туулан 13:02 цагт очиход иргэн Б-гийн залгаатай 5 ханатай 2 гэр бүрэн шатаж, 34 настай иргэн амиа алдсан байжээ.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

Би зөвхөн бөхчүүдээс л жудаг хайна

С.Мөнхбат аварга “Та нар яагаад бөхчүүдээс жудаг нэхээд байгаа юм бэ” гэж хэлэхийг сонслоо. Өнөө цагт барилдаж буй цолтой бөхчүүд дотроо чухам овоо жудагтай нь гэлцдэг залуугийн амнаас ийм үг унахаар нь гайхлаа. Би бээр зөвхөн бөхчүүдээс л жудаг хайна. Яагаад гээч. Хүн гэдэг махбод нь заавал нэг зүйлийг шүтэж, жишиж түүн рүүгээ тэмүүлж, өөрийгөө тийм хэмжээнд хүргэх юмсан гэж мөрөөдөж амьдардаг золиг юм. Залуучууд, эрчүүд шинэ зуунд өнгө мөнгө, эрх мэдэл, эд хогшлыг илүү их бишрэх болжээ. Түүнээ дагаад нөгөө монгол эрийн гүндүүгүй зан, үг цөөтэй, даруулгатай, ухаан цэгцтэй, хүлээцтэй байх гээд чанарууд хөсөр хаягдсаар. Ийм шинж чанарыг агуулж явсан, цаашдаа хадгалаад явах болов уу хэмээн горьдол тээх хүмүүс нь энэ цөөхөн хэдэн бөхчүүд маань юм шүү дээ. Халдвартын эмч нарыг хар даа. Хэдэн арван жилийн түүхэндээ тарваган тахлын үед л чимээ нь сонсогдохоос бусад үед нь аниргүйхэн амьдарч байсан тэд сүүлийн хоёр жил түмэн олныхоо өмнө хүлээсэн үүргээ чимээгүйхэн нэр төртэй биелүүлээд сөхөрч унатлаа ажиллаж байгаа биз дээ. Үүнтэй адил нийгмийн өмнө та нарын хүлээсэн бичигдээгүй хууль бий.

Монгол заншил, өв уламжлал, зан араншингийн соёлыг тээж яваа та бүхэн эрх мэдэл, эд мөнгөнд шунаж, хууль зөрчөөд эхлэхээр нөгөө харж баясаж явдаг ард түмэн чинь яах юм бэ. Жудаг гээч нь жирийн үг биш. Энэ бол ховор олдох хариу нэхдэггүй том хариуцлага.

Д.Бат-Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

Украины хямралын улмаас Оросын баячууд энэ онд нийт 32 тэрбумын хөрөнгөө алджээ

Рубль перешел к снижению после заявлений о выезде населения ДНР в Россию -  РИА Новости, 18.02.2022

Украины хямралтай холбоотойгоор АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг зарласан эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Оросын баячууд нийтдээ $32 тэрбумын хөрөнгөө алдаад байгааг шинжээчид мэдээлжээ.

Тухайлбал Оросын эрчим хүчний компаниудын хувийг эзэмшдэг олигархи Геннадий Тимченко энэ он гарсаар нийтдээ $6.47 тэрбумыг алдсан үзүүлэлтээр хохирогчдын жагсаалтыг тэргүүлж байгаа тухай Блүүмбэрг агентлаг мэдээлсэн байна.

Одоо түүний хөрөнгийн хэмжээ $16 тэрбум орчимд хүрч буурчээ. Тимченкогийн хөрөнгийн ихэнх хэсгийг байгалийн хийн Новатек компани дахь эзэмшил нь бүрдүүлдэг.

Новатекийн бусад хувь эзэмшигчид болох Леонид Михельсон 2022 он гарсаар $6.2 тэрбумаа алдаж, $26.2 тэрбумтай үлдсэн бол Лукойл компанийн ерөнхийлөгч Вагит Алекперовын хөрөнгийн хэмжээ ижил хугацаанд $3.5 тэрбумаар хоргодож, $19.3 тэрбумд хүрсэн байна.

Блүүмбэргээс гаргадаг дэлхийн топ 500 баяны жагсаалтад багтдаг Оросын 23 тэрбумтны хөрөнгийн нийт хэмжээ өнгөрсөн оны сүүлээр $375 тэрбум байсан бол өнөөдөр $343 тэрбум болж буурчээ.

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин салан тусгаарласан Украины мужуудыг хүлээн зөвшөөрсний дараа Оросын хөрөнгийн зах зээл гүн уналтад ороод байгаа юм. Өрнөдийн эдийн засгийн хориг ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд болон Путинийг тойрон хүрээлэгчдийг чиглэж байна.

Үүнд тэдгээр хүмүүсийн гадаад дахь хөрөнгийг нь битүүмжлэх, хилийн хориг тавих, өрнөдийн зах зээлд санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг хориглох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Пүрэвбаатар: С.Эрдэнийн хэргийг улс төрийн зорилгоор барьчихсан байгаа учраас захиалгаар намаа задалж, өнөөгийн төр барьж байгаа намд үйлчлээд байгаа юм


МоАХ-ны хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатартай ярилцлаа.


-Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс МоАХ-ын V зөвлөгөөн зохион байгуулсан. Удахгүй Их хурлаа зохион байгуулна гэж байна. МоАХ-ны Хяналтын зөвлөлийн даргын хувьд та үүнд ямар тайлбар хэлэх бол?

-Д.Монголхүү нарын цаанаасаа зохион байгуулалттайгаар хийж байгаа зүйлийг буруу гэж үзэж байгаа. Учир нь Монголын Ардчилсан холбооны асуудлыг ярих гэж байгаа бол нэгдүгээрт, МоАХ-ны гишүүн байх ёстой. Хоёрдугаарт, манай байгууллага албан ёсоор батлуулсан өөрийн гэсэн дүрэм журамтай, Улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааныхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг учраас хэзээ хурлаа хийх эсэхээ бид өөрсдөө мэднэ. Тиймээс манай байгууллагын асуудлын дундуур нь орж хутгалдаж, С.Эрдэнэ гэдэг хүн тэднийг санхүүжүүлж явуулж байгаа үйл ажиллагааг буруу гэж үзэж байна.

-2007 оноос МоАХ-ны үйл ажиллагаа идэвхгүй байсан юм биш үү. Уг нь даргаа гурван жилд нэг удаа сонгодог, нэг удаа улирааж болдог зохицуулалттай байтал Х.Баттулга дарга 2007 оноос хойш өнөөг хүртэл даргалж байгаа юм биш үү. Энэ хөдөлгөөнийг улстөржүүлж, бүртгэл нь хүртэл нэг хүний нэр дээр байх хэр зохимжтой юм бэ?

-Нэгдүгээрт, манай бүртгэл нэг хүний нэр дээр байдаггүй. Нэг хүний компани биш ээ. Манайх олон нийтийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага. Манайх даргаа дөрвөн жил тутамд нэг удаа сонгодог. Гэхдээ нэг хүн хоёр удаа сонгогдож болно гэсэн зүйл дүрэмд байхгүй. Хэд ч байж болдог. Хоёрдугаарт, 2007 онд биш, 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс даргаар ажиллаж эхэлсэн. Энэ үеэс эхлээд бид 2012 онд дарга сонгох эрхийг буюу ерөнхий чуулганы эрхийг Удирдах зөвлөлдөө шилжүүлсэн. Ингээд нэг удаа сонгосон. Хоёр дахь удаагийн сонгууль нь 2017 онд явагдах ёстой байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жил болон ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр, хоёр жил гэж сунжирсаар үндсэндээ зургаан жил дарга сонгохтой холбоотой асуудал яригдаагүй. Өөрөөр хэлбэл, дарга сонгох асуудал өмнө хэлсэнчлэн гадаад хүчин зүйлээс болж хойшилсоор ирсэн. Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчөөр ажиллахаар болмогцоо “Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахаар болсон учраас МоАХ-ны даргын асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай өргөдлийг МоАХ-нд өгсөн. Тиймээс бид МоАХ-ны даргаас түр түдгэлзүүлж Эрдэнэчимэг гэдэг гүйцэтгэх захирлыг орлон гүйцэтгүүлэхээр томилсон. Томилсон талаарх Удирдах зөвлөлийн шийдвэр нь бий. Ингээд Ерөнхийлөгчийнх нь үүрэгт ажил дуусахаар дараагийн Их хурал хуралдах хүртэл МоАХ-ны даргын асуудлыг түр орлон гүйцэтгэгч хийх ёстой гээд урьдын адил 2021 оны есдүгээр сард Удирдах зөвлөлийн хуралдаанаас өөрийнх нь өргөдлийг үндэслэж, мөн тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Тиймээс манай дараагийн Их хурал энэ дөрөвдүгээр сард болно. Манай дүрэмд зааснаар Удирдах зөвлөлийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 30-35 хоногийн өмнө ерөнхий чуулганыг зарлан хуралдуулах ёстой байдаг. Удирдах зөвлөлийн өргөтгөсөн бүрэлдэхүүнээр МоАХ-ны Ерөнхий чуулганыг 35 хоногийн өмнө буюу өнөөдөр бид зарлах гэж байна. Ерөнхий чуулган хуралдаж Их хурлыг зарлан хуралдуулна. Бид бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ ажил МоАХ-ны дүрэмд заасны дагуу явагдаж байгаа. Гэтэл дүрэмд огт заагаагүй зүйлийг гишүүн биш хүмүүс санаачилж байгаа нь МоАХ-г задлан бутлах гэсэн захиалгатай үйл ажиллагаа гэж үзэж Цагдаагийн газарт бид өргөдөл гаргасан. Өргөдөл гаргах үндэслэл нь нэгдүгээрт, гишүүн бус хүмүүс ийм ажил зохион байгуулаад байна. Хоёрдугаарт, бусдаас мөнгө авч хууль бусаар зохион байгуулалттайгаар явуулж байгаа учраас иргэдийг төөрөгдүүлэх, залилан мэхлэх үйлдэл. Бид энэ хүмүүстэй холбоотой асуудлаар Зөрчлийн тухай хуульд заасны дагуу бичиг хүргүүлсэн. Зөрчлийн тухай хуулийг хоёр удаа зөрчсөн бол автоматоор эрүүгийн хариуцлага хүлээдэг. Бид залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй юм байна хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.

-Гэхдээ МоАХ-ыг үүсгэн байгуулсан хүмүүс нь зарлан хуралдуулах ёстой юм биш үү. Тиймээс МоАХ-ыг анх үүсгэн байгуулсан найман гишүүний долоо нь хурлыг зарлан хуралдуулах ёстой гэсэн байр суурийг зарим хүмүүс илэрхийлсэн байна лээ?

-Монголын Ардчилсан холбоо гэдэг байгууллагыг 13 хүн анх зарлаж үүсгэн байгуулсан. Анхны 13 гэдэг чинь ийм учиртай. Монголын Ардчилсан холбоо гэж төрийн бус байгууллагыг бий болгож Удирдах зөвлөл гэж 35 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ингээд Их хурлаа хийж МоАХ гэж албан ёсны байгууллага бий болоод явсан. Тэгэхээр үүсгэн байгуулсан найман хүн гэдэг бол худлаа. 1990 оноос өнөөг хүртэлх 32 жилийн хугацаанд найман даргатай байсан. Тэдний тав нь Д.Монголхүү тэргүүтэй хүмүүсийн хийсэн зөвлөгөөнд оролцсон. Миний харснаар тэр хурал дээр С.Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Л.Түвдэндорж нар яах аргагүй манай холбооны дарга байсан. Хоёрдугаарт, дарга нь найман хүн байсан болохоос биш үүсгэн байгуулсан найман хүн зарлан хуралдуулдаг гэсэн зүйл байхгүй. Гуравдугаарт, МоАХ ТББ хуульд заасны дагуу дүрмээ хуульд нийцүүлж Улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тиймээс үүсгэн байгуулагчид нь хурлыг санаачилна гэдэг зүйл байхгүй. Манайх ашгийн төлөө байгууллага биш, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага.

-АН хоёр хуваагдчихлаа. МоАХ ч бас ингээд хоёр хуваагдчихлаа. Ер нь ардчиллыг хамгаалах ёстой чухал субьектүүд энэ мэтээр бутарч хуваагдаад байх юм. Та бүхэн ер нь намаа, холбоогоо авч үлдэж ардчиллыг хамгаалах жанжин шугамаа хамгаалах чиглэлд юм хийхгүй юм уу?

-МоАХ гэдэг байгууллага анх бий болсноор улс төрийн намуудыг төрүүлсэн. МАХН-аас бусдыг шүү. Манай дотроос бий болсон бидний үр хөврөл, бид гишүүнчлэлд нь байдаг АН хоёр хуваагдсан үнэхээр харамсалтай. Гэхдээ нийгэмд үйлчилдэг манай төрийн бус байгууллага улс төрийн үйл ажиллагаа явуулах ёсгүй учраас бид намын үйл ажиллагаанд хамаагүй оролцож болохгүй байгаа юм. Бид ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж байгаа төрийн бус байгууллага учраас нам шиг улс төрийн үйл ажиллагаа явуулж сонгуульд оролцож болохгүй. Манай чиг үүрэг бол одоогийн Төрийн бус байгууллагуудын тухай хуулиар ингэж болохгүй юм. Бид Монгол Улсын тусгаар тогтнол, эрх, эрх чөлөө, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн бус байгууллага. Энэ үнэт зүйлийг алдчихгүй юмсан, Монгол Улс маань ардчилсан замналаар цааш үргэлжилж яваасай гэсэндээ бид “хүүе хаая” гээд зааж сургаад яваа юм. Гэтэл намыг дотор нь задалсныг би хуульч хүний үүднээс харахад хэрэгт холбогдчихсон байгаа С.Эрдэнэ нарын эрүүгийн гэмт хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Хэргийг нь улс төрийн зорилгоор барьчихсан байгаа учраас захиалгаар цаашаа намаа задалж өнөөгийн төр барьж байгаа намд үйлчлээд байгаа юм л даа. Ингэвэл С.Эрдэнийн хэрэг нь гайгүй болох учраас энэ ажилд улайраад яваад байгаа нь илт харагдаад байгаа юм. Гэтэл хүн олдохгүй болохоор нь аргагүйн эрхэнд Ренчинтавхай гээд эрүүгийн гэмт хэрэгт холбогдчихсон хүнийг, мөн бусад хэрэгт холбогдсон хүмүүсийг өөр дээрээ авч байгаа болохоос МоАХ-ны жинхэнэ гишүүн хүмүүс С.Эрдэнэтэй хамт явахгүй байгаа шүү дээ.

-Та Д.Монголхүүг “Араа харж яваарай. Амь насаа мэдээрэй” гэж заналхийлсэн юм уу. Үүнд та тодорхой хариу тайлбар хэлэхгүй юү?

-Араа хараарай. Амьдралаа хараарай гэж би хэлэхгүй. Учир нь би хуульч хүн. Буруу юм хэлбэл үүрэх хариуцлага өндөр байдаг гэдгийг мэдэж байгаа учраас хүнд буруу үг хэлэхгүй л дээ. Зүгээр “Гадаа гараарай. Гарцгаагаарай. Хэдүүлээ гадаа гарч юмаа ярина шүү” гэж хэлээд явсан нь үнэн. Бага залуугаасаа хүнийг ингэж гүтгэж байгаа бол тэр хүн хол явахгүй. Би ч тийм хүүхдэд тэгж хэлээд яах юм бэ. Бараг намайг зодчихно шүү дээ. Би хөгшин хүн байж хүнийг тэгж хэлж тавтиргүйтэх ямар шаардлага байгаа юм бэ. Ер нь одоо үед томчууд гар зөрүүлэх нь битгий хэл хүүхдүүд хоорондоо зодолдохоо байчихсан үед хэн хэн нь үүрэх хариуцлага өндөр гэдгийг мэдэж байгаа учраас би тийм зүйл хэлэхгүй.

-2008 оноос даргаа сонгосон гэлээ. Энэ хугацаанд та бүхэн юу хийв ээ. Та бүхнийг “Женког өмөөрч нэг жагссан, түүнээс өөр юу хийсэн юм бэ” хэмээн шүүмжилж байсан учраас ийн асууж байгаа юм аа?

-Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсноос хойш бид хоёр ч удаа Их хурлаа хийлээ. Орон нутгийн бүх гишүүдийнхээ гишүүнчлэлээ баталгаажууллаа. Архивын бичиг баримтаа цэгцэллээ. Орон нутгуудад гишүүдийнхээ алдрыг тэмдэглэх, орон сууцтай болгох, тэдний ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр нэлээд их зүйл хийсэн л дээ. Жишээ нь, өнөөдрийн байдлаар партизан, ахмад зүтгэлтэн 103 хүнийг орон сууцтай болгосон. Одоогоор миний мэдэхээр 210 хүнийг гэртэй болголоо. МоАХ-ны гишүүдийн эрх зүйн байдлыг баталгаажуулахын тулд УИХ-д өөрсдийн гишүүдээр дамжуулж лобби хийж, ахмад зүтгэлтнүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл санаачилж орууллаа. Олон гишүүнээ одон медалиар шагнуулж алдрыг нь мөнхжүүлэх арга хэмжээ авлаа. Гишүүдийнхээ байрладаг байр, байгууллагаа тохижууллаа. Одоо бол ямар ч хүний өмнө нүүр улайхааргүй болсон. Урьд нь С.Эрдэнэ даргаар ажиллаж байх үедээ тэр байрыг тойрсон манай эзэмшлийн газрыг зарчихсан. 5600 м.кв талбайтай газар байсан чинь одоо 2000 м.кв үлдчихсэн байна. 3600 м.кв газрыг нь С.Эрдэнэ зараад идчихсэн. Тиймээс бид байгаа жаахан газартаа үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёрдугаарт, орон нутгуудад МоАХ-ны байртай болголоо. Энэ мэтээр хийж байгаа зүйл их бий. Ардчиллын 30 жилийн түүхэн архив маш том байх ёстой гээд 18 аймаг есөн хотынхоо МоАХ-ны гишүүдийн цэнхэр ном гэж дурсамжийн номыг хийлгүүлж, аймаг аймгаар гишүүдийнхээ дурсгалыг мөнхжүүлэх ажлыг зохион байгууллаа. Бүх аймаг өөрийн гэсэн ардчиллын цэнхэр номтой болоод авсан. Энэ мэтээр тоочвол сунжирсан их ажил байна.

-Ер нь байгууллага үйл ажиллагаа явуулахад санхүүжилт гэдэг асар хүнд асуудал үүсдэг. Үүнийг та бүхэн хэрхэн шийдвэрлэж байна. Дээр хэлсэн ажлуудад их л хөрөнгө шаардагдана шүү дээ?

-Бид хоёр зүйлээс санхүүждэг. Нэгдүгээрт, гишүүдийнхээ хандив, татвараар. Хоёрдугаарт, УЗ-ийн гишүүд жирийн гишүүдийг бодвол жилийн татвар нь жаахан өндөр. Мөн Х.Баттулга даргаас оруулж байгаа хандив гэсэн гурван зүйлээс манайх аппаратаа цалинжуулж байна. Үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлж байна. Жишээ нь, МоАХ-ны гишүүний ойрын хүн нь нас барлаа гэхэд бид байгууллагаасаа 200-500 мянган төгрөгийн тусламж үзүүлэх жишээтэй. Эрүүл мэндийн асуудал үүслээ гэхэд 200 мянгаас доошгүй төгрөгийн тэтгэмж олгоно гэх мэтээр чадлаараа туслахыг хичээдэг. Бичиг хэргийн зардал, байр, ус дулааны мөнгө зэрэг нэлээн зардал гардаг. Сая гэхэд нэг гишүүнийхээ зургийн үзэсгэлэнг байрандаа зохион байгуулж гаргалаа. Тэр үзэсгэлэн дээр олон хүн ирлээ. Тэр хүмүүсийн coffe break өгнө. Үзэсгэлэнг зохион байгуулах бүх санхүүжилтийг гаргана шүү дээ. Х.Баттулга гэдэг хүн байдаг учраас бид шийдээд байгаа юм л даа.

-Тэгэхээр МоАХ-д Х.Баттулгын нөлөө их гэж ойлголоо?

-Манай УЗ-ийн дарга учраас даргын хувьд энэ хүн байж л байгаа шүү дээ. Нөлөө гэдгийг юу гэж ойлгохоос шалтгаална.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Монголхүү: МоАХ-ны амин сүнс нь мянга, мянган гишүүдийнх нь зүрх сэтгэлд байдаг

МоАХ-ны Ерөнхий зохицуулагч Д.Монголхүүтэй ярилцлаа.


-МоАХ-г үүсгэн байгуулагчид өнгөрсөн долоо хоногт зөвлөгөөн зохион байгуулж, 33 жилийн дараа энэ байгууллага сэргэж байгаагаа зарлалаа. Гэтэл нөгөө талд та бүхнийг эсэргүүцэж, хууль бус үйл ажиллагаа явууллаа гэж цоллож байна шүү дээ. Харин эндээс нийгэм МоАХ хоёр хуваагдлаа гэсэн ойлголт авлаа. Болсон процессын талаар та ямар тайлбар өгөх вэ?

-МоАХ хоёр хуваагдаагүй. Яагаад гэвэл одоо хэл ам хийгээд яваад байгаа ТУЗ-ийн бүрэлдэхүүн, МоАХ-ыг тэргүүлэгч гэгдэж буй Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа аль хэдийнэ дуусчихсан. Х.Баттулга 2007 онд анх МоАХ-ны дарга болж байсан. Тэрнээс хойш 15 жил энэ холбоог авч явлаа. Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хуулиараа болон Ерөнхийлөгчийн тухай хуулиар энэ хүн МоАХ-г тэргүүлж авч явах эрх нь дуусчихсан гэсэн үг. Тэгэхээр төрийн бус байгууллагын хурал, зөвлөгөөн, чуулганыг үүсгэн байгуулагч нь зарлах эрхтэй байдаг. Энэ дагуу хоёрдугаар сарын 18-нд МҮСТО-нд МоАХ-г үүсгэн байгуулагчдын зарласан үндэсний зөвлөгөөн боллоо. Тэр үеэр Ерөнхий зохицуулах зөвлөлөө шинээр байгуулж, бүрэн эрхийг нь олгосон. Ингээд Ерөнхий зохицуулах зөвлөл V их хурлаа зарлаад тэндээсээ МоАХ-ны үйл ажиллагааг удирдан зохион байгуулаад аваад явах үүрэг, чиглэл өгч байгаа юм. Тэгэхээр МоАХ хоёр хуваагдсан гэдэг асуудал ерөөсөө байхгүй гэдгийг дахин хэлье. Зөвхөн МоАХ үйл ажиллагаагаа цааш нь яаж үргэлжлүүлж авч явах тухай л яригдана.

-Гуравдугаар сарын 7-нд зарласан МоАХ-ны ээлжит их хурлаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Энэ бол түүхэн өдөр. 1990 оны гуравдугаар сарын 7-нд МоАХ-ны анхдагчид өлсгөлөн зарласан. Хоёр хоногийн дараа нь Улс төрийн товчоог огцруулж байсан шүү дээ. Одоо V их хурлаараа нийгэмд үүсээд байгаа хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа, МоАХ цаашид ямар зохион байгуулалтаар хэрхэн үйл ажиллагаа явуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн МоАХ-ны даргын асуудал ч их хурал дээр яригдана.

-МоАХ-ны жирийн гишүүд, дэмжигчид та бүхний шийдвэрийг хэрхэн дэмжиж байна вэ?

-МоАХ үүсгэн байгуулагдсанаас хойш буюу өнгөрсөн 33 жилийн түүхэнд тус холбоог найман хүн ээлжлэн удирдсан байдаг юм. Анхны дарга нь С.Зориг агсан байв. Харин бусад долоон дарга нь өнөөдөр амьд сэрүүн байгаа. Тэдэнд бүгдэд нь хуралд оролцох урилга өгсөн. Билэгт, Х.Баттулга гэдэг хоёр хүнээс бусад нь оролцсон. Ц.Элбэгдорж гуай гадаадад явж байсан учраас мэндчилгээ илгээсэн. Ингээд анхны үүсгэн байгуулагчид цөм дэмжсэн. “МоАХ сэргэх цаг нь болсон. Шинэ үе маань гарч ирж байгаад баяртай байна. Дараагийн үедээ МоАХ-г хүлээлгэж өгье. Та бүхэн хүний эрхийнхээ тэмцэлд ороорой” гэж захисан. МоАХ-ны гишүүд бүгд дэмжиж байгаа. Одоо МоАХ-ны цагаан байранд тэндээс хоолоо олж иддэг, албан тушаалтай зууралддаг эсэргүүцэгч нөхдүүд бий. Харин жинхэнэ МоАХ-ны гишүүд биднийг массаараа дэмжиж байгаа.

-МоАХ 33 жилийн дараа сэргэлээ. Улс төрийн ямар акци үзүүлэх вэ?

-МоАХ шинэчлэгдэн зохион байгуулагдаад МАН хэмээх дарангуйлагч улс төрийн хүчинтэй тэмцэнэ. Хүний эрхийг хумьж байгаа хэнтэй ч МоАХ тэмцэх түүхэн үүрэгтэй. Тэр дагуу л үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

-МоАХ-ны Хяналтын зөвлөлийн дарга даваа гаригт мэдээлэл хийхдээ та бүхнийг байгууллагын тамга, туг далбаа дураараа ашиглаж байна гэсэн. Мөн С.Эрдэнийг цагдаад өгч байгаагаа мэдэгдэнэ лээ. Та нарын ард С.Эрдэнэ байгаа гэж үзээд байгаа юм биш үү?

-“МоАХ-гоо нэгтгэж аваад хэдүүлээ МАН руу сөрөг довтолгоо хийе. Наадуул чинь хүний эрхийг уландаа гишгээд байна шүү дээ” гэхээр “Эрдэнэ, Женко” хоёрын зодоон гэж өнцөг гаргаж ирж яриад байх юм. Энэ бол “Хулгайчийг бариарай” гэж хулгайчийн орилж байгаа хэлбэр. Хажууд нь МАН гэж том дарангуйлагч байж байхад өөрсдийгөө МоАХ-ны ТУЗ, Хяналтын зөвлөл гэж нэрлэсэн нөхдүүд нийгэмд буруу ташаа мэдээлэл өгч байна. Тулга тойрсон хэрүүл хийгээд, тэрийг зохион байгуулаад байгаа нь харамсалтай. Тэр Пүрэвбаатар гэгч хуульч, өмгөөлөгч хүн юм билээ. Нөгөө талаас МоАХ гэдэг хүний эрхийг дээдэлдэг, дарангуйллын ханыг зад цохиж гарч ирдэг байгууллагын удирдах албанд байгаа гэдэг энэ хүн өнөөдөр өөрөө хүний эрхэд халдах тухай яриад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байна. Энэ бол тус байгууллага өнөөдөр ямар дүр төрхтэй болчихсон, яаж өнгөрсөн 10 гаруй жил явж ирсний том илрэл. Өөрөөр хэлбэл, өнөөдөр МАН гэдэг асар том дарангуйлагч намын дэргэд МоАХ дарангуйлагч байгууллага болох гээд байгаа юм уу. Тэрээр “Ална шүү. Чи болгоомжтой яваарай. Араа харж яваарай” гэх зэргээр сүрдүүлж байна л даа. Ийм нөхцөлд эрх чөлөөг үнэт зүйлээ болгож хайрлаж хамгаалдаг, тэрийгээ хамгаалдаг үзэл санаатай байгууллагын дарга хийгээд явж байж таарахгүй л дээ. Ямартаа ч цагдаагийн байгууллагад иргэнийхээ хувиар очиж гомдол гаргаад өгчихсөн.

-Та нарыг бүртгэлтэй тамга тэмдэг дураараа ашигласан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргалаа гээд байна шүү дээ. Албан ёсны тамга тэмдэг аль талдаа байгаа юм бэ?

-МоАХ-ны ганцхан тамгатай, тэдэнд өөрсдөд нь байгаа. Тэр нөхөр гүтгээд байна. Нэгэнт өөрөө цагдаад өргөдөл өгчихсөн юм билээ. Би хаана ч тамга тэмдэг ашиглаагүй.

МоАХ гэдэг байгууллага бол цагаан байр биш. Тэр бол зүгээр л объект. Тамга тэмдэг гэдэг бол баталгаажуулалт. МоАХ гэдэг байгууллагын амин сүнс нь мянга, мянган гишүүдийнх нь зүрх сэтгэлд байдаг. Тэгэхээр наадуул чинь МоАХ-г тамга тэмдэг гэж ойлгоод байгаа. Тийм биш. Гишүүдийнх нь эрх чөлөөнийх нь үнэт зүйл, үзэл санаа зүрхэнд нь цохилж байгаа эрх чөлөөний тэмүүлэл бол МоАХ юм. Тамгатай ч байсан, тамгагүй ч байсан МАН-ын эсрэг бидний тэмцэл үргэлжилнэ.

-Та нарыг МоАХ-ны туг далбаа ашиглалаа гээд цагдаад өгчихдөг шүү дээ. Тамга нь ч тэдэнд байгаа юм байна. Та бүхнийг үйл ажиллагаагаа явуулахад хориг болохгүй юу?

-Тэр нь бидэнд ямар ч нөлөөгүй. МоАХ-ны иргэн болгон тугаа барих эрхтэй. Тэр бүү хэл Монгол Улсын иргэн бүр тугаа мандуулах эрхтэй биз дээ.

-МоАХ бол эрх чөлөөний төлөө тэмцсэн залуучуудын нэгдлээр үүсгэн байгуулагдсан. Үнэхээр сүүлийн жилүүдэд амьгүй байлаа. Х.Баттулга гэдэг хүн удирдсанаас хойш яг хувийн өмч шиг байсан гэж жирийн гишүүд ярих юм билээ, тийм үү?

-Өндгөө дарсан тахиа шиг МоАХ-ны сандлыг тэвэрч суучихаад хааш нь ч хөдөлгөдөггүй, салхи савир оруулдаггүй. Сүүлийн арав гаруй жил хүний эрхийн төлөө ганц удаа жагссан билүү. Сандал суудлын зодоонд Женкогоо хамгаалах болохоор гараад ирдэг. Яг хүний эрх, эрх чөлөөний төлөө дуугарсан уу. Эмнэлгийн гадаа иргэн хүн очоод тусламж авч чадалгүй нас барж байхад, ардчиллын буянаар олж авсан эрх чөлөөгөө эдэлж талбай дээр үзэл бодлоо илэрхийлэнгүүт тэрийг нь шоронжуулаад дарамталж байхад МоАХ-ны энэ удирдлага гээд байгаа нөхдүүд хаана байсан юм бэ. Үнэхээр одоо МоАХ-г эрх чөлөөнийхөө тэмцэлд гаръя. Мориндоо мордоцгооё гэхээр “С.Эрдэнэ чинь тэгээд байна. Женко чинь ингээд байна. Эбэ чинь тэглээ” гээд айлын эрх хүүхэд шиг хошуугаа унжуулаад суугаад байж болохгүй биз дээ. Тэр Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын зодоон хоорондоо л юм байгаа биз. Гишүүд нь Ардын намтай тэмцэж, эрх чөлөөгөө олж авмаар байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Х.Бат-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Ш.Батхүү нарт холбогдох хэргийн дээд шатны шүүх хуралдаан хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд, прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Бат-Эрдэнийг 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Categories
мэдээ цаг-үе

“Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлнэ

Монголбанк аравдугаар сард 3.4 тонн алт худалдан авжээ

“Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх боломжтой болжээ.

Тодруулбал, энэ сарын 22-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй уулзаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон байна.

Үүний үр дүнд Алт олборлогч ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын үйлчлэлийг 2022 онд үргэлжлүүлэхээр болжээ.

Коронавируст халдварын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар 2020 онд А/102, А-177 тоот хамтарсан тушаал гаргаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн юм.

Журмын хэрэгжилтийн хүрээнд 2021 онд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Нэмэлт тэтгэврийн 30 хүртэлх хувийг сургалтын төлбөр, орон сууц худалдан авахад зарцуулдаг болгоно

Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулахаар бэлтгэж байна

Нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийхээр багц хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй.

Энэ хүрээнд даатгуулагчийг олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх хүлээлттэй байгаа уг хуулийн төсөлд оруулахаар санал болгосон онцлох заалтуудыг хүргэе.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлснээр доорх заалтуудад өөрчлөлт орох боломжтой.

Нийгмийн даатгалд хамрагдсан иргэн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авч болно гэж хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн уг тэтгэвэр нь өвлөгддөг байх зохицуулалтыг нэмсэн байна.

Тухайн иргэн тэтгэврийн насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан нөхцөлд нэмэлт тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. Уг тэтгэврийг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хариуцах бөгөөд дараах төрөлтэй байх аж.

  • Нэг удаагийн тэтгэвэр,
  • Хуваарьт тэтгэвэр,
  • Насан туршийн тэтгэвэр.

Нэг удаагийн тэтгэврийн дээд хязгаарыг нэмэлт тэтгэврийн журам, гэрээнд зааж болох бөгөөд нийт дүнгээр эсвэл гишүүний нэмэлт тэтгэврийн хуримтлалын тодорхой хувиар тогтооно.

Харин хуваарьт тэтгэврийг 10 хүртэл жилийн хугацаанд олгох ба аргачлалыг нэмэлт тэтгэврийн журам, гэрээнд заана. Тэгвэл насан туршийн тэтгэвэрт хамрагдахад шаардагдах тэтгэврийн нэрийн дансны хадгалагдсан эрхийн доод хязгаарыг тэтгэврийн журам, гэрээгээр тогтоохоор төсөлд нэмэлт оруулжээ.

Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт гишүүнээр элсэхэд хувь хүний, ажил олгогчийн гэсэн хоёр төрлөөс сонгоно.

Шимтгэл нь ажилтны сарын үндсэн цалингийн 20 хувиас хэтрэхгүй байна

  • Хувь хүн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай нэмэлт тэтгэврийн гэрээ байгуулж, шимтгэл төлснөөр гишүүн болно. Гишүүн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, нас барах хүртэл хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн гишүүн байх боломжтой.
  • Ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны төлөх шимтгэлийн дээд хэмжээ нь сарын нийт шимтгэлийн хэмжээний 50 хувиас, шимтгэлийн сарын нийт дүн нь тухайн ажилтны сарын үндсэн цалингийн 20 хувиас тус тус хэтрэхгүй байна.
  • Ажил олгогч нь ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны төлөх шимтгэлийг тухайн ажилтны цалин хөлснөөс суутгаж, ажил олгогчоос төлөх шимтгэлийн хамт хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид тухайн сард нь багтааж бэлэн бусаар төлнө.
  • Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь гишүүн бүрд ажлын 3 өдөрт багтаан нэмэлт тэтгэврийн нэрийн данс нээж, дансны мэдээллийг цахим хэлбэрээр хянах боломжтой нэвтрэх эрх олгоно.
  • Гишүүн эрүүл мэндийн үйлчилгээний зардал, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн сургалтын төлбөр, өөрийн нэр дээр орон сууц худалдан авах нөхцөлөөр нэмэлт тэтгэврийн хөрөнгийн 30 хүртэл хувийг зарцуулах хүсэлтийг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид зөвхөн нэг удаа гаргаж болно.
  • Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч даатгуулагчийн хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж, зардал, төлбөрийг тухайн эрүүл мэнд, боловсролын байгууллага, орон сууц худалдагчийн дансанд бэлэн бусаар шилжүүлнэ.

Гишүүн, ажил олгогчийн төлөх шимтгэлд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй юм байна.

Тэтгэвэр өвлөгчид нэмэлт тэтгэврийг ажлын 10 хоногт тооцож олгоно

Уг тэтгэврийг өвлүүлэх талаар дараах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

  • Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт гишүүн элсүүлэхдээ гишүүнийг эрх залгамжлагчаа нэрлэх боломжоор хангана. Гишүүн нь эрх залгамжлагчаа өөрчлөх эрхтэй байна.
  • Гишүүн нь эрх залгамжлагчийг нэрлээгүй, эрх залгамжлагч нь нас барсан тохиолдолд өвлөгчид тэтгэврийн нэрийн дансанд үүссэн хадгалагдсан эрхийн үнийн дүнгийн тухай мэдэгдэж, өвлөгчийн тэтгэврийн нэрийн дансанд шилжүүлэх эсхүл нэг удаагийн тэтгэвэр хэлбэрээр авах сонголт олгоно.
  • Гишүүн хуваарьт тэтгэвэр авч эхэлсэн бол үлдэгдэл тэтгэврийг эрх залгамжлагчид олгоно.
  • Гишүүн насан туршийн тэтгэвэр авч эхэлсэн бол эрх залгамжлагчид олгох тэтгэврийг даатгалын компанитай байгуулсан гэрээнд тодорхойлсноор олгоно.
  • Гишүүн, эрх залгамжлагч, өвлөгч бичиг баримт бүрдүүлж, хүсэлт гаргаснаас хойш хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч ажлын 10 хоногийн дотор нэмэлт тэтгэврийг тооцож, сонгосон арилжааны банкны дансанд бэлэн бусаар олгох талаар хуулийн төсөлд тусгажээ.

Эрх залгамжлагчийг нэрлээгүй бол төлбөрийг өвлөгчид олгох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Украин онц байдал зарлалаа

Украин онц байдал зарлалаа

Украин улсад онц байдал зарлаж, ОХУ-д амьдарч, оршин сууж буй сая сая иргэнээ яаралтай буцаж ирэхийг уриалжээ. ОХУ-тай бүрэн хэмжээний дайнд орж болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан Украин 30 хоногийн хугацаатай онц байдал зарлан, батлан хамгаалах, аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгасан ба шаардлагатай бол шөнийн цагаар хөл хорио тогтоох гэнэ. Орон даяар хэрэгжих онц байдлыг Украины парламент өчигдөр санал нэгтэйгээр баталжээ. Онц байдал тогтоосноор иргэдийн биеийн байцаалтыг шалгах, бэлтгэл цэрэг, цэргийн нөөцөд бүртгэгдсэн хүмүүсийг хил гарахыг хориглох, нийтийг хамарсан жагсаал цуглааныг хориглох, радио холбооны системийг ашиглах, хотуудын постуудад хяналтыг чангаруулах зэрэг арга хэмжээг авах аж. Мөн 18-60 насны цэргийн нөөцөд бүртгэлтэй хүмүүсийг нэг жил орчмын хугацаагаар Киев дэх армид төвлөрүүлж эхэлсэн байна.

ОХУ нь Украины босогчдод эзлэгдсэн зүүн хэсгийн нутагт цэргээ оруулснаар нөхцөл байдал хурцдаад буй. Украинаас салан тусгаарлахаа зарласан Донецк, Луганскийн бүс нутаг дахь босогчдыг ОХУ дэмжихээ илэрхийлэн, энхийг сахиулагчдаа оруулсан нь энэ.

Нөгөө талд АНУ, холбоотон орнууд, барууныхан 2014-2015 онд Украины зүүн хэсэгт өрнөсөн үймээн, бослогыг зогсоосон энхийн гэрээг зөрчсөн тул эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авахаа мэдэгдэж байна. Киевт 2014 онд Оросын талыг баримтлагч ерөнхийлөгчийг түлхэн унагааж, төрийн эргэлт хийсний дараа Украины зүүн хэсэгт салан тусгаарлах бослого дэгдсэнээр 14 мянга орчим хүн амь үрэгдсэн юм.

Сүүлийн хэдэн сарын турш ОХУ-аас Украиныг эзлэн түрэмгийлэх тухай таамаглал, мэдээллүүд хөвөрсөн. Учир нь ОХУ нь Беларусьтай хамтарсан цэргийн сургуулилалт хийж, Украины хилийн дагуу 150 мянга гаруй цэргээ төвлөрүүлсэн нь дээрх айдсыг төрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Баасан: Ч.Мөнхбаярын гэм бурууг шүүх тогтоогоогүй байхад ТЕГ ноцтой зөрчил гаргалаа

Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасантай ярилцлаа.


-Тагнуулын ерөнхий газраас Ч.Мөнхбаярыг цагдан хориод багагүй хугацаа өнгөрлөө. Яг ямар зүйл ангиар буруутгаж байгаа юм бэ?

-Би Ч.Мөнхбаярыг зүгээр Монгол Улсын иргэн гэж хэлэхгүй. Энэ хүн бол өмнөд монгол хүний зөрчигдсөн эрхийг хамгаалдаг, монгол бичиг соёл заншлаа дээдэлдэг олон улсын байгууллагатай хамтарч дуу хоолойгоо нэгтгэдэг иргэний нийгмийн зүтгэлтэн гэж хардаг. Хоёрдугаарт, гэрээс нь их хэмжээний мөнгө хурааж авсан гэж зарласан. Гүйцэтгэх ажиллагааны тухай та бүхэн мэдэх байх. Гэрээс нь авсан ч юм уу, та бидний хэн нь ч хажууд нь байгаагүй учраас үүнд шууд итгэж нь осолтой. Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6.1-д заасан зүйл ангиар яллаж байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн. Энэ хүрээнд л танд хариулъя. Надад хууль сануулсан учраас хууль зөрчихгүйгээр ярилцах ёстой.

-Ч.Мөнхбаярын ажил, амьдралын талаар товч мэдээлэл өгөхгүй юү. Энэ хэрэг мандсанаас хойш ажил орлогынх нь тухай хүмүүс ихээр анхаарч байх шиг байна?

-Ч.Мөнхбаяр сэтгүүлч хүн юм билээ. Орос хэлтэй. Ямар нэгэн компани, хувийн өмч хөрөнгөгүй. Би Ч.Мөнхбаяраар бахархдаг хүмүүсийн нэг. Учир нь дэлхийн бөмбөрцөг дээр монгол үндэстэнг тэр чигт нь харж, том сэтгэж явдаг хүн гэж хүндэлдэг. Ер нь түүний ярьж байгаа бүх зүйл нь элэг нэгт монголчуудынхаа төлөө гэсэн сэтгэл харагддаг. Гэтэл зарим монголчууд маань гэр доторхоо ч шийдэж чадахгүй яваа нь олон.

Би амьдрал ахуйг нь мэддэггүй байсан. Энэ хэрэг явдлаас болж ар гэрийнхэнтэй нь уулзсан. Социализмын үеийн л нэг байна билээ. Ч.Мөнхбаяр айлын том хүү. Ээж, дүүтэйгээ амьдардаг хүн байж. Түүнд овоож оцойтлоо эд хөрөнгө, мөнгө цуглуулсан зүйлгүй. Түүний цуглуулсан хөрөнгө юу вэ гэхээр Монголоо гэсэн том үзэл, дэлхийн монголчуудынхаа төлөө явдаг эр зориг, тэр дундаа өмнөд монголчуудын өнөөдөр зөрчигдөж байгаа эрх, үгүйсгэгдэж байгаа монгол хэл, ёс заншил, соёлын төлөө дэлхийгээр тархсан монголчууд нийлж тэмцдэг юм байна. Түүний төлөө дуугарч байгаа хэнтэй ч найзалж, нөхөрлөж явдаг хүн гэж харсан.

-Ар гэрт нь очсон гэлээ. Ээжийнх нь бие зүгээр үү. Ээж, дүүгийнх нь нүдэн дээр нэгжлэг хийсэн гэсэн?

-Ээж нь ная шахсан өндөр настай хүн юм билээ. Гэр орноосоо гарч чадахгүй, хөл муутай хөгшин байсан. Даралт өндөртэй, байнгын эм уудаг хүн юм байна. Тэр айлд ямар гүйцэтгэх ажиллагаа явуулсныг ярьж болохгүй.

-Найз нөхөд, хамтран зүтгэгсэд нь холбогдож байна уу?

-Монголд байгаа иргэний хөдөлгөөнүүд, Ч.Мөнхбаярын өөрийнх нь хүлээн зөвшөөрдөг, хамтарч ажилладаг, хөндлөнгөөс дэмжиж явдаг олон хүмүүс энэ хүний төлөө сэтгэл нэгдэж, холбогдож байна. Ч.Мөнхбаяр тагнуул хийх гэсэн байр суурийг холбогдсон хүмүүс хэлж байна. Дээр нь дэлхий даяар байгаа Дэлхийн монголчууд хэмээх том байгууллагаас хүмүүс сураглаж асууж байна. Тэд Ч.Мөнхбаярт бүх талаар туслахаа ч илэрхийлж байна лээ.

-Ч.Мөнхбаяртай өөртэй нь уулзав уу. Юу гэж байх юм?

-Баривчлагдсан өдрөөс нь хойш дөрөв дэх удаагаа уулзаад байна. Өөрөө бол “Би юу гэж улс орныхоо эсрэг ажиллах вэ дээ. Түүн дээрээ тулбал улсынхаа төрийн албанд хэлнэ шүү дээ” гэж байсан. Хэнд ч ойлгомжтой. Ч.Мөнхбаярыг тагнуул хийнэ гэдэг ямар ч хүний ой тойнд багтахгүй. Энэ дашрамд хэлэхэд, гадаадын тагнуулын байгууллагын гар хөл болчихлоо гэж зарлаад байгаа ч аль улсын байгууллага гэдгийг зарлахгүй байгаа. Нэг нь тагнуулын байгууллага байгаад нөгөө нь гар хөл болчихсон бол хоёр талыг хамтад нь шалгах ёстой.

Түүнээс гадна ТЕГ-ын газраас Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад энэ хүн бол гадаадын тагнуулын байгууллагын гар хөл байна гээд шууд зарлаж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил. Тагнуулын байгууллага процессын хуулийг маш ноцтой зөрчлөө.

Өчигдрөөс эхлээд цахим орчинд Ч.Мөнхбаярт найман жилийн ял төлөвлөж байна гэсэн агуулгатай мэдээлэл түгэж эхэллээ. Энэ ч их ноцтой. Тагнуулын байгууллага энэ мэдээллийг цацаж байгаа хүмүүсийг ч таслан зогсоох ёстой. Монгол Улсад хүн, хуулийн этгээд бүгд тэгш эрхтэй. Гурван шатны шүүхээр гэм буруутай эсэхийг тогтоодог. Түүнээс нааш хэн ч тэгж зарлах эрх байхгүй.

-Өмгөөлөгчийн хувьд энэ хэрэг дээр анхаарах ямар асуудал байна вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байгаа. Хамгийн чухал нь нотлох баримттай байх ёстой. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг нотлох баримттай байгаа эсэхийг сайн харах ёстой. Хоёрт, шалгагдаж байх хугацаанд гүйцэтгэх ажиллагаа хийсэн гээд байгаа. Гүйцэтгэх ажиллагаа зөв явагдсан уу. Гуравт, цаад байгууллага нь тагнуулын байгууллага мөн үү, биш үү гэдгийг ч тодорхой баримттайгаар нотлох ёстой. Энэ бүхнийг тодорхой болгосны эцэст Ч.Мөнхбаярын үйлдэл тагнуулын үйлдэл мөн үү, биш үү гэдэг тодорхой болно. Ингээд хэрэг шүүхээр орж байж гэм буруутай эсэх нь тогтоогдоно. Тэр үед энэ асуудал дээр олон нийт байр сууриа илэрхийлж болох байх.

Би нэг зүйл дээр эргэлзэж байгаа. Үнэхээр Ч.Мөнхбаяр гадны байгууллагын тагнуул хийсэн юм бол манай тагнуулын байгууллага яагаад нийгэмд асуудал дэгдээхгүйгээр нууц байдлаар хийхгүй, холбогдсон хүнийхээ нүүр амыг нь ил задгай явуулчихав гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Хүмүүс ч бас дүйцүүлж асууж, байр сууриа ихээр илэрхийлж байна. Өмнөд монголчуудын төлөө, монгол хэл бичгийнхээ төлөө явсан хүн тагнуулч болдог юм бол тагнуул хийсэн гэж тагнуулын байгууллагын хүн хэлчихсэн Ц.Нямдорж яагаад хариуцлага хүлээдэггүй, төрийн өндөр алба хашаад яваад байдаг юм бэ гэж.

Яахав, Ч.Мөнхбаяр БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр явж байгаад баригдсан бол хэлэх үг алга. Гэтэл эрх чөлөөтэй, ардчилсан нийгэм дотроо өмнөд монгол хүний эрх чөлөөний тухай, монгол бичгийн төлөө дуугардаг хүн Монгол Улсын тагнуулын байгууллагад баригдсан нь маш ноцтой асуудал. Нэг талаар сонин логик. Явцын дунд энэ процесс тодорхой болох байх.

-Тагнуулч хүний өөрийгөө далдлах төрх ардын баатар болох явдал гэсэн хардлагыг хүмүүс ихээр хэлж байна?

-Иргэний нийгмийн байгууллагын нэрээр мөнгө олох, улс төрд гарах гэсэн санаархал хавтгайрсныг үгүйсгэхгүй. Гэхдээ түүнтэй Ч.Мөнхбаярыг адилтгах боломжгүй. Учир нь Ч.Мөнхбаяр 54 нас хүртлээ гэр бүл ч зохиогоогүй, үр хүүхэд ч үгүй, нийтийн эрх ашгийн төлөө л цохилж явсан байна. Хувийн сонирхолгүй, хувьдаа хөрөнгөтэй болчихъё гэдэг бодол түй ч байхгүй байж, энэ хүн.

-Яг тэр байдал нь ийм хэрэгт холбогдох нөхцөл болох юм биш үү. Гэр бүлгүй, алдах зүйлгүй гэх мэт…

-Гэр бүлийн асуудал дээр хүний итгэл үнэмшил янз бүр. Гэр бүл зохиох, зохиохгүй байх эрх нь хүн бүрт бий.

Энэ хэрэг дээр хамгийн ноцтой нь шүүхээр гэм буруутай эсэх нь шийдэгдээгүй байхад манай тагнуулынхан баримт дэлгэж, буруутгаад байгаа.

Би өөрөө хууль эрх зүйн хүн, бас Ч.Мөнхбаяр шиг иргэний нийгмийн төлөө дуугардаг хүн. Янз бүрийн зүйл үзэж явлаа. Энэ процессыг харахаар яагаад энэ хүнийг шүүхээр шийдээгүй мөртлөө тогтоочихсон юм шиг зарлачихав аа. Мөн нэгэнт тагнуулын хүн байсан бол нууцаар ажиллагааг явуулахгүйгээр олны хүртээл болгож нийгмийг тэр чигт нь яагад цочроов. Дэлхий дээр байгаа монголчуудыг яагаад оволзуулав. Үүний ард хэн нуугдаад байна вэ гэдэг хардлага төрж байна.

Та бод доо. Тагнуул гэдэг чинь “Таг нуу” гэж байгаа биз дээ. Гэтэл ил тод гаргаад шүүхээр шийдвэрлээгүй мөртлөө баримтыг дэлгээд буруутгаж байна. Удахгүй учир олдох байлгүй. Уг нь манай тагнуулынхан бол Монгол Улсын нүд чих болох үүрэгтэй байгууллага. Гэтэл өнөөдөр манай улсад ямар аюултай зүйл болж байгаа билээ. Дор хаяж л нийт ард түмний өмч гэгддэг байгаа байгалийн баялгийг яаж үрж байна, ямар хараа хяналтгүй алга болж байна, тендерүүд яагаад хараа хяналтгүй алга болдог тухайд л тагнуулын байгууллага ажиллаж байх ёстой. Үүнээс ч илүү олон зүйд ээр учрыг олж хужрыг тунгаах хэрэгтэй байдаг. Ямартаа ч Ч.Мөнхбаяр хэмээх гадны улсын захиалгатай том тагнуулыг бариад авчихлаа гэж бодохгүй л байна.

Энэ асуудал бол олон зүйлийн зангилаа болж мэднэ. Нийгмийн идэвхтэн Ч.Мөнхбаярын асуудал, өөрөөр бодлогын том үйлдэл ч харагдаж байна.

-Ч.Мөнхбаярыг Энэтхэг улсын захиалгаар БНХАУ-ыг харлуулах үйлдлийг хийсэн. Үүнийхээ хариуд 200 сая төгрөгийг авч байсан үйлдэл дээр барьсан гэх мэдээлэл гарч эхлээд байна. Үүн дээр тайлбар хэлэхгүй юү?

-Хэргийн шалгалт ид өрнөж байна. Мөрдөн шалгах ажиллагааны процесст би орж болохгүй. Энэ бол хуулиар хоритой. Тийм мэдээлэл цацаж байгаа цахим сайтуудтай бид асуудал ярина.