Categories
мэдээ нийгэм

АНЭУ-ын визээ цахимаар мэдүүлнэ

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) руу зорчих иргэд Эмиратын визийг цахимаар мэдүүлэх боломжтой гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.


Тодруулбал, Эмират улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хаагдсан тул энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд агаарын тээврийн болон аялал жуулчлалын компаниар дамжуулан тус улсын визийг цахимаар мэдүүлэх боломжтой. Визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Visa and Emirates ID – The Official Portal of the UAE Government, UAE visa information | Visa and Passport | Before You Fly | Emirates Kuwait холбоосоор авах боломжтой аж.

АНЭУ-д албаны шугамаар зорчих төлөөлөгчдийн талаар тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яаманд мэдэгдэх үүрэгтэй байдаг тул дипломат болон албан паспорт эзэмшигчид холбогдох визийг зөвхөн БНХАУ-д суугаа АНЭУ-ын ЭСЯ-нд мэдүүлж авах боломжтой.

Ташрамд дурдахад, Монгол Улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд энгийн аяллын визээр тус улсад нэвтрэх боломжгүй бөгөөд аялал жуулчлалын компаниар дамжуулан авах аяллын визийг зөвхөн энгийн паспорт эзэмшигчдэд олгодог байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас хүйтний эрч чангарна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч, маргааш буюу хоёрдугаар сарын 9-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

2022 оны 02 дугаар сарын 09-нөөс 02 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 11-нд зарим газраар,
  • 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд говь, талын нутгаар, 12-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэнэ

Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, тэднийг алдаршуулж урамшуулах зорилгоор “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэдэг.

Тэгвэл энэ жил 80 дэх удаагийн арга хэмжээ өнөөдөр 11 цагт болно. “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриатай энэхүү арга хэмжээг зургаа дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Цусны донорын тоо жил ирэх тусам өсөж байгаа аж. Тодруулбал, 2013 онд улсын хэмжээнд 23 мянган донор цусаа өгсөн бол 2020 онд энэ тоо 35600 болжээ. Хоёр болон түүнээс дээш цусаа өгсөн байнгын донорын тоо 2014 онд нийт цус цуглуулалтын 38 хувийг эзэлсэн бол 2020 оны байдлаар 65 хувь болж, мөн л өссөн байна.

Нийслэлийн хэмжээнд цус цуглуулах суурин таван төв ажиллаж байгаа бөгөөд явуулын баг ажилладаг аж

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын нийгэм Бар жилд бараан байх уу, бүгээн байх уу…

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал ямар ч байсан онц ноцтой зүйлгүйгээр үхэр жилийг гаталж, бар жилтэй золголоо. Цар тахал бол дэлхий нийтийн гамшиг зовлон учраас онцолсонгүй. Сар шинийн энэ өдрүүдэд монгол хүн бүр, айл өрх, аж ахуйн нэгж бүхэн дор бүрдээ ирэх бар жилдээ хэрхэн ажиллаж хөдөлмөрлөх, амьдрал ахуйгаа өөд нь татах, аж ахуйгаа авч явах, эрүүл саруул байж ирэх жилийн Цагаан сартай золгох тухай бодож байна.

Том зургаараа Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал хэрхэн өрнөхөөс хүн нэг бүрийн, аж ахуйн нэгж бүрийн ирэх цаг хугацаа шалтгаална. Монголын төр Цагаан сарын босгон дээр тэтгэврийн доод хэмжээг нэмэв. Ажил хөдөлмөр эрхэлж байсан хүн бүрийн тэтгэврийн доод хязгаар 500 мянган төгрөг болсон нь нийгмийн нэлээд том хэсгийн амыг таглалаа. Мөн Цар тахлын түр хуулийг сунгалаа. Энэ нь бас их том массыг барина… гэх мэтчилэн олон хүчин зүйлээс шалтгаалж ирэх бар жилд нийгмийн зүгээс хүчтэйгээр төр засагтай заргалдан тэмцэх нь бага байх болов уу. Мэдээж сошиал орчинд үймээн шуугиан жижиг сажиг байх хэдий ч хүчгүй, нийгмийн сэтгэл зүйг хөдөлгөж чадахгүй, эрх баригчид яаж ч дураараа загнаж байсан нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөхөөр байна. Энэ юу хэлээд байна гэхээр ард түмний зүгээс цочоогүй, эрх баригчдыг түгших хэмжээний тэмцэл хөдөлгөөн болохгүй гэсэн үг. Дээр нь 2016 оноос хойш зургаа дахь жилдээ төрийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн ганц намын эрхшээл дор, ямар ч сөрөг хүчингүй улс төр үргэлжилнэ. Ардчиллын үнэт зүйлс юунд хүрэхийг, ардчилсан нийгэм хаана очиж дуусахыг таашгүй.

Сар шинийн энэ өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна. Өвлийн олимпийг далимдуулж. Энэ айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, хотын дарга… нар голлох үүрэгтэй багтсан нь нэгийг хэлж байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгч бүрэлдэхүүнд нь багтсан төрийн өндөрлөгүүдийн айлчлалаар бол цаадах улс оронтойгоо ямар нэгэн том санхүүгийн хэлцэл хийдэг. Ерөнхий сайдын айлчлалаар ямар ч байсан БНХАУ-тай своп хэлэлцээрээ үргэлжлүүлэх болов уу. Цар тахлын хүнд цаг үед Монголын эдийн засагт Хятадын энэхүү своп хэлэлцээр их үр дүнтэй байна биз. Бас Сангийн сайд яваа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөршөөс мөнгөтэй ирнэ гэсэн үг. Улсын төсөв дөрвөн их наядын алдагдалтай батлагдсан. Түүхэнд байгаагүй том алдагдалтай төсөв. Энэ алдагдлын ачааны хүндийг Сангийн сайд үүрнэ. Гадны зээл тусламж, төсөл хөтөлбөрүүд мэдээж урд хөршөөс эхлэх бололтой. Монгол Улсын зүгээс гадагш нь зарж валют олж байгаа нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, цайр… бүгдээрээ Хятадын хил, гаалиар цаг алдалгүй саадгүй нэвтэрч байж гэмээнэ наад зах нь жилд гаргах 40 сая нүүрсний төлөвлөгөө биелнэ. Ер нь бол Монголын эдийн засгийн гол үзүүлэлтүүд, экспортын талаар яриа хэлэлцээрүүд хийгдэнэ байх гэж найдаж байна. Ирэх бар жилд өмнөх хоёр жил шигээ хил гааль гацаатай, эдийн засгийн цусны эргэлтийг муу байлгахгүйн төлөө Ерөнхий сайдын баг ажиллаж яваа гэж ард түмэн чинь харж сууна даа. Тяньжин гэсэн ганц боомт дээр Монгол Улсын бүх ачааг гацаах бус ойролцоо байдаг дөрвөн том боомтыг ашиглах, хамтран ажиллах асуудлыг ч Ерөнхий сайд урд хөрштэй ярьж шийдэх байлгүй дээ, наад зах нь.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар айлчлалд яваа нь урд хөршөөс нийслэлд хөрөнгө оруулалтыг ямар нэг хэмжээгээр татна гэсэн үг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот бие даан бонд гаргах, концесс зарлах, хотоос бүрдүүлсэн 420 тэрбум төгрөгийг бие даан зарцуулах, хотын захирагч нь Засгийн газрын гишүүний хэмжээний статустай ажиллах гэх мэт урьд өмнө байгаагүй эдийн засгийн реформын шинжтэй эрх зүйн чадамжууд бүрдсэн. Гадны улс орнуудын зүгээс Засгийн газартай бус Нийслэлтэй шууд харилцах эрмэлзэлтэй болж эхэлсэн. Улаанбаатар хотын “Үндсэн хууль” хэрэгжиж эхэлснээс хойш хотын даргын анхны албан ёсны айлчлал урд хөршөөс эхэлж байна. Монгол Улсын нийт хүн амын тал

нь амьдардаг нийслэлийг “бага” Засгийн газар гэж нэрлэж болно. Хотын дарга Д.Сумъяабазарын зүгээс Хятад улсад зорьсноо бага ч болтугай бүтээж чадвал

Монгол Улсын амьдралд ирэх жил мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ байх.

Бар жилд Монголын амьдрал ямар байхыг төсөөлөхөд энэхүү Ерөнхий сайдын айлчлал чухал үүрэгтэй, эндээс ирэх жилийн эдийн засаг, нийгмийн амьдралын өнгө нэлээд харагдана. Сүүлийн үед ирэх онд ингэнэ, тэгнэ гэж хэлэхэд их хэцүү болсон. Яагаад гэвэл цар тахлын эцэс төгсгөлгүй үргэлжлэл дэлхийн улс орнуудын байдлыг, ер нь дэлхийн улс төр, эдийн засгийн байдлыг цаг минутаар өөрчилж байна. Ямар ч том судалгааны байгууллагууд, том судлаачид аль ч салбарт, юуг ч урьдчилан төсөөлж, зөв таамаглаж чадахгүй байгаа. Үүнийгээ ч тэд ил тод хэлж байна.

Монголчуудын хувьд цаг агаар хамгийн чухал. Зуд турхан, зуншлага ногооны асуудал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд хамгийн их нөлөөлдөг. Монголчуудын дийлэнх нь

итгэдэг зурхай зурлагаараа бол ирэх бар жил зуншлага гайгүй, үр тариа сайн ургана. Хавар хатуу, салхи ихтэй байна л гэж байгаа бололтой. Монголчуудын бусад үндэстнээс ялгарах онцлог нь байгаль цаг уураас хараат амьдрал. Тэгэхээр их бүтээн байгуулалтын цаг хугацаа байдаг 5-10 дугаар сарын хооронд цаг агаар сайхан л байх бололтой. Наад зах нь Дарханы замаа саадгүй явуулчих байлгүй дээ. Хөдөө аж ахуйн орны хувьд зуншлага сайхан байх нь хамгийн том олз… гэх мэтээр байгалийнхаа араншинг багцаалж байх нь зөв юм аа.

Шинэ оны өмнө халдвар эрс буурч, нас баралт зарим өдөр тэг болж байсан Монгол Улс шинэ жилийн дараагаас зад явж, өнөөдөр өдөрт халдвар 600-гаас буухгүй боллоо. Ковидын нөхцөл байдал ирэх өдрүүдэд улс орны амьдралд ямар эрсдэл авчрахыг таах аргагүй. Бидний үргэлж дагаж яваа вирусээс өөрсдийгөө цаг ямагт сэргийлж явах нь Монголын ирээдүйн сайн сайхан болох нь.

Улсын төрийн хувьд энэ хавраас хэтрэхгүй Үндсэн хуулийн нэмэлт хийгдэж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох нь тодорхой. Сайд дарга нарын энэ сэлгээ, давхар дээлийн асуудал нэг талдаа бараг гарсан. Одоо зүгээр чуулган дээр кноп дарах л үлдсэн байх. Үүнийг улс төрийн амьдралд хүчтэй нөлөөлнө гэж улс төр судлаачид үзэхгүй байх шиг байна. Эсвэл нийгэмд улиг болтол нь яриулж бичүүлж байгаад хүн тоохооргүй үйл явц болгон хувиргаж байгаа технологи юм уу. Ямар ч байсан улс төрийн амьдралд үүнээс өөр сүртэй том үйл явц бар жилд гарахгүй байх.

Бар жилд монголчуудын амьдрал бараан, эсвэл бүгээн байх тухайд салбар нэг бүрээр таамаглал дэвшүүлж болох хэдүй ч энэ нь их зүйл болно. Толгойноос нь эхэллээ.

Эцэст нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн, цар тахлын хүнд үед бидний ажил амьдралын хэмнэлийг онцгой өөрчилж буй технологийн дэвшил цааш хэрхэн үргэлжлэх, монголчуудын ажил, амьдрал хэрхэн өөрчлөгдөх талаар дуугарах ёстой. Энэ байдлаараа бол цаашид олон аж ахуйн нэгж, компани, төрийн байгууллагууд оффисгүйгээр үйл ажиллагаа явуулж мэдэх нь. Ажилчид нь гэрээсээ, эсвэл кофе шоф, бүр машин дотроосоо, уулын орой дээрээс ч ажлаа хийж мэдэхээр байна. Энэхүү технологийн дэвшлийн сайн талыг хүмүүс дийлэнхдээ олж харж байгаа. Гэхдээс сөрөг талууд ирэх бар жилд гарч мэдэхээр байгааг энд бичье.

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Өдрийн сонин”-д бичиж байгаа нийтлэлүүдээс харахад дижитал технологи цар тахлын энэ цаг үед Монголын нийгмийн амьдралд нөлөөллөө улам тэлэх нь тодорхой байгаа юм байна. Тэрбээр “Дижитал технологи бүхэлдээ дэлхийн хүмүүс- бидний аж амьдралыг сайн тал руу өөрчилж, амьдралын утга учрыг хөглөж, баялаг, сонирхолтой болгосоор байна. Харин 2022 он буюу бар жилд бидэнд сул талаа илүү амсуулж, мэдрүүлнэ гэж шинжээчид бичих боллоо. Гажуудуулсан дата дээр тулгуурласан алгоризмын хор урхагтай дүгнэлтийн улмаас хэдэн зуун сая хүний амьдрал, ажил хэрэгт нөлөөлж, онлайн ертөнцөд үймэрч, хакерууд бидний мэдээллийг хулгайлах явдал ердийн зүйл болж мэдэхээр байна” гэж. Цааш нь “Энэхүү хил хязгааргүй нөмрөх аюул урьд өмнө байгаагүй нөхцөл байдлыг Монголд бий болгож мэднэ” гэсэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхааралдаа байлгаж, ард түмэндээ сэрэмжлүүлж байх ёстой бас нэг том үүрэг хариуцлагын асуудал болох нь.

Хүмүүс ажил дээр ч, гэр орондоо ч дижитал орон зайд өнгөрөөх цаг нэмэгдэж, аль ч улс орны эдийн засагт түгээлтийн программ, технологи дээр суурилсан үйл явц улам хүчээ авч байгааг та бид харж байна. Дунд нь, дотор нь оролцоод явж байна. Үүнийг дэлхийн улс орнууд онцгой анхаарч байгаа. Тэгэхээр энэ ч гэсэн бар жилд монголчууд бидний амьдралд онцгой нөлөөлөх нь. Энэ бүгдийн эцэст эхлээд бид юу хийх ёстой вэ гэвэл юуны өмнө эдийн засгийн аюулгүй байдалд тулгамдаад байгаа асуудлуудаа зөв эрэмбэлж, авах арга хэмжээ, бодлогоо зөв тодорхойлох нь бар жилийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг, цар тахлын үеийн болон дараах үеийн нийгмийн амьдралд хамгийн хэрэгтэй эхлэл болох нь.

Бар жилийг бараан бус харин бүгээн, бүтэмжтэй өнгөрүүлэхийн тулд юуны өмнө эдийн засгаа төвхнүүлэх, алдагдсан боломжуудаа эргүүлж олж авах, авлигыг арилгах гэсэн тодорхой зүйлүүд дээр төвлөрөхийг цаг үе Монголын төрөөс шаардаж байна. Дэлхийн эдийн засаг хямралаас бага багаар гарч байгаа хэдүй ч нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь эмх замбараагүй байдлыг үргэлжлүүлсээр байна. Үүнээс үүдэлтэй үнийн өсөлт Бар жилд ч үргэлжлэх төлөвтэй байгааг шинжээчид бичсээр… Үүнийг бид бар жилдээ даван туулах л болно.

Монголын нийгмийн амьдралд голлох нөлөө үзүүлнэ хэмээн бодож байгаа салбар, үзүүлэлтүүдийг тоймлон хүргэлээ. Үүнээс сэдэл санаа авч, энэ бүх үйл явц дунд ажил амьдралаа хэрхэн, зөв зохицуулах нь монголчууд та биднээс шалтгаална. Цааш нь бодож тунгаацгаана биз ээ..

Categories
мэдээ цаг-үе

Өвлийн олимпод оролцож буй манай тамирчид өнөөдөр өрсөлдөнө

“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр /2022.2.8/ Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд болно.

Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх юм. Тэмцээнд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер А.Энхтуул 91 тамирчны 84 дүгээрт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундийн зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно.

Харин эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин өрсөлдөнө. Эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын цанатай гүйгч олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах 90 тамирчны 83 дугаарт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн төрөлд мөн адил эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх юм.

Хоёрдугаар шатанд тунан үлдсэн 30 тамирчин таван хэсэгт хуваарилагдан өрсөлдөнө. Хамгийн шилдэг үзүүлэлттэй 12 тамирчин хагас шигшээд шалгарна. Улмаар шилдэг зургаа нь финалд үлдэж, цааш медалийн төлөө уралдах юм.

Монголын тамирчид өмнө нь зөвхөн 10 болон 15 км-т уралддаг байсан бол энэ удаад эрхийн тэмцээнд сайн оролцсоны үр дүнд спринт зайд уралдах эрхээ аваад байгаа билээ.

ОУХМ АРИУНСАНААГИЙН ЭНХТУУЛ

1996 оны нэгдүгээр сарын 14-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн.

Амжилт:

  • 2015-2016 онуудад Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.
  • 2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны Универсиад наадамд оролцсон.
  • 2017 онд Финланд улсын Лахти хотод болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн.
  • 2019 онд Австри улсын Зефилд хотноо болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 4-р байр эзэлсэн.
  • Улсын 4 удаагийн аварга.

“Бээжин-2022” уралдааны хуваарь:

  • /2022.2.8/ 16:00-16:40 цагт Эмэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан
  • /2022.2.10/15:00-15:30 цагт Эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаан

ОУХМ БАТМӨНХИЙН АЧБАДРАХ

1994 оны арванхоёрдугаар сарын 21-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн.

Амжилт:

  • “Пёнчан-2018” өвлийн XXIII Олимпод эрхээ аван оролцсон.
  • 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 10 км-ийн зайн уралдаанд 3-р байр эзэлсэн.
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсон.
  • Оюутны Универсиад наадамд 3 удаа оролцсон.
  • УАШТ-ий 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт.

“Бээжин-2022” уралдааны хуваарь:

  • /2022.2.8/ 16:50-17:35 цагт Эрэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан
  • /2022.2.11/ 15:00-16:35 цагт Эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаан
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ипотекийн зээлийн санхүүжүүлтэд 43.6 тэрбум төгрөг олгожээ

БХБЯ-наас мэдээлснээр оны эхний сарын байдлаар нийт 540 иргэнд 43.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгоод байна. Үүний 74 хувь буюу 32.7 тэрбум төгрөгийг нийслэлд 356 зээлдэгчид, 26 хувийг буюу 10.9 тэрбум төгрөгийг аймаг, орон нутгийн 184 зээлдэгчид олгожээ. Нийт 43.6 тэрбум төгрөгийн 26.2 тэрбумыг Монголбанкны эх үүсвэрээс, 17.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаас гаргажээ.

Ташрамд мэдээлэхэл, УИХ-ын өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгасан.

Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагатай хамтран дахин 6 сарын хугацаагаар буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлээд байгаа юм.

Дээрх шийдвэрийн дагуу зээлдэгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах боловч зээлдэгч төлбөр хойшлуулах хүсэлт гаргалгүйгээр зээлийн төлбөрөө төлөх нь зээл хугацаандаа дуусах, ирээдүйн зээлийн дарамт буурах зэрэг эерэг талтай юм.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оныг дуустал хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн хуулийн хугацаатай уялдуулан сунгах юм.

Харин ипотекийн хөтөлбөрийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуулт, хариулттай энд дарж танилцана уу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Мөнхзул: Эрх баригчид Цэцээр могой бариулж, энэ аргаар Үндсэн хуульд халдвал маш аюултай

Хуульч Р.Мөнхзултай ярилцлаа.


-Үндсэн хуулийн ач холбогдол, утга учир юунд оршиж байна вэ. Үндсэн хуулийг ямар байдлаар ойлгох нь зөв юм бэ?

-Юуны өмнө Үндсэн хууль гэдгийг юу гэж ойлгож байгаагаас бүх зүйл хамаарна. Жишээлбэл, Германд ногоон үзэлтэй намын гишүүн байлаа гэхэд тэр хүний амьдрал, аж төрөх ёсны хэв маяг, үзэл санаа нь хүртэл жинхнээсээ ногоон байдаг байна. Бид Үндсэн хуулийг энэ мэт голдоо ортол ойлгож чадахгүй байгаагаас эрх баригчид хүссэн үедээ халдаж, харин иргэд үүнийг нь хяналгүй орхиод, эцэст нь дааж давшгүй хохирол амсах эрсдэлтэй. Үндсэн хууль бол тохиролцоо, хөзрийн дүрэм, амлалт, андгай, ипотекийн найман хувийн зээлийн гэрээ гэдэг шиг. Онолын хувьд Нийгмийн гэрээний онол гэж нэрлэдэг. Оролцогч нь төр, иргэн хоёр. Монголын төрт ёсны уламжлал 2000 гаруй жилийн түүхтэй гэж үзвэл ердөө 1992 онд л иргэд анх удаа төртэйгөө гэрээ байгуулсан. Бидэнд 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд байсан боловч гэрээ биш, харин нэг талын буюу намын, үзэл суртлын, ЗХУ-ын тулгалт, шаардлагыг албажуулсан баримт бичгийн хэмжээнд л байсан. Харин 1992 оны Үндсэн хууль иргэн, төр гэсэн хоёр оролцогчийн хоорондын гэрээ, тохиролцооны шинжийг агуулсан. Энэ Үндсэн хуулийн онцлог нь Монгол Улсыг өмнөх шиг хаан, нэг нам удирдахгүй иргэд бүгдээрээ удирдана гэж тохиролцсон. Гэхдээ гурван сая хүн яаж улсаа удирдах вэ. Гадаад, дотоод маш олон асуудал байгаа. Наад зах нь Улаанбаатар хотын утааг гурван саяулаа ярилцаж шийднэ гэвэл энэ олон хүн багтах заал танхим хэрэгтэй, нэг дор цуглана. Бодит амьдрал дээр боломжгүй. Иймд өөрийгөө төлөөлж чадах хүнийг сонгох шийдэл олсон нь УИХ-ын сонгууль. Бид төлөөлөгчийн ажиллах нөхцөлийг нь хангах үүднээс эрх мэдлийг нь Үндсэн хуулиар, ажлаа явуулах мөнгийг татвар хэлбэрээр тэдэнд өгдөг. Бас төр нийт олны өмч болох байгалийн баялаг, нийтийн өмч хөрөнгийг эргэлдүүлэх байдлаар нэмэлт мөнгө олдог. Ингээд төр үндсэн асуудлаа биднээр шийдүүлчихсэн тул бидний төлөө ажиллах амлалтыг Үндсэн хуулиар авч Гэрээ байгуулсан. Харин иргэдийн хувьд төрөөр хамгаалуулах эрхээ баталгаажуулж авсан. Ийнхүү иргэд төрөөс хариуцлага нэхэх бүрэн эрхтэй болж байгаа юм.

Хэн нэгэн хүнд мөнгөө алдах, эсхүл зээлдүүлчихээд яаж араас нь шаналж, гүйдэг билээ. Яг үүнтэй адилхан төрийн араас чаргууцалдаж миний өгсөн татварыг яаж зарцуулж байна, эрхийг минь хамгаалж чадаж байна уу гэж байнга чихнээс нь хонх уях шаардлагатай. Сонгосон хүн чинь таны эрхийг хамгаалж, таны төлөө ажиллаж чадаагүй бол сонгуулиар солих боломжтой. Сонгуулийн утга учир нь энэ. Үүнээс үзэхэд төрийн эх үндэс, Үндсэн хуулийн эх үүсвэр иргэд, хүн байгаа юм.

-Нэр бүхий гишүүд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Давхар дээлний тоотой холбоотой Үндсэн хуулийн заалт өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Хуульч хүний хувьд та энэ гомдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Давхар дээл гэж юуг хэлээд байгааг товч тайлбарлая. Энэ жилдээ Монгол Улс хэдэн төгрөгийн орлоготой, хэдэн төгрөгийн зарлагатай, ашиг, орлого ямар байхыг УИХ баталдаг. Яг айл шиг, компани шиг. Харин баталсан мөнгийг Үндсэн хуулиараа Засгийн газар “үрдэг”. Тэгэхээр давхар дээлийн асуудал гэдэг чинь нэг этгээд гишүүн гэдгээрээ үрэх ёстой мөнгөн дүнгээ батлаад, сайд гэдгээрээ өөрийнхөө баталсан мөнгийг үрэх асар том эрх мэдлийг Үндсэн хуулиар баталгаажуулж олж авах гэсэн оролдлого юм. Бид 1992 оноос 2000 он хүртэл найман жил давхар дээлгүй, 2000-2019 он хүртэл бараг бүх сайд давхар дээлтэй явж үзлээ. Харин 2019 оноос дундын хувилбар буюу зарим нь давхар дээлтэй байхаар шийдээд туршиж, шинжилж үзэж амжаагүй байтал өөрчлөх гээд байна. Дундын хувилбар Япон зэрэг улсад бий. Дөрвөөс дээшгүй давхар дээлтэй байя гэдэг нь ийм тооны сайдыг УИХ-ын чуулганд нөлөө үзүүлж чадахгүй хэмжээнд барьж байгаа юм. Одоо давхар дээлийг Үндсэн хуулиас хасвал 16 яам буюу 16 сайд УИХ-ын гишүүн байх боломжтой болно. 76 гишүүний 39 нь хуралдаа ирэхэд хуралдааны ирц бүрдсэн гэж үзнэ. Ирсэн 39-өөс 20 нь дэмжвэл тухайн асуудал батлагдана. Хуулийн тухайд 39 гишүүн дэмжвэл хууль батлагдана. Үүнээс үзэхэд хууль ч бай бусад асуудал ч бай, 16 гишүүн бүхий сайд хүссэн шийдвэрээ гаргах боломжтой болно.

Бараг 400 жилийн өмнө ДЖ.Локк, Ш.Монтескье сэтгэгч нар энэ хоёр эрх мэдэл нэг гарт орвол эрх чөлөөгүй болно гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, мөнгө баталдаг, үрдэг хоёр эрх мэдлийг салгахгүй бол жинлүүрийн нөгөө тал болох иргэд, иргэний нийгэм хүчин мөхөсдөж эрх чөлөө хумигдана гэсэн үг. УИХ-ын нэр бүхий гишүүд давхар дээлний асуудлаар Цэцэд хандсан. Гэхдээ дан ганц давхар дээлээр хандах нь нийгэмд муухай харагдана гэж үзсэн үү яасан бас шүүхийн асуудлуудыг хамт өгсөн. Шүүхтэй холбоотой хэсэг нь зүгээр хачир маягийн, давхар дээл өмсөх нь гол зорилго гэж харж байгаа.

Үндсэн хуулийн 69.4 дүгээр хэсэгт, “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, 2019 онд УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн сайд байж болно гэж нэмэлт, өөрчлөлт орсон. Ингэж тоо заасан нь заавал дөрөв биш. Нэг юмуу хоёр ч байж болно гэсэн санаа. Энэ өөрчлөлт нь өөрөө Үндсэн хууль гэсэн үг. УИХ-аас дөнгөж 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихаад дахиад өөрсдөө түүнийгээ хүчингүй болгоно гэхээр эсэргүүцэлтэй тулгарах, цаашлаад намын нэр хүнд, төрд итгэх итгэлд ч сөргөөр нөлөөлнө. Тиймээс Цэцийг ашиглах арга бодож олсон нь дамжиггүй.

-Гэтэл Цэц гомдлыг хүлээгээд авчихсан. Энэ асуудлаар Үндсэн хулийн Цэц хуралдвал юу болох вэ?

-Юуны өмнө Цэц эл асуудалд нэн шуурхай хандаж байгаа нь хардлага төрүүлнэ. Жишээлбэл, хуульд зааснаар Цэцэд хандвал 14 хоногийн дотор хүлээж авах эсэхээ шийднэ гээд заасан. Миний өгсөн нэг асуудлыг хүлээн авах эсэхээ шийдэхгүй хоёр сар орчим болж байсан удаатай. Сонгуулийн хуулийн асуудлаар хандахад дарга нь огт хариу өгөлгүй хагас жил орчим болсон. Тодруулахад, өгсөн материалаа буцаагаад авчих гэх байдлаар хүртэл хандаж байсан. Гэтэл нэр бүхий гишүүдийн гаргасан эл асуудлыг хүлээн авмагцаа маш хурдан хуралдаан зарлачихсан. Цаг хугацааны хувьд иргэдийн анхаарал суларсан шинэ жилтэй давхцуулсан. Гэвч гэнэт хурал хойшилж байгаагаас үзвэл энэ нь улс төрийн шалтгаантай болов уу. Үндсэн хуулийн нэмэлт нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж Цэц шийдвэл УИХ үг дуугүй хүлээж аваад Үндсэн хуулиас давхар дээлийг авч хаях янзтай байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч нар Цэцээр могой бариулж байгаа хэрэг. Яг энэ аргаар Үндсэн хуульд халдвал маш аюултай. Сэдэв нь давхар дээл болохоос биш энэ жим гарчих л юм бол ямар ч асуудлаар Үндсэн хуулийг өөрчлөөд байж болох нь. Гол аюул эндээ байгаа юм. Гэтэл Цэц чинь ард түмэн биш, ард түмнийг төлөөлөх эрхгүй. Хоёрдогч, үүсмэл байгууллага.

Дээр нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай 2010 оны хуулийн 3.3-т тухайн асуудлаар нэгэнт өөрчлөлт оруулсан бол найман жил дахиад өөрчилж болохгүй гээд заачихсан байгаа. Тэгэхээр Цэцийн шийдвэрийг биелүүлж байгаа УИХ-аас батлах давхар дээлийн нэмэлт өөрчлөлт өөрөө дахиад Үндсэн хуулийн зөрчил болно. Нэг бол найман жил гэсэн хуулийн заалтыг МАН олонхоороо өөрчлөөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж магадгүй. Ингэх тусам хуулийн үр дүн гарч амжилгүй тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй.

-Цэц Үндсэн хуулийн зүйл заалтыг хүчингүй болгодог болсон юм уу. Уг нь эцэг хуулиа манаж, хамгаалж байх ёстой байгууллага биш бил үү?

-Өмнө хэлсэнчлэн Үндсэн хуулийн эх үндэс нь иргэд. Ийм ч учраас 1992 оны Үндсэн хуулийг нийт ард түмнээс сонгогдсон 430 төлөөлөгчид хоёр сар гаруй хэлэлцэж баталсан. 2019 оны нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах 73 дугаар тогтоолыг УИХ-аас баталсан боловч Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ түүнийг хүлээж авснаар ард нийтийн санал асуулга явуулаагүй. Гэхдээ маш олон санал, шүүмж, хэлэлцүүлэг өрнүүлсэн шүү дээ. Ерөнхийлөгч хүртэл өөрийн зүгээс нэмэлт, өөрчлөлтийн өөр хувилбарыг гаргаж хэлэлцүүлсэн. Нэг ёсондоо улс даяар өрнөсөн том ажил болсон. 2019 оны нэмэлтийн төслийг ард түмэнд танилцуулж, хэлэлцүүлээд, ард түмний төлөөлөл УИХ баталсан. Гэтэл эргээд хоёр жилийн дараа хүчингүй болгох болохоороо ард түмэн ч биш, УИХ ч биш, Цэц хэмээх хэдхэн хүнээр шийдүүлэх гэж оролдож байгаа нь хуульт ёсноос гадуур хэрэг болоод байгаа юм. Давхар дээлийг өөрчлөх гэж байгаа бол дахиад ард түмнээс асууж хэлэлцүүлээд зогсохгүй Цэц биш, УИХ өөрөө шийдэх ёстой. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар Цэц хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шийднэ гээд тодорхой заачихсан. Зарим судлаачид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хууль гэж үзээд байгаа. Хууль мөн, гэхдээ ердийн хууль биш Үндсэн хууль. Яг өнөөдрийн байдлаар давхар дээлийг дахиж ярих хууль зүйн боломж байхгүй. Давхар дээл батлагдаад ердөө хоёр жил гаруй болж байна. Харин Монгол Улсын язгуур эрх ашгийг зөрчсөн, Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг хөндсөн өөрчлөлт дураараа оруулсан бол яаж хүчингүй болгох вэ гэсэн асуудал гарна. Үндсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хянана гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй. Энэ тохиолдолд УИХ өөрөө шийдвэрээ хүчингүй болгох, эсхүл Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Цэц хянах талаар тодорхой болгохгүй бол дур зорго, эмх замбараагүй байдал үүснэ.

Цэцийн үйл ажиллагааг зохицуулсан хууль хаа байсан 1997 онд батлагдсан боловч салхи ороогүй цөөн хэдэн хуулийн нэг. Манай Цэц хамгийн сул хуультай хэрнээ хамгийн том, бүр тодруулбал УИХ-аас том эрх эдэлдэг, эзэнгүй, маш аюултай, хариуцлагагүй байгууллага болсон. Цэц “галгүй” асуудал дээр ажлаа сайн хийж байгаа. Харин улс төрийн шинжтэй маргаан дээр Үндсэн хуульд биш, эрх баригчид үнэнч ажиллаж байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Монгол Улс ямар системээр сонгууль явуулах, хэн ерөнхийлөгчид нэр дэвших, эс дэвших, Эрдэнэтийн 49 гэх мэт асуудлыг тэд шийдэж ирсэн. Үндсэн хуулийг заналхийлэх хамгийн аюултай этгээд нь улс төр, улстөрчид. Гэвч Цэц эднээс Үндсэн хуулиа хамгаалж чадахгүй байна. Цэц улстөрчидтэй илүү ойртож иргэдээсээ өдөр ирэх тусам алсарч байна. Давхар дээлний маргаан Цэцийн аль гишүүн дээр хуваарилагдсан, хэн маргаан үүсгэсэн, дунд суудлын хуралдаанд ямар, ямар гишүүд оролцох гэж байгаа, хурал нь хэдий хугацаагаар, ямар үндэслэлээр хойшилсон зэрэг нь одоо хүртэл нууц, хаалттай. Тэр бүү хэл иргэдийн эсрэг цагдаа тавьж байгаад хаалга үүдээ цоожилж байгаад хуралддаг болсныг бид харсан. Цэц улстөрчид Үндсэн хуулийн хулгай хийхэд нь зүгээр тусалдаг байгууллага болсон гэхэд хилсдэхгүй.

-Эрх баригчид 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа давхар дээлнийхээ тоог дөрөв болгосон. Харин өөрсдөө энэ тоог нэмэхээс санаа нь зовоод сөрөг хүчний гишүүдээр гомдол гаргуулчих шиг болсон. Харин таны байр суурийг сонирхъё?

-Үндсэн хуульд оруулсан 2000 оны “Дордохын долоо” гэж нэрлэгддэг өөрчлөлтөөр анх давхар дээлтэй байя гэж оруулж ирсэн. Ингэхдээ 1999 оны арванхоёрдугаар сарын 24-нд буюу АН олонх байх үед давхар дээлтэй байх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Цэц 2000 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр тэрхүү нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосон. Цэц Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосон түүх байгаа. Гэхдээ доторх агуулгаар нь бус нэмэлт, өөрчлөлт оруулсан процесс нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Гэтэл үүнээс 14 орчим хоногийн дараа тухайн үеийн МАХН, одоогийн МАН үнэмлэхүй олонх болсон жилдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж давхар дээлтэй болсон. Тэгэхээр давхар дээлтэй байх сонирхол шинэ асуудал биш, оролдлого хийж байгаа намууд нь ч шинэ биш. АН-ын нэр бүхий гишүүн, ХҮН-ын дарга нар Цэцэд хандсан. АН өнөөг хүртэл эл асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй гэж ойлгосон. Хэрэв тийм бол АН эрх баригч намтай тохиролцсон болж таарч байна. ХҮН мөн адил. Үүнээс үзэхэд намууд давхар дээлийг дэмжсээр ирсэн, одоо ч дэмжиж байгаа гэж үзэхээр байна. Мэдээж хэрэг том тохиролцоо явагдсан байж таарна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ч юмуу. МАН эл асуудлаар хандахдаа заавал АН, ХҮН гэлгүй ердийн нэг иргэнд захиалга өгөөд Цэцэд хандуулж болох байсан. Намуудыг оролцуулсан нь учиртай. Улсын их хуралд суудалтай намуудын зөвшилцлөөр Үндсэн хуульд дахиад хэд хэдэн өөрчлөлт оруулахыг үгүйсгэх аргагүй. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хаалтан дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт түүхэнд бичигдэх нь гарцаагүй, түүнчлэн эл асуудлаар нийтэд сурталчлахдаа давхар дээлийг шийдсэн нь дордохын долоон өөрчлөлтийг залруулж олон удаа засаг солигддог байдлыг арилгаж, Ерөнхий сайд бүрэн утгаараа ажиллах нөхцөл бүрдлээ гэж хэлж байсан. Гэтэл ердөө хоёрхон жилийн өмнө өөрийнх нь манлайлсан нэмэлт, өөрчлөлтийг нэр бүхий гишүүд үгүйсгээд Цэцэд хандаад байхад түүнийгээ хамгаалахгүй, албан ёсны мэдэгдэл хийхгүй байгаагаас үзвэл МАН эл асуудлын ард байгаа нь илэрхий.

-Ардчилсан Үндсэн хуультай болсны 30 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүдэд судлаач хүний хувьд ямар дүгнэлттэй байдаг вэ?

-Шинэ Үндсэн хуульд 2000 онд, 2019 онд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орууллаа. Эхний өөрчлөлт нь давхар дээл, 2019 онд хэд хэдэн өөрчлөлт орсны нэг нь давхар дээл. Одоо Цэцэд үүсээд байгаа асуудал нь давхар дээл. Та бүхэн ажиглаж байгаа байх. Улсын мөнгийг өөрөө батлаад, өөрөө зарцуулах тухай асуудал энэ 30 жилийн хугацаанд хамгийн сонирхолтой хэсэг нь байсан байгаа биз. Үндсэн хууль огт хөдөлшгүй зүйл биш. Нэн шаардлагатай гэж үзвэл өөрчлөлт оруулж болно. Харамсалтай нь нэмэлт, өөрчлөлтүүд нь УИХ, ЗГ, Шүүх гэсэн төрийн эрх мэдлийн хуваарилалтын асуудлууд яваад байгаа болохоос хүний эрхийн баталгааг яаж илүү сайжруулах уу, Үндсэн хуулиар хүний эрхийг яаж шууд хамгаалах уу гэсэн хүндээ чиглэсэн өөрчлөлт яригдсангүй. Үе үеийн эрх баригчид улс орны хөгжин дэвжихгүй байгаа бурууг Үндсэн хуульд наагаад Үндсэн хуулийг өөрчлөх л юм бол бид сайхан болно гэж сурталчилж ирсэн. Харамсалтай нь гол буруутан нь Үндсэн хууль биш, харин Үндсэн хуулийг үнэгүйдүүлээд байгаа улстөрчид, эрх баригч нарт гол буруу нь байгаа. Дээр нь Үндсэн хуулиа хамгаалж чадахгүй байгаа Цэц мөн гол буруутан.

-Үндсэн хуулиар Засгийн газарт хамаг эрх мэдлийг төвлөрүүлсэн. Гэтэл одоо давхар дээлнийхээ тоог нэмэх гээд зүтгэж байгаа энэ үйл явцыг та улс төрийн өнцгөөс нь яаж харж байна. Энэ хаврын чуулганд багтааж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн мэдээлэл байсан л даа?

-Манай УИХ-ын сонгуульд нэр дэвших, сонгогдох дүрэм нь их “марзан”. Та улсынхаа төлөө ажиллаж УИХ-ын гишүүн болмоор байвал маш их мөнгийг хаанаас ч юм бэ олоод, тэрүүгээрээ сонгуульдаад ял, эсхүл ялагд. Тухайлбал, 2020 оны сонгуулийн зардал нийт намын хувьд хамгийн багаар тооцоход 100 тэрбум, нэг нэр дэвшигчээс гарах зардал багадаа 200 сая, намаасаа нэр дэвших эрх олж авахын тулд АН 100 саяын дэнчин, МАН 60 тэрбумын схем гээд мэдээлэл цацагдсан.

Тэгэхээр нэр дэвшигчээс улсаа гэх чин сэтгэл, харамгүй сэтгэлийг шаардаж байгаа юм. Ийм хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Хувиасаа ч юмуу маш их мөнгөөр сонгуульд оролцоод сарын нэг сая орчим төгрөгийн цалинтай дөрвөн жил ажилла. Сонгогдсон бол багадаа сонгуулийн шархаа нөхөх, цаашлаад ашиг хийх нь нэн тэргүүний зорилго болно. УИХ-ын гишүүн энэ зорилгоо хангах гэхээр улсын мөнгө шууд зарцуулах эрх байхгүй. Дам байдлаар эрх мэдлээ ашиглаж ашиг олох гэж үргэлж хичээдэг нь ЖДҮ хэрэг, Хөгжлийн банкны зээлдэгчдийн мэдээллээс харагдана. Улсын ерөнхий прокурор ЖДҮ-ийн асуудлаар чуулганд хэлсэн үгэндээ: “жинхэнэ хулгайч, шоронд явах ёстой хүмүүс нь энд сууж байна. Зөвхөн доод шатны тушаал биелүүлсэн хүмүүс нь шоронд явах болоод байна” гэж хэлсэн нь товч бөгөөд тодорхой хариулт болох байх. Жишээ нь улсын аварга Д.Сумьбазар УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа гишүүнээсээ татгалзаад Нийслэлийн Засаг дарга болж байгаа нь мөн л улсын мөнгийг зарцуулдаг эрх мэдэлтэй холбоотой. Нийслэлийн 2022 оны төсөв 1.3 их наяд. Ийм мөнгө зарцуулах эрхтэй УИХ-ын нэг ч гишүүн байхгүй. Сайд л энэ анзааны мөнгө зарах эрхтэй. Нөгөө талаар нам том байх тусам зовлон нь дагаад томордог. МАН-ыг өнгөц харахад эв нэгдэлтэй том нам мэт харагдавч дотроо олон бүлэглэл, эрх ашиг, сонирхол, хүсэл, шуналууд багтсан байгаа. Аль нэгийг нь гомдоовол засаг огцрох эрсдэлтэй тул намын удирдлагууд “олз”-ыг тэгш хуваана гэдэг чамгүй ажил учраас шинэ яам байгуулж өгөх, шинэ орон тоо гаргах, нэгийг нь халж орон зай гаргаж нөгөөг нь оруулах гэх мэт ажлууд явагдаж байна уу даа гэж харж байна. Өөр нэг нотолгоо нь төрийн албаны зөвлөлөөс журам зөрчиж төрийн албанд томилогдсон хүмүүсийг нэрлэж, ажлаа өгөхийг шаардаж, жагсаалт гаргасан. Төрийн албаны зөвлөлийн дарга өөрөө МАН-ын томилгоо гэдэг талаас харвал нам дотор яах аргагүй зөрчил гарсан. Өөрөөр хэлбэл, давхар дээл бол МАН доторх ашиг сонирхлуудын шахалт юм. Хоёрхон жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулчихаад, одоо Цэцийг ашиглаад нэмэлт өөрчлөлт оруулчихвал ойрын хэдэн жилдээ Үндсэн хуульд гар хүрэхэд төвөгтэй болно.

Цэцийн хуралдаан ингээд хойшлоод байгаа нь дахиад Үндсэн хуульд хэд хэдэн асуудлаар өөрчлөлт оруулах зорилгоор нийгмийн сэтгэл зүйг бэлдэв үү, хэрэв ийм хурдан дахиад Үндсэн хуульд хүрэх байсан юм бол 2019 онд яагаад нэг мөр юм хийгээгүй юм бол гээд анхаарал татсан асуудлууд байгаа. Дээр нь Үндсэн хуулийн 68-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Цэц УИХ-д санал гаргах боломж байсан буюу нэмэлт өөрчлөлт батлагдахаас өмнө Цэцийн саналыг авах хуулийн боломж байсан ч үүнийг хэрэгжүүлэлгүй бүх зүйл болж өнгөрсний дараа одоо Цэцийг оролцуулж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

-Ер нь Үндсэн хуульд ойр ойрхон гар хүрэх нь ямар аюултай вэ?

-Үндсэн хуульд ойр ойрхон гар хүрэх, гэхдээ хүрч буй асуудал нь эрх мэдэл булаалдахын төлөө байх тусам Үндсэн хуулийн дархлаа, хүлээн зөвшөөрөгдөх байдал, олон нийтийн итгэл үнэмшил алдрах эрсдэлтэй буюу эмх замбараагүй байдал руу орох аюултай. Өөрөөр хэлбэл, энэ Үндсэн хууль гэдэг чинь чадамжгүй юм байна, тэгвэл түүнийг орлох өөр дүрэм байх ёстой гэсэн эрэл хайгуул эхэлнэ. Харамсалтай нь өнөөдөр хүн төрөлхтөн Үндсэн хуулиас өөр ухаалаг шийдэл олж чадаагүй байгаа. Англи улсыг Үндсэн хуульгүй гэдэг ч Үндсэн хуулийн шинжтэй гол гол баримт бичгүүдтэй, орчин цагийн соёлт улс орнуудтай адил эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж хуваасан. Хатан хаан нь үндэсний эв нэгдэл, оюун санааны хувьд нэгтгэсэн чиг үүрэгтэй болохоос төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд нэн хязгаарлагдмал эрхтэй. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш, гол хуулиа тонгочуулаад байвал төр, нийгэм тогтворжино гэж ярихын хэрэггүй. Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлах гэгч л болно гэж хэлж байсныг санах хэрэгтэй. Учир нь Үндсэн хуульд нэг нэмэлт, өөрчлөлт оруулахад дагаад ердийн хууль өөрчлөгдөнө, энэ хэрээр төрийн албанд, амьдралд хэрэгжих, хэвших гэж хугацаа орно, тэр ч бүү хэл дагаад улс төр, ашиг сонирхлууд хүртэл өөрчлөгдөнө. Ийм учраас Үндсэн хуульд нэг өөрчлөлт орсон бол түүнийг ядаж найман жил дахиж оролдохгүй шүү гээд байгаа юм. Шинэ өөрчлөлтөд дадаж амжаагүй байхад дахиад өөрчлөгдвөл иргэд, улс орон л хохирно. Зүйрлэвээс, цар тахлын жижиг том шийдвэр хурдан хурдан өөрчлөгдөхөд зарим хүнд мэдээлэл ч хүрч амжихгүй яаж бужигнаж байлаа, түүнтэй л адил. Үндсэн хуулийг хүчгүйдүүлж байгаад, гарсан орон зайнд нь улс төр хийх гэж оролдвол маш аюултай нөхцөл байдал үүснэ.

-Олон улсын жишигт Үндсэн хуулийнхаа баталгааг яаж хангадаг юм бэ?

-АНУ-ын Үндсэн хууль 1787 онд батлагдсан буюу 235 жилийн хугацаанд 11000 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарч байсан боловч ердөө 27 өөрчлөлт л орсон. Энэ талаар АНУ-аас Монгол Улсад ажиллаж байсан судлаачийн хэлсэн гол санаа нь АНУ-ын Үндсэн хууль нь монгол дээлээр бол ердийн, эгэл жирийн хийцтэй тэрлэг байсан бол манай Үндсэн хууль баяр, наадамд өмсөх гэж байгаа юм шиг хээ хуар, элдэв гоёлтой байсан учраас шинэ гоёл чимэглэл нэмэх, зарим гоёлыг хасах гээд дахин дахин халдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг хэт нарийвчлан журамлах тусам оролдох нь их болдог гэсэн санаа. Харин асуудал гарах үед Цэц нь Үндсэн хуулийн агуулга, зорилго, монгол түмний язгуур эрх ашиг, эрх зүйн соёл, ухамсар, хүний эрх, шударга ёсыг эш үндэс болгож, мэргэжлийн маш өндөр ур чадвар гаргаж маргааныг шийдвэрлэх байдлаар Үндсэн хуулиа хамгаалаад, тайлбарлаад, хөгжүүлээд явдаг. Энэ ч үүднээс АНУ-ын дээд шүүхийн шийдвэр нь эрх зүйн онол хөгжилд хувь нэмэр оруулахуйц, түүхэн шийдвэрүүд болж үлддэг. АНУ-д манайх шиг Үндсэн хуулийн тусдаа шүүх байхгүй, дээд шүүх нь үндсэн хуулийн маргааныг шийддэг. Үндсэн хуулийн баталгааг Үндсэн хуулийн шүүх, дээд шүүх хангах арга соёлт улсуудад түгээмэл байна. Дээр нь иргэд, иргэний нийгэм, сэтгүүл зүй нэн чухал буюу нийгмийн оролцогч бүр тал талаас нь хангаж, хянуур байж баталгааг хангана.

Эрх баригчдын хугацаа богино байдаг учраас явцуу ашиг сонирхолд захирагддаг, харин улс үндэстэн мөнх учраас Үндсэн хуулийн баталгааг хангах үүрэгтэй Цэцийн гишүүд Үндсэн хуульдаа захирагдах нь улс орондоо хэрэгтэй юм.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хар луу өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 8, Ангараг гариг. Билгийн тооллын давхарласан 7, гоё хүүхэн одтой, хар луу өдөр. Өдрийн наран 8:10 цагт мандан, 18:03 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг хэрэг явдал хуульгүй, эсвэл хуулийг эс хэрэгсдэгээс л үүдэлтэй” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх
чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми “Төмөр
замын өргөн
нарийн царигийн
огтлолцлын цэгийг
Монголд байгуулах
нь үр ашигтай” гэснийг III нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Олон
улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү “МонголХятад дэлхийд хүлээн
зөвшөөрөгдсөн жишиг
харилцааг хөгжүүлэх
зорилт дэвшүүллээ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг хэрэг
явдал хуульгүй, эсвэл хуулийг эс
хэрэгсдэгээс л үүдэлтэй” хэмээн өгүүллээ.

Сар шинийн барилдааны түрүү бөх
аймгийн заан Э.Мөнхжаргал “Аав, ээжийнхээ ачийг бага боловч
хариуллаа. Сэтгэл дүүрэн сайхан байна” хэмээн “Дэвжээ” нүүрт ярилаа.

Дорноговь аймгийн
Засаг дарга О.Батжаргал “Өрсөлдөх чадвараараа тэргүүлэхэд
иргэдийн хөдөлмөрч байдал нөлөөлсөн” хэмээв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Улсын Их хурлын дэд
дарга, Хууль зүйн сайд асан Л.Цог “Үндсэн хуулиа хууль зүйн
утгаар нэг мөр ойлгож, хүн бүр ягштал
мөрдөхийг сургамжлах ёстой” хэмээн өгүүллээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ