Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт усанд сэлэлтийн УАШТ болж байна

Усанд сэлэлтийн спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт болж байна. Энэ удаагийн тэмцээнд есөн клубийн 70 гаруй тамирчин оролцож байгаа юм.

Тамирчдыг халдвараас хамгаалахын тулд 29 дэх удаагийн эл тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулж байна. Мөн сонирхуулахад, Өмнөгов аймгийн усан бассейныг дэлхийн стандартад нийцүүлэн барьсан юм.

Categories
мэдээ нийгэм

Долоон аймаг цагаан сар тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдлээ

Монгол түмний Их баяр – “Цагаан сар”

Улсын онцгой комиссоос коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, өдөрт 15-20 мянга хүртэлх тохиолдол бүртгэгдэхийг анхаарууллаа. Тиймээс цагаан сарыг өргөн хүрээнд биш айл, өрхийн хэмжээнд өнгөрүүлэхийг зөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор зарим аймаг цагаан сараар болох олон нийтийн үйл ажиллагааг цуцалж, өргөн хүрээнд тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

УВС АЙМАГ ИРЭХ САРЫН 10-Н ХҮРТЭЛ ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦЛАВ

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж нэгдүгээр сарын 14-нөөс ирэх сарын 10-ыг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Цагийн хязгаарлалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хууль болон бусад хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах аж. Мөн бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.

ЗАВХАНД COVID-19 БОЛОН ШҮЛХИЙГЭЭС БОЛЖ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙГАА УЧИР ЦАГААН САРЫГ ХОРИГЛОЛОО

Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Тодруулбал, Covid-19 халдварын тархалт улсын хэмжээнд төдийгүй Завхан аймагт нэмэгдэж, он гарсаар 155 тохиолдол бүртгэгдэж, одоогоор 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос тус шийдвэрийг гаргасан байна.

ОРХОН АЙМАГТ ИРЭХ САРЫН 15-НЫГ ХҮРТЭЛ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООВ

Тус аймгаас Covid-19 халдварын оргил үеийн идэвхжилтийг бууруулах үүднээс тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байхаар болжээ. Мөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байх, төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөнийг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг үүрэг болгожээ.

ДАРХАН-УУЛ ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ УРИАЛГЫГ АНХЛАН ГАРГАЖЭЭ

Дархан-Уул аймаг энэ сарын сарын 15-аас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлана. Тус комиссын энэ сарын 11-ны хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан юм. Үүнд, нэгдүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй боллоо. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд айл өрхийн хэмжээнд тэмдэглэхийг уриалжээ.

ХОВД АЙМАГ ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОЁРДУГААР САРЫН 7 ХҮРТЭЛ ХОРИГЛОВ

Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглов. Тус комиссоос өчигдөр дараах шийдвэрийг гаргажээ.

Тухайлбал, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ний өдөр хүртэл хориглосон байна.

Мөн иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 20 мянга гаруй иргэн халдвар авч, хамгийн олон хүн халдвар авсан гурван аймгийн нэг болжээ.

БАЯНХОНГОРТЧ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХООР БОЛЖЭЭ

Баянхонгор аймагт Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15 хүртэл хязгаарлав. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэг сар орчим хязгаарлах шийд гаргажээ. Ингэснээр нутгийн хэмжээнд цагаан сарыг өргөн дэлгэр зохион байгуулахгүй юм.

ДОРНОДОД ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭГ 14 ХОНОГ ХЯЗГААРЛАНА

Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг өчигдрөөс хязгаарлав.Хязгаарлалтын дэглэм нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдөх юм.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

​Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш болно

сонин mn

“Жем интернэшнл” группийн нэрэмжит улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш буюу энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг өнөөдөр 17:00 цаг хүртэл бүртгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Сонгинохайрхан дүүргээс 13 настай охин сураггүй алга болжээ

Сонгинохайрхан дүүргийн XI хорооноос 13 настай охин өчигдөр буюу энэ сарын 14-нд сураггүй алга болжээ. Алга болох үедээ хар, богино куртик, цэнхэр жинсэн өмд, хар бойтгон гуталтай байсан гэнэ.

Охины зургийг ар гэрийнх нь зөвшөөрлөөр нийтлэв

Охиных нь мэдээлэл өгөхийг хүсвэл 99672600, 99023441 дугаар холбогдон өгөхийг ар гэрийнхэн нь хүслээ.

Categories
мэдээ цаг-үе

АИ-92 автобензиний 22 хоногийн нөөцтэй байна

Энэ сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 138,026 тонн шатахууны нөөц байна. Үүнээс АИ-80 автобензинийн 69 хоногийн хэрэглээний 10,855 тонн, АИ-92 /95,98/ автобензинийн 32 хоногийн хэрэглээний 38,096 тонн, ДТ 30 хоногийн хэрэглээний 82,548 тонн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 22 хоногийн хэрэглээний 21,426 тонн, дизель түлшний 39 хоногийн хэрэглээний 44,194 тонн бүтээгдэхүүний нөөцтэй байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 2347 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 2347 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 1350 нь Улаанбаатар хотод, 975 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 22 тохиолдол батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.

Гэрийн хяналтад 26478 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6571 иргэн байна.



Categories
гадаад мэдээ нийгэм

ДЭМБ коронавирусийн эмчилгээнд хоёр шинэ бэлдмэл бүртгэлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчдийн баг “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийн эмчилгээнд хоёр шинэ эмийг хэрэглэхийг зөвлөлөө.

Тус байгууллагын хэвлэлийн мэдээнд дурдсанаар, “Eli Lilly and Company” компанийн “Olumiant” хэмээх худалдааны нэрээр үйлдвэрлэсэн, ревматоид артрит өвчний үед мөн хэрэглэдэг барицитиниб эм, түүнчлэн Их Британийн эмийн үйлдвэрийн “GlaxoSmithKline Xevudy” компанийн моноклональ эсрэг биетийн эм болох сотровимаб нь дэлхий даяар өвчний шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбооотойгоор ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн дэмжлэгийг авсан байна. Хурдацтай тархаж буй “омикрон” хувилбар нь коронавирусний одоо байгаа эмчилгээний олон сонголтуудын үр нөлөөг бууруулж байгаа бөгөөд шинэ шийдэл хайх шаардлагатай байгааг ДЭМБ онцлон тэмдэглэжээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд барицитиниб эмийг өвчин нь хүндэрсэн өвчтөнүүдэд кортикостероидтой хослуулан хэрэглэхийг хатуу зөвлөсөн байна. Уг эм нь гаж нөлөөний тоог нэмэгдүүлэхгүйгээр хүнд өвчтэй өвчтөнүүдийн амьдрах чадварыг сайжруулж, амьсгалын аппаратын хэрэгцээг бууруулж байсныг дунд болон хүнд хэлбэрийн өвчтэй 4000 гаруй хүнд долоон мөчлөгтэй хийсэн туршилтын шинэ мэдээлэлд үндэслэсэн судалгааны үр дүн харуулжээ Барицитиниб нь үе мөчний бусад эмүүдтэй ижил нөлөө үзүүлдэг тул ДЭМБ-аас үйлчлэл ижил тохиолдолд өртөг, хүртээмж, эмнэлзүйн туршлага дээр үндэслэн эмүүдээс нэгийг нь сонгох хэрэгтэйг тодруулсан байна.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд мөн сотровимаб эмийг хөнгөн хэлбэрийн өвчтэй хүмүүст хэрэглэхийг зөвлөж байна. Гэхдээ бие организмын байгалийн дархлааг дууриалгасан лабораторын нэгдлүүд болох моноклональ эсрэг биетүүдийн эмчилгээний үр дүн нь коронавирусний шинэ хувилбарууд тэр дундаа “омикрон”-ы эсрэг тодорхойгүй байгааг тус байгууллага урьд нь мэдэгдэж байжээ.

Categories
мэдээ цаг-үе

​Монголын тээвэрчид Европ хүртэл холын тээвэр хийх боломжтой боллоо

Шадар сайд С.Амарсайханы ахалж буй Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд Зам-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Шадар сайдад хүргэжээ

Хил дундын “0” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-д буулгасан ачаа барааны ихэнхийг нь төмөр замаар Улаанбаатар хот руу татан авч байгаа бол цөөн тохиолдолд ААН-үүд өөрсдийн автомашинаар ачаагаа татсан байна. Өнөөдрийн байдлаар Эрээн хотод хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн байгаа бөгөөд өдөрт 50-иас доошгүй тоогоор чингэлэг татахад 18 хоногт багтааж дуусгах боломжтой гэдгийг албанхан дуулгалаа.

Шадар сайд ажлын хэсгийнхэнд хандан, хилээр орж байгаа ачаатай чингэлэгийн тоог нэмэх, төмөр замын өргөн царигаар ачаа бараа татан авах ажлыг эхлүүлэх, хилээр нэвтрэн орж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийж, гүний тээвэрт гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар Шадар сайдаас Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвд өгсөн үүрэг болох Монгол Улсын хойд болон баруун бүс нутгийн хилийн боомтоор дамжуулан Оросын Холбооны Улс, Европ, Дундад Азийн улсууд руу манай улсын жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгслээр ачаа бараа тээвэрлэх боломж, нөхцөлийг судалж танилцуулах үүргийг судалж, холбогдох байгууллагауудтай мэдээлэл солилцож, шийдэлд хүрсэн тухай Зам тээврийн сайд Л.Халтар мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “ОХУ болон Европ, дундад Азийн улс орнууд руу ачаа бараа тээвэрлэлтийг Олон улсын тээвэр зуучлалын компаниуд хариуцдаг. Эдгээр компаниудыг нэгтгэсэн Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо “НАРТАМ” ТББ-тай холбогдож, тодорхой шийдэлд хүрсэн. Тулгамдаж буй гол асуудал гэвэл Олон улсын тээвэр хийх тээврийн хэрэгсэл нь Евро стандартад нийцсэн байх шаардлагатай байдаг.

Энэ шаардлагыг хангаж байгаа тээврийн хэрэгсэл манайд цөөн. Урд хил дээр нүүрс болон ачаа бараа зөөж тээвэрлэдэг автомашинуудын тухайд овор хэмжээ томтой, задгай ачааг хилийн хойд Алтанбулаг боомтоор ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хот хүртэл явж болох хэдий цааш нутгийн гүнрүү явах боломжгүй. Харин Евро стандартын шаардлага хангасан автомашинтай жолооч нар Европ тив хүртэл алсын тээвэрт явах боломжтой. Шадар сайдын үүрэг болгосны дагуу бид “НАРТАМ” ТББ-тай хамтарч энэ боломжийг бүрдүүллээ. Маргаашнаас Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болох НАРТАМ цахим хуудсаараа дамжуулан Олон улсын тээвэр хийх боломжтой иргэд, жолооч нарыг бүртгэх зарлалаа нийтэд мэдээлнэ. Жолооч нар эндээс мэдээлэл авч бүртгүүлээд, шаардлага хангасан тохиолдолд олон улсын тээвэр хийж, ашиг орлого олох боломж нээгдэж байгаа юм.

Мөн Европын улс орнуудад ТИЙР буюу том оврын тээврийн хэрэгсэл барих ангилалтай жолооч нарын ажлын байр эрэлттэй байдаг тул энэ чиглэлд жолооч нарыг ажилуулах боломжийг бид хэрэгжүүлэхээр судлаж байна” гэв.

Ажлын хэсгийн хуралдаанаар үргэлжлүүлэн эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой ачаа барааг Зам-Үүд боомтоор эн тэргүүнд татан авах ажлыг зохион байгуулах, хилийн бусад боомтуудын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Банзрагч: Иргэд барааны үнэ асуугаад толгой сэгсрээд л буцах юм

Нарантуул олон улсын худалдааны төв дээр хөл хөдөлгөөн ихтэй, бараа нь ирж гэсэн сураг сонсогдсон учир тус захаас сурвалжиллаа. Хуучнаар “Мангасын ам” хэмээн нэрлэсэн хойд талын хаалгаар оров. Мэдээж зах л болсон хойно хүмүүсийн хөл хөдөлгөөн их, цуваа тасрахгүй үргэлжилнэ.


Пийшин, зуух, яндан, тавилгын хэсгээр нэлээд явсаар наймаа эрхлэгч Н.Гансүхтэй цөөхөн хором ярилцсан юм.


-Урьд шөнө захынхны бараа ирсэн гэсэн. Та юм дуулав уу?

-Энүүгээр мэдэгдсэн юм алга. Олон төрлийн бараа байгаа. Алийг нь гэхэв дээ.

-Таны бараа материалын тасалдал хэр байна. Та пийшингээ өөрөө хийж зардаг уу?

-Анх өөрөө хийж зардаг байлаа. Одоо амжихаа байсан. Хил гааль хаалттай болохоор зарим материал нь олдохгүй юм. Ер нь бараа материал тасрах шинжтэй гэж байсан шүү.

-Зуух пийшингийн үнэ нь хэдтэй байна вэ. Нэмэгдсэн үү?

-Үнэ 300-гаас дээш л байна. Тодорхой хэмжээгээр үнэ нэмэгдсэн гэв. Цааш явсаар хулдаас зардаг хэсэг рүү очлоо. Зарим газар нь хаалттай байх аж. Бараагүй болсон бололтой.


ОЙРЫН ХЭДЭН ӨДӨР ГАНЦ Ч МЕТР ХУЛДААС ЗАРСАНГҮЙ

Хулдаасны наймаа эрхлэгч П.Банзрагчтай ярилцав.


-Хулдаас хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ. Ойрд бараа ирэв үү?

-1 м нь 8000 төгрөгөөс дээш үнэтэй байна. Ойрдоо бараа ирээгүй. Оны өмнө авсан бараатайгаа л байна.

-Урьд шөнө бараа ирсэн сураг дуулдсан, хаагуур ирсэн юм бол?

-Мэдэхгүй. Энэ хавиар мэдэгдсэн юм алга.

-Та хамгийн сүүлд хэзээ бараа татаж авсан бэ?

-Оны өмнө арванхоёрдугаар сарын дундуур нэг авсан. Тээврийн үнэ нь нэмэгдэж ирсэн барааг зараад ямар ч ашиггүй. Хэцүүхэн байдалтай л байна.

-Одоо таны бараа хэзээ ирэх вэ. Сураг ажиг байна уу?

-Ёстой мэдсэн юм алга. Аль намар өгсөн захиалга ирж дуусаагүй л байна. Арванхоёрдугаар сард ирэхдээ багахан юм ирсэн. Тэр нь тэнгэрт тулсан үнэтэй. Түүнийг нь ашгаа олж авахын тулд нэмж зарахаар хүмүүсийн худалдан авах чадвар ямар байгаа билээ. Өчнөөн сарын өмнөх бараа хэвээрээ л байна. Энэ ард түмэн чинь элгээрээ мөлхөж байна. Үүнийг тэр төр засаг нь мэдэж байгаа ч юмуу. Ойрд харин Цагаан сар болох гээд хөл хөдөлгөөн овоо нэмэгдлээ. Гэхдээ л үнийг нь асуугаад толгой сэгсрээд л буцах юм. Ойрын хэдэн өдөр ганц ч метр хулдаас зарсангүй.

-Тэгээд та түрээс төлбөрөө яаж өгч байна вэ?

-Энд тэндээс өр зээл тавиад өгдөг болсон. Зээлээс зээлийн хооронд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л аргалж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар үнэхээр муудсан. Цаашид яах юм байгаа юм.

Хэцүү л байна шүү гэв.


НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ УЧИР ЭНЭ ЖИЛ ЭРТХЭН ЮМАА БЭЛДЭЭД ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙГЭЭР ГЭРТЭЭ ШИНЭЛНЭ

Хулдаасны тасгаас гараад бэлэн хувцасны лангуунууд руу явлаа. Хүн ч үгүй, бараа ч үгүй лангуунууд олон байв. Худалдан авалт хийхээр явж байгаа иргэн С.Саранчимэгтэй ярилцлаа.


-Та ямар бараа сонирхож явна вэ?

-Цагаан сар болох гээд хүүхдүүддээ шинэ хувцас авах санаатай л явна.

-Санаанд тань таарах зүйл олдож байна уу. Үнэ нь хэр санагдаж байна вэ?

-Үзэж хараад явахаар хөөрхөн юм зөндөө л байна. Хүүхдийн хувцас том хүнийхээсээ үнэтэй юм аа. Манайх ам бүл зургуулаа. Дөрвөн хүүхэдтэй. Жил бүрийн цагаан сараар хүүхдүүдээ өнгөтэй байлгах гээд шинэ хувцас авч өгдөг уламжлалтай. Энэ жил нялх хүүхэдтэй учир эртхэн юмаа бэлдээд гэрээсээ гарахгүй, гэртээ шинэлэх санаатай. Хүний хөл хөдөлгөөн бага дээр дутуу юмаа бэлдээд авъя гэсэн ч мөнгө хүрэхгүй нь. Би уг нь 600 мянган төгрөгтэй гарч ирсэн. Хаанаа ч хүрэхгүй юм байна. Дөрвөн хүүхдэдээ дөрвөн цамц авлаа. Ханьдаа малгай авлаа. Гутал авъя гэсэн ч хүрэх шинжгүй гайхаад л бараа үзээд явж байна.

-Ханиад томуу гадуур их байгаа гэсэн. Та нялх хүүхэдтэй гэхээр болгоомжтой явахгүй бол болохгүй юм байна даа?

-Тийм ээ. Саяхан дунд хүү маань хэд хоног халуураад нөгөө айхавтар өвчнийг авчихсан юм болов уу гэж бодоод айж байсан чинь харин гайгүй өнгөрчихсөн. Ах, дүү нараас нь тусгаарлаад ядаж бусад нь битгий өвдөөсэй л гэж бодогддог юм байна лээ. Уг нь овоо хэдэн төгрөг Цагаан сардаа зориулъя гэж бодож байсан боловч баахан эм тариа аваад, хүүхдээсээ мөнгө харамлаад суултай биш. Эм тариа ч яасан үнэтэй болчихсон юм. Өрхийн эмнэлэг ч олон хүүхэдтэйг мэддэг болохоор аль болох хямдханыг нь бичиж өглөө шүү гэж байсан. Гэтэл очоод автал бараг 200 мянга болсон шүү.

-Та хүүхдүүдээ хараад гэртээ байгаа гэхээр танайх ганц л хүний орлогоор болгож байна уу?

-Тийм ээ. Нөхөр уул уурхайн компанид ажилладаг. Би хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Урьд нь нөхрийн цалин сардаа хангалттай хүрдэг байсан бол одоо хүрэх нь битгий хэл талдаа ч хүрэхээ байх нь. Юмны үнэ аймшигтай нэмэгдэж байна. Ялангуяа өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ тэнгэрт тулсан. Цаашдаа би ч гэсэн ажил хийхгүй бол хүүхдүүдээ удахгүй хоосон хонуулахад хүрэх нь. Олон нялх хүүхэдтэй болохоор гэр хороололд зутруухан байснаас гэж бодоод байр лизингээр авсан. Одоо бөөн өрийн дарамттай л амьдарч байна гэсэн юм.


190 МЯНГААР ИРДЭГ БАЙСАН БАРАА СҮҮЛД 530 МЯНГААР ИРСЭН


Нарантуул захын бэлэн хувцасны тасагт хүмүүс ихээр үйлчлүүлж, цуваа тасрахгүй алив хойшоо, урагшаа, зам тавь, зөрье гэх хүмүүс олон байв. Хүмүүс хоорондын худалдан авалтын яриаг сонсоход “Ямар үнэтэй болчихсон юм бэ буулгах уу, хэдэн төгрөг татна биз дээ. Саяхан л арай хямд байсан. Яагаад нэмэгдэв”. “Доошоо ярих уу, танай бараа нэмж ирээгүй л юм байна шүү дээ. Хуучин үнээрээ зараач. Яагаад нэмээд байгаа юм бэ”, “Бид нэмээгүй ээ. Цаанаас ачиж ирэх тээврийн үнэ хадсан шүү дээ. Сонин уншиж, телевиз үздэггүй юм уу”, “Оны өмнө бараа ирэхдээ нэмэгдээд ирсэн” гэх зэрэг яриа өрнөж байлаа. Гутлын тасаг руу очив. Гутлын наймаа эрхлэгч Х.Чинзориг ярихдаа “Урьд шөнө бараа ирээгүй ээ. Энэ хавиар юм дуулдаагүй. Манайх хамгийн сүүлд арванхоёрдугаар сард бараагаа татсан. Нэг хайрцаг бараа 190 мянгаар ирдэг байсан. Гэтэл сүүлд 530 мянгаар ирсэн. Нэг гутлаас бид 10 мянган төгрөгийн ашиг л гаргаж байна. Ашгаа гаргана гээд үнээ нэмэхээр хүн авахгүй. Хэдэн өдөр хоосон зогсоно. Тэгж байснаас ядаж арван мянган төгрөг ч болтугай гаргаад зарсан нь дээр шүү дээ” гэлээ.

Барааны хэсгээс гараад хүнс, ахуйн бараа зардаг “Баялаг ундраа” төв рүү орлоо. Урд шөнө бараа ирээгүй. Хүмүүс танил талаараа мэр сэр бараа авч байгаа. Гэхдээ тээврийн үнэ нь маш их нэмэгдсэн гэх үгийг л мөн хэлж байв.


ЮМНЫ ҮНЭ НАЙГҮЙ ӨСЧЭЭ. ЭНЭ ЦАГААН САРЫГ ЯАЖ ӨНГӨРӨӨНӨ ДӨӨ

Хүнсний зүйлээ цуглуулж явсан Д.Мягмар гэх эмээтэй ярилцлаа.


-Та ямар худалдан авалт хийв. Үнэ нэмэгдсэн байна уу?

-Цагаан сарынхаа юмыг бэлдэх гээд 15 ширхэг “Өгөөж”-ийн ул боов 56 мянгаар авлаа. Юмны үнэ найгүй өсчээ. Энэ Цагаан сарыг яаж өнгөрөөнө дөө.

-Цагаан сарыг гэр бүлийн хэмжээнд цомхон тэмдэглэ гээд байгаа шүү дээ?

-Хөгшин настай хүн чинь хоосон сууж болохгүй шүү дээ. Хүүхдүүд бүгд гадаадад байгаа ч ах дүү, төрөл төрөгсөд ирвэл яах вэ. Жаал жуул юм бэлтгэхгүй бол болохгүй.

-Та тэгээд юмаа бэлдэж амжих нь уу. Ганцаараа, хөгшин настай хүн хэцүү юм аа даа?

-Харин тийм ээ. 10-хан ширхэг хэвийн боовоо дийлэхгүй бага багаар өдөр болгон ирж авч байна. Алив миний хүү үүнийг мөрөн дээр тохоод өгөөч.

-Та одоо ингээд үүрээд харих юм уу?

-Тэгнэ ээ. Хоёр гартаа барихаар гар өвдөөд хол явж чадахгүй, ойр ойрхон амрах хэцүү байдаг юм.

-Та хаана хүрэх вэ. Би таныг дөхүүлж өгөх үү?

-Эмээ нь Халдвартын автобусны буудал орно.

-Би ч гэсэн тийшээ явна аа. Тантай хамт явъя гэсээр бид хоёр Нарантуул захаас гарч эмээгийн гэр рүү алхав.

Эмээ одоо 78 настай. Дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд гадаадад амьдардаг. Эмээг хүүхдүүд нь хамт амьдръя гэдэг ч насны эцэст төрсөн нутгаасаа явахгүй. Эх оронгүй хүн биш гэж зөрүүдлэн нутагтаа үлджээ. Гэсэн ч өнөөдрийн нийгмийн байгаа байдал, энэ утаан дунд амьдрах гэж хэрдээ л зүтгэж буй нь илт байв.” “Төрийн минь сүлд өршөөг” хэмээн яриа болгоныхоо төгсгөлд уулга алдах нь залуу хүнд юм бодогдуулахаар. “Төр муу ажиллаж байна уу” гэхэд “Төр муу биш ээ. Дарга нар л муу байна” хэмээн хариулсан нь сэтгэл дотор нэгийг бодогдуулан үлдээв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Ганбаатар: Монголын Засгийн газрыг дорд үзэж өөрсдийгөө дээрэмчин гэж итгэсэн Рио Тинтогийн саналуудаас алийг нь ч хүлээж авах боломжгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Оюу толгойн хөрөнгө оруулалттай холбоотой Монгол Улсын Засгийн газар, Рион тинто компанийн хоорондох хэлэлцээрийн явц ямар байна вэ. Ажлын хэсгийн гишүүний хувьд шинэ мэдээлэл өгөхгүй юү?

-“Рио Тинто” хөрөнгө оруулагч биш зээл зуучлагч болсон. Бид зэсийн баяжмалыг нэг тонн нь 4200 ам.доллар байхад гэрээ хийж байсан бол одоо 10000 ам.доллар давчихсан.

Цаашид 20000 ам.долларт хүрнэ гэж байгаа энэ баялгаараа ажилгүйдэл, ядуурлаа л байхгүй болгомоор байна. 2037 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй хэвээр байна. Тэглэсэн гэх 2.3 тэрбум ам.доллар нь Оюу толгойн өрийг нэг төгрөгөөр ч бууруулахгүй гэсэн судлаач, эрдэмтдийн судалгаа бий.

Өнөөдөр “Рио Тинто” өнгөрсөн 10 жилийн хугацаанд анх удаа Монголын Засгийн газрын өмнө хүлээцтэй буулт хийж хандаж байгаа гэдэг бол тун чухал асуудал. Энэ нь Монголын Засгийн газар арбитрийн шүүх дээр ялах том давуу тал үүссэн гэдгийн баталгаа юм. Монголын Засгийн газар “Рио Тинто”-той байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ нь “авилгын гэрээ” болсон гэсэн үндэслэлээр таван улсын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ сөрөг нэхэмжлэлээр Монголын талд давуу байдал үүсч байгаа. Нотлох баримтууд нь хангалттай байгаа гэж үзэж байна. Энэ утгаараа хэлэлцээрийн явцад Монголын Засгийн газар давамгай байдалтайгаар, Монголын талд ашигтай байдалтайгаар асуудлыг шийднэ гэж би ойлгож байгаа.

-Одоогоос нэг сарын өмнө Рио Тинто, Туркойз Хилл компанийн удирдлагууд манай Ерөнхий сайдад таван санал ирүүлсэн. Та энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-“Рио Тинто” урагшаа 100 алхаж, хойшоо ганцхан алхаж байна! Эцсийн эцэст хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нь чухал. Монголын Засгийн газар, ард түмний өмнө буулт хийж байгаа нь олон жилийн, олон хүний хөдөлмөр. Харин “Рио Тинто” буулт хийж байгаа нэрийдлээр бас л хуурчих вий. Нэгдүгээрт, Монголын талын 34 хувьд ногдох өрнөөс 2.3 тэрбум ам.долларыг тэглэе гэсэн ч “Рио Тинто”-гоос ирүүлсэн нарийвчилсан тооцоо огт өөрчлөгдөхгүй, ирээдүйд бий болох 23 тэрбум ам.долларыг та нар төлөх хэвээрээ шүү гэсэн санаа. Хоёрдугаарт, Дубайн гэрээг угаасаа цуцлахаас өөр аргагүй. Энэ луйвар байсан. Дубайн гэрээн дээр заасан олон луйврыг нөхөн төлүүлж, хохиролгүй болгох хэрэгтэй. Үүнийг байгуулсан Монголын болон гадаадын хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Дубайн гэрээг хийснээс үүссэн хор хохирлыг Монголын ард түмэн үүрнэ. Тиймээс энэ хохирлыг арилгах ёстой. Гуравдугаарт, далд уурхайн төслийн санхүүжилтэд аудит оруулна гэдэг бол ямар ч гэрээнд байдаг л зүйл. Наад захын гэрээнд байдаг асуудлыг “Рио Тинто” харж үзэж оруулж байна. Ийм дэмий юм ярилгүй Монголын талын ТУЗ-ийг хяналт тавих эрхтэй болгооч ээ. Бид хяналт тавьдаг баймаар байна. Хяналтгүй хүч бол үхэл гэдэг. 600 тэрбум ам.долларын баялгийг захиран зарцуулахад Монголын тал ямар ч хяналт тавьж чадахгүй байна гэдэг бол өр гэсэн үг. Тиймээс хяналттай байх ёстой. Дөрөвт, далд уурхайн хөрөнгө оруулалтыг 100 хувь “Рио Тинто” хариуцна гэсэн байна. Гэтэл Монголын тал 34 хувийн өрийг хариуцаж байгаа. 100 хувь буруу хөрөнгө оруулалтаас бид дараа нь 100 хувь алт, зэсээрээ төлдөг. Тавд, Оюу толгой, далд уурхайн төслийн хяналтыг сайжруулна гэж байна. Дандаа ийм ерөнхий санал тавьдаг. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын гэрээнд л өөрчлөлт оруулах ёстой. Хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг ийм зүйлээр хуурахгүй шүү. Сөрөг нэхэмжлэл бол бид 600 тэрбум ам.долларын баялагтаа дахиад эзэн байж, “Рио Тинто”-той дахин хэлэлцээрт орох боломжийг олж авах гарц. Та нар урагшаа 100 алхаж, хойшоо ганцхан алхаж байна.

-Нөгөөтэйгүүр Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг буулт хийлээ гэж нийгэм дүгнэж байгаа. Тэд яагаад ийм саналууд ирүүлэх болов гэсэн асуултын тэмдэг бий?

-Арбитрын шүүх дээр Монголын Засгийн газар ялах бүрэн үндэслэлтэй болсон. Монголын Засгийн газарт, төрийн өндөрлөгүүдэд авлига өгч байж Оюу толгойн гэрээ байгуулагдсан гэсэн Монголын Засгийн газрын сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй учраас тэд буулт хийж байна. “Рио Тинто” авлигаа дарагдуулах гэж, Монгол Улсыг дуугүй болгох нэг удаагийн хариу төлбөр гэж ойлгож болно.

-Захидалдаа арбитрийн маргааныг зургаан сар түдгэлзүүлж өгнө үү гэсэн байсан шүү дээ. Энэ шүүхийн асуудал ямар шатандаа яваа бол?

-Энэ бол дахиж олдохгүй боломж, үүнийг зогсоож болохгүй. Арбитрын шүүх дээр Монголын тал ялах бүрэн үндэслэлтэй байгаа. Зургаан сараар түдгэлзүүлж өгнө үү гэсэн асуудал дээр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөхдөө энэ тухай огт ярих үндэслэлгүй. Зургаан сар битгий хэл нэг өдөр ч түдгэлзүүлж болохгүйгээр асуудлыг Монголын талд шийдвэрлэж өгнө үү гэдэг хүсэлтийг Засгийн газар гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Хөрөнгө оруулагчид захидалдаа нэг зүйлийг онцолсон байсан шүү дээ. Энэ бол эцсийн санал, үүнээс өөр боломж байхгүй. Хэрэв татгалзвал аманд орсон шар тосыг хэлээрээ түлхсэн болох мэт тайлбарыг дагалдуулсан харагдсан?

-Ингэж Монгол Улсыг доромжилж болохгүй гэдгийг байн байн илэрхийлж байгаа. Тэд өөрсдийгөө мэргэшсэн дээрэмчин, биднийг тэнэг гэж бодоод байна. Монголын улстөрчид бүгдээрээ биеэ үнэлэгч, Рио тинтод бараа шахаж байвал хорвоо дэлхий хамаагүй гэж эх орноо боддоггүй муу хүмүүс биш ээ. УИХ-ын олонх гишүүд эх орондоо хайртай. Үүнийгээ ч сая УИХ-ын тогтоолоор баталлаа. Харин тэд Арбитрын шүүх дээр ялагдаж, гэрээг цоо шинээр Монголын талд ашигтай байдлаар шийдүүлэх нөхцөл үүссэн гэдгээс л айж байгаа. Хэрвээ бид татгалзвал, тэд татгалзвал арбитрийн шүүх дээр сөрөг нэхэмжлэлээр Монголын тал ялна гэдэгт би итгэж байна.

-Ерөнхий сайд, УИХ-ын түр хороо хамтран Рио Тинтогийн ирүүлсэн захидлыг нийгэмд задалсан нь тэдний саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мессэжийг өгөх шиг болсон…?

-Би тэгж бодохгүй байна. Рио тинтогоос ирсэн санал бүрийг Ерөнхий сайд, УИХ-ын түр хороо ард түмэндээ зарлаж ард түмний нэрийн өмнөөс шийдэж байгаа. Яагаад гэвэл Оюу толгойн баялаг бол УИХ-ын гишүүдийн хувийн өмч биш. Ерөнхий сайдын хувийн өмч биш. Монголын ард түмэн, тэр дундаа өнөөдөр төрөөгүй байгаа олон монголчуудын өмч. Тэд эзэн нь. Тэд эзэндээ ийм захидал ирлээ. Би яаж хариулах вэ гэж хариулж байгаа явцаа үргэлж нээлттэй илэрхийлж байх ёстой. Тэр утгаараа задалж мэдэгдсэн гэж би ойлгож байгаа.

-Рио Тинтогийн саналуудыг ажлын хэсгийн түвшинд харилцан зөвшилцөж чадвал нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн гэдгээ хөрөнгө оруулагчид оны өмнө илэрхийлсэн. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар далд уурхайн улаар огтлох олборлолт нэгэнт эхэлбэл зогсолтгүй үргэлжилнэ гэж байсан?

-2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа Рио тинто болон хөрөнгө оруулалтын талд энэ уурхайг далд болон ил уурхайг ашиглалтад оруулна гэж амласан тэр амлалтандаа хүрч чадахгүй байгаа.

Өнөөдөр тэр амлалтаа биелүүлэхийн тулд биднийг шахаанд оруулж боймолсон байдалтай хандаж л байвал хөрөнгө оруулагчид луйварчид болсон байна гэдгээ тодорхой болгож байна.

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн явц гадаадын хөрөнгө оруулагчдад ямар мессэж өгч байгаа бол?

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн явц гадаадын хөрөнгө оруулагчдад маш том дохио өгч байгаа. Монголын улстөрчид, Монголын ард түмэн бол зарим Африкийн орнууд шиг авлигад идэгдсэн, эх орноосоо урвагч улстөрчидтэй өөдгүй, амиа бодсон ард түмэн биш юм байна гэдгийг харуулж байгаа. Монголын ард түмэн, улстөрчдийг бүү басамжил, бүү доромжил! Бид мэдлэгтэй, бид туршлагатай. Эрдэнэт гэсэн зэсийн уурхайтай. Уул уурхай хөгжсөн орон гэдгийг нотолж байгаа. Дэлхий Монгол орныг увайгүй Нигер шиг авлигад идэгдсэн гэдгээр биш ардчилалтай, эх орондоо хайртай, мэргэшсэн, мэдлэгтэй ард түмэн байна гэж дүгнээсэй гэж хөрөнгө оруулагчдад, бусад дэлхийн улс орнуудад нэр төртэйгөөр бид дуулгаж байгаа явдал юм.

-Зарим шинжээчид Рио Тинтогийн саналыг хүлээгээд авчихвал манай улс болон хөрөнгө оруулагчид хамтаар хожино гэж харж байгаа юм билээ…

-Олон жил хөрөнгө оруулагчдад бид дээрэлхүүлж, тэдний тавьсан санал болгонд буулт хийсээр байгаад 600 тэрбум ам.долларын баялгаа өгөөд дээр нь 23 тэрбум ам.долларын өртэй болсон. Энэ бол үе үеийн хөрөнгө оруулагчдын шаардлаганд буулт хийвэл сайн шүү гэж тархи угаадаг Рио тинтогийн захиалгат нийтлэг луйварчдын хийсэн ажлын үр дүн юм.

Бид баялгаа өгөөд ядууралгүй баймаар байна. Ажлын байртай болмоор байна гэдгээ тулгаж шаардаж байгаа нь Монголын эрх ашиг юм. Тэдний тулган шаардалт болгонд үг дуугүй бууж өгөх нь эх орноосоо урваж байна гэсэн үг. Үндсэн хуульд иргэний эрх үүрэгт “эх оронч байх” гэдэг үг байгаа шүү. Өөрийнхөө нэр төрийг гутаалган байж, үнэний төлөө зогсоно гэдэг бол эх оронч байгаагийн нэгдүгээр илэрхийлэл гэж би хувьдаа итгэж энэ 20-иод жил түмний төлөө дуугарлаа.

-Таны зүгээс гэрээнд өөрчлөлт оруулах ямар хувилбарууд дэвшүүлж байгаа вэ?

-Нэгдүгээрт, би 27 зүйл заалттай хувилбарыг 2005, 2007, 2009 онуудад гэрээ байгуулагдахаас өмнө Төрийн гурван өндөрлөгт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын газарт хүргүүлж байсан. 34 хувийг өөрчлөн роялти руу шилжүүлж 15-20 хувийн роялтигаа нэмэх нь миний чин хүсэл юм. Хоёрдугаарт, ТУЗ-ийн гурван гишүүнийг амралтад явдаг мануухай шиг байлгалгүйгээр Монголын тал хөрөнгө оруулалтын зарцуулалт, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, төслийн бүх үйл ажиллагаанд хяналт тавьдаг болгомоор байна. Манайх одоо ямар ч хяналтгүй байгаа. Гуравт, менежмэнтийн зардал гэж луйвар. Мөн хувь нийлүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээнд менежмэнтийн зардал, 34 хувийг жилийн 10 орчим хувийн хүүтэй зээлээр явж байгаа энэ луйвруудаа зогсоо гэсэн саналуудыг бид удаа дараа тавьж байгаа.

Монгол Улс төв Ази дундах Африкийн нэг жижиг хэлтэрхий болж түүхэнд бичигдэхэд дөхөж байна. 50 жилийн дараах монголчууд өнөөдрийн амьдарч байгаа Монголчуудыг хараана шүү. Амиа бодсон, арчаагүй, биеэ үнэлэгч улстөрчидтэй гэж хараалгахгүйн тулд өнөөдөр энэ гэрээг өөрчилж Монголд ашигтай болгох хэрэгтэй. Монгол оронд ажлын байр хэрэгтэй байна. Монгол орон өргүй баймаар байна. Ажилгүйдлээ бид шийдмээр байна. Ядуурлаа бууруулмаар байна. Энэ бол гэрээний туйлын зорилго. Гэрээ байгуулсан хэдэн луйварчин улстөрчид хагартлаа баяжина гэж энэ гэрээг байгуулаагүй.