Categories
амьдралын-өнгө мэдээ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ: Энэ онд Бат-Өлзий, Хужирт сумыг хатуу хучилттай замаар холбоно

Улсын чанартай авто зам дагуух сумдыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлэхээр аймгийн бодлогын баримт бичгүүдэд тусгасан.

Энэ хүрээнд Өвөрхангай Есөнзүйл, Хайрхандулаан сумыг хатуу хучилттай авто замаар холбох зураг төсвийг 90 хувь, “Арвайхээр-Хужирт-Бат-Өлзий”, “Чойр-Мандалговь-Арвайхээр” авто замуудыг шинээр барих зураг төсвийг 65 хувийн гүйцэтгэлтэй хийж байна.

2022 оны улсын төсөвт Бат-Өлзий, Хужирт сумыг холбох 49 км хатуу хучилттай автозамыг барихаар 51.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ.

Цаашид Бүрд, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Тарагт сумыг хатуу хучилттай авто замаар холбох, “Арвайхээр-Хужирт-Бат-Өлзий”, “Хужирт-Төвхөн хийд-Улаан цутгалан”, “Арвайхээр-Баянгол-Сайхан Овоо-Цогт овоо”, “Арвайхээр-Гурван тэс-Шивээхүрэн”, “Чойр-Мандалговь-Арвайхээр”-ийг холбосон авто замыг 2024 он хүртэлх хугацаанд барихаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдийн 50.4 хувь нь III тунд, 2.5 хувь нь IV тунд хамрагдаад байна

Өчигдөр нийслэлд вакцины I тунд 36, II тунд 54, III тунд 1303, IV тунд 1778, нийт 3171 иргэнийг хамрууллаа.

Иргэдэд вакцин тарьж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хүн амын 75.1 хувь нь I тунд, 71.9 хувь нь II тунд, 50.4 хувь нь III тунд, 2.5 хувь нь нэмэлт IV тунг тариулаад байна.

Зорилтот бүлгийн буюу 3024 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.445 (77.0 хувь), 16-17 насны 26.989 (79.6 хувь) хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсаныг УОК-ын Шуурхай штаб мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Цунамигийн аюулын улмаас 210 мянга орчим хүн нүүх заавар авчээ

Цунамигийн аюулын улмаас Японы 210 мянга орчим иргэн орон нутгийн эрх баригчдаас нүүх заавар авсан тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ.

Уг заавар нь зүүн хойд Аомори, Иватэ, Мияги мужууд, зүүн Чиба, баруун Кочи, мөн баруун өмнөд Миязаки, Кагошима мужийн хэд хэдэн хотын оршин суугчдад хамаарна. Эдгээр мужууд нь Номхон далайн эрэгт байрладаг. Эргийн бүс нутгуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлахыг хүсэж байна.

Түүнчлэн байгалийн гамшигт өртөж болзошгүй бүс нутагт буух, хөөрөх дотоодын 27 нислэгийг цуцалжээ.

Кочи мужийн боомтуудад усны түвшин огцом нэмэгдсэний улмаас 10 орчим хөлөг онгоц хөмөрчээ. Хөлөг онгоцууд дээр хүмүүс байгаагүй байна.

Японы Үндэсний цаг уурын алба Тонгагийн вант улсад усан доорх галт уул дэлбэрч эхэлсэнтэй холбогдуулан бямба гаргаас ням гарагт шилжих шөнө цунамигийн аюулын түгшүүр зарлажээ.

Тус алба өмнө нь 3 метр хүртэл өндөр цунами болох аюулын талаар сэрэмжлүүлэг гаргажээ. Зарим бүс нутагт нэг метр орчим өндөр давлагаа бүртгэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Бээжинд “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрчээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өвлийн Олимпын наадам эхлэхээс гурван долоо хоногийн өмнө буюу бямба гарагт коронавирусийн “омикрон” хувилбарын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай “The Guardian” мэдээлжээ.

Халдвар авсан хүн Хайдян дүүрэгт ажиллаж, амьдардаг бөгөөд баасан гарагт шинжилгээ өгөхөөс өмнө пүрэв гарагт шинж тэмдэг илэрч эхэлсэн гэж мэдэгджээ. Өвчтөн сүүлийн 14 хоногт халдварын батлагдсан өөр тохиолдолтой хавьтал болоогүй, хотоос гадагш зорчоогүй болохыг онцолсон байна.

Гэсэн хэдий ч өвчтөнтэй хамт амьдардаг хоёр хүний коронавирусийн шинжилгээ сөрөг гарсан байна. Халдвар авсан хүнтэй ойр харилцсан 15 хүнийг тусгаарлажээ.

Хайдян дүүргийн удирдлагууд мөн өвчтөнтэй ямар нэг байдлаар холбогдсон 2000 гаруй хүнээс шинжилгээ авсан байна.

Албан ёсны мэдээлэлд дурдсанаар, халдвар авсан хүн өмнө нь худалдааны төв, кафе зэрэг олон нийтийн хэд хэдэн газраар үйлчлүүлж, ток шоу хүртэл үзжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас төрийн алба хаагчдын 50 хувь нь гэрээсээ цахимаар ажиллана


“Covid-19”-ийн омикрон хувилбарын тархалт дотоодод эрчимтэй тархаж байна. Өдөрт илрэх халдварын тоо өсөн, 2000-ыг даваад буй. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цөөнгүй аймаг Цагаан сарын баярыг өнжихөө мэдэгдээд байгаа. Тэгвэл ирэх даваа гаригаас буюу 17-ноос төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь цахимаар ажиллуулж, долоо хоногийн хугацаатай ээлжлүүлэхээр болсон байна.

Мөн 0-5 хүртэл насны хүүхэдтэй, төрийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг цагаан сарын баяр өнгөртөл гэрээс нь цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ.

Төрийн албан хаагчдыг насны байдлаар нь авч үзвэл 60-аас дээш насны 1638, 56-60 насны 8408, 51-55 насны 19513, 46-50 насны 24282, 41-45 насны 26949, 36-40 насны 29423, 31-35 насны 36043, 26-30 насны 33357, 21-25 насны 17143, 20 хүртэлх насны 1707 төрийн албан хаагч ажиллаж байна гэж Төрийн албан хаагчдын 2019 оны бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайланд дурдсан байна.

Categories
мэдээ спорт

“King tug” Н.Төгсцогтын тулаан ирэх бямба гаригт болно

Монгол Улсын гавьяат тамирчин Т Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа АНУ-ын боксчин, энэ жил 29 настай Виктор “Vicious” Пасильястай хийх гэж байна.

Тулаан энэ сарын 22-нд буюу ирэх бямба гарагт болох товтой байна.

Тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, “Borgata Hotel & Casino” цогцолборт болох учиртай. Энэ үдшийн Co-main event юм.

Мөн тус өдрийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.


2022 оны 01 сарын 16-ны 20 цагаас 01 сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар ялимгүй цас орно. Өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ, нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 31-36 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.


2022 оны 01 дүгээр сарын 18-наас 2022 оны 01 дүгээр сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Электрон тамхины найрлага дахь бодисууд

Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгээс электрон тамхинд буюу түүний шингэнд агуулагдах бодисуудыг нэрлэжээ.

Үүнд тулгуурлан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас электрон тамхины агууламжийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа.Үүнд:

  • Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.
  • Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл
  • Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  • Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.
  • Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл
  • Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис
  • Хүнд металууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт
  • Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт матал
  • Ultrafine – амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Автомашинууд мөргөлдсөн осолд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн Баянгол дүүргийн II хороо Чингүүнжавын гудамж, Gem mall төвийн зүүн замд энэ сарын 7-8-нд шилжих шөнө Mercedes benz G-500, Toyota Wish маркийн автомашинууд мөргөлдсөн гомдол, мэдээллийг шалгав

Улмаар Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 г, 10.1 гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн хэрэг нээн Баянгол дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;

10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх
10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы ирэх долоо хоногт /2022.01.18/ хуралдах нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00

· “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 5 гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/

· “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хаалт