АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-Ардчилсан намд үүсээд байгаа болон АН-ын бүлэгт үүсээд байгаа асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Ардчилсан нам болоод АН-ын бүлэгт үүсээд байгаа асуудал бол Дээд шүүх, АН-ын зарим нэг гишүүн, АН-ын бүлгийн зарим гишүүдийн хууль, дүрмээ дагаж мөрддөггүйтэй л холбоотой асуудал. Тэднийг санаатай болон санамсаргүй байдлаар хууль, дүрмийг дагаж мөрдөхгүй байхад нөлөөлдөг гадна дотны хүмүүсийн нөлөө ч бас бий.
-Энэ удаагийн парламентад АН-аас сонгогдож орж ирсэн гишүүд анх бүлэг байгуулахдаа нэг цул байсан биз дээ. Гэтэл одоо яагаад дотооддоо хуваагдах болчихов?
-Зарим нэг хүмүүс АН-ын бүлгийн гишүүд хоорондоо уулзаж, ярилцаад учир зүгээ олчихож болдоггүй юм уу хэмээн асуудлыг амархан шийдчих юм шиг ярьдаг.
Мэдээж үл ойлголцол гарсан бол дотооддоо ярилцаад учраа ололцдог байх нь зүйн хэрэг. Гэхдээ бидний дунд үүсээд байгаа асуудал бол хууль, дүрмийн хүрээнд шийдэгдэх асуудал. Учир нь хоёр хүний хооронд үүссэн үл ойлголцлын талаар бид яриагүй шүү дээ. Бүхэл бүтэн нам, УИХ-ын бүлгийн үйл ажиллагааны талаар яригдаж байгаа. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 31.1-т “УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл, бүлэг цаашид бүлэг байгуулж болно” хэмээн заасан. Ардчилсан намаас 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн 76 хүнээс нийт 11 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ингээд дээр дурдсан хуулийн дагуу УИХ-д бүлэг байгуулж, миний биеийг тус бүлгийн даргаар АН-ын албан ёсны дарга С.Эрдэнэ томилсон. УИХ-ын дарга УИХ-ын чуулганы хуралдаанаар АН-ын бүлэг албан ёсоор байгуулагдсан талаар танилцуулж, дарга нь ямар хүн гэдгийг танилцуулах үүрэг хүлээдэг. Энэ үүргээ УИХ-ын дарга Г.Занданшатар гүйцэтгэсэн. АН-ын бүлэгт өөр нам эвслийн гишүүд болон бие даан нэр дэвшсэн гишүүд орох боломж байдаггүй. Мөн АН-ын бүлгээс гарсан гишүүд дахин ямар нэгэн байдлаар бүлэг байгуулах, өөр бүлэгт орохыг хуулиар хориглодог. Тухайлбал, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 31.11-т “УИХ-ын гишүүд хамтран УИХ дахь нам, эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтын аливаа хэлбэр үүсгэхийг хориглоно” хэмээн заасан. Тэгэхээр хэн нэгний захиалгаар хэсэг бүлэг нөхдүүд нэгдээд өөр бүлэг байгаа мэт ойлголт олон нийтэд өгч болохгүй.
-Хэдий тийм ч ийм агуулгатай мэдэгдлүүд ар араасаа хийгээд байхаар дунд нь иргэд төөрөлдөөд байна шүү дээ?
-Тийм л дээ. Тухайлбал, Н.Алтанхуяг гишүүн УИХ-ын чуулган дээр ярьж байна лээ. Энэ талаар бид анхааруулсан. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Хууль бус үйлдэл гаргаснаа Н.Алтанхуяг гишүүн ойлгосон байх. Мөн О.Цогтгэрэл Ардчилсан нам болоод АН-ын бүлгийг төлөөлж байгаа мэтээр яриад байгаа. Тэр ч бүү хэл өөрийгөө Ардчилсан намын дарга хэмээн эрээ цээргүй ярьж байна. Энэ бол ёс зүйн талаасаа ч, хууль зүйн талаасаа ч боломжгүй үйлдэл. Энэ хууль бус үйлдлээ зогсоож, асуудлыг нэг тийш нь болгох байх. Саяхан Улсын дээд шүүхийн шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа. Дээд шүүхийн шийдвэрт О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгэх боломжгүй гэдгийг цагаан дээр хараар тодорхой биччихсэн байна лээ. Нөгөө талаар Ардчилсан намын тамгатай холбоотой асуудлаар Захиргааны хэргийн шүүх дээр маргаан явж байгаа. Гэхдээ өнөөдөр УИХ-ын нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ нэрийг дэвшүүлж, түүнийг нь холбогдох төрийн байгууллагууд хүлээгээд авчихсан нь хууль ёсны нам хаана байгааг хангалттай хэлээд өгсөн. Мөн архивын бичиг баримт дээр үндэслэн цахимд АН-ын даргын нэрийг байршуулах ёстой. Өмнө нь хуулийн дагуу байршуулчих байсан С.Эрдэнийн нэрийг хууль бусаар авч хаячихаад буцаан байршуулахгүй байгаа. Тийм учраас энэ олон үл ойлголцол бий болсон. Дээд шүүх хэн нэгнээс захиалга авч эс үйлдлээрээ ийм нөхцөл байдал үүсгэж, Ардчилсан намыг хэвийн үйл ажиллагаа явуулахад саад тотгор болж байна. Угтаа сонгуулийн үр дүнгээр ялагдал хүлээсэн намын дарга үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, дараагийн даргынхаа сунгааг зарлаж, намын их хурлаа хуралдуулах, намын гишүүдээсээ хууль, дүрмийн дагуу татвар авах ёстой. Данс, Улсын бүтгэлийн гэрчилгээ нь бүгд нэг талдаа л бий. Гэтэл энэ ажлыг нь хийлгэхгүй захиалгаар хэсэг бүлэг нөхдүүд, янз бүрээр АН-ын гишүүд болон иргэдийн тархи толгойг угааж, ойлгомжгүй байдал үүсгэж байна. Ардчилсан намыг төлөөлөх боломжгүй хүмүүсийн бичиг цаасыг Дээд шүүх хүлээн авч асуудлыг өөхшүүлж байна. Энэ мэт асуудлаас улбаалан сүүлийн хоёр жил манай нам хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөлд орж байна. Энэ асуудлууд удахгүй цэгцрэх байх хэмээн итгэж байна.
-Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулган дээр АН бүлгийг ажиллах нөхцөлөөр хангахгүй байгаа талаар яригдсан шүү дээ. Энэ ямар учиртай юм бол?
-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн тавьсан асуултад “УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ дахь АН-ын бүлэг төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын хэрүүл маргаанаа дотроо эцэслэн шийд. Албан тушаалын тэмцлээ ярьж, УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулах хэрэггүй. УИХ хууль тогтоох, хэрэгжилтийг хянан шалгах үүрэгтэй” гэж анхааруулсан. Энэ бүхэн юуг илэрхийлж байна гэхээр хууль тогтоогч УИХ-ын гишүүд нь хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг илтгэж байна. Нөгөө талаас зарим нэг нөхдийн цаана эзэн бий.
-Та бөөрөнхийлөхгүйгээр шууд хэлчихэж болохгүй юм уу?
-Тухайлбал, бие дааж нэр дэвшсэн Н.Алтанхуяг бүх зүйлийг өөрийн бодсон санаснаар байлгах гэж зүтгэж байна. Одоо МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга бий. Энэ хүмүүсийн бодол санаа, дур зоргоор Ардчилсан намыг хөдөлгөх гэж оролдож байна. Үнэний төлөө, зөвийн талд зогссон хүмүүсийг хэлмэгдүүлдэг боллоо. Хэлмэгдсэн иргэдийн төлөө хэн ч дуугарахгүй бол өөрийг нь хэлмэгдэхэд хэн ч дуугарахгүй шүү дээ. Нөгөө талаас намын дүрэм, журмыг биелүүлдэггүй, сахилга хариуцлагагүй, хууль бусаар эрх мэдэлтэй, мөнгөтэй болсон нөхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн тархи толгойг угаадаг танил технологитой. Энэ зарчмаар л явж байна. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрвөл улс орны ирээдүй юу болох вэ. Тийм ч учраас энэ бүхний эсрэг тууштай зогсч байгаа хүмүүсийн нэг нь би.
-Та хашиж байгаа албан тушаал, санаатай болон санамсаргүй хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд баалуулдаг. Хүсээд байгаа албан тушаалыг нь хүссэн хүмүүст нь өгчихөж болдоггүй юм уу?
-Миний бие нэгэнт улстөрчийн амьдралыг сонгож, иргэдийнхээ итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон. Тэр дундаа Ардчилсан намынхаа мянга, мянган сонгогчдын итгэлийг хүлээсэн учраас ямар нэгэн байдлаар няцах, шантрах, хариуцлагаас зугтаах эрх байхгүй. Хүмүүс намайг өнөөдөр ойлгохгүй байж болно. Тэглээ гээд шантрахгүй. Тухайлбал, хэдэн жилийн өмнө Монгол Улс ШХАБ-д элсвэл манай улс хөгжинө хэмээн ярьж байсан. Гэтэл тийм биш байсныг өнөөдөр бүгд ойлгосон. Бид ямар нэгэн цэргийн холбоонд элсэхгүйгээр, тусгаар тогтносон байдлаа хамгаалах нь зүйтэй гэдгийг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Мөн нарийн, өргөн цагираг тавибал танк орж ирж Монголыг эзэлнэ хэмээн хэсэг бүлэг хүмүүс ярихад бүх иргэд итгэчихсэн байсан. Хил гаалийн олон боомттой болбол ууттай элс шиг байгалийн баялгаа гаргаад дуусгачих юм шиг ярьж байсан. Гэтэл өнөөдөр энэ бүхэн буруу байсан нь нотлогдож байна. Бид хил гаалийн асуудлаа шийдэж олон замаар улс орнуудтай харилцаж, экспорт, импорт хийж байж улс нь мөнгөтэй, иргэд нь орлоготой байдаг гэдгийг ойлголоо. Эдгээр асуудлын үнэн чанарыг ойлгодог хүн тухайн үед цөөхөн байсан. Гашуун боловч үнэтэй сургамж авсан байх. Үүнтэй л агаар нэг л асуудал. Нэгэнт улс орон, иргэдийнхээ төлөө зүтгэхээр тангараг өргөсөн, ардчилсан үзлийг дэмждэг хүний хувьд намайг өнөөдөр дийлэнх иргэд ойлгохгүй байх нь сонин биш. Улстөрчдийг дараагийн сонгуульд ялахыг хүсдэг, дараагийн үеэ сайхан амьдруулахыг хүсч бодлого боловсруулдаг хэмээн хоёр ангилдаг.
Хэдийгээр дараагийн үеэ сайхан амьдруулахыг хүсч бодлого боловсруулдаг улстөрчид цөөхөн байдаг боловч би өөрийгөө энэ ангилалд хамруулна. Хариуцлагатай алба хашиж байгаа хүний хувьд өөрт оногдсон ачаагаа үүрэх л болно. Таны хэлж байгаагаар би энэ хугацаанд сайн, муугаараа өчнөөн хэлүүлж ирсэн. Тэр бүхнийг огтхон ч тоодоггүй. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч, үйл хэрэг минь зөв байгаа цагт түүнийгээ иргэдэд ойлгуулах нь дараагийн асуудал. Хүн бүр намайг ойлгох ч албагүй. Гэхдээ би зарим нэг хүмүүс шиг өөрийг нь шүүмжилсэн бүрийг шүүх, цагдаад өгч явсан удаагүй. Ардчилсан үзэл бодолтой хүний хувьд сайн, муугаараа хэлүүлэх үзэгдлийг дэмждэг.
-Манай улсын нийгэм, эдийн засгийн байдал коронавирусийн халдвараас улбаалан сүүлийн хоёр жил хүнд нөхцөлд байна. Энэ үед сөрөг хүчний дуу хоолой чухал байна. Гэтэл та бүхэн улс орны асуудалд анхаарахаас илүүтэй нам, тамга, тэмдгийн асуудалд анхаарсан хэвээр байгаа нь зарим иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Асуудлын гарц шийдэл юу байна вэ?
-Бид үүсээд байгаа асуудлыг аль болох богино хугацаанд нэг талд нь гаргаж, намынхаа үйл ажиллагааг жигдрүүлэх, иргэдийнхээ дуу хоолой болж, УИХ-д үнэмлэхүй олон болсон МАН-ын УИХ дахь үйл ажиллагааг засч залруулах, хууль тогтоомжид олон нийтийн эрх ашгийг хангасан зүйл заалт тусгах, тусгуулах, Засгийн газартай хариуцлага тооцох, энэ талаар санал бодлоо илэрхийлэх гэх мэт олон ажлууд байна. Энэ бүх ажлаа бид тодорхой хэмжээнд хийгээд явж байгаа. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор Ковидын хуулиар халхавчилж Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-аар хянуулахаа больсон. Нөгөө талаар Засгийн газрыг МАН-ын дарга, Ерөнхий сайд толгойлж байна. Бидний ярьдаг нэг намын дарангуйлал хэдий нь бий болчихсон. Сүүлдээ үүнийгээ ил цагаан ярьдаг, хэлдэг, илэрхийлдэг болсон. “Бүх зүйлд иргэд буруутай. Төр засаг, төрийн өндөр дээд албан тушаалтнууд буруугүй” хэмээн энхийн цагаан тагтаа аятай аашилдаг боллоо. Иргэд төрийн бодлогын алдаа завхралд буруугүй. Тэд нэг л зүйлд буруутай байж магадгүй. Иргэд УИХ-д МАН-ыг хэтэрхий олонх болгосондоо буруутай. Манай улс парламентын засаглалтай орон. Харин нэг нам хэт олонх болсноор парламентын засаглалын утгыг алдагдуулж байна. Хариуцлагагүй ажиллаж байгаа Засгийн газарт хариуцлага тооцох талаар удаа дараа ярьж байгаа боловч олонх болсон МАН-ынхан багаа хамгаалаад хөдлөхгүй байна. Хэт олонх болсон МАН-д хариуцлага тооцох асуудал Ардчилсан нам, АН-ын бүлэг, сөрөг хүчний хүлээсэн үүрэг биш л дээ. Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн үүрэг. Үнэхээр иргэдийнхээ амьдралыг бодсон, асуудлыг нь шийдсэн, хөрсөн дээр буусан зөв зүйтэй шийдвэр гаргаж, бодлого хэрэгжүүлж байгаа бол бид бүхэн дэмжиж ажиллана.
-Улстөрчид угтаа үнэт зүйл, үзэл бодлоороо нэгддэг байх. Тэгвэл ихэвчлэн ямар тохиолдолд үнэт зүйл, үзэл бодлоосоо ухарчихдаг юм бол?
-Энэ асуудал хувь хүмүүстэй холбоотой байхаас гадна улс төрийн нөхцөл байдалтай холбоотой. Сүүлийн үед шинээр орж ирж байгаа улстөрчид зүгшрэх, асуудлаа ойлгоход тодорхой хэмжээний цаг хугацаа шаардахыг үгүйсгэхгүй. Ихэнх нь хэн нэгэн даргын цүнх баригч, нутгийн ахын татаасаар гарч ирж байна. Юм бүхэн харагдаж байгаа шигээ биш. Хөшигний ард олон асуудал өрнөдөг гэдгийг иргэд гадарладаг болсон. Би бол биеэ засаад, гэрээ засчихсан хүн. Хувийн хэвшилд олон жил ажилласан. Шилдэг татвар төлөгч байсан хүн. Хууль дүрмээ биелүүлдэг. Наад зах нь эх оронч хэмээн худлаа цээжээ дэлддэг хүмүүсийг бодвол хугацаат цэргийн албаа өөрийн сайн дураар хаасан хүн л дээ. УИХ-ын гишүүд, том дарга нар дотор хугацаат цэргийн алба хаасан хүн цөөхөн. Хэн нэгнээс хараат хүн олон. Миний хувьд тийм зүйл байхгүй учраас өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч. Тэр тусмаа баруун талын төв үзэл буюу хувийн өмч, чөлөөт зах зээл, иргэний нийгэм, олон ургалч үзэл, олон намын систем, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хувь хүний эрхийг дээдэлдэг.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар танай намын хоёр гишүүн ҮХЦ-д гомдол гаргасан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна. Цэцийн шийдвэр гарсны дараа байр сууриа илэрхийлэх нь зүйтэй байх. Өнөөгийн нөхцөл байдалд УИХ-ын гишүүдийн тоо цөөхөн байгаа гэдэгтэй санал нийлж байгаа. Иргэдийн санал бүрэн утгаараа тусгагдаж УИХ-д нөлөөлж чадахгүй байгаа. Монгол Улсын сонгуулийн насны нийт иргэдийн 40 хувьд ч хүрэхгүй иргэдийн саналаар сонгогдсон гишүүд парламентын 80-90 хувийг эзэлж байна. Цаана нь сонгуулийн насны иргэдийн 60 хувийн санал, үзэл бодол гээгдэж байна. Тиймээс порпорцианаль системтэй болох, намуудыг төлөвшүүлэх үзэл бодлыг зүйтэй хэмээн үздэг. Мөн парламентын засаглалтай орон учраас Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог байхыг илүүтэй гэж үздэг. Нөгөө талаас Ардчилсан намаас нэр дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүн МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна. МАН-ын дарга нь Ерөнхий сайдаар ажиллаж байгаа учраас тэр хүн өөрийн хамаарал бүхий гишүүдээр МАН-ын бүхий л муу муухай зүйлийг хийлгэдэг болчихлоо. Ийм увайгүй үйлдэл Ардчилсан намын юм уу, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурь биш гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
-Энэ жилийн төсөв дээр ямар байр суурьтай байна вэ. Тодотгох шаардлагатай гэж үзэж байгаа юу?
-Энэ жилийн болоод өмнөх жилүүдийн төсөвт тодотгол хийх шаардлагатай байсан. Ковидын хуулиар халхавчлаад л өнгөрсөн. Монгол Улсын 2022 оны төсвийн төсөөлөл зүүд зэрэглээ боллоо. Тухайлбал, энэ жил 36 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн боловч ийм хэмжээний нүүрс гаргах ямар ч боломжгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болж байна. Өнгөрөгч онд мөн л 35 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Бодит байдал дээр 16 сая тонн нүүрс гаргасан. Аз болоход нүүрсний зах зээлд супер цикл явагдаж, үнийн дүн нь өндөр байсан учраас багахан гаргасан нүүрснээсээ ахиу орлого олсон. Үнэхээр хил гааль, төмөр зам, авто зам гэх мэт дэд бүтцийн асуудлаа шийдчихсэн байсан бол өнөөдөр монголчуудын амьдрал 2-3 дахин дээшлэх боломжтой байсан. Дэлхийн эдийн засагт нөлөө бүхий БНХАУ-тай хиллэдэг байж ийм арчаагүй байдалтай байгаа нь шившиг. БНХАУ эрх баригчдын бодож байгаа шиг богино хугацаанд хилээ нээхгүй гэдэг нь тодорхой байгаа учраас энэ оны төсөв төсөөлсөн шигээ өөдрөг байхгүй гэдэг нь ойлгомжтой байх.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци хоёр оронтой тоо руу орчихсон, цалин тэтгэвэр нэмэгдээгүй, гурван хүний нэг нь ядуу байгаа энэ үед халамж хавтгайрсан нэрээр шаардлагатай халамжийг хумиж байгаа энэ үед тун удахгүй хоёр хүний нэг нь ядуу болно. Бодит нөхцөл байдал ийм байхад эрх баригчид иргэдийн амьдрал сайжирчихсан гэсэн тооцоолол гаргаж байгаа нь огт худлаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулж хамгийн багадаа 600 мянга төгрөгт хүргэх, тэтгэврийн хэмжээг мөн энэ түвшинд хүргэх хэрэгтэй байгаа талаар Ардчилсан нам, АН-ын бүлэг удаа дараа сануулсаар байгаа. Эрх баригчид судалж байгаа гэдэг ганц үгтэй боллоо. Иргэдийн амьдрал хүнд байна.
П.Батзаяа