Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 2135 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт “Covid-19” халдварын 2135 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 1,344 нь Улаанбаатарт, 791 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

“Covid-19” халдварын шалтгаант хүндрэл, хавсарсан гурван хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8,210 хүн эмчлүүлж байна. Мөн 1,178 хүүхэд, 982 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд Хятадын нүүрс олборлолт түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

Эрчим хүчний хямралд орсон Хятад улс 2021 онд түүхэндээ байгаагүй их хэмжээний нүүрс олборлосон байна. Өнгөрсөн онд тус улс 4.07 тэрбум тонн нүүрс олборлосон нь өмнөх оноос 4.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч болох Хятад улс зөвхөн өнгөрсөн сард 384.67 сая тонн нүүрс олборлосон нь нэг сарын хугацааны дээд үзүүлэлт боллоо. Арваннэгдүгээр сард 370.84 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх дээд үзүүлэлт нь юм.

Өнгөрсөн онд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хомсдол үүссэний улмаас эдийн засагт нь ноцтой хямрал бий болсон юм. Хямралаас яаралтай гарахын тулд эрх баригчид дотоодын нүүрс олборлогчдод бүрэн хүчин чадлаараа ажиллах үүрэг өгч байжээ.

2020 онд цар тахлын улмаас нүүрсний эрэлт дэлхий даяар 4 хувь унасан тухай Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (ОУЭХА) мэдээлж байв.

Харин 2021 онд эдийн засаг сэргэснээр нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэйг тус байгууллага бас урьдчилан тооцоолжээ.

Тухайлбал АНУ, Европын Холбоо 2020 онтой харьцуулахад 20 хувиар илүү эрчим хүчийг өнгөрсөн онд үйлдвэрлэсэн байна. Үүний багагүй хувийг нүүрснээс гаргасан эрчим хүч эзэлж байгаа. Гэхдээ энэ өсөлт нь зөвхөн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй холбоотой бөгөөд 2022 оноос нүүрсний эрэлт багасаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ үргэлжлэн нэмэгдэнэ гэж ОУЭХА тооцоолжээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний кроссфитийн аваргууд тодорлоо

Үндэсний кроссфитийн Аваргууд тодорлоо

Монголын үндэсний кроссфитийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнгөрөгч, бямба ням гарагууд буюу 15, 16-нд Ган спорт цогцолборт амжилттай зохиогдож, аваргуудаа тодрууллаа.

Энэ удаагийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 18 эрэгтэй, 8 эмэгтэй тамирчин нийт 6 төрлөөр өрсөлдлөө. Тамирчид хоёр өдрийн турш усанд сэлэлт, олсонд авиралт, хүндийг өргөлт, турник зэрэг спортын олон төрлийн дасгалуудаар өрсөлдлөө. Кроссфитийн спортын гол онцлог нь хурд хүч, тэсвэр тэвчээр гээд хүний биеийн бүхий л талын өгөгдлийг сорьж, тэсвэр тэвчээрийг шалгаж, өөрөө өөртэйгээ өрсөлдөн ялахад оршдог болох нь харагдаж байлаа.

Эрэгтэйчүүдийн төрөлд Ган кроссфит клубийн тамирчин Н. Цэвэглхасран тэргүүлсэн бол 976 кроссфит клубийн тамирчин Г. Лхагвасүрэн, Ц. Билгүүн нар удаах байруудыг эзэллээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Ган кроссфит клубийн тамирчин Б. Марал-Эрдэнэ тэргүүн байр эзэлж, мөн тус клубийн тамирчин З. Гантунгалаг хоёрдугаар байрт, 976 кроссфит клубийн М. Оюунболор гуравдугаар байрт шалгарлаа.

Тэмцээний ялагчдад Ази тив дэх кроссфитийн албан ёсны хоёр тэмцээний нэг болох Kalis Games-д оролцох эрх олгох юм. Тэмцээний ивээн тэтгэгчээр “Herbalife Nutrition” компани, “Уран ган” групп, “Ган” спорт цогцолбор, Under Armour брэнд ажилласан бөгөөд Herbalife Nutrition компани өөрийн спорт коктейлийн амталгааг явуулж, тамирчидад эрч хүч нэмж байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдэхгүй 7 хоновол нүүрс тээврийн 500 автомашин нэвтрүүлэхэд бэлэн” гэв

Замын-Үүд боомтоор ачаа тээврийн машинуудыг нэвтрүүлж эхэлжээ

Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэгдүгээр сарын 11-наас 16-ны өдрүүдэд 5.2 мянган тонн ачаа татсан. Нийт 301 чингэлэг бүхий ачаа нэвтрүүлж, үүнээс ачаа ачсан 117 тээрийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотын зүг, үлдсэн 27 тээврийн хэрэгсэл орон нутгийн зүг хөдөлжээ.

Замын-Үүд авто замын боомт өнгөрсөн оны аравдугаар сарын 13-наас нэгдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хаалттай байсан ч боомтын үйл ажиллагаа сэргэсэн. Өнгөрсөн долоо хоногт 301 чингэлэг бүхий 5200 орчим тонн ачаа бараа хилээр нэвтэрчээ.

Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 100 автомашин, зэсийн баяжмалын 16 тээврийн хэрэгсэл гарч байгаа аж. Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо “Covid-19”-ийн нөхцөл байдлаас шууд хамаарч буй юм байна.

БНХАУ-ын тал Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдэхгүй долоо хоноход өдөрт нүүрс тээврийн 500 автомашин нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг танилцууллаа

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг танилцуулав

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг өчигдөр ( энэ сарын 17-ны өдөр) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Нямжавын Уртнасанг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Улсын Их Хуралд танилцуулах, хугацааг товлож өгөхийг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

“Өөрөөс нь салж, шинэ амьдрал эхлүүлснээс үхсэн нь дээр” хэмээж эхнэрээ хөнөөжээ

Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ...

Энэ сарын 15-ны өдөр 39 настай эмэгтэй салсан нөхөртөө зодуулж нас барсан байж болзошгүй хэрэг гарсан. Тодруулбал, талийгаачийг салсан нөхөр болох 31 настай М толгойн тус газарт мохоо зүйлээр удаа дараа цохиж, амийг нь хөнөөсөн байдаг.

Сэжигтэн этгээд нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ талийгаачийн гэрт орж, зодсон аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтэн этгээд талийгаачийг шинэ амьдрал эхлүүлэх гэхэд уурласан бөгөөд “оронд нь үх” хэмээн толгой руу нь удаа дараа цохиж, амийг нь хохироосон аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

DNN-ЯРИЛЦЛАГА: Хуурцагт бүтэн цомог багтдаг шиг “Кассета” кино яг л тийм бүтэцтэй

Кино театрын дэлгэцнээ гарч буй шинэхэн уран бүтээл болох “Кассета” киноны гол дүрийн жүжигчин Д.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр “Gangbay хамтлагийн дуучин юм.

“Кассета” УСК-ны хувьд 10 орчим реп battle, дуунаас бүрдэх бөгөөд Монголын анхны реп мюзикль уран бүтээл гэдгээрээ онцлог.


-Монголд анх удаа хип хоп мюзикль кино бүтээлээ. Киноныхоо тухай ярихгүй юу?

Хип хоп мюзикль “Кассета” кино нь бид хоёрын анхны хамтарсан мэргэжлийнхээ дагуу хийсэнуран бүтээл. Монголд анх удаагаа хийгдсэн. Зохиолч, найруулагчаар нь манай хамтлагийн залуу С.Баянмөнх ажиллаж гол дүрийг нь миний бие бүтээсэн.

-Хамгийн түрүүнд киноны нэр сонирхол татаж байна л даа. Яагаад “Кассета” гэж нэрлэх болов?

-Манай кино ерөнхийдөө яг кассета шиг гэсэн үг. Хуурцгийг хөгжимд хийхэд дотор нь бүтэн цомог байдаг шиг кассета кино яг л тийм бүтэцтэй. Гол дүрийн маань эмэгтэйн нэрийг мөн Кассета гэдэг.

-Таны анхны дүр, анхны кино уран бүтээл байсан уу. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Дамдинпүрэвийн Ганбат гэдэг. 1999 онд төрсөн. СУИС-ийг 2020 оны хавар мюзикль театрын жүжигчний мэргэжлээр суралцаж дүүргэсэн. Манай хамтлагийн гишүүн С.Баянмөнх бид хоёр нэг ангид суралцдаг. Тэгээд төгсөх жилдээ цугтаа дуу хийхээр шийдээд “Gangbay” хамтлагаа байгуулж байлаа.

Харин “Кассета” кино миний хувьд анхны кино уран бүтээл, анхны дүр байсан. Баянаагийн хувьд хоёр дахь кино нь байх шүү.

-Кино хэр хугацаанд бүтсэн бэ. Мөн кино багийн хамт олныхоо талаар яривал?

-Ер нь бол 20-25 насны нэг хүсэл зорилготой залуучууд нэгдэж нэг сарын хугацаанд кино бүтээлээ амжилттай дуусгасан. 18 хоногийн турш зураг авалт явагдаж, үлдсэн хоногуудад кино монтажхийгдсэн. Кино багийн хувьд 15 гаруй жүжигчин, ерөнхий болоод туслах гурван найруулагч, арын албыг хариуцаж ажилласан “Халх” продакшны чадварлаг залуустай нийлээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Дашрамд “Халх” продакшныхаа хамт олонд баярлалаа.

-“Кассате” кино бүтсэн түүхээс сонирхуулбал?

-Бид хоёр тамхилах зуураа гадаадынх шиг хип хоп кино хийвэл гээд өдөр нь ярилцаад өнгөрсөн юм. Тэгээд орой нь нөгөө кино чинь ингэвэл яах уу? тэгвэл яах уу? гэж маазарч ярьсаар байгаад сүүлдээ санаа нийлээд киногоо хийхээр болсон. Маргааш өглөө нь Баянаа кино зохиолоо бичиж эхлээд гурав хоногийн дотор дуусгасан. Ер нь кино маань хурдан хугацаанд бүтсэн.

-Кино дүрийн сонголтын хувьд… Олны танил хүмүүсээс оролцон тоглосон хүмүүс бий юү?

-Байгаа. Реппэр Desant, У.Мөнхбагана /реппэр Rookie/, СТА Л.Таванбаяр,
Б.Хосбаяр, СТА П.Мөнх-Од зэрэг олон хүн тоглосон.

-Хэцүү зураг авалт байсан уу?

-Шоронгийн зураг авалтын хэсэг дээр 72 цагийн турш унтаагүй. Түрээсэлсэн заалны хугацаа дөхөөд зураг авалтаа хурдан дуусгах шаардлага гарсан. Тэгээд хүйтэн зааланд нэг ч гадагш гаралгүй 35-уулаа гурав хоносон. Тэр хэсгийн зураг авалт дээр ёстой өдөр шөнөгүй ажилласан даа.

-“Gangbay хамтлагийн дууны клип богино хэмжээний кино шиг байдаг. Кино, клип хоёр хоорондоо хэр ялгаатай байсан бэ?

-Маш их ялгаатай байсан. Клип бол хоорондоо яриад л ингэе, тэгье гээд л санаа нийлж бүтдэг. Кино бол маш олон баг ажиллана. Техт ярих, дэс дараа уялдаа холбоог сайн харуулах, логик алдаагүй гаргах гэх мэтчилэн олон зүйлээрээ ялгаатай.

-Уг киногоор дамжуулж нийгэмд ямар мессэж өгөхийг зорив?

-Манай үеийн залуучуудын дийлэнх нь хар тамхийг сонирхож зарим нь хэрэглэж байна. Тэр зүйлээс огтхон ч айхгүй байна. Монголд зөвшөөрөх ёстой гэсэн буруу хандлагыг төрүүлж байна. Монгол, тэр тусмаа Улаанбаатар бол жижиг хот. Хүн ам цөөн улсад тэр хорыг зөвшөөрчихвөл гэмт хэрэг ихсэж нийгэм тэр чигтээ муу муухай болж хувирна. Монгол Улсад хар тамхийг зөвшөөрсөн ч хүмүүс ухамсартай хэрэглэж чадахгүй. Хар тамхинаас болж алдаж, аавын хаалга татсан олон залуучууд байна. Тиймээс биднийг сонсож байгаа залуус, дүү нартаа битгий энэ хорыг хэрэглээрэй гэж сануулж сэргийлэх үүднээс энэхүү сэдвийг хөндсөн юм.

-Дэлгэцийн уран бүтээлийг яагаад сонирхов. Танай хамтлаг дахиж кино хийх үү?

-Миний хувьд зөвхөн дуугаа дуулаад явах хүсэлтэй байсан ч Баянаа маань кино урлаг тал руу сонирхолтой. Найзынхаа хүсэл сонирхлыг дэмжээд мөн өөрсдийгөө өөр зүйлд сорьж, хөгжүүлж үзэхийн тулд кино хийж, дүр бүтээж үзлээ. Тэр маань ч амжилттай боллоо. Дараагийн дэлгэцийн уран бүтээлийн ажилдаа орсон. Баянаа маань зохиолыг нь бичиж, ерөнхий найруулагчаар ажиллана.Би мөн адил гол дүр бүтээж байгаа.

-Хамтлагийн уран бүтээлийн талаар яриагаа үргэлжлүүлье. Шинэ дуу, уран бүтээл гарахад хэр их догдлол, айдастай байдаг вэ?

-Айдастай байх үе их байсан. Одоо бол айдас гэхээсээ илүү догдолсон сэтгэлээр шинэ уран бүтээлүүдээ цацдаг. Учир нь бүх зүйлээ зориулж чин сэтгэлээсээ ажиллаж, хийж бүтээж байгаа учир юунаас нь айхав дээ гэж бодох болсон.

-Баянаа та хоёр хамт амьдардаг гэж байсан. Өөрсдөдөө тохиолдсон хөгжилтэй явдал, дурсамжаасаа хуваалцаач?

-Бид хоёр цуг амьдардаг л даа. Тэгээд амьтан тэжээе гэж ярилцаад Баянаа нэг нохой, би нэг муур авч тэжээсэн. Тэгсэн нөгөө хоёрыгоо сайн тэжээж чадахгүй өлсгөөд би муураа хүнд өгөөд, нохойтойгоо үлдлээ. Тэгсэн нохойгоо салхилуулж амжихгүй явсаар нохой маань рахит тусаад хойд хоёр хөл нь явахаа болиод буцааж эзэнд нь аваачиж өгсөн. Харин муур маань байрны хогийн цэг дээр мангар тарган болчихсон явж байна лээ. Уг нь тэр охин миний муурыг маш сайн тэжээнэ гээд авсан юм(инээв).

Амьтанд хайртай сонирхолтой хүмүүст хандаж хэлэхэд маш сайн судалж, сургаж тэжээхгүй бол арчилгаа их хэцүү юм байна лээ шүү. Өөрсдөө тэжээж үзээд мэдэрлээ.\

М.Сайнзаяа

Categories
мэдээ нийгэм

 Өнөөдөр 8700 иргэнийг дархлаажуулалтад хамрууулна

Нийслэлийн хэмжээнд өчигдөрийн байдлаар I тунд 97, II тунд 108, III тунд 2,606, IV тунд 3,641 буюу нийт 6,452 иргэнийг дархлаажуулалтад хамрагдсан байна.

Харин өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 159, түр 2 цэгт 161 багийн 752 эмч, ажилтан ажиллаж, 8700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 3.3 хувь байна.

Мөн зорилтот бүлгийн буюу 3,025 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,459 (77 хувь), 16-17 насны 26,999 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Цэгүүдийн байршил:

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт коронавирусийн тархалт улаан түвшинд хүрчээ

Архангай аймагт сүүлийн 7 хоногийн хугацаанд нийт 590 шинжилгээ хийснээс 13.7 хувьд нь эерэг гарч өмнөх 7 хоногоос 6.1 хувиар өссөн байна. Мөн сүүлийн 7 хоногт коронавируст халдварын нас баралт 1 бүртгэгдэн, нийт нас баралт 40 болжээ.

Коронавируст халдварын тархалтын үе шатны үнэлгээгээр:

Нийт батлагдсан тохиолдол – 13077

Сүүлийн 7 хоногт 1260 шинжилгээ хийснээс бүртгэгдсэн шинэ тохиолдол 167 болов.

Тархалтын түвшин өмнөх 7 хоногт шар байсан бол энэ 7 хоногт улаан түвшинд шилжжээ.

-5 сум улаан /хүн амын дунд халдвар өргөн тархсан/ түвшинд,

-4 сум улбар шар /хэсэг бүлэг хүн амын дунд халдвар тархсан/ түвшинд,

-5 сум шар /хүн амын дунд халдвар алаг цоог тархсан/ түвшинд,

-5 сум ногоон /хүн амын дунд 4 долоо хоногоос дээш хугацаанд халдвар бүртгэгдээгүй/ түвшинд байна.

Аймгийн дүнгээр улаан түвшинд буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан байна.

Categories
гадаад мэдээ

Баруун Казахстан гэх “Нефть нэмсэн дарьтай торх”

Энэ сарын 14-нд https://tayga.info/175138 сайт дээр нийтлэгдсэн “Западный Казахстан. Пороховая бочка с нефтью” нийтлэлийг товчлон орчуулж байна.

Өнөөдөр Баруун Казахстан Актюбинская, Атырауская (ЗХУ-ынхаар Гурьевийн), Мангистауская (хуучнаар Мангышлакын) Баруун Казахстаны (хуучнаар Уралын) гэсэн бие даасан таван мужаас бүрддэг. Хүн ам нь 1989 онд 2.122 сая байсан бол 2021 онд 2.942 болж өссөн. ЗХУ-ын үед Баруун Казахстанд оросууд хүн амын 3/1-ийг эзэлж байсан бол эдүгээ хөрш Атыраускын мужид хүн амын 6% болж буйгаас ч цөөн оросууд энд амьдардаг болсон учраас казак хүн ам эрс өссөн гэж болно. Энэ муж нь хүн амаараа улсдаа дунджид орох Актобе (513 мянга), Атырау (291 мянга), Уральск (234 мянга), Актау (194 мянга), Жанаозен (110 мянга) Кульсары (60 мянга) гэсэн хотуудтай. Өнөөдөр Актобе нь Казахстаны дөрөв дэх том хот юм. ЗХУ-ын үед Мангышлакский мужийн хүн амын бараг тал хувь нь оросууд байсан бол одоо энэ мужийн 91%, Кызылординскийн 96%, Атырауск 93%, Актюбинскийн 83%, Баруун Казахстан мужийн 77% нь казахууд болоод байна.

Баруун Казахстанд энэ улсын нефтийн гол үйлдвэрлэл орщдог. Энэ муж 2019 оны байдлаар улсынхаа эдийн засгийн 27%-ийг нефтийн үйлдвэрлэлээс бүрдүүлсэн байна. Ерөөс Казахстаны бүх уул уурхайн ¾ нь энэ мужид хамаарч улсынхаа нийт эдийн засгийн 45% -ийг бүрдүүлдэг. Энэ мужийн олж буй орлогыг хүн амд нь хуваавал жилийн ДНБ-ээр Итали болон Арабын Нэгдсэн Эмират улсын хооронд зогсдог. Энэ бол хэмжээгүй их баялаг гэсэн үг. Энгийн үгээр энэ мужийн жилийн орлого Узбекистан болон Беларусийн олж буйтай тэнцдэг бол Туркменистан, Азербайджанаас 20%, харин Киргиз болон Тажикистаныг нийлүүлснээс 3,5 дахин их орлого олдог юм. Актау нисэх буудал нь улсдаа томоороо гуравт ордог бөгөөд Атырау нисэх буудалтай нийлбэл жилд 1 сая зорчигч хүлээн авдаг. Энэ бүхэн дээр бүр социализмын үеэс цус урсган тэмцэж ирсэн арвин туршлагатай, Казахстан даяар эсэргүүцэл эхлүүлж жагссан иргэдтэйгээ цагдаа, цэргийнхэн нь нэгдэж ямар ч эмх замбараагүй байдал гаргаагүй, эрх баригчдаас чөлөөт сонгууль явуулж төр, засгаа цоо шинээр байгуулахыг шаардаж байгааг нэмэхээр Баруун Казахстан бол яах аргагүй эрх баригчдын хувьд “Нефть нэмсэн дарьтай торх” мөн.

Учир нь ерөнхий сайд, сайд, банкны тэргүүн байж байгаад Англи, Франц,Турк зэрэг гадаад улсад зугтан гарсан өөрсдийгөө сөрөг хүчний удирдагч гээд байгаа хүмүүс бол зүгээр л “Назарбаевын клан” гэх гэмт бүлгээс хөөгдсөн хуучин гишүүд. Харин жинхэнэ сөрөг хүчин Баруун Казахстаны жагсагсдаас төрнө.


ТОВЧХОН

БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн онд 8.1 хувиар өссөн тухай тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээлэв. Өнгөрсөн онд БНХАУ-ын экспорт, импортын нийт хэмжээ өмнөх оныхоос 21.4 хувиар өсч, анх удаагаа 6 их наяд ам.долларын босгыг давжээ. БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Куйвэн өнгөрсөн оны гадаад худалдааны нөхцөл байдлыг танилцуулахдаа 2021 онд тус улсын гадаад худалдааны нийт хэмжээ 39.1 их наяд юаньд /6.05 их наяд ам.доллар/ хүрч, 2020 оноос 21.4 хувиар өссөн болохыг мэдэгдэв. “Энэ хугацаанд гадаад худалдааны салбарт тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйлүүд их тулгарсан. Мөн Хятадын эдийн засгийн хөгжилд эрэлт, нийлүүлэлтийн шок, хүлээлт үүссэн зэрэг олон асуудлууд тулгарч байлаа” гэж Ли Куйвэн хэлэв. Тэрбээр “Мөн энэ онд бид үргэлжлүүлээд олон саадтай тулгарах болно. Гэсэн ч Хятадын эдийн засаг уян хатан, урт хугацаанд өсөх үндсэн зарчим өөрчлөгдөхгүй бөгөөд энэ нь гадаад худалдааг тогтворжуулахад хүчтэй дэмжлэг үзүүлэх болно” гэж мэдэгдэв.


АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Японы ерөнхий сайд Кишида Фүмиотой нэгдүгээр сарын 21-нд цахим уулзалт хийнэ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдэв. “Ерөнхийлөгч Байден ерөнхий сайд Кишидатай Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй болгох хоёр улсын нийтлэг алсын хараатай бодлогын асуудлыг хэлэлцэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Жо Байден, Кишида Фүмио нар мөн “Ковид-19”-тэй тэмцэх, уур амьсгалын хямралыг шийдвэрлэх зэрэг гол салбаруудад нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээний хүрээ (Австрали, Энэтхэг, АНУ, Япон)-нд авч хэрэгжүүлэх шинэ болон шинээр гарч буй технологийн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга нэмж дурджээ.


Австри улс насанд хүрсэн бүх хүн амаа коронавирусийн вакцинд заавал хамрагдах шийдвэр гаргасан Европын анхны улс болов. Энэ оны хоёрдугаар сараас 18-аас дээш насны бүх иргэн коронавирусийн вакцин заавал хийлгэнэ гэж тус улсын Канцлер Карл Нехаммер мэдэгджээ. Энэхүү журмыг Австрийн парламент ирэх пүрэв гаригт батлах юм байна. Өмнө нь ковидоос сэргийлэх вакцинжуулалтад 14 ба түүнээс дээш насны бүх австричуудыг заавал хамруулахаар төлөвлөж байсан бол одоо энэ журмыг зөвхөн насанд хүрэгчдийн дунд хэрэгжүүлэхээр шийджээ. Харин жирэмсэн эмэгтэйчүүд болон вакцины эсрэг заалттай хүмүүст хамаарахгүй гэнэ. Канцлер Нехаммер энэ тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, вакцин хийлгэхээс татгалзсан хүмүүст 600-3600 еврогийн торгууль ногдуулна гэжээ.

BBC.CNN. REUTERS. CGTN.TASS. RIA Novosti-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА