МАН-ын Нарийн бичгийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, доктор Балдангийн Энхмандахтай ярилцлаа.
– ҮҮНИЙГ ШИЙДЭЖ ЧАДВАЛ ШУДАРГА ЁС ТОГТЛОО Л ГЭСЭН ҮГ –
-Сар шинийн босгон дээр тантай ярилцаж байна. Улиран одож буй жил таны хувьд болон улс орны хувьд ямархуу жил болж өнгөрөв. Мэдээж цар тахал гээд хүндхэн он цаг нэгээр дуусч байна шүү дээ?
-Сар шинийн баяр ойртож, хүн бүр, айл өрх төдийгүй байгууллага, хамт олон, улс орны хэмжээнд үхэр жилийнхээ ажил үйлсийг дүгнэн цэгнэж байгаа байх. Миний хувьд олонхын жишгээр халдвар “хүртсэн” ч хурдан эдгэрч, гэр бүлээрээ энх мэнд, үр хүүхдүүдийн маань эрдэм номын болон эрхэлсэн ажлууд амжилттай сайхан жил улирч байна. Үхэр жилд төр, засаг маань хоёулаа шинэ тутам бүрэлдсэн нь улс орны хувьд хамгийн онцлох үйл явдал болов. Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчөө зургаан жилийн хугацаагаар сонгож, Монголын ууган улс төрийн нам болон Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ой тохиож, эрх баригч МАН-ын шинэ дарга Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдлоо. Энэ бүхнээс үндэслэн үхэр жил Монголын улс төрийн амьдралд томоохон өөрчлөлтийг авчирсан жил боллоо гэж хэлж болно.
-Та Ардчилсан хувьсгал эхэлсэн он жилүүдэд одоогийн МАН-ыг МАХН нэртэй байхад нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал болон нийгэм эдийн засгийн байдал бас ч амаргүй байсан гэдэг…
-Цаг үе бүхэн улс төрийн намуудын өмнө өөр өөрийн онцлогтой зорилт, бодлогын шийдлийг тулган тавьж байдаг. 1990-ээд он бол улс орон маань чөлөөт зах зээл, ардчилалд шилжсэн шилжилтийн эхлэл, өрнөлтийн он жилүүд байж, хүндрэл бэрхшээлийг туулж байсан цаг. МАН-ын улс төрийн амьдрал ч мөн буцалж, шинэчлэлт, өөрчлөлт өрнөж байв. МАН-ын түүхийн нэгэн сонирхолтой үед Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндонгийн удирдлагад Нарийн бичгийн даргаар ажиллах завшаан тохиосон. Энэ цаг үед “МАХН” гэдэг бол хуучны байгууллага, “хөгшчүүдийн нам” гэдэг ойлголт түгээмэл байсан учир ардчилалтай дөнгөж танилцаж эхэлсэн залуу үеийнхний дунд МАХН-аас зай барьсан хандлага ноёлж байлаа. Иймээс намын өмнө тулгарч байсан нэг том сорилт бол намын гишүүдийн эгнээг залуужуулах, дэмжигчдийн хүрээг залуучуудаар өргөжүүлэх явдал байв. Тиймээс залуучуудын хүсэл сонирхол, эрх ашиг, тэдний нас биений онцлогт тохирч, нийцсэн улс төр, сурталчилгааны ажлыг зохион байгуулах нь бидний цаг үеийн тулгамдсан зорилт байлаа шүү дээ. Нарийн бичгийн даргын хувиар МАН-ын төлөвшил, хөгжилд оруулсан өөр нэг өчүүхэн хувь нэмэр бол онол, үзэл суртал, сэтгэлгээний эрэл хайгуулд оролцож байсан явдал. Марксизм-ленинизмийн ангич, намч байр сууринаас бүр мөсөн татгалзаж, үндэсний ардчилсан үзлийг дэвшүүлэн гаргаж тавьсан нь Монголын нийгмийн ардчилсан өөрчлөлтийг сөргөлдөөн, хүчирхийлэлийн аргаар бус, тайван замаар шийдвэрлэх улс төрийн таатай нөхцөлийг бүрдүүлж чадсанд хөгжлийн энэ шатан дахь МАН-ын үзэл баримтлалын шинэчлэлтийн түүхэн онцлог оршиж байсан. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон “Төв ёсны үзэл”-ийг боловсруулж гарч ирсэн нь 1990-ээд оны Монголын улс төрийн нөхцөл байдал нэн ээдрээ, түвэгтэй болж эхэлсэнтэй шууд холбоотой гэж би боддог. Тэрээр Монголын нийгэм үзэл баримтлалын хуваагдалд орсон “хоёр туйлт энэ нөхцөлд аль аль талыг туйлшралд хүргэж үл болно” гэсэн оюун дүгнэлтэд хүрч, хоёр туйлшралын дундуур монголчууд бид бие биенээ ойлгох учиртай хэмээн эргэцүүлж “Төв ёсны үзэл”-ээ гаргаж тавьсан юм. Ээдрээ түвэгтэй нөхцөлд улс төрийн ууган намын үзэл баримтлалыг шинэчилж, онолын сэтгэлгээг хөгжүүлж, “Төв ёсны үзэл”-ийн дагуу арга, билгийн тогтолцоогоор үндэсний үзэл болон ардчилсан үзэл хоорондын улс төрийн шүтэн барилдлагааг хангаж чадсанаараа учирч болох хүчирхийллийн эрсдэлээс Монголын нийгмийг сэргийлж, нийгмийн нэгдлийг хангаж чадсан. Энэ бол мартаж болохгүй түүх.
-Их сонирхолтой түүх байна…
-Монголын улс төр, нийгмийн онолын сэтгэлгээний тод төлөөлөгч Б.Даш-Ёндонгийн удирдлага дор ажиллаж, шүүмжлэл, дайралтуудыг сөрөн “Төв ёсны үзэл”-ийг сурталчилж, намын гишүүд төдийгүй, нийт иргэд, сонгогчдод ухуулан таниулах ажлыг гардан хэрэгжүүлж байснаараа би хэзээ ч ичиж, зовдоггүй. Харин ч бахархаж явдаг.
-Голлох улс төрийн хүчний гал тогоог хариуцан ажиллаж байсан хүний хувьд өнөөгийн улс төрийн намууд болон нийгэм, эдийн засгийн хөгжлийн онцлог байдлын талаар ярихгүй юу?
-Нийгмийн үнэт зүйлс алдагдаж, эдийн засаг, нийгэм, улс төрийн хагарал, зөрчил хурцдаж, сошиал мэдээллийн эмх замбраагүй ертөнцөд хүмүүс төөрөлдөж байгаа өнөө цаг үед сэтгэлгээгээ эмхлэн цэгцэлж, үндэсний ухамсар, үнэт зүйлийг сэргээж, монгол хүний үнэлэмж, үнэ цэнийг өсгөж, итгэл үнэмшлийг бий болгож, төлөвшүүлэхэд “Төв ёсны үзэл”-ийн ач холбогдол өнөөдөр ч өндөр хэвээрээ байна.
Нийгэм хараал зүхэл, гүтгэлэг доромжлол, өс хонзон, үзэн ядалт, хов жив, хуурмаг явдал, сувдаг шунахайн сэтгэхүйгээр дүүрсэн өнөөгийн ээдрээт нөхцөлд хүмүүсийн хооронд эд хөрөнгө, ахуй, амьдралын зааг, ялгаа гарсан байгааг, улс төрийн намууд болон эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын эвлэршгүй зөрчил, ухаангүй өрсөлдөөн, дайсагналыг хүчирхийлэл, дарангуйллын замаар шийдвэрлэхээс зайлсхийхийг, нийгмийн эв нэгдлийг ардчилсан замаар шийдэх аргыг эн тэргүүн улс төрийн намууд эрж хайхсан.
-Төв ёсны үзэл гэхээр их хуучинсаг сонсогдож байна шүү?
-Нэгдлийн гүн ухаан болох “Төв ёсны үзэл” нь улс төрийн нэг намын үзэл суртлын хувьд бус нийгмийн оюун санааны үнэт зүйлийн хувиар өнөө цаг үед нийгмийн хурц зөрчлийг арилгах, монголчуудын эв нэгдлийг хангахад тус дэм болох учиртай.Үеэ өнгөрөөсөн мэт сонсогдож болох хэдий ч үүнийг хэлэхгүй өнгөрмөөргүй байна. Улс төрийн намуудын нэгдмэл ойлголт, хамтаар хүлээн зөвшөөрсөн байр сууриар монголчуудын эв нэгдлийг бий болгох нь Монгол орны хөгжлийн өнөөгийн шатны улс төрийн гол зорилт болж байна гэж ойлгож болно. Улс төрийн энэ зорилтыг хэрэгжүүлж эхлүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар хүлээсэн үүргийн дагуу онцгой анхаараасай гэж бодож явдаг.
-Улс төрийн намууд өнөөгийн нөхцөлд хэрхэн ажиллаж байж улс орны хөгжил дэвшлийг хангах юм бэ?
-Ер нь улс төр судлалын шинжлэх ухааны үүднээс улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүргийг үзэл суртлын, ашиг, сонирхлыг нэгтгэх, улс төрийн удирдагчдыг бэлтгэх, улс төр зохион байгуулалтын, сонгуулийн гэх мэт ангилан авч үздэг. Орчин цагт улс төрийн намуудын эдгээр үүрэгт өөрчлөлт орж байгаа нь гадаад улс орнуудын туршлагаас ажиглагдаж байна. Тухайлбал, намын үзэл суртлын болон ашиг, сонирхлыг нэгтгэх, улс төрийн зохион байгуулалтын үүрэг хумигдаж, энэ үүргийг ашиг, сонирхлын бүлгүүд болон ТББ гүйцэтгэх үзэгдэл нэмэгдэж байна. Харин улс төрийн удирдагчдыг бэлтгэх, төрүүлэн гаргах болон сонгуульд оролцоход улс төрийн намуудын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэх хандлагатай болж байна гэж судлаачид бичиж дүгнэж байгаа. Манайд ч гэсэн энэ хандлага сүүлийн үед ажиглагдаж байна. Тухайлбал, намынхаа онол, үзэл суртал, улс төрийн зохион байгуулалтын ажлуудыг судалгааны төв, тинк танк болон намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх нь хэвийн үзэгдэл болж байна. Ялангуяа улс төрийн намын төлөвшлийг баттай олсон бараг цорын ганц улс төрийн хүчний хувьд өнөөгийн эрх баригч МАН-ын удирдлагын хувьд сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах, парламентын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Засгийн эрхийг амжилттай хэрэгжүүлэхэд илүүтэй анхаарч ажиллах болсон гэж хэлмээр байна.
Харамсалтай нь Монголын улс төрийн тогтолцоо “МАН, АН ба бусад” гэсэн хэлбэрээс “МАН ба бусад” гэсэн олон намын тогтолцооны маш эмзэг хэлбэртэй болж хувирч байна. Иймд АН болон улс төрийн бусад намд төлөвших, боловсрох асуудал чухал зорилт хэвээр байсаар л байна даа.
-Саяхан МАН их хурлаа хийж, “Шинэ сэргэлтийн бодлого” гэдгийг гарган ирлээ. Үүгээрээ ирэх зуун жилд эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авна гэж ярьж байна.Үүн шиг тухайн үеийн МАХН-ын бодлого, зорилго юу байв.Түүндээ хүрч чадсан уу?
-XXI зуунд МАН-ын өмнө улс төрийн өргөн далайцтай зорилт зогсож байна. Энэ бол шударга ёс, эрх тэгш байдал жинхэнэ утгаар ноёрхсон чинээлэг дундчуудын нийгмийг цогцлоон байгуулах явдал. МАН үүнийг бүхэлд нь “Шинэ сэргэлтийн бодлого” гэж томьёолон тавьж байна гэж ойлгодог. Үүний тулд авлигыг устгаж, улс төрийн эрх мэдлийг санхүү, мөнгөний эрх мэдлээс тусгаарлах, нийгмийн баялгийн хуваарилалтыг ил тод, тэгш, шударга болгох, хуулийн хэрэгжилтийн ил тод байдлыг хангах зэрэг зайлшгүй алхмуудыг эхлээд авч хэрэгжүүлэх нь чухал. Биднийг ажиллаж байх үе бол өнөөгийнхөөс тэс өөр нөхцөл байдал байсан. Монголын эдийн засаг, нийгмийн шилжилтийн үеийн гүн гүнзгий хямралыг дагаад улс төрийн намын амьдрал ч гэсэн хүндрэл бэрхшээлтэйгээр урагшилж байсан цаг үе. Учирч байсан зарим хүндрэл бэрхшээлийг өнөөдөр яривал зарим хүн “мөн бурж байна” гэж хэлж магадгүй л дээ. Тухайн үед манай намын байгуулсан Засгийн газрын гол зорилт бол эдийн засгийн гүн гүнзгий хямралыг аль болох хурдан хугацаанд, хохирол багатайгаар гэтлэн давах л асуудал байсан. Түүнээс биш өнөөдрийнх шиг их бүтээн байгуулалт, том хөрөнгө оруулалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байх нөхцөлгүй байлаа. Монголын эдийн засаг өнөөдрийнх шиг 20-30 их наяд төгрөг биш, хэдэн зуухан тэрбум төгрөгт л эргэлдэж байлаа шүү дээ. Гэхдээ П.Жасрай гуайн Засгийн газар тухайн цаг үедээ хямралыг хохирол багатай давж, өнөөгийн эдийн засгийн сэргэлтийн үндсийг тавьж чадсан гэж би боддог.
-Таныг нам улс төрийн ажил хийж байх үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа улс төрчид бүгд л шинэхэн улстөрчид байсан биз. Тухайбал, Н.Энхбаяр, М.Энхболд, У.Хүрэлсүх гээд.Намынхаа ахмад гишүүний хувьд, туршлагатай улстөрчийн хувьд залуу намын гишүүдэд хандаж юуг захиж хэлмээр санагддаг вэ?
-Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Улс орон хөгжихийн хэрээр улс төрийн нам төдийгүй хувь хүний өмнө тавигдах үүрэг, зорилт өөрчлөгдөж байдаг нь жам ёсны хэрэг.Тиймээс цаг үе бүхэн тухайн үеийнхээ үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх улстөрчийг, удирдагчийг төрүүлдэг.Намын удирдлага ч адилхан. Миний тооцоолсноор МАН-д 1990 оноос хойш удирдлагын зургаа дахь үе идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж эхлэж байна. Зургаа дахь үеийнхэн бол XXI зууны Монголын өнөөгийн гажуудсан нийгмийн дүр төрхийг өөрчлөх шинэчлэгчид гэж би ойлгож байгаа. Миний хувьд МАН-ын улстөрч, удирдагчийнх нь хувьд гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэхэд залуучууддаа тус дэм болж явсан нь үнэн. Тэр үеийнхэн Н.Энхбаяр, М.Энхболд, У.Хүрэлсүх нарын намыг удирдаж байсан үе төгсөж, харин тэдний бэлтгэсэн шинэ үеийнхэн удирдлагад гарч ирээд байна шүү дээ.Тэсэхгүй тэдэндээ хааяа хатуухан үг дайж орхидог л юм. Гомддоггүй л юм шиг байна лээ. Тэгэхээр би маш эртний “динозаврын эриний хүн” болж таарч байгаа биз дээ (инээв). Өнөөгийн залуучууд сонсъё гэвэл үгүй гэхгүй ээ. Нөгөө талаас, МАН бол ахмад, дунд, залуу гурван үеийн хэлхээн дээр тогтож ирсэн улс төрийн хүчин гэдгийг ямагт санаж явах учиртай. Бага хурал, Удирдах зөвлөлөө бүрэлдүүлэхдээ үе тэнгийнхэн, найз нөхөд гэхээсээ илүүтэй эрдэм мэдлэгийг, туршлагыг харах зарчмыг эн тэргүүн анхаарч, хэрэгжүүлмээр санагддаг. Монголын улс төрийн нөлөө бүхий хүчин болох АН маань удирдлагын үе солигдох үйл явцын тал дээр нэг л учраа олохгүй, өрсөлдөгчөөсөө хоцроод яваад байна. Үүнээсээ болоод парламентын дотор болон гадна хүчтэй сөрөг хүчин үгүйлэгдэж, нийгмийн ерөнхий төлөвшилд ч хохиролтой байсаар байна шүү дээ.
-Та сөрөг хүчний талаар ярилаа. Өнөөдөрхөн баатар байсан хүн маргааш нь шоронд байх жишээ их л байна. Тэр дундаа улстөрчид…
-Улс төр тоглоом биш. “Улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэдэг үг ч бий. Тиймээс зөвхөн Монголд биш, дэлхий дээр хаана ч улс төр гэдэг бол хамгийн “бохир” мэргэжил байдаг. Улстөрч гэдэг эрх мэдэл, мөнгөнд хамгийн ойр “мэргэжил” учраас эдгээрийг зааглах асуудал ардчиллын хамгийн эмзэг бөгөөд нарийн асуудлын нэг байсаар ирсэн. Үүнийг шийдэж чадвал шударга ёс тогтлоо л гэсэн үг.
-Тэгээд үүнийг шийдэж чадсан улс байх юм уу?
-Үүнийг шийдэж чадаж байгаа улс орон дэлхий дээр бас цөөн. Миний олж судалснаар Умардын орнууд буюу Швед, Норвеги, Дани, Финланд, Исланд улсуудад парламент, улс төрийн намын үйл ажиллагааг санхүү, мөнгөний эрх мэдлээс холдуулан тусгаарлах эрх зүйн зохицуулалтыг улс төрийн бүх намынхаа оролцоотой нийтлэг эрх ашгийн тохиролцоогоор шийдэж чадсан байдаг. Ингэж нийгмийн баялгийн хуваарилалтад эрх мэдэлтнүүдийн оролцоог хамгийн бага хэмжээнд барьж чадаж байгаа учраас Умардын орнуудад улстөрчид шоронд орох нь ховор гэж хэлж болно. Норвегийн ерөнхий сайдын албыг найман жил хашсан, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Енс Столтенберг “Бид баян болохоосоо өмнө шударга ёсыг тогтоосон байлаа” гэж хэлж байсныг би байнга хэлэх дуртай. Харин манайд шударга ёсыг тогтоож амжаагүй учраас улстөрчид нь эрх мэдлээ ашиглан, мөнгө хөрөнгөтэй орооцолдох нь хэвийн үзэгдэл байсаар байна.Төсвийн хуваарилалтаас эхлээд ЖДҮ, ХААДС, НДС, банк гээд манай УИХ-ын гишүүд, улстөрчдийн оролцоогүй асуудал гэж алга болоод байна. Нөгөө талаар энэ байдал нь өөрөө улс төрийн ашиг хонжоо хайж, нэг нь нэгнийгээ гүтгэх, хэлмэгдүүлэх хөрс нь болж байдаг. Ямар сайндаа “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг яриа Монголд газар авсан байхав дээ. Тиймээс улстөрч, эрх мэдэлтнүүдэд итгэх итгэл үндсэндээ алдарчихаад байна. Ямар нэг бүтээн байгуулалт хийлээ гэхэд л хэн яаж идэж байгаа бол гэдэг хардлага сэрдлэг гарч, улмаар хэрэг мөрдлөг, шүүх, шорон дагалддаг болж. Баатар гэснээс Э.Бат-Үүлийн хувьд арван жилийн сурагч, МУИС-ийн оюутан ахуй цагаас нь мэдэх юм. Ямар ч байсан “Намаа бодоод улс орноо худалдах улстөрч биш” гэж би боддог доо. Үнэн мөнийг нь хуулийн байгууллага тогтоох биш.
-Эрх барьсан нам нь нөгөө намынхаа лидерүүдийг ганц нэгээр нь дээл нөмрүүлээд байна уу, эсвэл үнэхээр хэрэг хийсэн учраас үүрэх ёстой ялаа эдлээд байна уу?
-Энд аль нэг намыг буруутгах аргагүй. Улстөрч та мөнгөтэй хэт ойр байгаа учраас ардчилсан нийгэмд таныг хардах эрх хэнд ч байдаг. Байнга хардуулж, шалгуулж зовохгүйн тулд манай улстөрчид, ялангуяа УИХ-ын гишүүд тойргийн дөрвөн тэрбум төгрөгөө төсвөөс хасахаас эхлээд мөнгөний эрх мэдлээсээ бүрмөсөн татгалзсан эрх зүйн шинэчлэлт зохицуулалтыг яаралтай хийх хэрэгтэй. Тиймээс нэг нам нь нөгөө намынхаа хэн нэгийгээ хийгээд байгаа гэхээсээ илүүтэй авлигад өртөх, өртүүлэх нөхцөлийг бий болгоод байгаа шалтгааныг нь тухайлбал, улс төрийн эрх мэдэл, мөнгөний эрх мэдлийг эн тэргүүн тусгаарлах нь шударга ёсонд нийцнэ. Өнөөгийн нийгмийн хамгийн хурц зөрчлийн энэ шалтгааныг арилгаж, жинхэнэ шударга ёсны үндэс болгохуйц эрх зүйн шинэчлэлтийг хийж, улс төрийн эрүүл хандлага бий болгох асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч анхааралдаа авах биз.
-Та ер нь Монгол Улсын шүүх, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хэр сэтгэл нийцтэй, итгэлтэй явдаг вэ. Тэд үнэхээр хуулийн дагуу ажиллаж байна уу.Эсвэл хэн нэгэн улстөрч, улс төрийн намын захиалгаар ажиллаж байна уу?
Шүүх, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэлж дүгнэдэг хүн нь бий биш л дээ. Шүүхийн хараат бус байдлыг хангах эрх зүйн шинэчлэлт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийгдэж эхэлсэн гэж ойлгож явдаг иргэдийн нэг. Хэрэгжүүлэхэд бас цаг хугацаа шаардагдаж байгаа болов уу. Нийгмийн амьдралын бүхий л салбарт шударга ёс төлөвших Монголын ирээдүйд би итгэдэг. Үүнд эн тэргүүн шүүх, хуулийн байгууллагынхны үүрэг чухал байх нь дамжиггүй.
-Та олон сонгуулийн нүүрийг үзсэн хүн. Ер нь энэ сонгуулийн тогтолцоог дахин харж үзэх ёстой юу. УИХ-ын гишүүн бүх ард түмний элч гэдэг атлаа тухайн сонгогдсон тойрогтоо л ажиллаад байх шиг. Сонгуулийн системээс урган гарч ирж байгаа сөрөг зүйлүүд таныхаар юу байна вэ?
-Судлаач эрдэмтэн хүний хувьд улс төрийн сонгуулийн тогтолцооны талаар чамгүй л ярьж бичиж ирсэн. Намын Нарийн бичгийн дарга байсан үеэсээ эхлээд жижгэрүүлсэн мажоритар буюу 76 тойрогтой сонгуулийн тогтолцооны сул талыг шүүмжилж, сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж, намынхаа зарим гишүүдэд шүүмжлүүлж, ахмадууддаа загнуулж ч байлаа. Элчин сайд байхдаа 2011 онд Шведийн сонгуулийн тогтолцооны давуу тал, түүнээс суралцах талаар албан ёсны танилцуулга бэлтгэж, УИХ, Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороо, парламентад суудалтай улс төрийн бүх намуудад хүртэл хүргүүлж байлаа. 2012 оноос хойш сонгууль бүрийн өмнө сонин сэтгүүл, сайтуудад УИХ-ын сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай бичиж, нийтэлж ирлээ. 76 тойрогтой мажоритар тогтолцоо нь харьцангуй жижиг газар нутагтай, цөөн сонгогчидтой манай орны хувьд сонгуулийг мөнгөжүүлж, санал худалдан авах боломжийг нэмэгдүүлдэг. УИХ-ын гишүүд хууль тогтоох ажлаасаа илүүтэй тойргийнхоо сонгогчдод өгсөн амлалтад барьцаалагдаж, төсөвт мөнгө суулгахын төлөө ажиллахад хүргэдэг. Улс төрийн намуудын төлөвшилд сөрөг нөлөө ихтэй зэрэг олон дутагдалтай талыг нэрлэж болно. Ядаж л Цагаан сарын өмнө УИХ-ын гишүүд тойрогтоо “Боов тараалаа”, ”Мөнгө тараалаа” гэсэн мэдээлэл тархаж, “сонгогчдыг хахуульдаж байна” гэх шүүмжлэл тасрахгүй байна шүү дээ.
-Үндсэн хуульд саяхан нэмэлт, өөрчлөлт оруулсан. Одоо дахиад нэмэлт оруулах тухай ярьж байна. Тухайлбал, Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүд ажиллах ёстой гэсэн нийгмийн нэг хэсэг хүмүүсийн байр суурь байна. Та Үндсэн хуулийн талаар болон энэ давхар дээлний асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Улс төр судлаачийн хувьд Монгол орон парламентын засаглалыг сонгон хөгжөөд 30 жил болж байгаа ч парламентын сонгодог замаас хол явж ирсэн гэж боддог. Тухайлбал, Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар сонгож ирсэн нь төрийн өндөрлөгүүдийн хоорондын эрх мэдлийн зөрчлийг бий болгож ирсэн. Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нар МАН-тайгаа, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар АН-тайгаа яагаад зөрчилдөөд байсан юм бол гэж бодож үзсэн үү.
-Яагаад юм бол…
-Намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч нь эргээд намтайгаа зөрчилдөх явдал ердийн үзэгдэл болсон нь Үндсэн хуулийн асуудал. 2020 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг бүрэн шийдэж чадалгүй үлдээсэн. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж монголчууд ярьдаг. Цаашид Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болж байж парламентын сонгодог тогтолцоонд шилжих юм.
-Давхар дээлний асуудлаар таны байр суурь ямар байна вэ?
-Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байх асуудлын тухайд гэвэл, Их Британи, Герман, Франц болон Умардын орнуудад хэвийн үзэгдэл. УИХ-ын 76 гишүүнтэй Монгол орны хувьд эрх мэдэл төвлөрч харагддаг. Тиймээс сайд болох сонирхол хүсэл гишүүн бүрд төрж, нэг сонгуулийн хугацаанд Засгийн газар 2-3 удаа солигдоход хүргэж ирсэн дутагдалтай байсан. Энэ дутагдал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ерөнхийдөө шийдвэрлэгдэж эхэлсэн гэж боддог. Цаашид Засгийн газрыг парламентаас бүрэлдүүдэхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй уялдуулан шийдэх арга замыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн байна билээ. Байж болох гаргалгааны нэг. Бодвол Бүх нийтийн санал асуулга явуулж байж шийдэх биз. Гэхдээ УИХ-ын гишүүдийн нэр хүнд ихээхэн унасан энэ үед олон түмэн дэмжих нь юу л бол. Бодолцох л хэрэгтэй.
-Үе үеийн Засгийн газарт давуу болон сул талууд байдаг. Энэ удаагийн Засгийн газрын давуу болон сул талуудыг та хэрхэн харж байна?
-Монгол Улсын урт хугацааны бодлогын “Алсын хараа-2050” баримт бичиг дээр тулгуурлан чинээлэг дундчуудын нийгмийг байгуулах зорилтоос үүдэлтэйгээр Засгийн газар үйл ажиллагааны бодлогоо энэ удаа нэлээд үндэслэлтэй боловсруулсан санагдсан. Нөгөө талаар Засгийн газрын гишүүдээ парламентын гаднаас аль болох боловсролтой, шинэлэг, зоригтой мэргэжлийн залуу боловсон хүчнийг сонгон дэвшүүлэх замаар бүрэлдүүлэхийг зорьсон санагддаг. Ерөнхий сайдын УИХ-аас хамаарах хамаарлыг багасгаж, төсвийн болон бусад эрх мэдлийг боломжийн хэмжээнд бэхжүүлж чадсан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийгдсэн гол ололт. Тиймээс 1990 оноос хойших Ерөнхий сайд нарт байгаагүй давуу тал энэ Засгийн газарт бий болсон. Сул талын хувьд ажлын дадлага туршлага дутагдах, асуудалд хэт түрэгдэх, түүнээсээ болоод Засгийн газрын салбар, мэргэжлийн шийдэл, шийдвэр эргэж буцах байдал ажиглагдаж байгаа. Цаашид үүнийгээ засах хэрэгтэй.
-Та бол дипломат албанд зөвлөх, элчин сайд, улмаар дэд сайдаар ажиллаж байсан хүн. “Монгол Улсын гадаад бодлого алдагдлаа” гэж зарим хүмүүс яриад байгаа. Үүнтэй санал нийлж байна уу. Ер нь гадаад бодлого гэж ямар байх ёстой юм бэ?
-Монголчууд бид бусад улс орнуудтай харилцаж, элч төлөөлөгч томилж ирсэн гадаад харилцааны олон мянган жилийн түүхтэй орон. Өнгөрч буй үхэр жилд Монгол Улсын орчин цагийн гадаад харилцаа үүсч, ГХЯ байгуулагдан хөгжсөний 110 жилийн ойн баяр тохиосон. Монгол Улсын Үндсэн хууль болон “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” зэрэг баримт бичгүүдэд тусгагдсан гадаад бодлогын номлолд ямар нэг өөрчлөлт ороогүй, бодлогын ноцтой алдаа гараагүй, Монгол Улсын Алтан аргамж тасраагүй гэж би дипломатч явсан хүний хувьд бодож явдаг. Монгол Улсаа төлөөлөн гадаад орнуудад суух Элчин сайд нар болон дипломат ажилтнуудын зарим нэг тодорхой томилгоотой холбоотойгоор иймэрхүү шүүмжлэл гарч байгааг ойлгож байна. Би ч өөрөө шүүмжилдэг хүмүүсийн нэг. Гэхдээ энэ нь гадаад харилцааны салбарын бодлого бүхэлдээ алдагдсан мэтээр ярих үндэслэл болох учиргүй.
-Нөгөөтэйгүүр бид дотооддоо асуудлаа шийдээд явъя гэхээр аль нэг улсын эрх ашгийг хараад байх шиг. Тухайлбал, Эгийн голын УСЦ-ийг бие даагаад шийдчихэж чадахгүй л байх шиг байна шүү дээ.Оросын талын байр суурийг сонсох л ёстой болохоос дагах ёсгүй гэж ойлгох юм… Бид эрчим хүч, томоохон үйлдвэрүүдийг барьж ашиглалтад оруулж байж л сая нэг улс шиг улс болох юм биш үү?
-Аль нэг улсын эрх ашгийг хараад гэхээсээ илүүтэй бид монголчууд өөрсдөө дотооддоо учраа олох зүйл их байгаа санагддаг. Аливаа алдаа, бүтэлгүйтлийн шалтгааныг эхлээд өөрсдөөсөө хайж сурах хэрэгтэй. Миний хувьд Байгаль орчны дэд сайдаар ажиллаж байхдаа ОХУ болон БНХАУ-тай байгуулсан “Хилийн усны хэлэлцээр”-ийн Монголын талын Даргын албыг хашиж байсны хувьд монголчууд хил дамжин урсан гарч буй гол, мөрний усыг ашиглах нь манай орны дотоодын асуудал гэдгийг мэдэж байна. Тиймээс хоёр улсын болон олон улсын маргаан мэт дэвэргэх шаардлагагүй. Өнөө цагт манайд ч тэр, гадаадад ч тэр байгаль хамгаалах хөдөлгөөн нэрээр үйл ажиллагаа явуулдаг ТББ олширч, тэднийг гадаад, дотоодын давхар ашиг сонирхолтойгоор хөдөлгөх байдал ажиглагдах болсон. Ер нь бол Эгийн голын УЦС-ийн ТЭЗҮ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ цөм хийгдсэн гэдэг. Гагцхүү эдгээрийг түншүүддээ зөв ойлгуулж, тулж ажиллах шаарлагатай. Гадаад харилцааны яриа хэлэлцээний механизмыг сайтар ашиглаж, аливаа асуулт, эсэргүүцэлд мэргэжлийн, үндэслэл, гаргалгаа сайтай хариулт өгч чадвал хөрш орнуудтай харилцан ойлголцохгүй асуудал байхгүй гэж боддог.