Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсад “омикрон” хувилбарын 36 тохиолдол батлагдлаа

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Дэлхий дахинд 318 сая хүн Covid-19 цар тахлын халдвараар өвдөөд байна. Европын холбоо, АНУ зэрэгт өвчлөл өндөр байна. Омикрон хувилбар 149 оронд бүртгэгдсэн бөгөөд халдварын тархалт өдөр ирэх бүр ихэсч байна. Нийт илэрч байгаа тохиолдлуудаас мэдрэг буюу PCR шинжилгээгээр илэрсэн тохиолдлыг батлагдсан гэж үздэг. ХӨСҮТ-өөс хийсэн тандалт судалгаагаар ажлын байр, гэр бүлээс халдвар авах тохиолдол өндөр байна. Мөн олон нийтээр үйлчлүүлдэг газраас халдвар авах эрсдэл 65 хувь болж өслөө. Хүүхдийн өвчлөл 21.7 байгаа бөгөөд 0-4 насны хүүхэд 26 хувь, 5-11 насны хүүхэд өвчлөх нь 43 хувь байна. Тиймээс халдварын тархалт вакцингүй бүлэг рүү чиглэх нь дельта хувилбараас илүү байгаа юм. Тиймээс дархлаажуулалтын үйл явцыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Цагаан сарыг гэр, гэртээ тэмдэглэхийг уриалж байна.

Вирусийн хувилбарын тандалтын тухайд нийт зөөвөрлөгдсөн 12, дотоодод батлагдсан таван тохиолдол байсан. Харин өнөөдөр NGS шинжилгээгээр зөөвөрлөгдсөн 13, дотоодын зургаан тохиолдол бүртгэгдээд байна” гэв.

Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан А.АМБАСЭЛМАА “Монгол Улсад өдрөөс өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2-3 дахин өсч байна. Үүнийг дагаад эмнэлгийн ачаалал нэмэгдэж, орны нөөцийн асуудал яригдаж байгаа юм. Тиймээс ард иргэд хариу арга хэмжээ авч, хувийн халдвар хамгааллыг маш сайн сахих ёстой. Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо өсч байна. Өвчлөлийн тархалт олон хүнийг хамарч тархаж байна. Иймд вакцинаа заавал хийлгэхийг зөвлөж байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 21-24-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орно

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 21, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст цас орохыг анхааруулж байна.

2022 оны нэгдүгээр сарын 21-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

Ардын уран зохиолч Т.Галсанд хүндэтгэл үзүүллээ

Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, туульч Т.Галсаны 90 насны ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1932 онд Цэцэрлэг мандлын аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбатад хэмээх газар малчин Тангадынд мэндэлжээ. 90 насны ойд зориулж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүндэтгэл үзүүлж, дурсгал гардуулсан байна. Т.Галсан МУИС-ийн хэл уран зохиолын ангийг төгсөөд Баянхонгор аймгийн төвийн арван жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Энэ үед буюу 1960 оны эхээр үзэл сурталд харш, эсэргүү зохиол бичсэн хэмээн зохиол бүтээл нь хаагдаж “Эсэргүү” нэр зүүн цөлөгдсөн ганц зохиолч. Ингээд тэмээчин, ямаачин, тууварчин, мужааны ажил хийж байгаад 1970 оноос мах комбинатад ясчин, хөргөх цехийн мастер, АПУ-д ачигч, МЗЭ-ийн хорооны дэргэдэх Нацагдоржийн музейд манаач, улмаар “Монгол кино” үйлдвэрт туслах ажилчин, Баримтат киноны ерөнхий редактор, зургийн дарга, эдийн засагч, 1986 оноос АБЯ-ны сонин сэтгүүлийн нэгдсэн цэцэд хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллажээ.

Тэрбээр Монгол хэл бичгийн дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургуулийг санаачлан байгуулагчдын нэгэн бөгөөд 1992 оноос дээрхи дээд сургуулиудад багшлан, бүтээлээ туурвисаар явна. Анхны шүлгээ 1947 онд бичиж уран бүтээл нь 1950-д оноос төв, хөдөөгийн сонинд хэвлэгдсээр 1962 онд “Төрсөн хүүгийн тань үг” анхны түүврээ хэвлүүлсэн. Гэвч уг ном гурван жилийн дараа хураагдаж улмаар шатаагдсан байна. Шатаалгадаг түүврээс 10 жилийн дараа хэвлэгдсэн “Өнөр хүний зүрх” ном нь түүнийг Монгол яруу найргийн гэр бүлд дахин багтаав. Энэ бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авсан хэмээн зарим судлаачид ташаа бичсэн байдаг. Тэрээр 1990 оны ардчилсан хувьсгалд ард олныг оюун санааны талаар бэлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн “Өр”, “Сталины хөшөө” зэрэг “эсэргүү” шүлгүүдээ “Монголын дуу хоолой” сонинд нийтлүүлснээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн ажээ.

Т.Галсанг Баянхонгорт байх үед МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир намын эсрэг бүлгийн толгойлогч гэгдэн нутаг заагдан очжээ. Т.Галсан барилгачин болсон гүн ухааны доктор, академичтай уулзаж сэтгэлийн зовлонг нь хуваалцаж дотноссон нь хамсаатан хэмээн хардагдаж улмаар “Төрсөн хүүгийн чинь үг” зохиолоо шатаалгаж, “Талын анхил цэцэг” номыг нь хэвлэхийг хоригложээ.

Монгол кино үйлдвэрт 18 жил ажиллахдаа хэдэн зуун кино мэдээний тайлбар бичиж, 50 гаруй баримтат кино бүтээлцэж, “Эхлэл”, “Дэгдээхэй нас”, “Мөнгөн буйл”, “Уяа” уран сайхны киноны зохиол бичжээ. Мөн цэцэрлэг, бүх шатны сургуульд үзэх 280 диафильм бүтээж, “Монгол кино” үйлдвэрийн 40 жилийн ойд зориулж “Өндөг” хэмээх Монголын анхны зурган кино “мультфилем” бүтээл гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭХЭМҮТ хөл, толгой нь мэдэгдэхгүй болтлоо олны хөлд дарагджээ

– ЦАГ АВЧ, ДУГААРААРАА ҮЙЛЧЛҮҮЛЬЕ ГЭВЭЛ 21 ХОНОГ ХҮЛЭЭНЭ –


Бүхэл бүтэн хагас сарын дараа эмнэлэгт үзүүлэхээр байтал нөгөө өвчин, зовиур нь хүндрэх нь хүндэрч, аясаараа эдгэрэх нь эдгэнэ дээ. Тиймээс л өнөө маргаашдаа яаралтай эмчид үзүүлэх гэсэн хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн гадаа дарааллаа хүлээн зогсох нь эмгэнэлтэй. Бид энэхүү нөхцөл байдлыг газар дээрээс нь очиж сурвалжиллаа.


Дээрх эмнэлгийн хашаа руу орж автомашинаа зогсоолд тавих гэж 20, 30 минут болов. Зогсоол үнэндээ алга. Зогсоол руу орох, гарах гарц хоёр талдаа ачаалалтай, таг гацчихсан байх. Сурвалжлага бэлтгэж байгаа бид ингэж мунгинаж байхад, өвчиндөө болоод шаналж, зовиурлан орь дуу хадаан уйлах хүүхдийнхээ биед сэтгэл нь зовж, яаралтай эмчид үзүүлэх гэсэн эцэг, эхчүүдэд автомашинаа зогсоолд тавихаас эхлээд л бухимдал үүсч байна.

Бидний нүдэн дээр нэг ээж машинаа эмнэлгийн хашаа руу дөнгөж оруулчихаад машинаасаа яаран бууж, хүүхдээ тэврэн хар хурдаараа гүйлээ. Гарц хаагаад зогссон энэ ээжийн автомашиныг яах ийхээ мэдэхгүй байтал цаанаас нэг эрэгтэй сандран гүйн ирж машиныг холдууллаа. Яалтай билээ л гэж бодох. Үүднээсээ л эхлээд энэ мэт бөөн асуудал байхад эмнэлэг доторх нөхцөл байдал ямар байгаа нь тодорхой биз. Хүүхдийн эмнэлэг гэсэн хаягтай хаалга урт өндөр шатны цаана харагдана. Энэ шат бас л асуудал. Гулгаа ихтэй нь дээр яасан ч огцом өгсүүр юм билээ. Яарч сандарсан, хүүхдээ тэвэрсэн хүмүүс уг шатаар ухаан жолоогүй л өгсөж, уруудах. Ээ дээ болгоомжтой л яваасай даа гэж харсаар эмнэлэг рүү орлоо.

Эмнэлэг дотор эмч, сувилагч, эцэг, эхчүүд нааш цааш шахалдан холхилдож, энд тэндгүй хүүхдийн ёолох, уйлах чимээ сонсогдоно. Хаана бүртгүүлж, аль өрөөнд орж эмчид үзүүлж байгаа юм, бүү мэд. Юутай ч орж ирсэн иргэдийг үүдэнд эмнэлгийн хоёр ажилтан хүлээн авч, эхлээд гадуур хувцсаа өлгүүлэн дугаар авч үйлчлүүлэхийг тайлбарлан зогсож байв. Зарим эцэг, эх хүүхдээ тэврээд хоёр сувилагчийн тайлбарыг сонсох чөлөөгүй “эмч ээ “гэсээр шууд дайран орж харагдана. Зарим нь хувцсаа өлгүүлэхээр шахалдан, бөөгнөрч зогсоно. Энд юун тэр ковидын халдварын сэргийлэлт. Нөгөө хүн хоорондын зай барьж, халуунаа хэмжүүлэн, гараа ариутгаж орох манатай. Үнэндээ ковид хоёр дахь асуудал болж. Эхлээд хүүхдээ эмчид үзүүлье гэсэн хүмүүсийн хөлд энэ эмнэлэг бүхэлдээ дарагджээ. Ачаалал дээд цэгтээ тулж. Энэ нөхцөл байдлын талаар тус эмнэлгийг зорин ирсэн иргэдээс дараахь сэтгэгдлийг тодруулан авлаа.


ХОРВОО ДЭЭР ГАНЦХАН КОВИДООР Л ХҮН ӨВДДӨГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ


Баянгол дүүргийн V хорооны иргэн Б.Жаргалбуян: -Охин маань хоёр настай. Халуураад ханиалгаад байхаар нь эмчид үзүүлэх гээд ирлээ. Сая ээж нь аваад орсон. Өчигдөр бид гурав ирсэн. Гэхдээ их хүнтэй, ачаалал ихтэй байсан болохоор халдвар хамгааллын дэглэмдээ анхаараад харьсан л даа. Гэвч өөр очиж үзүүлэх газар байхгүй. Өрхийн эмнэлгүүд үзээд та хүүхдээ Эх нялхаст очиж нарийн мэргэшсэн эмчид үзүүл гэсэн. Тэгээд л ирлээ. Бас л хүн ихтэй байна. Өглөө 08:00 цагт ирээд дугаар авч, цагаа бүртгүүлээд хүлээж байгаад сая ээж нь аваад орлоо. Уг нь утсаар цаг захиалсан боловч бараг сарын дараа ирэхээр юм билээ. Яаж сар хүлээх вэ дээ. Ер нь эмнэлгийн ачаалал их байна. Миний бодлоор ковид гэж худлаа сенсаацилж, иргэдээ айлгаж байхаар яаж эмчлэх вэ гэдгээ сайн сурталчлах хэрэгтэй байна. Манай гэр бүл гурван сарын өмнө ковид тусаад эдгэрсэн. Одоо ч тэгээд ковид уу, ханиад уу гэдгээ мэдэхээ болчихсон юм биш үү. Ханиад хүрчихээд шинжилгээ өгөхөөр эерэг л гардаг юм билээ. Хорвоо дээр ганцхан ковидоор л хүн өвддөггүй юм шүү дээ. Бусад олон өвчин байна. Тэр бүгдэд анхаараад, эмнэлгийнхээ ачааллыг жаахан бууруулах тал дээр арга хэмжээ авах шаардлагатай байна.

Чингэлтэй дүүргийн XIII хорооны иргэн Э.Өлзий: -Ачаалал их байна. Охиноо үзүүлэх гээд гадаа хүлээгээд зогсож байна. Дотор байхаар ковидоос бас айгаад байх юм. Хувцсаа өлгүүлчихсэн дахиад авч чаддаггүй, гадуур хувцасгүй жаахан даарч л байна. Цаг авсан одоо 30 минутын дараа орно. Ороод шууд үзүүлэхгүй бас оочертой байгаа. Мэдрэлийн тасагт үзүүлэх юм. Түрүүн орж үзсэн чинь үүдэнд нь 14 хүн хүүхдээ тэврээд сууж байсан. Одоо арай цөөрсөн байлгүй. Ороод сууж байтал учир нь олдох байх.

Сонгино Хайрхан дүүргийн IX хорооны иргэн Б.Ган-Очир: -Эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх цахим нэрийн дор маш их хүндрэлтэй, цаг олдохгүй доод тал нь сарын дараа үзүүлэх цаг авч байна. Хөнгөн хүмүүс бол явцдаа цаг нь болохоор үзүүлнэ байх. Байнгын эмчийн хяналтад байдаг, тахир дутуу, даралт ихтэй зүрх судасны хүнд өвчтэй, яаралтай үзүүлж шинжилгээ өгөх хүмүүст бол хэцүү байна. Манай хүүхэд зүрхний өвчтэй. Байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Долоо хоногт би хүүгээ дагуулаад энэ эмнэлэгт хоёр удаа ирдэг. Оны өмнө ачаалал арай л гайгүй байсан. Харин нэгдүгээр сараас эхлээд ачаалал огцом нэмэгдчихлээ. Юунаас болж нэмэгдэж байгааг мэдэхгүй ч ханиад томуутай хүүхдүүд их ирж байх шиг байна лээ. Машины зогсоол олох бас хэцүү болсон. Уг нь зогсоол сайтай, зай талбай ихтэй газар шүү дээ. Гэвч эмчлүүлэх гэж ирж байгаа иргэд их байгаа болохоор зогсоол нь хүрэлцэхгүй хэцүү байна.


ӨӨРСДИЙНХ НЬ ХҮҮХДҮҮД ГАДААДАД ЭСВЭЛ ХУВИЙН ТОМООХОН ЭМНЭЛГҮҮДЭД ОЧДОГ БОЛОХООР ИРГЭД БИДНИЙ ЭНЭ ЗОВЛОНГ МЭДЭХГҮЙ БАЙНА


Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Г.Мягмарсүрэн: – Хүүхдийн суулгаж бөөлждөг ханиад гадуур их байна. Манай хүүхэд бас ийм оноштой болов уу гэж бодож байна. Юутай ч эмчид үзүүлж, зөвлөгөө эмчилгээ бичүүлж авъя гэж бодоод ирсэн. Эмнэлгийн ачаалал аймаар байна. Яах ч ёстой юм. Хувийн эмнэлэг суулгасан бөөлжсөн хүүхдүүдийг хэвтүүлэхгүй гэж байсан. Эцэг, эхчүүд хүүхдүүд нь өвдлөө гэхэд Эх нялхаст л ирэхээс өөр очиж үзүүлэх газар байхгүй. Бусад нь эмчилгээ муу, зарим нь хүлээж авахгүй ийшээ яв гэдэг. Тийм болохоор бүх дүүргийн, бүх хороодын иргэд ганцхан эмнэлэгт ирж үзүүлж байгаа болохоор ачаалал их байгаа юм болов уу даа гэж бодож байна. Бас ковидоос ч болж байгаа байх. Гэхдээ энэ хүүхдийн эмнэлгийг илүү өргөжүүлэх, өөр том эмнэлэг барьчихвал ямар сайхан бэ л гэж бодож байна. Хараад байхаар энд тэндгүй л нам, төр захиргааны том шинэ байрууд баригдаад байх юм. Гоё сайхан сургууль, цэцэрлэг ч олон баригдаж байх шиг. Энэ эрүүл мэндийн салбартаа анхаарч, ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ эрүүл саруул байхад нь зориулсан том эмнэлэг барьчих хэрэгтэй шүү дээ. Дээгүүрээ баахан л идэж уусан хүмүүс байна. Өөрсдийнх нь хүүхдүүд дандаа гадаадад эсвэл хувийн томоохон эмнэлгүүдэд очдог болохоор иргэд бидний энэ зовлонг мэдэхгүй байна гэв.

Биднийг эмнэлгийн гадаа иргэдээс ийн сэтгэгдлийг нь сонсох зуур эмнэлэг дотор хүмүүсийн дунд маргаан болж байгаа нь хаалганы завсраар сонсогдлоо. Ороод хартал нэг хүн дугаар авалгүй шууд эмчийн өрөө рүү орсонд дугаарлаж байсан ээж аавуудын бухимдлыг төрүүлжээ. Бас л яалтай ч билээ. Энэ их дараалал, оочертой үед хэн бүхэн л таньдаг эмч, таньдаг хүн юу билээ л гэж бодох нь тодорхой биз.


Э.Наранцацрал: Ачаалал үүсгээд байгаа хүмүүс нь урьдчилж цаг аваагүй, өөрсдийнхөө хүсэл сонирхлоор шууд ирж байгаа иргэд байна


Бид эмнэлгийн ачааллын талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх, поликлиникийн эрхлэгч Э.Наранцацралтаас тодрууллаа.


-Эмнэлгүүдийн ачаалал их байна. Тэр дундаа танай хүүхдийн эмнэлгийн ачаалал үнэхээр их байна лээ. Ачаалал яагаад ийм их байна вэ?

-Монгол Улсад эх, хүүхдэд нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг ганцхан эмнэлэг байдаг нь манайх. Тухайлбал, бөөрний мэс засал, бөөр, дотоод шүүрэл, зүрх судас гэх мэт бусад аймгийн төв болон дүүргийн эмнэлгүүдэд байдаггүй нарийн мэргэжлийн эмчилгээ манайд байдаг. Улс даяар зөвхөн манайд ирж эцсийн шатны оношилгоо эмчилгээг хийлгэж, оношоо тодруулдаг газар. Энэ утгаараа бүх хүн ганцхан Эх нялхсын төвд хандаж байгаа нь эмнэлгийн ачааллыг нэмэх нэг том шалтгаан болж байна. Олон улсын стандартаар нэг эмч өдөрт ажлын найман цагт 24 хүүхэд үзэх товтой байдаг л даа. Манай эмнэлэгт бүх төрлийн үзлэгийн тасаг бий. Иргэд Эх нялхас гэдэг нэрээр нь ч бас бүх төрлийн нарийн мэргэжлийн үзлэг хийгддэг учир манайх руу шууд ирээд байна. Угтаа өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэгтээ үзүүлчихээд тэндээсээ 13А маягт аваад манайх руу ирэх ёстой. Гэвч өөрсдийнхөө хүсэл сонирхлоор манайх руу шууд л хүрээд ирдэг. Ингэж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь буюу 60, 70 хувь нь нааш ирэх шаардлагагүй байдаг. Өөрөөр хэлбэл, өрхийн болон дүүргийн эмнэлгүүддээ үзүүлээд мэргэжлийн эмчийн тусламж зөвлөгөө аваад явах боломжтой байдаг гэсэн үг. Энэ нь ачааллыг нэмэгдүүлэх гол шалтгаануудыг нэг болоод байна. Нэгдүгээрт, Эх нялхсын эмнэлэг нь улсдаа ганцхан байдаг нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг учраас иргэд ихээр ирдэг. Хоёрдугаарт, иргэд өөрсдийнхөө итгэл, үнэмшил хүсэл сонирхлоор ирж байна.

-Цагаа урьдчилж аваад ирж үзүүлбэл оочер дараалалгүй үзүүлнэ гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Гэхдээ амьдрал дээр энэ нь бас боломжгүй, цаг авсан ч 14-21 хоногийн дараа ир гэдэг. Үүнээс болж цаг авалгүй шууд очих иргэд их байх шиг байна?

-Цахимаар цагаа захиалдаг үйлчилгээ нэвтрээд гурван жил болж байна. Уг нь аль болох хүмүүсийн бөөгнөрөл дараалал үүсгэхгүйн тулд цагаа урьдчилж захиалаад үйлчилгээ авдаг болгосон шүү дээ. Цагаа авсан хүмүүс Хүүхдийн эмнэлгийн гадаа дугаарлаж, шахалдаж, бөөгнөрч зогсохгүй. Цагаа авсан хүмүүс яг кабинет кабинетийнхээ үүдэнд хүлээж байгаад үйлчилгээгээ авч байгаа. Харин дараалал, бөөгнөрөл үүсгээд байгаа иргэд бол урьдчилж цагаа аваагүй, хүүхэд нь жаахан уйлангуут юм уу эсвэл ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэнгүүт шууд хүрээд ирсэн хүмүүс. Тиймээс иргэд цагаа авч үйлчлүүлэх шаардлагатай байна. Одоо цагт чинь хүн хаанаас ч мэдээлэл аваад байж болохоор болсон шүү дээ. Бүх эмнэлгүүд урьдчилж цаг өгдөг болсон. Хүүхдийн эмнэлгээс бусад манай эмнэлгүүдэд ийм ачаалал байхгүй. Хүүхдийн эмнэлэг болохоороо л ингэж бөөгнөрөл үүсч байгаа юм. Нөгөөтээгүүр цаг аваагүй шууд хүрээд ирсэн хүмүүст бид цаг аваагүй байна гээд буцаачихаж бас болохгүй. Ингэж хэлэх ч эрх, зориг бидэнд байхгүй. Хэрвээ буцаах юм бол иргэдийн зүгээс асар их шүүмжлэл, гомдол мэдээлэл ирнэ. Тиймээс бид эмчийн үзлэгт нэмэлтээр оруулдаг. Ингэхээр нэг эмч 24 хүүхэд үзэх байсан бол 30-40 хүүхэд нэмэлтээр үздэг болсон. Энэ мэт хүнээ бодоод хүүхдээ бодоод буцааж чадахгүй эмч нарынхаа ачааллыг харж байгаад нэмж үзүүлсээр л байна.

-Өөр ачаалал нэмэгдэх болсон шалтгаан нь ковид болон бусад өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой юу?

-Ковидоос боллоо гэвэл үгүй юм. Ерөөсөө л манай эмнэлгийн ачаалал өдөр болгон л ийм л байдаг. Өдөрт бид нар 1000-1200 хүүхдэд үйлчилдэг. Хөл хорионы үед эмнэлгийн ачаалал буурсан ч хөл хорио тавигдсаны дараа буцаад ихэссэн. Гэхдээ бүр ковидггүй үеийг бодвол харьцангуй гайгүй байгаа нь энэ шүү дээ. Ялангуяа долоо хоногийн эхэнд болон сүүлээр манай эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ нь орон нутгаас зорин ирсэн иргэдийн хөл хөдөлгөөнөөс бас шалтгаалдаг байх. Нөгөөтээгүүр бүх хүмүүсийн сонирхол нь хүүхдээ Эх нялхсын эмнэлэгт л үзүүлье гэдэг нийтлэг хандлага байгаа нь ачаалал нэмэх нэг шалтгаан болж байна.

Мэдээж сайн эмнэлэг, сайн эмчид хэн бүхэн үзүүлье л гэнэ. Тэр сонирхол бол иргэдийн буруу биш ээ. Гэхдээ эхлээд өрх, дүүрэг, дараа нь Эх нялхас гэдэг тогтолцоогоор явбал хаа хаанаа хүндрэл чирэгдэл дагуулахгүй шүү дээ. Мөн 18 наснаас өмнөх насны хүүхдийн эмчилгээ үзлэг үнэ төлбөргүй учраас иргэд манайх руу ирж байна. Энэ бас нэг шалтгаан л байх. Энэ мэт маш олон шалтгаан байна.

-Эмнэлгийн ачааллыг бууруулах, дараалал дугаарлалгүй үзүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Нэгдүгээрт иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх шаардлагатай байна. Мөн соёлтойгоор үйлчилгээгээ авдаг болмоор байна. Тэр нь цаг захиалах, цагаа урьдчилж авах шүү дээ. Зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол эхлээд хажуудаа байх өрхийн эмнэлэгтээ, дараа нь дүүргийн эмнэлэгтээ хандал даа. Бүүр эцсийн мөчид манайх руу хандах учиртай. Манай иргэдэд урьдчилж цаг авах соёл алга. Хүссэн үедээ өөрийнхөө завыг хараад амарч байвал өнөөдөр хүүхдээ үзүүлнэ гэдэг хандлагаа болих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр манай эцэг, эхчүүд хүүхэд нь жаахан уйлахад л мэдрэлийн эмчид үзүүлье гээд манайх руу шууд хүрээд ирдэг. Хүүхэд ямар ч шалтгаанаар уйлж болно. Эхлээд өрхийнхөө эмнэлэгт үзүүлээд болохгүй бол дүүргийн эмнэлэгтээ үзүүлэх хэрэгтэй. Тэгээд онош, юунаас болж зовуурилаад байгаа нь мэдэгдэхгүй бол манайд ирэх ёстой л доо. Ийм нэг систем гэх үү тогтолцоо алдагдчихсан учраас л хаа хаанаа асуудал үүсээд байна. Удахгүй эмнэлгийн шинэ байр барихаар төлөвлөж байгаа юм билээ. Тэр нь хурдан ашиглалтад ороосой л гэж бодож байна гэлээ.

Бид эмнэлгээс гарах замдаа “Эргэлтийн хаалга” гэсэн бичигтэй хэсэг рүү очлоо. Өвчтэй хүнээ эргэхээр очсон ар гэрийнхэн уг эмнэлгийн эргэлтийн хаалга дээр очоод л шууд сэтгэлээр унамаар орчин угтах авч байна. Эмнэлгийн гадна хана нь цөмөрсөн, цуурсан, будаг нь ховхорсон байх. Ойр орчимд нь тамхины иш бөөгнөрчихсөн жижиг хог ихтэй. Эргэлтийн хаалга нь шоронгийн хаалга аятай будаг нь ховхорч төмөр нь ил гарчихсан. Цаанаа л нэг хүйтэн орчин угтаж авах. Дотор нь ороод шат нь гэмтэлтэй, жавар хурчихсан тийм л газар байх аж. ЭХЭМҮТ-ийн байрыг шинэчлэх, орчныг сайжруулах, үйл ажиллагааг нь хэвийн, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй болох асуудал дээр тус дүүргээс сонгогдсон гишүүд болон Эрүүл мэндийн яам, холбогдох албаны хүмүүс анхааралдаа авмаар санж.

Монгол Улсдаа цор ганц томоохон эх, хүүхдийн эмнэлгээ тордож засварлахгүй бол гэрэлт ирээдүй үнэндээ харагдахгүй байна.

Categories
гадаад мэдээ

“Ковид-19” халдварын эрчим буурч эхлэв

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “COVID-19”-өөр халдварласан 18 сая гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 20 хувиар өслөө гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын долоо хоног тутмын тайланд мэдээлэв.

Харин энэ сарын 11-нд танилцуулсан тайланд халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 55 хувиар өссөн гэж мэдээлж байсан юм. Энэ нь“COVID-19”-ийн халдвар өнгөрсөн долоо хоногоос 35 хувиар буурсан гэсэн үг юм. “Хэдийгээр халдварын тохиолдлын өсөлт дэлхийн хэмжээнд саарч байгаа ч нэгдүгээр сарын 11-16-нд Африкаас бусад бүс нутагт өвчлөл өмнөх долоо хоногийнхоос өссөн. Африкийн хувьд энэ үзүүлэлт 27 хувиар буурлаа” гэж ДЭМБ-аас хамгийн сүүлд гаргасан тайланд тэмдэглэжээ. Зүүн-Өмнөд Азийн бүс нутагт өвчлөл хамгийн ихээр буюу 145 хувиар өссөн бол араас нь Газар дундын тэнгисийн зүүн бүс /68 хувь/, Номхон далайн баруун бүс /38 хувь/, Америкийн бүс /17 хувь/, Европын бүс /10 хувь/ тус тус жагссан байна.

Мөн дэлхийн улсуудаас АНУ-д хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн бол Франц, Энэтхэг, Итали, Их Британи удаалжээ. Нэгдүгээр сарын 16-ны байдлаар, дэлхийд “COVID-19” халдварын 323 сая гаруй тохиолдол батлагдсан байна. Харин өнгөрсөн долоо хоногт халдварын улмаас нас барсан 45 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхтой ойролцоо үзүүлэлт болжээ. Мөн Зүүн-Өмнөд Азийн бүс, Америкийн бүсэд халдвараар нас барсан тохиолдлын тоо 12, 7 хувиар тус тус нэмэгдсэн бол бусад бүс нутагт өмнөх долоо хоногийнхтой ойролцоо байжээ.

Дэлхий даяар нэгдүгээр сарын 16-ны байдлаар 5.5 сая гаруй хүн халдвараар нас бараад байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын тал хувь нь вакцинд хамрагдсан болохыг ДЭМБ-ын Эрүүлийг хамгаалах салбарын Онцгой хэрэг явдлыг хариуцсан захирал Майкл Райан мэдэгдлээ. “Одоогийн байдлаар дэлхийн хүн амын тал нь вакцины хоёр тунгаар тариулаад байна. Гэхдээ Африкийг аваад үзвэл тэнд вакцинжуулалт дөнгөж долоон хувьтай байна” гэж Райан Дэлхийн эдийн засгийн чуулганы вакциныг шударгаар хуваарилах асуудлаар хийсэн онлайн бага хурал дээр мэдэгджээ. Африкт вакцинжуулалт ийм бага байгаа нь дэлхийн үзүүлэлтийг хойш нь татаж байгаа аж. Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнөөгийн цар тахалтай тэгш нөхцлөөр тэмцэхийг уриалаад байсан билээ.


ОХУ-ын цэргийн хүчин хамтарсан сургуулилт хийхээр өөрсдийн техник хэрэгсэлтэйгээ Беларусьт ирэв. Хамтарсан сургуулилт ирэх хоёрдугаар сард эхлэх юм. “Холбоотны шийдвэр” нэртэй сургуулилт Беларусийн баруун хэсэгт буюу “NATO”-гийн гишүүн Польш, Литва улсын хилийн ойролцоо болох аж. Харин өмнөд хэсгээрээ Украинтай хиллэдэг хэсэгт сургуулилт болно гэдгийг Беларусийн удирдагч Александер Лукашенко мэдэгдэв. “Яг тодорхой огноог нийтэд зарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол дайнд бэлдэж байна гэж биднийг буруутгах болно” гэж тэрбээр цэргийн дээд албан тушаалтнууддаа анхааруулжээ. Харин Орос улс Украины хилийн ойролцоо цэргийн хүчээ нэмэгдүүлж буй нь түрэмгийлэх санаархал хэмээн барууныхан анхааруулсаар байгаа юм.


Германы давхар даатгалын үйлчилгээний “Munich Re” компани 2021 онд дэлхий даяар байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ 280 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 247 тэрбум еврод хүрсэн болохыг мэдээлэв. Хохирлын дийлэнх буюу 145 тэрбум ам.доллар нь өнгөрсөн онд үер, хар салхи зэрэг гамшгууд амссан АНУ-д ногджээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлээр АНУ-ын зүүн хэсгийг дайран өнгөрч, Нью-Йоркийн нутаг дэвсгэрт үерийн гамшиг учруулсан “Айда” хар салхийг “Mu­nich Re” онцлон тэмдэглэв. Тус компани олон арван жилийн турш манай гариг дээр болсон байгалийн гамшгийн хохирлуудыг баримтжуулж ирсэн билээ. Швейцарийн давхар даатгалын “Swiss Re” концерн 2021 оны арванхоёрдугаар сарын дундуур дэлхий даяар байгалийн гамшгаас үүдсэн хохирлын хэмжээг 250 тэрбум ам.доллар буюу 221 тэрбум еврод хүрсэн гэж тооцоолсон бол Британийн “Christian Aid” хүмүүнлэгийн байгууллага байгалийн гамшгийн улмаас 170 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 150 тэрбум еврогийн хохирол учирсан гэж тооцжээ.


Өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах Бээжингийн хорооноос ОХУ-д үйлдвэрлэсэн “Ковид-19”-ийн эсрэг вакциныг тариулсан тамирчдыг 2022 оны өвлийн наадамд оролцохыг зөвшөөрчээ.Орос улсад одоогийн байдлаар “Ковид-19”-ийн таван вакцин хэрэглэж байгаа юм. Эдгээр нь Гамалейн нэрэмжит тархвар, микробиологийн үндэсний судалгааны төвөөс зохион бүтээсэн “Спутник-V” ба “Спутник Light”, Вирус судлал, биотехнологийн судалгааны төвөөс бүтээсэн “EpiVacCorona” ба “EpiVacCorona-N”, Чумаковын нэрэмжит Дархлаа судлалын холбооны эрдэм шинжилгээний төвийн “Covi­Vac” вакцин юм. Эдгээрээс “Sputnik Light” нь нэг тунгаар хийдэг вакцин юм. Өвлийн 2022 оны Олимпийн наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-нд болох бол паралимпийн өвлийн наадам гуравдугаар сарын 4-13-нд болно.


НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш дэлхийн нийтийн бараа бүтээгдэхүүний зөвлөх байгууллагын даргаар ажиллах саналыг ХБНГУ-ын канцлер асан Ангела Меркельд тавьжээ. Уг зөвлөх байгууллага НҮБ-ын хамгийн том төслийн нэг аж. Харин Ангела Меркель уг ажлын саналд хараахан хариу өгөөгүй байна. Ангела Меркель нь 2021 оны арванхоёрдугаар сард Германы канцлерын албан тушаалаа өгсөн юм. Тэрээр канцлерын албан тушаалаас буусныхаа дараа дахин улс төрд орох сонирхолгүйгээ мэдэгдэж байжээ.


Эмнэлгийн цэнхэр өнгөтэй амны хаалттай эрчүүд эмэгтэйчүүдэд илүү таалагддаг болохыг Кардиффын их сургуулийн судалгаа тогтоожээ. Энэхүү судалгааг Их Британид амны хаалт заавал зүүх шийдвэр гарахаас өмнө буюу 2021 оны хоёрдугаар сард явуулж 40 эрэгтэй оролцон эмнэлгийн цэнхэр болон бусад өнгийн амны хаалттайгаар цээж зургаа авхуулсан аж. Харин эмэгтэйчүүд зургуудыг 1-10 оноогоор үнэлэхэд цэнхэр масктай эрчүүдийн зураг бусдаасаа илт илүү оноо авсан байна.

BBC.CNN. REUTERS. CGTN.TASS. RIA Novosti-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Шатахуун ачсан машины чиргүүл унаж, 10 тн түлш асгарчээ

2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 07 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт 16 тн авто цистерний 16 тн-ий чиргүүл унаж 10 тн дизель түлш асгарсан байна гэсэн дуудлагаар НОБГ болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 30 дугаар ангийн 12 албан хаагч ажиллаж, чиргүүлийг татаж босгож, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулалт хийж аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Таван толгой” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг хаана

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны намар бүрэн зогсоож тухайн бүсэд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрс орчны бохирдлыг бууруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж нэг үйлдвэрийг зургаан сарын дотор шинээр барихаар болсон байна. Шинэ үйлдвэр ашиглалтынд оронгуут СХД-ийн нутагт байрлах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа орохыг чиглэл болголоо.

Categories
мэдээ цаг-үе

Сураггүй алга болсон 4 настай хүүхдийг эсэн мэнд олжээ

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Эхэн худаг” гэдэг газарт тус сумын харьяат иргэн А-гийн хүү А /4 настай, эрэгтэй/ 2022.01.20-ны өдрийн 10:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2022.01.20-ны өдрийн 19:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид А /4 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Ховд сумын чиглэлд явж байхад нь орон нутгийн иргэд 20:05 цагт тус багийн “Шар хөтөл” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 10 км-т/-аас эсэн мэнд олсон гэсэн тул Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаасан байна.

Categories
мэдээ цаг-үе

ДЭМБ: Омикроноос өөр хувилбарууд гарах магадлалтай

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Covid-19-ийн омикрон хувилбар эцсийн хувилбар биш, цаашид өөр хувилбарууд ч гарч ирэх магадлалтай гэж мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан улс орнууд өвчний хүндрэл, нас баралтын түвшнийг бууруулахад анхаарч, цогц стратеги баримталж ажиллах нь зүйтэй гэжээ.

Бээжинд Covid-19-ийн омикрон, дельта хувилбараар хавсран өвдөж буй хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Бээжингийн өвлийн Олимпийн наадам эхлэхэд гурван долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Covid-19-ийн тархалт эрчимжиж байгаа нь болгоомж дагуулж буй юм. БНХАУ хүн амынхаа 90 орчим хувийг вакцины бүрэн тунд хамруулжээ.

Япон улсад шинэ төрлийн Covid-19-ийн халдварын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Тус улсын Засгийн газраас Токио болон бусад бүс нутгуудыг өнөөдөр (2022.01.21)-өөс эхлэн гурван долоо хоногийн хугацаатай онц байдлын дэглэмд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж байна. Түүнчлэн Токио хот үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоохоор хэлэлцэж буй ажээ.

Дэлхий даяар Covid-19-ийн халдварын нийт тохиолдлын тоо 334.9 саяд хүрч, нас барсан хүний тоо 5.5 сая давав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Дэлхийн эдийн засгийн форумд цахимаар оролцож хэлсэн үгэндээ дараачийн цар тахалд бэлтгэхийг уриалжээ. Тэрбээр “Бид мониторинг хийх, эрт илрүүлэх, орон бүрт шуурхай ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад хөрөнгө оруулж, ДЭМБ-ын нэр хүндийг өсгөхийн тулд дараачийн цар тахалд бэлтгэх ёстой” гэж хэлсэн байна.

ДЭМБ энэ оны дунд үе гэхэд дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулахаар төлөвлөсөн стратегиа зарласныг Гутерриш дурджээ. Тэрбээр “Бид эдгээр зорилгод хүрэх яагаа ч үгүй байна. Энэ нь ичгүүртэй бөгөөд өндөр орлоготой орнуудад вакцинжуулалтын үзүүлэлт Африкийн орнуудынхаас долоо дахин дээгүүр байна. Бид бүр одоо вакцин хуваарилалтын асуудалд шударга хандах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Мөн “Бүх орон, бүх үйлдвэрлэгч COVAX хөтөлбөрийн дагуу вакцин нийлүүлэлтэд нэн тэргүүнд анхаарал хандуулж, тест, вакциныг бусад оронд үйлдвэрлэх ажил болон дэлхий нийтийн эмчлэх аргыг дэмжих ёстой. Биднийг энэ цар тахлаас гаргахын тулд эмийн компаниуд лицензи, ноу-хау болон технологи солилцох замаар, хөгжиж буй орнуудтай эв санаа нэгтэй байх нь бидэнд хэрэгтэй” гэж онцлон хэлсэн байна.

Эх сурвалж: WHO, XINHUA

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүд өнөөдөр 10.00 цагт хуралдана. Хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

10.00

Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

11.00

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Судалгааны Их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан