Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулав

Автомашин ба хорт хавдар

Энэ долоо хоногт нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тул орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЦА-наас анхаарууллаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 524 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 12 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Үл хөдлөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтсэн байна.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 3 осол бүртгэгдэж 6 хүн гэмтэж 2 хүний амь нас хохирчээ.

Эдгээрээс хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж 3 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирсон байна. Осолд өртсөн хүүхдүүд бүгд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртжээ. Иймд эцэг эхчүүд хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа зориулалтын суудалд суулгах, суудлын бүсийн зүүж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 147 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 109, орон нутагт 38 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн. Согтууруулах унааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч мөргөж, амийг хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Энэ талаар 7 хоног бүр мэдээлж байгаа боловч жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж иргэдийн амь нас, эрүүл мэнд гэмтэх нь буурахгүй байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн хүнийг бие даан явганаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Нийслэлийн хөрөнгө оруулалтын 29 тэрбумыг 420 тэрбум болгож чадсан Д.Сумъяабазарт итгэхээс өөр яах билээ

Өнгөрсөн баасан гаригт болсон нийслэлийн МАН-ын хорооны 35 дахь бага хурал /дөрвөн жилд нэг удаа болдог/-аар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг бага хурлын гишүүдийн 99.51 хувийн саналаар улираан сонголоо. Түүнийг Монголын хүн амын тал хувь ажиллаж, амьдарч буй нийслэлийг цааш нь аваад явах юм байна гэсэн үнэлэлт, дүгнэлт өгч, нийслэлийн намын бага хурлын нийт 499 төлөөлөгч ийнхүү итгэл хүлээлгэжээ. Ирж байгаа цаг хугацаа магадгүй өнөөдрийнхөөс ч хүнд байхыг үгүйсгэхгүй. Үүнийг МАН мэдэж байгаа, Д.Сумъяабазарт ачааны хүндийг үүрүүлээд цааш явъя гэж шийдсэн юм байна.

Д.Сумъяабазарыг магтан дуулах шалтгаан алга. Харин дүгнэх шалтгаан бол байна. Хорин настай залуу тамирчин байхаас аварга болох хүртэл нь олон удаа ярилцлага авч. Улс төрд орсон цагаас нь хойш чамгүй сайн ажиглаж анзаарч, шүүмжилж гоочилж бичиж ирсний хувьд шүү. Их спортын төлөвшил, спортын сэтгэл зүй гэдэг хүнийг эцэж цуцашгүй болгодог, зорьсондоо хүрэх чанар, ямар ч ачаалал даах тэвчээр суулгадаг. Зан араншингийн хувьд ямар ч хүнтэй түрүүлээд мэндлэх хэмжээний зөв харьцаа суулгадаг. Цаашлаад хэлсэндээ хүрэхийг хичээнэ, ядаж л хүнтэй эргэж ярина гэсэн бол заавал утсаар залгах хэмжээний хандлага түүнд бий. Д.Сумъяабазарын их спортын орчинд залуу насаа өнгөрөөсөн нь их улс төрд мөн ч их хэрэг болж байна даа гэж дүгнэснээ энд бичиж байна. Энэ бол магтаал биш дүгнэлт. Дүгнэлтийн дараа сонголт явагддаг шүү дээ. Ямартаа ч тэр нийслэлийн МАН-ын хороог дахиад дөрвөн жил удирдахаар сонгогджээ. Хувь хүн рүү нь ялимгүй өнгийхөд ийм. Үүнээс цааш зан чанарууд бий л дээ, гэхдээ болно. Одоо түүний төрийн ажил, хотын ажил нь ямар байна вэ.

Өнөөдөр нийслэлд асуудал маш их. Наад зах нь түгжрэлийг яаж шийдэх юм бол, Д.Сумъяабазар дарга нь. Түүнд гарц шийдэл хариултууд бий. Тухайлбал, тэрбээр “Хотын түгжрэлийг би 2024 он хүртэл 50 хувь бууруулахыг зорьж байна. Хүмүүс зарим нь итгэхгүй байгаа юм. Гэсэн ч би их том амлалт өгч байгаа” гэсэн. Хамгийн хүнд цаг үед хотыг удирдаж байгаа Д.Сумъяабазарт амлах нь хамгийн эрсдэлтэй ч тэр амлаж байна. Ингэж амлах шалтгаан түүнд байна. Учир нь тэрбээр өмнөх хотын 34 даргыг бодвол өнөөдөр Эрх зүй болоод эдийн засгийн чадамжтай болж байгаа нийслэл хотыг удирдаж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа УИХ-аар шинэчлэн батлууллаа. Энэ бол их хотын “Үндсэн хууль”. Энэ бол дагалдах 19 хуультай том хууль. Энэ хуулийн хүрээнд хотын дүрмийг тэрбээр гаргаж батлуулна. Мөн хотыг стандарттай болгохоор ажиллаж байна. Аливаа хөгжсөн нийгэм, хөгжсөн улс орон, хөгжсөн хот суурин бүхэн бүх газартаа стандарттай, тэр стандартын дагуу л нийгмийн бүх амьдрал өрнөдгийг хэлдэг юм. “Хамгийн сайн стандарттай улсыг л хамгийн сайн хөгжсөн улс гэнэ” гэсэн үг Европт байдаг юм. Тэгэхээр тэр ямар ч байсан хотыг хууль эрх зүйн чадамжтай, боломжтой болголоо. Энэ хуулийн үр дүнд Улаанбаатар хот оны эхнээс эхлээд өөрийн бонд гаргах боломжтой, концесс зарлах боломжтой, хотын дарга өөрөө Засгийн газрын гишүүний хэмжээний статустай байх боломж нээгдлээ. Тэрбээр Засгийн газрын хуралдаанд асуултад хариулах гэж дуудагдаж очдог байсан бол одоо 7 хоног бүр албан ёсоор Засгийн газрын хуралдаанд сууж байна. Нийслэлийн эрх зүйн чадамж эндээс эхэлнэ. Нийслэлийн иргэдийн зарим нь төдийлөн анзаарахгүй байгаагаас биш энэхүү Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар маш олон боломжууд нээгдсэн шүү. Үүний үр дүн гардаг юм бол Д.Сумъяабазарын үетэй холбох нь маргаангүй.

Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын хамгийн том нь санхүү, мөнгөний эх үүсвэрийн дутагдал. Мөнхөд энэ асуудал л шүдний өвчин нь байж ирсэн. Өнгөрсөн бүхий л цаг үед шүү. Монголын бүх зовлонгийн ихэнх нь нийслэлд бий. 2021 оны төсөвт ердөө 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал тусгасан харагдаж байв. Үүнд Д.Сумъяабазар 2022 оноос эхлэн цэг тавьж байна. Энэ асуудлаар Сангийн яамтай нэлээн сайн ярилцаж зөвшилцсөн байдаг. Ерөнхий сайд түүний саналыг дэмжсэн. Ингээд Засгийн газрын 146 дугаар тогтоолоор Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлж буй 420 тэрбум төгрөгийг хотод нь үлдээхээр болсон. Энэ мөнгөний эх үүсвэрийг эхний удаад хотын түгжрэлд зарцуулна гэдгээ зарласан. Гэхдээ мэргэжилтнүүдийн тооцоогоор 1.5 сая хүн амтай, дээр нь жил бүр 70 мянган хүнээр нэмэгдэх нийслэлд энэ мөнгөөр түгжрэлийг шийдчихгүй гэдэг тооцоог гаргасан байна лээ. Дээр нь 650 мянган машин өдөр бүр багтаж ядан хөдөлгөөнд оролцож байгаа нийслэл гэнэ. Гэхдээ 29 тэрбумыг нэг жилийн дотор 420 тэрбум болгож чадсан түүнд ирэх дөрвөн жилд итгэхээс өөр яах билээ. Нийслэлийн татвар төлөгчдийн 420 тэрбум төгрөгийг 21 аймаг, 330 сум руу тараагаад алга болгодог байсан шударга бус хуваарилалтад цэг тавьсан Д.Сумъяабазарыг үүнийх нь төлөө магтаад ч яах юм, гэхдээ муулахгүй өнгөрье. Энэхүү 420 тэрбум төгрөгийн шийдвэр гадны хөрөнгө оруулагчдад маш эерэг мэдээ болж очсон. Гадныхны зүгээс Улаанбаатар хотод хууль эрх зүй, засаглалын хувьд ийм сайн боломжуудыг төр засгаас нь бэхжүүлж өгсөн юм байна. Хот нь бие даан хөгжих боломж нь бүрджээ гэж тэд үзжээ. Улаанбаатар хоттой шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр хамтарч ажиллах саналыг Олон улсын санхүүгийн байгууллагууд тавиад эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт Хөгжлийн банк… зэрэг цөөнгүй газраас хамтран ажиллах гэрээ хэлцлүүд хийгдээд эхэлж. Энэ бол сэргэлт, энэ бол эдийн засаг, энэ бол бизнес. Эрх зүйн болоод эдийн засгийн чадамжтай, бие даан хөгжих боломжтой нийслэл хот гэж үүнийг хэлээд байгаа юм. Өнөөдөр бид дотроо хотыг шүүмжилсээр байгаа ч гадна талдаа бол хандлага ийм л эерэг байна. Тэр байтугай “Та нар цар тахалыг яаж ингэж хохирол багатай даван туулж байна“ гэсэн гадныхны гайхширал байгааг хотын дарга ярихгүй л байгаа. Тэр нь ч дээр биз, мушгин гуйвуулна шүү дээ. Одоо тэрбээр нийслэлийн ИТХ-аар хотын дүрэм, хотын стандартаа оруулж батлуулахаар бэлдэж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах боломжгүй асуудлыг энэхүү “Хотын дүрэм”-ээр зохицуулна. За тэгээд стандарттай хот болохын төлөө зорино. Энэ бүхэн Монголын нийслэлийг уруудаж явна гэж харагдуулахгүй байна. Ямар ч байсан өөдөө байна.

Түүний саяхан хэлсэн нэг үг санаанд байна. “Монгол хүний чадамж өсч байгаа, цаашид ч өсөх ёстой. Үүнийгээ бид анзаарахгүй байх шиг. Биднийг төмөр зам барьж чадахгүй гэж өчнөөн л пиар явсан. Газрын тосны үйлдвэр барьж чадахгүй гэсэн пиар яваад л байна. Одоо баганан тулгуурт галт тэргийг хийж чадахгүй л гээд байгаа юм. Монгол хүн чадах ёстой. Гарцаагүй хийх ажил дээр гадныхантай хамтарч, бид суралцах ёстой. Бусдыг чадах ёстой, хийх ёстой” гэж. “Чадна, чадах л ёстой” гэсэн энэ үг бол улстөрч хүний өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн чанар, хувь онцлог. Ийм сэтгэл зүй л ажлын ард гардаг.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлд нэр дэвшүүлсэн 24 мандатаас 22-т сонгогчдын олонхын дэмжлэг авч, 91.7 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан. 2020 оны НИТХ-ын сонгуульд “Нийслэлийн хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож, нийслэлд 34, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 200 нэр дэвшигч нь сонгогчдын олонхын санал авсан. 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 60 хувийн санал авч, итгэл төгс ялалт байгуулсан. Энэ бүхэнд түүний гүйцэтгэсэн үүрэг их учраас намынх нь Удирдах зөвлөл түүнийг дүүрэн дэмжиж байгаа. Тийм болохоор тэрбээр улс төрийн дэмжлэгээр дутахгүй. Энэ нь түүний бас нэг давуу тал юм.

С.СЭРГЭЛЭН

Categories
гадаад мэдээ

Киргиз, Тажикистаны хилчид дахин буудалцав

Энэ сарын 27-нд Киргиз, Тажикистаны хилчдийн хооронд буудалцаан болсон бөгөөд Киргизийн хилийн албаны мэдээлснээр, Тажикистаны цэргүүд гранат, мина харвагч ашиглажээ. Киргизийн Исфана, Баткен хотыг холбосон замыг Тажикийн цэргүүд хаасан нь мөргөлдөөн эхлэх шалтгаан болсон байна. Киргиз, Тажикистан улсуудын төлөөлөгчид гал зогсоох тохиролцоонд хүрч, хилийн мөргөлдөөн болсон газраас цэргийн нэмэлт хүчээ татахаар тохиролцжээ. Энэ тухай “Талууд гал бүрэн зогсоож, хилийн бүсээс цэрэг, зэвсгээ татах, Баткен-Исфана авто зам дагуух хөдөлгөөнийг нээх, хуулийн дагуу эргүүл хийх, дахин мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Киргиз, Тажикистаны хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд хил орчмын бүс нутагт хамтарсан эргүүл хийх талаар тохиролцлоо” гэж Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны Хилийн албаны мэдээлэлд дурджээ.Хоёр улсын төлөөлөгчид уулзалтын үеэр цэргүүдийн мөргөлдөөн эхэлсэн Торт-Кочо бүсэд очсон байна. Хэлэлцээнд Киргизийн Баткен муж, Тажикистаны Согд мужийн захирагчид, мөн хоёр улсын хилийн алба, хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Киргиз, Тажикистаны хил нь үе үе нутгийн оршин суугчид болон хилийн цэргүүдийн хоорондох мөргөлдөөний бүс болдог. Хоёр улсын 970 км урт хилийн шугамын бараг тал хувь нь Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байх үеэс нарийн тогтоогдоогүй үлдсэн нь ийнхүү 30 орчим жил маргаан зөрчлийн үндэс болсоор иржээ.Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын сүүлчээр оршин суугчдын зөрчил хоёр улсын цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан юм. Тухайн үед Киргизийн талаас 36 хүн амиа алдаж, 200 орчим хүн шархадсан бол Тажикистаны талаас 19 хүн амиа алдаж, 87 хүн гэмтэж шархадсан аж. Түүнчлэн 300 гаруй байшин, дэд бүтцийн байгууламжууд сүйдсэн байна.

Олон улсын шинжээчид ОХУ-ын цэрэг Украинд довтолбол Сири болон Кавказын нуруунд Лалын улс бүлэглэл, талибан хөдөлгөөнүүд идэвхижих төдийгүй ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан “стан” улсуудын зөрчил “сэдрэнэ” гэж үздэг бөгөөд энэ нь ч баримтуудаар нотлогдсоор байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Мандуул: Манай банк цаашид үйл ажиллагаа явуулахад тун хүнд боллоо

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.


-ХӨГЖЛИЙН БАНК ЭНЭ ЧИГЭЭРЭЭ ЯВБАЛ 800 САЯ АМ.ДОЛЛАРАА ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРНЭ –


-Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчирсан чанаргүй зээлдэгчдийг өнгөрсөн долоо хоногт ил болголоо. Ингэж гэнэт зарлах болсон шалтгаан юу вэ. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд зориулна гэв үү?

-Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит, өөрийн гэсэн хуультай, бодлогын банк. Иргэдээс хадгаламж татдаггүй. Гадаад, дотоодын эх үүсвэрийг урт хугацаатай зээлж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой. Саяхан Монголбанкнаас Хөгжлийн банкинд оруулсан шалгалтын тайлангаар нийт зээлийн активын 55.3 хувь нь чанаргүй байна гэж дүгнэсэн. Манай банк цаашид үйл ажиллагаа явуулахад тун хүнд боллоо.

Ирэх оны сүүлээр 800 сая ам.долларын зээлийн төлбөр төлнө. Нэг нь “Самурай” бонд. Нөгөө нь банкны 2018 онд татан төвлөрүүлсэн 500 саяын бондын төлбөр байгаа. Хөгжлийн банк энэ чигээрээ явбал 800 сая ам.доллараа төлж чадахгүйд хүрнэ. Дээрээс нь олон улсын зах зээл хуульчлагдаж байна. Тухайлбал, АНУ-д өнгөрсөн жил инфляци нь сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн өндөр буюу долоон хувь боллоо. Европын инфляци таван хувь руу орж байна. Ийм тохиолдолд АНУ, Европын том зах зээл төв банкны хүүгээ өсгөж эхэлдэг. Хөгжиж буй орнуудаас хөгжсөн орнууд руу мөнгөний урсгал шилжинэ. Энэ нь манайх шиг улсын хувьд бонд босгож, мөнгө олох боломжийг маань хумина. Тиймээс чанаргүй актив дээрээ яаралтай акци хийж, зээлдэгчдийн өрийг төлүүлснээр Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх үндсэн үйл ажиллагааг явуулах боломж нь бүрдэнэ.

-Нийт чанаргүй зээл 1.6 их наяд төгрөг гэж мэдээлсэн. Энэ удаад 25 компанийн 841 тэрбумын өр төлбөрийг олон нийтэд зарласан. Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагаа хүндрэх нь тодорхой боллоо. Банкны үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн бусад зээлдэгчдийг хэзээ зарлах вэ?

-Өрөө төлөхгүй байгаа зээлдэгчдийг шүүхийн бус аргаар өрийг нь төлүүлэх гэж ажилладаг л даа. Энэ бол банкны зүгээс авах арга хэмжээний нэг процесс. Ингэж яваад үнэхээр нөгөө зээлдэгч нь өрөө төлөхгүй бол шүүхэд хандахаас өөр замгүй. Гэтэл шүүх дээр хугацаа их алдаж байна. Хамгийн өндөртөө гэхэд гурван шатны шүүхээр яваад зургаан жил болсон зээл ч байна. Шүүхээс шийдвэр гарсны дараа гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр гурван жил болсон зээл ч байна. Энэ хугацаанд банкны хувьд алдагдал хүлээгээд байдаг. Жишээлбэл, нэг компани 100 тэрбум төгрөгийн зээл авсан гэж бодъё л доо. Манай банкны эх үүсвэрийн дундаж өртөг маань найман хувь. Тухайн компани зээлээ төлөхгүй бол манай банк үүнээс үл хамааран найман тэрбум төгрөгийг жилдээ хүүнд нь гадагш төлж байгаа гэсэн үг. Банк тэгэхээр алдагдалгүй ажиллахын тулд энэ найман тэрбум төгрөгийг бусад зээлэдэгчдийн санхүүгийн өртөг дээр нэмж хүүг нь өсгөж явахаас өөр аргагүй болно. Иймэрхүү байдалд хүрээд байдаг учраас бид шүүх дээр байгаа 25 зээлдэгчийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Хөгжлийн банкны ил тод нээлттэй ажиллах зарчмын хүрээнд хуулинд энэ тухай заасан байдаг. Бид дотроо чанаргүй актив барагдуулах журмын хүрээнд бүх зээлийг нэг бүрчлэн судлаад процессын дагуу хяналт шалгалт хийгээд үнэхээр болохгүй бол шүүхэд өгдөг. Олон нийтэд зарлагдаагүй байгаа бусад зээлдэгчдийг өрөө төлүүлэх тал дээр шүүхийн бус аргаар ажиллаж байна. Чанаргүй зээлдэгчид яаралтай өрөө төлөх шаардлагатай байна.

-Хэрэв төлж чадахгүй бол төрд өр үүснэ гэсэн үг биз дээ?

-Манай банк төрийн өмнөөс гаднаас зээлийн эх үүсвэр босгосон. Үүнийгээ эргүүлээд төлж чадахгүйд хүрэх юм бол тэр өр нь төрийн нуруун дээр унана. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн 800 сая ам.доллараа төлж чадахгүйд хүрвэл Засгийн газар төлөхөөс өөр аргагүй болж байгаа юм.

-Засгийн газар төлнө гэхээр татвар төлөгчдийн мөнгө урсана. Нийгэм бухимдалтай байгаа. Зээл авсан хүмүүс төрд өндөр албан тушаал хашиж байсан болон эрх мэдэлтнүүд байна. Шүүхээр явахад зээлээ төлүүлэх боломжгүй юм уу?

-Энэ бол их эргэлзээтэй асуудал болоод байгаа юм. Яагаад гэвэл манай нийт актив 3.2 их наяд төгрөг. Гэтэл үүний дөрөвний нэг нь ямар нэгэн бодитой барьцаагаар баталгаажаагүй байж таарсан. Тухайлбал, ирээдүйд бий болох орлого, дансны орлого, эргэлтийн хөрөнгийн бараа материал зэргийг барьцаалсан кэйсүүд байна. Үүнийг хурааж аваад зээл төлүүлэх боломжгүй. Барьцаа маань хангагдахгүй эрсдэл бий болчихоод байна. Хуулиараа Шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ажиллах ёстой. Ингэснээр өрөө төлөхгүй байгаа зээлдэгчдийг төлүүлдэг процесс явуулна л даа.

-Жирийн иргэд банкнаас 40 сая төгрөгийн зээл авахдаа хоёр дахин их хөрөнгө барьцаалдаг. Өндөр хүүтэй авсан зээлээ нугалж төлдөг. Гэтэл Хөгжлийн банкнаас авсан дөрвөн зээл тутмын нэг нь барьцаагүй болж таарч байна уу. Хөгжлийн банкийг хэн удирдаж байх үед хэдэн төгрөгийн зээл гарсныг та хэлж өгөхгүй юү?

-Хөгжлийн банк 2011 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Надаас өмнө гүйцэтгэх захирлаар таван хүн ажилласан. Хамгийн эхний захирал Ким Жан Жингийн үед 294 тэрбум төгрөгийн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн зээл гарсан байна. Энэ нь Монголбанкны шалгалтаар чанаргүй зээлийн активт орсон. Дараагийн гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат гэдэг хүн томилогдсон.Түүнийг ажиллаж байх хугацаанд нийтдээ 960 тэрбум төгрөгийн чанаргүй актив Монголбанкны шалгалтаар тогтоогдсон. Дараа нь Б.Батбаяр захирлын үед 487 тэрбумын, Г.Амартүвшин захирлын үед 33 тэрбумын чанаргүй зээл үүссэн. Нийт 1.7 их наяд төгрөгийн чанаргүй актив. Нэмээд 200 тэрбум төгрөгийн эргэлзээтэй зээл байна. Энэ нь чанаргүй болж мэдэх зээл гэсэн үг.

-Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс анхнаасаа зээлээ төлөх бодолгүй авдаг юм биш үү. Тэдэнтэй уулзаж үзсэн үү. Юу гэж тайлбарлаж байх юм?

-Бид 3.2 их наяд төгрөгийн зээлийн актив дээрээ анализ хийж байгаа. Шүүхийн процессоор явахаар маш их хугацаа алдаад, эх үүсвэрийн зардал гардаг. Тэгэхээр аль болох шүүхийн бус журмаар шийдэх гэж нэлээд үзлээ. Буцаагаад газар дээр нь шалгалт хийхээр нэлээд зөрчил гарч байна л даа. Зээлээ зориулалт бусаар ашигласан байх жишээтэй. Зарим нь бүр шуудхан зээлээ төлөхгүй гэж хэлж байна. Нэг хэсэг нь цар тахалтай холбож байна. Энэ чанаргүй актив маань зөвхөн ковидоос болж үүсчихээгүй. Олон жилийн хуримтлагдсан өр шүү дээ. Одоо үүнийгээ цэгцэлж авахгүй бол Хөгжлийн банк маань төрийн өр дээр давхар дарамт үүсгэх гээд байна. Одоо хууль хүчний байгууллагатай хамтарч байж асуудлыг шийдэхээс өөр гарцгүй гэж харж байна.

-Өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит бус чуулган дээр Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцсэн. АТГ-аас өгсөн мэдээллээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг тус банкинд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж шүүхээс гэм буруутайд тооцсон байна лээ. Ер нь хуучин удирдлагуудад хариуцлага тооцох механизм бий юү?

-Хөгжлийн банк багийн удирдлагаар ажилладаг онцлогтой. Гүйцэтгэх захирал нь дангаараа шийдвэр гаргадаггүй. Зээлийн удирдлагын хороонд тухайн үеийн менежмэнтийн баг нь сууж байгаад гараа өргөөд санал хураагаад шийддэг. Тэр шийдэгдсэн асуудал нь ТУЗ дээр эцсийн байддлаар шийдэгддэг. Энэ бол нэг хүний асуудал биш, хамтын шийдвэр гэдгийг хэлмээр байна.

Тэгээд ч банк бол мэргэжлийн байгууллага байх ёстой. Бид ямарваа нэгэн хувь хүнд хариуцлага тооцох асуудлыг тусдаа хууль журмаараа цагдаа АТГ шалгаад тэндээсээ үндэслэлтэй гэж үзэх юм бол прокурор шүүхээрээ явах ёстой. Бидний хувьд шаардлагатай мэдээ мэдээллийг гаргаж өгөөд явдаг. Миний санаж байгаагаар бидэнд мэдэгдэж байгаа арав гаруй хэрэг цагдаа болон АТГ дээр шалгагдаж байгаа. Бид холбогдох мэдээллийг нь өгөөд явж байна. АТГ-аас чанаргүй актив дээр дүн шинжилгээ хийе гээд албан бичиг ирсэн. Энэ дагуу энэ бүх чанаргүй зээлүүдийн материалуудыг өгсөн.

-Хөгжлийн банкийг анх удирдаж байсан Солонгосын менежмэнттэй үед зээлийн босго өндөр байсан гэх юм билээ. Тавьж байгаа шаардлага, өгч буй зээлийн хэмжээ нь хүртэл чанга байсан гэж яригдах боллоо. Гэтэл монголчууд үргэлжлүүлж аваад хоноцын сэтгэлээр хандаж, нөхцөл байдлыг дордуулчихсан юм биш үү?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг хувь хүн нь сайн, муу ажилласан гэж ярихаас илүү системийн шинж чанар, алсын хараагүй байдлаас үүссэн гэж би хувьдаа харж байгаа. Зарим чанар нь муудсан зээлүүдийн тухайд хэлэхэд төрийн өмчит компаниудад Засгийн газрын тогтоолоор олгочихсон байна. Тогтоол гарангуут Хөгжлийн банк гэрээ байгуулаад зээлийг нь олгочихдог. Гэтэл тухайн зээлийнх нь нөхцөлийг өөрчлөх шийдвэрүүд засаг дээр араас нь гараад ирдэг. Алдагдлыг нь банк хүлээдэг. Нөгөө төрийн өмчит компаниуд тэр схемээрээ зээлээ эргэн төлж чадахгүй болсон байх жишээний. Энэ бол системийн доголдол. Тэгвэл алсын хараагүй байна гэдэг нь гаднаас “Чингис”, “Самуурай” бонд гэх мэт их хэмжээний хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлээд зөрүүлээд хийх төсөл байдаггүй. Чанаргүй болсон зээлийн листээс харахад хоёр, гурван тэрбумын зээлүүд олон байгаа.

Банк үйлдвэрлэгч биш. Харин зөв төслийг санхүүжүүлж, хяналтаа тавих ёстой. Энэ төсөл нь Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулахуйц гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйл бий болгож байна уу гэдэгт. Харамсалтай нь зээл дундаасаа гэнэт төлөгдөхөө болиод явдаг. Очоод барьцаагаа хураая гэхээр шүүх хэрэгтэй болно. Шүүхийн проессоор яваад цаг алдаж байх хооронд баригдаад явж байсан төслийн үнэ цэн буурдаг. Таван жилийн дараа үйл ажиллагааг нь ашигтай ажиллуулж чадах уу гэдэг асуудал үүснэ. Энэ мэт чанаргүй активын олон кэйс байна.

-Хөгжлийн банкинд эрсдэлийн сан бий бил үү?

-Хөгжлийн банк өөрөө активаа чанартай, чанаргүй гэж ангилж байсан юм билээ. Чанаргүй актив дээрээ эрсдэлийн сан үүсгээд явж байсан гэсэн. Сая Монголбанкны шалгалт ирээд “Та нарын чанартай гээд байгаа актив чинь чанаргүй байна. Хуулиараа үүн дээрээ эрсдэлийн сан байгуул” гэж байна л даа. Хэрэв бид эрсдэлийн сан байгуулбал цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихно. Энэ тал дээр төв банктай ярилцаж байна. Зээлээ төлөхгүй байгаа компаниудтай уулзаж ярилцъя гэж байгаа юм. Мэдээж бид эргэн төлөлтөө хэвийн авчих юм бол эрсдэлийн сан байгуулах шаардлагагүй болно. Нөгөө талдаа ирэх жилийн бондын эргэн төлөлтүүд дээрээ харьцангуй санаа зоволтгүй болно. Бас Засгийн газраас хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх томоохон боломж бүрдэнэ. Манай банк арван жилийн хугацаанд гадаадын олон банк санхүүгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, амжилттай бонд босгосон түүхтэй. Гэтэл нийт активын талаас илүү нь чанаргүй болсон ийм банктай гадны ямар ч байгууллага хамтрах үндэслэлгүй болчихоод байна. Тэгэхээр бид гаднаас хөрөнгө босгож чадахгүй. Энд нь чанаргүй зээлдэгчид мөнгөө төлдөггүй. Гэтэл өмнөх босгосон хөрөнгийн хүү нь гүйгээд байдаг.

-Ийм асуудлыг олон улсад яаж шийддэг юм бол. Ямар гарц байна?

-Өр төлбөрийг барагдуулахын тулд шүүхийн бус журмаар илүү онцгой эрх мэдэлтэйгээр ажилладаг тусдаа хуулийн этгээд байгуулах ёстой юм байна гэж бидний зүгээс санал дэвшүүлж байгаа. Олон улс оронд хэрэгжиж байсан туршлага юм билээ. Хамгийн амжилттай хэрэгжсэн кэйс гэвэл манай урд хөрш байна. Хятад улсад 1999 онд төрийн өмчит дөрвөн том банкин дээр нь чанаргүй зээл 40 хувь гарчихсан байхад нь актив удирдлагын компани гэж байгуулсан. Тэр нь муу зээлдэгчидтэй шүүхийн бус замаар ажиллаад өр төлбөрийг нь төлүүлж, улсыг хохиролгүй болгож байсан. Үүний хүчинд нөгөө дөрвөн төрийн өмчит банк нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явах боломжтой болсон. Тэгэхээр бид иргэний арван сая төгрөгийн хэргийг Хөгжлийн банкны 100 тэрбум төгрөгийн хэрэгтэй адилтган авч үзэж шүүхээр явах шаардлагагүй юм байна. Төрийг хохиролгүй болгох процессыг арай өөр шугамаар шийдэх ёстой.

-Хөгжлийн банк цаашид яаж ажиллах ёстой вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас 20 багц төсөл арга хэмжээг баталсан шүү дээ. Улсын хөгжилд хувь нэмэр оруулах төслийг зөв бүтэц схемтэйгээр санхүүжүүлэх ёстой. Нөгөө талдаа манай банкны дүрмийн өөрчлөлт хийгдээд экзим банк болсон байгаа. Бид экспортыг дэмжинэ. Экспортыг дэмжинэ гэхээрээ зүгээр үйлдвэрүүдэд очоод зээл олгоод байж болохгүй. Арилжааны банкны олгож чадах тийм зээл рүү орж болохгүй шүү дээ. Харин экспортын нийлүүлэлтийн сүлжээ гэж ярьдаг. Энэ шугаман дээр нь хаана гацаа үүсээд байна вэ, түүн дээр нь зөв онилж санхүүжилт хийх ёстой.

Categories
мэдээ нийгэм спорт

Португалийн Гран При тэмцээнээс А.Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ

Португал улсын Альмэйда хотноо 2022 оны анхны дэлхийн цуврал Гран При ангиллаар зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Португалд анх удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 41 орны эрэгтэй 179, эмэгтэй, 122 нийт 301 жүдоч хуран чуулсан бөгөөд 25 улс медаль хүртсэн байна. Үүнээс манай тамирчид гурван хүрэл медальтайгаар медалийн чанараараа 18 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Манай тамирчдаас эхний өдөр -60 кг-д Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хорооны тамирчин 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Бямбажавын Цогт-Очир хүрэл медаль хүртсэн.

Улмаар тэмцээний хоёр дахь өдөр -73 кг-ын жинд Дархан Уул аймаг, “Женко” клубийн тамирчин тамирчин Өмнөговь-2021 насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртээд байлаа.

Энэ медалийн буухиаг тэмцээний сүүлийн өдөр Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Амарсайханы Адъяасүрэн үргэлжлүүлж +78 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Түүний жинд нийт зургаан жүдоч хүч үзсэн бөгөөд манай тамирчин сугалаагаар шууд хагас шигшээ рүү орж, Европын нээлттэй тэмцээний бүрэн медальтай Францын Стесси Бастареуд цэвэр ялагджээ.

Гэвч хүрэл медалийн төлөө манай жүдоч Их Британийн 35 настай олон улсын тэмцээний 25 медальтай Сара Адлингтоныг ялж, Гран При ангиллаас анхны медалиа гардлаа.

Түүнтэй хамт энэ өдөр зодоглосон бусад залуусаас -100 кг-ын жинд ОУХМ Одбаатарын Хангал -90 кг-ын дэлхийн хошой аварга Николаз Шеразадашвилиг эхний даваандаа ялсан бол хоёрдугаар тойрогтоо мөн дэлхийн хошой аварга Португалийн хамгийн алдартай жүдоч Хорхе Фонсекад ялагдсан байна.

Манай жүдочдын дараагийн тэмцээн хоёрдугаар сарын 5-нд Парисын Их дуулга байх юм. Парист 58 орны 344 жүдоч өрсөлдөхөөр урьдчилсан мэдүүлгээ өгөөд буй аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно

2022 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм:


Хур тунадас: 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, 7 хоногийн нийлбэр тунадасны хувьд хамгийн их нь Сүхбаатарын Дарьгангад 3.2мм, Дорноговийн Өргөнд 2.6мм, Сэлэнгийн Хүдэр, Төв аймгийн Дэлгэрхаан, Өвөрхангайн Зүйл, Сүхбаатарын Наран, Онгон, Баяндэлгэр, Дундговийн Дэрэн, Дорноговийн Улаан-уулд 2.0-2.5мм, бусад нутгаар 0.0-1.9мм цас орсон байна. 27-нд нийт нутгаар нутгаар цас ороогүй.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 1-26 см зузаан цасан бүрхүүл тогтосноос хамгийн их нь Увсын Малчинд 26 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 18 см, Сэлэнгийн Бугантад 17 см, Баян-Өлгийн Даян, Увсын Баруунтуруун, Завханы Тосонцэнгэл, Хөвсгөлийн Цагаан-Үүрд 15 см, бусад хэсгээр 1-14 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

No description available.

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын Хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-32 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 19-25 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байв.

No description available.

Агаарын хамгийн бага температур: Хүйтний эрч чангарч Увс нуур, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-46 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 30-39 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-18 градус, бусад нутгаар 20-26 градус хүйтэн байв.

No description available.

Cалхи: Ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 метр, говь,тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур 18 м/с хүрч ширүүссэн байна.

No description available.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас: 24, 26, 29-нд нийслэл орчмоор 0.0-0.4 мм цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-34 градус, бусад хэсгээр 20-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байв.

Салхи: Ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 метр байв.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банк “Хөтөл”-ийг гурван удаа шүүхэд өгсөн ч хэргийг буцаажээ

Хөгжлийн банк “Хөтөл”-ийг гурван удаа шүүхэд өгсөн ч хэргийг буцаажээ

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар энэ оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй болсон зээлийн асуудлыг хөндөн, ямар улч төрчид чанаргүй зээлийн ард байгааг ил тод зарлахыг дахин шаардав.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар түүнд дараах хариултыг өглөө:
-Эцсийн өмчлөгч тодорхойгүй учраас Хөгжлийн банкны хэргүүд шүүхээс буцдаг. Учир нь Хөгжлийн банкнаас зээл авсан хүн нас барсан гэдэг. “Хөтөл” хэнийх вэ гэдгийг Монгол даяар мэддэг. “Хөтөл”-ийн орлого хаашаа ордгийг бид мэднэ. Гэвч шүүх хэргийг шийддэггүй. Хөгжлийн банк гурван удаа шүүхэд хандсан ч үр дүнд хүрээгүй гэв.

“ХӨТӨЛ” ХХК-ИЙН АВСАН САНХҮҮЖИЛТ
• Тогтоолын дүн: 61.3 сая ам.доллар
• Гэрээний дүн: 61.3 сая ам.доллар
• Санхүүжүүлсэн дүн: 61.3 сая ам.доллар

ЗЭЭЛИЙН ХЭЛБЭР
Төслийн орлогоос эргэн төлөх

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд дээрх зээлийг олгожээ. Хөтөлийн цементийн үйлдвэрлэлийг жилд нэг сая тонн хүртэл өргөтгөх, шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр зээл олгосон. Энэ төсөл стратегийн өндөр ач холбогдолтой, төслийг хэрэгжүүлснээр Монгол жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэн, дотоодын цементийн хэрэгцээний 40 орчим хувийг хангах боломжтой болно.

Мөн импорт орлож, эдийн засагт эерэг нөлөөллийг авчрах ач холбогдолтой гэж тооцоолжээ. Нийгмийн үр ашиг: Барилгын өртөг буурч, үнэ бодитой хямдарч иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлнө.

Товч мэдээлэл: Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2-р шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх төслийг хэрэгжүүлэхээр “Бэйзмент” ХХК шалгарсан. Уг үйлдвэрийн угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт бүрэн дууссан. Туршилтын үйлдвэрлэлийг явуулсан. “Бэйзмент” ХХК-ийн төлөвлөгөөний дагуу 2014 оны тавдугаар сард үйлдвэр ашиглалтад оржээ.

Энэ сарын 23-нд Хөгжлийн банк цахим хуудсандаа 26 чанаргүй зээлдэгчийг зарласан. Эдгээрт “Хөтөл” ХХК багтаагүй юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэл.мн-д “Хөтөл” компанийг 2008 онд байгуулжээ. 2015 оноос хойш Мижидийн Бөх-Очир хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ. Тэрээр мөн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани гадаад худалдаа, барилгын засвар үйлчилгээ, албан ёсны нийтлэг орчуулгын үйлчилгээ үзүүлэхээр зөвшөөрөл авсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Чинзориг: Доод тэтгэвэр авагчдын тоо 78 мянгаар нэмэгдэх тооцоо гарч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Тус тодотголоор ахмад настан болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгасныг тэрээр тэмдэглэв. Мөн 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах багц ажлыг хуулийн төсөлд тусгасныг дурдав. Энэ арга хэмжээнд 637 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэхүү эх үүсвэрийг Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөөнөөс давсан орлого болон энэ оны төсөвт тусгасан 123 төсөл, арга хэмжээний зардлыг танах маягаар зохицуулжээ. Энэ хүрээнд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

УИХ-ын чуулганы энэ сарын 28-ны хуралдаанаар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хорооод хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг бэлтгэн Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томёоллуудыг нэгтгэн хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулав.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон цар тахлын хуулийн хүрээнд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авахгүй бөгөөд зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүн үндэслэлээ тайлбарлах дэгтэйг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Ингээд байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалаа.

Тухайлбал, “Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр настны тэтгэврийг 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс тодорхой үе шаттай нэмэх зорилгоор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны төсвийн Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 310.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, энэ санхүүжилтийг дараах зардлуудыг бууруулах замаар эх үүсвэр гарган санхүүжүүлэх: Үүнд,

1.1. Эрүүл мэнд, онцгой байдлын салбар, халамж, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, зээлийн хүүгийн төлбөрөөс бусад бүх зардлыг 15.4 хувиар бууруулахтай холбогдуулан 217.1 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулах.

1.2. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2022 онд санхүүжих дүнг 63 тэрбум төгрөгөөр бууруулах.

1.3. Гадаад зээл, тусламжаар санхүүжих төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа онуудад үргэлжлүүлэхээр тооцож уг санхүүжилтийг 30 тэрбум төгрөгөөр бууруулах” гэсэн саналын томъёоллыг УИХ-ын дараг уншиж танилцуулав.

Дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёололтой холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг үг хэлэв. Тэрбээр, “2022 оны төсвийн төслийг баталж байх үеэр урсгал зардлаас орон тоо, гадаад томилолт, унаа машинтай холбоотой зардлыг танасан. Тиймээс урсгал зардлаас 217 тэрбум төгрөг танах боломж байгаа болов уу. Хоёрдугаарт, тэтгэвэр нэмэх Засгийн газрын тогтоол гарах үеэр анхаарахгүй бол том гажуудал үүсэж мэдэх нь. Тодруулбал, бүрэн тэтгэвэр авч байгаа иргэдийн 52 хувь нь доод тэтгэвэр авч байсан бол одоо 72 хувь нь доод тэтгэвэр авагч болох юм байна. Доод тэтгэвэр авагч иргэн 78 мянгаар нэмэгдэх тооцоо гарч байгаа юм. Цаашид цалингаас хамаарч тэтгэвэр тогтоолгодог тогтолцоо эвдэгдэж байна. Доод тэтгэврийг нэмээд, түүнээс дээш тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр нэмэх шаардлагатай. Тэгэхгүй бол нэг сая төгрөгөөс дээш тэтгэвэртэй хүний тэтгэвэр өндөр дүнгээр нэмэгдэнэ. Харин багш, эмч зэрэг хүний тэтгэвэр 15 хувиар гэвэл маш бага дүнгээр нэмэгдэнэ” хэмээв.

Ингээд санал хураахад, хуралдаанд оролцсон 53 гишүүний 30 нь дээрх саналын томъёоллыг дэмжлээ.

Ийнхүү зарчмын зөрүүтэй бусад саналын томъёоллоор санал хурааснаар төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглүүлэхээр бэлтгэж байна

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг 450 болгож нэмэгдүүлнэ

Нийслэлийн Налайх дүүргийн 8 хорооны гэр хорооллын 7226 айл өрхөд сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэлийг эхлүүлээд байна.

Учир нь 2022 онд тус дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр оруулж байгаа юм.

Налайх дүүргийн ЗДТГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх алба, нийслэлийн МХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтэс, Налайх дүүргийн ОБХ-ийн хамтарсан ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллажээ.

Агаарын тухай хуулийн 15.1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг багасгахаар агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална”, 15.3-т “нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасан байдаг аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1206 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ

Анхаар: Иргэдээс шинжилгээ авах цэг, байршил | News.MN

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,206 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 444,719 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 648 нь Улаанбаатар хотод,
  • 558 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,036 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,348 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 54,017 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 2,943
  • Хүндэвтэр – 6,403
  • Хүнд – 911
  • Маш хүнд – 91 хүн байна.