Categories
мэдээ нийгэм

Хятадын тал Эрээн өртөөний өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх болсноо мэдэгдлээ

Өчигдөр Хөх хотын төмөр замын дарга Дай Хун “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэнтэй цахимаар уулзах үеэрээ Эрээн өртөө, Эрээн-Жинин хоорондын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг ойрын хугацаанд буюу цагаан сарын баярын дараа эхлүүлэх болсноо мэдэгдлээ. Энэхүү ажлыг хийснээр Эрээн өртөөний хүчин чадал нэмэгдэж, Монгол Улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэх боломжтой болох юм. Эрээн өртөөний хүчин чадал дутаж байгаагаас манай улс хятадын талд Замын Үүд-Эрээн өртөөгөөр хоногт 14 галт тэрэг хүлээлгэн өгч байгаа бөгөөд хятадын тал цар тахлын халдварыг хумих зорилгоор Эрээн боомтоор нэвтрэх экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг чингэлэг тээврээр гүйцэтгэх болсон нь экспортын тээвэрлэлт, тэр дундаа төмрийн хүдэр, нүүрсний тээвэрлэлтэд хүндрэл үүсэж хятадын талд хоногт хүлээлгэн өгөх галт тэрэгний тоо буурахад хүрээд байгаа юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн Хөх хотын төмөр замын дарга Дай Хунтай цахимаар уулзахдаа тус боомтод үүссэн хүндрэлийг арилгаж, хилийн төмөр замын тээврийн үйл ажиллагааг хэвийн болгох талаар тодорхой саналуудыг хятадын талд тавьсны нэг нь Эрээн өртөөний хүчин чадлыг өргөтгөх тухай асуудал байсан юм. Уулзалтын үеэр талууд цаашид бүх талаар хамтран ажиллаж хоёр улсын төмөр замын тээврийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд хэвийн ажиллаж байна

Сар шинийн баяраар БНХАУ-ын тал хилээ 3 хоног хаахаар мэдэгдээд байна. Үүнтэй холбогдуулан манай улсын урд хилийн боомтууд тодорхой зохицуулалтаар ажиллах нь. Манай улс БНХАУ-тай хилийн 13 боомтоор хиллэдэг. Одоогоор Замын-Үүд болон Гашуунсухайт боомтууд хэвийн ажиллаж байна. Замын-Үүд боомтоор чингэлэг тээврийн ачааг хүлээн авах ажил үргэлжилж байгаа бол Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 100 автомашин, 16 тээврийн хэрэгслээр зэсийн баяжмал тээвэрлэн гаргаж байна. Урд талын боомтуудаас Шивээхүрэн боомт хаалттай байна. Тэгвэл хойд хилийн боомтуудаас Алтанбулаг, Цагааннуурын зэрэг боомтууд хэвийн ажиллаж байна. Алтанбулаг боомтоор өдөрт 50 тээврийн хэрэгсэл, 30 хүн нэвтрүүлж байна. Иргэдийн хувьд зайлшгүй албан хэргээр яваа болон ОХУ-д сурч буй оюутнууд байгаа аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Сарангэрэл: Олон жил алдаатай явж ирсэн тэтгэврийн зөрүүг зөв шийдвэрлэх цаг болсон

УИХ-ын гишүүн, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит нэгэн намрын чуулган өндөрлөлөө. Гол шийдсэн асуудал юу байв. Таны оролцсон хууль, тогтоомжийн талаар яриагаа эхлэх үү?

-УИХ-ын чуулган Үндсэн хуульд заасны дагуу 75 өдөр хуралдаж завсарласан. Нийт 243 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Бүх л шийдвэр хамтынх байдаг. Харин асуудал нь олон учраас гишүүд харьяалагдах байнгын хороо, эзэмшсэн мэргэжил, голлон ажилладаг сэдвээрээ нэгдэн баг, ажлын хэсэг болж хуваагдан хууль, тогтоомжийн төсөл дээр ажиллан чуулганаар хэлэлцүүлж батлуулдаг. Тухайлбал, би Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувьд энэ чиглэлийн үйл ажиллагаанд түлхүү оролцох үүрэгтэй. Манай байнгын хороо намрын ээлжит чуулганы хуралдаанд 14 хууль, тогтоолын нэг төсөл батлуулсан байна. Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоол нь хойч үе маань эрүүл саруул байх боломжийг бүрдүүлэх суурь болно гэж бид үзэж байгаа. Тухайлбал, жирэмсний үед ургийн эмгэгийг тодорхойлох молекул, генетикийн үндэсний лаборатори байгуулж, генийн сантай болох юм. Хүн судлалын талаарх төрийн бодлого орхигдсоныг тогтоол хэлэлцэх үеэр мэргэжлийн хүмүүс нь хүлээн зөвшөөрч, энэ чиглэлийн бие даасан бүтэц, үндэсний хөтөлбөр, хууль бий болгохоор тогтоолд тусгалаа. Мөн угийн бичиг хөтлөх, ургийн овог хэрэглэх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх замаар цус ойртолтоос сэргийлж удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, оюуны чадавхыг хөгжүүлэх замаар үндэсний дархлааг бэхжүүлэх зорилготой ийм л чухал тогтоол. Олон гишүүн энэ тогтоолд үнэтэй санал хэлсэн. Миний хувьд асуудалд прагматик хандаж, үндэсний молекул-генетикийн лабораторитой болж, эрүүл саруул үр хүүхэдтэй, аз жаргалтай айл өрх байхад үр нөлөөгөө өгөх чиглэлд тууштай ажиллах бодолтой явдаг. Ер нь эмэгтэйчүүдийн үргүйдэх явдал ч асуудал болж байна. Түүний шалтгааныг тогтоох, улмаар үр шилжүүлэн суулгах боломжийг бүрдүүлж асуудлыг цогцоор нь шийдвэл олон хүнд тустай ажил болно. Харьяалагдах байнгын хорооноос хальж ажиллах боломж ч бий. Тиймээс боловсролын болон төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдтэйгээ хамтран Боловсролын багц хуулиудын төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн хууль, тогтоолын төслийн ажлын хэсэгт ажиллаж байна.

-УИХ Шинэ сэргэлтийн бодлогын талаар тогтоол баталсан. Үүнийг дэмжих нэг хэсэг ч байна, шүүмжлэл ч байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Шүүмжлэх амархан. Харин хийх хэцүү. “Ковид-19” цар тахал дэлхийн бүх улс орны эдийн засагт хүндээр тусаж байна. Улс орон бүр хэрхэн эдийн засгаа сэргээх үү, сөрөг нөлөөллийг яаж бууруулах уу гэж эрэл хайгуул болсоор. Монгол Улсын Засгийн газар зургаан зүйл бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-д оруулж ирлээ. Эдийн засагт гол нөлөөтэй салбарыг сэргээх, хөгжилд саад бэрхшээл болж байгаа хүчин зүйлсийг засч залруулах, урт хугацаандаа хөгжлийн бодлогын суурь болоход чиглэсэн хөтөлбөр боловсруулсан байна. Хэлэлцүүлгийн үеэр дээрх зургаан асуудал манай улсын эдийн засагт шууд нөлөөтэй, хөгжлийн суурь болсон асуудал болохыг гишүүдийн олонх үзэж байсан.

-УИХ-ын гишүүний хувьд Засгийн газраас оруулж ирсэн энэхүү бодлогыг тал талаас нь шинжин үзсэн байх. Улмаар УИХ-аар уг бодлоготой холбоотойгоор тогтоол батлагдлаа. Ер нь зургаан зүйл бүхий шинэ сэргэлтийн бодлогыг эдийн засгаа хөгжүүлэх зорилго гэж ойлгож болох уу?

-Бид тэгж л харж байгаа. Эн тэргүүнд боомтуудаа сэргээж , ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлж эдийн засгаа тэтгэх хэрэгтэй. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбож, ачаа тээврийн урсгалыг сайжруулах зорилт Засгийн газар тавьж байна. Боомт дээр ачаа барааны эргэлт удааширч, энэ нь үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлж буйг та бид мэднэ. Засгийн газрын шууд оролцоотойгоор зарим гацаа нь гарч ачаа, чингэлэг орж ирж байна. Оны эхний сараас дотоодын цэргийн албан хаагчид хилийн тэг бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийж, төр энэ асуудлыг хяналтдаа авснаар тээврийн үнийг хямд байлгах зарим боломжууд бий болж байна. Ер нь нүүрсний экпспортоос эдийн засаг ихээхэн хамааралтай. Нүүрс гаргалт зогсоход л олон хүндрэл бий болж байна шүү дээ.

-Тодорхойлж яривал…

-Тухайлбал, Гашуунсухайтын боомтоор машинаар нүүрс гаргаж чадахгүй болоход Өмнөговийн Цогтцэцийгээс Дорноговийн Чойр хүртэл автомашинаар, тэндээс төмөр замаар Замын-Үүд-Эрээн рүү нүүрсээ зөөсөн. Засгийн газар Гашуунсухайтад жилдээ 10 сая тоннын хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулчихлаа. Үүний үр дүнд нүүрс олон дахин ачиж буулгах шаардлагагүй болж байна. Их зардал, цаг хугацаа хэмнэнэ. Дээр нь орчны бохирдол буурч, хорогдол алдагдал багасаж байгаа юм билээ. Хамгийн гол нь хилээр нэвтрэх хурд нэмэгдэж байна. Шивээхүрэнгийн боомтод мөн ижил терминал байгуулаад эхэлж. Таван толгой-Гашуунсухайтын 233.6 км төмөр замыг барьж дуусгасан байна. Ачаа тээвэрлэлт, бараа эргэлтэд мэдэгдэхүйц үр дүн гарна гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна лээ. Ирэх хагас жилдээ багтааж Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил бүрэн дуусна. Энэ мэт боомтоо сэргээх бодлого бодитоор ажил хэрэг болж байна. Авто замын хувьд Ханги, Цагаандэл, Бургастай, Бичигт зэрэг 14 боомтыг авто замаар үе шаттай холбож, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдын зам барих зорилтыг Засгийн газар боомтын сэргэлтийн бодлогоороо тодорхойллоо. Энэ нь цаашдаа “Транзит улс” болох суурь болно гэж Засгийн газар зорьж байна. Засаг хийж байгаа ажлаа бага сурталчлаад байх шиг. Энд ажиллах төмөр замчид, уурхайчдын орон сууцны асуудлаа ч давхар шийдэж байгаа юм билээ.

-Аялал жуулчлалтай холбоотой агаарын тээврийн асуудлыг мөн хэлэлцэж байсан. Энэ талаар яривал?

-Манай улсаар дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттай үргэлжлүүлж аялал жуулчлалын салбараа дэмжихээр тогтоолд тусгасан. Эрдэмтэн судлаачдын хэлж байгаагаар цар цахал омикроноор хумигдах юм бол агаарын тээврийн либералчлал аялал жуулчдад тун таатай нөлөөлнө. Өнгөрсөн онд баталсан Гадаадын иргэн, харъяатын эрхзүйн байдлын тухай хууль хил, гааль, визийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгож өгсөн. Аялал, жуулчдад зориулсан цогц үйлчилгээний байгууллагууд олноор баригдахаар төлөвлөгдсөн байгаа. Түүнчлэн боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн чөлөөт бүсийг нээн ажиллуулж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ ажил эхнээсээ үр дүнгээ өгч Замын-Үүдийн чөлөөт бүс үйл ажиллагааны хувьд ч, хууль эрх зүйн хүрээнд ч дэвшилттэй явна.

-Шинэ сэргэлтийн бодлогын амин сүнс нь эрчим хүч байх. Эрчим хүчгүйгээр эдийн засаг, улс орон, бүхий л салбарын хөгжлийн талаар ярих боломжгүй. Тэгэхээр эрчим хүчний асуудлыг яаж зохицуулахаар байгаа юм бэ?

-Засгийн газар эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогоо боловсрууллаа. Сэргээгдэх эрчим хүч, түүний дотор усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад засаг ач холбогдол өгч байна. Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Таван толгой, Багануур, Чойбалсангийн дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг томоохон ажлыг дуусгаж ашиглалтад оруулах нь энэ бодлогын гол зорилт болж байна.

-Манай улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудал бидэнд яг ямар ашигтай юм бэ?

-ОХУ-аас БНХАУ руу манай газар нутгаар байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх заалт туссан байсан. Саяхан уг төслийн текник, эдийн засгийн үндэслэлээ баталгаажуулан Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Оросын талтай гарын үсэг зурлаа. Цаг хугацаа орох байх, гэхдээ бодит ажил болох суурь тавигдлаа гэж ойлгож байгаа. Зургаан аймаг, 20 сумаар дамжин өнгөрөх энэ хоолой Алтанбулагаас Замын-Үүд хүртэл 975 км үргэлжилж , эрчим хүчээ хийн хангамжаар нэмэгдүүлж, багадаа 1500 ажлын байр бий болгоно гэсэн мэдээлэл засаг өгч байсан л даа. Үүнийг бид нэг боломж л гэж харж байгаа.

-Шинэ сэргэлтийн бодлогын гуравт нь аж үйлдвэрээ сэргээх бодлого орж байсан. Энэ талаар мэдээлэл өгвөл…

-Гол нь нэмүү өртөг шингэсэн, өөрөөр хэлбэл түүхийгээр нь бус боловсруулалт хийсэн уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортыг нэмэгдүүлэхээр Засгийн газар төлөвлөж байна. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт гайгүй сайн явж байгаа. Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга байхад эхэлсэн бүтээн байгуулалт. Ерөнхий сайд ажлын явцыг сайн мэдэж байгаа. Тиймээс энэ том бүтээн байгуулалтыг шахаж шаардаж яаралтай ашиглалтад оруулах шинэ сэргэлтийн бодлогод оруулсныг оновчтой шийдвэр гэж бодож байна. Монгол төгрөгөөрөө монгол бензин авдаг болж үнийн хөөрөгдөлд нэрвэгдэхгүй гэсэн их хүлээлттэй байгаа ажил. Энэ бодлогын хүрээнд арьс шир боловсруулах үйлдвэр, үнэгүй хаягдаад байгаа малын дагалдах түүхий эд татан авах төвүүд байгуулж, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн, Эрдэнэтэд зэсийн баяжмал боловсруулах, Таван толгойд нүүрс баяжуулах үйлдвэр барих төлөвлөгөө аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогод орсон. Эдгээрийг дагаад ажлын байр бий болох, орон нутаг хөгжих гээд давуу талууд бий.

-Сэргэлтийн бодлого гэдэг бол эрх баригч намын гол бодлого. Тиймээс тодруулж асуух зүйл их байна. Тухайлбал, нэг чухал хэсэг нь хот, хөдөөд хөгжил авчрах тодорхой шийдлүүд орсон. Энэ талаар ярихгүй юу?

-Хот, хөдөөгийнхөө хөгжлийг ойртуулах, ялгааг багасах зорилготой бодлого гэж энгийнээр ойлгож болно. Зам, сүлжээгээ өргөтгөж, багтаамжтай шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих замаар нийслэлийн түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн байна лээ. Ингэхдээ шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах зорилт тавьсныг УИХ дэмжсэн. Тухайлбал, эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинэ суурьшлын бүс байгуулах судалгаа хийх, Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах бүтээн байгуулалтыг энэ ондоо эхэлнэ. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгох, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээ дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг хангаж, улмаар экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь ч мөн энэ бодлогын нэг хэсэг юм.

-Ногоон хөгжлийн бодлого аль ч оронд чухлаар тавигддаг. Үүнд бас Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал нөлөөллөө үзүүлнэ гэж бодож байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Бүтээн байгуулалтын зэрэгцээ байгаль орчноо хамгаалах, хот, хөдөөгүй тулгамдаад байгаа хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт бүсчлэн байгуулахаар төлөвлөж, зарим ажил эхлээд явж байна. Манай улс уурын амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны тоонд орсон. Нийт газар нутгийн маань 80 шахам хувь нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртсөнийг байгаль орчны нөхцөл байдлын тайланд дурдсан байдаг. Дэлхийн дулаарлын хувь хэмжээг авч үзвэл сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын хэм нэгээр нэмэгдсэн байхад манайд 2.4 хэмээр нэмэгдсэн байна. Нэг хэмээс дээш гарвал гамшиг гэж үздэг. Тиймээс бид амар амгалан суух аргагүй. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн энэ үед маш чухал. Модны ач холбогдлыг мэдэхгүй хүн үгүй. Бидний амьсгалдаг цэвэр агаарыг бий болгож, хүчилтөрөгч ялгаруулдаг. Хүний тархины хүчилтөрөгчийн хангамж буюу сатураци 90-ээс буухад л бие организм хэвийн бус болдог. Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогод мод тарих хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр тусгасан нь зөв. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт,хөрсний доройтолтой тэмцэх ажил энд орсон байна. Манай улс бас л усны нөөцийн хомсдолтой орны бүртгэлд байдаг. Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлогод бэлчээр усжуулах, говийг усаар хангах, саарал ус дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол мөрөн, булаг шандыг сэргээх ажлууд бас хийгдэнэ.

-Төрийн үйлчилгээтэй холбоотой асуудал нийгэмд их бухимдал дагуулдаг. Үүнд бас шийдэл болж Шинэ сэргэлтийн бодлогод зангигдаж өгсөн байлгүй?

-УИХ баталсан шинэ сэргэлтийн бодлогоор төрийн бүтээмжийг дээшлүүлэх буюу иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртлыг бууруулна. Ер нь бүх үйлчилгээг засаг өөрөө хариуцах гээд байхын оронд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэхээр болж байна. 2024 он гэхэд бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг 1000 гаруй зөвшөөрөл, техникийн нөхцөл, гарын үсэг, гэрээний тоог 50 хувиар бууруулж, хүний хүчин зүйлийг багасгана гэж тооцож байна. Одоо иргэд төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол системээс 512 төрлийн үйлчилгээ авч байгаа юм. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүд хяналт, шалгалтын давхардлыг арилгаж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоохоор болж байна. Гэхдээ энэ нь огт шалгалт байхгүй гэсэн үг хараахан биш. Иргэдийн санал гомдолд үндэслэж шалгана. Ингэхдээ хааж боох, торгож шийтгэх бус харин мэргэжлийн зөвлөгөө өгч тусалж дэмжих юм байна гэж ойлгосон. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах хууль батлахаар шинэ сэргэлтийн бодлогод туссан байгаа. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд боомтын хүчин чадал гурав дахин, экспорт хоёр дахин өсч, эрчим хүчний чадал 2,5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ажлын байр нэмэгдэх, нийслэлийг зорьсон нүүдэл буурах, эдийн засаг тэлэх зураглал гарчээ. Эдийн засаг томрохын хэрээр эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ сайжрах зэрэг ард иргэдийн ахуй амьдралд өөрчлөлт гарах, олон жил ярьж буй ажил, орлоготой дундаж давхарга бий болгох зорилт хангагдана. Энэ зорилт, энэхүү бодлогод хүн бүрийн хүчин чармайлт, хичээл зүтгэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагаа чухал байх нь ойлгомжтой.

-Саяхан танай намын их хурлаар авлигатай идэвхтэй тэмцэх тухай тодорхой бодлого гарган ажиллахаа зарласан. Үүнийг олон нийт дэмжиж хүлээн авч байна. Яаж авлигатай тэмцэх юм бэ?

-Олон нийт илт дургүйцэж байгаа цөөнгүй асуудал байна. Төрийн албаны хүнд суртал, авлига, хариуцлагагүй байдал, хүний эрхийн зөрчлүүд иргэдийг бухимдуулж байна. Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг олон улсын конвенцид 2005 онд нэгдэн орсон. Авлигатай тэмцэх олон төсөл, хөтөлбөр манайд хэрэгжсэн. Гэвч үр дүн нь хангалтгүй байгааг манай улс авлигын индексээр улс орнуудын дундаас 111-т явна. НҮБ энэ жил “Авлигад үгүй гэж хэлье! Таны эрх, таны оролцоо” гэсэн уриа дэвшүүлээд байгаа. Намын XXX Их хурлаар авлига, ёс зүй, хүний эрхийг хамгаалах асуудлыг хөндөж, намын дүрэмдээ авлигын хэрэгт холбогдсон нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, ажил албанд томилохгүй, намын удирдлагад сонгохгүй, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар заасан анхны улс төрийн нам боллоо. Дүрмийн дөрөв дэх зүйлд илтэд ёс зүйн зөрчил гаргасан, ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ тухайн хүн өөрөө 30 хоногт багтаан гаргах заалт орсон байгаа.

Мөн хууль эрх зүйн орчны шинэчлэл хийж, тухайлбал “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль” гаргаж, “Улс төрийн намын тухай” зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт хийхээр холбогдох яам, байнгын хороо ажиллаж байна.

-Их хурлаар хэлэлцсэн гол асуудлын нэг нь хүний эрхийн асуудал байсан. Одоо энэ ажил хэр явж байна вэ?

-Манай нам Их хурлаараа шударга ёс, эв нэгдлийн зарчимд суурилсан социал демократ хөтөлбөрөө баталж, хүний эрх, эрх чөлөөг хуульчлан хамгаалахаа мэдэгдсэн. Хүний эрхийн асуудлаар нэг зүгт хамтдаа алхахыг парламентад суудалтай, суудалгүй бүх улс төрийн намд уриалсан. Энэ үйл ажиллагааг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан манлайлж, есөн сарын турш хүний эрхийн хуульчид, иргэний нийгмийн байгууллага зэрэг холбогдох талуудыг оролцуулан уулзалт хэлэлцүүлэг, судалгаа шинжилгээ, үнэлэлт дүгнэлт хийж ажилласан. 40 гаруй хуульч, судлаачтай баг нийгмийн харилцааг зохицуулж байгаа 318 хуулийн 11900 заалтад шинжилгээ хийж хүний эрх зөрчсөн, хязгаарласан, цаг хугацааны хувьд хоцрогдсон 800 гаруй заалт байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Олон улсын байгууллага, манай улсад ажиллаж буй Элчин сайдын яамдын төлөөллийн 90 гаруй хувьтай нь уулзаж хүний эрхийн асуудлаар туршлага судалж, санал бодол солилцсон. МАН хүний эрхийн асуудлыг өнөөдөр гарч буй зөрчлийн тохиолдлыг ярихаасаа илүүтэй сууриар нь авч үзэж, хууль эрх зүйн орчин нөхцөлийг сайжруулж, иргэдийнхээ эрхийг хамгаалах зорилго тавиад байна. УИХ-ын хаврын чуулганаас эхлээд шат дараатай хүний эрхийг хамгаалах чиглэлд дэвшилттэй хуулийн төслүүдийг хэлэлцүүлж эхлэхээс гадна хуулийн өөрчлөлт хүлээлгүй хүний эрхийн зөрчлийг төрийн зүгээс гаргахгүй байхыг албан тушаалтнуудад үүрэг чиглэл болгоод байгаа. Хүний эрхийн зөрчил хариуцлага тооцох нэг үндэслэл болсон. Түүнчлэн МАН хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг сайжруулах ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Та НАМЭХ-ны ерөнхийлөгч. Та бүхэн ямар асуудалд түлхүү анхаарч байгаа вэ?

-Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг. Нийгэмд үйлчилдэг, ашгийн бус үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн байгууллага. Бид шинэчилсэн бүртгэл хийхэд нийт 96.668 гишүүнтэй байна. Ер нь зөвхөн НАМЭХ-ны гишүүн гэлтгүй Монголын эмэгтэйчүүд бүх салбар чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэг сая гаруй хүн санал өгснөөс долоон зуун мянга орчим буюу 62.83 хувь нь эмэгтэйчүүд байна лээ. НАМЭХ-ны удирдах зөвлөлд УИХ-ын салбар салбарын төлөөллөөс гадна эмэгтэй гишүүд бас ордог. Эмэгтэй гишүүд нийгэмд тулгамдсан асуудал, тэр дундаа ядуурал, архидалт, хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, тэднийг хамгаалах, бизнес эрхлэх боломж, боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн цогц бодлого, залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг арван чиглэлээр ажилладаг.

-УИХ-ын эмэгтэй гишүүд орж ажилладаг гэлээ. Тухайлбал, ямар ямар гишүүн юуг хийж байна вэ?

-За, Б.Баярсайхан гишүүн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэг УИХ-д байгуулан ажиллахын зэрэгцээ, орон нутгийн эрүүл мэнд, боловсролын байгууллагад модон жорлонг халах томоохон ажлыг ахалж эмэгтэй гишүүдтэйгээ хамтран тодорхой үр дүнд хүрч байна. П.Анужин гишүүн төрөх эмнэлгийн шинэчлэл, тав тух, тоног төхөөрөмжийг сайжруулах, үдийн хоол хөтөлбөрийг чанаржуулах чиглэлд ажиллаж байна. Б.Жаргалмаа гишүүн архидан согтуурахтай тэмцэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрчүүдийн эрүүл мэнд, ахмад настан , хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарч байна. М.Оюунчимэг гишүүн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, Ч.Ундрам гишүүн боловсролын шинэчлэл, Д.Өнөрболор гишүүн эмэгтэйчүүд, залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар, Х.Булгантуяа хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэх чиглэлд ажиллаж байна. Харин Б.Саранчимэг гишүүн Байгаль орчин,ногоон хөгжлийн бодлого, багц хуулийн өөрчлөлт хийх ажлын хэсгийг ахалж байгаа. Г.Мөнхцэцэг гишүүн өв соёл, уламжлалын чиглэлд, Ц.Мөнхцэцэг цахим орчин дахь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буй асуудалд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Бид “Хүүхэд хамгаалалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ өнгөрсөн намрын чуулганаар баталлаа. Энэ хууль батлагдах гэж олон парламент дамжигдсан байх шүү…

– 2009 оноос хойш гурван парламент, таван Засгийн газар дамжсан “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлахад М.Оюунчимэг даргатай Байнгын хорооны эмэгтэй гишүүд ихээхэн үүрэгтэй оролцсон. Уг хуулийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн байгаа шүү дээ. Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой байх тухай заалт орлоо. Ингэснээр байгууллага, ажил олгогчид ажилтныхаа ар гэрийг анхаарах үүрэг хүлээж байна. Мөн 0-3 настай хүүхэдтэй ээжүүдийг илүү цагаар ажиллуулах, томилолтоор хөдөө, гадаа явуулахыг энэ хуулиар хориглолоо. Шинээр хүүхэд төрөхөд аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө олгох заалтыг бид суулгаж чадсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, нэгдсэн форумаас 21 санал ирүүлсний 95 хувь нь Хөдөлмөрийн хуульд туссан. Хүүхдээ байнга асрах шаардлагатай эцэг, эхэд тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжийг олгосон. Ажлын цаг багасгах, цалин хасахгүй байх зэрэг амьдралд ойр 20 гаруй заалтыг эмэгтэй гишүүд хамтран хуульд орууллаа. НАМЭ-ийн Холбоо умайн хүзүүний хорт хавдаргүй улс болоход манлайлж ажиллах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах хууль эрх зүйн орчныг өөрчлөх, байгууллагын соёл, дүрэмд энэ чиглэлийн заалт тусгах чиглэлд шинэ онд төвлөрч ажиллахаар зорьж байна.

-Хөдөлмөрийн хуулийн анхаарал татсан нэг зүйл бол ажлын байрны бэлгийн дарамтын асуудал байгаа. Энэ талаар тодруулбал?

-Ажлын байрны бэлгийн дарамтын тухайд хууль чангалахыг гол шийдэл гэж бид үздэг. Бусад орны туршлагаас харахад нийгмийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох, өөрөөр хэлбэл ажлын байрны бэлгийн дарамт гэдэг тодорхойлолтоо чангалах нь илүү үр дүнтэй байж. Байгууллагын дотоод дүрэмдээ тусгах, ажилтнууддаа танилцуулж гарын үсэг зурж баталгаажуулснаар хэм хэмжээ дагадаг хандлагын өөрчлөлт бий болгодог Америк, Японы туршлага байна. Манайд Эрүүгийн хуулийн 22.5-д байсан “Албаны эрх чөлөөний тухай” зүйл ангийг хассан нь бэлгийн дарамтыг өөгшүүлсэн гэж иргэний нийгмийн төлөөллүүд үзэж үүнийг буцаж сэргээх асуудлыг тавьж байгаа.

-Саяхан Ерөнхийлөгч Засгийн газарт ахмадын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж үзэхийг чиглэл болгосон. Нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна л даа. Энэ асуудлаар таны байр суурь ямар байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 358 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 60 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 350 мянган төгрөг байна. Сүүлийн хоёр жил тэтгэвэр нэмэгдээгүй. Энэ хугацаанд хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөнийг бид бүгд харж байгаа. Ер нь тэтгэвэр нэмэгдүүлэх талаар УИХ, Засгийн газрын түвшинд байнга хөндөж ярьсаар ирсэн. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу НХХ яам тэтгэвэр нэмэх тооцоо судалгаа хийж, эх үүсвэр бүрдүүлэхээр ажилласан. Монгол Улсын Ерөнхийлөгч ахмад настны тэтгэвэр нэмэгдүүлэх ажлыг шуурхайлах Засгийн газарт мөн өглөө. Түүнчлэн хаврын чуулганаар “Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл, “Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байгаа. Олон жил алдаатай явж ирсэн тэтгэврийн зөрүүг одоо бид зөв болгож шийдвэрлэх цаг болсон. Чуулган завсарлахын өмнө УИХ-ын эмэгтэй гишүүд, намын дэргэдэх эмэгтэйчүүд, ахмадын холбооны төлөөллүүд Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллаж нөхцөл байдалтай танилцан, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байна. Цаашид бид тэтгэврээс гадна ахмад настны нийгмийн хамгаалал, асаргаа сувилгаа, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр мөн ажиллана.

-Цагаан сарын дараа ковидын халдварын тоо улам нэмэгдэнэ гэж Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Цагаан сар хийх нь зөв, буруу гээд уламжлалт баяр маань сошиал орчинд маргаан дагуулж байна. Цар тахлын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?

-Юуны өмнө Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг салбарын 56 мянган эмч мэргэжилтэн, нийт ажилтнууддаа хүргэе. Одоогоос 100 жилийн өмнө манай улсын хүн ам 600 мянга хүрэхтэй үгүйтэй, дундаж наслалт дөнгөж 40 гарантай, жилдээ төрж байсан 10 мянган хүүхдийн тал нь энддэг байсан тоо баримт бий. Тэгвэл одоо хүн ам 3.4 сая, дундаж наслалт 71, жилдээ 80 гаруй мянган хүүхэд эрүүл саруул төрдөг болсон гавъяаны дийлэнх нь эрүүл мэндийн салбарынханд хаяглагдана. Дэлхий дахиныг донсолгосон цар тахлын халдварыг хүн амын дунд алдалгүй 10 сар барьж, 40 гаруй мянган болзошгүй нас баралтаас сэргийлж, олон тэрбумын эдийн засгийн хохирлоос хамгаалж,цар тахлын эхэн үед цаг алдалгүй оновчтой шийдвэрүүд гаргаж вакцинтай золгуулсан манай баг, манай салбар.Үүнд сэтгэл тайван явдаг даа. Монголчууд бид цагаан нөмрөгт баатрууддаа үргэлж хүндэтгэл үзүүлж байх учиртай. Одоо энэ хүмүүст төр, иргэд, хэвлэл, гэр бүл гээд бүх талын урам, дэмжлэг,халамж хэрэгтэй. Энэ үгийг хэлье гэж бодож явсан. Он гарсаар анхны сонины ярилцлагаа “Өдрийн сонин”-доо өгч байна. Халдварын тоо хэд ч болсон, байгаа боломжоороо эрүүл мэндийн салбарынхан хүн ардаа хамгаална. Үүнийгээ бүтэн хоёр жил харуулсан шүү дээ. Ер нь ковидоос өмнө ч шинэ жил, цагаан сарын дараа ханиад томуу, амьсгалын замын өвчлөл нэмэгддэг. Тиймээс хүн бүр өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдварт цар тахлаас хамгаалах хэрэгтэй. Халдвар авсан хүний тоо хэт олон болбол ямар ч өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй. Италийн жишээг бид мэднэ. Гадаа ор дэлгэж өвчтөнөө авахаас аргагүй байдалд хүрсэн байсан. Одоо манай монголчууд маскаа зүүж, гараа угааж, зайгаа барьдаг болсон байна. Түүгээр ч зогсохгүй халдвар авахгүйн тулд нийгмийн харилцаанд яаж орохоо заалгахгүй хэмжээнд очсон доо. Харин шинэ вирус гарахад шинж тэмдэг, эмчилгээний талаарх мэдээлэл чухал. Өнгөрсөн хугацаанд олон мянган хүн ковидоор өвдөж, бид дотны хүмүүсээ ч алдсан. Ирж буй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилдээ цар тахлыг ялан дийлж, хүн бүхэн өвчин зовлонгүй эрүүл энх, ажил төрөл нь бүтэмжтэй, амар амгалан, аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Суурь хүмүүжилгүй хүнд сургууль боловсрол олгох нь сумтай буу чөтгөрт бариулсантай адил

Боловсролын сайд асан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг ална гэж заналхийлсэн нь нийгэмд нэлээд дуулиан тарилаа. Амныхаа хийнээс болж тэрээр Ардын намын даргын зөвлөхийн суудлаасаа огцорч, албан тушаал ахих нүүргүй болов. Боловсролын салбарыг удирдаж, бүр Америкт Монгол Улсаа төлөөлж Элчин сайдаар сууж байсан хүн ийм ёс зүйгүй байгаа нь өнөөдөр манай улсын боловсролын тогтолцоо хэрхэн гажуудсаныг бодитоор харуулсан үйл явдал боллоо. Боловсрол бол аль ч улсын тэргүүлэх салбар. Ёс зүйтэй улсад боловсролын салбарт ажиллаж буй хүмүүс нь тэр хэрээр өндөр шаардлагад нийцдэг, улмаар шаардлагадаа тэнцэхээр өдөр бүр суралцаж, хөгжиж дэвшиж явдаг нийгмийг чирэгч, түүчээлэгчид байдаг. Гэтэл манай улсад Боловсролын сайд асан нь үнэнийг илчилсэн сэтгүүлчдийг ална хэмээн заналхийлж, багш нар нь удирдлагуудаа огцруулахаар бусдын турхиралтаар жагсчцугладаг болтлоо дампуурчээ.

Монголдоо хуруу дарам цөөн, мэргэжлийн урлагийн боловсрол олгодог Дүрслэх урлагийн академийнхан сүүлийн өдрүүдэд нэлээд бужигнаантай байх шиг. Гэхдээ энэ нь багш, удирдлагуудын ажил хэргийн үл ойлголцол биш албан тушаалын төлөө явж буй хэсэг нөхдийнзохион байгуулсан ажил болох нь өдрөөс өдөрт баримт нотолгоотой илчлэгдсээр байна. “Дүрслэх урлагийн академ” дээд сургууль нь төрийн өмчит боловсролын байгууллага бөгөөд захирлыг халж солих, бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эрх үүрэг нь зөвхөн БШУЯ-нд бий.Сургуулийн удирдлагатайхурал хуй хийх,албан хэргээр уулзах, асуудлаа ярилцах, санал солилцохдоо хүртэл хууль журмын дагуу яамны эрх бүхий этгээд албан бичгээр харилцаж, протокол үйлддэг. Яам болон сургууль хооронд харилцсан албан бичгүүд очсон, ирсэн албан бичиг сэлттэйгээ он дарааллаараа үдэгдэж, он сар өдөртэйгээ архив болон хадгалагддаг. Захирал Д.Уранчимэгийн хувьд БШУЯ-наас тавигддаг шаардлагын дагуу томилогдож, 2013 оноос тус сургуулийг удирдаж Дүрслэх урлагийн дээд сургуулиа академи болтол нь өргөжүүлж, дэлхийтэй холбож яваа нэгэн. Тэрээр ОХУ-ын Репиний нэрэмжит Уран зургийн академийг урлаг судлаач мэргэжлээр төгсч, улмаар ХБНГУ-ын Людвигсбург хотын Соёл урлагийн менежментийн сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсанэрдэмтэн, профессор хүн юм. 2018 оноос Европын урлагийн сургуулиудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Ази тивээс сонгогдон ажиллаж буй цор ганц төлөөлөгч. Товчхондоо, Монголд байтугай дэлхийд урлаг судлалын чиглэлээр ингэж мэргэшсэн хүн хуруу дарам цөөн. Ийм мэдлэг боловсролтой эрдэмтэн хүнийг мэргэжлийн бус, ёс зүйгүй хэмээн яамны үүдэн дээр алдаа мадагтай лозунг барьж, боловсролынхоо хэм хэмжээг харуулсан нөхөд харин өөрсдөө ёс зүйгүй хүмүүс болохыг баримт өгүүлж байна. ДУА-ийн багш Б.Нямхүү нь 2017 ондоюутан охиныг зэрлэг балмадаар зодож танхайрч байсан хүчирхийлэгч бөгөөд БШУЯ-нд ажилладаг хадам эгчийнхээ нэр нөлөөгөөр ажилдаа үлдэж байжээ. Мөн түүнтэй хамт зогссон эмэгтэй бол тус сургуулиас 25 ширхэг уран зураг хулгайлаад өдгөө эрэн сурвалжлагдаж буй Э.Нинжин гэгч юм. Тэрээр өмнө нь хууль хяналтын байгууллагадзалилан мэхлэх гэмт хэргээр долоон удаа шалгагдаж байсан нь цагдаагийн байгууллагын бүртгэлд байна. Тэгэхээр ёс зүйгүй багш, эрэн сурвалжлагдаж буй этгээдтэй хамтарч, эрдэмтэн багш нарыг огцруулахаар жагсч байгаа нь сургуулийнхаа төлөө санаа зовж буй сурган хүмүүжүүлэгчдийнхамтын шийдвэр огт биш юм. Хэрэг явдал анх ингэж эхэлжээ.

Төр засгийн байгууллагад ажилладаггүй, төрийг төлөөлөх ямар ч эрхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Х.Дамдинсүрэнд эрдэм номын мөр хөөсөн эмэгтэй багшийг дээрэлхэх нь амархан санагдсан бололтой. ОХУ-ын Репиний нэрэмжит Уран зургийн академид сурч байх үедээ ДУА-ийн захирал Д.Уранчимэгээр дипломоо бичүүлж, улмаар диплом гардуулах ёслолынүеэр хэлэх үгээ ч өөрөө нийлүүлээд хэлчихэж чадахгүй, үг өгүүлбэр болгоноор нь бичүүлж,авч байсан гэнэ. Монголдоо нэг ч гэсэн урлаг судлалынмэргэжлийн хүнтэй болъё хэмээн дэмжиж тусалснаар Х.Дамдинсүрэн бусдын дэмээр сургуулиа төгсч иржээ. Сургууль, соёлоо төгсч ирснийхээ дарааханзахирал бүсгүйн тусыг мартчихсан “Та одоо ажлаа өг, миний орлогч бол. Би жинхэнэ захирал нь болно” гэжээ. Захын хүн загнаж орж ирээд авчихдаг албан тушаал биш, төрийн хууль журмын дагуу авалцдаг ажил төрөл болохыг захирал бүсгүй түүнд тайлбарлаад өрөөнөөсөө гаргажээ. Төрийг төлөөлөх ямар ч эрх мэдэлгүй этгээд хууль дүрмийг зөрчиж, хувийн ашиг сонирхлоо хэлж ёс бус үйлдэл гаргасан учир түүнтэй дахин уулзахаас татгалзжээ. Х.Дамдинсүрэн энэ үеэс хойш захирал бүсгүйгдарамталж, 2021 оны 01 дүгээр сард “Яагаад утсаа авахгүй байна вэ, би зөндөө залгалаа” “Би яг одоо ЕТГ, Оюун-Эрдэнэтэй академийн асуудлаар зөвлөлдөх гэж байна” , “Ганбаяр сайдтай ярьсан”, “Би амласандаа хүрдэг хүн шүү, та мэднэ биз дээ” гэх зэргээр албан тушаалаа өгөхийг шаардаж, дарамталсан зурвас ар араас нь илгээжээ. Хуулийн дагуу авч үзвэл хатуухан зүйлчлэлтэй эрүүгийн хуулийн зүйл заалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Хэдийгээр ингэж дарамталж байхад нь хэнд ч гомдол гаргалгүй, өмнөх ажлаахийгээд явж байтал Х.Дамдинсүрэн “Би амласандаа хүрдэг хүн шүү” гэж заналхийлсэн үгэндээ хүрч, захирлыг халж солих эрх бүхий Удирдах зөвлөлийн гишүүнээр 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн сайдын тушаалаар багтчихсан байна. Удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл хүн нь урлаг соёлын байгууллагад харьяалагдах албан тушаалтан байх атал Х.Дамдинсүрэн албан тушаалын хүснэгтэнд өөрийгөө “Соёлын элч” хэмээх сайн дурын ажлаа бичжээ. Ингээд Удирдах зөвлөлийн гишүүн болж, санасандаа хүрсэн тэрээр ДУА-ийг дотроос нь хагалан бутаргаж, багш нарт эд хөрөнгө амлах, мөнгө төгрөгөөр хахуульдах зэрэг ёс бус үйлдэл гаргаж, хамт олны хүчийг тарамдуулж эхэлжээ. Хуульд зааснаар, Удирдах зөвлөлийн гишүүн нь сургуулийн дотоод ажилд оролцохгүй, ажил албан тушаалаа өгөхийг хувьчилж шаардах ёсгүй, багш ажилтнуудад аливаа амлалт өгөхгүй, эд хөрөнгөөр дэмжихгүй гэх мэт олон журам дүрэм байдаг ч Х.Дамдинсүрэн үл тоожээ. Яамны үүдэнд жагссан гол хүн болох Б.Нямхүүгийн Урчуудын эвлэлийн хороонд байрлах урлангийн өрөөг 35 сая төгрөгөөр тохижуулж өгч, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ө.Гандуламд хувиасаа компьютер авч өгнө хэмээн амласан байна. Урчуудын эвлэлийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүний давуу эрхээ эдэлж, Б.Нямхүүгийн өрөөний түрээсийн төлбөрөөс чөлөөлүүлэхээр болжээ.

Урчуудын эвлэлийн хороо нь зураач, урчуудынхаа түрээсийн мөнгөөр үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг ашгийн бус мэргэжлийн урлагийн байгууллага. Гэтэл хувийн зүгээс Б.Нямхүүгийн урлангийн өрөөнд засвар хийж өгчихөөд, засварын мөнгөө эргүүлээд түрээсийн төлбөрөөсөө гаргаж авахаар гэрээ хийсэн байгаа нь шударга үйлдэл гэж үү. Ийнхүү багш нарт хэрэгцээтэй зүйлийг нь амлаж, мөнгө төгрөгөөр дэмжээд ирэхээр цалингаараа амьдардаг багш нар Х.Дамдинсүрэнгийн өгөөшинд амархан орж, түүнийг дэмжигсэд нэмэгдэж, хамт олон хуваагдаж эхэлжээ. Түүгээр ч барахгүй Дүрслэх урлагийн академидХүүхдийн урлан бүтээх төв, Үндэсний номын санг нэгтгэж, том сургууль болгоно хэмээн ярьж яваад нь итгэж байгаа хүн цөөнгүй байгаа бололтой. Харамсалтай нь ингэж ярьж явааг ньэдгээр байгууллагын удирдлагууд нь мэдээ ч үгүй яваа байх. Ийнхүү мөнгө төгрөгийг харамгүй өгч буй тэрээрүнэхээр өөрөөсөө гаргаад өгчихдөг өгөөмөр хүн юм уу гээд судлаад үзэхээр төрийн мөнгөөр хөлжсөн тэрбумтан болох нь баримтаар батлагдаж байгаа юм. Ерөнхий сайдын оюутан, сурагчидтай хийх нэг оройн уулзалтын ёслолыг хийхэд20 сая төгрөгтөрөөс авсан нь БШУЯ-ны шилэн дансанд дурайж байна.Хөл хорионы үед хүн олноор нь цуглуулахыг хориглож, олон нийтийн арга хэмжээг хэсэг хугацаагаар хаасан. Гэтэл Х.Дамдинсүрэн мөн л хувийн компаниараа дамжуулан270 сая төгрөгөөр “UB art” фестивальгээчийг хийжээ.Хийсэн ажил, тавьсан бүтээл зэргийг нь харахад 270 сая төгрөгөөр хийгээд байх ажил биш гэж урчууд хэлж байна.

Хэдэн уран бүтээлчдийн бүтээлийг авчирч тавиад 270 сая төгрөг улсаас авчихсан байгаа нь ардаа нөлөө бүхий эзэнтэй хүний үйлдэл үү, арга зальтай хүний зан уу.БШУЯ-ны үүдэнд жагссан хэсэг нөхөд энэ мэтчилэн бүгд Х.Дамдинсүрэнгээс ямар нэгэн байдлаар туслалцаа авсан байгаа нь хачирхалтай. Тэгэхээр энэ жагсаал цуглаан эхнээсээ захиалгатай, зохион байгуулалттай гэж үзэхээс өөр арга алга. Төрийг төлөөлөх эрхгүй, боловсролын салбарт огт ажиллаж байгаагүй хүн боловсролын байгууллагаар тоглож, багш бүсгүйг дарамталж, заналхийлж байхад авах арга хэмжээ гэж байна уу? Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн “Задарсныг засаглаж, ядарсныг хайрлах төртэй байх ёстой” гэсэн үг чинь хаана замхарч одов? Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэр, нүүрийг ашиглаад боловсролын байгууллагыг самарч явахад анхаарах төр засаг алга гэж үү?Энэ бол зөвхөн захирлын албан тушаалыг авах асуудал төдий биш. Тус сургуульд суралцаж буй Монголын ирээдүйг бүтээх олон урчууд, зураачид болох оюутнууд, хүүхдүүдээ уран бүтээлч болгохоор хэдэн төгрөгөө төлж буй эцэг эхчүүдийн сэтгэлийг үймүүлж, улмаар бүхэл бүтэн академийн хувь заяагаар тоглож буй гэмт үйлдэл. Энэ бүх хохирлыг хэн барагдуулах юм бэ. Дурын хүн орж ирээд дуртай албан тушаалаа нэхэж суудаг тийм хэврэг, зарчимгүй болчихсон юм уу, Монголын төр засаг!!!Удирдах зөвлөлд орж, заналхийлж амласандаа хүрч, захирлын суудалд суухаар алхам алхмаар замаа засч яваа Х.Дамдинсүрэн мэргэжлийн урлагийнсургуулийгудирдах нь мэдлэг боловсролоос нь давсан ажил болно. Суурь хүмүүжилгүй, сувьдаг зангаасаа ангижраагүй хүнд сургууль боловсрол олгох юм бол сумтай буу бариулсан босоо ороолон болно хэмээн манай нэгэн эрдэмтэн хэлсэн шиг ийм хүмүүжилгүй, ёс зүйгүй хүнд боловсролын салбарт багтах шингэх зай гаргаж өгмөөргүй байна. Урчуудын эвлэлийн хороо, Дүрслэх урлагийн академийн Удирдах зөвлөлдорсноосоо хойш урчууд, зураачдыг хагаралдуулж яваа түүнд урлагийн салбартбагтах нэр, нүүр байгаа гэж үү?

Бас нэгэн баримтыг дэлгэхэд, тэрээр боловсролын салбараас гадна хэвлэл мэдээллийн салбарт ч хөлөө дүрээд амжсан. Эхнэр М.Уянга ньМҮОНРТ-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүн. Тус зөвлөлийн гишүүн нь Олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хамгаалах, дуугарах үндсэн эрхтэй. Мөн Б.Нямхүүгийн эхнэр Т.Амармэнд МҮОНТ-д ажилладаг. Тэгэхээр БШУЯ-ны үүдэнд болсон жагсаалыг МҮОНТ-ийн “ММ” агентлагийн хөтөлбөрөөр олон нийтэд цацсан нь Х.Дамдинсүрэнгийн эхнэр М.Уянга болон Б.Нямхүүгийн эхнэр Т.Амармэнд нарын оролцоотой байхыг үгүйсгэх аргагүй. Тэд хууль журмын дагуу ажиллах бус хувийн эрх ашгийнхаа төлөөолон нийтийн телевизийг ашигласан байх магадлал өндөр байна. Түүгээр ч барахгүй Х.Дамдинсүрэн хувийн компани болох“Саунд ов Монголиа”-гаар дамжуулан МҮОНРТ-ийн 2,1 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерт ялсныг ч хуулийн байгууллага шалгах хэрэгтэй. МҮОНРТ-ийн Олон нийтийн зөвлөлд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр нь ажиллаж байхад тус байгууллагад бараа, материал шахах нь Ашиг сонирхлын хуулийг зөрчсөн ноцтой үйлдэл болно. Хамаарал бүхий этгээд нь оролцсон хэрэгт манай төр, засгийн нөлөө бүхий хүмүүс орооцолдож, ял шийтгэл хүртэл авч, шоронд орж байхад Х.Дамдинсүрэн болон түүний эхнэртэнэ хууль дүрэм үйлчилдэггүй юм уу?Хувийн компаниараа дамжуулан улсын мөнгийг авдаг нь зөвхөн энэ биш. 2016 онд болсон АСЕМ-ийн чуулга уулзалтаас гэхэд нийтдээ 264,000 сая төгрөг авчээ. Энэ мөнгө МҮОНРТ-ийн тендерээс 10 дахин бага мөнгө гэлээ ч ганц компани энэ хэмжээний мөнгийг нэг арга хэмжээнээс авна гэдэг шударга бус. МАН-ын 100 жилийн ойн хүндэтгэлийн ёслолыг ганц орой зохион байгуулахад 88 сая төгрөг халаасалж буй тэрээр оюутнуудынхаа төлбөрөөр санхүүждэг цөөхөн оюутантайсургуулийг өөрийн мэдэлд авахаар зүтгэж байгаагийн цаад зорилго нь чухам юу бол гэдгийг хэрсүү ухаанаар тунгааж үзье. Х.Дамдинсүрэн урлагийн салбараас овоо их мөнгө олж болдгийг олж харсан овтой толгой. Тэр хэрээрээ ч урлагаас их хэмжээний мөнгийг олж чадсан. Харин боловсролын салбарт төр, засгаас хамгийн их хөрөнгө мөнгө зориулдгийг зүгээр хараад сууж чадаагүй бололтой.Мөнгө олох боломж зөвхөн уул уурхай бус улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллагууд болохыг хамгийн сайн мэддэг хүний хувьд урлаг, боловсролыг хоршуулан унац ашгаа харж тооцоолж байгаа нь лав. Дипломоо бичих нь байтугай диплом авах ёслол дээрээ хэдэн үг хэлхээд хэлчихэж чадахгүй тааруухан мэдлэгтэй хүн боловсролын байгууллагын Удирдах зөвлөлд байх нь уруудуулна уу гэхээс дээрдүүлэхгүй нь ойлгомжтой. Төрийн ба төрийн бус олон байгууллагын Удирдах зөвлөлд гэр бүлээрээ орж, төрийн мөнгийг хувьдаа ашигладагхолбоо сүлжээг таслан зогсоох хэрэгтэй байна. Ийм ёс зүйгүй нөхдөөс болж, мэдлэг боловсролтой боловсон хүчнүүд мөнгөний төлөөх хүмүүст зайгаа тавьж өгч байгаа нь Монголын маань хөгжилд саад болоод байгааг анхаараач ээ!!!


Categories
мэдээ нийгэм

“Омикрон хувилбарын давлагааны үед нас баралт өмнөх хоёр давлагаанаас 10 дахин бага байна” гэв

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан коронавирусийн тандалт, хариу арга хэмжээ, илрүүлэгтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрээр “Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 60 хувь нийслэлд, 40 хувь орон нутагт байна. Өмнө долоо хоногтой харьцуулахад орон нутагт бүртгэгдэх тохиолдлын тоо өсөөд байгаа. Ялангуяа Дорноговь, Завхан, Өмнөговь аймагт олон тохиолдол бүртгэгдэж байна. Шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнө 4-5 хувьтай байсан. Одоо нэмэгдсээр 30 хувь хүрч зургаа дахин нэмэгджээ. Өмнөх давлагааны буюу дельтагийн халдварын үед шинжилгээнд эерэг эзлэх хувь хамгийн оргил үедээ 33 хувьтай болж байсан.

Эмнэл зүйн хувьд эрчимт эмчилгээний заалттай нэн хүнд хүний тоо 0.7-0.8-ын хооронд байна. Харин дельтагийн үед эрчимт эмчилгээний заалттай хүн 2.2-2.3 хувь, альфагийн үед 2.7-2.8 хувьтай байсан. Омикроны давлагаа альфа болон дельтатай харьцуулахад нэн хүнд хүний тоо 2.5-3.5 дахин бага байна. Нас баралтын тухайд өмнөх хоёр давлагаанаас бараг 10 дахин бага үзүүлэлттэй байна.

Томуу, томуу төст өвчний тохиолдлын 40 хувь нийслэлд, 60 хувь орон нутагт бүртгэгдэж байгаа бөгөөд зургаан аймаг дэгдэлтийн түвшинд, 12 аймагт томуу, томуу төст өвчний идэвхжлийн түвшинд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар есөн вирус бүртгэгдээд байна.

Вакцины бүрэн тунд хамрагдсан 2.1 сая хүн байгаа бол хоёр хоногийн өмнө дархлаа сэргээх гуравдугаар тунд хамрагдсан хүний тоо нэг саяыг давлаа. 78 мянган хүн дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд хамрагдаад байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ням-Очир: Бууз, банш хазахын тоолонгоор олуулаа хүчирхэг болно гэсэн бэлгэдэлтэй

Төвөд судлаач Г.Ням-Очиртой Цагаан сарын талаар ярилцлаа.


-Бид баяр тэмдэглээд байдаг ч зарим заншлынхаа утга учрыг төдийлөн сайн мэдэхгүй байх нь ч бий. Та олон газраар явж, Цагаан сар үзсэн гэсэн. Хаагуур явж байв. Цагаан сарыг хэр олон оронд тэмдэглэдэг бол?

-Би Төвөд судлалын чиглэлээр судалгаа хийдэг учраас Өмнөд Монголд сүм хийд, буддын шашны уламжлалаар 10 гаруй жил судалгаа хийсэн. Өмнөд Монголд харчин, хорчингуудын Цагаан сарыг үзсэн. Ордост үзсэн. Дээд Монголд Лавран, Гүмбүм хийдэд Цагаан сар хэрхэн тэмдэглэхийг харсан. Цагаан сарын өмнө, хойно Бээжингийн Хаалттай хотын зүүн хойд талд байдаг Юнхэгүн хэмээх монгол сүмд Цагаан сарын шинийн 15-нд том цам гардаг. Тэр цамыг үзсэн. Өвлийн сүүл сарын 23-24-нд хийдэг Гал тахилга Ордост, Хөх хотод үзсэн. Энэ бол миний өөрийн хобби л доо. Монголын бурхны шашин соёл Төвөдийн Буддын шашинтай ямар холбоотойг судалдаг. Монгол Хималайн бүс нутгийн соёлын хүрээний улс. Өмнөд Монголд, Хималайн өвөрт Ладак, Непал, Бутанд ч Цагаан сар тэмдэглэдэг юм билээ. Өөрсдийн Цагаан сарыг өмнөд монголчууд, дээд монголчуудынхтай харьцуулж үзэхээр эрс өөр байдаг. Ялангуяа 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш манай Цагаан сар их өөр болсон.

-Ингэхэд Цагаан сарын үүслийн талаар та юу хэлэх вэ?

-Цагаан сарын тухай Ордост маш сонин тоолол бий. Ер нь Цагаан сар болоод түүнтэй төстэй энэ баяр бол сарны тоолол буюу Калачакра дандар Зилуба бандида Шамбалын орноос авчирснаас эхтэй гэж үздэг эрдэмтэд бий. Зарим нь Ашок (Гаслангаас нөгчсөн хаан гэж монголчууд нэрлэдэг) хааны Буддын шашныг тэлэн дэлгэрүүлж, Грек Ромтой хил залгасан МЭӨ I зуунаас эхлэн тэмдэглэсэн ч гэх үзэл бий. Цагаан сарын баяр юугаараа онцлог гэхээр монголчуудын ид хүчирхэгжиж байх үеийн ул мөртэй их холбоотой. Ялангуяа Төвөдөд саяхныг болтол хаврын тэргүүн сарыг Хорда буюу Монгол сар гэж нэрлэдэг байсан ч тун саяхнаас Лосар гэж нэрлэх болжээ. Хубилай хаан Бээжинд төвлөөд, Шар зурхайн ёсоор тэмдэглэж эхэлжээ. Хятадууд маш их ажилладаг, хол явж ажил хийдэг хүмүүс. Цагаан сараар тэднийг гэрт нь хариулж амраадаг байжээ. Нийтээрээ Цагаан сараар нэг нас нэмлээ гэж үздэг, нийтээрээ сар амардаг тогтолцоог Хубилай хааны үед бий болсон гэж үздэг юм билээ. Хятадууд жилдээ нэг л удаа амардаг. Бидэн шиг байсхийгээд ийм, тийм баяр тэмдэглэж амардаггүй.

Чингис хаан ч Ази дорно дахинд урд төрсөн том хаадаас үлгэр жишээ авч байсан болов уу. Чингис хаан сарны тоолол баримталдаг Хималай, Төв Азийн ард түмэнд том нөлөө үзүүлсэн. Монголчууд Цагаан сарын баярыг Чингис хааны үеэс өөрийн гэсэн онцлогтой тэмдэглэдэг болжээ. 1207 онд монголчууд баруун хойд Хятад болон Төвөдийн зарим газар нутгийг эзлэн оршиж байсан Тангудыг дайлах аян дайныг эхэлсэн байдаг. Төвдийн сүм хийдийн алтадсан дээврийг алт гэж бодоод, хуулж авчирч, 100-гаас дээш настай хүмүүстээ аяга хийж өгсөн гэдэг. “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг үг энэ үйл явдлаас улбаатай. Цагаан сарын баярын гол утга учир ийм. Хамгийн өндөр настай хүндээ хүндэтгэл үзүүлдэг. Цагаан сараар хүн бүр нэг нас нэмлээ гэж үздэг. 100 Цагаан сар үзсэн хүн бусдадаа хамгийн их хүндлэгддэг. Анагаах ухаан төдийлөн сайн хөгжөөгүй, дайн тулаантай үед 100 насална гэдэг гайхамшиг. Өмнөд Монголын Зүүн тал руу харчин, хорчингуудын Цагаан сарыг үзсэн. Хамгийн өндөр настай хүндээ ойр хавийн бүх хүн очиж, хүндэтгэл үзүүлдэг. Зүгээр л хөлд нь мөргөөд, адис авдаг. Тан шиг урт наслах юм сан гэсэн хүслээ илэрхийлж байгаа хэрэг. Түүнээс биш өндөр настан нь бэлэг өгөх албагүй. Бэлэг өгдөг заншил хэдийнээс эхлэлтэй юм бол гэж сонирхож үзсэн. Намайг бага байхад Цагаан сар ховорхон тэмдэглэдэг, малчдын баяр гэж үздэг байлаа. Үүнээс өмнөх Цагаан сар гэхээр 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдсаны дараа тухайн үеийн хэвлэлд нэг хүн гэрээ барьцаалж, Цагаан сар хийчихээд, Цагаан сарын дараа орон гэргүй болсон тухай мэдээлж байсан гэхээр тухайн үед Цагаан сарыг хөлтэй тэмдэглэж байсан бололтой. 1990 оноос Цагаан сарын хэлбэр өөрчлөгдсөн ч үндэсний хувцсаа өмсдөг, үндсэн агуулгаа сэргээж чадсан байгаа юм. Түүнээс өмнө нь Цагаан сар хориотой байлаа шүү дээ.

-Цагаан сарын зарим заншил дахин төрөхтэй холбоотой байдаг гэж та бичсэн байна лээ. Цагаан сарын зан үйлийн онцлог, ялгаатай зүйлс юу байв?

-Өмнөд Монголын зүүн хэсэг рүү маш олон хийд оронтой, бурхны шашинтай хүмүүс байдаг. Энэ хүмүүс битүүний шөнө бүгд гадаа гараад, тэнгэрт мөргөдөг юм билээ. Нутгийн лам, хувилгаан хүмүүсээс лавлахад “Энэ бол битүү юм буюу хүн эхээс төрж байгаатай адилхан зан үйл. Манай энд хятад, монгол хүмүүс зэрэгцээд амьдарч байна. Монголчууд гал тахидаг. Битүү юм хагарлаа, шинээр төрлөө гэж үздэг. Гэртээ орж шинэ дээл хувцсаа өмсөөд, өглөөний нар мандахад бие биетэйгээ баярлан золгодог. Гал тахилгын 23 буюу Цагаан сар болохоос долоо хоногийн өмнө галаа тахиж байгаа нь тухайн жилд нас барагсдадаа утаа галаар дамжуулан хооллож, баярлуулж байгаа хэрэг. Гал тахиснаас хойш долоо хоног БАРДО буюу зуурдад сууна. Энэ үед худалдаа наймаа хийхгүй, гэр орондоо ихэвчлэн суух бөгөөд битүүний шөнө битүү хагалж, дахин төрж байгааг бэлгэдэн, банш, бууз, хуушуур иднэ. Улмаар Шинийн 1-ний өглөө бүгд дахин төрсөн мэт яаран шинэ хувцсаа өмсөж, бие биетэйгээ золгож, нэг нас нэмдэг. Тэгэхээр бүгд Цагаан сараар төрсөн өдрөө хийдэг гэсэн үг. Хятад, Төвөд нийтээрээ энэ баярын хамгийн гол утга учир нь энэ. Манайд бол гал тахилга нь хотод мартагдсан. Баянхонгор, зарим хөдөө орон нутагт бол гал тахилга хийдэг л юм билээ. Аливаа соёл цулаараа оршин тогтнодоггүй. Талхан дээр масло, элсэн чихэр, жимсний чанамал түрхээд, хиам тавиад идэж байгаатай адил олон соёлын давхаргууд нийлж байж, соёл бүрддэг. Хятад, Төвөдийн соёл ч тийм. Зарим шашны соёл, зан үйл устаж үгүй болсон хэрнээ ой санамжид үлдсэн байдаг. Ялангуяа монголчууд олон бууз хийдэг. Бууз, банш хазахын тоолонгоор олуулаа хүчирхэг болно гэсэн бэлгэдэлтэй. Хүрээнд лам нар хохимой банш гэж хийдэг байсан нь дайснаа дарах бэлгэдэлтэй байж.

-Тавгийн боовны талаар бас асуух гэсэн юм. Хавсай, ул боов, баруун тал руугаа болохоор гүрмэл хийдэг нь ямар учиртай вэ?

-Байгаа газрын эдийн засгийн чадамжтай холбоотой болов уу. Дээд монгол буюу Цагаан сарын эртний хэлбэр төрхөөрөө байгаа газрын баярын гол бэлгэдэл бол дэлхийн хаад байсан хүмүүсийн баяр байдаг. Тийм учраас дээд монголчуудын Цагаан сар Төвөдийнхөөс өөр. Дээд Монголын Лавран, Гүмбүм хийд байдаг. Дээд монголчуудын ярьж буйгаар монголчууд бол хаадын хаад гэж үздэг учраас арслан (махир) хөлт ширээн дээр идээгээ засдаг гэнэ. Хаадын хаан буюу Загварвадын хаан, хүрдэн орчуулагч хаан өөрийн зочныг хэрхэн дайлж, цайлж баярлуулах адил тэмдэглэх учиртай гэж үздэг. Нэгэн цагт америкчууд шиг дэлхийн эзэн байсан монголчууд тэр хүчирхэг үеийнхээ ой санамжаар л тэмдэглэдэг хэрэг. Тавгийн идээний хамгийн гол хоёр зүйл нь Сүмбэр уул, Сүүн далай юм. Бид энэ тухай нэг их мэддэггүй хэрнээ зөнгөөрөө тавгийн идээгээ долоо юмуу есөн давхар засдаг. Энэ нь Сүмбэр уулыг бэлгэддэг. Халх монголчууд буудайн гурил худалдаж авах боломжтой байсан учраас хэв гаргаад ул боов хийдэг. Дээд монголчуудын хувьд тэр өндөрлөг газар руу гурил тээвэрлэх боломжгүй. Арвайн гурил дээрээ цэцгийн урлаг буюу ямааны дотор өөхийг өнгөнд оруулаад, гоё чимэглэж хийдэг урлаг байна. Арвайн гурилаа овоолж тавина. Эсвэл шар тосоор багсарч тавина. Дээд монголчууд бол Сүмбэр уулнааса шууд гараараа авч, тостой холиод зуураад идчихдэг. Сүмбэр уул нь ул боов, хавсай, арвайн гурил, тосон баримлын урлагийн гайхамшиг. Сүүн далайгаа Дээд Монголд бол таргаар төлөөлүүлдэг юм билээ. Халхад бол өвөл үнээ тугаллаагүй байдаг учраас сүү тараг элбэг биш. Сүүн далайгаа хонины ууц, үхрийн өвчүүгээр орлуулдаг юм байна. Далай учраас хондлойны хоёр бондгорыг тэгшилдэг шүү дээ. Заавал нүсэр хийх албагүй. Дээд монголчууд, өмнөд монголчууд иддэг хоол нь онцлогтой. Нэг их бууз идээд байхгүй. Гараараа гурилыг сунгасаар байгаад урт урт гурилтай шөл хийж иддэг. Үүнийгээ урт наслахыг бэлгэдсэн гэдэг. Дээд монгол, Хөх нуурын монголчуудын Цагаан сар тэмдэглэж байгаагаас үзвэл мөн л хамгийн урт настай хүмүүстээ хүндэтгэл үзүүлдэг, урт наслахыг бэлгэдсэн урт гурилтай шөл юмуу, эсвэл дахин төрж байгаагаа бэлгэдсэн битүү хоол иддэг юм билээ. Цагаан сар тэмдэглэдэг улсууд бол нийтээрээ нэг нас нэмж байна гэж бэлгэддэг. Дээр нь цам гардаг. Бээжингийн Юнхэгүн монгол хийд, хамгийн олон гэлэн сахилтай монголчууд суудаг хийдийн лам нар шинийн 15-нд цам гаргадаг. Энэ цамыг үзэх гэж олон хүн зорьж очдог. Энэ цамыг Лавран, Гүмбүм хийдэд ч харайдаг. Тухайн амьдарч байгаа газрынхаа уул ус, үхлийн эзэн Ямандаг бурхан, Эрлэг номун хаан гол дүр байдаг. Үхлийн дараах амьдралын тухай театрчилсан үзүүлбэр байхгүй юу. Үндсэндээ Цагаан сарын өмнөх Гал тахилгаас хойших долоо хоног, шинийн 15 гээд 21-22 хоног баярлаад, хэвийн амьдралдаа ордог.

-Цагаан сарын соёл, зан үйлд олон улсын нөлөө туссан байх нь. Орчин үед юуг нь авч үлдэх вэ, юуг нь орхих вэ. Та Цагаан сараар ямар зан үйлийг гүйцэтгэдэг вэ?

-Мэдээж ээждээ золгодог. Цагаан сар бол бидний Хятад, Оросоос өөр байх соёлын дархлаа юм. Л.Тэрбиш багшийн зурхайгаар зүг мөрөө гаргадаг. Олон жилийн турш хүн өөрийн хэр чинээ, соёлын онцлогт тохируулж тэмдэглэж иржээ. Христийн шашныхан хүртэл Цагаан сарын боовны адислага гэж хийдэг болсон байна. Сүмийнхэндээ, сүсэгтнүүддээ Цагаан сарын боов тарааж өгдөг болсон. Цагаан сарын боовыг авсаархан, амттай хийвэл яадаг юм бол. Соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй болов уу. Аливаа зүйл уламжлал шинэчлэл дээр тогтдог. Цагаан сарын бэлэг гэсэн ойлголт бий. Өөрсдийнхөө мөнгөний урсгалыг гадагш алдахгүйн тулд бэлгэнд бэлэн мөнгө өгдөг байвал зүгээр юм уу гэж боддог. Нэг хэсэг Цагаан сарыг айхавтар цамаан, гял цал хийдэг байснаа бодвол сүүлийн хоёр жил ковидын үед бидний чамирхал, хийрхлийн хөөс хагарч байна. Мэдээж Цагаан сараа сайхан тэмдэглэлгүй яах вэ. Үндэсний хувцасны хөгжил давхар явж байгаа. Цагаан сар ураг, овгийн баяр байдаг. Цагаан сар монголчуудын төрөх, үхэх, гэрлэх хүчирхэг байх, бүх хэлхээ холбоог зузаатгадаг байсан. Жилийнхээ ажил амьдралыг дүгнээд, овог аймаг доторх асуудлаа цуглаж хэлэлцдэг байсан. Шинэ жилээр бол ураг овгийнхон ах дүүс тэгж бөөнөөрөө цугладаггүй. Сүүлийн үед яригдаад байгаа цус ойртолтын асуудлыг ч цэгцлэх, ураг саднаа таних мэдэлцэх боломжтой баяр. Соёл ёс заншил, уламжлалын контентууд энэ үеэр цацагдаж байх учиртай. Цагаан сарынхаа утга учрыг сайтар тайлбарлаж таниулж байх шаардлагатай. Цагаан сар Буддын шашинтайгаа бас холбогддог. Монгол төрийн шүтээн Жанрайсагт очиж мөргөдөг байсан уламжлал тасарч байгаад сэтгэл дундуур байдаг. Энэ бол уламжлалт Цагаан сарын үнэ цэнийг асар их бууруулсан гэж үздэг. Хамгийн түрүүнд шинийн нэгний өглөө төрийнхөө шүтээнд хүндэтгэл үзүүлдэг хаант төрийн уламжлалтай. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс эхлээд энэ уламжлалаа сэргээгээсэй гэсэн бодолтой байна.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа

Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ГАВЬЯАТ НИСГЭГЧ ЦОЛООР:
  • Байлдааны сөнөөгч онгоцны анхны нэгдүгээр зэргийн нисгэгч, бэлтгэл хурандаа Самбуугийн Шаравсамбуу,
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал асан Ганхуягийн Санж,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Монголын байгаль орчныг хамгаалах холбооны зөвлөх, ахмад тахь судлаач Дамдины Бальдир,
  • Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга Алтангэрэлийн Доржсүрэн,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахмад ажилтан Шаравжамцын Бүүвээбаатар,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
  • Ахмад тээвэрчин, идэвхтэн байгаль хамгаалагч Пунцагийн Лхагважав,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
  • Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин Бямбадоржийн Лувсангончиг,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны өндөр настан Буянгийн Дулмаа,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Булган аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Пүрэвсүрэнгийн Дамба,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Орон нутгийн хэвлэлийн холбооны тэргүүн, “Шинэ мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Сампилын Шаравдорж,
  • Зохиолч, сэтгүүлч Бямбын Сарантуяа
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Хөгжмийн зохиолч, продюсер Балчинжавын Ангирмаа,
ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:
  • Налайхын уурхайн ашиглалтын инженер асан Сандуйжавын Батдорж,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Шангри Ла” худалдааны төвийн үүсгэн байгуулагч, цаг засварчин Самбуугийн Оюунчимэг,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Ерөнхий сайдын жендерийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх Дүгэрсүрэнгийн Сүхжаргалмаа,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Лувсангийн Энхбат,
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын ахмад ажилтан Лувсандоржийн Цэцэгсайхан,
  • Уртын дуучин Болдбаатарын Алтанжаргал,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Малын ахмад эмч Дэндэвийн Бадрай,
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгчин Лувсанжамцын Нэргүй,
  • Жендерийн үндэсний шинжээч Бямбасүрэнгийн Онон,
  • “Нюанс” хамтлагийн ахлагч Мөнхөөгийн Амарсанаа,
  • Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн Жигжидсүрэнгийн Сансармаа,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн дэд профессор Цэвээнжавын Хүрэлбаатар,
  • Үндэсний урлагийн их театрын бүжигчин Батчулууны Эрдэнэбаяр,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Хаан банкны төв тооцооны төвийн захирал Мягмардашийн Батбаяр,
  • Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Төмөр-Өлзийн Энхбаяр,
  • Үндэсний урлагийн их театрын бүжигчин Наранцацралтын Шүрэнцэцэг,
  • “Ди Эм энд Ай Жи” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Бэхбатын Дашмөнгөн нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, шагнал хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсэн ерөөж, амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын дээд боловсролын чанарыг ахиулах тухай

Шинжлэх ухаан техникийн хувьслын нөхцөл дэх шинжлэх ухааны байр суурь, нийгэм соёлын үүргийг тодорхойлох шаардлагаар шинжлэх ухааны философи гэсэн шинэ салбар бий болсоор хагас зуун жил илүү өнгөрсөн. Шинжлэх ухааны философи нь шинжлэх ухааны мэдлэгийн бүтэц, хөгжлийн тухай судалдаг. Хүн төрөлхтөн байгалийн төлөвөөс нийгмийн төлөвт улам бүр шилжиж буй түүхэн тодорхой нөхцөл бүхэнд философи тодорхой байдлаар зохицож, хөгжиж ирсэн. Монголын Их, дээд сургуулийг төгсөгчдийн дэлхийд өрсөлдөх чадвар хаанаас эхлэх вэ гэвэл их сургуульдаа үзэж судалсан системтэй мэдлэгээс эхэлнэ. Монгол Улсын дээд боловсролын системийн өнөөгийн сул талыг харуулах нэгэн үзүүлэлт бол академик сургалт, эрдэм шинжилгээний судалгаанд философийн ач холбогдол маш бага байгаа, хатуухан хэлэхэд бараг байхгүй гэж үзэж болохоор байна. Философи дам утгаараа шинжлэх ухааны шинжлэх ухаан хэмээн хэлэгддэг төдийгүй шинжлэх ухааны бүхий л судалгаанд харилцан хамааралд оршдог, тэрээр салангид зүйлийг анхаарахгүй, түгээмэл холбоонд байдаг мөн чанараар илэрхийлэгддэг. Иймээс Монгол Улсын дээд боловсролын системд байгаа алдаа дутагдлыг зөв оношлон, цаашдын чиг хандлагыг олон улсын Их, дээд сургуулийн хөгжлийн зүгт чиглүүлэхэд одоо харагдаж буй оновчтой аргын нэг бол шинжлэх ухаан ба философийн хамаарлыг бий болгох эхний алхамуудыг хийх зайлшгүй шаардлага байна. Энэ бүхэн сургалтын системд орох, хэлбэржиж үр дүнгээ үзүүлэх үйл явц улс орнуудад дунджаар наад зах нь 10 жил шаарддаг гэдгийг Олон улсын дээд боловсролыг магадлан итгэмжлэх тайланд бичсэн байна. Энэ хэзээ Монголд эхэлж, бодит биеллээ олох нь өнөөдрөөс эхлэн Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт хийхээс, шууд утгаараа биднээс бүрэн хамаарна. Дээд боловсрол нийгэмд үйлчилдэг, суралцахуй, сургалтын нийлмэл цогц. Мэдлэг нь системтэй, тодорхой, уялдаа холбоотой, нэг нь нөгөөгөөсөө урган гарч урагш тэмүүлж байдаг. Шинжлэх ухаан бол нэгдмэл, бүхэл байдлаар хөгжиж байдаг мэдлэгийн хэлбэр, салангид мэдлэгийн цуглуулга бас нийлбэр ч биш, харин эдгээрийн харилцан үйлчлэлд буй нэгдмэл, бүхэллэг системтэй чанараар илэрхийлэгддэг. Шинжлэх ухааны мэдлэгийн онолын түвшин дээшлэх тусам философийн агуулга нь ихсэж байдаг зүй тогтолтой гэдгийг олон эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг ба философитой нягт уялдаж байж шинжлэх ухааны бүтээлч байдал нэмэгддэг болно. Улс орон бүр дээд боловсролын системийг баталгаажуулах өөрсдийн тогтсон тогтолцоо, онцлог бүхий чадамжтай байдаг. Монгол Улсад дээд боловсролын бүтэц, чанарын тухай байр суурь төлөвшөөгүйг илтгэх нэг баримт бол сүүлийн 15 жилийн дотор Монгол Улсын бүртгэлтэй 100 хувийн дээд сургууль дампуурсан байна. Өнөөдөр Монголын боловсролын сайд, дарга өөрчлөгдсөнөөр боловсролын тогтолцоонд шинжлэх ухаанч биш өөрчлөлтүүдийг хийдгээс боловсролын систем бүхэлдээ тогтворгүй, үндэсний өвөрмөц онцлог нь алдагдсан хэмжээнд хүрсэн байна. Тухайлбал, Монголын боловсролын тогтолцоо улс төрөөс хараат оршдог, үндэсний уламжлалт залгамж чанараа алдсан, ялангуяа бакалавраас дээш түвшний сургалт, судалгааны үндсэн үйл ажиллагаа, хичээлийн агуулга нь судлаач багш, судлаач оюутнуудад нээлттэй байдаггүй явдал юм. Шинжлэх ухааны философи бол шинжлэх ухааны үр дүн, арга барилыг дүгнэдэг философи сэтгэлгээний хэв маяг. Энэ нь нэг талаар шинжлэх ухааны хөгжил нь цаг ямагт философитой холбоотой байсан төдийгүй оюун ухаан, онолын танин мэдэхүйн асуудлыг өөртөө багтаадагтай холбоотой. Философийг шинжлэх ухааны бүхий л салбарын судалгаанд оруулж өгснөөр тодорхой, бодит, шүүмжлэлт сэтгэлгээний үр дүнд боловсруулагдсан цогц судалгааны үр дүнгүүдийг хүлээж болно. Мэдлэгийн ийм системийг Их, дээд сургуульд ялангуяа магистр, докторын түвшиний сургалт, судалгаанд төлөвшүүлэхгүйгээр хувь хүний, судлаачийн бүтээлч сэтгэлгээг бий болгох боломжгүй юм. Дэлхийн бүх улс орнуудад өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжлийн дээд боловсролтой хүмүүс нь тухайн нийгмийн хөгжлийн хурд, тогтвортой байдлын чадамжийг тодорхойлж байдаг. Дээд боловсролтой мэргэжилтэн, шинжлэх ухааны судлаач хүний түүх нийгмийн үйл явцад нөлөөлөгч нийтлэг шинж чанар нь “чөлөөт байдал, чөлөөт сэтгэлгээний тухай ойлголт” бөгөөд энэ нь философитой салшгүй холбоотой юм. Дахин тэмдэглэхэд, шинжлэх ухааны мэдлэгийн онолын түвшин дээшлэх тутам философийн агуулга нь ихсэж байдаг гэдгийг олон эрдэмтэн судлаачид тэмдэглэсээр ирсэн. “Философигүй орчин үеийн шинжлэх ухаан хана мөргөх болно” гэдгийг олон улсын шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа судлаач эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Шинжлэх ухааны салбар тус бүрийн доторхи өгөгдлийн үер, зах хязгааргүй цахим мэдээллийн өгөгдөл нь судалгааны талбарыг улам хүндрүүлж, судалгааг улам өнгөц, хөнгөн, утгагүй болгож байна. Үүний нэг жишээ бол шинжлэх ухаанд ач холбогдолтой багатай ном, гарын авлага, судалгааны бүтээлийн хэвлэх тоо утгаа алдсан, ном зүй гэхэд л боть ботиороо “Номын сан дахь номын санг” үүсгэх болсон байна. Баримт мэдээллийн тоо хэмжээ нэмэгдсэн ч чанар уруу шилжээгүй. Шинжлэх ухааны судалгаа нь хэт өргөн хүрээг хамрах, түүхийг үл тоомсорлох, цахимаас оруулсан баримтын цуглуулга болж буй өнөөгийн судалгааны хандлагыг өөрчлөх өөрчлөлтүүд дэлхийн ихэнх их дээд сургуулиудад аль хэдийн эхэлсэн, Монголчууд бид ч бас энэ зүгт чиглэх нийгмийн шаардлага бий болсон байна. Дэлхийд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн шинжлэх ухааны философийн хичээлийн цагийг нэмэгдүүлэх замаар судалгааг өргөжүүлэх, туршилтын хөтөлбөрүүдийг сүүлийн 10 жил буюу 2010-2020 онд хэрэгжүүлсэн үр дүнгийн талаарх мэдээллээс авч үзвэл:

•Цахим ертөнцийн инженерүүд, техникийн мэргэжилтнүүдийг өөрийгөө болон өөрийн хийж буй ажлын талаар дахин эргэцүүлэн бодох, хандлагаа өөрчлөх, технологийн гаж нөлөөний парадокс, төөрөгдөл, тодорхойгүй байдлыг арилгах нэгэн чиглэл бол философи юм.

Ангела Гимарас. Испра дахь Европийн комиссын судалгааны төв. 2020 он

•Философитой нягт уялдаатай байхын ач тусыг бидэнд буцааж өгөх шинжлэх ухааны судалгааг бүх төвшинд сэргээх, хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Судлаач философийн тодорхой онол, бат итгэл үнэмшлээ хөгжүүлэн боловсруулснаар өөрийн хийж буй судалгааг утга учиртайгаар жолоодох чадамж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, судалгааны ерөнхий түгээмэл зүй тогтолыг судлаад зогсохгүй судлаж буй зүйлийнхээ гадаад, дотоод мөн чанарыг танин мэдэхүйд өөрийн оюун санаа, судлаачийн туйлын оюун санааны төсөөлөл, таамаглалыг авч үзэх, онолын хийсвэрлэлээр сэтгэх, ажиллах хэмжээнд хүрч очих болно.

Европын холбооны Horizon 2020 оны судалгаанаас

•Философийн олон талт хариултууд, нөлөө бүхий баримтууд шинжлэх ухааны хуурмаг өнгөц байдал, утгагүй туйлшрал, парадигмын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж, хараат байдлаас сэрээхэд тусалсаар ирсэн.

Синтияа Селин.

Аризона мужийн Их сургууль. 2020 он

•Шинжлэх ухаанд үүрэг хариуцлагын шинж мэдрэмжийг бий болгож, философийн хамааралтай судалгааг өргөжүүлэхийг уриалж байна. Ялангуяа сүүлийн үед шинжлэх ухааныг зовоох болсон үнэмлэхүй эрх мэдлийн төлөөх судалгааг зогсооход философи туслах нь зайлшгүй юм.

Альфред Норман. Дармштадт хотын Техникийн Их сургууль. 2020 он

•Шинжлэх ухаан, философийн чиглэлээр тэнцвэртэй тэдний хооронд жинхэнэ яриа хэлэлцээ, нягт холбоо хамаарлыг бий болгох сургалтын хөтөлбөрүүдийг бий болгох. Ийм сургалтын хөтөлбөрүүд зарим орнуудын их дээд сургуульд аль хэдийнэ хэрэгжиж, хэлбэржиж, тогтворжсон. Салбар шинжлэх ухааны сургалтын хөтөлбөрт философийн модуль сургалтууд олон цагаар багтах болсон. Эдгээрээс гарсан судалгааны үр дүнг “сэтгэл хөдөлгөм” хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэсэн байна.

Цжаллинг Свиерстра, Маастрхитын их сургууль. 2020 он

Энэ асуудлыг бодит алхам болгож, одоогийн Монгол Eлсын төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямралаас үл хамааран Их, дээд сургууль, ялангуяа дээд боловсролын төгсөлтийн дараахь түвшний сургалт, судалгаанд авч хэрэгжүүлэх, дараахь энгийн өөрчлөлтийг хийж эхлэх хэрэгтэй юм.

•Салбар шинжлэх ухааны хурлуудад философид илүү их орон зай гаргах. Энэ бол философийн ойлголтыг өөрсдийн судалгаанд хэрхэн, яаж ашиглах эсэхийг үнэлэх, судлаачдад зориулсан энгийн алхам, бодитой хэрэгжих боломжтой.

•Шинжлэх ухааны лаборатори, тэнхимд философичдыг хүлээн авах, хамтрах. Судлаачид философи сэтгэлгээнд түшиглэн судалгаандаа итгэл үнэмшилтэй болж, хүрээлэн байгаа болон гадны олон бүрхэг төсөөллөөс өөрийгөө чөлөөлж, баримтуудыг даван гарах чадамжтай болно.

•Магистр, докторын судалгааг хамтран явуулах. Философи арга нь аливаа судалгааны үйл явцад шууд бусаар нөлөөлдөг, эндээс эрдэмтэн хүн үнэнд хүрэх дөт зам, шинжлэх ухааны ёс зүйн хандлагыг өөртөө төлөвшүүлдэг ач холбогдолтой. Баялаг үзэл баримтлал бүхий сайн диссертаци бэлтгэн гаргах нь дараа үеийн философич эрдэмтдийг төрүүлэн гаргах нэг алхам юм.

•Судлаачид шинжлэх ухааны философийн талаар илүү их уншиж судлах, энэ нь тэдний судалгааг өргөжүүлэх, урагшлуулах нэгэн эх сурвалж болж, судалгааны ажлын үндсэн зарчим, ойлголтууд нь философид багцлагдана.

•Шинжлэх ухааны сонин сэтгүүлд философийн үзэл баримтлалын талаархи шинэ хэсгүүдийг нээх хэрэгтэй.

Монголын дээд боловсролын системд өөрчлөлт хийхгүйгээр Монгол улсын шинжлэх ухааны, эдийн засгийн өрсөлдөх чадварын тухай ярихад эрт буюу үр дүнгүй юм. Монгол улсын засгийн газраас 2024 он гэхэд “Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 сургуулийн эгнээнд хүргэсэн байна” гэсэн зорилт дэвшүүлсэн байна. Үүнд хүрэхийн тулд Монголын их дээд сургуулийн багш, судлаачид шинжлэх ухааны судалгааны хөгжлийн мөн чанар нь философоор баяжиж байдаг сургалтын хөтөлбөрүүд, судалгааг чухалчлан авч үзэж, бодитоор хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Шинжлэх ухааны жинхэнэ судалгаа нь судлаачийн эрдэм мэдлэгийн тодорхой хэмжээний нөхцөл бүрдсэн үед л бодитой болдог. Салбар шинжлэх ухааны судалгаанд философийг ойртуулан судлах нь ертөнцөд хүний эзлэх байр суурийг судлаач хүн бүр өөр өөрийн түвшинд гаргахаас эхлэлтэй. Хүний үнэт зүйлсийн бүхий л төв цэгт хүн өөрөө байдаг. Биологийг инженерийн шинжлэх ухаан болгохыг зөвшөөрдөг, шинжлэх ухаанд амьд ертөнцийг ойлгохыг оролдохгүйгээр өөрчлөх хандлага уруу орох боломжийг олгодог нийгэм, өөрөөр хэлбэл мэдлэг бүтээж буй судалгааны байгууллага нь өөрөө аюулт ертөнц хэмээн эрдэмтэн Карл Возийн хэлснийг тэмдэглэж байна. Шинжлэх ухааны үндэс болсон системийн холбооны асуудал, баримтуудын холбоо ч энд хамгийн их хамааралтай юм. Шинжлэх ухаан дахь үндсэн өөрчлөлтүүд нь түүний философийн үндэслэл гүнзгийрч, нарийсахын хэрээр гардаг хэмээн үздэг тул шинжлэх ухааны судалгаа хийж буй судлаач бүр философийн өндөр мэдлэг эзэмших, байгалийн мөн чанарыг ойлгохыг хичээх, судалгаандаа ухамсартайгаар хандах нь зүй юм.

Сайннямбуугийн Цолмон

Хэл бичгийн ухаан доктор

Улаанбаатар хот. Төв

шуудан 15160-0026

Шуудангийн хайрцаг 1107

Email: s_tsolmon21@yahoo.com

Categories
мэдээ нийгэм

12-оос доош насны хүүхдүүдийг вакцинд хамруулах эсэхийг судалж байна

Пневмококкийн эсрэг вакцины ач холбогдол, анхаарах зүйлс | News.MN

КОВИД-19-ийн Омикрон хувилбарын давлагаа үргэлжилж, сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тоо цөөрч байгаа ч хүүхдүүд, өндөр настнууд, жирэмсэн ээжүүд гээд эмзэг бүлгийн иргэд өвчлөх эрсдэл өндөр байна.

“Дельта хувилбарын давлагааны үед нийт халдварын 19-21 хувь нь 17-оос доош насны хүүхдүүд байсан бол одоо 22 хувьтай байна. Тиймээс вакцинд хамрагдаагүй насны хүүхдүүдэд анхаарах хэрэгтэй байна” гэдгийг хуурамч мэдээллийн эсрэг Фактчек Монгол, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хийсэн “Вакцин ба дархлаа” сэдэвт уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Б.Цогтбаатар хэлсэн юм.

Одоо үргэлжилж байгаа давлагааны үеэр л гэхэд коронавирусийн халдвараар өвчилж байгаа нийт хүүхдийн 72 хувь нь 12-оос доош насны буюу вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байна.

Тиймээс энэ насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулах, 12-18 насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулах шаардлагатай байгаа талаар мэргэжлийнхэн зөвлөж, саналаа холбогдох шийдвэр гаргагчдад хүргүүлсэн талаар тэрбээр мэдээлэл өгсөн юм.

Олон улсад дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр дүн ямар байгааг АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхим, ахлах багш, доктор Т.Хонгорзул танилцуулсан юм. VeroCell-ийн хоёр тунтай хүнийг VeroCell-ийн тунгаар нэмж дархлаажуулахад 60% үр дүнтэй байгаа бол Pfizer вакцинаар бүтэн дархлаажсан хүнийг мөн Pfizer вакцинаар нэмж дархлаажуулахад 95.6 хувийн үр дүнтэй байна. Нэмэлт тун хэрэгтэй эсэх талаар бүүстер тун хийлгэсэн 86 сая, хийлгээгүй 90 сая хүний мэдээллээс харьцуулан судлахад халдвар дахин авах магадлал төдийлөн буурахгүй ч нас барах эрсдэлээс сэргийлж байна гэж дүгнэжээ.

Харин Монгол Улсад бүүстер тунг нэмж хийх шийдвэр гаргахдаа AstraZeneca вакцины бүрэн тунтай байж байгаад Pfizer нэмж хийлгэсэн 17, VeroCell вакцины бүрэн тунтай байж байгаад Pfizer хийлгэсэн 18 хүний судалгаанд үндэслэн үр дүнтэй гэж үзсэн талаар ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга, Доктор Б.Бумдэлгэр танилцуулсан юм.

Одоогийн байдлаар манай улс 18-аас дээш насны иргэдээ КОВИД-19-ийн эсрэг вакцины 3, 4 дүгээр тунд Pfizer вакцинд хамруулж байгаа ба гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн тоо нэг саяыг даваад байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Намуун: Үсээ боох, чихнийхээ араар үсээ хийх зэрэг жижиг зүйлсийг үгүйлдэг юм билээ

“Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт хорт хавдар өвчнийг даван туулсан Ж.Намууныг урилаа.


-Та одоогоор хаана ажиллаж, амьдарч байгаа вэ?

-Би 2013 онд Өмнөд Солонгост ирсэн. Сурч байгаад, 2020 оноос нэгэн гоо сайхны эмнэлгийн Монгол багийн ахлагчаар ажиллаж байгаа. Анх ажилд ороход ганцаараа монгол ажилтан байсан. Харин одоо дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багтай болсон.

-Эх орноо санаж байна уу?

-Монголоо их санаж байна. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ Монголд байдаг. Эмээгээ маш их санаж байна. Намайг очих үед хатуу хөл хориотой, эмээтэйгээ уулзаж чадалгүй холоос барааг нь харчихаад л ирсэн. Хамгийн гол нь эмээ маань намайг хорт хавдар туссан гэдгийг огт мэдээгүй. Хөнгөн өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа л гэж боддог. Өвдсөнөөсөө хойш эмээтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Өндөр настай болохоор эмээтэйгээ л уулзмаар байна.

-Хамгийн сүүлд хэзээ Монголд ирсэн бэ?

-Химийн тариагаа дуусгаад 2020 оны Цагаан сараар очсон. Намайг очмогц хил хаагдсан. Цагаан сар өнгөрөөгөөд ОХУ-аар дамжиж ирсэн.

-Та анх оношоо сонсоод яаж хүлээж авсан бэ?

-Эмнэлэгт нөхөртэйгөө хамт очсон байсан. Үнэхээр гайхсан, залуу хүн өөрсдийгөө хорт хавдар тусна гэж төсөөлдөггүй юм билээ. Анх бүдүүн гэдэсний хорт хавдар гэдэг оношийг сонсоод “Миний бодож байгаа хавдар мөн үү, чи сайн асуугаад өг” гэж нөхөртөө хэлж байсан. Хүн цочирдохоор сайн ойлгохгүй, итгэхгүй, тэнгэр газар нийлж байгаа юм шиг л санагдсан.

-Удаагүй хагалгаанд орсон уу?

-Тийм ээ, тухайн үед пүрэв билүү баасан гариг байсан юм. Ирэх даваа гаригт нь эмнэлэгт хэвтэж долоо хоног шинжилгээ өгөөд шууд хагалгаандаа орсон. Яаравчлахаас өөр арга байгаагүй.

Маш олон тийш үсэрхийлчихсэн, эцсийн шат буюу дөрөвдүгээр шатандаа орчихсон байсан. Хэрвээ би хоёр долоо хоногийн дараа үзүүлсэн бол эмчилгээгүй болох хэмжээнд хүрсэн байсан. 2019 оны долдугаар сарын 30-нд хагалгаанд орсон. Хагалгааны явцад бүдүүн гэдсээ авахуулж, элэгний 70 хувь, давсагныхаа тодорхой хэсгийг тайруулсан. Хагалгааны дараа 12 удаагийн хими эмчилгээ хийлгэж, 2020 оны нэгдүгээр сард дууссан. Эмчилгээ дууссанаас хойш таван жилийн хугацаанд эмчийн хяналтад гурван сар тутамд шинжилгээ өгдөг.

-Тухайн үед бие давхар байсан гэсэн үү…

-Хагалгааны дараа химийн тариа хийлгэхэд шинжилгээ өгдөг. Хагалгааны өмнө надаас хангалттай олон удаа “Жирэмсэн байх магадлалтай юу” гэж эмч нар асуусан. Учир нь хагалгааны явцад урагт хортой тодруулагч бодис, мэдээ алдуулагч ихээр хийдэг. Би “Үгүй ээ” л гээд байсан. Гэтэл хагалгааны дараа хоёр сартай ураг, зүрх нь цохилж байсан. Үнэхээр цочирдож эмчээс “Хэрвээ хүүхдээ төрүүлбэл яах вэ” гэж асуусан. Эмч нэгэнт маш хүнд хагалгаанд орж, урагт муу бүх зүйлийг хэрэглэчихсэн, дөрөвдүгээр шатанд орсон хагалгаа учир яаралтай химийн тариагаа эхлэх хэрэгтэй, эхлээд өөрийнхөө эрүүл мэндийг бод гэж хэлээд хагалгаанд орж авахуулчихсан (хоолой нь чичирч, нулимс урсав).

-Хагалгааны дараа эмчилгээнд орохдоо үсээ хусуулсан байсан. Эмэгтэй хүний хувьд үс гэдэг гоо сайхны маш чухал хэсэг шүү дээ…

-Гараараа илэхэд л туг тугаараа унаж байгаа үсээ харах маш хэцүү байсан. Үсээ боохыг, чихнийхээ араар үсээ хийхийг гээд жижиг зүйлсийг үгүйлдэг юм билээ. Хүн өөрийн мэдэлгүй өөрийгөө их өөлдөг. Тэр бодлуудад хүний бие гомддог юм болов уу гэж бодсон. Урт үстэй байхдаа үсээ хурдан тайрах юмсан, миний биеийн тэр нь муухай байна гэж их ярьдаг байлаа. Бие өвдөөд үсээ хусуулаад сууж байхдаа тэр бодлууддаа маш их харамссан.

-Энэ өвчний шалтгаан нь юу юм бол?

-Ерөөсөө л амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, стрессээс үүсдэг. Хооллолт, нойр, сэтгэл зүйн байдал хамгийн чухал нөлөөтэй.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би энд охин, нөхөртэйгөө амьдардаг. Манай нөхрийг Н.Батбуян гэдэг. Хөдөө өссөн хүүхэд, гэр бүлсэг, хүнийг хайрлаж, хүндэлж чаддаг маш сайн залуу бий. Би энэ бүгдийг даван туулж, ингээд яриад сууж байгаа нь миний ханийн ач.

Химийн тариа хийлгээд сульдаж байхад миний хөлийг шар тосоор тослоод л сууж байсан. Намайг 11 цаг хагалгаанд орж байхад гадаа ганцаараа хүлээгээд л суусан. Хэрвээ дараа төрөл гэж байдаг бол нөхөртэйгөө дахин учрахыг хүсдэг. Тэр үед би түүнийгээ дахиж өвдөж зовоохгүй ээ… Надад хань, охин хоёр минь байхад юунд бууж өгөх ёстой юм, надад хийж чадаагүй олон зүйл байсан болохоор маш их хичээсэн. Охин маань дөрвөн настай. Намайг хагалгаанд ороход манай охин ой гарантай байсан.

-Аав, ээждээ оношоо яаж хэлж байсан бэ?

-Ямар ч байсан эмнэлгээр яваад хорт хавдар мөн юм байна гэдгийг нь мэдчихээд утсаар хэлж байсан. Их цочирдсон байсан болохоор яг юу гэж хэлснээ санадаггүй.

-Өвдөхөөс өмнөх Намуун, одоогийн Намуун хоёр юугаараа өөр вэ?

-Өмнөх зургаа харахаар хуурамч юм шиг, би биш юм шиг санагддаг. Харин хагалгаанд орсноосоо хойш өөрийгөө олж, илүү таньсан. Хэн нэгэнд таалагдах гэж биш, би өөрийнхөөрөө байх нь чухал юм байна гэдгийг мэдэрсэн. Өвдөхийн өмнөх Намуун хайнга, дураараа, түргэн ааштай байсан. Харин одоо юманд тайвнаар ханддаг, уурлах биш гаргалгааг нь олох гэж хичээдэг болсон. Мөн эрүүл мэндээ маш сайн анхаарч, өөрийгөө хайрладаг болсон. Өмнө нь би өөрийнхөө төлөө амьдардаггүй байсан юм шиг санагдаж байна. Гэр бүлийнхэндээ саад болохгүйн тулд өөрийгөө хүчилж ажилладаг байсан. Одоо бол өөрийгөө хайрлаж, өөрийнхөө төлөө амьдарч байна. Эрүүл байх нь миний хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээж буй хариуцлага.

-Таны хувьд юу хамгийн үнэ цэнэтэй вэ?

-Халуун ам бүлээрээ хоол хийгээд, энгийн зүйлсийн талаар ярьж инээгээд суух шиг жаргал байхгүй байх.

-Таны хувьд эрүүл мэнд гэж юуг хэлэх вэ?

-Хариуцлагатайгаар өөрийгөө хайрлахыг хэлнэ.

-Хаа нэгтээ хорт хавдраар шаналж буй хүмүүст хандаж та юу гэж хэлэх вэ?

-Бидний бодож байгаагаас ч олон хүн хавдар гэдэг өвчнөөр өвдөөд, шаналж байдаг. Тусламж хүсч над руу холбогддог хүмүүс ч бий. Тэдэнд чадахаараа дэм болж, эмнэлэг, эмчээ зааж өгөхийг хичээдэг. Гэхдээ тэр хүмүүст “Би чадсан юм чинь та чадна” гэж хэлэх хэцүү байдаг. Учир нь хүн бүр өөр учраас миний танд хэлж чадах зүйл бол “Та эцэст нь тултал тэмцээрэй, хэзээ ч битгий бууж өгөөрэй” л гэдэг. Хэн бүхэн өөрийн бодож байгаагаас ч ихийг хийж чадна.

-Та ажлынхаа хажуугаар моделиор ажилладаг. Энэ тухайгаа яриач?

-Химийн тариа дуусаад хоёр сарын дараагаас моделиор ажиллаж эхэлсэн. Хүссэн зүйлээ хийхгүй бол харамсах юм байна гэж бодоод хамгийн дуртай модель руугаа “Би танайд модель болох чин хүсэлтэй байна. Хэрвээ боломж бүрдвэл би маш их баярлана” гэж сошиалаар мессэж бичсэн. Гэтэл надад веб сайт руу ороод анкет явуулаарай гэж хариу ирсэн. Шалгаруулалтад орж тэнцээд түүнээс хойш ажлынхаа хажуугаар реклам, брэндүүдийн моделиор ажиллаж байгаа.