Categories
мэдээ цаг-үе

Хан-Уул дүүрэгт автомашин шатжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 02-ны өдрийн 17:25 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Б-ийн “Си-Арви” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.

Categories
мэдээ улс-төр

Хууль санаачлах, төрийн бодлого тодорхойлох үйл хэрэгт манлайлсан түшээдэд талархал илэрхийлэв

Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйлсэд холч ухаан, хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрийн үйл хэрэгтээ ард түмний эрх ашгийг эрхэм болгож, үр бүтээлтэй ажилласан хэмээн үзэж Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг нарт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүндэт өргөмжлөл, Улсын Их Хурлын даргын нэрэмжит шагналыг гардуулжээ.

Хууль санаачлах, төрийн бодлого тодорхойлох үйл хэрэгт манлайлсан түшээдэд талархал илэрхийлэв

Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн нарыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үйлсэд бүтээлч хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж, урамшуулав.

Өнгөрсөн хаврын чуулган 34 удаа хуралдсан бол намрын чуулган өнөөдрийн байдлаар 27 удаа хуралдаад байна. Нийт 61 удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг таслал, хоцролтгүй оролцсон төрийн түшээгээр шалгарлаа. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар удаалсан байна. Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороодын хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон дээрх нэр бүхий гишүүдэд талархаж илэрхийлж, баяр хүргэлээ

Нийт 61 удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг таслал, хоцролтгүй оролцсон төрийн түшээгээр шалгарлаа.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр парламентын хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлж, Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой зүтгэл гаргаж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Тэмүүлэн нарт талархал илэрхийлээ.

Анх 2018 оны гуравдугаар сарын 23-нд баялагтаа эзэн нь байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сахиулж, Улсын Их Хурлын даргын 57 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсэг 18 сарын турш ажиллаж, 2019 оны арваннэгдүгээр сард Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолыг баталсан байна. Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолын заалтуудын хэрэгжилт хангалтгүй байсан тул Улсын Их Хурлын гишүүн Д.Даваасүрэнгээр ахлуулсан Түр хороог Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан юм. Энэхүү Түр хорооны дээрх нэр бүхий Улсын Их Хурлын гишүүд 92 дугаар тогтоолын заалтыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж чадсан байна.

Мөн өнгөрсөн сард Рио тинто группын гүйцэтгэх захирал Яхоб Стаусхольмтой Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзахдаа зөвхөн Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардсан юм.

Нийт 6 зүйлтэй тогтоолыг хэрэгжүүлснээр Оюу толгой ордод Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангуулах, өнгөрсөн хугацаанд тодорхой хууль тогтоомж зөрчиж, Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж байгуулсан “Оюу толгойн далд уурхай, бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” буюу Дубайн гэрээг хүчингүй болгох, цаашлаад Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу сайжруулах шаардлагатай байгааг талаар ярилцсан байна.

Эдүгээ Улсын Их Хурлаас баталсан 92 дугаар тогтоолын заалтуудыг “Рио тинто” групп гүйцэтгэжээ. “Рио тинто” групп хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын 92 дугаар тогтоолыг барьж, Оюу толгойн ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулсан шийдвэр гаргасан юм.

Ийнхүү баялагтаа Монгол хүн эзэн байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг сахиулж чадсан төрийн түшээддээ талархал илэрхийлэх үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улсаа тунхаглан зарласан 110 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн зуунд тусгаар тогтнолоо баталгаажуулсан бол энэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнолыг олж авахын тулд хичээн зүтгэж ажиллахыг хүсье” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 2021 оны үйл ажиллагааны тойм

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, сувилагч, асрагч, бусад албан хаагчдад, 21 аймгийн тусгаарлах байр, 7 аймгийн 11 хилийн боомт, Эрүүл мэндийн газар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 799,7 сая төгрөгийн үнэ бүхий хувийн хамгаалах хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур, N95 маск, ариутгалын бодис олголоо.

Цар тахлын үеийн хөл хорионы улмаас орлого нь буурсан, хүнсний хомсдолд орсон зорилтот бүлгийн 17,027 өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүлэв.

Коронавирусын халдвартай өвчтнүүдэд зориулан нэмэлтээр ор дэлгэсэн эмнэлэг, тусгаарлах байруудад 1650 ширхэг хөнжил, гудас хандивлалаа.

No description available.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүд, Хавдар Судлалын Үндэсний төв, Ачтан эмнэлэг, Асрамжийн газрын тусгаарлалтад орсон 715 ажилтны ар гэрт хүнс болон ариун цэврийн багц, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 137 хүүхдэд ном, гарын авлага, шинэ жилийн бэлэг, эрүүл ахуйн багцын тусламж хүргэж, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэв.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэй “Коронавируст цар тахлын хариу арга хэмжээ” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн 1000 өрхөд 240,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүллээ.

Эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын үед ажиллах 1440 сайн дурын идэвхтэн бэлтгэж, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, өрхийн эмнэлэг, тусгаарлах байр, вакцинжуулалтын цэгт ажиллаж байна.

No description available.

Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэй “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” төслийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан Зудын эрсдэлийн зурагт үндэслэн нэн өндөр эрсдэлтэй 19 аймгийн 2000 өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс, тэжээлийн багц олгосон ба нийт 5234 хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв.

“Гамшгийн яаралтай тусламжийн сан”- гийн дэмжлэгээр цасан болон шороон шуурганд өртсөн 14 аймгийн 1000 өрхөд 240,000 төгрөгийн бэлэн мөнгө, гэр олгож нийт 1,7 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг 3634 хүнд шууд хүргэв.

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Коронавируст халдварын цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурал зохион байгууллаа.

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Глобаль сангийн дэмжлэгтэй “Улаанбаатар хот дахь орон гэргүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн хүрээнд 12 удаагийн үзлэг зохион байгуулж, орон гэргүй, эмзэг бүлгийн 1394 иргэнийг хамруулж, 55 хүнийг эмчилгээнд хамруулав.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Гамшгийн яаралтай тусламжийн сан”-гийн дэмжлэгтэйгээр үерийн гамшигт өртсөн 1,000 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, 3600 орчим хүнд хүрч ажиллалаа.

No description available.

“Хүүхэд залуучууд бид-Цар тахлыг хамтын хүчээр давна” сэдвийн хүрээнд Үндэсний зуслан цугларалтад 21 аймаг, 9 дүүргийн Өсвөрийн улаан загалмайн 200 гишүүн цахим хэлбэрээр оролцов.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Байгууллагын хүчин чадлын үнэлгээ /OCAC/”-г 4 дахь удаагаа зохион байгуулав. Байгууллагын хүчин чадал 18.7 хувиар өсчээ.

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, хариу арга хэмжээнд 4,1 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож, 344,104 иргэнд хүрч ажилласан байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, гамшгийн дараах нөхөн сэргээх үйл ажиллагаанд 4 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж, 210,726 хүнд хүрч ажилласан байна.

No description available.

Нийгмийн халамж, оролцоог дэмжих хөтөлбөрийн хүрээнд 37,465 хүнд шууд хүрч ажиллав.

Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд 29,201 хүн идэвхтэй оролцсон байна.

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд 344,104 хүнд шууд хүрч үйлчилсэн байна.

Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нийт 4128 сайн дурын ажилтан идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулжээ.

2021 онд 19 аймаг, 6 дүүргийн Улаан загалмайн хороо 158 удаагийн цус цуглуулах өдөрлөг зохион байгуулж, 23,655 хүнд мэдээлэл сурталчилгаа хүргэж, 5110 сайн дурын авлагагүй цусны донорыг элсүүлэв.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.


Categories
мэдээ цаг-үе

15 давхраас унах гэж байсан хүнийг эсэн мэнд буулгажээ

Орон сууцны 15 давхраас үсрэх гэж байсан иргэнийг онцгойгийн алба хаагчид аварч, эсэн мэнд буулгажээ.

Тодруулбал, эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 00:13 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан иргэн Н /32 настай, эмэгтэй/ цонхны тавцангаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулган Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Маргад: Миний нөлөөллөөр бусад хүмүүс баярлаж байгааг харахад аз жаргалыг илүү мэдэрдэг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оны шилдэг хүүхэд” шагналыг гардуулсан билээ. 2021 оны улсын “Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс” төрөлд шалгарсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн 12А ангийн сурагч Ч.Маргадтай ярилцлаа.


-Юуны түрүүнд баяр хүргэе. Орон нутгаас хэзээ ирсэн бэ?

-Баярлалаа, Дундговь аймгаас 28-ны өглөө үүрээр ирсэн. Өнөөдөр орой буцах гэж байна даа (инээв).

-Улсын “Онцлох хүүхэд” болсон тухай мэдээг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Анги, сургууль, аймгаасаа шалгараад улс руу материалаа явуулсан. Амжилтаа бичиж байхад миний хийсэн ажлууд бага биш юм байна гэдгийг анзаарсан. Яг шалгарсан гэдгээ сонсоод энэхүү шагналыг хүртэх эрхтэй болов уу хэмээн бодсон.

-Хүмүүнлэгийн ямар ажлуудыг хийж байв?

-Бага ангийн сурагч байхаасаа л сайн дурын ажил хийж эхэлсэн. 2013 оноос эхлээд гурван жил аймгийнхаа Скаутын салаан дарга байсан. Тэр хугацаанд “Эх орон-36” үндэсний хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлсэн. Энэ нь улсдаа хайртай, чадварлаг иргэнийг бүтээх зорилготой богино хугацааны сургалт юм. Скаут байх хугацаандаа олон хүүхдүүдтэй уулзаж, ажиллаж өөрийгөө нээсэн гэж боддог. Ялангуяа ярианы чадвараа хөгжүүлж, юу хийх ёстой, юунд дуртайгаа багаасаа эрэлхийлсэн. 2017-2018 онд Өсвөрийн аврагч бүлгэмийн ахлагчаар ажиллаж байсан. Өсвөрийн аврагч болоод ахуйн осол гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах тухай “Амар мэндийн анхны алхам” сургалтыг цэцэрлэгийн хүүхдүүдэд орж, үе тэнгийнхэндээ байгалийн гамшиг, гал түймэр гэх мэт ослоос өөрийгөө хэрхэн хамгаалах, ямар арга хэмжээ авах ёстой талаар сургалт зохион байгуулсан. Харин ахлах ангид ороод “Open mic movie night” хэмээх арга хэмжээг санаачлан зохиож, олсон ашгаараа зорилтот бүлгийн хүүхдүүдэд тусалж, урам зориг өгсөн. Мөн цар тахлын үед эдийн засгийн хэцүү байдалд байгаа айл өрхүүдэд ахуйн туслалцаа үзүүлэх гэх мэт өөрийн байгаа газарт бага ч болов нөлөөлөл үүсгэж, аз жаргал түгээх ажлуудыг хийсээр байгаа. Миний хамгийн том ажил бол НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 17 зорилт” хэмээх хичээлийг аймгийнхаа таван сургуулийн хүүхдүүдэд орох байлаа.

-Танай сургуульд өөртэй чинь ижил сайн дурын ажил хийдэг сурагч олон байдаг уу?

-Би өөрийгөө оролцооны хүүхэд гэж боддог. Оролцооны байгууллагын ямар ч ажлыг ганцаараа хийдэггүй, хийж хүчрэхгүй. Надтай хамт баг болоод ажилладаг олон хүүхэд байдаг.

-Яагаад сайн дурын ажлыг хийх болсон юм бэ?

-Миний нөлөөллөөр бусад хүмүүс баярлаж байгааг харахад аз жаргалыг мэдэрдэг. Жишээлбэл, шинэ жилээр хүүхдүүдэд бэлэг өгөхөд тэр хүүхдүүдийн баярласан царайг харах маш сайхан. Хүн ямар нэг газарт өөрийн санаачилгаар сайн дурын ажил хийхэд тэнд байгаа бүх хүний дунд аз жаргал, энх тайван бий болдог юм байна гэдгийг ойлгосон.

-Сайн дурын ажилд цаг зарцуулахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ?

-Аав, ээж маань жаахан хүүхэд байж гадуур их цагийг өнгөрөөж байна, хичээлээ цалгардууллаа гээд дэмждэггүй байсан. Бага ангид байхдаа л дунд, ахлах ангийнхантай Төв аймаг руу явчихдаг. Дунд ангиас сошиал медиа хөгжөөд миний хийсэн ажлын үр дүнг гэр бүл эргэн тойрныхон маань хардаг, дэмждэг болсон. Одоо бол дэмждэг.

-Хичээлээ орхигдуулахгүйгээр хүмүүнлэгийн ажлуудыг яаж амжуулдаг вэ?

-Орчин үед цаг төлөвлөлт сайтай хүн л амжилттай явдаг болсон. Өдөр тутмын бүх ажлаа цаг минутаар нь төлөвлөж бичдэг.

-Үеийнхэндээ болон дүү нартаа юу гэж зөвлөмөөр байна?

-Хийж байгаа зүйлдээ дурлах нь чухал. Би маш олон зүйлийг оролдож үзсэн. Олон зүйлийг турших явцад аль нь гоё мэдрэмж төрүүлж байна гэдгийг олоод тэр зүйлдээ цагаа зарцуулаарай. Бас олон зүйл амжуулж, танихгүй хүмүүстэй ажиллаж, харилцаж үзээрэй гэж хэлмээр байна.

-ЭЕШ-ын бэлтгэл эхэлсэн үү, ямар мэргэжлээр суралцахаар зорьж байна?

-Би хүний их эмч, мэс засалч мэргэжлийг эзэмшихээр зорьж байгаа. Яагаад гэвэл багаасаа л сайн дурын ажил хийж байхдаа миний бяцхан үйлдлээр хэн нэгэн аз жаргалтай болоход би илүү их аз жаргалыг мэдэрч байгаагаа олж харсан. Насан туршдаа бусдад дэм болж, урам зориг өгч амьдармаар байна.

-Ирэх онд ямар төлөвлөгөөтэй байна?

-Би төгсөх ангийн сурагч, шалгалтуудаа сайн өгч, АНУ-д эмч мэргэжлээрээ суралцаж дэлхийн иргэн болох зорилготой байна. Мэдээж сайн дурын ажил хийхээ зогсоохгүй. Энэ бол миний хобби болчихсон зүйл.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх товтой байна. Тус багцад: Ерөнхий хууль, Тэтгэврийн хууль, Тэтгэмжийн хууль, Хувийн тэтгэврийн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга багтаж буй.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа манай сайтад өгсөн ярилцлагадаа “Нийгмийн даатгалын хууль анх 1995 онд батлагдаж байсан. Түүнээс хойш 30-аад нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Цаг тухай бүртээ бага зэрэг засвар хийсээр өдий хүрсэн. Одоо бол нийгмийн хандлага, үүссэн байгаа хүлээлт бол тэтгэврийн тогтолцоог шинэчлэх шаардлага үүссэн” гэж байв.

Нийгмийн даатгалын багц хуулиас онцлох заалтуудын нэрлэвэл:

  • Тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх
  • Хуваарилалтын буюу өнөөгийн тогтолцооноос хагас хуримтлалтай дараа нь бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ. НДС-гийн дэргэд Мэргэжлийн хороодыг ажиллуулах
  • Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэх
  • Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмжийг нэмэх
  • Үйлдвэрлэлийн осолд орсон бол ажилтныг тэр хугацаанд НДШ-ээс чөлөөлөх
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд зааснаар иргэд нэмэлт даатгалд даатгуулах, хуримтлал үүсгэх, цаашлаад хөрөнгө оруулалт хийх. Иргэд нэмэлтээр цуглуулсан тэтгэврээ өвлүүлэх.

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх нийт хуулийн төслүүдтэй энд дарж танилцана уу.

Categories
мэдээ цаг-үе

“Омикрон” хувилбарын үед хоолой өвдөх, нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ

Коронавирусийн омикрон хувилбар халдварлах чадвар өндөртэй бөгөөд бусад хувилбартай харьцуулахад хүндрэх эрсдэл багатай нь зарим судалгаагаар тогтоогдсон юм. Тус хувилбараар халдварласан бол дараах нийтлэх шинж тэмдэг илэрнэ. Үүнд:

  • хоолой өвдөх
  • нус гоожих
  • толгой өвдөх
  • ханиалгах
  • халуурах
  • үнэрлэх мэдрэхүй алдагдах найтаах зэрэг шинж тэмдэг илэрч байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Өнөрмаа: Прокурорын байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ хүний эрхийг л хамгаалахад чиглэгддэг

УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа.


-Прокурорын байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ сургалт, судалгааны ажилд хэрхэн анхаарч байна вэ?

-Прокурорын байгууллагын хүний нөөц сүүлийн үед их залуужиж байна. Боловсон хүчин залуужихын хэрээр тэднийг сургах, дадлагажуулах шаардлага бий болж байдаг. Мөн олон жил ажилласан, дадлага туршлагатай ч гэсэн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, байнга ахиж дэвших хэрэгцээ хүн бүрт байдаг. Шинэчлэл гэдэг нь тасралтгүй хөгжих, хүнээ хөгжүүлэх, сургах дадлагажуулахыг хэлэх байх. Тиймээс Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн 2020 онд мэргэжлийн ур чадвар бүхий прокурор, ажилтныг төлөвшүүлж хөгжүүлэх зорилгоор “Прокурорын байгууллагаас сургалтын талаар баримтлах үзэл баримтлал”-ыг баталж, сургалтын хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлж байна. Сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч олон улсын нийтлэг жишигт тулгуурлан, орчин үеийн шинэлэг арга зүйг нэвтрүүлсэн хөтөлбөр гаргасан. Тухайлбал, сургалтын агуулгыг судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх шаардлага тавьж байна.

Үүнтэй холбоотойгоор прокурорын байгууллагаас тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг хүн ам, газар зүйн шинжээр нь болон шүүх, прокурорын шийдвэрт дүн шинжилгээ хийх зэргээр суурь судалгааг тогтмол хийж байна.

Мэдээж сургалтыг явуулахдаа прокурор, ажилтнуудын ажлын туршлага, чиг үүргийг нь харгалзан зохион байгуулах нь үр дүнтэй байдаг учраас прокурорын сургалтыг гэхэд анхан, үргэлжилсэн болон ахлах, орлогч, дээд шатны прокурорын сургалт зэргээр төрөлжүүлсэн. Мөн туслах ажилтнуудыг прокуророор томилогдохоос өмнө сургалтад хамруулж байна.Түүнчлэн хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн сэтгэл зүйн болоод гадаад хэлний сургалтуудыг зохион байгуулж байна.

Хэдийгээр цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жил танхимын сургалт зохион байгуулах боломжгүй байсан боловч зайны сургалтууд тогтмол явагдсан.

-Саяхан Хүний эрхийн өдөр болж өнгөрсөн. Прокурорын байгууллага хүний эрхийг хангагч байгууллагынхаа хувьд хэрхэн ажиллаж байна вэ. Хүний эрхийн чиглэлээр хийсэн судалгааны ямар ажлууд байдаг вэ?

-Прокурорын бүхий л ажиллагаа хүний эрхтэй холбогдсон байдаг. Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүний эрхийг хангахаас гадна нийгэмд чиглэсэн буюу хүний эрх зөрчигдөж байгаа шалтгаан нөхцөлийг судалж, цаашид дахин гаргахаас урьдчилан сэргийлэх, засч залруулах арга хэмжээ авах боломж прокурорын байгууллагад бий.

Тухайлбал, “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ын суурь судалгаа, “Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийн суурь судалгаа, “Зам тээврийн ослын нөхцөл байдал”, “Шүүхээс оногдуулж буй ялын бодлого” гэх мэт судалгааг дурдаж болно. Хамгийн сүүлд гэхэд “Зөрчлийн тухай хуульд заасан, хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл”, “Ялгаварлан гадуурхах гэмт хэргийг шалгах, нотлоход анхаарах асуудал”-ыг судалж гарын авлага, зөвлөмж зэргийг боловсруулан, сургалтууд зохион байгууллаа.Судалгаа хийгээд зөвхөн алба хаагчдад сургалт хийх нь бас хангалтгүй. Шаардлагатай бол бодлогын шинжтэй асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох яам, газруудад хандах арга хэмжээ авна. Нөгөө талаасаа,эдгээр арга хэмжээ нь бүхэлдээ л хүний эрхийг хамгаалахад чиглэгдэж байгаа юм.

-Прокурорын байгууллагыг зөвхөн яллах чиг үүрэгтэй гэж олон нийт хардаг. Прокурор доод шатны прокурортоо нөлөөлдөг гэх ч хандлага байдаг. Энэ талаар таны бодол?

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос прокурорын гаргасан шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргаж байгаа нь хүний эрхийг хангах нэг баталгаа. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргадагтай л ижил процесс. Хяналтын прокурорын гаргасан шийдвэр хуульд нийцсэн эсэх, мөрдөгч, прокурор хууль бус үйлдэл гаргасан эсэхийг дээд шатны прокурор хянаж байгаа нь хүний эрхийг хангахад чиглэсэн ажил.

Прокурорыг яллах байр сууринаас хандаж байна гэдэг хандлага цөөнгүй байдаг. Гэвч тийм биш. Эрүүгийн болон зөрчлийн хэргийг шалгах явцад мөрдөгч хууль зөрчсөн бол тухайн шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авдаг. Энгийн жишээгээр тайлбарлавал, мөрдөгчөөс хэн нэгэн иргэнийг баривчлах, цагдан хорих санал гаргахад тэр бүрийг хүлээж аваад байдаггүй. Үндэслэлгүй саналыг хүлээн авахаас татгалзана. Хэрвээ хууль бусаар баривчилсан бол даруй суллах арга хэмжээ авч, тухайн мөрдөгчид хариуцлага тооцох хүртэл асуудал яригддаг. Прокурор хяналтаараа тухайн зөрчлийг илрүүлж чадаагүй бол өөрөө ч мөн адил хариуцлага хүлээнэ.

Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар 13547 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсны 1071 буюу 7.9 хувьд цагдан хорих, үлдсэн 90.2-92.1 хувьд нь хуульд заасан бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Мөрдөгчөөс ирүүлсэн цагдан хорих санал бүрийг прокурор хүлээж авдаггүй. Өөрөөр хэлбэл, цагдан хорих шаардлагагүй байхад үндэслэлгүй санал гаргасан байна гэж прокурор дүгнэж байгаа нь хүнийг үндэслэлгүйгээр цагдан хорихоос урьдчилан сэргийлсэн арга хэмжээ. Мөн гэмт хэргийн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан гэдэг нь цаанаа мөн л хүнийг үндэслэлгүйгээр шалгахаас татгалзсан гэсэн үг. Долоо хоногт дунджаар 300 хэрэг шүүхэд шилжүүллээ гэдэг нь цаанаа багадаа 400 хохирогчийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гаргажээ гэдэг талаас нь хараасай гэж хүсдэг. Өөрөөр хэлбэл, хэрэг болгоны цаана хохирсон хүн байгаа гэж ойлгож болно.

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа заавал прокуророос зөвшөөрөл авах нь хэр оновчтой юм бол. Зарим зөвшөөрлийг шүүхээс авах нь хүний эрхийг илүү хамгаалж чадна гэсэн хандлага байна. Энэ талаар таны бодол?

-Баривчлах, цагдан хорих, улсын хилээр нэвтрэх гэх мэт хүний эрхийг хязгаарлаж буй зөвшөөрлийг шүүхээс авч байгаа. Харин үзлэг нэгжлэг хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах гэх мэт гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, гэм буруутай эсэхийг тогтоох үүднээс хийгдэж буй тодорхой ажиллагааны зөвшөөрлийг шүүхээс авснаар мөрдөн шалгах ажиллагаанд буюу нотлох баримт цуглуулах ажиллагаанд шүүх оролцоно гэсэн үг. Ийнхүү хуульчлах нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэхгүй. Учир нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд прокурор хяналт тавьж, шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэнэ гэж тусганыг анхаарах ёстой. Тодруулж хэлбэл, Үндсэн хуульд заасан прокурорын “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах …ажиллагаанд прокурор хяналт тавих” чиг үүргийг шүүх хэрэгжүүлээд эхэлнэ гэсэн үг.

Түүнчлэн уг мөрдөн шалгах ажиллагааг явуулах зөвшөөрөл өгч буй шүүгч нь эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэгтэй урьдчилан танилцаж, явц байдал, үр дүнг хянаад дараа нь энэ хэргээ шүүхэд ирэхээр нь хянан шийдвэрлэнэ гэдэг нь урьдчилаад тухайн хэргийн талаар дүгнэлт гаргахаас эхлээд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдөнө. Нөгөөтэйгүүр эрүүгийн хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг нотлох үүргийг улсын яллагч шүүхийн өмнө хүлээдэг. Гэтэл уг хэргийг нотлох ажиллагаанд оролцсон шүүх, шүүгч тухайн баримтыг яаж үнэлэх талаараа урьдчилаад төсөөлөлтэй болсон нь шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах зарчимд нийцэх эсэх гэх мэт олон асуудлыг дагуулах болно.

Нэг зүйлийг төгсгөлд нь хэлэхэд, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл нь өмгөөлөх талын оролцоогүй явагддаг тул шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит байдлыг тогтооно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимтай ч агуулгын хувьд нийцэхгүй юм.

.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Улаан луу өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 3, Сумъяа гариг. Билгийн тооллын 1. Элдэв тэнгэртэн одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 8:42 цагт мандан, 17:11 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллагадуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.