ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, философийн ухааны доктор С.Соёлмаатай ярилцлаа.
-Хүнийг хүнлэг байлгахад философичид чухал үүрэгтэй гэдэг шүү дээ. Монголчууд 1990-ээд онд л “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаа Үндсэн хуульдаа тунхагласан. Гэхдээ хүмүүнлэг нийгэм гэж юуг хэлж байгаа талаар тухайн үед иргэд нь ойлголтгүй л байсан болов уу. Харин та философичийн хувьд юу гэж тайлбарлах вэ?
-Үнэхээр тийм л дээ. 1990 онд Монгол Улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн ч хүмүүнлэг нийгэм гэдгээ хүн болгон ойлгосон уу гэдэг чухал юм л даа.
Өнөөдөр ч бид нийгмийн нэгдсэн үнэт зүйлийн тухай ярьж байгаа тохиолдолд хүмүүнлэг гэдэг нь яг юу гэсэн утгатай юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Жишээлбэл, философийн түүхэнд хүмүүнлэг гэдэг утга эртний Ром, Грекийн үеэс өөрчлөгдсөөр ирсэн. Грекчүүд хүмүүнлэг гэдгийг ёс суртахуунтай холбож ойлгож байж. Хүнлэг байх гэдэг нь нинжин сэтгэл, хүнийг хайрлах гэсэн шууд утгатай байжээ. Сэргэн мандалтын үеэс хүмүүнлэг гэдэг утга нь танин мэдэхүйн чадвартай холбогдох болсон. Хүний оюун ухаанаараа таньж мэдсэн бүхэн үнэн юм гэдэг итгэл үнэмшил Европт XVII зуунаас байсан. Монголд Буддын шашин бий болсон цагаас шашны утгаар хүмүүнлэг гэдэг утга нь хөгжиж ирсэн. Яг иргэний утгаар хожуу үед хөгжсөн болов уу. Өнөөдөр хүмүүнлэг гэдэг утга хүний эрхтэй шууд холбоотой болсон. Хүний эрхийг дээдэлсэн нийгмийг хүмүүнлэг нийгэм гэж ойлгох хэрэгтэй.
-Манай нийгэм хүмүүнлэг байж чадаж байна уу?
-Би судлаачийн ажлын зэрэгцээ их сургуульд багшилдаг л даа. Оюутнуудаа философийн олимпиадад бэлтгэдэг юм. Манай оюутнууд маш гоё санаа гаргаж ирсэн. Бид өнөөдөр Хүрээлэн буй орчны философи, Тогтвортой хөгжлийн тухай ярьдаг. Хүмүүс хүрээлэн байгаа орчноо л сайхан байлгачихвал болчих юм шиг ойлгодог. Тогтвортой нийгэм, хүрээлэн буй орчин гэдэг нь гурван талтай. Нэгдүгээрт, хүн хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх. Хүний зүгээс байгаль орчиндоо ээлтэй байх гэдэг нэг ойлголт бий. Нөгөө талаас байгаль, хүрээлэн буй орчин нь хүндээ ээлтэй байх тухай асуудал юм. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан байх учиртай. Хоёрдугаарт, Монголд ирж байгаа зочид болон бусдад ээлтэй байх чухал. Гурван ийм цогц ойлголт нийлж байж хүмүүнлэг, тогтвортой хөгжил бий болно. Тогтвортой гэхээр хөгжихгүй байх, зогсонги байдал гэж ойлгох нь бий. Тогтвортой хувцас загвар гэхэд хуучин хувцсаа шинэ загвартай болгож өмсөхийг хэлэх жишээтэй. Тогтвортой нийгэм гэхээр хуучин үнэ цэнээ шинэ амьдралын хэв маягт тохируулж дахин сэргээх тухай ойлголт юм.
-Та Австралид уламжлалаа хадгалахын зэрэгцээ, орчин үеийн хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулж байгааг нь судалсан гэсэн шүү дээ. Монголчуудын хувьд уламжлал, шинэчлэлээ хэрхэн хослуулах вэ?
-Энд л философичдоо сонсох хэрэгцээ шаардлага тулгарч байгаа юм. Тухайлбал, Японыг уламжлал, шинэчлэлийг хослуулж хөгжиж чадсан улс гэж үздэг. Жирийн иргэнтэй нь харилцахад япон хүний үнэт зүйл нь харагдаж байдаг шүү дээ. СУИС-ийн Соёл судлалын хүрээлэнтэй хамтраад монголчуудын үнэт зүйлийн талаар судалсан юм. Шинжээчид, судлаачид жирийн хүмүүстэй ярилцсан.
Бусад үндэстний эмэгтэйчүүдээс монгол эмэгтэй хүн юугаараа ялгаатай гэж боддог вэ гэж асуусан. Монгол эр хүний үнэ цэнэ нь яг юунд байдаг вэ, яагаад бид монгол үндэстнийг энэ хорвоо ертөнцөд байлгах гээд байгаа юм бэ гэдэг цаад философиийн асуултыг тавьсан. Сонирхолтой хариултыг хүмүүс өгч байсан л даа. Гүндүүгүй, олон таван үггүй, шударга, алсын хараатай байх нь монгол эр хүний гол шинж гэж хариулж байсан. Монгол эмэгтэй хүний шинж гэвэл сайхан сэтгэлтэй, ухаалаг, нинжин сэтгэлтэй, даруу төлөв гэж олон хүн үзэж байсан. Монгол эмэгтэй хүн гадаад төрх гэхээсээ илүү дотоод гоо сайхандаа анхаарал хандуулж байдаг, цуг байхад тайван байдаг гэх мэтээр ярьж байсан. Хүүхдүүдэд монгол хүн ямар байх ёстой талаар сургах хэрэгтэй юм болов уу гэж бодсон л доо.
-Монголчуудыг юу нэгтгэх вэ, үнэт зүйл нь нэгтгэх юм уу. Саяхан философиич С.Молор-Эрдэнэ “монголчуудыг хонь л нэгтгэдэг” гэсэн.
-Юу нэгтгэдэг талаар оюутан байхаасаа л судалгааны сэдвээ сонгосон. Домог гэдгийг хүмүүс зохиомол зүйл гэж боддог шүү дээ. Гэтэл домгийн сэтгэлгээ яагаад монголчуудын үндэсний үзэлд чухал хувь нэмэр оруулсан юм бэ гэхээр домогт аз жаргалын тухай төсөөлөл, мөрөөдөл шингэсэн байдаг. Гэсэрийн тууль бол монголчуудын хувьд домог гэж би хэлнэ. Хүмүүс ярьцгаадаг шүү дээ. “Хэн нэг баатар гарч ирээд, монголчуудыг аварчих юм шиг мухар сүсэгт автаад байна, дарангуйлагч хүсээд байна” гэх мэтээр шүүмжилдэг. Гэтэл яг үнэндээ Чингисийг шүтээд байгаадаа ч гол учир байгаа юм биш. Хэн нэг дарангуйлагчийг хүсээд байгаа ч юм биш. Монголыг аз жаргалтай орон болгох гэсэн бидний өвөг дээдсийн мөрөөдөл монгол үлгэр, домогт эрт дээр үеэсээ нэвт шувт шингэсэн ойлголт юм л даа.
-Та сонирхолтой дүгнэлт хийсэн байна лээ. Гэсэрийн тууль монголчуудын ёс суртахуун, оюун санаанд нөлөөлсөн юм байна гэж ойлгосон?
-Үнэхээр тийм. Гэсэр бол Жур гээд дээд тэнгэр, бурханаас хүний ертөнцөд илгээсэн хүү шүү дээ. Яагаад янз бүрийн мангасуудтай тулалдаад байна гэхээр орчин үеийн хэллэгээр бол архи уух, тамхи татах гэх мэт буруу зуршлуудаа хүн давж туулж чадахгүй байгаагийн илрэл шүү дээ. Архи уух, тамхи татах гэх мэт өдөр тутмын буруу хэвшил ч Гэсэрийн туульд гардаг мангасуудтай л адилхан гэсэн үг. Гэсэрийн тууль бол өрнөдийнхөөр бол наманчлал байдаг. Буруу зүйл хийснээ ухаарах ухаарал тэнд явж байдаг. Сэтгэлийн муу муухай бүхнээ давж туулаад, сайн сайханд хүрч байгаа хүний дотоод сэтгэлийн өрнөл явагдаад байдаг, Гэсэр туульд. Түүнээс биш бодит амьдрал дээр хэн нэгэн баатар эр гарч ирж байгаа юм ерөөсөө биш. Гэсэр тууль бол сэтгэлийн дайны ялалт. Дээр монгол хүний үнэт зүйлийн тухай ярьсан шүү дээ. Ухаалаг, алсын хараатай, холч ухаантай монгол эр хүний идеал буюу загвар байна шүү дээ.
-СУИС-ийнхан монголчуудын үнэт зүйлийн судалгааг хийж, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулсан. Та нэг хурал дээр нь “Өнөөгийн монголчуудын сайхны тухай үзэлд” гээд илтгэл тавьж байсан даа. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж манайхан эш татдаг. Гэхдээ гоо сайхан гэдгийг хүн өөрийнхөөрөө л ойлгодог байх?
-“Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэгтэй би санал нийлдэг. Философи бол үнэн, ахуй, сайн сайхан гэдэг дөрвөн үнэт зүйл дээр эргэлдэж байдаг. Эдгээр нь хүний амьдралын утга учрыг бүрдүүлдэг гол хүчин зүйлс. Сайныг, сайхныг мууг, муухайг юу гэж үзэж байгаагаас шалтгаалаад хүн сонголтоо хийж байдаг. Одоо би сургууль руугаа явах уу, шоудахаар явах уу гэдэг сонголт залууст тулгарна. Ницшегийн хэлснээр сайхан гэдгийг дахин үнэлэх, утга учрыг нь гаргаж ирэх шаардлагатай юм л даа. Яагаад гэвэл энэ суурь үнэлэмж учраас. Урлаг биднийг дагуулж байх ёстой. Социализмын үеийн кинонд сайхан эмэгтэйг хэрхэн харуулж байсан юм. Өнөөдөр сайхан эмэгтэйг яаж харуулж байна вэ? Монгол кинонд эмэгтэй хүнийг их зовлонтой гэдэг төсөөллөөр харуулах нь олонтаа. “Ларьдма” гэдэг кинонд нэг зовсон эмэгтэй явсаар байгаад зовсоор төгсөж байгаа юм. Ердөө ч гэрэл гэгээ байхгүй. Гэтэл яагаад бид монгол кино үзээд урам зориг авч болохгүй гэж.
-Монголчууд юуг сайхан гэж үздэг талаар судалгаа хараахан байхгүй л байх. Гэхдээ сайхны тухай ойлголт үе болгонд өөрчлөгдсөн байлгүй?
-Өөрчлөгдөж л байна. Амьдралаас хол тасархай идеал төдий байж болохгүй л дээ. Сайхны тухай үзэл санаа нь бодит амьдрал дээр, хөрсөн дээрээ яаж бууж байгаа юм гэдэг ажиглалт судалгаа хийх хэрэгтэй. Өнөөдөр социологийн шинжлэх ухаан тоо руу анхаарал хандуулаад байна л даа. Дашрамд хэлэхэд социологийн судалгаа чанарын судалгаа руу, онол руугаа нэвтэрч, философитой нэгдэх хэрэгтэй гэж боддог. Тэгж байж утга санаа руу нь гүн нэвчиж чадна. Сэтгэгдэл төдий юм хүнээс асуучихаад болдог байж таарахгүй. Философичид бол утга санааг судалдаг л даа. Бодитой юмыг л олж харах хэрэгтэй дээ.
-Хүрээлэн буй орчны философи гэж яриад байна. Монголчууд эртнээсээ л байгальдаа зохицож амьдардаг уламжлалтай ард түмэн. Орчин үед ямархуу хандлагатай болж байна вэ?
-Яагаад хүрээлэн буй орчны философи гэж ярих хэрэгтэй гэхээр хүрээлэн буй орчны ёс зүй нь тогтвортой байдал, хүмүүнлэг гэдэг утгатай холбоотой гэсэн шүү дээ. Хүн, байгаль хоёрын харилцаа орвонгоороо эргэж, байгалиа нэвт шувт ашиглангуутаа хүнээ мартчихдаг, хүнээ анхаарч байна гэхдээ байгалиа орхигдуулдаг дутагдал яваад байна. Өнөөдөр Монголд хүнээ боддог нийгэм байна уу гэхээр тийм биш байна. Явган хүний зам нь гэхэд л стандарт бус, халтиргаатай. Нийслэлчүүд утаан дунд амьдарч байна шүү дээ. Хүнлэг бус зэрлэг нийгэмд л амьдраад байна. Хүнлэг нийгэм гэдгээ хүрээлэн буй орчны философитойгоо илүү их холбож ойлгомоор. Орчныг нь бүрдүүлсний дараа оюун санааны нэгдлийн тухай яривал зүгээр санагдаж байна. Утаан дундаа ямар философи, ёс зүй ярих билээ. Анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байж, хоёрдугаар хэрэгцээ үнэлэмж, үнэт зүйлийн талаар ярих хэцүү.
-Би хэн юм бэ гэдэг асуултыг хүн өөртөө тавих үе ирдэг л дээ. Хамгийн энгийн юм шиг мөртлөө хэцүү асуулт. Зүгээр л Янжмаа, Соёлмаа гээд хариулчих бус философиийн том асуудал шиг байгаа юм.
-Би номондоо философи бол би хэн юм бэ гэдэг асуултад хариулах үйл явц юм гэж бичсэн байгаа. Би хэн бэ гэдгээ тодорхойлонгуутаа урагшаа алхах тухай ярьж байгаа юм биш. Үхнэ гэдгээ бодож амьдрах тухай Сократ хэлсэн байдаг. Яагаад би амьдраад байгаа юм бэ, хэн байх ёстой юм бэ гэдэг зорилгоо тодорхойлоод урагшлах тухай л яриад байгаа юм. Нийгмийн зан үйлийн түвшинд ярья л даа. Бид өнөөдөр төрөгсдөө хэрхэн угтаж авч байна. Үхэгсдээ хэрхэн үдэж байна гэдгээс монгол хүн гэж хэн бэ гэдэг асуулт ургаж гарна. Үхэл, амьдралыг хүн ер нь юу гэж ойлгодог юм бэ гэдгээс бидний өдөр тутмын амьдрал, баяр ёслол хүртэл хамаарч байгаа юм.
Бид ямар баярыг тэмдэглэдэг вэ? Цагаан сар гэдэг ямар утгатай баяр вэ. Яагаад бид шинэ жилийн баярыг тэмдэглэдэг вэ? Утгаа эхлээд сайн ойлгож байж, ямар зан үйл хийх, яаж тэмдэглэх тухай ярина шүү дээ. Түүнээс биш хүмүүс өнөөдөр салат, бууз хийгээд байна. Би ч бас тэгэх л ёстой гэдэг утгаар биш. Би бас өнөөдрийн зан үйлийг судлах гэж байгаа юм. Өгүүлэл бичихээр Орос руу санал дэвшүүлсэн, хүлээж авсан. Орчин үеийн баяр ёслол хийх зан үйл, оршуулгын зан үйл, шинэ төрж байгаа хүүхдийг угтах зан үйл, монголчуудын уламжлал ямар байсан юм, орчин үед ямар байгаа, ирээдүйд ямар байвал зүгээр юм гэдэг талаар эргэцүүлсэн өгүүлэл бичиж байгаа л даа.
-Монголчуудын голчлон тэмдэглэдэг баяр гэхээр шинэ жил, цагаан сар шүү дээ. Монголчууд өрнө, дорныг хослуулсан, олон талтай улс гэх юмуу даа?
-“Тогтвортой хөгжлийн оюун санааны үндэс” гээд суурь судалгаан дээрээ би олон соёлт нийгэм дэх хүний хөгжлийн асуудал гэж бичсэн юм. Монгол олон соёлт онцлог нийгэм юм л даа. Монголд эрт үеэсээ олон соёлт нийгэм зонхилж байсан. Тэвчээртэй байдал гэдэгт суралцсан ард түмэн юм болов уу. Тэр онцлогоо цаашдаа ч авч явах ёстой. Соёл гэдэг нээлттэй тогтолцоо.
-Шашны хувьд ч манайхан нээлттэй хүмүүс шүү дээ?
-Тэр бол монгол үндэстний бусдаас ялгарах нэг онцлог байж болох юм. Бусдын итгэл үнэмшилд хүлээцтэй ханддаг. Тэвчээртэй байдал гэдэг монголчуудын дэндүү үнэтэй чанар байж магадгүй.