Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажил олгогч цалинг хоцроовол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож ажилтанд олгоно

Шинэ оноос хэрэгжиж эхэлсэн хэд хэдэн хууль байгаагийн нэг нь Хөдөлмөрийн тухай хууль. Ажиллаж, хөдөлмөрлөж байгаа бүх хүнд хамааралтай энэ хуулийн 70 гаруй хувьд нь өөрчлөлт ороод байна. Ялангуяа эдийн засгийн хүнд үед аж ахуй нэгжүүдийг дэмжих, цалингаа цагт нь тавиагүй бол хүлээлгэх хариуцлага, илүү цагийн дээд хэмжээ зэргийг тодорхойлж өгчээ. Мөн шинээр зайнаас ажиллах үед дагаж мөрдөх зохицуулалтыг хуульд тусгажээ.

Arslan.mn

1999 оноос хойш 20-иод жил шинэчилж найруулаагүй Хөдөлмөрийн тухай хуульд өнгөрсөн оны 7-р сард салхи оруулж хэд хэдэн онцлох заалтыг тусгасан нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Тухайлбал:

  • Ажил олгогч цалинг хоцроовол хугацаа хэтэрсэн хоног тутамд цалингийн 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож, ажилтанд олгоно
  • Ажилтныг өдөрт үндсэн 8 цагаар ажиллуулна, хэрэв илүү цагаар ажилуулбал хоногт 4-өөс илүү цаг ажиллуулахгүй
  • Нийтээр амрах баяр ёслолын өдөр ажиллуулж, нөхөн амруулаагүй тохиолдолд дундаж цалинг хоёр дахин нэмэгдүүлж олгох
  • Шөнийн цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 1.2 дахин нэмж олгоно
  • Насанд хүрээгүй иргэнийг шөнийн цагаар ажиллуулахгүй гэх заалтууд туссан нь энэ оны эхээс хэрэгжиж эхэллээ

Шинэ төрсөн хүүхдээ асрахад зориулж эцэгт 10-аас доошгүй хоногийн цалинтай чөлөө олгоно

Цар тахлын нөлөөгөөр зайнаас суралцах ажиллах шаардлага үүссэнтэй холбоотой дээрх харилцааг хуулийн шинэчлэлд тусгасан. Ингэхдээ зайнаас ажиллах зохицуулалт нь оффист ажиллаж байгаатай ижил хэмжээнд цалин хөлсийг олгохоор тусгасан. Мөн онцлох нэг заалт нь :

  • Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтанг өөрөө зөвшөөрөөгүй бол амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдөр, шөнийн цагаар болон илүү цагаар ажиллуулах, томилолтоор явуулахыг хориглосон юм
  • Мөн шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулж эцэгт ажлын 10-аас доошгүй хоногийн чөлөөг цалинтай олгох зохицуулалтыг тусгасан юм
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулахад иргэний диплом, бусад бичиг баримтыг барьцаалаhыг хориглохоос гадна гурван үеийн намтар түүхээс эхлээд мэдээлэл шаардахыг хязгаарласан.

1.2 сая иргэний асуудлыг шийдэж байгаа Хөдөлмөрийн хуулийн 70 хувьд өөрчлөлт орсон. Энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг иргэн бүр бүрэн уншихад илүүдэхгүй. Учир нь 1999 онд төрийн өмчит компаниуд зонхилон ажиллаж байсан харилцааг зохицуулж байсан хууль 20 жилийн дараа шинэчлэгдэж байгаа нь энэ юм.

Arslan.mnArslan.mn

Categories
мэдээ спорт

“Алхалт үнэ цэнийг бүтээнэ” нийтийн биеийн тамир арга хэмжээ зохион байгууллаа

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудах, эрүүл чийрэг, эрч хүчтэй бие хүн болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Явган алхалт үнэ цэнийг бүтээнэ” нийтийн биеийн тамирын цуврал арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны бодлого, үйл ажиллагааны дэмжлэгээр Монголын явган алхалтын холбоо (MWA) хамтран зохион байгуулж байгаа аж. Эхний аяллаа тэд Богдхан уулын Дугуй цагаан, Баянзүрх уулын чиглэлд хийсэн бөгөөд арга хэмжээнд оролцсон алхагчдын хувьд төрөл бүрийн ажил мэргэжилтэй, харилцан адилгүй ур чадвартай, насны хувьд ялгаатай 80 настай ахмадаас эхлэн залуучууд, найман настай багачууд, мэргэжлийн тамирчдаас гадна анхлан алхагчид хүртэл нэгджээ.

Явган алхалт нь нас хүйс, ажил мэргэжил, тусгай тоног хэрэгсэл, ур чадвар үл хамааран нэгдэж болдог хамгийн түгээмэл спорт бөгөөд хүний биеийн булчингийн 93 хувийг ажиллуулж чаддаг ихээхэн үр дүнтэй нийтийн биеийн тамирын арга хэрэгсэл болдогоороо давуу талтай.

2021 оны 12 дугаар сарын 25. -36 хэмийн тэсхим хүйтэн өглөө угтлаа. Богдхан уулын Зайсангийн амнаас Дугуй цагааны чиглэлд нийт 8.2 км-ийн тогтоосон маршрутын дагуу явган алхалт хийв. Ойрын өдрүүдэд ингэж хүйтрээгүй тул алхагчдын хувьд эр зориг, тэсвэр тэвчээр зааж болзсон газартаа тогтсон цагтаа цуглацгаав. Нийт алхагчдыг яллын жинхэнэ амтыг мэдрүүлсэн хээрийн чанасан кофе (Walking Baristas), халуун чацаргана, жимсний цайгаар дайлж, явган алхалтын зөвлөмж, танилцуулга түгээж, олон төрлийн хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулснаар бие нь дулаацаж, сэтгэл нь ч хөдөлсөн харагдана лээ.

No description available.

Багийн алхалтын дэг ёсоор алхалтын удирдамж, зааварчилгаа авч, бие халаалтын дасгалаа хийж, арга хэмжээний зорилго, ач холбогдлыг нийт оролцогчдодоо танилцуулж дууссаны дараа алхалтын удирдагчийн шүглийн дохиогоор алхалтаа эхлүүллээ.

Ингээд “Амжилтын сертификат”, “Алхалт үнэ цэнийг бүтээнэ” арга хэмжээний эмблем, алхагчийн пасспорт зэргийг гардуулснаар энэ өдрийн арга хэмжээ өндөрлөсөн юм.

2022 оны нэгдүгээр сарын 1. “Явган алхалт үнэ цэнийг бүтээнэ” нийтийн биеийн тамирын арга хэмжээний дараагийн хөтөлбөрөөр явган алхагчид Улаанбаатар хотын наран ургах зүгт байрлах Баянзүрх хайрханыг зорьсон юм.

Баянзүрх хайрханы оргилоос 2 км зайд автобуснуудаа орхиж алхалтын удирдагч, чиглүүлэгчдээс аюулгүйн санамж, зааварчилгаа аван, биеэ халааж дасгал хийж, нийт алхагчдын тоог бүртгэснээр алхалт эхэллээ.

Алхагчдын бүрэлдэхүүнд туршлагатай алхагчдаас гадна туршлага багатай шинэхэн алхагчид, ахмад настнууд ч байсан тул зарим талаар магадгүй шинэ оны анхны сорилт болж, түнэр харанхуйд алхаж сэтгэлийг хатыг шалгав. Гэлээ ч шинэ оноо эрч хүч, бэрхшээлийг туулах хүч, цэвэр тунгалаг агаар, үзэсгэлэнтэй мандах нар, урт холын замд цугтаа алхах хүмүүстэй хамт эхлүүлж байгаадаа баяртай байлаа.

Энэхүү арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, БТБХХ-ийн дарга О.Баасан, ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал, мэргэжилтэн, гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн болон Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ, Г.Алтансүх, Д.Болорцэцэг, Ц.Энхчимэг, А.Сүхтулга болон холбооны удирдлагын багийн гишүүд хамтран оролцов.

“Цаашид Улаанбаатар хот орчимд болон Монгол Улсын хэмжээнд энэхүү арга хэмжээгээ шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж зохион байгуулагчид онцлов.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.




Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаад иргэнээс дээрэмдсэн 1.1 тэрбум төгрөгөөс 840 сая төгрөгийг нь хураан авчээ


Гадаадын иргэн бүлэг этгээдүүдэд 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн гэх мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Улмаар цагдаагийн алба хаагчид шөнө ажиллаж, тухайн этгээдүүдийг илрүүлсэн талаар өнөөдөр өглөө мэдээлсэн билээ.

Тухайн хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн бүлэг этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан. Тухайн этгээдүүдийг тухайн шөнөдөө баривчилж, саатуулсан. Өдгөө хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Зохион байгуулалттай бүлэг дээрэм хийсэн этгээдийг 12 жил хүртэл хугацаагаар хорих заалттай” гэв.

Хар баг зүүсэн тэд 45 настай хятад иргэний гэрт дайран орж, түүний гар хөлийг хүлээд мөнгийг нь авч явсан байна. Гэмт этгээдүүд 1980-1990 онд төрсөн, 32-42 насныхан байжээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо “Нэгдүгээр сарын 3-ны өдөр гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээдийг илрүүлэн саатуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум төгрөгөөс 840 сая төгрөг болон гар бууг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иргэдэд бэлэн мөнгийг их хэмжээгээр авч явахгүй байхыг анхааруулж байна” гэв.

Categories
гадаад мэдээ

“Time” сэтгүүл“ алиа салбадай, суутан, бас өдөөн хатгагч” Элон Маскийг оны хүнээр тодруулсны учир

АНУ-ын нэр хүнд бүхий “Time” сэтгүүл 1927 оноос эхлэн 94 дэх жилдээ “Дэлхийн оны хүн”-ийг зарласан билээ. Тухайн оны турш нийт хүн төрөлхтөнд сайнаар төдийгүй муугаар хамгийн их нөлөөлсөн хүнийг тус сэтгүүлийн редакц тодруулдаг уламжлалтай. Жишээ нь, 70 гаруй сая хүний аминд хүрсэн хөнөөлт дэлхийн II дайныг өдөөсөн нацист Германы удирдагч Адольф Гитлер 1938 оны хүнээр шалгарч “Time” сэтгүүлийн хавтсанд хөрөг зураг нь заларч байсан удаатай.

Харин 2021 оны хүнээр тус сэтгүүл цахилгаанаар ажилладаг автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Tesla”, сансрын хөлөг үйлдвэрлэгч хамгийн том хувийн компани болох “SpaceX” зэргийг үүсгэн байгуулагч, 300 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны хур баян Элон Маскийг тодруулаад удаагүй байна.

“Time” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Эдвард Фелзентал хэлэхдээ, түүний үүсгэн байгуулсан компаниудын зохион бүтээсэн шинэ технологиуд хүн төрөлхтний хөгжлийн нэг бус, арван жилийг тодорхойлж буйг онцолжээ. Тэрээр, “Нэг дор алиа салбадай, суутан, өдөөн хатгагч, зөнч мэргэн, шоучин, үйлдвэрлэгч байж чаддаг Элон Маск бол манай гаригийг аварч, хүн төрөлхтнийг өөр гаригт амьдруулахын тулд чадах бүхнээ хийж буй ер бусын хүн гэдгээ үйл хэргээрээ нотоолсоор ирсэн” гэжээ.

Элон Маскийн дотны анд, хамтран зүтгэгч Антонио Грасиас “Тэрээр маш онцгой оюун ухаантай төрсөн бөгөөд амаргүй нөхцөлд өсч торнин хат суусан эр. Дэндүү их эрсдэлтэй цоо шинэ салбаруудад түүн шиг зориглон орж уйгагүй зүтгэн амжилтад хүрэх чадвартай өөр хүн үгүй. Тэрээр асар их дарамт дор чухал шийдвэр гаргаж чаддагаараа, нийт хүн төрөлхтний амьдралыг өөрчлөх оролдлогоо хэзээ ч зогсоодоггүйгээрээ бусад удирдагчдаас ялгардаг. Үйл хэргийнхээ үр дүнд тэрээр асар их хөрөнгөтэй болж чадсан. Гэвч Элон баяжих донтой хүн биш. Олсон бүх хөрөнгөө цоо шинэ зорилтод зориулаад хадмынхаа машины гаражид амьдрахаас ч сийхгүй гэдгээ хэлж байсан удаатай” гэсэн нь бий.

Цар тахлын үеэр Элон Маск коронавирусийн аюулыг хэт дөвийлгөсөн гэж үзэн орон нутгийн захиргааны шаардлагыг үл ойшоон үйлдвэрүүдээ ажиллуулсаар байсан аж. Тэрээр “Time” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, өөрөө вакцин хийлгэсэн ч хүн бүрийг хүчээр вакцинжуулахын эсрэг байдгаа илэрхийлжээ. Вакцин хийлгэх ач холбогдлыг сурталчлан ойлгуулалгүйгээр хүчээр тарих нь Америкийн уламжлалт хувь хүний эрх чөлөөнд заналхийлж буй явдал гэж тэрээр байр сууриа тайлбарласан юм.

“Time” сэтгүүлийнхэн түүний тэгээс эхлүүлээд сансрын пуужин зохион бүтээж чадсан зоримог алхам дэлхийн сансар судлалыг огцом урагшлуулж, хүн төрөлхтөнийг илүү хүртээмжтэй интернэтээр хангахад түлхэц болсныг онцолсон байна. Тэд “Элон Маск бол технологи аливааг боломжтой болгодог ирээдүйгээс ирсэн хүн гэлтэй. Үүний сацуу тэрээр элдэв дүрэм заавар, хязгаарлалт ба “Facebook”-ээс өөрийг бүтээхээ больж зогсонги байдалд орсон Америкийг шинийг санаачлан үйлдвэрлэгч байсан цаг руу нь эргүүлэн оруулж буй нь сайшаалтай. Элон Маск хуучирсан арга барилуудыг устган цоо шинэ ертөнцийг цогцлоож, дэлхий болон хүн төрөлхтөн аврагдана гэсэн итгэл найдварыг дахин төрүүлж байна” гэжээ.

Харин Элон Маск тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Хүн төрөлхтөнийг олон гаригт амьдрах боломжийг нээж, сансрын соёл иргэншил цогцлоох нь бид бүхний гол зорилт байх ёстой. Энэ тал дээр дараагийн чухал алхам бол Ангараг гариг дээр өөрийгөө бүрэн тэтгэх хот байгуулах явдал. Библи дээр Ноагийн хөлөг гэж гардаг даа. Тэгвэл тэр хот нэг ёсны футурист Ноагийн хөлөг болох юм. Тийшээ бид дэлхий дээр амьдардаг амьтад, ургадаг ургамлуудыг зөөвөрлөнө” гэж хүсэл мөрөөдлөө ний нуугүй хэлсэн аж.

Элон Маскийн санаачилсан бүхэн асар их эрсдэл, саад бэрхшээлийг даван туулж байж амжилтад хүрдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. АНУ-ын сансар судлалын “NASA” агентлагт ганц пуужингийн осол томоохон бүтэлгүйтэл болж, хэвийн ажиллагаагаа сэргээхэд олон жил шаардагддаг.

Тэгвэл Элон Маскийн “SpaceX” компани бүтэлгүйтлийн дараа аль болох хурдан дахин нэг оролдлого хийхэд бүхнээ зориулдаг байна. Үүнд асар их хөрөнгө шаардагддаг нь тодорхой. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25 буюу АНУ-ын Талархлын баярын өдөр тэрээр компанийнхаа ажилтнуудад электрон шуудан илгээхдээ, пуужингийн “Rap­tor” хэмээх шинэ хөдөлгүүр бүтээх ажил саатсанаас үүдэн “SpaceX” дампуурч болзошгүйг дуулгажээ. Үүгээрээ Элон Маск ажилтнууддаа тайвширч болохгүйг, олж авсан давуу байдал дээрээ зогсож болохгүйг сануулсан гэнэ.

Тэрээр “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа төгсгөлд “Бид ойрын таван жилийн дотор Ангараг гариг дээр газардахгүй бол би маш их гайхна” гэж итгэлтэйгээр хэлжээ. Гэхдээ тэрээр Ангараг дээр сансрын хөлгөөр хүн буулгах хөтөлбөр бүтэлгүйтэх эрсдэлтэйг бүрэн ойлгож буйгаа үгүйсгээгүй.

Элон Маск “Би хөтөлбөр бүтэлгүйтэх бус, амжилтад хүрэх магадлал 50 хувь гэж өөдрөгөөр хэлмээр байна. Эс тэгвээс урьд өмнө байгаагүй хамгийн хүчирхэг, олон тэрбум долларын үнэтэй пуужин сүйрнэ гэдгийг төсөөл дөө. Дэндүү аймшигтай биш гэж үү? Ийм тийм юм болохгүйг л эрмэлзэхээс өөр замгүй” гэсэн юм.

Д.Цэрэндолгор

Categories
мэдээ нийгэм

Цус ойртолтоос сэргийлж, зургаагаас дээш хүүхэдтэй айлд орон сууцны дэмжлэг үзүүлнэ

Гуравхан сая гаруй хүн амтай, 330 гаруй сумтай манай улсад цус ойртолт санаа зовоох асуудал болоод удаж байна. Яагаад заавал 330 гаруй сумаа онцолсон бэ гэхээр орон нутагт цус ойртолт үүсэх нөхцөл хамгийн их байдаг. Бүр зарим аймгийн зарим сумд цус ойртох үзүүлэлтээрээ тэргүүлдэг тухай асуудал ч бий. Гэхдээ энэ нь эмзэг сэдэв учраас хэн дуртай нь ярьж асуудал болгоод үүний эсрэг бодлого хэрэгжүүлэхийг зорьдоггүй. Сүүлийн 30 гаруй жилд төрөөс хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах талаар тодорхой эрх зүйн зохицуулалт, бодлого гараагүй. Хамгийн сүүлд 1991 онд БНМАУ-ын үед Ардын их хурлаар энэ талаарх цогц бодлого гаргаж байжээ. Энэ асуудлыг олон жилийн турш судалж, ярьсан иргэн ганц хүн гэж хэлж болох доктор, профессор Ж.Батсуурь тэнгэрт дэвшсэн. Тэрээр гурван жилийн өмнө “Цус ойртолтын үзэгдэл илрээгүй сум гэж байхгүй” хэмээн ярилцлага өгч байлаа. Ямартай ч түүний олон жилийн турш уйгагүй судалсан асуудал ажил хэрэг болж үйл хэрэг нь үргэлжлэхээр болж байна. Учир нь, УИХ Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг тогтоолын төслийг Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн өргөн барьсан бөгөөд өнгөрсөн хавар хэлэлцэхийг нь дэмжсэн юм. Тогтоолын төслийн агуулга нь

Сүүлийн 30 гаруй жилд төрөөс хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах талаар тодорхой эрх зүйн зохицуулалт, бодлого гараагүй байна. Хамгийн сүүлд 1991 онд БНМАУ-ын үед Ардын их хурлаар энэ талаарх цогц бодлого гаргаж байжээ. Тиймээс удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдалтай холбоотой үндэсний хөтөлбөр бий болгоход төрөөс анхаарах шаардлагатай гэж төсөл санаачлагч үзжээ. Нөгөөтэйгүүр, гадаадад байгаа иргэд Монголдоо ирж сурсан мэдлэг боловсролоо улс орондоо зориулахад чиглэсэн төрийн бодлого, зохицуулалт хийх үүднээс төслийг санаачлан боловсруулсан байна. Хүн амаа өсгөх бодлогод эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй гэдгийг төсөл санаачлагчид онцолжээ. Тиймээс зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй айл өрхөд орон сууцны урьдчилгаа олгох зохицуулалтыг төсөлдөө тусгасан байна.

Манай улсад цус ойртолтын нөхцөл байдал ямар байгаа талаар тогтоолын төслийг хэлэлцэх эхлэх үеэр дараах хүмүүс хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ: -Удмын сантай, удамшилтай холбоотой өвчлөл нэмэгдэж байгаа. Хамгийн сүүлд 2017 онд тооллого хийсэн байдаг юм. Тэгэхэд удамшлын өвчлөлтэй 1000 гаруй хүүхэд бий болсон байна гэсэн дүн гарсан. Үүнд тодорхой хэмжээний арга хэмжээ авах хэрэгтэй. Сургалт явуулаад үүнийг засах боломжгүй. Ургийн бичгээ хөтөлдөг байх нь чухал. Гэтэл зарим санаачилгатай хүмүүс нь ургийн бичгээ хөтлөөд зарим нь хөтлөхгүй байгаа. Юун ургийн бичиг хөтлөх, өнөө маргаашийн хоолныхоо төлөө зүтгэж байгаа олон айл байгаа учраас үүнийг нь төрөөс хийхгүй бол болохгүй байна. Ирээдүйн эрүүл саруул, оюуны чадамжтай иргэнээ бэлтгэхийн тулд төрөөс зайлшгүй арга хэмжээ авах ёстой. Төрийн байгууллага иргэний бүртгэлтэйгээ уялдуулаад хөтөлдөг байх зохицуулалтыг бий болгох зорилгоор энэ тогтоолын төслийг санаачилсан.

Тогтоолын төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн, хуульч Ц.АМАРСАНАА: -Манай улс хамгийн багадаа таван сая хүн амтай болж байж цус ойртолт гэх аюулаас алсарна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1000 хүн тутамд хамгийн ихдээ 10 хүн оюуны хомсдолтой байхыг хэвийн гэж үздэг. Гэтэл манай зарим аймагт үүнээс дөрөв дахин их байгаа нь эрсдэл ямар өндөр байгааг харуулж байна. 1300 гаруй сурагчид шинжилгээ хийж, сорьцыг нь Япон улс руу явуулахад зургаан хувь нь удамшлын өвчтэй гэсэн хариу ирсэн. Цус ойртсон гэхээр хүмүүс тэнэг, мангар, нус, шүлс нь гоожсон хүмүүс гэж ойлгоод байдаг. Гэтэл цус ойртолттой хүмүүс оюуны чадамж нь өндөр ч бие бялдар, дархлаа сул байх нь элбэг.

Categories
гадаад мэдээ

Шинэ оны онцлох мэндчилгээнүүд

Дэлхий дахин түүхийн шинэ хуудас нээж, шинэ он айлчлан ирсэнтэй холбогдуулан олон улсын байгууллагуудын тэргүүн голлох улсын удирдагчид “Ковид-19” цар тахлын сүүдэрт өнгөрсөн 2021 оноо дүгнэж, ирж буй ондоо эвлэлдэн нэгдэж, эрчимтэй сэргэхийг уриалжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш шинэ жилийн мэндчилгээндээ дэлхий дахин эвлэлдэн нэгдэж, бие биедээ тусалж дэмжин 2022 оныг бүх нийтийн сэргэлт, хэвийн байдалдаа орсон жил болгохыг уриалсан байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус улс орнуудад “явцуу үзэл баримталж, вакцин нөөцлөхөөс” зайлсхийхийг дахин уриалжээ. Тэрбээр дэлхийн улсууд хамтран 2022 онд цар тахлыг зогсоож чадна хэмээн өөдрөгөөр харж байгаагаа мэдэгджээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпин шинэ жилийн мэндчилгээндээ ирж буй оны зорилтыг сануулж, өнгөрч буй оныг дүгнэн, удахгүй болох өвлийн олимпийг зохион байгуулахад бэлэн болоод буйг дурдаад “Гэрэлт ирээдүй өөд хамтдаа урагшаа! Хайрт эх орондоо хөгжил, дэвшил, энхтайвныг ард иргэддээ хангалуун амьдрал, аз жаргал хүсэн ерөөе!” гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ жилийн мэндчилгээндээ Орос улс олон тооны сорилттой нүүр тулгарсан ч ард түмэн нь ийм хүнд нөхцөлд амьдарч, хүндхэн асуудлуудыг зохицуулж сурсныг онцолжээ. Тэрбээр үргэлжлүүлэн, цаашид тулгарах аливаа сорилтыг нэгдмэл байдлаар даван туулж чадна гэв.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цар тахлын эсрэг тэмцэл үргэлжилж буй энэ цаг үед америкчуудын тэсвэр хатуужлыг сайшаан магтаад “Бид бүхэн эвлэлдэн нэгдсэн цагт АНУ-д хийж бүтээж чадахгүй зүйл үгүй” гэж хэлжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон шинэ жилийн мэндчилгээндээ баярын үйл ажиллагаанд оролцож буй бүх хүнд анхаарал сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг уриалжээ. Мөн 2022 оныг аз жаргалтай жил болгохын төлөө вакциндаа хамрагдахыг олон нийтэд уриалсан байна.

Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон коронавирусийн халдварын үзүүлэлтүүд дахин эрс нэмэгдэж байгаа тул ойрын долоо хоногуудад нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Тэрбээр вакцинжуулалтын ач холбогдлыг дахин нотлоод, 2022 онд дэвшүүлсэн зорилтдоо хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин сүүлийн хоёр жилийн хугацаанд халдвараас урьдчилан сэргийлэх галын шугамыг хамгаалсан эмнэлгийн ажилтнууд болон саад бэрхшээлийг даван туулсан жижиг үйлдвэр, бизнес эрхлэгчдэд талархал илэрхийлжээ. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч бид бүхэн шинэ жилээ итгэл найдвараар дүүрэн угтаж байна гэж тэрбээр хэлжээ.

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон 2021 оныг ойн түймэр, цар тахалд нэрвэгдсэн хүндхэн жил байсныг дүгнээд, 2022 онд эдийн засгаа бэхжүүлж, австраличуудын аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүдийг эргэн уулзуулахын төлөө ажиллана гэсэн байна.

Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун цар тахлын эсрэг дэлхий дахины тэмцэл хараахан дуусаагүй байгааг омикрон хувилбар харуулж байгааг онцлоод, цаашид тулгарах урт хугацааны сорилтуудыг эвлэлдэн нэгдэж тууштайгаар даван туулахыг сингапурчууд уриалсан байна.

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте шинэ жилийн мэндчилгээндээ дахин нэг жил цар тахлын сүүдэрт өнгөрснийг дурдаад, 2022 он филиппинчүүдэд шинэ эхлэл, шинэ боломжуудыг авчирч байна гэв.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафосагийн хувьд коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, улсад цар тахлаас үүдэн хэдий хэмжээний хохирол учирсан тухай үнэлгээ хийж буйг мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа тус улсын хил орчмын байдал дордсон тохиолдолд Вашингтон болон түүний холбоотнууд “шийдэмгий хариу арга хэмжээ” авахад бэлэн байгааг мэдэгдлээ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдээлэв.

“Хэрэв ОХУ Украин руу довтолбол АНУ болон түүний холбоотон түншүүд эрс шийдэмгий хариу арга хэмжээ авна гэдгийг ерөнхийлөгч Байден тодорхой хэлсэн” гэж Псаки онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн хоёр орны удирдагчид НАТО болон ЕАБХАБ-ын шугамаар ОХУ-тай удахгүй хийх хэлэлцээнд зориулсан Украины дипломат хүчин чармайлтыг дэмжихээ илэрхийлсэн байна. Мөн ерөнхийлөгч Жо.Байден Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах Вашингтоны амлалт хэвээр байгааг Зеленскийд дахин нотолжээ.

Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газар /MHRA/ АНУ-ын “Pfizer” компанийн вирусийн эсрэг үйлчилгээтэй “Паксловид” эмэнд зөвшөөрөл олгожээ. Энэхүү эм нь “Ковид-19”-өөр хүндээр өвчлөх эрсдэл өндөр хүмүүсийн эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг өндөр хувиар бууруулж байгаа юм. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газар цахимаар гаргасан мэдэгдэлдээ “паксловид”-ыг “аюулгүй, үр дүнтэй” гэдгийг онцлон тэмдэглэжээ.Энэхүү эмийг вирусийн эсрэг “Ритонавир” эмтэй хамт хэрэглэх аж.

Франц улсад жимс, хүнсний ногоог гялгар уут, хуванцар саванд савлаж худалдаалахыг хориглосон шинэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэв. Үүнд өргөст хэмх, нимбэг, жүрж зэрэг 30 нэр төрлийн жимс, хүнсний ногоо багтаж байгаа боловч их хэмжээгээр савласан болон зүсэж жижиглэсэн, боловсруулсан жимсийг оруулаагүй байна. Ерөнхийлөгч Эмманюэль Макрон энэхүү хоригийг “жинхэнэ өөрчлөлт” хэмээн тодорхойлоод, Франц улс 2040 он гэхэд нэг удаагийн гялгар уут, хуванцар эдлэлийн хэрэглээнээс үе шаттайгаар халах үүрэг амлалт өгснийг цохон тэмдэглэжээ.

Дэлхийн чөлөөт худалдааны хамгийн том хэлэлцээр болох Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (RCEP) 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр гишүүн улсуудын харилцан нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувийнх нь татвар буурна. Мөн гарын үсэг зурсан талуудын хооронд худалдааны оновчтой, хялбаршуулсан дүрэм журмыг мөрдөж, үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар илүү өргөн хүрээнд нээлттэй болсноор Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл нь гишүүн орнуудад бодит үр ашгийг авчрах ажээ.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын найм дахь Төв хорооны дөрөвдүгээр бүгд хурал арванхоёрдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болж, улиран одож буй оны нам, төрийн бодлогын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэхийн сацуу хөгжлийн шинэ чиглэл удирдамж гаргав. БНАСАУ-ын удирдагч, Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Ун хуралдааныг даргалан явуулжээ. Тэрбээр наймдугаар их хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх эхний жил болох 2021 онд өрнөсөн нам, төрийн ажилд үнэлгээ дүгнэлт өгч, бүгд хуралдааны гол зорилго, ач холбогдлын талаар илтгэл тавьсан байна.

BBC.CNN. REUTERS. RIA Novosti. Xinhua-ээс бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Үнэлгээний хороонд ажиллах иргэдийг бүртгэж байна

Нийслэлд 2022 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний Үнэлгээний хороо байгуулах бүртгэл явагдаж байна.

Нийслэлд 2022 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний Үнэлгээний хороо байгуулах бүртгэл явагдаж байна. Үүнтэй холбогдуулан салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын худалдан авах ажиллагааны А-3 гэрчилгээтэй иргэдийг бүртгэж эхэллээ. Тиймээс иргэд та бүхэн доорх холбоосоор бүртгүүлж хамтран ажиллах боломжтой.

Бүртгэлийн холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScnBx9PtSdlc6zL5NeNqiKhtVM9l3-1r6im8dRiOKmUJeYHwQ/viewform?usp=sf_link

НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Дээврээс унах гэж байсан 2 эмэгтэйг буулгажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны … дүгээр байр /Мишээл экспо худалдааны төвийн зүүн талд/ 12 давхар орон сууцны барилгын дээврээс согтууруулах ундаа хэрэглэсэн 2 хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 20:16 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авч 3.6 км зам туулан М /56 настай, эмэгтэй/, Б /54 настай, эмэгтэй/ нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дээврээс унах гэж байсныг эсэн мэнд буулгаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол, мөрний мөсний зузаан 10-50 см нимгэн байна

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 3 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Мөн Цаг уурын байгуулллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд цаг хожих, зам товлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 119 нас хүрлээ

Гиннесийн дээд амжилтын номд хамгийн өндөр настай хэмээн бүртгэгдсэн япон эмэгтэй Канэ Танака энэ сарын 2-ны өдөр 119 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн тухай Kyodo News агентлаг мэдээлэв.

Фүкүока мужийн асрамжийн газарт амьдардаг Танака цар тахлын хязгаарлалтын улмаас хамаатан садантайгаа бараг уулзахгүй байгаа.

Танака 1903 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеэр нөхөр, том хүүгээ алджээ. Бүхий л насаараа цагаан будааны бин худалдаалдаг дэлгүүрт ажиллаж байгаад 1970 онд тэтгэвэртээ гарсан аж. 2005 оноос хойш асрамжийн газар амьдарч байгаа хатагтай шоколад, хийжүүлсэн ундаанд дуртай гэнэ.