Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилал Монголоос алсран холдсоор л байна

Монголд ардчилал хумигдаж байгаа нь сүүлийн үед эрс мэдэгдэж байна. Наад захын жишээ нь, он солигдох мөчид Төрийн гурван өндөрлөгийн хэлсэн мэндчилгээний үгнээс илт харагдлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэндчилгээн дотроос ардчилал гэсэн үг ганцхан УИХ-ын даргын үгэнд л дурдагдах нь тэр. Тэрээр “Улсын Их Хурал хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэнэ гэдгээ зарласан. Монгол хүн Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж байх ёстой. Монгол хүний эрх хаана ч зөрчигдөх ёсгүй. Тиймээс Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргалаа. Иргэдийнхээ эрхийг хангаж чадах эсэх нь ардчилсан ёс, ардчилсан Монгол Улс оршин тогтнох эсэхтэй эн тэнцүү амин чухал асуудал юм” хэмээн хэлсэн юм. Монгол бол ардчилсан орон. Тиймээс дарга нар ардчиллыг байнга хэлж ярьж байх хэрэгтэй. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аль нь ч мэндчилгээндээ ардчилсан гэх үгийг ганц ч ган хийсэнгүй. Ерөнхий сайдын хувьд “Эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал, цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээх үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцогтун” хэмээн уриаллаа. Эдийн засгийн либерал бол ардчилалтай хүйн холбоотой. Нэг юмны хоёр тал гэсэн үг. Ардчилалгүй эдийн засгийн либерал гэж бараг байдаггүй. Эдийн засгийн либерал хөгжих шууд үндэслэл нь ардчилал өөрөө байдаг. Эдийн засгийг дэлхийд амжилттай хөгжүүлж байгаа Хятад улс ардчиллыг ярьдаггүй. Одоохондоо эдийн засаг нь амжилттай хөгжиж байгаа ч ирээдүйн зам нь мухардах шинжтэй л болж байна. Яагаад гэхээр, ардчиллыг хөгжүүлээгүйгээс, бэхжүүлээгүйгээс болж тэр.

Олон улсын сүүлийн үеийн хандлага чигийг анзаараад байхаар олон зүйл дээр ардчилал байх хэрэгтэйг дэлхийн улс орнууд шаардаж байна. Ардчилсан байх хэрэгтэйг шаардаж эхэлж байна гэсэн үг. Хятад улс яахав, том гүрэн учраас одоохондоо ардчилал хэрэгтэй эсэх нь мэдэгдэхгүй яваа байх. Алс хэтдээ бол дан ганц эдийн засгаар явах шинжгүй болж байна. Манайх шиг жижиг орны хувьд ардчиллаа хөгжүүлэхээс өөр гарцгүй.

Судлаачид хэлэхдээ, Монголын ардчилал хэлбэр талаасаа мөн боловч агуулга, чанар талаас нь харвал хэлбэржээгүй төдийгүй институци хоорондын харилцаа тодорхойгүй. Гажуудсан ардчилал гэдэг нь юугаар илэрч байна гэвэл эрх мэдлийн хуваарилалт тодорхой бус байгаагаас эхэлж харагдана. Гүйцэтгэх засаглал нь жижиг парламент болчихсон, хэдхэн сарын настай, олигархиудаас оролцсон сайд нартай, тендер, концесс авчихдаг. Парламент нь хаана ч байхгүй супер эрх мэдэлтэй. Үүнийгээ УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гээд заачихсан манайхаас өөр улс байхгүй. Шүүх засаглалын хараат бус байдал алдагдсан гэхчлэн олон зүйл манай ардчиллыг хойш татаж байна. Намын үүрэг нөлөөний гажуудал аль хэдийнэ үүсчихсэн. Нам далд бизнесийг төртэй холбож байдаг шинэ үзэгдэл бий болсон хэмээн ярьдаг. Ер нь ардчилал, эрх чөлөөний зам нь тэгш эрх хүрэх зам болохоос хэн нэгэн илүү эрхтэй, хэн нэгэн нь дутуу эрхтэй байх зам биш. Ардчиллыг хөгжүүлж, бэхжүүлж, хамгаалж байхгүй бол алдаа, гажуудал их гардаг гэдэг.

Ер нь ардчиллын ололт амжилтыг дурдвал их. 1990 оноос өмнө Монгол Улс коммунист хуарангийн дэглэмд захирагдаж явсныг яаж ч баллуурдаад үгүйсгэж чадахгүй. Улс төрийн сонголт гэж байхгүйтэй адил өмсөж зүүх, идэж уух ч сонголт хомс байсан үе. Харин ардчилал бол өөр. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь хувь хүний салшгүй эрх болохын хувьд либерал утгаараа ач холбогдолтой байгаад зогсохгүй нийгмийн амьдралын асуудлаар үгээ хэлэх, иргэн хүний хувьд нийгмийн амьдралд оролцох улс төрийн эрх чөлөөг хангаж байдаг ардчилсан утгаараа ч ач холбогдолтой байдаг. Хүн төрөлхтний гуравны хоёр нь мөрөөдөөд ч авч чадахгүй эрх чөлөө бидний гарт байна. Ямар ч гэсэн ардчилал гэдэг ойлголт бол энх тайван, аз жаргалтай, хангалуун амьдрах нийгмийн суурь. Ардчилал чөлөөт зах зээлтэйгээ л хамт явах ёстой. Коммунистуудад бодит байдлыг гуйвуулсныг хүлээн зөвшөөрөх, нийтэд худал амлах, ярих хэрэгцээ маш их байдаг. Тиймээс ардчилал нь илүү үнэн шударга зам болдог.

Өнөөдөр Монголд ардчиллын эцсийн найдвар бол Ерөнхийлөгч байх ёстой. Өөрөө үүнийгээ огт анзаарахгүй байх шиг. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн ардчиллыг хайрлаж, хамгаалж, хөгжүүлж байх ёстой. Хичнээн хол хөндий сонсогдож байгаа ч бүх ард түмний санал авч сонгогдсон Ерөнхийлөгч хүн Монгол Улсыг тусгаар байлгахын тулд бие даасан байдлыг нь хадгалахын тулд ардчилалд санаа тавихаас өөр зам байхгүй. Монгол Улсын тусгаар байхын баталгаа бол ардчилсан сонгууль. Ардчилал байхгүй бол энэ сонгууль устана. Тоглоомын сонгууль л болж хувирна. Тусгаар тогтнолын баталгаа бол ард түмний үг хэлэх эрх чөлөө. Энэ бүхэн уствал Монгол Улс тусгаар байх нөхцөлгүй болно.

Иймээс л Ерөнхийлөгч ардчиллыг хямгадаж санаа зовж байх ёстой юм аа. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд ардчиллыг сурталчилж, байнга хэлж ярьж байх ёстой юм.

Categories
мэдээ цаг-үе

Хууль бусаар их хэмжээний загас агнасан хэргийг илрүүлжээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум “Улаагчны хар нуур”-аас хууль бусаар их хэмжээний зарам загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ гэж тус аймгийн цагдаагийн газраас мэдээллээ. “Улаагчны хар нуур” нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул загас барихыг хориглодог.

Хэрэв улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвөөс хойд зүгт 46 км-т Хөндлөн булаг багийн нутаг Бухын-Ам хэмээх газарт нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01:20 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 01:27 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Дэлгэрсайхан: Өнөөгийн бодлогоо хэвээр үргэлжлүүлбэл оны эхний хагасаас төгрөгийн ханшин дээр дарамт мэдэрч эхэлнэ

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


– Өнөө жил ковидын дараах огцом сэргэлт бий болох найдлага байхгүй-


-Хил хаагдсан энэ өдрүүдэд улсаараа үйлдвэрлэгч байсансан бол гэсэн харамсал олон хүнд төрж байна л даа. Үйлдвэрлэгч байхын тулд бид яах ёстой юм бол, ер нь тийм боломж бидэнд байна уу?

-Бид эдийн засгийн бүтцээ алдчихаад байна л даа. 2021 оны гуравдугаар улирлын ДНБ-ий 60 гаруй хувь нь хөдөө аж ахуй, уул уурхайн олборлолт, үйлчилгээнд ногдож байна. Таны асуултын хариулт эндээс харагдана. Бид үйлдвэрлэгч болох, нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох гэх мэтээр хичнээн олон жил ярьсан ч үр дүн нь ерөөсөө л энэ. Товчхондоо бид XXI зуунд үйлдвэрлэлийн бүтэц багатай, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний орон болчихоод байна. Хэдэн тонн нүүрс гаргах, эрдсийн бүтээгдэхүүний үнэ ямар байх л манай эдийн засгийг тодорхойлж яваа нь бодитой үнэн. Ядаж эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбартаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бий болгомоор байгаа юм. Даанч энэ тал дээрээ ч маш удаашралтай яваа. Би хувьдаа улс оронд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх үе шат байх ёстой гэж боддог. Дэлхийн өндөр хөгжилтэй бүх орон энэ үе шатыг туулж эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулсан. Өөрсдөө хийж чадах зүйлсээ хамгийн сайн хийж, түүгээрээ өөрсдийгөө болон бусдыг хангаж эдийн засгийн тэнцвэрээ хангах суурь нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд бид шинжлэх ухаанч бодлого тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэх чадамжтай засагтай байх ёстой.

-Үе үеийн Засгийн газар үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэээд өчнөөн гоё төлөвлөгөө гаргадаг хэрнээ өнөөг хүртэл тэр засгийн үед энэ том үйлдвэрийг барьсан даа гэх том бүтээн байгуулалт алга. Таны хэлээд байгаа шиг засагтай болж чадахгүй яваагийн хамгийн гол шалтгаан нь юу юм бол?

-Өнгөрсөн 30 жилд ийм засагтай болж чадаагүйн үндсэн шалтгаан тодорхой л доо. Улс төрийн нөхцөл байдал доройтсон, намуудын төлөвшил сулаас шалтгаалж сайн засаглал бүрдээгүйтэй холбоотой гэж би хувьдаа ойлгодог. Сайн засаглал байвал бидэнд бусад бүх боломж нь байгаа. Тэр сайн засаг нь хувийн хэвшлийг ажиллах зөв бодлогоор дэмжиж, эрх зүйн орчин, дэд бүтцээр нь хангаж, төрийн эдийн засаг дахь шууд оролцоог хасчихвал байдал эерэг тийшээ хандах боломжтой.

-Өнөө жил эдийн засаг ямаршуухан өрнөх зурагтай байна вэ. Эдийн засагчдын яриаг анзаарах нь ээ таатай өнгө харагдахгүй байна л даа. Наад зах нь инфляци огцом цойлох нь тодорхой болчихлоо…?

-Тантай санал нэг байна. Миний хувьд өнөө жил ковидын дараах огцом сэргэлт бий болох боломжгүй гэж харж байгаа. Энэ оны эдийн засгийн өнгөө зөв тодорхойлохын тулд өнөөдөр хаана байна вэ гэдгээ зөв дүгнэх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн эхний хагаст уул уурхайн салбараас шалтгаалсан эдийн засгийн огцом сэргэлт ажиглагдаж, түүнээс үүдэж төсвийн орлого, гадаад худалдаа гэх мэт гол макро үзүүлэлтүүд эерэг харагдсан ч эдийн засгийн суурь асар хүчтэй эвдэгдсэн байдалтай байна. Өрхийн орлогын доройтол, бүтцийн алдагдал, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд их эргэлзээтэй байна. Дээр нь таны дурдсан инфляци болон урсгал дансны алдагдал, валютын нөөц зэрэг дээр анхаарах зүйлс олон байгаа. Инфляцийн тухайд сүүлийн 4-5 сар өндөр байлаа. Цаашид ч инфляцийн өсөлт үргэлжлэх хандлагатай. Тэр хэрээр өрхийн амьжиргааны үзүүлэлтүүд улам л муудна. Товчхондоо бид их л зөв хөдлөхгүй бол энэ онд бас л хатуу жилийг туулах болно.

-Төгрөгийн ханшид тулгарах эрсдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Бид өнөөгийн бодлогоо хэвээр үргэлжлүүлбэл оны эхний хагасаас төгрөгийн ханшин дээр дарамт мэдэрнэ. Бүр тодруулж хэлбэл, өнөөдөр явуулж байгаа цар тахлын үеийн хөтөлбөрүүд, нийгмийн халамж, тэлсэн төсөв, мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлсээр байвал ханшин дээр дарамт мэдрэгдэнэ. Товчхондоо одооноос урьдчилсан арга хэмжээнүүд авч төсөв, мөнгөний чиглэлдээ бодлогын тохиргоо хийж эхлэх хэрэгтэй. Харамсалтай нь аль ч институцийн зүгээс энэ чиглэлд алхам хийх хандлага ажиглагдахгүй байна.

-Нүүрс, зэсийн хувьд гол асуудал нь хил гааль, тээвэрлэлтийн асуудал. Өнгөрсөн жилийн тухайд тээвэрлэлт том сорилт байлаа. Өнөө жил яах бол?

-Нүүрсний экспортод голлож нөлөөлсөн гэх тээвэрлэлтийн асуудлын дийлэнх нь бидний урт, богино хугацааны бодлогын алдаанаас үүдэлтэй. Төмөр зам, боомтын нэвтрүүлэх чадвар сулаас гадна өнгөрсөн жилийн хувьд цар тахалтай тэмцсэн тэмцэл маш дорой байснаас бид боломжоо алдсан. УОК цар тахлын удирдлагыг хэрэгжүүлсэн субьектийн хувьд үнэхээр муу ажиллаж олон хүний амь нас, эдийн засгийн томоохон эрсдэлийг бий болголоо л доо. Энэ жилийн хувьд бас л эргэлзээтэй. БНХАУ-ын зүгээс биднээс цар тахлаа дотооддоо намжаах, эрсдэл багатай тээврийн сонголтыг түлхүү хэрэглэхийг цар тахал бүрэн намжтал, наад зах нь өвлийн олимп дуустал шаардах байх. Бид үүний эсрэг юу хийж чадах, хоёр талын гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд ямар дэвшил гарах зэргээс их зүйл шалтгаалах болов уу.

-Ковидын нэг том сөрөг нөлөөлөл нь ажилгүйдэл болчихлоо. Ажилгүйдэл ирэх онд буурах боломж харагдаж байна уу, эсвэл өнөө жилийнхээс ч өсөх эрсдэл байна уу?

-Ажилгүйдлээс гадна нийгмийн халамжийн хавтгайрал цар тахлын үеийн бодлогын томоохон ул мөр болчихлоо л доо. Энэ сөрөг нөлөөнүүдийг арилгахад их чармайлт хэрэгтэй. Ажилгүйдэл өсөх, буурахыг хэлэхэд ихээхэн эргэлзээтэй нөхцөл байдалд улсаараа орчихоод байна. Таамаглал хэлэхэд миний хувьд эдийн засаг ямартаа ч эрчимжинэ гэсэн хүлээлт байна. Төр засгийн зүгээс хавтгайрсан халамжаа эрхбиш оны эхний хагасаас хойш зогсоох болов уу. Хэрвээ тэгж чадвал ажилгүйдэл ямартаа ч буурах хандлага ажиглагдах байх. Бодлогын хувьд нэг эерэг зүйл бий. Төсвийн хүрээнд халамжаас, хөдөлмөрт гэсэн чиглэл барина гэж байгаа.

-Эдийн засгийг сэргээхийн тулд Засгийн газар юунд яаж анхаарч ажиллах ёстой гэж та харж байна вэ?

-Засгийн газар, эрх баригч намын зүгээс нийгэмд өгч буй мэдээллүүд энэ зунаас хойш маш эерэг байгаа. Хамгийн сүүлд зууныг эхлүүлэх зургаан сэргэлт гэсэн бодлогын төсөөллөө зарлалаа. Одоо таны асуултад хариулъя. Юуны өмнө цар тахлын үзүүлсэн нөлөө, үр дагаврыг үнэлэх хэрэгтэй. Мөн өнөөг хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ үр дүнг тодорхойлох шаардлагатай. Ингэхгүйгээр цааш хэрхэх вэ гэдгээ тодорхойлох ямар ч боломжгүй. Миний хувьд эдийн засаг руу мөнгө оруулах хэрэгтэй гэж уржнан жилийн сүүлээр байр сууриа илэрхийлж явсан. Энэ агуулгаар Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрийг агуулга, чиглэлийн хувьд маш зөв гэж үзэж байсан юм. Гэхдээ одооны нөхцөлд бол мөнгөний захаар дамжсан энэ их нийлүүлэлт, цар тахлын хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, төсвийн тэлэлтээ эргэн харах шаардлагатай гэж бодож байна. Цар тахал бидний хувьд эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн асар том сөрөг үр дагаврыг бий болгож эдийн засгийн суурь төр, хувийн хэвшил гэлтгүй ихээхэн эмзэг болчихлоо. Одоо л цаг алдалгүй бодлогоо зөв чиглүүлж, зарим бодлогын хувьд тохиргоо хийхгүй бол эдийн засаг, эрүүл мэндээс гадна нийгмийн асуудал болох хандлагатай. Хэрвээ миний саналаар болдог бол төсөв, мөнгөний бодлогыг хумих, халамжийг багасгаж, бий болсон орон зайг бүхэлд нь эдийн засгийн одоогийн суурийг сэргээх, шинэ тэлэлт бий болгох чиглэлд хандуулмаар байгаа юм.

-Сүүлийн үед иргэд койн руу нэлээд хошуурч байна. Койны зах зээлийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би сүүлийн 20 гаруй жил санхүүгийн зах зээлийг судалж, хичээлийг нь зааж, мөн ажиллаж байна. Энэ агуулгаараа, чиглэлийн мэргэжилтний хувьд блокчейн, койны талаар өөрийн боломжийн хүрээнд судлаад нэг дүгнэлтэд хүрсэн. Технологид суурилсан энэ шинэ боломж нь санхүүгийн төдийгүй бусад салбарт түрэн орж ирэх нь тодорхой болчихсон. Тэр нь ч батлагдаж дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөх хандлага нэмэгдэж байна.

-Гэхдээ учир мэдэх хүмүүсийн зарим нь энэ зах зээлээс болгоомжлох хэрэгтэй, эрсдэлтэй гэсэн сэрэмжлүүлэг өгч байгаа…?

-Үнэндээ одоогоор энэ зах зээлд боломж, эрсдэл аль аль нь өндөр байгаа нь үнэн. Иймээс энэ зах зээлийг зөв зохицуулах, иргэд олон нийтийг хохироохгүй бодит үнэ цэнэ бүхий сайн бүтээгдэхүүн байх нь хамгийн чухал зүйл. Учир нь өнөөдөр дэлхий нийтээр блокчейн технологид суурилсан бүтээгдэхүүний үнэ цэнэ юунд оршиж байгаа вэ гэдгийг ихээхэн судалж байна. Дахиад хэлэхэд, гол эргэлзээтэй асуудал нь үнэ цэнэд байх шиг. Блокчейн технологи өөрөө гайхалтай ч дангаараа юу ч бүтээж чадахгүй. Харин түүн дээр суурилсан сайн бүтээгдэхүүн, тодорхой үнэт зүйлтэй холбосон байдал, санхүүгийн загвар л илүү чухал. Ийм зүйл байхгүй бол койн гэх зүйл нь цаг зуурын үзэгдэл байх магадлалтай. Учир нь одоогоор дэлхий дээр байгаа хэдэн мянган койны дийлэнх нь хоосон зүйлийг үнэ цэнэтэй мэт харагдуулж, түүнийгээ зах зээлд удаан байлгахыг оролдож байна. Энэ зах зээлийг сонирхож байгаа иргэдийн гол анхаарах зүйл нь энэ болов уу. Үүнээс гадна манай улс энэ талаар хууль гаргасан эхний хэдэн орны нэг болсонд би хувьдаа таатай байгаа. Ингэснээр энэхүү зах зээл дээр яг тухайн технологийн ололтыг бодит үнэ цэнэ болгож чадах компаниуд койн гаргаж чанартай бүтээгдэхүүн бий болох боломж бүрдэнэ.

-Ковидын үеийн эдийн засаг өнөө жил ч үргэлжлэх нь тодорхой байна. Засгийн газар цар тахлын хууль нэрээр төрийн оролцоог өндөр хэвээр байлгаад байна л даа, эдийн засагт. Хүн төрөлхтөн цаашид ковидтой хамт амьдрах нь бараг тодорхой болчихлоо. Төрийн эдийн засагт үзүүлэх нөлөө бага тусмаа сайн гэж бодох юм. Энэ тал дээр байр сууриа хуваалцаач, дахиж хөл хорио тогтоох шаардлага байна уу, ер нь?

-Цар тахлын үеийн хуулийг үргэлжлүүлэх шаардлагатай эсэх нь үнэндээ эргэлзээтэй. Өнөөдөр бид бараг л цар тахалтай зохицон амьдарч эхлээд байна. Цаашид ч ингэх шаардлага бий болох байх. Мөн эрх баригч намын бүлгийн даргын тайлбараас харвал тухайн хуулийн хүрээнд маш олон хүн төрийн албанд ердийн нөхцөл дэх эрх зүйн орчныг зөрчиж томилогдоод энэ нь хуулийг цуцлахад саад болсон гэх тайлбар сонсогдсон. Ийм үндэслэлээр бол хуулийг бүр үргэлжлүүлж боломгүй. Бид одоо цар тахлын хуулийг үргэлжлүүлэх эсэхэд бус эдийн засаг, иргэдийн амьдралдаа илүү анхаарах хэрэгтэй. Би хувьдаа төрийн эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл, оролцоо бага байх тусмаа сайн гэж үздэг. Ялангуяа хөгжиж буй засаглал муу манайх шиг оронд авилга зэрэг буруу явдал нэмэгдэх эрсдэлтэй.

-Хөл хорио тогтоох тал дээр таны байр суурийг сонсъё?

-Дахин хөл хорио тогтоох шаардлага байхгүй. Сүүлийн үед УОК-ын гаргаж байгаа зарим санал шийдвэр их эргэлзээтэй харагдах болсон. Зарим баярыг хавтгайруулан тэмдэглээд, заримыг нь хорих гэх мэт шийдвэр гаргахаар ойлгох аргагүй болчихож байгаа юм. Нийгмийн массын хандлагад суурилсан байдлаар дийлэнх шийдвэр нь гараад байх шиг. Хэрвээ бид дахин хөл хорио тогтоох нөхцөлд очвол хөл хориог тэсэж гарахад нийгэм, эдийн засаг талаасаа маш хүнд байх болно.

-Дэлхийн эдийн засаг энэ жил ямархуу байх төлөв ажиглагдаж байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн талаар голлох талуудын байр суурь харьцангуй эерэг байна. Би хувьдаа өнгөрсөн жилээс илүү өөдрөгөөр харж байгаа. Тээврийн сүлжээний доголдлоос шалтгаалсан нийлүүлэлтийн хязгаарлалт, үнийн өсөлт зэрэг дарамт багасах, эрүүл мэндийн шалтгаантай хорио цээрийн дэглэм сулрах нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ цар тахлын нөлөө, үр дагаврыг бид 2022 онд бүрэн арилгаж чадахгүй болов уу

Categories
зурхай мэдээ цаг-үе

Шар морь өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 5, Буд гариг. Билгийн тооллын 3, тооно одтой, шар морь өдөр. Өдрийн наран 8:41 цагт мандан, 17:14 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн болох улирал (17:45 цаг)-т эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Цус ойртолт” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчиллын анхдагч,
АН-ын Үндсэн дүрмийн
хорооны дарга асан,
гавьяат эдийн засагч Д.Бямбаа “Ардчилсан намын авралын
од нь дүрмийн шинэчлэл байна” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Өмнөд Монголын малчин Саранхүү “Өмнөд Монголд Монгол Улсын
бүх дуу хөгжим, урлаг, мэдээллийг
бүрэн хориглосон” хэмээх Өмнөд монголчуудын аж амьдралыг талаарх сурвалжлагыг I, XII, XIII нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Цус ойртолт” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“Эрээнд гацсан барааг найман боомтоор
дамжуулан Улаанбаатарт оруулж ирэхэд хүрлээ” гэв.

Дархан-Уул аймгийн
Засаг дарга Б.Азжаргал “Улаанбаатарт ямар байдгийг
би мэдэхгүй. Орон нутагт 74 тусгай зөвшөөрөл
өгдөггүй л гэж ярьсан юм” хэмээн XI нүүрт ярилаа.

Шинжлэх ухааны
академийн ОУХХ-ийн
судлаач Б.Анхбаяр “БНХАУ бүс нутагтаа эдийн засгийн гол
хөдөлгөгч хүч хэвээр байна” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 86888990 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу


“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монголын 3×3 U23 эрэгтэй шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны эрэгтэй шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.

Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос 2022 оны нэгдүгээр сарын 3-нд гаргасан шинэчилсэн чансаагаар манай шигшээ баг 1,212,317 оноогоор тэргүүлжээ. Харин араас нь ОХУ 1,147,600 оноо, Литви 1,070,712 оноогоор удаалсан байна.

3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны ДАШТ-ийг Монгол Улсад зохиох болсон талаар 2021 оны наймдугаар сард FIBA-гаас мэдээлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ оны эхний өдрүүдэд зургаан хүүхэд мэндэлжээ

Шинэ оны эхний өдрүүдэд аймгийн хэмжээнд зургаан хүүхэд шинээр мэндэлжээ. Тодруулбал 2022 оны нэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд дөрвөн хүү, хоёр охин шинээр мэндэлсэн бол 3-ны өдөр төрлөг гараагүй байна.

Эдгээрийн тав нь АНЭ-ийн төрөх тасагт, нэг нь Онгон сумын ЭМТ-д төржээ. Эх хүүхдүүдийн бие эсэн мэнд байгаа, төрлөгийн үед ямар нэг хүндрэл гараагүй гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван сум хүнсний эрхийн бичиггүй сум болжээ

Халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд

Тухайлбал, 2022 он гарснаас хойших мэдээллээр Дундговь аймгийн Луус, Хөвсгөл аймгийн Галт, Увс аймгийн Тэс сум хүнсний эрхийн бичиггүй сум болжээ.