Өмнөд хөршийн нийлэл Бээжин хотноо эхлэх Өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн бөгөөд Монгол Улсаас өнөөдрийн байдлаар гүйлтийн цанын төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 тамирчин оролцох эрх аваад байна.
Монголын өвлийн спортын баг тамирчид 1964 онд Австри улсын Инcбрук хотноо болсон өвлийн олимпын IX наадамд анх оролцсон түүхтэй. Түүнээс хойш 1976 оны өвлийн олимпоос бусад бүх олимпын наадамд баг тамирчдаа оролцуулжээ. Монголчууд биатлон, тэшүүр, гүйлтийн цана, шорт-трекийн төрөлд оролцож ирсэн бөгөөд 2002 оноос хойш дөрвөн олимпод гүйлтийн цанын төрлөөс өөр төрөлд тамирчин оролцуулж чадахгүй байгаа юм.
Харин энэ удаа ямар төрлүүдэд тамирчдаа сойгоод байгаа талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ тодруулсан талаарх мэдээллийг та бүхэнд толилуулж байна.
Цана:
Уламжлал ёсоор гүйлтийн цанын төрөлд манай нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох болзлыг биелүүлээд байгаа. Гүйлтийн цанын төрөлд эрэгтэй 148, эмэгтэй 148 , нийтдээ 296 тамирчин олимпод оролцоно. Нэг улсаас эр, эм тус бүр найм буюу нийт16 тамирчин дээд тал нь оролцуулах боломжтой бөгөөд Норвеги, ОХУ, Шведийн багууд 16 цаначин сойх эрхээ авсан. Монголын цаначид Олон улсын цанын холбоо /ОУЦХ/-ны чансаанд 45-д эрэмбэлэгдэж 18 оноотой яваа. Эрэгтэй , эмэгтэй нэг нэг цаначин оролцуулах квоттой. Эрэгтэй Батмөнхийн Ачбадрах энэ улиралд FIS /ОУЦХ/ -гийн тэмцээнд 98.93 оноог Монголын цаначдаас анх авсан. Б.Ачбадрах 2018 оны олимпод оролцож байсан бөгөөд энэ удаа ч улсаа төлөөлөн уралдах байх. Нэгдүгээр сарын 17-нд FIS -гийн онооны жагсаалт эцэслэн гарна. Манай цанын шигшээ багийн тамирчид Европод бэлтгэлээ базааж байгаа бөгөөд хамгийн сүүлд 12 дугаар сарын 28-нд Швейцарт Tour de Lenzerheide-д Батмөнхийн Ачбадрах /эрэгтэй, 27настай/, Ариунсанаагийн Энхтуул /эмэгтэй,25 настай/ нар урьдчилсан уралдаанд оролцсон.
Тэшүүр:
Өвлийн олимпын наадамд манай тэшүүрчид хамгийн сүүлд 30 жилийн өмнө буюу 1992 онд оролцсон. Энэ удаа олимпын оноо олгох Дэлхийн цомын дөрвөн гарааны гуравт нь /Польш, АНУ, Канад улсад болсон/ манай Ялалтын Зоригтбаатар /эрэгтэй,22 настай/, Алтан-Очирын Зул /эмэгтэй, 26 настай/ нар масс гараанд оролцож уралдсан.
Дэлхийн цомын нийлбэр дүнгээр Я.Зоригтбаатар 34 оноотой 50 дугаарт, А.Зул 72 оноотой 34 дүгээрт эрэмбэлэгдсэн. Австрийн Ставангерт болсон хоёр дахь гараанд манай тэшүүрчдийн оролцдог масс гараа зохиогдоогүй.
Олимпын тэшүүрийн масс гараанд дэлхийн цомын оноогоор эхний 24-т орсон тамирчид олимпын эрхээ авч байгаа. Гэхдээ нэг улсаас 2 тамирчин оролцох ёстой. Эхний 24-ийн дараа бичигдсэн найман тэшүүрчин нөөц жагсаалтад бичигдэнэ. Манай А.Зул R3 буюу нөөц тамирчдын гуравт бичигдэж байна гэсэн үг. Боломж гарч болох л юм.
Биатлон:
Манай биатлончид 1964,1968 оны олимпод оролцож байсан түүхтэй. Гэвч энэ спорт Монголд мартагдаж, олон жил болсон юм. Харин сүүлийн жилүүдэд Монголын биатлоны холбоо тун сайн ажиллаж, шигшээ багаа бүрдүүлэн олимпод оролцох зорилго тавин, уралдаан тэмцээнд тасралтгүй оролцож, манай залуу биатлончдын амжилт ахисаар байгаа. 2020 оны Лозанны залуучуудын олимпод манай биатлончид чамлахааргүй оролцсон. Түүнээс хойш урт хугацааны цугларалт, бэлтгэлд гарч, гадны өндөр зэрэглэлийн дасгалжуулагч ажиллуулж, биатлоны ДАШТ, Дэлхийн цомд тогтмол оролцож биатлон сонирхогчдод итгэл найдвар төрүүлэх болсон.
Энэ улиралд манай биатлончдын нэгдүгээр багт эр: Э.Энхсайхан, Ц.Адьяажаргал, О.Гантулга, эм: Э.Ариунтунгалаг, М.Должинсүрэн, Т.Ариунболд нар багтан Дэлхийн цом /IBU cup/-д оролцож олимпын оноо цуглуулж байгаа юм. Манайхан одоо Оберхоф, Рупольдингийн дэлхийн цомуудад оролцоно. Олимпын босго оноо 150 буюу доош байх ёстой. Манайхаас Э.Энхсайхан 137 оноотой яваа.
“Бээжин-2022” өвлийн олимпын биатлоны төрөлд 105 эр, 105 эм, нийт 210 биатлонч өрсөлдөнө. Нэгдүгээр сарын 16-нд Олон улсын биатлоны холбоо /IBU/-ноос онооны жагсаалт гарна. Монголын биатлончид энд багтаж чадвал олимпод оролцох юм байна.
Өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд ердөө ганцхан сарын хугацаа үлдээд байна. 2022 оны 2 дугаар сарын 4-20-нд манай өмнөд хөрш БНХАУ-д болох энэхүү олимпод 95 орны 4000 гаруй тамирчин , долоон спортын /биатлон, бобслей, керлинг, хоккей, тэшүүрийн төрлүүд, цанын төрлүүд, чарга/ 15 төрөлд 109 цогц медалийн төрлөө өрсөлдөх юм.
“Бээжин-2022” өвлийн олимпын уулын цана, бобслей, скелетоны төрлүүд Бээжингийн дагуул хот болох Яньцинд, харин Бээжингээс 180 км зайд орших /цагт 350 км хурдлах чадалтай хурдны галт тэрэг энэ хооронд 40-50 минут явна/ Хэбэй мужийн Жанчхүү /Хаалган хот ч гэдэг/-д гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон, фристайл, сноубордын төрлүүдийн тэмцээн явагдах бол Бээжинд Олимпын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, тэшүүр, шорт-трек, уран гулгалт, хоккей, керлингийн тэмцээн болно.
Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа “Бээжин-2008” зуны олимпын гол цэнгэлдэх “Шувууны үүр”-т болох бөгөөд Бээжин хот нь зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан анхны хот болох юм.
“Бээжин-2008” зуны олимпод 43 тэрбум ам.доллар зарцуулж байсан бол 2022 оны өвлийн олимпын төсөв ердөө 3,9 тэрбум доллар гэгдэж буй. Учир нь спортын уралдаан тэмцээн болох ордон, цэнгэлдэх, байгууламж нь өмнө нь ашигласан болон хуучин ордоноо шинэчлэн зассан бөгөөд шинээр ердөө дөрөвхөн байгууламж барьсан нь тэшүүрийн ордон, чарга, бобслейн зам, трамплин харайлтын цогцолбор, уулын цанын зам.
Мэдээж цар тахлын үед зохиогдох болохоор маш хатуу, нарийн чанд дэглэмд олимп явагдана гэдгийг зохион байгуулагчид эртнээс хэлж сануулсаар буй. Одоогоор гадны үзэгч, хөгжөөн дэмжигчдийг оруулахгүй, зөвхөн эх газрын үзэгчдийг тодорхой шалгуурын дагуу уралдаан тэмцээнд оруулах яриа байгаа.Нөхцөл байдлаас шалтгаалаад яаж ч өөрчлөгдөж болно.
Олимпод оролцох баг тамирчид, шүүгчид , албаны хүмүүс вакцинд бүрэн хамрагдсан байх, хэрэв вакцины бүрэн тунд хамрагдаагүй бол хэн ч байсан 21 хоногийн тусгаарлалтад байх журамтай байгаа.
Өвлийн олимпийн хамгийн үзүүштэй спортын төрлийн нэг болох хоккейн тэмцээнд хоккейн хамгийн хүчирхэг лиг болох NHL ковидын нөхцөл байдлаас шалтгаалан тамирчдаа оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн нь харамсалтай. Мөн АНУ, Австрали, Их Британи, Канад, Шинэ Зеланд, Япон, Бельги, Австри, Косово, Литва зэрэг улсууд дипломат бойкот /баг тамирчид нь оролцох ч төр засгийн төлөөлөгчид оролцохгүй/ зарласан ч энэ нь ёс төдий хэрэг.
Цар тахлын улмаас “Токио-2020” олимпод ч улс төр, төр засгийн төлөөлөгчид, дагалдах зочдыг хязгаарлаж байсан бөгөөд бөгөөд “Бээжин-2022” энэ талаар бүр хатуу хязгаар тогтоохоо мэдэгдээд байгаа билээ.