Categories
мэдээ нийгэм

МАН Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар мэдэгдэл гаргав

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар МАН-аас албан ёсны мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэлд, ““Хөгжлийн банк”-ны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий чанаргүй зээлдэгчдийн зээлийн асуудлыг шүүхээр шийдүүлэхээр нэхэмжлэл гаргаж буй талаар тус банкны удирдлагууд олон нийтэд мэдээлэл хийлээ. 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байна. Эдгээр зээлийг Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаатайгаар олон улсаас босгосон эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээл бөгөөд 2023 онд төлөх гадаад өр юм. Уг зээлдэгчид зээлээ төлөхгүй тохиолдолд Монголын төр хариуцаж төлөх талаар ч яригдаж эхэллээ. Үүнтэй Монгол Ардын Нам санал нийлэхгүй.

Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно. Хэсэг бүлэг этгээдүүдийн авсан зээлийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлүүлэхийг Монгол Ардын Нам дэмжихгүй бөгөөд зээл авсан цөөнхөд давуу байдал олгож, өр төлбөрийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах нөөц боломжоос төлөх нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна. Нэр бүхий зээлдэгчдийг зээлээ төлөх асуудлыг хөндөж буй сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, зээлийг эргэн төлүүлж, Монгол Улсыг хохиролгүй болгохын төлөө Монгол Ардын Нам тууштай тэмцэхийг үүгээр мэдэгдье” гэжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Их жанжин улиад хамниган Д.Сүхбаатар

Хёлго бодонгууд овогт Ц.Мөнхдорж жанжин Д.Сүхбаатарын намтар түүхийг сүүлийн хэдэн жил дагнан судалсны үр дүнд “Их жанжин улиад хамниган Д.Сүхбаатар” номыг бичжээ. Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-нд одоогийн ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы нутагт манай Улз гол цутгадаг Тарь нуураас хойш, Дорнод аймгийн Чулуунхороот сумаас холгүй хойд талд нь орших Гүн жалгатай гэдэг газарт цагаан дээлт Дашийн Дамдин хэмээх улиад хамниган айлын хоёр дахь хүү болон мэндэлснийг тогтоосон байна. Түүний охин дүү Дулам нь Бооржийн районы Бухын харуул гэх газарт 1906 онд төрснийг мөн тогтоосон байна. Д.Сүхбаатарыг буриад гэж нотолдог Дорнодын Цагаан-Овоогийн өндөр настан Гонгорын Пампаантай уулзжээ. Пампаан гуай 1921 онд төрсөн хүн юм байна. Тэрээр “Намайг 10 гаруй настай байхад манайх эртний түүхт Бар хотын орчмоор нутагладаг байлаа. Тэр үед Д.Сүхбаатарын ээж Хандын төрсөн дүү нь болох Лувсангийн Жанга гэдэг хүн эхнэр Бүтэдийнхээ хамтаар манайхтай айл зэргэлдээ нутагладаг байсан. Жангынд Д.Сүхбаатарын төрсөн дүү Дулам хонь хариулж амьдардаг байсан. Дулам хүнтэй суугаагүй ч нэг хүү төрүүлж түүнийгээ Жангадаа өргүүлсэн” гээд дүү Дуламын ярьсан яриаг Мөнхдоржид дуулгажээ.

Дулам ярихдаа “Манайх Оросын Чита мужийн Бооржийн районы Тарь нуурын орчмоор Бухын харуулд нутаглаж байгаад 1918 онд Монгол руу Халхголд ирсэн. 300 гаруй буриад, хамниган айл малаа аваад Монгол руу нүүхэд бид цуг ирсэн. Монголд Ардын хувьсгал ялсны дараа ах Сүхбаатарыг маань монгол цэргийн их том дарга болсон гэж хүмүүс ярилцдаг байсан. Нэг удаа Жанга нагац дээр дотоод яамны төлөөлөгч ирж уулзахад би тийм хүн мэдэхгүй гээд Сүхбаатарын нагац ах гэдгээ нуусан. Багийн дарга Галсанжамц манай төрөл садангийн хүмүүсийг бүгдийг нь Сүхбаатарын хамаатан гэдгээ нуу гэж дарамталдаг байсан” хэмээн ярьсан байдаг. Номын зохиогч судалгааныхаа ажлаар олон арван хүнтэй уулзсаны дотор Чойбалсан хотын иргэн, Цагаан-Овоо сумын уугуул 85 настай Цэрэндорж гуайн яриа анхаарал татна.

Цэрэндорж гуайн аав Намдагийн Жигмэд 1891 онд Читийн дээд Бооржийн голд төрж, 70 насыг насалсан байна. Аавыг нь төрөх үед өвөө Намдагийнх нь Цагаан хуасай омгийн жаахан Дамдиныхтай хөршүүд, садан төрөл байсан гэнэ. 1893 онд Сүхбаатар мэндэлж, Цэрэндорж гуайн аав Жигмэд, их жанжин Сүхбаатар болоод, нагац Жанга нартай нь тоглож өсчээ. Жанга нь 72 насыг зооглож 1964 онд бурхны хутгийг олжээ. Цэрэндорж гуай ярьсан нь “Тавиад оны эхээр Жанга өвгөний бие муудахад С.Янжмаа (Д.Сүхбаатарын эхнэр) орос эмч дагуулж чийчаан тэрэгтэй ирсэн. Тэр үед манайх Зүүн Барьханд Жангынхтай айл нутаглаж байсан. Янжмаа ирээд буцсанаас хойш удалгүй Жанга өвгөн хоёр толгой үхэр нядлаад, гурван тэмээн тэргэнд ачиж, Дуламаас өргөж авсан Шагдарсүрэнг аваад Улаанбаатар явсан. Нэлээд удсаны хойно бие эрүүл болоод ирсэн. Гэрийнхээ гадуур дун цагаан бүрээс татсан. Янжмаа бэлэг болгон өгсөн гэдэг. Тэр үед тийм гоё цагаан бүрээстэй айл байгаагүй учир их содон харагдаж байлаа” гэж ярьсан нь бий. Түүхэнд Сүхбаатарын Янжмаа гэж нэршсэн тэр хүн ханийгаа буриад гэдгийг мэддэг, ах дүү, хамаатан садныг нь таньдаг төдийгүй нас барах хүртлээ эргэж тойрсон нинжин сэтгэлт, журамт эмэгтэй байсныг тэмдэглэжээ.

Номын зохиогч Ц.Мөнхдорж судалгаагаа мухарлахын тулд Дорнодын Эрээнцав буюу Чулуунхороот сумын хилийн шалганаар гарч Соловьевск тосгонд очжээ. Тэндээсээ Хамниганы Новая Заря тосгонд очиж Цэрэнханд болон Уваши Сүрэн Дольжина нарын хоёр хөгшинтэй уулзсан байна. Новая Зарягийн барууханд Имайлк тосгон, түүнээс цааш хорь гаруй км-т Баруун Тарь нуурын хажууд Красны Имайлк тосгон бий аж. Эдгээр сав нутаг бол тэр чигээрээ улиад хамниганы нутаг, өөр овгийнхон байхгүй болохыг тогтоож, Сүхбаатарын эцэг Дамдин улиад хамниган хүн болохыг мухарлажээ. Жараад онд Бухын харуулд Д.Сүхбаатарын нэртэй кино гарч түүнийг үзсэн 80-аас дээш насны ахмадууд улиад хамниган Дашийн Дамдины хүү Сүх нь Монголд очоод Сүхбаатар нэртэй болоод зогсохгүй халх хүн болж хувирсанд ихээхэн уурласан гэдэг. Д.Сүхбаатарын эцэг Бухын харуулд орших хасаг цэргийн албанд олон жил харуулын алба хашжээ. Тэрээр Омкс хотноо хасаг цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг сургууль байдгийг сонссон тул хүү Сүхийгээ Эрхүү дэх орос гимназа төгсөнгүүт нь Омскийн Кадетад сургахаар явуулсан байна. Д.Сүхбаатар тэнд гурван жил суралцаад 1912 онд Оросын хаант засгийн армид пулемёт бууны салааны даргаар томилогдсон байдаг. Ингээд Оросын хаант засгийн армиас монгол цэргийг сургахаар ирсэн 58 сургарч нарын дунд Д.Сүхбаатар багтжээ. Тэрээр 20 нас хүртлээ Сүх нэртэй байсан нь Бямбын Ринчен гуайн дуртгалд бий. Их жанжин Д.Сүхбаатарын намтрыг үнэн бодитой, судалгаатай, амьд гэрчүүдийн үгээр бүтээн гаргасанд уг номын үнэ цэнэ оршиж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Булган аймгийн сар шинийн барилдаанд начин Д.Тамир түрүүллээ

Булган аймагт болсон XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулан хүчит барилдаанд Монгол Улсын начин Д.Тамир түрүүллээ. Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэв.

Сар шинийн барилдаанд Монгол Улсын заан Д.Баасандорж, начин Д.Тамир, Х.Цогтгэрэл, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Э.Сумьяабат тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосон юм.

Categories
мэдээ цаг-үе

Иргэдийн 5 хувь нь IV тунд хамрагджээ

ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ӨМНӨ БИЕЭ ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.01.29/ суурин 152, түр хоёр цэгт 154 багийн 728 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд I тунд 27, II тунд 60, III тунд 622, IV тунд 701, нийт 1410 иргэнийг дархлаажуулсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт таван хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3030 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.535 (77.1 хувь), 16-17 насны 27.039 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавирусийн 2057 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 2057 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 1129 нь Улаанбаатар хотод, 928 нь орон нутагт батлагдсан байна.

Нас баралт бүртгэгдээгүй.

Гэрийн хяналтад 56915 хүн байна.

Categories
мэдээ цаг-үе

Э.Бат-Үүл нарыг шийтгэх тогтоолыг албажуулаагүй 40 гаруй хонож байна

Э.Бат-Үүл

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэрэг хэдэн жил үргэлжилж, шүүх хурал 20 гаруй удаа хойшилсны эцэст шийдвэрээ гаргасан. Тодруулбал, тэдний долоог нь гэм буруутай гэж үзэж ял оноосон юм. Харин үлдсэн дөрвөн хүнийг энэ хэрэгт холбогдолгүй хэмээн цагаатгасан.

Хуулиараа шүхийн шийдвэр 14 хоногийн дотор албажиж, ял сонссон хүмүүсийн гарт очих ёстой. Тэгж байж давж заалдах нөхцөл бүрдэх юм.

Гэтэл Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун шийтгэх тогтоолоо одоо хүртэл албажуулж өгөөгүй байгаа аж. Тодруулбал, шүүх хурал өнгөрсөн 12-р сарын 16-нд шийдвэрээ гаргасан. Түүнээс хойш 40 гаруй хонож буй юм. Тиймээс энэ нь шүүгдэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болоод байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

О.Пүрэв “One Championship”-ын хоёр дахь тулаандаа яллаа


О.Пүрэв One Championship-ын хоёр дахь тулаандаа яллаа

Монголын холимог тулааны “MGL-1 FC” холбооны 57 кг жингийн аварга, “Ардын Хүү” хочит Отгонжаргалын Пүрэв “One Championship”-ын хоёр дахь тулаанаа өнөөдөр хийлээ.

Холимог тулааны Азийн хамгийн том холбоо One Championship өнөөдөр “Only the Brave” арга хэмжээгээ зохиосон ба 11 тулааны тов зарласнаас хамгийн эхнийх Bantamweight жингийн О.Пүрэвийн тулаан байлаа.

One Championship-н эхний тулаандаа Их Британийн Бэн Ройлыг хүнд цохилтоор ялсан О.Пүрэвэнэ удаа мэргэжлийн тулаанд 9 ялж 5 ялагдсан амжилттай Бразилын Микаэл Гилермэ дэ Жесүстэй 5 минутаар гурван үе тулалдан яллаа.

Энэ бол түүний холимог тулааны ес дэх дараалсан ялалт бөгөөд шүүгчдийн саналаар ялсан анхны тохиолдол болов.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Одонтуяа: Нэг ч болов хүн хавдрын тухай ойлгож, урьдчилан сэргийлээсэй гэж боддог

Монгол Улсын гавьяат эмч Г.Одонтуяатай ярилцлаа.


-Юуны өмнө Монгол Улсын гавьяат эмч хэмээх эрхэм шагналаар энгэрээ мялаасанд баяр хүргэе. Цацраг туяаны эмчилгээний салбараас төрсөн анхны гавьяат болсон байх аа?

-Баярлалаа. Монгол Улсад 1959 онд Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд анхны туяа эмчилгээний рентген аппаратыг суурилуулснаар туяа эмчилгээ нэвтэрсэн түүхтэй. Ингээд 1961 онд ХСҮТ-д Цацраг туяа эмнэлэг байгуулагдсан. Ийнхүү цацраг туяа эмчилгээний салбар байгуулагдсанаас 60 жилийн дараа анхны гавьяат эмч хэмээх энэ эрхэм алдрыг хүртсэндээ маш их баяртай байна. Хэдийгээр гавьяат гэх цол тэмдгийг хүлээж авсан нь хувь хүн Г.Одонтуяа миний бие боловч энэ чиглэлээр ажиллаж байсан анхны таван эмч болох Ө.Норовсамбуу, Б.Бямбацэрэн, П.Цогзолмаа, Д.Ичинхорлоо, Ш.Ичинхорлоо зэрэг надад зааж сургасан багш нар, хамт ажиллаж байсан баг хамт олон, салбарынхны минь шагнал юм шүү.

Манай хүүхдүүд “Ээж ээ, та одоо гэртээ амар аа. Таны үеийнхэн цар тахлын үед гэртээ сууж байна шүү дээ” гээд л ятгана. Тэгэхээр би “Гэртээ суух болоогүй ээ. Ээж нь төрийн дээд шагнал авсан хүн өмнөхөөсөө ч илүү ажиллана” гэж хариулчихаад сууж байгаа. Хүнд миний тусламж хэрэгтэй байгаа бол би ажилласаар л байх болно. Үнэндээ өдөр бүр ажиллахыг хэн ч шаардаагүй. Манай удирдлагууд “Та өөрийнхөө боломж бололцоогоороо л ажилла” гэдэг. Хийгээд сурчихсан ажил болохоор надад хэцүү санагддаггүй. Анагаах ухааны салбарт шагнуулж байгаа хүмүүсийн дотор эзнээ олоогүй шагнал гэж байдаггүй.

-Та ажил амьдралынхаа гарааг хаанаас эхлүүлж байв. Туяа эмчилгээний чиглэлээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Анагаах ухааны их сургуулийг 1979 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд багш, эмчээр томилогдож нэг жил ажилласан. Ингээд 1980 оны аравдугаар сард ЭМЯ- ны томилолтоор ХСҮТ-ийн Цацраг туяаны эмнэлэгт томилогдон ажилласан даа. Түүнээс хойш энэ эмнэлэгтэй амьдарлынхаа 42 жилийг холбожээ. Туяаны эмчээр ажиллаж эхлэхээс өмнө шинэхэн төгсөгч учраас ХСҮТ-ийн бүх тасагт ажиллаж туршлага хуримтлуулсан. Ахмад эмч нараасаа суралцаж, тэднийхээ хэлсэн үг нэг бүрийг өөртөө тусган авч мэргэжил, мэдлэгээ ахиулсаар 1985 оноос эхлэн туяаны эмчээр ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл туяаны эмчээр 38 жил тасралтгүй ажилласан байна. Та бид хоёрын ярилцлагаас нэг ч болов хүн хавдрын тухай ойлгож, түүнээс урьдчилан сэргийлж чадвал болоо доо. Нас явахаар ч тэгдэг юм уу хүн илүү хүнлэг, илүү өрөвч, нинжин болж, бусдынхаа алдааг олон хүн битгий давтаасай гэж хүсдэг болчих юм.

-Та тэгвэл яах аргагүй туяа эмчилгээний салбарын үүсэл хөгжил, үүх түүхийн амьд гэрч байна шүү дээ?

-Ямартай ч би дээр дурьдсан алтан үеийн таван эмчтэй хамт ажиллаж байсан нь миний хувьд азтай хувь тохиол. ЗХУ-ын тусламжаар 1982 онд ХСҮТ-д өргөтгөл хийж, туяаны эмнэлгийн одоогийн барилга байгууламж ашиглалтад орж байсан.

Анх шинэхэн барилгынхаа хана, цонх, шалаа угаагаад л хүлээн авч байлаа. Манай улс 1962 оноос туяа эмчилгээг анагаах ухааны салбартаа нэвтрүүлж, тухайн үед ОХУ-ын тоног төхөөрөмж, аппаратыг хэрэглэдэг байсан бол 1982 онд одоогийн шинэ байрандаа орохдоо мөн л тус улсын илүү дэвшилтэт технологи аппаратыг хэрэглэх болсон. Үүнээс хойш таван жил тутам туяа эмчилгээний технологи, аппарат шинэчлэгдсээр ирсэн. 1989-1990-ээд оны эхээр Олон улсын цөмийн энергийн агентлаг хэмээх олон улсын байгууллагатай бид холбогдож, төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд тоног төхөөрөмжүүдээ нэлээд шинэчилсэн. Мөн боловсон хүчнүүдээ олон улсын сургалтуудад тогтмол хамруулж чадавхжуулсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтуудаар болон олон улсын хөрөнгө оруулалтаар тогтмол техник технологийн шинэчлэл хийж байлаа. Тэр бүхэнд нь миний бие оролцож байсан. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө шугаман хурдасгуур буюу энерги багатай туяагаар хорт хавдрыг эмчилдэг болсон. Энэ технологи дэлхийд хамгийн сүүлийн үед нэвтэрсэн эмчилгээний технологи юм. Уг технологи манай улсад нэвтэрснээр хавдраар өвдсөн иргэд гадаадын улс орнуудыг зорих урсгал хаагдсан. Уг үйлчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаараа авдаг учраас ямар нэгэн байдлаар санхүүгийн эрсдэл орох хүндрэл байхгүй болсон. Ялангуяа тархи, нугасны хавдраар өвчилсөн иргэдийг Монголдоо эмчлэх боломжгүй байсан учраас гадаад руу явахаас өөр аргагүй байсан. Харин одоо эх орондоо эмчлүүлэх боломжтой болсон нь маш том дэвшил юм.

-Зарим иргэд туяа эмчилгээний талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Туяа эмчилгээг хорт хавдрын эмчилгээнд ашиглана гэдэг нарийн технологи байх л даа?

-Тийм шүү. Зарим иргэд туяаны эмчилгээнд орох нь муу гэж ойлгоод байдаг. Бид зөвхөн хавдартай хэсэгт л туяа эмчилгээ хийдэг. Одоо бол шугаман хурдасгуур гэх энерги багатай багаж ашигладаг болсон. Өмнө нь ашиглаж байсан технологи хавдартай эрхтний хажуугийн эрхтнүүдэд бага хэмжээнд нөлөө үзүүлдэг байсан. Одоо бол энерги багатай туяагаар онилж бууддаг болсон учраас ямар нэг нөлөө үзүүлнэ гэх айдасгүй болсон. Тиймээс хавдраа онилж буудахын тулд нарийн мэргэжлийн бүтэн баг ажилладаг. Энэ процесс 5-7 хоног үргэлжилдэг. Туяа эмчилгээ хийснээр хавдрын эсийн хуваагдлыг зогсоож, хавдрын эсийг цусан хангамжгүй болгодог. Ингээд цусан хангамжгүй болсон хавдрын эсүүд томролгүй агшдаг. Цацраг туяаны эмчилгээ хийнэ гэдэг бол асар нарийн технологи. Манай эмч нар энэ чиглэлээр мэргэшихийн тулд 10-15 жил зарцуулдаг. Туяа эмчилгээ хийхэд Цөмийн инженерийн мэргэжлээр төгссөн эмнэлгийн физикч, техникч, сувилагч, эмч гэх мэт 4-5 хүний хамтарсан багийн ажлын үр дүнгээр нэг хүний эмчилгээний үр дүн шийдэгддэг. Сүүлийн таван жил бид гадаадад очиж эмчлүүлдэг хэд хэдэн өвчний урсгалыг зогсоож чадсан. Тухайлбал, умайн хүзүүний хавдар, хөхний хавдар, тархи, нугасны хавдрыг нэрлэж болохоор байна.

-Сайхан мэдээ байна. Гадаадад эмчлүүлэхийн тулд иргэд эдийн засаг, сэтгэл санаагаараа их хохирдог шүү дээ?

-Хавдраар өвдсөн иргэд гадаадад очиж эмчлүүлэхийн тулд эдийн засгийн асар хүнд дарамтад орохоос гадна хоног хугацаа алдах гэх мэт асуудал олон бий. Жилээс жилд технологи сайжирч, боловсон хүчнүүд маань чадавхижаад, бэлтгэгдсэн боловсон хүчний тоо нэмэгдэж байна. Харамсалтай нь зарим тохиолдолд эмч, сувилагчдын цалин хангамж муугаас болоод сайтар бэлтгэгдсэн боловсон хүчнээ өндөр цалинтай уул уурхайн салбарт алдах тохиолдол байна. Ялангуяа эмнэлгийн физикчээр бэлтгэгдсэн боловсон хүчнээ цалин бага гэсэн шалтгаанаар өөр салбарынханд алдах эрсдэл ойрхон байна.

-Та яагаад заавал туяаны эмч болохоор шийдсэн юм бол?

-Залуу байхдаа нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан л даа. Эвлэлийн үүрийн дарга ч явлаа. Миний багш н.Чимид нэг өдөр намайг дуудаад “Чи анагаахын салбарын хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологи болсон туяа эмчилгээгээр мэргэших хэрэгтэй. Энэ бол маш сайхан мэргэжил. Энэ мэргэжлийг эзэмшвэл олон хүнд тус болно” гэж хэлсэн. Тухайн үед би жаахан эмээж байсан л даа. Гэсэн ч өөрийнхөө итгэж, хүндэлдэг багшийн үгийг дагаад туяа эмчилгээгээр мэргэшихээр шийдсэн. Одоо шийдвэртээ үргэлж баярладаг. Сүүлдээ хүн мэргэжилдээ шунан дурладаг юм билээ. Энэ шар байшинтайгаа амьдралаа холбоод 42 жил болчихож. Хичнээн хүнд хэцүү байсан ч хүн дуртай ажил, мэргэжлээсээ хэзээ ч шантардаггүй, няцдаггүй юм билээ. Одоо өөрөөсөө ч илүү боловсон хүчин, мэргэжилтнүүд бэлтгэчихсэн учраас өөрөөрөө хааяа бас бахархана аа. Миний хийгээгүй, чадаагүй, дуусгаагүйг үргэлжлүүлэх шавь нар минь байна шүү дээ.

-Шавь нар гэснээс энэ хугацаанд гарын шавь олон бэлтгэв үү?

-Би одоо ХСҮТ-д зөвлөх эмч хийж байна. Ажиллаж байх хугацаандаа залуучууддаа өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнийг зааж сургахыг л хичээж байна. Надад гарын гурван шавь бий. Түүний хоёр нь Японд, нэг нь Германд докторын зэргээ хамгаалаад ирчихсэн одоо ХСҮТ-ийн цацраг туяаны тасгийг хариуцаад ажиллаж байна. Багшийнхаа хийж гүйцээгээгүй зүйлийг хийх шавь нар минь энэ салбартаа орж ирснийг харахад хамгийн сайхан санагддаг. ХСҮТ-ийн цацраг туяа эмнэлэгээс хамгийн олон эрдэмтэн төрсөн байдаг. Одоогоор гурван шавь минь докторын зэргээ хамгаалсан бол ОХУ-д хамгаалсан нэг, одоо Монголдоо докторын зэрэг хамгаалах гэж байгаа нэг эмч байна. Өмнө нь бидэнд судалгаа шинжилгээ хийх цаг зав төдийлөн олдоггүй байсан.Сүүлийн үед ангаахын шинжлэх ухааны салбар судалгаа шинжилгээ онол, практикийн мэдлэг хосолж хамтдаа урагшилдаг болчихлоо. Манай эмч нар мэргэжлийн ур чадвараараа хаана ч гологдохгүй. Эмч хүн гэдэг хүний амьдралын эхлэл төгсгөл дээр хамт байдаг. Магадгүй зарим хүмүүс хавдрын эмч гэхээр дандаа л үхэх гэж байгаа хүнтэй ажилладаг мэтээр төсөөлдөг. Тийм биш юм л даа. Хавдар эдгэрдэг, эмчлэгддэг. Хавдраар өвдөөд эдгэсэн хүмүүстэйгээ, тэднийхээ ар гэрийнхэнтэй гудамжинд таарч баяр хөөр болох үе олон бий. Хэдийгээр хүнд өвчнөөр өвдсөн ч гэсэн нэг хоног, нэг сар, нэг жил боловч эцэг эх, хань ижил, үр хүүхдээ асарч хажуудаа байлгах юмсан гэсэн сэтгэлээр ар гэрийнхэн нь ханддаг. Эмч, эмнэлгийн ажилчид бид ч тэдний энэ хүслийг чадах чинээгээрээ биелүүлэхийг л хичээдэг. Эмчилгээ хийж байх хугацаанд бид бүгдээрээ л нэг баг болж ажилладаг.

-Манай улс хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна. Хавдраар өвдсөн иргэд болоод тэдний ар гэрийнхэнтэй харилцан, ойлголцож байж эмчилгээ нь илүү үр дүнтэй байдаг болов уу?

– Яг тийм л дээ. Хавдартай гэх онош сонссон иргэд ихэвчлэн айдастай байдаг. Бид хий дэмий айхаас илүү бодит байдалтайгаа нүүр тулж, түүнийг хэрхэн амжилттай давахаа бодох хэрэгтэй. Би өвчтөндөө болон үр хүүхдэд нь “Хүний амьдрал эхлэлтэй бас төгсгөлтэй.Бид чадахаасаа чадахгүй хүртэл бүхнийг хийнэ. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл гэж бий.” гэж хэлдэг л дээ. Бидний хэн нь ч мөнх бус. Хорт хавдраар өвдсөн иргэдийн хувь хүний хариуцлага, гэр бүлийнхнийх нь хүлээх хариуцлага их. Манайхан эрүүл мэндээ анхаардаггүй, эрүүл мэнддээ хамгийн хайрамжгүй ханддаг нь хамгийн харамсалтай. Жил бүр унаж яваа автомашиныхаа моторын тосыг солиулахаа мэддэг хэрнээ өөрсдийнхөө биеийг бүтэн оношилгоонд оруулдаггүй. Өөрөөтөө ганцхан өдрийг зарцуулаад даатгалаа ашиглаад оношлуулж дадах хэрэгтэй байна. Өндөр настай аав ээждээ үнэт эдлэл авч өгөхөөс илүү улиралд нэг удаа эмнэлэгт үзүүлчихдэг, оношлуулчихдаг бол бүх төрлийн хавдрыг эрт илрүүлэхээс авахуулаад бүх төрлийн өвчнийг эрт илрүүлэх боломжтой. Ингэж гэмээнэ иргэд эрүүл мэндээрээ ч эдийн засгаараа ч хохирохгүй. Хавдрыг эрт илрүүлэх тусам эмчлэх боломж өндөр байдаг. Хамгийн гол нь ямар шатанд нь илрүүлэхээс олон зүйл шалтаалж байна. Дахин хэлэхэд хавдар эмчлэгддэг, эдгэрдэг өвчин. Заавал бүх зүйлийг тартагт нь тулсан хойно эмнэлгийн байгууллагад ханддаг байж болохгүй. Өвчин цаг хугацаагаар хэмжигдэж байдаг. Зовуурь илэрнэ гэдэг бол хүндэрсний л шинж. Хүмүүс тоохгүй явж явж байгаад эцсийн шатандаа орсон үед л манайд хандаж байгаад харамсдаг. Одоо хэнэггүй монгол зангаасаа салах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд томоохон байгууллагууд ажилчдаа эрүүл мэндийн иж бүрэн оношилгоонд орох эрхийн бичгээр шагнаж урамшуулдаг, жил бүр оношилгоонд хамруулдаг болчихож. Энэ бол ямар ч шагналаас илүү үнэ цэнэтэй шагнал. Ийм байгууллагуудын тоо улам нэмэгдээсэй л гэж хүсдэг.

-Иргэд асуудалд хэр шинжлэх ухаанчаар хандаж байна вэ. Хавдартай гэх онош сонссон иргэд таарах таарахгүй олон зүйл хэрэглэж байгаа харагдах юм?

-Энэ чиглэлээр ажиллаж байгаа эмч нарын толгойны өвчин бол яг энэ асуудал болоод байгааг нуухгүй. Иргэд асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг болмоор байна. Зарим иргэд хавдартай гэдгээ мэдмэгцээ элдэв төрлийн сүлжээний бүтээгдэхүүн, таарах таарахгүй уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүн дур мэдэн хэрэглэж, лам бөөгөөр явж эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч хохирчихоод эцсийн мөчид бидэн дээр эргэж ирэх тохиолдол ч байдаг. Үүнд маш их харамсаж явдаг. Өнгөрсөн жил манай эмчилгээнээс татгалзаад явсан Завхан аймгийн иргэн сүлжээний бүтээгдэхүүн уугаад тартагтаад тулчихаад ирсэн. Үнэхээр харамсмаар… Манайд иргэдийн зовлон зүдгүүрээр мөнгө олдог хүмүүст хүлээлгэх хууль зүйн хариуцлага алга. Бүх зүйлийг эцэст нь хүргэчихээд улсын эмнэлэг рүү нь хөөгөөд явуулчихдаг. Манайхан сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг хэмээн ярьдаг. Шашин, сүлжээний бизнес эрхлэгчид хүний тархитай ажиллаад байна. Цаг нар багатай эмч, эмнэлгийн ажилчид нэг өвчтэнтэй 10-15 минут л уулзаж ярилцаж байна. Үүнээс хэтэрвэл дараагийн хүндээ загнуулах юм болдог. Бид биеийг нь эмчлэхээс гадна сэтгэл зүйг нь эмчлэх ёстой.

-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд хавдрын өвчлөл нэмэгдсэн нь санаа зовоох боллоо. Та үүний шалтгааныг юу гэж хардаг вэ?

Би 2005 оноос хойш хүүхдийн хавдар дээр ажилласан. Миний төрсөн дүү хүүхдийн эмчээр ажиллаж байгаад бурханы оронд одсон. Тиймээс дүүгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж энэ чиглэлд давхар анхаарч ажиллаж ирсэн.Төр хувийн хэвшилтэй хамтарч хавдартай хүүхдэд үзүүлэх тусламжийг сайжруулахын тулд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд томчуудтай хамт хэвтэн эмчлүүлдэг байсныг нь болиулж, хүүхдэд зориулсан хоёр хэвтэн эмчлүүлэх өрөө, нэг яаралтай тусламжийн өрөө байгуулсан. Сүүлд ЭХЭМҮТ-д Ажаа гэгээнтний санаачилгаар хүүхдийн эмнэлэг байгууладсан учраас хавдраар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг тэнд эмчлээд, зөвхөн шарлага, туяа эмчилгээтэй хүүхдүүдээ ХСҮТ-дөө авч эмчилдэг болсон. Би өөрөө хоёр хүүхдийн ээж. Хамгийн хэцүү зүйл хүүхэд өвдөх л байдаг. Хавдраар шаналж байгаа хүүхдүүд, тэдний ар гэрийнхнийг харах сэтгэлд маш хүнд тусдаг. Ажиглаад байхад зах зээлийн дараа эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналт муудаж, эрүүл амьдрах орчин алдагдаж, гараараа алт олборлодог эцэг эхчүүд олширсон гэх мэт нийгмийн байдал ихээхэн нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд тархи, нугасны хавдраар бага насны хүүхдүүд өвдөх нь нэмэгдэж байна. Энэ бол цахим хэрэглээтэй шууд холбоотой. Ээжүүд жирэмсэн байхдаа гар утас, телевиз олон цагаар үзэх, хүүхдүүд цахим хэрэгсэл хэтрүүлэн хэрэглэж байгаа нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Түүнчлэн сургуулийн орчинд хүүхдийн биед алсуур, хожуу хор нөлөө үзүүлэх хүнсний төрлийн бүтээгдэхүүн болох чипс, бэлэн хоол, өнгө будагтай хүнсний бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа нь бодит аюул учруулж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч, амьдралын зөв хэв маягт дадуулахад анхаарах зайлшгүй шаардлагатай.

-Эмч хүний хамгийн сайхан болоод гунигтай үе хэзээ байдаг вэ?

-Хамгийн сайхан үе бол эдгэрээд гарсан хүмүүстэйгээ эргээд уулзах л байдаг. Энэ хугацаанд олон мянган хүнийг эмчилж, эдгээсэн. Тэр бүгдийгээ танихгүй л дээ. Гэтэл хөдөө орон нутаг, гудамж талбайд явахад “Эмч ээ танд их баярладаг шүү” хэмээн инээмсэглэн таарах хүмүүс хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг. Аймагт үзлэг хийгээд явж байхад л сумаасаа зориод ирдэг. Танд баярласан сэтгэлээ илэрхийлэх гээд зориод ирлээ гээд атга ааруулаа бариад ирж байгаа тэр сэтгэл хичнээн сайхан эрч хүч өгдөг гэж санана. Нэг удаа баруун дөрвөн замын уулзвар дээр зам хөндлөн гарах гээд зогсож байтал “Одноо эмч ээ” гээд дуудаад байна. Эргээд хартал нэг танихгүй эмэгтэй “Сайн байна уу эмч ээ. Би Цэвэлийн охин байна. Миний ээж таны буянаар одоо болтол амьд мэнд үр хүүхдүүд бид нартайгаа хамт байгаа. Танд их баярлаж явдаг шүү” гээд сүйд болсон. Тэр өдөржингөө би огшоод, өөрөөрөө бахархаад л байсан. Бас тархи нугасны хавдартай манайхаар эмчлүүлээд гарсан хүүхэд зураач болчихсон гээд гудамжинд таараад, эхнэр хүүхдээ танилцуулахад бас л сайхан санагдана. Энэ мэтчилэн хэн нэгэний амьдралд гэрэл гэгээ болсноо харах эмч хүнд сайхан санагддаг. Гэтэл амь насыг нь аварч чадаагүй өвчтөнүүдийнхээ ар гэрийнхэнтэй уулзахдаа бид халширдаг. Үнэхээр чадах бүхнээ хийсэн ч амь насыг нь аварч чадаагүй тохиолдол бүр хэцүү байдаг. Ойр дотны хүнээ алдсанаа сонсоод хүмүүс янз янзын л үйлдэл гаргана. Намайг багалзуурдаад авч байсан тохиолдол ч бий. Тэглээ гээд шантраад, бууж өгөх эрх бидэнд байхгүй. Нэг удаа хүүхдийн тасагт жижүүр хонож байхад хүүхэд нас барсан. Энэ мэтчилэн харамсалтай тохиолдлууд багадаа долоо хоног толгойноос гардаггүй. Тэр үед ингэчихсэн бол, тэгчихсэн бол нэг цаг боловч амьд байх байсан юм болов уу гээд өөрийгөө буруутгаад өөрөөсөө асуугаад байдаг. Энэ чинь сүүлдээ нойргүйдэл, сэтгэл түгшил болдог. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдад энэ мэтчилэн сэтгэл зүйн олон асуудал тулгардаг. Би илүүдэл жингүй, амьдралын зөв хэв маягтай мөртлөө сахарын өвчтэй. Учир нь эмч хүн дандаа ямар нэг зүйлд санаа зовсон, түгшсэн байдалтай байдаг учраас ингээд өвчлөлийн эх болдог юм билээ л дээ. Зүүн дээр будаа тогтохтой адил хувь тавилангаар ирээд буцахын хооронд хүн илүү зүйлд шунах хэрэггүй. Эрүүл саруул, элэг бүтэн амьдарч, инээд хөөрөөр дүүрэн амьдраасай л гэж хүсч байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид ба дампуурлын сураг

-Р.Даваадорж: Улс төрчид удирдаж ирсэн учраас Хөгжлийн банк дампуурахад хүрч байна


Хөгжлийн банкнаас чанаргүй 25 зээлдэгчийн мэдээллийг энэ сарын 20-нд зарлалаа. Олон нийтэд ил болсон 25 компанийн нийт зээлийн хэмжээ 841 тэрбум. Энэ нь зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан компаниудын нийт өр төлбөр. Үүнээс гадна шүүхэд хандах болоогүй чанаргүй зээлдэгчид мөн ийм хэмжээний өр төлбөртэй байгааг улс төрийн хүрээнд зарлаж байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны чанаргүй зээл 1.6 их наяд төгрөгт хүрсэн гэсэн үг. Энэ тоо нь нийт активын талаас илүү хувийг эзэлж байгаа нь өнөөдөр ийнхүү улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд анхаарал татаж эхлээд байна.

Чанаргүй зээлдэгчдийн ард хэн байгаа, чанаргүй зээл олгосон захирлууд юу ярьдаг, өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн шалтгаан юу байсан зэрэг асуудлыг тоймлон хүргэе.

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгчдийг зарлахтай зэрэгцэн “Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна” гэсэн юм.

Тус банкийг үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 2011 онд үүсгэн байгуулсан. Эдүгээ зээл авсан компани болон opendata.burtgel.gov.mn цахим хуудаст бүртгэгдсэн компанийн жинхэнэ эздийн нэрс, зээлийн хэмжээ, эргэн төлөлт, хуримтлагдсан төлбөр зэргийн жагсаалтай танилцана уу.

1. “Монгол драй милк” ХХК /Хувьцаа эзэмшигч Лувсангийн Ганцэцэг/ -хөдөө орон нутагт 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр. 2017.05.16-нд зээл авсан. 42.6 тэрбумаас 2.49 тэрбум төлөгдөж, хуримтлагдсан дүн 50.4 тэрбум.

2. “Монгема” ХХК /Хувьцаа эзэмшигч Дамбалын Лхагвадорж/-муур нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах, Япон болон бусад улсад экспортлох. 2017.10.31-нд 10.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.58 тэрбум, хуримтлагдсан дүн 12.6 тэрбум

3. “Эрэл” ХХК /хувьцаа эзэмшигч Даваахүүгийн Сэргэлэн/ -угсармал орон сууц. 2013.08.20-нд 65.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 19.31 тэрбум, хуримтлагдсан дүн 106 тэрбум. Нэмж 2014.07.17-нд 39.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 7.98 тэрбум, хуримтлагдсан дүн 57.1 тэрбум.

4. “Инжир” ХХК /хувьцаа эзэмшигч Баточирын Батбаатар, Гүүгэрийн Бямбажав, Баатаржавын Золбаяр, Чулуундоржийн Өлзий/ – экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилгын төсөл. 2018.01.09-нд 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 7.6 тэрбум.

5. Чингис хаан банк / Ньюстандарт Финанс ХХК хувьцаа эзэмшигчид Дашцэрэнгийн Батаа, Шүхэртийн Бүтэд, Цэдэн-Ишийн Баярсайхан/ -мөнгөн хадгаламж. 2019.12.19-нд 25 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 37.5 тэрбум.

6. Чингис хаан банк-арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дамжуулсан зээл. 2014.08.26-нд 13 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 12.67 тэрбум, хуримтлагдсан дүн 1.1 тэрбум.

7. ТОСК ТӨХХК / Юнайтэдпрожектс групп хувьцаа эзэмшигч Цогтжаргалын Ууганбаяр/ -Шинэ Яармаг орон сууцны хороолол барих төсөл. 2015.05.28-нд 142.44 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 59.44 тэрбум, хуримтлагдсан дүн 117.9 тэрбум.

8. ТОСК ТӨХХК-хөдөлгөөнт цогцолбор төсөл. 2016.02.05-нд 19.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 25.6 тэрбум.

9. “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК / хувьцаа эзэмшигч Батбаярын Болормаа, Бишрэлт Групп-Ариунболдын Чинсанаа, Ариунболдын Чинбишрэлт/ -хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл. 2018.03.09-нд 7.27 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 5.55 тэрбум, хуримтлагдсан дүн 4.9 тэрбум.

10. “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК /хувьцаа эзэмшигч Ариунболдын Чинбишрэлт/ -мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл. 2017.12.13-нд 31.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 8.4 тэрбум, хуримтлагдсан дүн 38.6 тэрбум.

11. “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК /хувьцаа эзэмшигчид Сэр-Одын Дуламжав, Дашдоржийн Оюунбилэг/ -Алт-2 үндэсний хөтөлбөр. 2017.12.28-нд 17.31 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.21 тэрбум, хуримтлагдсан дүн 19.7 тэрбум.

12. “Зэст-Өндөр” ХХК /Начу ХХК, хувьцаа эзэмшигч Долгормаагийн Тамир, Долгормаагийн Тана, “Сутайресурс” ХХК, Балхүүгийн Ганзориг/ -Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл. 2018.08.10-нд 10.87 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.63 тэрбум, хуримтлагдсан дүн 11.8 тэрбум.

13. “Кью Эс Си” ХХК / Куалитистийл Корпорэйшн (Британийн виржини арлууд – Quality Steel Corp)/ -33.4 км төмөр зам барих ажилд шаардагдах санхүүжилт. 2014.12.03-нд 203.12 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 112.95 тэрбум, хуримтлагдсан дүн 212.4 тэрбум.

14. “Енсада истерн” ХХК /хувьцаа эзэмшигч Өсөхийн Болдсайхан/ -экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрийн төсөл. 2015.05.28-нд 142.44 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 59.44 тэрбум, хуримтлагдсан дүн 117.9 тэрбум.

15. “Болор шүр” ХХК /хувьцаа эзэмшигч Цогбаатарын Содхүү/ -Алт-2 үндэсний хөтөлбөр. 2017.08.30-нд 2.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 2.4 тэрбум.

16. “Эрд хул” ХХК /хувьцаа эзэмшигч Доржсүрэнхорлоогийн Мөнхбаатар/-Алт-2 үндэсний хөтөлбөр. 2017.08.30-нд 0.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.3 тэрбум, хуримтлагдсан дүн 0.6 тэрбум.

17. “Монлаа” ХХК /хувьцаа эзэмшигчид Нанзадын Болдхүү, Хишигжаргалын Энхсайхан, Мөнхжаргалын Ганбагана/ -төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих төсөл. 2014.08.11-нд 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.88 тэрбум, хуримтлагдсан дүн 7.6 тэрбум.

18. “Ган хүдэр орд” ХХК /хувьцаа эзэмшигчид Должинсүрэнгийн Мандахбаяр/-хорголжин төмрийн хүдрийн үйлдвэр барих төсөл. 2017.07.06-нд 5.90 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 1.2 тэрбум, хуримтлагдсан дүн 5.6 тэрбум.

19. “Дэд бүтэц инженеринг” ХХК /хувьцаа эзэмшигчид Мягмарын Одончимэг, Цэвээн-Очирын Насанбат/ -дэд бүтэц-ухаалаг шийдэл төсөл. 2018.10.24-нд 2.10 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.1 тэрбум, хуримтлагдсан дүн 2.8 тэрбум.

20. “Бэрэн” ХХК /хувьцаа эзэмшигчид Бэрэнбаралын Мөнхтөр, Цэдэнсодномын Батболд, Ганзоригийн Баттулга, Ганзоригийн Энхболд, Цэдэнсодномын Бат-Эрдэнэ, Цэдэнсодномын Батбаяр, Бэрэнбаралын Сономсүрэн, Бэрэнбаралын Сарангэрэл, Бэрэнбаралын Чимгээ, Бэрэнбаралын Мөнхдалай, Бэрэнбаралын Ганбат/ -Улаанбаатар хот СБД-ийн долдугаар хорооллын 720 болон 120 айлын Ё блок орон сууцны хороолол барих төсөл. 2017.10.30-нд 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 3.22 тэрбум, хуримтлагдсан дүн 43.7 тэрбум.

21. “Мондулаан” ХХК /Нүүдэлчин групп, хувьцаа эзэмшигчид Шийрэвийн Мөнхнаст, Миеэжавын Нямбаатар, Цэдэн-Ишийн Баярсайхан/ -Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл. 2018.10.22-нд 13.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 3.37 тэрбум, хуримтлагдсан дүн 17.7 тэрбум.

22. “Пирамид орд” ХХК / Гомбын Цолмон /-“Буман залуус 296 айлын орон сууцны төсөл. 2018.06.19-нд 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.52 тэрбум, хуримтлагдсан дүн 23.1 тэрбум.

23. “МБҮ трейд” ХХК /Базарын Эрдэнэбаяр, “Хотол Түмэн” ХХК, Сэнгээгийн Бямбасүрэн, Лхагвасүрэнгийн Одхүү, Чойжилсүрэнгийн Хүрэл-Олдох/ -мал нядалж, мах бэлтгэх үйлдвэр, малын худалдааны төвлөрсөн зах төсөл. 2018.02.13-нд 11.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0, хуримтлагдсан дүн 16.7 тэрбум.

24. Сэлэнгийн герефорд ХХК /хувьцаа эзэмшигч Лханаажавын Баянбаатар/-мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл. 2018.11.01-нд 4.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.33 тэрбум, хуримтлагдсан дүн 5.4 тэрбум.

25. “Бармон” ХХК /хувьцаа эзэмшигчид Шагдаррагчаагийн Үнэнбат, Ариунбат, Төгсбат, Эрдэнэбат, Батцэцэг, Банзрагчийн Бурмаа, Ламжавын Шагдаррагчаа / -гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ЧД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд 468 айлын дөрвөн блок “Шинэчлэл хороолол” орон сууцны барилгын төсөл. 2019.12.23-нд 13.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Төлсөн дүн 0.9 тэрбум, хуримтлагдсан дүн 17 тэрбум.


Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат: Чанаргүй зээлгүй, арилжааны банкуудаас чилүү санхүүгийн чадвартай банкийг би хүлээлгэж өгсөн


Чанаргүй 841 тэрбум төгрөгийн зээлийг олгосон огноороор нь ангилбал 2012-2016 онд захирал Н.Мөнхбатын үед 489 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд одоогийн өр төлбөр 495 тэрбум төгрөг. Түүний дараа захирал Б.Батбаярын үед буюу 2016.12-2019.05 дугаар сарын хооронд 215.5 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд одоогийн өр төлбөр нь 251 тэрбум төгрөг. Захирал Г.Амартүвшингийн үед буюу 2019.05-2019.12 сар хүртэл 66 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд одоогийн өр төлбөр нь 88 тэрбум төгрөг болсон ажээ. Өөрөөр хэлбэл, хамгийн их хэмжээтэй зээл, өр төлбөр Н.Мөнхбатын үед үүссэн нь харагдаж байна.


Энэ асуудлаар Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.


-Чанаргүй зээлдэгчдийн өр төлбөрийн тал хувь нь таныг удирдаж байх үед олгосон зээлүүд байна. Энэ талаар тайлбар хэлэхгүй юү?

-Намайг 2016 онд ажлаа өгөхөд энэ зээлүүд хэвийн төлөлттэй байсан. Зээл чанаргүй болно гэдэг зээлдэгч тал зээлээ төлөхөө больж, төлбөрийн асуудал гарч ирж байж чанаргүй болдог. Тиймээс намайг ажиллаж байх хугацаанд Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд чанаргүй болсон тохиолдол байгаагүй. Миний дараа ажилласан хүмүүс ямар бодлого барьж ажилласныг мэдэхгүй юм.

Миний гарын үсэг зурагдаж, гарсан зээлийн хэмжээ дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байдаг. Том, жижиг 1600 гаруй төслийг санхүүжүүлсэн. Тэдгээр зээл дотор эргэн төлөлтгүй, чанаргүй зээл байгаагүй. Энэ бол тархи угаалт л явж байна гэж харж байна.

-Чанаргүй зээлдэгчдийн жагсаалт дотор таны үед олгосон зээлүүд байна. Хамгийн том мөнгөн дүнтэй нь төмөр замын зээл байсан…

-“Кью Эс Си” ХХК гэх компани төмөр зам барихаар 200 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан. Төмөр зам баригдсан. Тухайн үед хоёр тал маргасан байдаг. Компани зээлээ төлөхгүй гэж, банк зээлээ төл гэж. Ингээд шүүхдэлцсэн, гурван шатны шүүхээр орсон. Хөгжлийн банк барьцаа хөрөнгийг сайн авч, сайн гэрээ хийдэг байсны хүчээр нэхэмжлэлээ авч чадсан. Улсын дээд шүүхээс “Кью Эс Си” ХХК-ийг зээлээ бүрэн төлөхийг даалгасан. Зээл төлөгдөж байгаа гэж ойлгож байгаа.

Хоёр дахь том зээл нь ТОСК-ийнх. ТОСК бол Буянт-Ухаа 1, 2 орон сууцны хорооллыг барьж ашиглалтад оруулсан төрийн компани шүү дээ. Төрийн банк төрийн компанидаа олгосон зээл. Хувийн хэвшилд биш. Төсөл нь газрыг нь аваад орон сууц бариад борлуулсан орлогоороо зээлээ төлөх үүрэгтэй байсан. Буянт-Ухаа 1, 2-ыг бариад борлуулаад зээлээ төлөөд явж байсан. Харин сүүлд Буянт-Ухаа 2-ыг түрээсийнх болгоод л зээлийн эргэн төлөлт муудсан гэж харж байгаа. Түрээсийн орлого бол борлуулалтыг гүйцэхгүй. Тиймээс барьсан орон сууцыг нь Хөгжлийн банкийг аваач гэхээр авдаггүй гэсэн. Уг нь бол авсан зээл нь орон сууц буюу хөрөнгө болчихсон байгаа шүү дээ.

-“Эрэл” групп хоёр удаагийн зээлээр 160 гаруй тэрбум төгрөг авсан. Чанаргүй зээлдэгч болсон шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?

-“Эрэл” компани бол үйлдвэрээ барьчихсан. Тухайн үед Ерөнхийлөгч, бүх сайд дарга нар нээлтэд нь оролцоод явж байсныг санаж байна. Үйлдвэр барина гэсэн, барьсан. Зээлийг нь муутгахгүйгээр аваад явчихаж болоогүйг гайхаж байна. “Монлаа” компанийн хувьд ч адилхан. Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих төсөл байсан. Өнгөрсөн жил Дорноговь аймагт үйлдвэр нь ашиглалтад орсон. Бас л сайд дарга нар нээлтэд нь оччихсон байсан шүү дээ. Уг нь мөнгө хөрөнгө нь алга болоогүй, үйлдвэр нь босчихсон байхад төр засгаас дэмжээд ажиллуулаад явчих боломжтой.

-Энэ хоёр компани тэр үедээ зээлийн төлөлт муу байсан гэж дуулсан?

-Яахав, тухайн үед зээлийн хүүгийн төлөлт удааширч байсан нь үнэн. Тийм учраас банкны зүгээс эрсдэлийн сан үүсгэж, дараагийн багт хүлээлгэж өгч байсан. Өөрөөр хэлбэл, зээлээ төлөх чадвартай хүлээлгэж өгсөн гэсэн үг.

-Чингис хаан банкны зээл олны анхаарлыг татсаар байгаа. Энэ тухайд?

-Чингис хаан банкны хувьд дамжуулан зээлдэгч. Тухайн үед маш олон арилжааны банк дамжуулан зээл олгож байсан. Арилжааны банк тухайн төслийн өмнөөс хариуцлага хүлээж, баталгаа өгч зээл гаргуулж байсан. Зээл муудсан, муудаагүй ямар ч үед дамжуулж зээл авсан банк өөрөө төлөх ёстой.

Нэг зүйлийг тодруулж хэлье. Намайг ажилласан гурван жилийн хугацаанд Хөгжлийн банк жил бүр ашигтай ажилладаг, хөрөнгө ихтэй, арилжааны олон банкинд хадгаламжтай, үйл ажиллагаа нь өндөр түвшинд жигдэрсэн, арилжааны банкуудаас ч илүү санхүүгийн чадвартай Монголын хамгийн том банк байсан. Нийт актив нь зургаан их наяд төгрөгт хүрч нэмэгдсэн байдаг.

Яахав, түүнээс хойш улс орон эдийн засгийн таагүй нөхцөл байдалд явж ирлээ. Гэхдээ арилжааны нэг л банк дампуурсныг эс тооцвол бусад нь хэвийн ажиллаж байна. Гэтэл яагаад арилжааны банкуудаас ч том, чадвартай байсан Хөгжлийн банк ийм нөхцөлд хүрсэнд гайхаж байна гэв.


Эдийн засагч Р.Даваадорж: Банкны Активын 55 хувь нь чанаргүй зээл эзэлнэ гэдэг дэлхийд байхгүй тохиолдол


Хөгжлийн банкны чанаргүй зээлийн энэ асуудал тус банк дампуурлын ирмэгт ирсэн гэх маргааныг олон талд өрнүүлж байна. Бид энэ талаар эдийн засагч, судлаач Р.Даваадоржийн байр суурийг сонирхсон юм.


-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг судлаачийн хувьд та хэрхэн харж байна вэ?

-Банкийг мэргэжлийн эдийн засагчид удирддаг. Харамсалтай нь Хөгжлийн банкийг улстөрчид, улс төрийн томилгоогоор удирдаж ирсний гор өнөөдөр ингэж гарч байна. Банк бол уг нь тодорхой шүү дээ. Та нэг сая төгрөгийн зээл авъя гэхэд багадаа 1.5 сая төгрөгийн хөрөнгө барьцаалах ёстой. Гэтэл Хөгжлийн банк ямар ч барьцаагүйгээр асар их хэмжээний мөнгийг дурын хүмүүстээ цацсан нь харагдаж байна.

-Бүтээн байгуулалт, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой учраас зээлээ барьцаагүй олгосон гэдэг шүү дээ?

-Банк байгуулсан зорилго бол тийм. Тийм ч учраас 2012-2016 оны Засгийн газрын үед тэр зорилгоо биелүүлж, том том бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжсэн нь харагддаг. 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох, хотын гудамжуудыг холбох, цахилгаан дулааны станцуудыг өргөтгөх, Улаанбаатар хотын дэд бүтцийг шинэчлэх гээд том төслүүд хэрэгжсэнийг санаж байна. Уг нь ингэж л ажиллах зорилготой банк байсан.

Гэтэл 2016 оноос хойш хийсэн бүтээн байгуулалт нэг ширхэг ч байхгүй. Чанаргүй зээл нь 1.6 их наяд гэж байна. Энэ бол банкны нийт активийн 55 хувь нь чанаргүй зээл байна гэсэн үг. Энэ бол банкны түүхэнд битгий хэл дэлхийн түүхэнд байхгүй тохиолдол. Чанаргүй зээл нэг өдөр үүсдэггүй, урт хугацаанд явж ирсэн байгаа. Яагаад өнөөдрийг хүртэл дуугарахгүй явсаар гэнэт болохоо байчихлаа гэж зарлаж байгааг гайхаж байна. 2017 оноос л асуудал хүндэрсэн харагдаж байна. Тэр үед л ил болгож зарлаад засаад явах боломжтой байсан.

-Энэ байдлаараа дампуурах эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна?

-Дампуурах нь ойлгомжтой. Төр засгийн зүгээс банкны нэрийг солиод ажиллуулах тухай ярьж байгаа гэнэ. Яасан ч болохгүй, шууд татан буулгах ёстой. Тэгээд хариуцлагын асуудал яригдах ёстой. Ер нь төрд банк байна гэдэг но-той. Төрийн банк ч гэсэн асуудалтай. Хувьд гаргаж байж л энэ асуудал цэгцэрнэ.

2018 оны 12 дугаар сард МАН гадаадаас 500 сая ам.долларын бонд босгосон гээд сүр дуулиантай юм болж байсныг санаж байгаа байх. Бараг өнөөдөр ил болоод байгаа чанаргүй зээлийн хэмжээтэй хөрөнгө босгосон байна.

Гэтэл ийм хэмжээний бүтээн байгуулалт Монгол Улсад бий болоогүй. Зүгээр л Хөгжлийн банкны мөнгийг эрх баригчид сонгуульдаа зориулсан нь харагдаж байна. Үүний горыг татвар төлөгчид л амсана. Тэр том бондын хөрөнгийн хүүг төсвөөс төлдөг. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Өнөөдөр хүртэл нууцалж ирсэн шалтгаан бол үүний ард авлига, эрх мэдлийн том систем ажилладгийг л харуулж байна. Хэрэв хадгаламж эзэмшигчид байсан бол аль эрт ил болох байсан. Төрийн мөнгө учраас хэн ч араас нь хашгирахгүй, дуртай үедээ дуртай хүмүүстээ цацаж ирсний л үр дагавар өнөөдөр гарч ирж байгаа юм гэлээ.

Хөгжлийн банкны ил болсон чанаргүй зээлдэгчдийн дунд олон нийтийн танил цөөн хэдэн компани байгаа юм. Дийлэнх компани, хувьцаа эзэмшигчид нь танил бус хэдий ч тэдний ард нэр бүхий улстөрчид, эрх мэдэлтэй хүмүүс байгаа нь эхнээсээ ил болж буй. Тэр үүднээс 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн асуудлыг АТГ-т шилжүүлэн шалгуулах чиглэлийг Ерөнхий сайд гаргаж байгаа гэх мэдээлэл байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн


Аргын тооллын нэгдүгээр сарын 29, Санчир гариг. Билгийн тооллын 27, гар одтой, хар морь өдөр. Өдрийн наран 8:24 цагт мандан, 17:47 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.