Өнөө цагийг өнгөлөн барилдаж буй хүчтэнүүдийн нэг болох Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат аймгийн заан Ц.Бямба-Отгонтой ярилцлаа.Тэрээр заал танхимын барилдаанд уран хурц барилдаанаараа үзэгчдийн сонирхлыг ихэд татаж буй хүчтэн юм.
– Саяхан болоод өнгөрсөн Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит барилдаанаас ярилцлагаа эхлэе.Сайхан барилдаж үзүүрлэлээ?
-Тийм ээ. Үзүүр түрүүнд Булган аймгийн хурц арслан Ө.Сүхбаттай сайхан барилдаж үзүүрлэлээ. Залуу бөхийн хувьд сургамжтай сайхан барилдаан болсон.Цаашдаа улам их амжилт гарахын тулд хичээж барилдах болно.
– Үзэгчид таныг сэтгэл зүй их өндөртэй бөх гэж дүгнэдэг. Саяхан болсон барилдаан дээр улсын шилдэг харцага, начин хоёрыг дараалуулаад давж харагдсан.Өөрийнхөө барилдааны онцлогийн талаар дэлгэрэнгүй яривал? .
-Дэвжээн дээр барилдаж байгаа тохиолдолд өрсөлдөгч бөхөөсөө сэтгэлзүйгээр дутахгүй гэж боддог. Харин барилдааны хувьд бол аль болох арга эвийг нь олох гэж хичээдэг.Уран барилддаг хүний өөртэйгөө адил талтай хүний бичлэгийг их үзнэ.Түүнийгээ бэлтгэл дээрээ хийж үзээд хүмүүсээс лавшруулж асуудаг. Бэлтгэл дээрээ барилдааны хийж үзнэ. Нэг үгээр хэлбэл тухайн бөхийн барилдааныг сайн судалж өөрийн болтол нь бэлтгэл хийдэг. Ер нь миний хийх ёстой мэх,сурах мэх,хийх шаардлагагүй мэх зэргээ бэлтгэл дээр тодорхойлчихдог. Ихэвчлэн Б. Гончигдамба гарьдийн барилдааныг их үздэг барилдаанаа төстэй болгох гэж их хичээдэг дээ
– Та ямар бөхийн удам вэ?
Манай удамд бөхийн удам байхгүй. Харин их тэнхээтэй хүн байсан.Өвөөгийн маань аав нь тухайн үедээ тэмээгээр жин тээдэг хүн байсан гэсэн.Жин тээж явахдаа хүйтэнд тэмээ нь тогтож өгөхгүй болохоор жингийн даруулгаа босоо тэмээн дээр “хөп” гээд л шидчихдэг хүн байсан гэнэ лээ. . Жингийн даруулга гэдэг нь тэмээнийхээ хоёр талын ачааг холбосон чагтан дээр тавьдаг 50-75 кг-ын шуудайтай зүйлийг хэлдэг. Энэ тухай аав минь бидэнд дурсдаг байлаа.Харин манай аав цэргээс халагдсан жилээ “ Мазар”багийн наадамдаа түрүүлсэн гэдэг.Манай аав барилдахаас илүүтэй эмнэг адуунд илүү их аатай хүн байсан.Түүнийг дууриагаад манай гурван ах хоёр дүү би гээд ер нь адуунд дуртай. Би эхээс долуулаа. Аав минь хожуу 57 насандаа айлын эмнэг нас гүйцсэн морь сургаж байлаа.Манайд эмнэг даага л байна уу гэхээс түүнээс дээш адуу эмнэг байна гэж байхгүй. Бүгдийн бид сургачихдаг юм.
-Адуунд иртэй хүү хэзээнээс барилдах болов?
Хөдөөний хүүхэд бид чинь ах дүүтэйгээ барилдаж ноцолдож өсдөг дөө. .Төгрөг суманд сургуулийнхаа дотуур байранд суудаг байлаа.Манай байрны урд талд нь,зүүн талд нь хүүхэд тоглодог элс байдаг байсан.Тэр л миний анхны дэвжээ юм уу даа.Хэзээ хамаагүй л тэнд чинь тав, зургаан хос бөх барилдаж л байдаг байлаа.Зургаа, долоо дугаар ангид ороод л элсэн дээр барилдахаа болиод хувцас хунар тоос болчихвол гөвдөг болсон доо.Тэр цагаас хойш сагсчин болно,хөлбөмбөгчин гэж мөрөөдөж байгаад л хувийн спортоо хөөх болсон доо.Тэр нь үндэсний бөх болж таарсан. Манай сумаас том бага Самдан гэж ах дүү хоёр улсын начин төрөн гарсан байдаг. Харин манайх Төгрөг сумынхаа “Мазар” багийн “Могойн гол”гэдэг газар нутагладаг байсан.Сайхан нутаг бий одоо очихоороо голынхоо уснаас уух дуртай.Яалт ч гүй сайхан мэдрэмж төрж, дурсамж сэргэх шиг болдог.Зундаа Тарагт сумын Чулуут,Арвайн тал,Дайргын гол гээд нутгаар зусдаг байсан.Төрж өссөн нутгийн минь уул ус барилдахад минь үргэлж түшиж байдаг гэдэгт итгэдэг.
-Хэзээ сумын заан цолыг хүртсэн билээ?
2015 онд анх Б.Энхтөр багшийнхаа удирдлаган доор “Арван хүчтэн” дэвжээн бэлтгэлд гарч, 2016 онд сумандаа түрүүлж “сумын заан” цолыг хүртэж байлаа. Анх залуу бөх байхдаа “Нийтийн монгол” бөхийн барилдаанд хоёр даваад гурвын даваанд толгойгоороо унаж ширүүхэн газардаж байлаа. Харин сумын заануудын барилдаанд нэг давдаг,хоёр дээр унадаг,үе их байсан.Анх удаа хоёр давсан нь Хөвсгөл аймгийн одоогийн аймгийн начин Балжинням ахыг хөлийн авч цацаад давж байлаа.Тэр үеэс хойш тогтмол хоёр давдаг,цаашлаад тогтмол гурав, дөрөв давдаг болоод ирсэн.Ингэж барилдсаар сумын заануудын барилдаанд нэг түрүүлж, хоёр удаа зургаа давж,нэг удаа тав давсан амжилттай өндөрлүүлсэн.
-Сумын заан цолтой аймагтаа зодоглож аймгийн харцага цол хүртэж байсан. Энэ тухайгаа дурсвал?
2019 онд аймгийнхаа наадамд зургаа давж аймгийн харцага цол хүртсэн. Зургаа давж аймгийн харцага цолныхоо болзлыг хангачхаад долоогийн даваанд аймгийн арслан Х.Энхчулуунтай тунаж барилдсан. Тэр жилийн наадмын бэлтгэл дээр Х.Энхчулуун арсланг хоёр гурав давсан байсан болохоор өөртөө их итгэлтэй барилдсан ч үр дүн нь өөр гарч би өвдөг шороодсон. Харин түүний дараахан дархан аварга Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит зохиогдсон.Тухайн барилдаанд би гурвын даваанд аймгийн арслан О.Наранбаатараар давж,дөрвийн даваанд улсын харцага Х.Гантулгыг,тавын даваанд Завханы улсын начин Б.Чимэдвандангаар тавж өөрийн багш улсын арслан Д.Ганхуягтай үлдэж байлаа. Тэр жилийн энэ барилдаан надад маш сайхан дурсамжтай барилдаан санагддаг. Түүнийхээ дараа жилийн аймгийн наадмаар үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн.
-Таны хүрэхийг хүсдэг цол юу вэ?
-Миний хүрэхийг хүсдэг цол аварга.
-Залуу бөхийн хувьд өнөөгийн бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явна?
Бөхийн хөгжлийн хувьд байж болохуйц арга хэмжээнүүд авагдаад явж байна. Хамгийн зөв шийдвэрүүд нь гэвэл барьц сонгоог халсан, камерын шүүлттэй болсон явдал.Цаашдаа монгол бөх маань улам их хөгжих байх.
А. Доржханд